Skip to content

Гарчиг руу орох

Аль нь үр дүнтэй болохыг та нар мэдэхгүй!

Аль нь үр дүнтэй болохыг та нар мэдэхгүй!

Аль нь үр дүнтэй болохыг та нар мэдэхгүй!

«Өглөө тарь, үдэш ч гараа бүү буулга. Учир нь өглөө орой тариалсны аль нь үр дүнтэй болохыг чи мэдэхгүй шүү дээ» (НОМ. 11:6).

1. Үр тариа ургаж боловсрохыг хараад сэтгэл хөдлөхийн сацуу өчүүхэн гэдгээ ойлгодгийн учир юу вэ?

 ТАРИАЧИН ХҮНД тэвчээр хэрэгтэй (Иак. 5:7). Тарьсан үрээ ургаж боловсрохыг нь хүлээнэ. Эхлээд үр соёолон цухуйж, улмаар ургаж томорсоор, тариа түрүүлэн боловсорч, эцэстээ хураахад бэлэн болдог. Үр тариа ургаж боловсрохын гайхамшгийг нүдээр үзнэ гэдэг үнэхээр сэтгэл хөдлөм байдаг! Бас энэ гайхамшгийг үйлдэгч Нэгнийг бодохлоор бид өөрсдийгөө хэчнээн өчүүхэн болохыг ойлгодог. Бид үр тариад, усалж арчилдаг ч, Бурхан л ургуулдаг (1 Коринт 3:6-тай харьцуулна уу).

2. Өмнөх өгүүллээр ярилцсан ёгт үлгэрүүдэд хүн сүнслэгээр яаж өсдөг талаар Есүс ямар санаа хэлсэн бэ?

2 Өмнөх өгүүлэлд үзсэнээр, Есүс Хаанчлалын тухай тунхаглах ажлыг үр суулгах ажилтай зүйрлэсэн. Тэрбээр янз бүрийн хөрсний тухай ёгт үлгэрээрээ, тариачин сайн үр тарьсан ч ургах эсэх нь хүмүүсийн зүрхний хандлагаас шалтгаална гэдгийг онцолсон (Марк 4:3–9). Харин тариачин унтдаг тухай өгүүлдэг ёгт үлгэрээрээ, үр ургаж боловсрох явцыг тариачин хүн бүрэн ойлгодоггүй гэсэн санааг онцолжээ. Учир нь үр тариа хүний хүчээр бус, Бурхны хүчээр ургаж боловсордог (Марк 4:26–29). Одоо Есүсийн ярьсан гичийн үр, талхны хөрөнгө, загасны торны тухай ёгт үлгэрийг авч үзье. *

Гичийн үрийн тухай ёгт үлгэр

3, 4. Гичийн үрийн тухай ёгт үлгэр Хаанчлалын мэдээ тунхаглах ажлын юуг онцолдог вэ?

3 «Марк» номын 4-р бүлэгт гардаг гичийн үрийн тухай ёгт үлгэрт Хаанчлалын тухай мэдээг хүлээн авах хүмүүсийн тоо гайхалтай өсөх болон тэр мэдээг хүлээн авсан хүмүүсийг хамгаалах гэсэн хоёр санааг онцолсон байдаг. Есүс: «Бурхны хаанчлалыг бид юугаар зүйрлүүлэх вэ? Эсвэл ямар сургаалт зүйрлэлээр илэрхийлэх вэ? Энэ нь гичийн үртэй адил юм. Хөрсөнд суулгах үед гичийн үр газар дээрх ямар ч үрээс бага байдаг. Гэвч үрийг суулгасны дараа өсөж, ямар ч ургамлаас илүү томорч, том мөчрүүд гарч сүүдэрт нь огторгуйн шувууд үүрээ засдаг юм» хэмээн хэлжээ (Марк 4:30–32).

4 Үнэхээр ч, энэ үлгэрт хэлснээр, «Бурхны хаанчлал» өсөж байна. Үүний баталгааг Хаанчлалын тухай мэдээ хэрхэн түгж, христиан хурал МЭ 33 оны Пентекостын өдрөөс хойш хэрхэн өргөжин тэлж байгаагаас харж болно. Гичийн үр хэмжээгээрээ маш жижиг учраас өчүүхэн жижиг юмыг төлөөлдөг (Лук 17:6-тай харьцуулна уу). Гэхдээ ургахлаараа 3–5 метр өндөр болж, мөчир нь хатуурч, том мод шиг болдог (Мат. 13:31, 32).

5. Нэгдүгээр зуунд христиан хурал хэрхэн өссөн бэ?

5 МЭ 33 онд 120 орчим шавь ариун сүнсээр тослогдсоноор христиан хурал үүссэн түүхтэй. Энэ жижиг хурал харьцангуй богино хугацаанд олон мянган итгэгчтэй болжээ (Үйлс 2:41; 4:4; 5:28; 6:7; 12:24; 19:20-ийг уншина уу). Гуч хүрэхгүй жилийн дотор ургац хураах ажилчдын тоо маш ихээр нэмэгдсэн тул элч Паул Колоссай хотын хуралд бичсэн захидалдаа сайн мэдээг «тэнгэрийн доорх бүх бүтээлд тунхаглагдсан» гэж хэлжээ (Кол. 1:23). Гайхалтай өссөн байгаа биз?

6, 7. а) 1914 оноос хойш Еховагийн ард түмэн хэрхэн өсөн нэмэгдэж байна вэ? б) Ирээдүйд хэрхэн өсөх вэ?

6 1914 онд тэнгэрт Бурхны Хаанчлал байгуулагдсанаас хойш гичийн «модны» мөчир ургасаар, хэний ч бодож байгаагүй хэмжээнд хүрч, «Хамгийн өчүүхэн нэгэн нь мянга болж, хамгийн бага нэг нь хүчирхэг үндэстэн болно» хэмээсэн Исаиагийн зөгнөл жинхэнэ утгаар биелж байна (Ис. 60:22). ХХ зууны эхээр тослогдогсдын жижиг бүлэг Хаанчлалын үйл хэрэгт оролцож байхдаа, энэ ажлыг 2008 он гэхэд 7 сая орчим дэлгэрүүлэгч 230 гаруй оронд хийнэ гэж төсөөлөө ч үгүй биз ээ. Есүсийн хэлсэн ёгт үлгэрт гардаг гичийн үр ургаж томорсон шиг Хаанчлалын үйл хэрэг үнэхээр гайхалтай өссөн!

7 Гэхдээ өсөлт үүгээр зогсохгүй. Бурхны Хаанчлалын харьяат албатууд яваандаа бүх дэлхийг дүүргэж, эсэргүүцэгчид бүгд устгагдана. Энэ бүхнийг хүмүүс өөрсдийн хүчээр хийхгүй, харин Хэмжээгүй эрхт Эзэн Ехова гардан хийх юм (Даниел 2:34, 35-ыг уншина уу). Тэгэхэд «Далай усаар дүүрдэг шиг дэлхий ЭЗЭНий мэдлэгээр бялхана» хэмээн Исаиа зөнчийн бичсэн өөр нэг зөгнөл бүрэн биелнэ (Ис. 11:9).

8. а) Есүсийн ярьсан ёгт үлгэрийн шувууд ямар хүмүүсийг бэлэгддэг вэ? б) Бид одоо ч юунаас хамгаалагддаг вэ?

8 Тэнгэрийн шувууд гичийн мод буюу энэхүү Хаанчлалын сүүдэр дор үүрээ засна гэж Есүс хэлсэн. Шувууд гэдэг нь өөр өөр хөрсөнд үр тарьсан тариачны тухай ёгт үлгэрт гардаг шувууд шиг сайн үрийг идэхийг оролддог Хаанчлалын дайснууд биш юм (Марк 4:4). Харин христиан хурлаас хамгаалалт хайдаг чин сэтгэлтэй хүмүүсийг бэлэгддэг. Тэд Бурхантай тогтоосон харьцааг нь сэвтүүлэх муу зуршил болон ёс бус ертөнцийн бузар бүхнээс одоо ч хамгаалагддаг (Исаиа 32:1, 2-той харьцуулна уу). Ехова бас Мессиагийн Хаанчлалыг модтой зүйрлэн: «Тэр нь гишүүг дэлгэж, жимс гарган, сүрлэг хуш мод болохын тулд Израилийн өндөр ууланд Би түүнийг суулгана. Түүн дээр төрөл бүрийн шувууд үүрлэнэ. Тэд түүний мөчрүүдийн сүүдэрт үүрлэх болно» хэмээн зөгнөсөн байдаг (Езек. 17:23).

Талхны хөрөнгөний тухай ёгт үлгэр

9, 10. а) Есүс хөрөнгөний тухай ёгт үлгэрээрээ юуг онцолсон бэ? б) Библид хөрөнгөөр голдуу юуг бэлэгддэг вэ? Бид ямар асуулт авч үзэх вэ?

9 Өсөлт хэрхэн явагддаг нь хүний нүдэнд тэр бүр ил харагддаггүй. Есүс энэ санааг онцолж: «Тэнгэрийн хаанчлал бол гурван хэмжүүр гурилыг бүхэлд нь исгэхээр нэгэн эмэгтэйн хийсэн хөрөнгөтэй төстэй» хэмээн ярьжээ (Мат. 13:33). Хөрөнгө гэж юу вэ? Энэ нь Хаанчлалын өсөлттэй ямар холбоотой вэ?

10 Библид хөрөнгөөр голдуу нүглийг бэлэгддэг. Тухайлбал, элч Паул Коринтын хуралд байсан нүгэлтний муу нөлөөний тухай бичихдээ хөрөнгө гэдэг үгийг хэрэглэсэн байдаг (1 Кор. 5:6–8). Тэгвэл Есүс хөрөнгө гэдэг үгийг сөрөг утгаар хэрэглэсэн үү?

11. Эртний Израильд хөрөнгийг юунд хэрэглэдэг байсан бэ?

11 Дээрх асуултад хариулахаасаа өмнө гурван чухал зүйлийг анхаарах хэрэгтэй. Нэгд, Ехова хэдийгээр Дээгүүр өнгөрөх баярын үеэр хөрөнгө хэрэглэхийг зөвшөөрөөгүй ч бусад үед хөрөнгөтэй өргөлийг хүлээн авдаг байжээ. Талархалд зориулсан эвийн өргөлүүдэд хөрөнгө хийдэг ёстой байсан бөгөөд тухайн хүн Еховагаас их ивээл хүртсэндээ талархлаа илэрхийлж, сайн дураараа ийм өргөл өргөдөг байжээ. Өргөлийн зоогоос хүртэгсэд ч баяр хөөр болдог байв (Лев. 7:11–15).

12. Библид нэг ижил үгийг ямар утгаар хэрэглэсэн байдаг вэ? Эндээс юу ойлгож болох вэ?

12 Хоёрт, Библид нэг ижил үгийг заримдаа сайн, заримдаа муу утгаар хэрэглэсэн байх нь бий. Жишээлбэл, 1 Петр 5:8-д Сатаныг аюултай, хорон санаатай болохоор нь арслантай зүйрлэсэн байдаг. Гэтэл Илчлэлт 5:5-д Есүсийг арслантай зүйрлэн: «Иудагийн овгийн Арслан» гэж бичжээ. Энэ тохиолдолд арсланг шударга ёсны төлөөх эр зоригийн бэлэг тэмдэг болгосон байна.

13. Хөрөнгөний тухай ёгт үлгэр сүнслэг өсөлтийн талаар юу хэлдэг вэ?

13 Гуравт, Есүс хөрөнгө гурилыг тэр чигээр нь муудуулж, хэрэгцээгүй болгодог тухай юу ч хэлээгүй. Харин, талх барихад юу болдог тухай л хэлсэн. Гэрийн эзэгтэй талхаа исгэхийн тулд зориуд хөрөнгө хийсэн бөгөөд үр дүн нь ч сайн байсан. Хөрөнгийг гурил дотор хийсэн учир яг яаж иссэнийг нь хараагүй. Энэ нь үр тарьж, шөнө нь унтдаг тариачныг санагдуулдаг. Есүс: «Үр яаж урган өсөж байгааг тэр хүн өөрөө ч мэдэхгүй» гэж хэлсэн (Марк 4:27). Бидний нүдэнд харагддаггүй сүнслэг өсөлтийн талаар хэчнээн энгийн тайлбарлаа вэ! Хүн анх сүнслэгээр өсөх эсэх нь харагдахгүй байж магадгүй. Гэхдээ яваандаа үр дүн нь тодорхой болдог.

14. Гурилыг бүхэлд нь исгэдэг хөрөнгө дэлгэрүүлэх ажлын юуг онцолдог вэ?

14 Өсөлт хэрхэн явагддаг нь хүний нүдэнд харагддаггүйн зэрэгцээ дэлхийг бүхэлд нь хамардаг. Энэ бол хөрөнгөний тухай ёгт үлгэрт онцолсон өөр нэг чухал санаа юм. Хөрөнгө «гурван хэмжүүр гурилыг» бүхэлд нь исгэсэн (Лук 13:21). Үүнтэй адил, Хаанчлалыг тунхаглах ажил сүнслэг өсөлтийг түргэсгэдэг бөгөөд өргөн цар хүрээтэй явагдаж байна. Тийм учраас, эдүгээ Хаанчлалын тухай мэдээ «дэлхийн хязгаарт» хүрчээ (Үйлс 1:8; Мат. 24:14). Улам бүр өргөжин тэлж байгаа Хаанчлалын үйл хэрэгт хувь нэмэр оруулна гэдэг яах аргагүй том завшаан мөн!

Загасны тор

15, 16. а) Загасны торны тухай ёгт үлгэрийг товч хэлнэ үү. б) Тор юуг төлөөлдөг вэ? Энэ ёгт үлгэрт Хаанчлалын өсөлтийн чухам юуг онцолсон бэ?

15 Есүс Христийн шавь олон байх нь чухал боловч, жинхэнэ шавь нь мөн гэдгээ батлан харуулах нь бүр илүү чухал юм. Есүс загасны торны тухай ёгт үлгэрээрээ Хаанчлалын өсөлтийн өөр нэг онцлог болох дээрх санааг илэрхийлжээ. Тэрбээр: «Мөн тэнгэрийн хаанчлал бол төрөл бүрийн загас барихаар тэнгист хаясан загасны асар том тортой адил юм» хэмээн ярьсан (Мат. 13:47).

16 Төрөл бүрийн загас барьдаг тор нь Хаанчлалыг тунхаглах ажлыг төлөөлдөг. Есүс цааш нь: «Тор дүүрмэгц, тэд түүнийг эрэг дээр татаж гаргаад, сайн загасыг нь саванд хийн, харин мууг нь хаяна. Энэ үеийн төгсгөл ч мөн ийм байх болно. Тэнгэр элч нар ирж, зөвт хүмүүсийн дундаас муу хүмүүсийг ялгаж, тэднийг галтай зууханд хаяна. Тэнд тэд уйлж, шүдээ хавирах болно» гэжээ (Мат. 13:48–50).

17. Загасны торны тухай ёгт үлгэрт гардаг ялгах ажил ямар цаг үеийг хэлдэг вэ?

17 Есүс загасыг сайн муугаар нь ялгах тухай ярихдаа алдраа дуурсган ирээд, хонио ямаанаас тусгаарлах эцсийн шүүлтийн тухай хэлсэн үү? (Мат. 25:31–33). Үгүй. Тэрхүү эцсийн шүүлт агуу их гай гамшгийн үед Есүсийг ирэхэд болно. Харин загасны торны тухай ёгт үлгэрт дурдсан ялгах ажил «үеийн төгсгөлд» болно. * Энэ бол агуу их гай гамшгаар дуусах, бидний амьдарч буй цаг үе юм. Тэгвэл ялгах ажил одоо хэрхэн явагдаж байна вэ?

18, 19. а) Ялгах ажил одоо хэрхэн явагдаж байна вэ? б) Чин сэтгэлтэй хүмүүс ямар алхам хийх шаардлагатай вэ? (21-р хуудсан дахь зүүлтийг үзнэ үү).

18 Өнөө үед хүн төрөлхтөн хэмээх далайгаас бэлэгдлийн загас хэдэн саяараа Еховагийн хуралд татагдаж байна. Зарим нь Христийн үхлийг дурсах арга хэмжээнд, зарим нь манай цуглаануудад хүрэлцэн ирдэг. Нөгөө нэг хэсэг нь Библийн хичээл заалгадаг. Гэхдээ тэд бүгдээрээ жинхэнэ христианууд болдог уу? Тэднийг «эрэг дээр татаж гаргалаа» ч, Есүсийн хэлснээр, зөвхөн «сайн загасыг нь» христиан хурал хэмээх саванд хийдэг. Харин мууг нь хаядаг бөгөөд эцэст нь тэд ирээдүйн устгалыг бэлэгдсэн галтай зууханд хаягдана.

19 Ямар хүмүүс муу загастай адилхан бэ? Еховагийн Гэрчүүдээр Библийн хичээл заалгаж байсан олон хүн хичээл үзэхээ больдог. Зарим хүн Гэрч эцэг эхийн гар дээр өсөж хүмүүжсэн хэр нь Есүсийн дагалдагч болох чин хүсэлгүй байдаг. Тийм хүмүүс Еховад үйлчлэх шийдвэрийг дуртай дургүй гаргах юм уу хэсэг үйлчилж байгаад больдог * (Езек. 33:32, 33). Гэхдээ чин сэтгэлтэй хүмүүс эцсийн шүүлтийг давъя гэвэл, наана нь «сав» буюу хуралд нэгдэж, тэндээ хоргодох зайлшгүй шаардлагатай.

20, 21. а) Хаанчлалын өсөлтийн талаар Есүсийн ярьсан ёгт үлгэрээс бид юу мэдэж авсан бэ? б) Та яахаар шийдсэн бэ?

20 Хаанчлалын өсөлтийн тухай Есүсийн ярьсан ёгт үлгэрийн талаар товч ярилцлаа. Эндээс бид юу мэдэж авсан бэ? Нэгдүгээрт, гич хэдийгээр жижиг үртэй ч мод шиг том болдгийн адил Хаанчлалын мэдээг хүлээн авдаг хүмүүсийн тоо асар ихээр өсөн нэмэгдэж байна. Ийнхүү өргөжин тэлж буй Еховагийн үйл хэрэгт юу ч саад болж чадахгүй! (Ис. 54:17). Түүнээс гадна, «[модны] сүүдэрт үүрээ засдаг» хүмүүс сүнслэгээр хамгаалагддаг. Хоёрдугаарт, ургуулдаг нь Бурхан юм. Зуурсан гурилыг, дотор нь хийсэн хөрөнгө бүхэлд нь исгэдгийн адил Хаанчлалын өсөлт тэр бүр ажиглагддаггүй ч явагдаж л байдаг. Гуравдугаарт, Хаанчлалын мэдээг хүлээн авсан хүн бүхэн «сайн загас» байдаггүй. Зарим нь Есүсийн ёгт үлгэрт гардаг муу загастай адилхан болдог.

21 Гэхдээ Ехова олон «сайн загасыг» татаж байгааг харахад хэчнээн урамтай вэ! (Иох. 6:44). Ехова татдаг учраас олон оронд Христийн дагалдагчдын тоо гайхалтай өсөж байна. Үүний төлөө гагцхүү Ехова Бурхныг л магтан алдаршуулах учиртай. Энэ бүхнийг нүдээрээ үзэж байгаа бидний хувьд «Өглөө тарь... Учир нь өглөө орой тариалсны аль нь үр дүнтэй болохыг чи мэдэхгүй шүү дээ» хэмээн олон зууны өмнө өгсөн зөвлөгөөг дагах хүсэл өөрийн эрхгүй төрдөг (Ном. 11:6).

[Зүүлт]

^ «Харуулын цамхаг» сэтгүүлийн 1992 оны 6 сарын 15-ны дугаарын 17–22-р хуудас; 1975 оны 10 сарын 1-ний дугаарын 589–608-р хуудсанд нийтлэгдэж байсан тайлбар энэ удаа өөрчлөгдсөн болно.

^ Матай 13:39–43-т Хаанчлалын мэдээ тунхаглах ажлын өөр нэг онцлогийг хэлсэн байдаг ч биелэх цаг нь загасны торны тухай ёгт үлгэр биелэх цагтай давхцах бөгөөд «үеийн төгсгөлд» болно. Энэ хугацаанд бэлэгдлийн загасыг ялгах ажил үр тарих, ургац хураах ажилтай адил тасралтгүй үргэлжилнэ («Харуулын цамхаг», 2000 оны 10 сарын 15-ны дугаарын 25, 26-р хуудас; «Цорын ганц жинхэнэ Бурхныг шүтэгтүн» номын 178–181-р хуудасны 8–11-р догол мөр [англи]).

^ Тэнгэр элчүүд, Библи судлахаа больсон юм уу Еховагийн ард түмний дундаас гарсан бүх хүнийг муу загас гэж үзээд, хаядаг гэсэн үг үү? Тийм биш ээ! Ехова өөр рүү нь буцаж ирэхийг чин сэтгэлээсээ хүсдэг хүмүүсийг хүлээн авахад бэлэн байдаг (Мал. 3:7).

Хариулна уу

• Гичийн үрийн тухай Есүсийн ярьсан ёгт үлгэрээс Хаанчлалын өсөлт болон сүнслэг хамгаалалтын талаар юу мэдэж болох вэ?

• Есүсийн ярьсан ёгт үлгэрт гардаг талхны хөрөнгө юуг төлөөлдөг вэ? Есүс Хаанчлалын өсөлтийн талаар юуг онцолсон бэ?

• Загасны торны тухай ёгт үлгэр Хаанчлалын өсөлтийн чухам юуг онцолдог вэ?

• «Саванд» байгаа эсэхээ яаж шалгах вэ?

[Догол мөрийн асуулт]

[18-р хуудасны зураг]

Гичийн үрийн тухай ёгт үлгэр Хаанчлалын өсөлтийн талаар юу хэлдэг вэ?

[19-р хуудасны зураг]

Хөрөнгөний тухай ёгт үлгэр бидэнд ямар сургамжтай вэ?

[21-р хуудасны зураг]

Сайн загасыг муу загаснаас ялгах гэдгээр юуг дүрсэлсэн бэ?