Skip to content

Есүс Бурхан мөн үү?

Есүс Бурхан мөн үү?

ОЛОН хүн Гурвалын сургаалыг Христийн шашны гол сургаал гэж үздэг. Гурвалын сургаал ёсоор бол Эцэг, Хүү, Ариун Сүнс гурав нийлээд нэг Бурхан ажээ. Кардинал О Коннор энэ сургаалын тухай «Үүнийг бид хэзээ ч ойлгох боломжгүй. Энэ бол тайлагдашгүй нууц юм» гэж хэлжээ. Гурвалын сургаалыг ойлгоход яагаад тийм хэцүү байдаг вэ?

«Библийн зурагт толь бичиг»-т нэг шалтгааныг нь тайлбарлажээ. Гурвалын сургаалын тухай энэ хэвлэлд «Энэ бол Библийн сургаал биш. Энэ сургаалын үндэс болчихоор зүйл Библид байдаггүй» гэж хүлээн зөвшөөрсөн байдаг. Гурвал нь «Библийн бус сургаал» болохоор Гурвалыг баримтлагчид Библиэс өөрсдийнх нь сургаалтай холбогдчихоор зүйлийг улайран хайж, тэр байтугай Библийн үгийг мушгин гуйвуулдаг.

Библийн энэ зүйл Гурвалын сургаалыг дэмждэг үү?

Гурвалын сургаалыг дэмжихдээ ашигладаг нэг Библийн зүйл нь Ёохан 1:1 юм. «Жеймс хааны орчуулга»-ын энэ зүйлд «Эхэнд Үг байсан. Үг нь Бурхантай [грекээр тон теон] хамт байсан. Үг нь Бурхан [теос] байсан» гэж бичжээ. Энэ зүйлд грек хэлний теос (бурхан) гэдэг үг хоёр хэлбэрээр гардаг. Эхнийх нь тон гэдэг тодорхой ялгац гишүүнтэй байгаа учраас теон гэдэг үгээр Төгс хүчит Бурхныг хэлж байна. Хоёр дахь буюу теос гэдэг үгэнд тодорхой ялгац гишүүн байхгүй. Тэгвэл тон гэдэг тодорхой ялгац гишүүнийг санамсаргүй бичээгүй орхичихсон уу?

Гурвалын сургаал яагаад ойлгомжгүй байдаг вэ?

«Ёохан» ном тодорхой ялгац гишүүн хэрэглэх талаар дүрэмтэй байдаг энгийн ардын кини грек хэлээр бичигдсэн. Библийн эрдэмтэн А. Т. Робертсон өгүүлэгдэхүүн өгүүлэхүүн хоёр хоёулаа ялгац гишүүнтэй бол «хоёулаа тодорхой нэг юмыг хэлж байгаа учраас байрыг нь солиод хэлж болдог» гэдгийг хүлээн зөвшөөрчээ. Робертсон «талбай нь [грекээр хо агрос] дэлхий [хо космос] юм» гэсэн Матай 13:38-ийг жишээ болгон ашигласан. Энэ дүрмийн дагуу, дэлхий бол талбай юм гэж хэлж болно.

Тэгвэл Ёохан 1:1-д байгаачлан өгүүлэгдэхүүн нь ялгац гишүүнтэй, өгүүлэхүүн нь ялгац гишүүнгүй бол яах вэ? Эрдэмтэн Жеймс Аллен Хьюитт энэ зүйлийг жишээ болгон дурдаж «ийм бүтэцтэй бол өгүүлэгдэхүүн өгүүлэхүүн хоёр ижил, эн тэнцүүгийн аль нь ч биш» гэж онцлон хэлжээ.

Хьюитт «Бурхан бол гэрэл» гэж байдаг 1 Ёохан 1:5-ыг жишээ болгон тайлбарласан. Грекээр «Бурхан» гэдгийг хо теос гээд ялгац гишүүнтэй бичсэн байдаг. Харин гэрэл гэсэн утгатай фос гэдэг үг урдаа ямар ч ялгац гишүүн аваагүй. Хьюитт: «Бурхныг гэрэл гэж тодорхойлж болох ч, гэрлийг Бурхан гэж хэлж болохгүй» хэмээн онцлон хэлжээ. Үүнтэй төстэй жишээг «Бурхан бол үл үзэгдэх нэгэн» гэж байдаг Ёохан 4:24, «Бурхан бол хайр» гэж байдаг 1 Ёохан 4:16-гаас харж болно. Энэ хоёр зүйлд хоёуланд нь өгүүлэгдэхүүн нь ялгац гишүүнтэй, өгүүлэхүүн буюу «үл үзэгдэх нэгэн», «хайр» гэдэг нь ялгац гишүүнгүй байна. Тийм болохоор өгүүлэхүүн өгүүлэгдэхүүн хоёрын байрыг нь солих боломжгүй. Илүү тодруулбал, «үл үзэгдэх нэгэн бол Бурхан», «хайр бол Бурхан» гэж хэлэх аргагүй байна.

«Үг» гэж хэн бэ?

Ёохан 1:1-д «Үг» гэж хэн болохыг биш, «Үг»-ний шинж чанарыг онцолдог гэж эртний грек хэлний эрдэмтэд болон Библийн орчуулагчид хүлээн зөвшөөрдөг. Библийн орчуулагч Виллиам Барклей ингэж хэлжээ. «[Элч Ёохан] Теос гэдэг үгний өмнө тодорхой ялгац гишүүн тавиагүй учраас шинж чанарыг нь хэлж байна. Ёохан Үгийг Бурхантай нэг гэж хэлээгүй. Маш энгийнээр хэлбэл, Есүсийг Бурхан байсан гэж Ёохан хэлээгүй». Эрдэмтэн Жейсон Дэйвид Бедүн бас «Грекээр Ёохан 1:1-ийн сүүлд байгаачлан теос гэдэг үгийг ялгац гишүүнгүй бичвэл энэ нь Бурхан шиг нэгнийг хэлж байна гэж уншигчид тань ойлгоно. Ялгац гишүүнгүй теос ялгац гишүүнтэй хо теос-оос эрс ялгаатай. Энэ нь англи хэлээр ʺa god″ ʺGod″ хоёр хоорондоо ялгаатай байдагтай адилхан» гэж хэлсэн юм. Бедүн цааш нь «Ёохан 1:1-д байгаа Үг нь цорын ганц Бурхан биш, Бурхан шиг нэгэн юм» гэж хэлжээ. «Америкийн стандарт орчуулга» дээр ажилласан эрдэмтэн Жосеф Хенри Тайерын хэлснээр бол «Логос [буюу Үг] Бурхан биш, Бурхан шиг нэгэн» ажээ.

Есүс Эцгээсээ тэс өөр гэдгээ тодорхой харуулсан

Бурхан тайлагдашгүй нууцлаг нэгэн байх ёстой юу? Есүс тэгж үзээгүй. Тэрбээр Эцэгтээ хандан залбирахдаа Эцгээсээ тэс өөр гэдгээ тодорхой харуулан «Тэд мөнхийн амьтай болохын тулд цорын ганц жинхэнэ Бурхан таныг болон Таны илгээсэн Есүс Христийг үргэлж таньж мэдэх ёстой» гэж хэлсэн (Ёохан 17:3). Бид Есүст итгэдэг, Библийн тодорхой сургаалыг ойлгодог бол түүнийг Бурхны хүү хэмээн хүндэтгэнэ. Мөн цорын ганц жинхэнэ Бурхан Еховаг шүтнэ.