Skip to content

Гарчиг руу орох

Хүмүүстэй Яаж Харьцах Вэ?

Хүмүүстэй Яаж Харьцах Вэ?

Хүмүүстэй Яаж Харьцах Вэ?

«Та нар хүмүүсийг өөрсдөдөө хэрхэн хандаасай гэж хүснэ, тэдэнд мөн түүнчлэн ханд» (ЛУК 6:31).

1, 2. а) Ууланд айлдсан номлол гэж юу вэ? б) Энэ болон дараагийн өгүүллээр юуны тухай үзэх вэ?

 ЕСҮС ХРИСТ үнэхээр Агуу Багш байжээ. Дайснууд нь түүнийг бариулахаар харуулуудыг явуулахад тэд гар хоосон буцаж ирэхдээ: «Энэ хүний ярьж байгаа шиг ярьсан хүн ер үгүй билээ» хэмээн хэлдэг (Иох. 7:32, 45, 46). Есүсийн тийм уран чадварлаг ярьдаг байсны нэг баталгаа нь «Ууланд айлдсан номлол» юм. Энэ номлол «Матай» номын 5–7-р бүлэг, мөн «Лук» номын 6-р бүлгийн 20–49-р зүйлд байдаг. *

2 Уг номлолын хамгийн алдартай сургаалын нэг нь хүмүүстэй хэрхэн харьцахыг заадаг «Алтан дүрэм» юм. Есүс: «Та нар хүмүүсийг өөрсдөдөө хэрхэн хандаасай гэж хүснэ, тэдэнд мөн түүнчлэн ханд» гэж хэлжээ (Лук 6:31). Өөрөө ч хүмүүст сайнаар ханддаг байв. Өвчтөнийг эдгээж, үхсэнийг хүртэл амилуулж байсан. Гэхдээ дэлгэрүүлсэн сайн мэдээг нь хүлээж авсан хүмүүс илүү их ивээл хүртдэг байжээ (Лук 7:20–22-ыг уншина уу). Еховагийн Гэрчүүд бид бас Хаанчлалын тухай сайн мэдээг баяр хөөртэй дэлгэрүүлдэг (Мат. 24:14; 28:19, 20). Есүс Ууланд айлдсан номлолдоо дэлгэрүүлэх ажил болон хүмүүстэй харьцах талаар юу хэлж, захисныг энэ болон дараагийн өгүүллээр үзье.

Дөлгөөн байгтун

3. Дөлгөөн зан гэж юу вэ?

3 Есүс: «Дөлгөөн хүмүүс ерөөлтэй еэ [«жаргалтай», ШЕ]! Учир нь тэд дэлхийг өвлөн авах болно» гэж хэлжээ (Мат. 5:5). Библид бичсэнээр, дөлгөөн зан бол сул доройн шинж огт биш, харин Бурхны шаардлагыг биелүүлдэг хүний илэрхийлдэг эелдэг зөөлөн зан чанар юм. Бид хүмүүстэй харьцахдаа ийм зан чанар илэрхийлдэг. Жишээлбэл, «хэнд ч хэзээ ч бузар мууг бузар муугаар» хариулдаггүй (Ром 12:17–19).

4. Дөлгөөн хүмүүс яагаад жаргалтай байдаг вэ?

4 Дөлгөөн хүмүүс «дэлхийг өвлөн авах» учраас жаргалтай байдаг. «Зүрх сэтгэлдээ дөлгөөн, даруу» Есүс «бүхний өвлөгчөөр» томилогдож, дэлхийг өвлөн авах гол Эзэн нь болсон (Мат. 11:29; Евр. 1:2; Дуу. 2:8). Сударт зөгнөснөөр, тэнгэрийн Хаанчлалын бүрэлдэхүүнд орж, «Хүний Хүү» буюу Мессиатай хамт захирах хүмүүс байх ажээ (Дан. 7:13, 14, 21, 22, 27). «Христийн хамтран залгамжлагчид» болох дөлгөөн зантай тэдгээр 144 000 тослогдсон христиан бас дэлхийг өвлөнө (Ром 8:16, 17; Илч. 14:1). Дөлгөөн зантай бусад хүмүүс ч Бурхны ивээлийг хүртэж, Хаанчлалын удирдлага дор дэлхийд мөнх амьдарна (Дуу. 37:11).

5. Христ шиг дөлгөөн зантай хүн ямар байдаг вэ?

5 Хэрэв бид хатуу ширүүн зан гаргадаг бол хүмүүсийн тэвчээр барагдаж, биднээс хөндийрнө. Харин Христ шиг дөлгөөн байвал итгэл нэгтнүүд маань сүнслэгээр сэргэж, бидэнтэй харьцахдаа дуртай байна. Дөлгөөн зан нь Бурхны үйлдэх хүчний үр жимсний хэсэг учраас «сүнс дотор амьд байж», «сүнс дотор явдаг» хүн энэ чанарыг хөгжүүлж чадна (Галат 5:22–25-ыг уншина уу). Бид Еховагийн ариун сүнсээр удирдуулдаг дөлгөөн хүмүүс байхыг хүсдэг.

Энэрэнгүй хүмүүс жаргалтай

6. «Энэрэнгүй хүмүүс» ямар ямар сайхан чанар илэрхийлдэг вэ?

6 Есүс Ууланд айлдсан номлолдоо: «Энэрэнгүй хүмүүс ерөөлтэй еэ [«жаргалтай», ШЕ]! Учир нь тэд өршөөл энэрлийг хүртэх болно» гэж хэлжээ (Мат. 5:7). «Энэрэнгүй» хүн зовж зүдэрсэн хүмүүсийг ойлгон энэрч, анхааран халамжилж, өрөвдөн хайрладаг. Есүс хүмүүсийг «ихэд өрөвдөж», зовлонгоос нь гайхамшгаар ангижруулж байв (Мат. 14:14; 20:34). Тэгэхлээр, энэрэнгүй хүн өрөвч сэтгэлтэй, анхаарал халамжтай байдаг ажээ (Иак. 2:13).

7. Есүс хүмүүсийг өрөвдөөд яасан бэ?

7 Есүс амрахаар явах замдаа «үй олон хүнийг хараад өрөвдөв. Учир нь хүмүүс хоньчингүй хонь мэт байв». Тэгээд «тэдэнд олон зүйлийг заажээ» (Марк 6:34). Бид Есүсийг дуурайн, хүмүүст Хаанчлалын тухай мэдээ хүргэж, Бурхны агуу энэрлийн тухай ярихлаараа баяр хөөр болдог.

8. Энэрэнгүй хүмүүс жаргалтай байдгийн учир юу вэ?

8 Энэрэнгүй хүмүүс «өршөөл энэрлийг хүртдэг» учраас жаргалтай байдаг. Бид хүмүүст энэрэнгүй хандвал тэд ч бас тийн хандана (Лук 6:38). Түүнээс гадна, Есүс: «Хэрэв та нар хүмүүсийн алдааг уучилбал тэнгэрлэг Эцэг тань та нарыг мөн уучилна» гэж хэлсэн (Мат. 6:14). Энэрэнгүй хүмүүс л нүглээ уучлуулж, Бурхны сайшаалыг хүртэхийн баяр жаргалыг эдэлдэг.

«Амар тайвныг тогтоогч хүмүүс» жаргалтай байдгийн учир

9. Амар тайвныг тогтоодог хүн яадаг вэ?

9 Есүс жаргалтай байхын бас нэг шалтгааныг тодорхойлон: «Амар тайвныг тогтоогч хүмүүс ерөөлтэй еэ [«жаргалтай», ШЕ]! Учир нь тэд Бурхны хөвгүүд гэж нэрлэгдэх болно» хэмээн хэлжээ (Мат. 5:9). Амар тайвныг тогтоодог хүн «дотнын анд нөхдийг салгадаг» хов жив гэх мэтийг өөгшүүлэх буюу тийм ярианд оролцдоггүй (Сур. 16:28). Итгэл нэгтнүүдтэйгээ ч, итгэгч бус хүмүүстэй ч үг яриа, үйл хэргээрээ эвтэй байхыг хичээдэг (Евр. 12:14). Ялангуяа, Ехова Бурхантай эвтэй байхын төлөө чадах бүхнээ хийдэг (1 Петр 3:10–12-ыг уншина уу).

10. «Амар тайвныг тогтоогч» хүмүүс яагаад жаргалтай байдаг вэ?

10 «Амар тайвныг тогтоогч хүмүүс» «Бурхны хөвгүүд гэж нэрлэгдэх» учир жаргалтай байдаг гэж Есүс хэлсэн. Тослогдсон христианууд Есүсийг Мессиа хэмээн итгэдэг тул «Бурхны хүүхэд болох эрхтэй» (Иох. 1:12; 1 Петр 2:24). Амар тайвныг тогтоогч «өөр хонинуудын» тухайд юу хэлж болох вэ? Есүс хамтран өвлөгчидтэйгөө Мянган жил захирах хугацаандаа тэдний «Мөнхийн Эцэг» байх юм (Иох. 10:14, 16, ШГ; Ис. 9:6; Илч. 20:6). Амар тайвныг тогтоогч тэр хүмүүс Мянган жилийн засаглалын эцэст жинхэнэ утгаар Бурхны, газрын хүүхдүүд болно (1 Кор. 15:27, 28).

11. «Дээрээс ирэгч мэргэн ухаанаар» удирдуулдаг хүмүүс бусадтай яаж харьцдаг вэ?

11 Бид «амар тайвны Бурхан» Еховатай дотно харьцаатай байхын тулд найрсаг байх зэргээр зан чанарыг нь дуурайх ёстой (Флп. 4:9). «Дээрээс ирэгч мэргэн ухаанаар» удирдуулдаг хүн бусадтай эв найртай харьцдаг (Иак. 3:17). Амар тайвныг тогтоогч хүмүүс үнэхээр жаргалтай байдаг.

«Та нарын гэрэл... гэрэлтэг»

12. а) Есүс сүнслэг гэрлийн талаар юу хэлсэн бэ? б) Бид гэрлээ хэрхэн тусгадаг вэ?

12 Бурхнаас үнэний гэрлийг авахад нь хүмүүст тусална гэдэг бол тэдэнтэй хамгийн сайнаар харьцаж байгаа хэрэг юм (Дуу. 43:3). Есүс шавь нараа «дэлхийн гэрэл» хэмээгээд, гэрлээ тусгаж, хүмүүст «сайн үйлсээ» харуулахыг уриалсан. Тийнхүү сайн үйлсээ харуулбал «тэдний өмнө» буюу хүн төрөлхтөнд сүнслэг гэрэл тусах байв (Матай 5:14–16-г уншина уу). Өнөөдөр бид бусдад сайныг үйлдэж, «бүх дэлхий» буюу «бүх үндэстэнд» сайн мэдээ дэлгэрүүлэн, гэрлээ тусгадаг (Мат. 26:13; Марк 13:10). Энэ бол нэр төртэй үйлс мөн!

13. Хүмүүс биднийг юугаар маань мэддэг вэ?

13 Есүс: «Уулан дээрх хот нуугдаж үл чадна» гэж хэлсэн. Уулан дээр барьсан хот хэний ч нүдэнд ил байдаг. Үүнтэй адил, хүмүүс биднийг Хаанчлалын тухай тунхаглах гэх зэргийн сайн үйлс болон биеэ барьдаг, цэвэр ариун гэх мэтийн сайхан чанараар маань мэддэг (Тит 2:1–14).

14. а) Нэгдүгээр зуунд ямар дэнлүү хэрэглэдэг байсан бэ? б) Сүнслэг гэрлийг «савны» доор нуухгүй байна гэдэг нь юу гэсэн үг вэ?

14 Гэр доторхыг бүхэлд нь гэрэлтүүлэхийн тулд дэнлүү асаагаад савны доор тавьдаггүй, харин дэнлүүний суурин дээр тавьдаг гэж Есүс хэлсэн. Нэгдүгээр зуунд тосонд (голдуу оливийн тос) дүрсэн голтой, шавар савтай дэнлүү хэрэглэдэг байв. Хүмүүс «гэрт байгаа бүгдэд гэрлээ тусгадаг» дэнлүүг мод юм уу төмөр суурин дээр тавихаас бус, савны доор тавьдаггүй байсан нь ойлгомжтой. Есүс шавь нараа сүнслэг гэрлээ «савны» доор бүү нуугаасай гэж хүсэж байлаа. Тэгэхлээр бид эсэргүүцэл, хавчлагаас болж Библийн үнэнийг нуух юм уу дотроо хадгалалгүй, гэрэлтэж явах ёстой.

15. Зарим хүн бидний «сайн үйлсийг» хараад яадаг вэ?

15 Есүс дэнлүүний тухай хэлснийхээ дараа шавь нартаа: «Хүмүүс та нарын сайн үйлсийг хараад, тэнгэр дэх Эцгийг тань алдаршуулахын тулд та нарын гэрэл тэдний өмнө тийнхүү гэрэлтэг» гэжээ. Бидний «сайн үйлсийн» ачаар зарим хүн Бурхны үйлчлэгч болж, Бурхныг «алдаршуулдаг». Энэ бол бидний хувьд «гэрэл мэт үзэгдэн» гэрэлтэх хүндтэй шалтгаан юм (Флп. 2:15).

16. «Дэлхийн гэрэл» байхын тулд яах хэрэгтэй вэ?

16 «Дэлхийн гэрэл» байхын тулд Хаанчлалын тухай мэдээ дэлгэрүүлж, шавь бэлдэх ажилд оролцох шаардлагатай. Гэхдээ ингээд л бүх юм болчихгүй. Элч Паул: «Гэрлийн хүүхдүүд шиг яв. Учир нь алив сайн, зөвт байдал ба үнэн дотор гэрлийн үр жимс байна» гэж бичжээ (Еф. 5:8, 9). Бид Бурхны тогтоосон өндөр хэм хэмжээг цаг ямагт сахих ёстой. Чухамдаа, элч Петрийн: «Харь үндэстнүүдийн дунд биеэ зөв авч яв. Ингэснээр тэд та нарыг хорон мууг үйлдэгчид хэмээн гүтгэвч, эцэст нь та нарын сайн үйлсийг хараад Түүнийг ирэх өдөр Бурхныг алдаршуулах болно» гэж хэлснийг анхаарах нь зүйтэй (1 Петр 2:12). Харин итгэл нэгтэнтэйгээ муудалцсан бол яах вэ?

«Ах дүүтэйгээ эвлэр»

17-19. а) Матай 5:23, 24-т гардаг «өргөл» гэж юу вэ? б) Ах дүүтэйгээ эвлэрэх нь аль хэр чухал бэ? Есүс үүнийг хэрхэн тайлбарласан бэ?

17 Есүс Ууланд айлдсан номлолоороо, итгэл нэгтнүүддээ уурлаж, тэднийг хэл амаар доромжлохгүй байхыг шавь нартаа анхааруулсан. Итгэл нэгтэнтэйгээ муудалцсан бол даруй эвлэрэх учиртай байжээ (Матай 5:21–25-ыг уншина уу). Энэ зөвлөгөөг дэлгэрэнгүй авч үзье. Хэрэв хүн тахилын ширээн дээр өргөл өргөх гэж байхдаа ах дүүтэйгээ муудалцсанаа санавал яах ёстой байсан бэ? Өргөлөө тахилын ширээний өмнө орхиод, явж ах дүүтэйгээ эвлэрэх ёстой байв. Ингэснийхээ дараа л буцаж ирээд, өргөлөө өргөж болох байлаа.

18 «Өргөл» гэдэг нь Еховагийн сүмд тахил болгон өгдөг байсан зүйл юм. Амьтнаар тахил өргөх нь их чухалд тооцогддог байв. Учир нь, Бурхан израильчуудад Мосегоор дамжуулан Хууль өгөхдөө амьтнаар тахил өргөж байхыг тушаажээ. Гэхдээ ах дүүтэйгээ муудалцсанаа санавал энэ асуудлаа шийдэх нь тахил өргөхөөс илүү чухал байсан. Есүс: «Өргөлөө тахилын ширээний өмнө орхиод замаараа буц. Эхлээд ах дүүтэйгээ эвлэр, дараа нь ирж өргөлөө өргө» хэмээн хэлсэн. Үүнээс харахад, тахил өргө гэсэн Хуулийн шаардлагыг биелүүлэхээсээ түрүүлээд, ах дүүтэйгээ эвлэрэх нь илүү чухал байжээ.

19 Есүс өргөл болон нүглийн талаар тодорхой юм хэлээгүй. Тийм учраас, ах дүүтэйгээ муудалцсанаа санасан л бол ямар ч өргөл байсан, түүнийгээ орхих хэрэгтэй байв. Өргөл нь амьд амьтан байлаа ч сүмийн тахилчдын хашаан дахь «тахилын ширээний өмнө» орхих ёстой байсан. Асуудлаа шийдсэний дараа л өргөлөө өргөж болох байв.

20. Итгэл нэгтэндээ уурласан бол асуудлаа хурдан шийдэх хэрэгтэйн учир юу вэ?

20 Бурхны хувьд, итгэл нэгтнүүдийн хоорондох харьцаа жинхэнэ шүтлэгийн нэг чухал хэсэг ажээ. Хэрэв хүн бусадтай зохистой харьцдаггүй бол амьтнаар өргөсөн тахил нь ч Еховад үнэ цэнгүй байв (Мика 6:6–8). Тийм учраас, Есүс «түргэн сайдахыг» шавь нартаа уриалсан (Мат. 5:25). Бас Паул: «Уурласан ч, нүгэл бүү үйлд. Та нарын уур хилэн дээр нар бүү жаргаг. Диаволд байр бүү өг» гэж бичжээ (Еф. 4:26, 27). Тодорхой шалтгаанаас болж уурласан ч, уураа хадгалж, Диаволд боломж олгохгүйн тулд асуудлаа хурдан шийдэж байх хэрэгтэй (Лук 17:3, 4).

Бусдыг үргэлж хүндлэгтүн

21, 22. а) Сая ярилцсан Есүсийн зөвлөгөөг хэрхэн хэрэгжүүлж болох вэ? б) Дараагийн өгүүллээр юун тухай ярилцах вэ?

21 Есүсийн Ууланд айлдсан номлолоос хүмүүст энэрэнгүй хандаж, хүндэтгэлтэй харьцахад туслах зарим сургаалыг ярилцлаа. Хэдийгээр бид бүгдээрээ төгс бус ч гэсэн Есүсийн өгсөн зөвлөгөөг хэрэгжүүлж чадна. Учир нь, Есүс ч, тэнгэрийн Эцэг Ехова маань ч хэрээс хэтэрсэн зүйлийг биднээс шаарддаггүй. Залбирч, чин сэтгэлээсээ чармайж, Ехова Бурхны тусламжийг авбал бид дөлгөөн, энэрэнгүй, амар тайвныг тогтоогч хүмүүс болж чадна. Бас сүнслэг гэрэл тусган, Еховаг алдаршуулна. Мөн, итгэл нэгтэнтэйгээ муудалцсан бол эвлэрнэ.

22 Бусадтай зөв харьцдаг хүмүүсийн шүтлэг Еховад таалагддаг (Марк 12:31). Дараагийн өгүүллээр, хүмүүст үргэлж сайныг үйлдэхэд тус болох сургаалыг Ууланд айлдсан номлолоос үзнэ. Харин сая ярилцсан Есүсийн хосгүй сургаалыг эргэцүүлэн бодож, «Би хүмүүстэй аль хэр сайн харьцдаг вэ?» гэж өөрөөсөө асуугаарай.

[Зүүлт]

^ Энэ болон дараагийн өгүүллийг бие даан судлахын өмнө уг номлолыг Библиэс уншвал тустай.

Хариулна уу

• Дөлгөөн байна гэж яахыг хэлдэг вэ?

• «Энэрэнгүй хүмүүс» яагаад жаргалтай байдаг вэ?

• Гэрлээ яаж тусгах вэ?

• Ах дүүтэйгээ хурдан эвлэрэх хэрэгтэйн учир юу вэ?

[Догол мөрийн асуулт]

[4-р хуудасны зураг]

Хаанчлалын тухай мэдээ тунхаглах нь гэрлээ тусгах хамгийн чухал арга мөн

[5-р хуудасны зураг]

Христианууд Бурхны тогтоосон өндөр хэм хэмжээг цаг ямагт сахих ёстой

[6-р хуудасны зураг]

Итгэл нэгтэнтэйгээ эвлэрэхийн тулд чадах бүхнээ хийгээрэй