Skip to content

Гарчиг руу орох

Шавь бэлдэхдээ агуу Багшаа дуурайгтун

Шавь бэлдэхдээ агуу Багшаа дуурайгтун

Шавь бэлдэхдээ агуу Багшаа дуурайгтун

«Яаж сонсож байгаагаа анхаарагтун» (ЛУК 8:18).

1, 2. Есүс хүмүүстэй хэрхэн харьцдаг байсныг анхаарах хэрэгтэйн учир юу вэ?

 ШАВЬ БЭЛДЭХ ажлыг амжилттай сайн хийсэн Агуу багш Есүс Христ: «Яаж сонсож байгаагаа анхаарагтун» гэж дагалдагчдадаа хэлсэн (Лук 8:16–18). Энэ бол шавь бэлдэх ажилд ч бас тустай зөвлөгөө юм. Бурхны заавар зөвлөгөөг анхааран хүлээж авдаг хүн дээрх зөвлөгөөг хэрэгжүүлж, Хаанчлалын тухай мэдээг үр өгөөжтэй тунхаглаж чадна. Өнөөдөр Есүсийн дууг сонсох боломжгүй ч, сургаал номлол, үйл хэргийнх нь талаар Библиэс ихийг мэдэж болдог. Есүс шавь бэлдэхдээ хүмүүстэй хэрхэн харьцаж байсныг анхааралтай үзье.

2 Есүс Хаанчлалын тухай сайн мэдээг чадмаг дэлгэрүүлдэг, Библийн үнэнийг сайн заадаг багш байсан билээ (Лук 8:1; Иохан 8:28). Шавь бэлдэхийн тулд дэлгэрүүлэх болон заах ажлыг хослуулах учиртай. Гэхдээ зарим христиан Хаанчлалын тухай мэдээ дэлгэрүүлэхдээ сайн боловч Библийн хичээлийг тэр бүр үр өгөөжтэй зааж чаддаггүй байж болох юм. Дэлгэрүүлэх гэдэг нь үндсэндээ сайн мэдээ тунхаглахыг хэлдэг. Харин заах гэдэг нь хүмүүстэй харьцаа тогтоож, Ехова Бурхан болон санаа зорилгынх нь тухай зааж сургахыг хэлдэг (Матай 28:19, 20). Үүний тулд шавь бэлдэх ажлыг амжилттай хийсэн Агуу багш Есүс Христийг дуурайх нь зүйтэй (Иохан 13:13).

3. Есүсийг дуурайх нь шавь бэлдэхэд ямар ач тустай вэ?

3 Есүсийн заах аргыг дуурайвал элч Паулын өгсөн зөвлөгөөг хэрэгжүүлж чадна. Паул: «Гаднах хүмүүстэй мэргэн ухаанаар цагийг үнэлж харьц. Та нарын яриа үргэлж нигүүлсэнгүй бөгөөд давсаар амт оруулсан мэт байг. Ингэснээр та нар хүн болгонд яаж хариулах ёстойгоо мэдэх юм» хэмээжээ (Колоссай 4:5, 6). Есүсийг дуурайх нь амаргүй боловч заах аргаа сайжруулахад их ач тустай. Агуу багшаа дуурайвал хүн нэг бүрийн онцлогт тохируулан, «яаж хариулахаа» мэддэг болно.

Есүс бусдыг чөлөөтэй яриулдаг байсан нь

4. Есүс бусдыг сайн сонсдог байжээ гэж үзэхийн учир юу вэ?

4 Есүс багаасаа анхааралтай сонсож сурсан байлаа. Бас бусдаар санал бодлыг нь чөлөөтэй яриулдаг байв. Жишээ нь, 12 настайдаа сүмд багш нарыг «сонсож, мөн тэднээс асууж байсныг» Библид бичсэн байдаг (Лук 2:46). Есүс багш нарыг сонсох зорилгоор сүмд очсон болохоос бус, мэдлэгээ гайхуулан тэднийг ичээх гээгүй ажээ. Тэрбээр Бурхны болон олон түмний тааллыг олсон нэг шалтгаан нь бусдыг сайн сонсдогт байсан болов уу (Лук 2:52).

5, 6. Есүс олон түмнийг сургахдаа санаа бодлыг нь анхааралтай сонсдог байсныг бид хаанаас мэддэг вэ?

5 Есүс баптисм хүртэж, Бурхны томилсон Мессиа болсныхоо дараа ч урьдын адил бусдыг анхааралтай сонсдог байв. Өөрийг нь сонсохоор ирсэн хүмүүсээр нэг ч үг хэлүүлэхгүй сэтгэлийн хөдлөлөөр их ярихын оронд олон түмнээс санаа бодлыг нь асууж, үгийг нь сонсдог байсан (Матай 16:13–15). Нэг жишээ үзье. Лазарыг нас барсны дараа Есүс дүү Мартад нь: «Амьд бөгөөд Надад итгэгч бүхэн хэзээ ч үхэхгүй» гэж хэлээд, «Чи үүнд итгэж байна уу?» гэж асуудаг. Марта: «Тийм ээ, Эзэн. Та бол Бурхны Хүү болох Христ, ертөнцөд ирэх Нэгэн мөн гэдэгт би итгэсэн» гэж бат итгэлтэйгээр хариулахыг нь Есүс анхааралтай сонсдог (Иохан 11:26, 27). Ийм чин сэтгэлийн үг сонсоход Есүст ямар сайхан санагдсан бол оо!

6 Бас нэг жишээ үзье. Олон хүн өөрийг нь дагахаа болиход Есүс элч нарынхаа юу бодож байгааг сонирхож байв. Тэгээд тэднээс: «Та нар бас явахыг хүсэж байна уу?» гэхэд Симон Петр: «Эзэн, бид хэн рүү явах юм бэ? Мөнх амийн үгс Танд байна. Та бол Бурхны Ариун Нэгэн мөн гэдэгт бид итгэцгээсэн, мөн таньж мэдэцгээсэн» гэж хариулдаг (Иохан 6:66–69). Ингэж хэлэхийг нь сонсоод Есүс баярласан нь гарцаагүй. Суралцагчийнхаа чин сэтгэлийн үгийг сонсоход бидэнд ч бас сайхан санагдах биз ээ.

Есүс бусдыг хүндэтгэн сонсдог байсан нь

7. Ямар учраас олон самари хүн Есүст итгэсэн бэ?

7 Есүс шавь бэлдэх ажлаа амжилттай хийсний өөр нэг нууц нь хүмүүсийг анхааран, хүндэтгэн сонсдогт байсан юм. Нэгэн удаа тэрбээр Сухар хотод Иаковын худгийн дэргэд самари эмэгтэйд дэлгэрүүлсэн түүхтэй. Есүс эмэгтэйгээр нэг ч үг хэлүүлэлгүй, өөрөө л ярьсан уу? Үгүй ээ, эмэгтэйн үгийг анхааралтай сонсож, Бурхныг мэдэх хүсэлтэйг нь ажиглаж мэдээд, өөрийг нь сүнс ба үнэнээр шүтэх хүсэлтэй хүмүүсийг Бурхан эрж байгааг хэлсэн. Есүс үзэл бодлыг нь сонирхон, өөрийг нь хүндэтгэсэнд эмэгтэй түүний тухай бусдад ярьжээ. Тэгээд «өнөөх эмэгтэйн... үгнээс болж тэр хотоос Самарийн олон хүн Есүст итгэжээ» (Иохан 4:5–29, 39–42).

8. Хүмүүс үзэл бодлоо ярих дуртай байдагт дөрөөлөн яриа хэрхэн эхлэх вэ?

8 Ер нь, хүмүүс үзэл бодлоо ярих дуртай байдаг. Жишээ нь, эртний Афинчууд санал бодлоо солилцох юм уу шинэ зүйл сонсох дуртай байв. Энэ онцлогт нь дөрөөлөн элч Паул Арейпагт цугласан хүмүүст сайн дэлгэрүүлжээ (Үйлс 17:18–34). Тэгэхлээр, бид айлаар дэлгэрүүлэхдээ: «Би таны санал бодлыг сонирхож байна. [Сэдвээ хэлээд]... Та энэ талаар ямар бодолтой явдаг вэ?» гэж асууж болох юм. Юу хэлэхийг нь анхааралтай сонсоод, дараа нь өөрийнхөө саналыг хэлэх юм уу асуулт тавьж болно. Тэгээд тухайн сэдвээр Библид юу бичсэн байдгийг үзүүлээрэй.

Есүс юу ярихаа мэддэг байсан нь

9. Есүс хоёр шавьдаа «Судрыг... тайлбарлахаасаа» өмнө яасан бэ?

9 Есүс хэзээ юу ярихаа мэддэг байсан. Бусдыг сайн сонсдог төдийгүй юу бодож байгааг нь ойлгодог, тэдэнд юу хэлбэл оновчтой болохыг сайн мэддэг байв (Матай 9:4; 12:22–30; Лук 9:46, 47). Жишээ нь, Есүсийг дахин амилсны дараахан хоёр шавь нь Иерусалимаас Еммау хэмээх тосгон руу явж байжээ. «Тэднийг ийнхүү ярьж хэлэлцэн явтал, Есүс Өөрөө тэдний дэргэд ирээд, цугтаа алхав. Гэвч тэдний нүд халхлагдаж, Түүнийг таньсангүй. Есүс тэдэнд: „Та нар алхангаа бие биетэйгээ юун тухай ярилцаа вэ?“ гэсэнд, тэд зогсов. Тэд гунигтай байлаа. Тэдний нэг Клеоп гэгч нь Түүнд: „Энэ өдрүүдэд Иерусалимд болсон явдлын тухай Та л ганцаараа мэдэлгүйгээр энд аялж яваа хэрэг үү?“ гэхэд Тэр тэдэнд: „Ямар зүйлс?“ гэв» хэмээснийг Библид бичсэн байдаг. Өнөөх хоёр нь Назарын Есүс ард олонд Бурхны тухай зааж, гайхамшиг үйлдэж, эцэст нь алуулсан тухай ярьжээ. Бас зарим хүн түүнийг дахин амилсан гэлцэж байгааг хэлдэг. Ийнхүү Есүс Клеоп болон өөр нэг шавиараа санал бодлыг нь чөлөөтэй яриулжээ. Дараа нь «Судрыг... тайлбарлан» тэдний мэдэх ёстой зүйлийг хэлж өгсөн (Лук 24:13–27, 32).

10. Дэлгэрүүлж явахад тааралдсан хүний шашин шүтлэгийн талаарх үзэл бодлыг яаж мэдэх вэ?

10 Дэлгэрүүлж явахад тааралдсан хүний шашин шүтлэгийн талаарх үзэл бодлыг яаж мэдэх вэ? Асуулт тавьж болно. Жишээ нь, Бурханд залбирдаг хүн цөөнгүй байдгийг хэлээд «Бурхан хүмүүсийн залбирлыг сонсдог болов уу?» гэж асууж болох юм. Тэгээд юу хэлэхийг нь анхааралтай сонсвол үзэл бодлыг нь ойлгож, шашин шүтдэг эсэхийг нь мэдэж болох байх. Хэрэв шүтлэгтэй хүн байвал «Бурхан бүх залбирлыг сонсдог болов уу? Эсвэл Бурханд таалагддаггүй залбирал гэж байдаг болов уу?» гэх мэтээр асуухад сайхан яриа өрнөх биз ээ. Тэгээд ая нь таарвал ярилцаж буй асуултынхаа хариуг Библиэс үзүүлээрэй. Ингэхдээ хэлсэн ярьсныг нь няцаах гэсний хэрэггүй. Хэрэв яриа таарвал тэр хүн тантай дахиж уулзахдаа дуртай байх биз ээ. Гэтэл мэдэхгүй юм асуувал яах вэ? Тухайн сэдвээр уншиж судлаад, «найдварын[хаа] талаар» «дөлгөөн байдлаар болон хүндэтгэлтэйгээр хариулахад» бэлдэж очоорой (1 Петр 3:15).

Есүс «зохистой хүнийг» сургадаг байсан нь

11. Библийн үнэнийг заалгах хүсэлтэй, зохистой хүнийг олохын тулд яах хэрэгтэй вэ?

11 Төгс хүн Есүс Библийн үнэнийг заалгах хүсэлтэй, зохистой хүнийг таних онцгой чадвартай байв. Харин бидний хувьд «мөнхийн аминд зөв хандлагатай хүмүүсийг» эрж олох нь үнэхээр амаргүй байдаг (Үйлс 13:48, ШЕ). Есүс элч нартаа: «Ямар ч хот тосгонд очсон, тэндхийн зохистой хүнийг ол» гэж захисан бөгөөд үүнийг биелүүлэхэд тэдэнд ч гэсэн амаргүй байсан (Матай 10:11). Элч нарын адилаар бид Библийн үнэнийг заалгах хүсэлтэй хүнийг эрж олох ёстой. Хэрэв бид хүн бүрийг сайтар ажиглаж, үзэл бодлыг нь анхааралтай сонсвол зохистой хүнийг олж чадна.

12. Сонирхсон хүнд цаашид туслахын тулд яах хэрэгтэй вэ?

12 Хэрэв хүн сайн мэдээг сонирхсон бол цаашид яаж туслахаа бодох хэрэгтэй. Ярилцах явцдаа мэдэж авсан зүйлээ бичиж тэмдэглэж байвал илүү үр өгөөжтэй тусалж чадна. Итгэл үнэмшил, үзэл бодол, амьдрал ахуйг нь сайн мэддэг болъё гэвэл уулзах болгондоо анхааралтай сонсож байгаарай.

13. Библи сонирхдог эсэхийг нь яаж мэдэх вэ?

13 Бурхны тухай юу боддогийг нь яаж хэлүүлэх вэ? Жишээлбэл, «Библи гэдэг номыг олон хүн Бурхны Үг гэж боддог. Та энэ номыг уншиж үзсэн үү? Библийн тухай мэдэх хүсэлтэй юү?» гэж асуух нь оновчтой байж болох юм. Библийг сонирхдог эсэх нь хариултаас нь харагдана. Эсвэл Библиэс нэг зүйл уншиж өгөөд, «Энэ үг танд ямар санагдаж байна вэ?» гэж асуух өөр нэг арга байж болох юм. Асуултыг чадварлаг ашиглаж сурвал шавь бэлдэх ажлыг Есүс шиг амжилттай хийж чадна. Гэхдээ анхаарах зүйл бас бий.

Есүс асуултыг чадварлаг ашигладаг байсан нь

14. Хүнийг байцаалгүйгээр үзэл бодлыг нь яаж мэдэх вэ?

14 Хүнийг эвгүй байдалд оруулахгүйгээр үзэл бодлыг нь мэдэж болдог. Агуу багш Есүсийг санацгаая. Тэрбээр хүмүүст эргэцүүлэн бодуулах асуулт тавьдаг байснаас бус, байцаадаггүй байсан. Есүс сайн сонсдог байсны зэрэгцээ хүмүүсийн сэтгэлийг «амрааж», илэн далангүй ярилцах уур амьсгал бүрдүүлж чаддаг байв (Матай 11:28). Зовлонгоо хуваалцах, тусламж юм уу зөвлөгөө авах гэсэн олон хүн Есүс дээр ичиж зоволгүй очдог байжээ (Марк 1:40; 5:35, 36; 10:13, 17, 46, 47). Хэрэв хүн Библийн тухай юу мэддэгээ, Библийн сургаалыг яаж ойлгодгоо илэн далангүй хэлбэл асууж байцаахгүй байх нь зүйтэй.

15, 16. Шашны сэдвээр яриа яаж эхлэх вэ?

15 Асуултыг чадварлаг ашиглахаас гадна хүмүүсийн сонирхол татах зүйлийг ярьж, ямар хариу өгөхийг нь анхааралтай сонсох нь яриа өрнүүлэх нэг сайн арга юм. Жишээ нь, Есүс Никодемд: «Хэн дээрээс эс төрнө, тэр хүн Бурхны хаанчлалыг үзэж чадахгүй» гэж хэлдэг (Иохан 3:3). Энэ үг их сонирхолтой санагдсан тул Никодем дуугүй өнгөрч чадаагүй бөгөөд Есүсийн үгийг цааш нь шимтэн сонссон (Иохан 3:4–20). Энэ аргыг хэрэглэвэл бид ч бас яриа өрнүүлж чадна.

16 Орчин үед шашны олон урсгал гарч ирж байгаа нь зарим газар, тухайлбал Африк, Зүүн Европ, Латин Америкийн орнуудад олон хүний сонирхол татсан сэдэв болоод байна. Танай нутагт ч гэсэн хүмүүс ийм сэдэв сонирхдог бол «Ямар учраас шашны ийм олон урсгал байдаг юм бол? Би хувьдаа ирээдүйд бүх хүн ганцхан шашин шүтдэг болно гэж боддог. Та юу гэж боддог вэ?» гэсэн асуултаар яриа эхэлж болох юм. Ингэж сонирхлыг нь татах юм хэлэхлээр хүмүүс үзэл бодлоо хэлэх байх. Бас зөвшөөрсөн юм уу үгүйсгэсэн хариу өгөхөөр энгийн асуулт тавибал хариулахад дөхөм байдгийг санаарай (Матай 17:25). Ярилцагчаа хариулсны дараа Библиэс нэг юм уу хоёр зүйл үзүүлээрэй (Исаиа 11:9; Зефаниа 3:9). Тэгээд юу хэлэхийг нь анхааралтай сонсож, санал бодлыг нь харгалзан үзвэл дараа уулзахдаа ямар сэдвээр ярихаа шийдэж болдог.

Есүс хүүхэд багачуудыг сонсдог байсан нь

17. Есүс хүүхэд багачуудын санал бодлыг сонирхдог байсан нь юунаас харагддаг вэ?

17 Есүс хүүхэд багачууд ямар тоглоом тоглодгийг, юуны тухай ярьдгийг мэддэг байсныг бодож үзвэл томчуудын төдийгүй хүүхдийн санал бодлыг сонирхдог байсан нь харагддаг. Заримдаа хүүхдэд цаг гаргаж, хамт байдаг байв (Лук 7:31, 32; 18:15–17). Хүүхэд багачууд ч Есүсийг сургаалаа айлдахад нь сонсдог байжээ. Нэгэн удаа хүүхдүүд Есүсийг магтан хашхирдаг. Энэ нь Есүсийн анхаарлыг татсан бөгөөд түүний хэлснээр, Библийн зөгнөл биелсэн хэрэг байв (Матай 14:21; 15:38; 21:15, 16). Өнөөдөр олон хүүхэд Есүсийн шавь болж байна. Тэгвэл хүүхэд багачуудад яаж туслах вэ?

18, 19. Христиан эцэг эх үр хүүхдээ сүнслэгээр өсөхөд нь хэрхэн туслах вэ?

18 Христиан эцэг эх үр хүүхдээ сүнслэгээр өсөхөд нь туслахын тулд сайн сонсдог байх хэрэгтэй. Хүүхдийн тань үзэл бодол Еховагийн хэм хэмжээнд нийцдэг эсэхийг мэдэх шаардлагатай. Хүүхэд тань юу ч гэж ярьсан, юуны түрүүнд аашилж загнан, зэмлэн буруушаах хэрэггүй. Харин Еховагийн үзэл бодлыг ойлгуулахын тулд Библиэс тохирох зүйл үзүүлж, ярилцах нь ухаалаг хэрэг юм.

19 Хүүхдийнхээ үзэл бодлыг мэдэхийн тулд асуулт тавих хэрэгтэй. Гэхдээ хүүхдүүд ч гэсэн томчуудын адилаар асуугдаж байцаагдах дургүй байдгийг битгий мартаарай. Олон юм асууж шалгаахын оронд өөрийнхөө тухай ярих нь дээр. Ярилцаж байгаа асуудлаар багадаа ямар бодолтой байснаа, яагаад тэгж боддог байснаа хэлээд «Чамд бас тэгж санагддаг уу?» гэж асууж болох юм. Юу гэж хариулахыг нь сайн сонсвол ач холбогдолтой яриа өрнүүлж, Библийн сургаалыг ойлгуулж чадна.

Шавь бэлдэхдээ Агуу багшаа үргэлж дуурайгтун

20, 21. Шавь бэлдэх ажил хийхдээ сайн сонсох хэрэгтэйн учир юу вэ?

20 Анхааралтай сонсож сурах нь хүүхдээ хүмүүжүүлэхэд ч, бусдыг Христийн шавь болгоход ч хэрэгтэй зүйл юм. Бусдыг анхааралтай сонсох нь хайрын илрэл, даруу зангийн шинж бөгөөд ярьж байгаа хүнийг хүндэтгэж, санаа тавьж байгаагаа харуулах нэг арга мөн. Тиймээс, тодорхой нэг сэдвээр ярихдаа ямар үг хэлдгийг нь анхаарах хэрэгтэй.

21 Дэлгэрүүлэх ажил хийхдээ ярилцаж буй хүмүүсээ анхааралтай сонсож байгаарай. Ингэвэл Библийн ямар сэдэв сонирхохыг нь барагцаагаар мэдэж болдог. Сургаалаа заахдаа олон арга хэрэглэдэг байсан Есүсийг дуурайн, хүмүүст туслахыг хичээцгээе. Тэгвэл шавь бэлдэх ажлаа баяр хөөртэй, урам зоригтой хийж чадна.

Хариулна уу

• Есүс бусдыг чөлөөтэй яриулахын тулд ямар арга хэрэглэдэг байсан бэ?

• Есүс хүмүүсийг яагаад сонсдог байсан бэ?

• Асуултыг яаж үр өгөөжтэй ашиглах вэ?

• Хүүхэд багачуудыг сүнслэгээр өсөхөд нь яаж туслах вэ?

[Догол мөрийн асуулт]