Skip to content

Гарчиг руу орох

Еховагийн «агуу өдөр ойр» байгаа тул төлөвшилт рүү тэмүүлэгтүн

Еховагийн «агуу өдөр ойр» байгаа тул төлөвшилт рүү тэмүүлэгтүн

Еховагийн «агуу өдөр ойр» байгаа тул төлөвшилт рүү тэмүүлэгтүн

«Төлөвшилт рүү тэмүүлцгээе» (ЕВР. 6:1).

1, 2. Нэгдүгээр зуунд Иерусалим болон Иудейд байсан христиануудад «уул руу зугтаах» боломж хэрхэн олдсон бэ?

 ЕСҮСИЙГ дэлхийд байхад шавь нар нь түүн рүү ирээд: «Таны заларч ирэхэд болон үеийн төгсгөлд ямар шинж тэмдэг байх вэ?» хэмээн асуужээ. Есүс асуултынх нь хариуд нэг зөгнөл хэлсэн нь нэгдүгээр зуунд анх биелжээ. Түүний зөгнөснөөр, төгсгөл ойрхон байгааг мэдэгдэх ер бусын үйл явдал болох байв. «Иудейд байгсад» тэр үйл явдлыг ажиглаад «уул руу зугтаах» учиртай байжээ (Мат. 24:1–3, 15–22). Есүсийн шавь нар шинж тэмдгийг таниад тушаалыг нь биелүүлэх болов уу?

2 Есүсийг тийн зөгнөснөөс хойш гуч орчим жилийн дараа МЭ 61 онд элч Паул Иерусалим болон ойр хавьд нь амьдарч байсан еврей христиануудад нэгийг бодогдуулсан зөвлөгөө өгчээ. «Агуу их гай гамшиг» эхэлснийг дохиолох үйл явдал тав хүрэхгүй жилийн дараа болох гэж байсныг Паул ч, итгэл нэгтнүүд нь ч мэдээгүй байв (Мат. 24:21). МЭ 66 онд Цести Галл Ромын армийг удирдан Иерусалим руу довтолсон. Тэгснээ гэнэт цэргээ татаж явсан нь христиануудад зугтах боломж болжээ.

3. Паул еврей христиануудыг юунд уриалсан бэ? Тийн уриалсан нь ямар учиртай вэ?

3 Христианууд хэрсүү байж гэмээнэ цаг үе, үйл явдлын учир холбогдлыг ойлгож, зугтаж чадах байв. Гэвч зарим нь «хатуу чихтэй» болчихсон байв. Тэд «сүү» уудаг хүүхэд адил сүнслэгээр «балчир» байжээ (Еврей 5:11–13-ыг уншина уу). Тэр байтугай, үнэний замаар гуч орчим жил явсан хүмүүсийн дунд ч «амьд Бурхнаас салах» янзтай болсон хүмүүс байсан (Евр. 3:12). Цуглаан таслах «зуршилтай» хүн ч бас байжээ. Гэтэл тэр үе бол гамшигт «өдөр ойртож» байсан эгзэгтэй цаг байлаа (Евр. 10:24, 25). Тиймээс Паул тэдэнд: «Христийн тухай анхдагч ойлголтыг орхиж, төлөвшилт рүү тэмүүлцгээе» хэмээн уриалсан нь тун цагаа олсон хэрэг байв (Евр. 6:1).

4. Сэрэмжтэй байх нь ямар учраас чухал бэ? Сэрэмжтэй байхад юу туслах вэ?

4 Бидний амьдарч буй өнөө үед Есүсийн хэлсэн тэр зөгнөл бүрэн гүйцэд биелнэ. «[Еховагийн] агуу өдөр» буюу Сатаны тогтолцоог бүхэлд нь устгах тэр өдөр «ойрхон байна» (Зеф. 1:14). Тиймээс бид Библийн зөгнөлүүд хэрхэн биелж байгааг соргогоор ажиглаж, Еховатай тогтоосон харьцаагаа зузаатгах нь хэзээ хэзээнээс илүү чухал болоод байна (1 Петр 5:8). Бид тэгдэг бил үү? Амьдарч байгаа цаг үеэ мэдэрч, сэрэмжтэй байхад сүнслэгээр төлөвших нь ач тустай.

Төлөвшсөн христиан болох нь

5, 6. а) Төлөвшсөн христиан болохын тулд яах хэрэгтэй вэ? б) Төлөвшилт рүү тэмүүлэхийн тулд ямар хоёр зүйлийг хийх шаардлагатай вэ?

5 Паул еврей христиануудад төлөвшилт рүү тэмүүлэхийг уриалаад зогсоогүй төлөвшихийн тулд яах хэрэгтэйг тайлбарлажээ (Еврей 5:14-ийг уншина уу). «Төлөвшсөн хүн» «сүү» уухаар үл барам «бор хоол» иддэг. Тиймээс үнэний «эхний үндэснүүдийг» ч, «гүн юмсыг» ч мэддэг (1 Кор. 2:10). Түүнээс гадна, мэдлэгээ амьдралдаа хэрэглэн«мэдрэмжээ» дадлагажуулсаар «сайн мууг ялгахад суралцсан» байдаг. Ийн дадлагажуулдаг учир шийдвэр гаргах боллоо гэхэд тухайн асуудалд хамаатай Библийн зарчмуудыг мэдэхийн зэрэгцээ баримталж чаддаг.

6 «Бид урсаад явчихгүйн тулд сонссон зүйлдээ онцгой анхаарал хандуулах ёстой» хэмээн Паул бичжээ (Евр. 2:1). Хүн өөрөө ч мэдэлгүй итгэлээсээ урсаад явчихдаг аюултай. Ийм аюулд өртөхгүйн тулд Библийг бие даан болон цуглаанаар судлахдаа «онцгой анхаарал хандуулах» хэрэгтэй. Тиймээс бид дор бүрнээ: «Би одоо ч гэсэн үндсэн сургаалаас хэтрэхгүй байна уу? Би Библийн үнэнд зүрхээ бүрэн зориулахгүйгээр урсгалаар л яваад байгаа юм биш биз? Яавал сүнслэгээр жинхэнэ ёсоор өсөх вэ?» гэж өөрөөсөө асуух хэрэгтэй. Төлөвшилт рүү тэмүүлэхийн тулд, наад зах нь, хоёр зүйлийг анхаарах шаардлагатай. Нэгдүгээрт, Бурхны Үгэнд «гарших» ёстой. Хоёрдугаарт, дуулгавартай байж сурах хэрэгтэй.

Үгэнд гаршигтун

7. Бурхны Үгэнд «гаршихын» ач тус юу вэ?

7 Паул: «Сүүгээр амьдрагч хүн бүр зөвт байдлын үгэнд гаршаагүй байдаг. Яагаад гэвэл тэр хүн балчир ажээ» гэж бичжээ (Евр. 5:13). Бид Бурхны үгэнд «гарших» буюу сайн мэдэж байж төлөвшинө. Бурхны үг Библид байдаг учир Судрыг болон «итгэмжит, ухаалаг боолын» бэлтгэдэг хэвлэлийг анхааралтай судлах нь зүйтэй (Мат. 24:45–47). Ингэж Бурхны үзэл бодлыг өөрийн болговол сайн мууг ялгах чадвараа сургаж чадна. Оркид гэдэг христиан эмэгтэйн жишээг үзье. * Тэрбээр: «Библийг тогтмол унших тухай зөвлөгөө миний амьдралыг хамгийн их өөрчилсөн юм. Библийг эхнээс нь дуустал уншихад бүтэн хоёр жил орж билээ. Гэхдээ Бүтээгчтэйгээ нүүр тулан уулзсан юм шиг санагдаж байсан. Бүтээгчийнхээ үзэл бодлыг ухаарч, юунд дуртай, юунд дургүйг нь мэдэж, хэчнээн хүчтэй, хэчнээн мэргэн ухаантайг нь ойлгосон. Библийг өдөр бүр уншдагийн ачаар амьдралд минь тохиолдсон хамгийн бараан үеийг ч давж чадсан даа» гэж ярьсан юм.

8. Бурхны Үг бидэнд яаж нөлөөлдөг вэ?

8 Бурхны Үгийг тогтмол уншдаг бол утга санаа нь бидний зүрх сэтгэлд гүн «нэвтрэн ордог» (Еврей 4:12-ыг уншина уу). Ингэж уншвал дотор хүн маань төлөвшиж, Еховагийн таалалд илүү нийцдэг болно. Та Библи унших, уншсанаа эргэцүүлэн бодох гэж багагүй цаг гаргадаг биз дээ?

9, 10. Бурхны үгэнд гаршихын тулд мэдлэгтэй байхаас гадна яах хэрэгтэй вэ? Жишээ хэлнэ үү.

9 Библийг гадарладаг төдий бол гарших аргагүй. Паулын хэлсэн сүнслэгээр «балчир» хүмүүс Бурхны Үгийг тодорхой хэмжээгээр мэддэг байсан байж таарна. Гэхдээ мэдлэгээ амьдралдаа ч хэрэглээгүй, ач тусыг нь ч үзэж чадаагүй аж. Тэд Бурхны үгэнд «гаршаагүй» нь шийдвэр гаргахдаа Библийн зарчмыг баримталдаггүй байсных ажээ.

10 Тэгэхлээр Бурхны үгэнд гаршихын тулд мэдлэгтэй байх төдийгүй мэдлэгээ ажил хэрэг болгох шаардлагатай. Үүнийг ойлгохын тулд Кайл гэдэг христиан эмэгтэйн жишээг үзье. Тэрбээр ажлынхаа газрын нэг эмэгтэйтэй маргалджээ. Тэгээд яасан бол? Кайл: «Миний толгойд хамгийн түрүүнд Ром 12:18-д байдаг „Хэрэв боломжтой бол, та нараас шалтгаалж байгаа бол бүх хүнтэй эвтэй байгтун“ гэсэн үг орж ирсэн. Тэгээд би ажлаа тараад өнөөх эмэгтэйтэй уулзахаар болсон юм» гэж хэлжээ. Уулзаж ярилцаад учраа олжээ. Тэр эмэгтэй ч Кайлыг ийм санаачилга гаргасанд нь их баярлажээ. Кайл: «Библийн зарчмыг баримталбал хэзээ ч алдахгүй юм байна гэдгийг би ухаарсан» гэж хэлжээ.

Дуулгавартай байж сурах нь

11. Бэрхшээл тулгарахад дуулгавартай байх нь амаргүйг юунаас мэдэж болох вэ?

11 Ер нь, Библиэс сурч мэдсэнээ ажил хэрэг болгох нь, ялангуяа, бэрхшээл тулгарсан үед хэцүү байж мэднэ. Тухайлбал, израильчууд Еховагийн ачаар Египетээс гарсныхаа дараахан «Мосетой маргалдаж», «ЭЗЭНийг сорьж байв». Ямар учраас тэр вэ? Уух усгүй байснаас тэр ажээ (Ег. 17:1–4). Тэд Еховатай гэрээ байгуулж, «айлдсан бүх үгийг» нь даган биелүүлэхээ андгайлан тангараглаад хоёр сар ч бололгүй хуулийг нь зөрчиж хиймэл шүтээн шүтсэн (Ег. 24:3, 12–18; 32:1, 2, 7–9). Яагаад ийм явдал гарав аа? Мосег Бурхнаас заавар авахаар Хореб уул руу яваад эзгүй байсанд санаа зовсноос тэр үү? Гараа дээш нь өргөж байгаад ялалт авчирсан Мосегийн эзгүйд амалекчуудыг дахин дайрах вий гэж айж байснаас тэр үү? (Ег. 17:8–16). Тийм байж болох л юм. Гэхдээ ямар ч байсан, тэд «дуулгавартай захирагдахыг хүсээгүй» (Үйлс 7:39–41). Паул христиануудад Амласан газар руу орохоос айж байсан израильчуудын «дуулгаваргүй байхын жишээгээр ... уначихгүйн тулд ... хичээхийг» уриалсан (Евр. 4:3, 11).

12. Есүс яаж дуулгавартай байж сурсан бэ? Ямар ач тус хүртсэн бэ?

12 Төлөвшилт рүү тэмүүлж байгаа хүн Еховад дуулгавартай байхын тулд чадах бүхнээ хийх учиртай. Есүс Христийн жишээг үзвэл, ер нь, хүн зовлон үзэхлээрээ дуулгавартай байж сурдаг (Еврей 5:8, 9-ийг уншина уу). Есүс дэлхийд ирэхээсээ өмнө ч Эцэгтээ дуулгавартай байсан. Гэхдээ дэлхийд байхдаа Эцгийнхээ хүсэл тааллыг биелүүлэхийн тулд бие, сэтгэлээрээ их зовсон. Тэрбээр давж гаршгүй хүнд сорилт тулгарахад ч дуулгавартай байсныхаа ачаар «төгс болгогдон» ирээдүйд Бурхнаас оноох үүргийг биелүүлэх буюу Хаан, Тэргүүн тахилч байх шаардлагыг бүрэн хангасан.

13. Дуулгавартай байж сурсан эсэх маань юунаас харагдах вэ?

13 Тэгвэл бид ямар бол? Бие, сэтгэлийн зовлон үзсэн ч Еховад дуулгавартай байх шийдвэр төгс байдаг уу? (1 Петр 1:6, 7-г уншина уу). Бурхан бидэнд ёс суртахуунтай, үнэнч шударга байх, үг хэлээ захирах, Библийг бие даан уншиж судлах, цуглаанд очих, дэлгэрүүлэх ажилд оролцох талаар тодорхой тушаал өгсөн (Иош. 1:8; Мат. 28:19, 20; Ефес 4:25, 28, 29; 5:3–5; Евр. 10:24, 25). Тэгвэл бид бэрхшээл тулгарахад ч тэр хууль тушаалыг нь дуулгавартай биелүүлдэг үү? Дуулгавартай байдаг бол сүнслэгээр төлөвшсөний бас нэг шинж юм.

Төлөвшихийн ач тус

14. Төлөвшилт рүү тэмүүлдэг хүн өөрийгөө хамгаалж чаддагийг жишээгээр хэлнэ үү.

14 Христиан хүн сайн мууг ялгах чадвараа Библийн зарчмаар хөгжүүлбэл ёс суртахууны асуудлаар «мэдрэмжгүй болсон» өнөөгийн ертөнцөд өөрийгөө хамгаалж чаддаг (Ефес 4:19). Нэг жишээ үзье. Жеймс гэдэг христиан эрэгтэй Библид үндэслэсэн хэвлэлийг тогтмол уншиж, өндөр үнэлдэг ажээ. Тэрбээр шинэ ажилд ортол хамт ажилладаг хүмүүс нь бүгд эмэгтэйчүүд байжээ. Жеймс: «Тэдний ихэнх нь ёс журамгүй хүмүүс гэдэг нь илт харагдаж байсан. Гэхдээ нэг нь овоо гайгүй хүн шиг санагдсан. Тэгээд ч Библи сонирхсон. Гэтэл нэг удаа ажлынхаа өрөөнд хоёулхнаа байж байтал тэр эмэгтэй эрээ цээргүй авирлаж эхлэв. Би эхэндээ түүнийг тоглож байна уу даа гэж бодсон. Гэвч түүнийг болиулахад их амаргүй байсан. Тэр үед би ажил дээрээ яг ийм байдалд орсон Гэрч эрэгтэйн тухай «Харуулын цамхаг»-аас уншсанаа санасан. Тэр өгүүлэлд Потифарын эхнэрээс зугтсан Иосефын жишээг бичсэн байсан юм. * Би тэр даруй түүнийг түлхэж холдуулсанд тэр яваад өгсөн» гэж ярьжээ (Эх. 39:7–12). Энэ явдал үүгээр дуусаж, мөс чанар цэвэр үлдсэндээ Жеймс их баярладаг ажээ (1 Тим. 1:5).

15. Төлөвшихийн хэрээр бэлгэдлийн зүрх тэнхэрдэг гэж үзэхийн учир юу вэ?

15 Төлөвшихийн хэрээр бэлгэдлийн зүрх тэнхэрч, бид «янз бүрийн, хачин жигтэй сургаалуудад» татагдахаас сэргийлж сурдаг. Энэ нь бас нэг ач тус юм (Еврей 13:9-ийг уншина уу). Сүнслэгээр өсөхийг хичээх тусам ухаан санаа маань «илүү чухал юманд» төвлөрдөг (Флп. 1:9, 10, ШЕ). Үүний ачаар Бурханд болон бидний сайн сайхны төлөө хийдэг бүхэнд нь талархах сэтгэл улам нэмэгддэг (Ром 3:24). «Ухаанаараа төлөвшсөн хүн» ийнхүү Еховад улам бүр талархаж, илүү дотнын харьцаатай болдог (1 Кор. 14:20).

16. Нэг христиан эмэгтэй юуны ачаар Еховаг гэсэн «сэтгэлээ бат болгосон» бэ?

16 Луйз гэдэг христиан эмэгтэй баптисм хүртсэнийхээ дараа хэсэг хугацаанд хүнд яаж харагдах бол гэж л бодож явдаг байснаа хэлжээ. Тэрбээр: «Уг нь би ямар ч буруу юм хийгээгүй боловч Еховад үйлчлэх чин хүсэл надад төрдөггүй байлаа. Би байгаа бүхнээ Еховад өгсөн гэж нүүр улайхгүй хэлье гэвэл өөрийгөө их өөрчлөх хэрэгтэй юм байна гэдгээ ухаарсан юм. Хамгийн гол нь, би Бурхныг бүх зүрх сэтгэлээрээ шүтдэг болох ёстой байсан» гэж хэлжээ. Луйз их хичээж мэрийн Еховаг гэсэн «сэтгэлээ бат болгож» чадсаныхаа ачаар хожим нь хүнд өвчин туссан ч сэтгэлээр унаагүй ажээ (Иак. 5:8, МАБ). Тэрбээр: «Үнэхээр амаргүй байсан. Гэхдээ Еховатай илүү дотно харьцаатай болсон» гэж хэлжээ.

«Зүрхнээсээ дуулгавартай бологтун»

17. Дуулгавартай байх нь нэгдүгээр зууны христиануудад ямар учраас амин чухал байсан бэ?

17 Паулын «төлөвшилт рүү тэмүүлэх» зөвлөгөө нь Иерусалим болон Иудейд байсан нэгдүгээр зууны христиануудын амийг аварсан чухал зөвлөгөө байсан. Паулын зөвлөгөөг хэрэгжүүлсэн хэрсүү христианууд «уул руу зугтаах» цаг болсныг мэдэгдэх Есүсийн хэлсэн шинж тэмдгийг ухаарч чадсан юм. Тэд «хоосролын бузар юм ариун газар байхыг», өөрөөр хэлбэл, Ромын арми Иерусалимыг бүсэлж аваад, хот руу нэвтрэхийг ажиглаад хотоос зугтаах цаг болсныг ойлгосон (Мат. 24:15, 16). Христианууд Есүсийн сэрэмжлүүлснээр, сүйрэхээс нь өмнө Иерусалимаас явсан бөгөөд христ шашны түүхч Евсевийн тэмдэглэснээр, Гилеадын уулархаг нутгийн Пелла хотод суурьшжээ. Ийнхүү тэд Иерусалимд тохиолдсон, түүхэнд тэмдэглэгдсэн хамгийн аймшигтай сүйрэлд өртөөгүй ажээ.

18, 19. а) Дуулгавартай байх нь өнөөдөр яагаад амин чухал бэ? б) Дараагийн өгүүллээр юуны тухай үзэх вэ?

18 Бид ч төлөвшилт рүү тэмүүлэн дуулгавартай байвал Есүсийн зөгнөл бүрэн биелж, хамгийн аймшигтай «агуу их гай гамшиг» болоход амь аврагдана (Мат. 24:21). Ирээдүйд «итгэмжит нярвыг» гэнэт заавар өглөө гэхэд бид дуулгавартай дагаж чадах болов уу? (Лук 12:42). Тэгэхлээр, одооноос «зүрхнээсээ дуулгавартай» байж сурах нь амин чухал байгаа биз? (Ром 6:17).

19 Төлөвшихийн тулд сайн мууг ялгах чадвараа хөгжүүлэх шаардлагатай. Үүний тулд хичээл зүтгэл гарган Бурхны Үгэнд гаршиж, дуулгавартай байж сурах хэрэгтэй. Төлөвшсөн христиан болох нь, ялангуяа, залууст их амаргүй байдаг. Ийм амаргүй давааг хэрхэн амжилттай даван туулж болохыг дараагийн өгүүллээр ярилцъя.

[Зүүлт]

^ Зарим нэрийг өөрчлөв.

^ «Харуулын цамхаг» сэтгүүлийн 1999 оны 10 дугаар сарын 1-ний дугаараас «Буруу юм хийхээс зайлсхийх хүч авах нь» гэдэг өгүүллийг үзнэ үү (англи).

Давтах асуулт

• Сүнслэгээр төлөвших гэж яахыг хэлдэг вэ? Яаж төлөвших вэ?

• Бурхны Үгэнд гарших нь төлөвшилт рүү тэмүүлэхтэй ямар холбоотой вэ?

• Яавал дуулгавартай байж сурах вэ?

• Төлөвших нь ямар ямар ач тустай вэ?

[Догол мөрийн асуулт]

[10-р хуудасны зураг]

Төлөвшсөн христиан Библийн зөвлөгөөг хэрэгжүүлэн бэрхшээлийг давдаг

[12, 13-р хуудасны зураг]

Нэгдүгээр зууны христианууд Есүсийн зөвлөгөөг дагасныхаа ачаар аврагдсан