Skip to content

Гарчиг руу орох

«Христийг» дагахын учир

«Христийг» дагахын учир

«Христийг» дагахын учир

«Хэрэв хэн нэгэн Миний араас явахыг хүсвэл, тэр хүн өөрийгөө үгүйсгэж, өдөр бүр ... Намайг дага» (ЛУК 9:23).

1, 2. «Христийг» дагахын учрыг эргэцүүлэн бодох нь яагаад чухал бэ?

 ЕХОВА дэлхий дэх үйлчлэгчидтэй нь нэгдэн, Библийг эхлэн судалж буй хүмүүс болон хүүхэд залуус та бүхэнд их баярладаг. Библи судалж, цуглаанд тогтмол очин, Бурхны Үгийн тухай мэдлэгээ гүнзгийрүүлж байгаа та бүхэн Есүсийн: «Хэрэв хэн нэгэн Миний араас явахыг хүсвэл, тэр хүн өөрийгөө үгүйсгэж, өдөр бүр загалмайгаа үүрч Намайг дага» хэмээн уриалсныг нухацтай бодож үзэх учиртай (Лук 9:23). Та өөрөө л хүсэхгүй бол өөрийгөө үгүйсгэж, дагалдагч нь болж чадахгүйг Есүс хэлжээ. Тиймээс «Христийг» дагахын учрыг эргэцүүлэн бодох нь чухал юм (Мат. 16:13–16).

2 Тэгвэл Есүс Христийн мөрөөр нэгэнт явдаг болсон хүмүүс яах хэрэгтэй вэ? Христийг «улам илүү» дагадаг болохыг Библи уриалдаг (1 Тес. 4:1, 2). Жинхэнэ шашныг шүтдэг болоод удсан ч бай, үгүй ч бай, Христийг дагахын учрыг эргэцүүлэн боддог бол Паулын уриалснаар Христийг өдөр бүр улам илүү дагадаг болно. Христийг дагахын таван шалтгааныг авч үзье.

Еховатай улам дотносохын тулд

3. Еховаг мэдэх ямар хоёр арга байдаг вэ?

3 Элч Паул «Арейпагийн дунд зогсоод», афинчуудад хандан: «Бурхан товлосон цаг хугацаа болон [хүний] нутаглах хил хязгаарыг тогтоосон нь хүн Бурхныг эрж хайх ёстойн учир агаад Тэр бид бүхний хэнээс нь ч холгүй хэдий ч хүмүүс Түүнд хүрч, Түүнийг олоосой хэмээсэнд болой» гэж хэлжээ (Үйлс 17:22, 26, 27). Бурхныг эрж хайвал «олох» буюу танин мэдэж болдог. Тухайлбал, бидний эргэн тойронд байгаа бүх бүтээл Бурхны зан чанар, ур чадварыг илтгэн харуулдаг. Бүтээлийг нь эргэцүүлэн бодвол Бүтээгчийнхээ талаар ихийг мэдэж авна (Ром 1:20). Түүнээс гадна, Ехова Үг буюу Библиэр өөрийнхөө тухай бүр тодорхой хэлж өгдөг (2 Тим. 3:16, 17). Еховагийн «бүх ажлыг тунгаан», «үйлсийг [нь] шимтэн бодохын» хэрээр сайн мэддэг болно (Дуу. 77:12).

4. Христийг дагавал Еховатай улам дотносно гэхийн учир юу вэ?

4 Еховаг танин мэдэх бас нэг сайн арга бол Христийг дагах юм. «Ертөнцийг бүтээхээс өмнө» Эцгийнхээ дэргэд байсан Есүсийн тухай бодож үзье (Иох. 17:5). Тэрбээр «Бурхны бүтээлийн Анхдагч» билээ (Илч. 3:14). «Бүх бүтээлийн Ууган» Есүс тоо томшгүй олон жилийг Эцэг Еховатайгаа хамт тэнгэрт өнгөрүүлжээ. Хүн болохоосоо өмнө Төгс хүчит Бурхантай баяр хөөртэй хамтран ажиллаж, хамгийн дотнын нөхөр нь болжээ. Эцгийнхээ үйл хэрэг, үзэл бодол, зан чанарыг ажиглаад зогсохгүй тэр бүхнийг өөртөө шингээж, Эцгээ дуурайжээ. Ийнхүү дуулгавартай Хүү нь Эцэгтэйгээ яг адилхан болжээ. Тийм ч учраас Библид Есүсийг «үл үзэгдэгч Бурхны дүр» гэсэн байдаг (Кол. 1:15). Тэгэхлээр бид Христийг дагахын хэрээр Еховатай улам дотносно гэсэн үг.

Еховаг илүү сайн дуурайхын тулд

5. Еховаг илүү сайн дуурайя гэвэл яах хэрэгтэй вэ? Яагаад?

5 Бурхан хүнийг «өөрийнхөө дүр төрхийн дагуу өөртэйгөө адилхан» бүтээсэн учир хүн зан чанарыг нь тусган харуулах чадвартай (Эх. 1:26). Элч Паул христиануудад: «Хайрлагдсан хүүхдүүд адил Бурхныг дуурайгчид болцгоо» гэж уриалсан (Ефес 5:1). Тэнгэрийн Эцгээ дуурайхын тулд Христийг дагах хэрэгтэй. Учир нь Есүс дэлхийд байхдаа Бурхны үзэл бодол, сэтгэл мэдрэмж, зан чанарыг хэнээс ч илүү тусган харуулж, зааж сургасан. Тэрбээр Еховагийн нэрийг тунхаглаад зогсохгүй яг ямар Бурхан болохыг нь илчилсэн (Матай 11:27-г уншина уу). Есүсийн үг яриа, үйл хэрэг, сургаал номлол, үлгэр жишээнээс энэ бүхнийг мэдэж болно.

6. Есүсийн сургаалаас Еховагийн юуг мэдэж болох вэ?

6 Бурхан үйлчлэгчдэдээ ямар шаардлага тавьж, яаж ханддагийг Есүсийн сургаалаас мэдэж болдог (Мат. 22:36–40; Лук 12:6, 7; 15:4–7). Жишээ нь, Есүс Арван тушаалын нэгийг иш татан: «Завхайрч болохгүй» гэснийхээ дараа «Эмэгтэй хүнийг тачаадан харах хүн бүр зүрхэндээ түүнтэй хэдийнээ завхайрсан хэрэг юм» хэмээсэн нь Бурхан хүний үйлдлийг төдийгүй зүрхийг нь ч бүр өмнөөс харж байдгийг хэлж, Бурхны үзэл бодлыг тайлбарласан хэрэг байв (Ег. 20:14; Мат. 5:27, 28). Бас Мосегийн хуулийн нэг заалтыг фарисайчууд өөрчлөн: «Хөршөө хайрла, дайснаа үзэн яд» хэмээснийг нь дурдаад «Дайснуудаа хайрла, та нарыг хавчдаг хүмүүсийн төлөө залбир» гэж Бурхны үзлээр сургажээ (Мат. 5:43, 44; Ег. 23:4; Лев. 19:18). Бид Бурхны үзэл бодол, сэтгэл мэдрэмжийг сайн ойлгодог бол илүү сайн дуурайж чадна.

7, 8. Есүсийн жишээнээс Еховагийн юуг мэдэж болох вэ?

7 Есүс бас Эцгийнхээ зан чанарыг тусган харуулсан. Есүс зовж зүдэрсэн хүмүүсийг өрөвдөн, энэрэнгүй сэтгэл гаргасныг, хүүхэд багачуудыг тээршээсэн шавь нараа зэмлэснийг нь Евангелийн номуудаас уншихад Ехова ч бас ингэх л байж дээ гэж бодогддог (Марк 1:40–42; 10:13, 14; Иох. 11:32–35). Бурхны гол чанаруудыг ч үйл хэргээрээ харуулсныг нь бодож үзье. Христ олон гайхамшиг үйлдсэнийг бодохлоор хэр их хүчтэй нь харагддаг шүү дээ. Гэвч тэр их хүчээ амин хувийн хүслээ биелүүлэх юм уу бусдыг хорлох гэж гаргасан удаагүй (Лук 4:1–4). Бас шунахай худалдаачдыг сүмээс хөөж байсныг нь бодохлоор хэчнээн шударга хүн байсан нь харагддаг (Марк 11:15–17; Иох. 2:13–16). Сургаал номлол нь, сэтгэлд хоногшим уран цэцэн үг нь түүнийг мэргэн ухаанаараа «Соломоноос аугаа Нэгэн» гэдгийг баталдаг (Мат. 12:42). Бусдын төлөө амиа зориулсан тэр хайрыг нь «агуу хайр» гэхээс өөр юу гэх билээ! (Иох. 15:13).

8 Хүү Эцгээ үг яриа, үйл хэргээрээ төгс дуурайсан учир «Намайг харсан хүн Эцгийг харсан» гэж хэлэх эрхтэй байсан (Иохан 14:9–11-ийг уншина уу). Тэгэхлээр, Христийг дагана гэдэг Еховаг дуурайна гэсэн үг юм.

Есүс бол Тослогдсон Нэгэн

9. Есүс хэзээ, хэрхэн Тослогдсон Нэгэн болсон бэ?

9 МЭ 29 оны намар 30 настай Есүс Баптисм хүртээгч Иохан дээр иржээ. «Есүс баптисм хүртээд, голын уснаас тэр даруй гарах үед тэнгэр заагдаж, Бурхны Сүнс тагтаа лугаа адил бууж, Түүн дээр ирэхийг тэр харав». Ийнхүү тэрбээр Христ буюу Мессиа болсон. Тэр үед Ехова өөрөө: «Энэ бол Миний хайрт Хүү. Түүнд Миний таалал оршдог» хэмээн Есүсийг Тослогдсон Нэгэн мөн болохыг мэдэгдсэн (Мат. 3:13–17). Тиймээс Христийг дагахгүй байхын аргагүй.

10, 11. а) «Христ» гэдэг цолыг Есүсийн тухайд хэрхэн хэрэглэдэг вэ? б) Есүс Христийг заавал дагах ёстойн учир юу вэ?

10 Библид «Христ» гэдэг цолыг Есүсийн тухайд «Есүс Христ», «Христ Есүс», «Христ» гэх мэтээр хэрэглэдэг. «Есүс Христ» гэдэг хэлбэрийг Есүс өөрөө анх хэрэглэжээ. Тэрбээр Эцэгтээ залбирахдаа: «Цорын ганц үнэн Бурхан Таныг болон Таны илгээсэн Есүс Христийг мэдэх нь мөнхийн амь мөн» хэмээсэн (Иох. 17:3). Нэрийнх нь дараа цолыг нь хэлдэг уг хэлбэр Бурхны томилолтоор дэлхийд ирсэн Бурхны тосолсон Нэгэн гэдгийг нь тодотгодог. Харин эхлээд цолыг нь, дараа нь нэрийг нь хэлдэг, «Христ Есүс» гэдэг хэлбэр нь чухам хэн бэ гэдгээс нь илүүгээр ямар байр суурь эзэлж, ямар эрх мэдэл эдэлдгийг нь онцолдог (2 Кор. 4:5). «Христ» гэдэг цолыг дангаар нь хэрэглэх нь Мессиагийн эрх мэдлийг нь онцлох бас нэг хэлбэр юм (Үйлс 5:42).

11 «Христ» гэдэг цолыг Есүсийн тухайд яаж ч хэрэглэсэн, гол зорилгыг нь санах хэрэгтэй. Бурхны Хүү хэдийгээр хүн болон дэлхийд ирж, Эцгийнхээ хүсэл тааллыг мэдэгдсэн боловч энгийн нэг хүн, жирийн нэг зөнч биш байв. Тэрбээр Тослогдсон Нэгэн байсан. Тэгэхлээр, бид Бурхны тосолсон Нэгнийг заавал дагах ёстой.

Есүс бол авралд хүргэх цорын ганц зам

12. Есүс элч Томаст ямар чухал үг хэлсэн бэ?

12 Мессиаг дагах бас нэг чухал шалтгааныг үхэхээсээ хэдхэн цагийн өмнө үнэнч элч нартаа хэлсэн үгнээс нь мэдэж болно. Есүс шавь нартаа орон байр бэлдэхээр явах тухайгаа хэлэхэд нь Томас нэг асуулт тавьдаг. Тэгэхэд нь Есүс: «Би бол зам, үнэн, амь мөн. Хэн ч Надаар дамжилгүйгээр Эцэгт хүрэхгүй» гэж хэлдэг (Иох. 14:1–6). Тэрбээр энэ үгээ 11 үнэнч элчдээ хэлсэн. Тэнгэрийн орон байр амласан энэ үг нь дэлхийд мөнх амьдрах найдвар өвөрлөдөг хүмүүст ч ач холбогдолтой (Илч. 7:9, 10; 21:1–4). Ингэж хэлэхийн учир юу вэ?

13. Есүсийг «зам» гэхийн учир юу вэ?

13 Есүс Христ бол «зам» мөн. Өөрөөр хэлбэл, хүн гагцхүү Есүсээр дамжин Бурхантай харьцаа тогтоох боломжтой. Бид бас Есүсийн нэрээр залбирах ёстой бөгөөд хүсэлд нь нийцдэг юуг ч гуйсан тэнгэрийн Эцэг маань өгнө гэдэгт итгэдэг (Иох. 15:16). Гэхдээ Есүсийг «зам» гэдэг нь илүү гүнзгий утгатай. Хүн төрөлхтөн нүглийн гайгаар Бурхнаас хөндийрсөн (Ис. 59:2). Харин Есүс тэр нүгэлтэй хүмүүсийн төлөө «амиа ... золиос болгон өгсөн» (Мат. 20:28). Тиймээс «Есүсийн цус биднийг бүх нүглээс цэвэрлэдэг» гэж Библид бичсэн байдаг (1 Иох. 1:7). Ийнхүү Бурхантай эвлэрэх замыг бидэнд нээсэн (Ром 5:8–10). Есүст итгэж, дуулгавартай байвал Бурхантай дотно харьцаа тогтоох боломжтой (Иох. 3:36).

14. Есүсийг «үнэн» гэдэг нь юу гэсэн үг вэ?

14 Есүсийг «үнэн» гэдэг нь тэрбээр үнэнийг ярьж, үнэний дагуу амьдарч байсантай нь төдийгүй Мессиагийн тухай бүх зөгнөл түүн дээр биелсэнтэй холбоотой юм. Элч Паул: «Бурхны бүх амлалт Түүний дотор „За“ гэдэг» хэмээн бичжээ (2 Кор. 1:20). Мосегийн хуульд тусгасан «ирэх сайн юмсын ... сүүдэр» ч Христ Есүсийн дотор биеллээ олсон юм (Евр. 10:1; Кол. 2:17). Есүс бүх зөгнөлийн цөм бөгөөд зөгнөлүүд ч Бурхны санаа зорилгод Есүс гол үүрэг гүйцэтгэхийг харуулдаг (Үйлс 10:43). Хүн төрөлхтний талаарх Бурхны санаа зорилго биелэхийг үзье гэвэл Мессиаг дагах хэрэгтэй.

15. Есүс бол «амь» гэдэг нь ямар учиртай вэ?

15 Есүс бол «амь» юм. Учир нь тэрбээр хүн төрөлхтнийг амиараа зольж авсан бөгөөд Бурхан «бидний Эзэн Христ Есүс дотор» мөнх амийг бэлэг болгон өгнө (Ром 6:23). Есүс нас барсан хүмүүсийн хувьд ч «амь» юм (Иох. 5:28, 29). Түүнээс гадна, Мянган жилийн засаглалынхаа үед Тэргүүн тахилчийн үүрэг гүйцэтгэн, дэлхий дэх харьяат албатуудаа нүгэл болон үхлээс бүрмөсөн чөлөөлнө гээд бод доо! (Евр. 9:11, 12, 28).

16. Есүсийг дагахын учир юу вэ?

16 Тэгэхлээр, Есүсийн Томаст хэлсэн үг бидэнд ч их ач холбогдолтой байгаа биз? Есүс бол зам, үнэн, амь гарцаагүй мөн. Бурхан Есүсээр дамжуулан ертөнцийг аврахын тулд түүнийг ертөнц рүү илгээсэн (Иох. 3:17). Есүсээр дамжихгүй л бол хэн ч Эцэгт хүрэхгүй. Библид: «Өөр хэний ч дотор аврал үгүй. Учир нь бид аврагдаж болох өөр нэр тэнгэрийн доор хүмүүст өгөгдсөнгүй» гэж тодорхой бичжээ (Үйлс 4:12). Тэгэхлээр, урьд нь юунд итгэж явсан маань чухал бус, одоо Есүст итгэж, түүнийг дагах нь чухал болоод байна. Ингэвэл амьтай болно (Иох. 20:31).

Бид Христийг сонсох тушаалтай

17. Бурхны Хүүг сонсох нь яагаад чухал бэ?

17 Петр, Иохан, Иаков нар Есүсийн хувирч өөрчлөгдөхийг үзэхдээ тэнгэрээс: «Энэ бол Миний Хүү, Миний сонгосон Нэгэн мөн. Түүнийг сонсогтун» гэх дуу гарахыг сонсжээ (Лук 9:28, 29, 35). Мессиаг сонсох тушаалыг дуулгавартай биелүүлэх нь амин чухал юм (Үйлс 3:22, 23-ыг уншина уу).

18. Есүс Христийг яаж сонсох хэрэгтэй вэ?

18 Есүсийг сонсохын тулд үлгэр жишээг нь сэтгэлдээ тод санаж, түүн рүү «хараагаа чиглүүлэх» хэрэгтэй (Евр. 12:2, 3). Үүний тулд Есүсийн тухай Библи болон «итгэмжит, ухаалаг боолын» бэлтгэдэг хэвлэлээс уншихдаа ч, цуглаан дээр сонсохдоо ч «онцгой анхаарал хандуулах» нь зүйтэй (Евр. 2:1; Мат. 24:45). Бүгдээрээ Хоньчин Есүсийг чих тавин сонсож, дуртайяа дагацгаая! (Иох. 10:27).

19. Яавал Христийг өдөр бүр дагаж чадах вэ?

19 Тэгвэл бид бэрхшээл тулгарахад ч Христийг өдөр бүр үнэхээр дагаж чадах болов уу? «Христ Есүст итгэх итгэл ба хайр дотор» мэдлэгээ хэрэглэн, «эрүүл үгсийн жишээгээр» амьдардаг бол Христийг дагаж чадна (2 Тим. 1:13).

Давтах асуулт

• «Христийг» дагах нь Еховатай улам дотно болоход тустай гэхийн учир юу вэ?

• Есүсийг дуурайвал Еховаг дуурайна гэхийн учир юу вэ?

• Есүс бол «зам, үнэн, амь» гэж юу гэсэн үг вэ?

• Бид ямар учраас Еховагийн тосолсон Нэгнийг сонсох ёстой вэ?

[Догол мөрийн асуулт]

[29-р хуудасны зураг]

Есүсийн сургаал Еховагийн үзэл бодлыг тусган харуулсан

[30-р хуудасны зураг]

Бид Еховагийн тосолсон Нэгнийг үнэнчээр дагах ёстой

[32-р хуудасны зураг]

Ехова: «Энэ бол Миний Хүү ... Түүнийг сонсогтун» гэж тушаасан