Skip to content

Гарчиг руу орох

«Тэд бол Хургыг ... дагадаг хүмүүс»

«Тэд бол Хургыг ... дагадаг хүмүүс»

«Тэд бол Хургыг ... дагадаг хүмүүс»

«Тэд бол Хургыг хаашаа ч явсан, Түүнийг дагадаг хүмүүс» (ИЛЧ. 14:4).

1. Есүсийн жинхэнэ шавь нар Багшийгаа дагах тухайд ямар бодолтой байсан бэ?

 ЕСҮС дэлхий дэх үйлчлэлээ эхэлснээс хойш хоёр жил хагасын дараа «Капернаумын синагогт заажээ». Хэлсэн үгийг нь сонсоод цочирдсондоо «Түүний дагалдагчдаас олон хүн зайлан явж, цаашид Түүнтэй хамт явсангүй». Есүс 12 элчээсээ явахыг хүсэж байгаа эсэхийг нь асуусанд Симон Петр: «Эзэн, бид хэн рүү явах юм бэ? Мөнх амийн үгс Танд байна. Та бол Бурхны Ариун Нэгэн мөн гэдэгт бид итгэцгээсэн, мөн таньж мэдэцгээсэн» хэмээн хариулжээ (Иох. 6:48, 59, 60, 66–69). Есүсийн жинхэнэ шавь нар Багшийгаа дагахаа болиогүй юм. Тэд ариун сүнсээр тослогдсоныхоо дараа ч Есүсийн зааврыг дагасаар байсан (Үйлс 16:7–10).

2. а) «Итгэмжит, ухаалаг боол» буюу «итгэмжит ... нярав» гэж хэнийг хэлдэг вэ? б) Боолын анги Хургыг дагах талаар ямар сайхан жишээ үзүүлдэг вэ?

2 Орчин үеийн тослогдсон христиануудын тухайд юу хэлж болох вэ? Есүс өөрийнхөө «заларч ирэхэд болон үеийн төгсгөлд ямар шинж тэмдэг байх» тухай зөгнөхдөө сүнсээр тослогдсон дагалдагчдаа нийтэд нь «итгэмжит, ухаалаг боол» буюу «итгэмжит ... нярав» хэмээжээ (Мат. 24:3, 45; Лук 12:42). Боолын анги «Хургыг хаашаа ч явсан, Түүнийг дагахын» сайхан жишээ үзүүлдэг (Илчлэлт 14:4, 5-ыг уншина уу). Боолын ангийн гишүүд бол «агуу их Вавилон» буюу бүх хуурамч шашны сургаал номлол, үйл хэргээр өөрсдийгөө бузарлаагүй, сүнслэг утгаар ариун хүмүүс юм (Илч. 17:5). Ямар ч хуурамч сургаал «тэдний амнаас олддоггүй» бөгөөд тэд Сатаны ертөнцөөс өөрсдийгөө «гэм зэмгүй» авч үлджээ (Иох. 15:19). Дэлхий дээр үлдсэн тослогдогсод ирээдүйд тэнгэрт гарч, Хургыг «дагана» (Иох. 13:36).

3. Боолын ангид итгэх нь яагаад чухал бэ?

3 Есүс итгэмжит, ухаалаг боолыг «зарц нартаа» буюу боолын ангийн гишүүдэд «цагт нь хоол ундыг өгүүлэхээр гэрийн даамлаар тавьсан». Бас «хамаг эзэмшил хөрөнгөө» боолд хариуцуулсан (Мат. 24:45–47). «Эзэмшил хөрөнгө» гэдэгт «өөр хонинуудын» өсөн нэмэгдэж буй «үй олон хүн» ордог (Илч. 7:9; Иох. 10:16, ШГ). Тослогдогсод болон «өөр хонинууд» даамалдаа итгэх хэрэгтэй. Боолын ангид итгэх олон шалтгаан байдгаас хоёр чухал шалтгааныг авч үзье. 1) Ехова боолын ангид итгэдэг. 2) Есүс боолын ангид итгэдэг. Ехова Бурхан Есүс Христ хоёр итгэмжит, ухаалаг боолд бүрэн итгэдэг нь юунаас харагддаг вэ?

Ехова боолд итгэдэг

4. Итгэмжит, ухаалаг боолын өгдөг сүнслэг хоолыг итгэлтэйгээр хүртэж болохын учир юу вэ?

4 Итгэмжит, ухаалаг боол яаж шим тэжээлтэй сүнслэг хоол ундыг цагт нь өгөх чадвартай болсныг үзье. Ехова: «Би чиний явах ёстой замд чамд зааварлан зааж өгнө. Би чамайг ширтэн, чамд зөвлөнө» хэмээн айлджээ (Дуу. 32:8). Үнэхээр ч Ехова боолыг удирдан чиглүүлдэг. Тийм учраас, боолын өгсөн, Библид үндэслэсэн тайлбар, ойлголт, удирдлага зааварт бүрэн итгэж болно.

5. Бурхны сүнс боолын ангид хүч өгдгийн баталгаа юу вэ?

5 Ехова боолын ангийг бас ариун сүнсээрээ ивээдэг. Еховагийн сүнс харагддаггүй ч хүмүүст үйлчилж, үр нөлөө нь харагдаж байдаг. Итгэмжит, ухаалаг боол Ехова Бурхан болон түүний Хүүгийн тухай, мөн Хаанчлалын тухай дэлхий даяар дэлгэрүүлэх ажилд ямар амжилт гаргаж байгааг бодъё. Еховаг шүтэгчид 230 гаруй улс орон, аралд Хаанчлалын тухай мэдээг идэвхтэй тунхаглаж байна. Бурхны сүнс боолд хүч өгдгийн маргашгүй баталгаа биш гэж үү? (Үйлс 1:8-ыг уншина уу). Боолын анги дэлхий дахинд буй Еховагийн үйлчлэгчдэд сүнслэг хоолыг цагт нь өгөхийн тулд чухал чухал шийдвэр гаргах ёстой болдог. Тийнхүү шийдвэр гаргаж, хэрэгжүүлэхдээ хайр, дөлгөөн зан болон сүнсний үр жимсний бусад чанарыг илэрхийлдэг (Гал. 5:22, 23).

6, 7. Ехова итгэмжит боолд хэр зэрэг итгэдэг вэ?

6 Ехова итгэмжит боолд хэр зэрэг итгэдгийг ойлгохын тулд боолын ангийн гишүүдэд юу гэж амласныг нь бодоцгооё. Элч Паул: «Бүрээ дуугарч, үхэгсэд үл муудах руу амилуулагдаж, бид ч өөрчлөгдөнө. Учир нь муудах нь үл муудахыг өмсөх ёстой бөгөөд энэ үхлийн бие нь үхэшгүйг өмсөх ёстой» гэж бичжээ (1 Кор. 15:52, 53). Бурханд үнэнч үйлчилж яваад нас барсан, Христийн тослогдсон дагалдагчид «мууддаг» хүмүүн биеэ орхин, мөнхийн амьтай сүнсэн бүтээлүүдээс ч илүү дээр бодгаль болон амилжээ. Тэд үхэшгүйг авсан гэдэг нь хэзээ ч устахгүй, үүрд мөнх амьдарна гэсэн үг. Бас үл муудахыг авч, ялзарч муудахгүй, юунаас ч хамааралгүйгээр амьдардаг биетэй болсон. Амилсан эдгээр хүнийг Илчлэлт 4:4-т толгойдоо алтан титэм өмсөж, сэнтийд сууж байгаагаар дүрсэлдэг бөгөөд тэднийг хааны алдар хүлээж байдаг. Бурхан тослогдогсдод итгэдгийг батлах өөр баталгаа бий.

7 Илчлэлт 19:7, 8-д: «Хурганы хурим болж, Түүний сүйт бүсгүй өөрийгөө бэлдэв. Тэрээр гялалзсан, цэвэрхэн нарийн маалингаар хувцаслах болжээ. Учир нь тэрхүү нарийн маалинга бол ариун хүмүүсийн зөвт үйлс юм» гэж бичжээ. Ехова тослогдсон христиануудыг Хүүгийнхээ ирээдүйн эхнэр болгохоор сонгосон байна. Хаан болж, Хургатай гэрлэн, ялзарч муудахгүй биетэй, үхэшгүй мөнхийн амьтай болно гэдэг үнэхээр хосгүй бэлэг мөн! Энэ бол, Бурхан «Хургыг хаашаа ч явсан Түүнийг дагадаг» тослогдсон христиануудад итгэдгийн сэтгэл хөдөлгөм баталгаа юм.

Есүс боолд итгэдэг

8. Есүс сүнсээр тослогдсон дагалдагчдадаа итгэдгээ хэрхэн харуулсан бэ?

8 Есүс сүнсээр тослогдсон дагалдагчдадаа бүрэн итгэдгийн ямар баталгаа байна вэ? Тэрбээр дэлхий дэх амьдралынхаа сүүлчийн шөнө үнэнч 11 элчдээ: «Намайг сорилтод байх үед Миний хажууд зогсож байсан нь та нар мөн. Миний Эцэг Надад хаанчлалыг өгсөнчлөн, Би та нарт өгнө. Та нар Миний хаанчлалд Миний ширээнээ идэж уун, Израилийн арван хоёр овгийг шүүн сэнтийд залрах болно» хэмээн амлажээ (Лук 22:28–30). Дараа нь тэднийг тослогдсон 144 000 христианы тоонд багтаах гэрээ байгуулсан (Лук 12:32; Илч. 5:9, 10; 14:1). Есүс тэдэнд итгэдэггүй байсан бол тэдэнтэй хамт хаанчилна гэсэн гэрээ байгуулах байсан гэж үү?

9. Христийн «хамаг эзэмшил хөрөнгө» гэдэгт юу юу ордог вэ?

9 Түүнээс гадна, Есүс Христ итгэмжит, ухаалаг боолд «хамаг эзэмшил хөрөнгө» буюу дэлхий дээр байдаг, Хаанчлалтай холбоотой бүх зүйлийг хариуцуулсан (Мат. 24:47). Эзэмшил хөрөнгө гэдэгт Еховагийн Гэрчүүдийн байгууллагын төв болон олон оронд байдаг салбарын барилга байшин, эд хөрөнгө, дэлхий даяар буй Чуулганы болон Хаанчлалын танхимууд, Хаанчлалын тухай мэдээ тунхаглах болон шавь бэлдэх ажил ордог. Итгэдэггүй хүндээ үнэтэй цайтай юмаа хадгалуулж, хэрэглүүлэх хүн байна гэж үү?

10. Есүс Христ тослогдсон дагалдагчидтайгаа хамт байдаг нь юунаас харагддаг вэ?

10 Дахин амилсан Есүс тэнгэрт гарахаасаа өмнөхөн үнэнч шавь нартаа үзэгдэн: «Харагтун, үеийн төгсгөл хүртэл Би та нартай үргэлж хамт байх болно» гэж амлажээ (Мат. 28:20). Есүс амласандаа хүрсэн болов уу? Сүүлийн 15 жилийн дотор Еховагийн Гэрчүүдийн хурлын тоо 70-аас 100 мянга болж, 40 гаруй хувиар өсжээ. Тэгвэл шинээр Христийн шавь бологсдын тухайд юу хэлж болох вэ? Сүүлийн 15 жилийн хугацаанд 4,5 сая орчим хүн баптисм хүртсэн нь өдөрт дунджаар 800 гаруй хүн шинээр шавь болж байсан гэсэн үг юм. Энэ бүх гайхалтай өсөлт бол Христ тослогдсон дагалдагчдынхаа цуглааныг удирдаж, шавь бэлдэх ажилд нь тусалж дэмжиж байгаагийн хөдөлшгүй баталгаа мөн.

Боол бол итгэмжит бөгөөд ухаалаг

11, 12. Боол итгэмжит бөгөөд ухаалаг гэдгээ хэрхэн харуулсан бэ?

11 Ехова Бурхан Есүс Христ хоёр итгэмжит, ухаалаг боолд бүрэн итгэдэг юм бол бид бас итгэх хэрэгтэй биз дээ? Тэгээд ч боол тэдний даалгасан ажлыг итгэмжтэй хийдгээ харуулсан билээ. Жишээ нь, «Харуулын цамхаг» сэтгүүлийг 130 жил тасралтгүй гаргаж байна. Бидний итгэлийг бэхжүүлэх цуглаан, чуулган зохиосоор байна.

12 Итгэмжит боол Еховаг тодорхой заавар өгөхөөс урьтаж хөдлөн даруу бус загнах юм уу тодорхой заавар өгчихөөд байхад нь хойш суудаггүйгээрээ ухаалаг юм. Жишээ нь, хуурамч шашны удирдагчид ертөнцийн хүмүүсийн хувиа хичээсэн, Бурхны таалалд үл нийцэх явдлыг нүдээ аниад өнгөрөөх юм уу жирийн юм мэтээр зөвтгөж үздэг байхад, итгэмжит боол Сатаны ёс бус ертөнцийн урхи занганаас сэрэмжлүүлдэг. Ехова Бурхан Есүс Христ хоёр ивээдэг учраас боол цагаа олсон, ухаалаг сэрэмжлүүлэг өгдөг. Тийм учраас, бид боолд бүрэн итгэх нь зүйтэй. Тэгвэл итгэмжит, ухаалаг боолд итгэдгээ яаж харуулах вэ?

Хургыг дагадаг тослогдогсодтой «хамт явагтун»

13. Зехариагийн зөгнөлд бичсэний дагуу, итгэмжит, ухаалаг боолд итгэдгээ яаж харуулж болох вэ?

13 Библийн «Зехариа» номд «арван хүн» «нэг иудей хүн» дээр очоод, «Биднийг өөрсөдтэйгөө хамт явуулаач» гэж хэлж байгаа тухай гардаг (Зехариа 8:23-ыг уншина уу). «Нэг иудей хүнд» хандахдаа «өөрсөдтэйгөө» гэж олон тоон дээр хэлсэн учраас тэр нь бүлэг хүн байх ажээ. Орчин үед тэр «хүн» нь «Бурхны Израилийн» хэсэг болох тослогдсон христиануудын үлдэгсэд юм (Гал. 6:16). «Өөр хэлтэн үндэстнүүдийн» «арван хүн» нь өөр хонинуудын үй олон хүнийг төлөөлдөг. Тослогдсон христианууд Есүсийг хаашаа ч явсан дагадаг шиг үй олон хүн итгэмжит, ухаалаг боолтой «хамт явдаг». Үй олон хүн «тэнгэрлэг дуудлагыг хуваалцагчдын» нөхөд гэж дуудуулахаас ичих учиргүй (Евр. 3:1). Есүс тослогдсон христиануудыг «ах дүүс» гэж дуудахаасаа ичдэггүй (Евр. 2:11).

14. Христийн ах дүүсийг үнэнчээр хэрхэн дэмжиж болох вэ?

14 Есүс Христ ах дүүсийг нь үнэнчээр дэмжвэл өөрийг нь дэмжсэнтэй адилд үздэг (Матай 25:40-ийг уншина уу). Тэгвэл, дэлхийд амьдрах найдвартай хүмүүс Христийн тослогдсон ах дүүсийг хэрхэн дэмжиж болох вэ? Гол нь, Хаанчлалын тухай мэдээ дэлгэрүүлэх ажилд нь туслах хэрэгтэй (Мат. 24:14; Иох. 14:12). Жил ирэх тусам дэлхийд байгаа тослогдогсдын тоо буурч, өөр хонинуудын тоо өссөөр байна. Дэлхийд амьдрах найдвартай христианууд гэрчлэх ажилд оролцон, болж өгвөл, бүрэн цагаар дэлгэрүүлэн, шавь бэлдэх тушаалыг биелүүлэхэд нь тослогдогсдод тусалдаг (Мат. 28:19, 20). Энэ ажлыг дэмжиж, янз бүрийн аргаар санхүүгийн тусламж үзүүлэх боломж байдгийг тэмдэглэх хэрэгтэй.

15. Христиан хүн бүр боолын цагт нь өгдөг сүнслэг хоол унд болон байгууллагаар дамжуулан өгдөг удирдамж зааварт хэрхэн хандах хэрэгтэй вэ?

15 Итгэмжит, ухаалаг боолын, Библид үндэслэсэн ном хэвлэл болон цуглаануудаар цагт нь өгдөг сүнслэг хоол унданд та хэрхэн ханддаг вэ? Талархан хүлээн авч, сурснаа хэрэгжүүлэхэд бэлэн байдаг уу? Байгууллагаар дамжуулан өгдөг боолын удирдамж зааврыг яаж хүлээн авдаг вэ? Тэдний өгдөг удирдлага зааварт дуулгавартай захирагдана гэдэг бол Еховагийн зохион байгуулдаг арга хэмжээнд итгэдгийн баталгаа юм (Иак. 3:17).

16. Христианууд бүгдээрээ Христийн ах дүүсийн үгийг сонсох ёстойн учир юу вэ?

16 «Миний хонин сүрэг дууг минь сонсдог. Би тэднийг мэддэг бөгөөд тэд Намайг дагадаг юм» гэж Есүс хэлжээ (Иох. 10:27). Тослогдсон христианууд үнэхээр тийм билээ. Тэгвэл тэдэнтэй «хамт явдаг» хүмүүсийн тухайд юу хэлж болох вэ? Тэд Есүсийн үгийг сонсох ёстой. Ах дүүсийнх нь үгийг ч бас сонсох ёстой. Тэгээд ч Бурхны ард түмнийг харж харгалзах гол үүргийг тэдэнд оноосон билээ. Христийн ах дүүсийн үгийг сонсоно гэж яахыг хэлдэг вэ?

17. Боолын ангийг сонсоно гэдэг нь юу гэсэн үг вэ?

17 Орчин үед итгэмжит, ухаалаг боолыг Удирдах зөвлөл төлөөлдөг бөгөөд тэд Хаанчлалын тухай мэдээг дэлхий даяар тунхаглах ажлыг удирдан, зохион байгуулдаг. Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд дадлага туршлагатай, сүнсээр тослогдсон ахлагчид ордог. Биднийг «тэргүүлж явдаг» хүмүүс гэдэг үг ялангуяа тэдэнд онцгой хамаатай (Евр. 13:7). Тэд дэлхий дахинд буй Еховагийн Гэрчүүдийн 100 000 гаруй хурлын 7 000 000 шахам дэлгэрүүлэгчийг харж харгалзан, «Эзний үйл хэрэгт үргэлж бялхаж» байдаг (1 Кор. 15:58). Боолын ангийг сонсоно гэдэг нь Удирдах зөвлөлтэй нягт хамтран ажиллана гэсэн үг юм.

Боолыг сонсдог хүмүүс ивээл хүртдэг

18, 19. а) Итгэмжит, ухаалаг боолыг сонсдог хүмүүс ямар ивээл хүртдэг вэ? б) Бид яах ёстой вэ?

18 Итгэмжит, ухаалаг боол үүрэг даалгавар авсан цагаасаа эхлэн «олныг зөв шударга байдалд авчирсаар» байна (Дан. 12:3). «Олон» хүн гэдэгт өнөөгийн ёс бус тогтолцооны сүйрлийг эсэн мэнд давах найдвартай хүмүүс ордог. Бурханд зөв хэмээн тооцогдоно гэдэг ямар их ивээл бэ!

19 Ирээдүйд, 144 000 хүнээс бүрдэх «Ариун хот, шинэ Иерусалим нь нөхөртөө очихоор гоёсон сүйт бүсгүй мэт бэлтгэгдэн Бурхнаас гарч, тэнгэрээс буун ирэх» үед боолыг сонсдог байсан хүмүүс яах вэ? «Бурхан Өөрөө тэдний дунд байна. ... Тэр тэдний нүднээс нулимс бүрийг нь арчина. Тэнд цаашид үхэл байхгүй болно. Тэнд цаашид гашуудах, уйлах, өвдөх гэж үгүй болно. Анхны юмс өнгөрөн одлоо» гэж Библид бичсэн байдаг (Илч. 21:2–4). Тиймээс, Христ болон түүний итгэлийг хүлээсэн, сүнсээр тослогдсон ах дүүсийн үгийг сонсож байя.

Давтах асуулт

• Ехова итгэмжит, ухаалаг боолд итгэдгийн ямар баталгаа байдаг вэ?

• Есүс Христ боолын ангид бүрэн итгэдэг нь юунаас харагддаг вэ?

• Итгэмжит няравт итгэх ёстойн учир юу вэ?

• Боолд итгэдгээ яаж харуулах вэ?

[Догол мөрийн асуулт]

[25-р хуудасны хавсралт]

Ехова хэнийг Хүүгийнхээ ирээдүйн эхнэрээр сонгосныг мэдэх үү?

[26-р хуудасны хавсралт]

Есүс Христ итгэмжит, ухаалаг боолд «хөрөнгөө» хариуцуулсан

[27-р хуудасны хавсралт]

Бид дэлгэрүүлэх ажилд оролцож, сүнсээр тослогдсон хүмүүсийг дэмждэг