Skip to content

Гарчиг руу орох

Еховагийн өргөөний төлөө зүтгэлтэй байгтун!

Еховагийн өргөөний төлөө зүтгэлтэй байгтун!

Еховагийн өргөөний төлөө зүтгэлтэй байгтун!

«Таны гэрийн төлөөх зүтгэл Намайг залгих болно» (ИОХ. 2:17).

1, 2. МЭ 30 онд Есүс сүмд ирээд юу хийсэн бэ? Яагаад тэгсэн бэ?

 МЭ 30 оны Дээгүүр өнгөрөх баяр болох гэж байв. Зургаан сарын өмнөөс дэлхий дэх үйл хэргээ эхэлсэн Есүс Иерусалим руу явав. Тэрбээр сүмд ирээд Харь үндэстнүүдийн хашаанд «үхэр, хонь, тагтаа худалдаалагчид, мөн мөнгө солигчдын сууж байхыг харжээ». Тэгээд дээсээр шилбүүр хийж, хонь, үхэр бүгдийг нь сүмээс туун гаргахад худалдаачид ч малынхаа хойноос явсан байх. Бас мөнгө солигчдын зооснуудыг тараан хаяж ширээг нь хөмрүүлээд, тагтаа худалдаж байсан хүмүүст эд бараагаа авч явахыг тушаав (Иох. 2:13–16).

2 Энэ бүхэн Есүсийг сүмийн төлөө сэтгэл гаргадаг байсныг нь харуулдаг. Тэрбээр: «Миний Эцгийн гэрийг наймааны газар болгохоо зогсоо» гэж хэлсэн. Энэ явдлыг үзсэн шавь нар нь олон зууны өмнө дуулалч Давид: «Таны өргөөний төлөөх зүтгэл намайг залгих болно» хэмээн бичсэнийг санацгаажээ (Иох. 2:16, 17; Дуу. 69:9).

3. а) Зүтгэх гэж юу гэсэн үг вэ? б) Өөртөө ямар асуулт тавих нь зүйтэй вэ?

3 Тэгэхлээр, Есүс Бурхны өргөөний төлөө зүтгэлтэй хүн байжээ. Зүтгэх гэдэг үгийг «ажилд их хичээн, сэтгэл хүчээ зориулах» гэж тайлбарласан байдаг. Эдүгээ XXI зуунд долоон сая гаруй христиан Бурхны өргөөний төлөө зүтгэл гаргадаг. Бид дор бүрнээ: «Би Еховагийн өргөөний төлөө илүү их зүтгэл гаргахын тулд яах хэрэгтэй вэ?» гэж өөрөөсөө асуух нь зүйтэй. Энэ асуултад хариулахаасаа өмнө өнөөдрийн хувьд Бурхны өргөө гэж юу болохыг ярилцъя. Дараа нь Бурхны өргөөний төлөө хичээл зүтгэл гаргасан эртний үнэнч хүмүүсийн жишээг үзье. «Биднийг сургахын тулд бичигдсэн» тэдний үлгэр жишээ илүү их зүтгэл гаргах хүсэл сэтгэл төрүүлнэ (Ром 15:4).

Эрт болон эдүгээгийн Бурхны өргөө

4. Соломоны барьсан сүм ямар үүрэгтэй байсан бэ?

4 Эрт цагт Иерусалимд байсан сүмийг Бурхны өргөө гэдэг байв. Гэхдээ тэр сүмд Ехова амьдарч байгаагүй нь ойлгомжтой. Ехова: «Тэнгэр бол Миний сэнтий, газар бол Миний хөлийн гишгүүр билээ. Тэгээд та нар Надад хаана нь өргөө барих юм бэ? Хаана Миний амрах газар байгаа юм бэ?» гэж хэлсэн байдаг (Ис. 66:1). Гэвч Соломоны барьсан сүм Еховаг шүтэх шүтлэгийн төв байсан бөгөөд сүсэгтнүүд тэр сүмд ирж залбирдаг байжээ (Х.дээд 8:27–30).

5. Соломоны сүм юуг бэлгэддэг байсан бэ?

5 Өнөөдрийн Еховагийн өргөөг Иерусалим юм уу өөр хаа нэгтээ байдаг байшин барилга төдийхнөөр ойлгож болохгүй. Харин энэ нь Христийн золих тахилд үндэслэсэн, Еховаг шүтэхэд зориулсан арга хэмжээ юм. Бурхны дэлхий дэх үнэнч үйлчлэгчид энэ сүнслэг сүмд нэгдэн Еховаг шүтдэг (Ис. 60:4, 8, 13; Үйлс 17:24; Евр. 8:5; 9:24).

6. Жинхэнэ шүтлэгийн төлөө зүтгэл гаргасан Иудагийн хаадыг нэрлэнэ үү.

6 МЭӨ 997 онд Израилийн хаант улсыг хуваагдсанаас хойш өмнөд хаант улс буюу Иудаг захирч байсан 19 хааны 4 нь жинхэнэ шүтлэгийн төлөө ихээхэн хүчин зүтгэл гаргасан юм. Тэд бол Аса, Иехошафат, Хезекиа, Иосиа юм. Тэднээс юу сурч болох вэ?

Бүх зүрх сэтгэлээрээ шүтвэл ивээл хүртэнэ

7, 8. а) Ехова ямар шүтлэгийг ивээдэг вэ? б) Аса хаанаас ямар сургамж авч болох вэ?

7 Аса хааны үед Ехова ард түмнээ зөв замд удирдан чиглүүлэхийн тулд зөнчдийг явуулсан. Тухайлбал, Аса хаан, Одедын хүү эш үзүүлэгч Азариагийн үгийг хүлээж авсныг Библид бичсэн байдаг (Шастирын дэд 15:1–8-ыг уншина уу). Аса жинхэнэ шүтлэгийг сэргээсний ачаар Иудагийн ард түмэн эвсэн нэгдээд зогсохгүй Израилийн хаант улсаас олон хүн тэдэнтэй нэгдэхээр Иерусалимд ирсэн түүхтэй. Тэд хамтдаа Еховаг шүтэхээр сэтгэл шулуудан «чанга дуу, хашхирах дуу, бүрээ, эвэр бүрээтэйгээр ЭЗЭНд тангараг өргөжээ. Энэ тангаргаас болж бүх иудачууд баясан хөөрч байлаа. Учир нь тэд бүх зүрх сэтгэлээрээ тангараглаж, Түүнийг үнэхээр эрэлхийлсэн бөгөөд Тэр тэдэнд олдсон болой. ЭЗЭН тэдэнд бүх талд амралтыг өгөв» гэж Библид бичсэн байдаг (Ш.дэд 15:9–15). Еховаг бүх зүрх сэтгэлээрээ шүтвэл бид ч бас ивээл хүртэнэ (Марк 12:30).

8 Хожим нь Аса өөрийг нь зэмлэсэн үзмэрч Хананид уурлан зэвүүцэж тоогүй хэрэг хийсэн юм (Ш.дэд 16:7–10). Тэгвэл бид Еховаг христиан ахлагчдаар дамжуулан зөвлөгөө, заавар өгөхөд нь яадаг вэ? Библийн үндэстэй зөвлөгөөг дор нь хүлээж аван, уур хорслын урхинд оролгүй явж чаддаг бил үү?

9. Иехошафат болон Иудагийн ард түмэнд ямар аюул нүүрлэсэн бэ? Тэд яасан бэ?

9 МЭӨ X зууны үед Иудагийн хаан нь Иехошафат байв. Моабчууд, аммончууд болон Сеир уулынхан хүчээ нэгтгэн Иудаг довтлон ирэхэд Иехошафат хаан болон ард түмэнд аюул нүүрлэв. Хаан ихэд сүрджээ. Гэхдээ улсынхаа бүх эрчүүдийг эхнэр хүүхдүүдтэй нь хамт Еховагийн өргөөнд цуглуулж, залбирахаар болов (Шастирын дэд 20:3–6-г уншина уу). Сүмийг анх барьсан Соломон хааны Еховад хандан залбирсны дагуу Иехошафат: «Өө, бидний Бурхан, Та тэднийг шийтгэхгүй юм гэж үү? Учир нь бидний эсрэг ирж буй энэ асар их цэргийн өмнө бид сул дорой билээ. Бид юу хийхээ ч мэдэхгүй байна, харин бидний хараа Тан дээр байна» хэмээн чин сэтгэлээсээ залбирчээ (Ш.дэд 20:12, 13). Ийн залбиртал Ехова тэдний дунд байсан леви хүн Иахазиелыг ариун сүнсээрээ удирдан, ард олныг тайвшруулж, зоригжуулсан үг хэлүүлэв (Шастирын дэд 20:14–17-г уншина уу).

10. а) Иехошафат хаан болон Иудагийн ард түмэн хэнээс удирдлага заавар авсан бэ? б) Еховагийн удирдлагыг үнэлдгээ яаж харуулах вэ?

10 Тэр үед Ехова Иехошафат хаан болон Иудагийн ард түмэнд Иахазиелаар заавар өгүүлсэн шигээ өнөөдөр бидэнд итгэмжит, ухаалаг боолын ангиар заавар өгүүлж, сэтгэлийг маань тайвшруулдаг. Тиймээс бид сүргийг хариулдаг, «итгэмжит, ухаалаг боолын» зааврыг хэрэгжүүлэх гэж хичээнгүйлэн хөдөлмөрлөдөг ахлагчдыг хүндэтгэж, тэдэнтэй хамтран ажиллах нь зүйтэй (Мат. 24:45; 1 Тес. 5:12, 13).

11, 12. Бид Иехошафат болон Иудагийн ард олонд тохиолдсон явдлаас юу сурч болох вэ?

11 Иехошафат хаан болон Иудагийн ард түмэн Еховад залбирах гэж хамтдаа цугласан шиг итгэл нэгтнүүдийнхээ хамт тогтмол цуглаж байцгаая. Хүнд хэцүү бэрхшээл тулгарахад яахаа мэдэхгүй бол Иехошафат хаан болон Иудагийн ард олныг дуурайн, Еховад бүрэн дүүрэн найдаж залбирах нь зүйтэй (Сур. 3:5, 6; Флп. 4:6, 7). Итгэл нэгтнүүдтэйгээ нэг дор байх аргагүй байлаа гэхэд залбирлаараа «дэлхийд буй ах дүү нартайгаа» хамт байж чаддаг (1 Петр 5:9).

12 Иехошафат болон ард олон Иахазиелаар өгүүлсэн Бурхны зааврыг биелүүлсэн. Үүний ачаар тэд дайснаа даран, «Иерусалим руу баяр хөөртэйгөөр буцаж», «ЭЗЭНий өргөө рүү босоо ятга, ятга, бүрээн дуутай ирсэн юм» (Ш.дэд 20:27, 28). Бид ч бас Еховагийн итгэмжит боолоороо өгүүлдэг зааврыг нь хүндэтгэн хүлээн авч, ард түмэнтэй нь нэгдэн Бурхныг алдаршуулах нь зүйтэй.

Цугладаг газраа хайрлан хамгаалах нь

13. Хезекиа хаан болоод удалгүй ямар ажил эхлүүлсэн бэ?

13 Хезекиа хаан болсон эхний сардаа Еховагийн өргөөг дахин нээж, сэргээн засварлаж жинхэнэ шүтлэгийн төлөө зүтгэл гаргасан билээ. Тэрбээр тахилчид болон левичүүдээр Бурхны өргөөг цэвэрлүүлжээ. Энэ ажлыг тэд 16 хоногт амжуулжээ (Шастирын дэд 29:16–18-ыг уншина уу). Бид ч бас цугладаг газраа цэвэрлэх, засаж янзлах зэргээр жинхэнэ шүтлэгийн төлөө зүтгэл гаргадаг. Ийм ажлыг шамдан хийдэг итгэл нэгтнүүдийн маань хичээл зүтгэл хүмүүст онцгой сэтгэгдэл төрүүлдгийг та мэдэх биз ээ. Тийм ээ, хичээл зүтгэлтэй христианууд Еховаг алдаршуулдаг.

14, 15. Ямар ажил Еховаг алдаршуулдаг вэ? Жишээ хэлнэ үү.

14 Английн хойд зүгийн нэг хотын Гэрчүүд Хаанчлалын танхимаа засаж тохижуулахаар болоход хамар хашааны эрэгтэй эсэргүүцжээ. Гэхдээ Гэрчүүд тэр хүнд сайхан сэтгэл гаргажээ. Танхимыг өнөөх хүний гэрээс тусгаарлаж байсан хашааг зайлшгүй засах хэрэгтэй байсан тул Гэрчүүд хашааг нь үнэ хөлсгүйгээр засахаар болжээ. Тэд ажлаа сэтгэлээсээ хийн, хашааных нь ихэнхийг шинээр барьжээ. Энэ явдалд сэтгэл нь хөдөлсөн өнөөх хүн одоо танхимыг сайн дураараа харж хамгаалдаг болжээ.

15 Еховагийн ард түмэн дэлхий дахинд барилгын ажил хийдэг. Олон улсын барилгачин Гэрчүүд очсон газрынхаа сайн дурынхантай хамт Хаанчлалын болон чуулганы танхим, Бетелийн барилга барьдаг. Инженер мэргэжилтэй Саам гэдэг Гэрч, эхнэр Рутийнхээ хамт Европ, Африкийн нэлээд хэдэн оронд барилгын ажил хийжээ. Тэд хаана ч очсон, итгэл нэгтнүүдтэйгээ хамт идэвхтэй дэлгэрүүлдэг ажээ. Саам ийм барилгын ажилд оролцдог болсон тухайгаа: «Газар газрын Бетелд үйлчилж байсан хүмүүс их урам зориг өгсөн юм. Тэдний хичээл зүтгэл, баяр хөөрийг ажиглаад би ч гэсэн тэдэн шиг үйлчлэх юмсан гэж бодох болсон» гэж ярьжээ.

Бурхны зааврыг дагах нь

16, 17. Бурхны ард түмэн ямар тусгай ажилд оролцдог вэ? Ямар үр дүн гарч байгаа вэ?

16 Хезекиа сүмийг зассанаас гадна Еховагийн тушаасан ёсоор Дээгүүр өнгөрөх баярыг урьдынх шиг тэмдэглэдэг болсон (Шастирын дэд 30:1, 4, 5-ыг уншина уу). Хезекиа хаан болон Иерусалимын оршин суугчид улсынхаа бүх хүнийг төдийгүй хойд хаант улсын хүмүүсийг ч баярт урьжээ. Хааны зарлагууд урилга бүхий захидлыг улс орон даяар тараажээ (Ш.дэд 30:6–9).

17 Сүүлийн жилүүдэд бид ч гэсэн үүнтэй төстэй ажилд гар бие оролцож байгаа билээ. Бид Есүсийн тушааснаар Эзний оройн зоогийн арга хэмжээг тэмдэглэхдээ дэлгэрүүлэх хэсгийнхээ хүмүүсийг урьдаг (Лук 22:19, 20). Үйлчлэх цуглаанаар өгдөг заавар зөвлөгөөг хүлээн авч, урилга тараах ажилд хичээл зүтгэлтэй оролцдог биднийг Ехова арвин ихээр ивээж байгаа. Өнгөрсөн жил бид бараг 7 саяулаа урилга тарааж, нийтдээ 17 790 631 хүн Дурсах цуглаанд хүрэлцэн ирсэн!

18. Жинхэнэ шүтлэгийн төлөө зүтгэл гаргах нь таны хувьд ямар учраас чухал бэ?

18 Библид Хезекиагийн талаар: «Тэрээр Израилийн Бурхан болох ЭЗЭНд итгэж байв. Түүнээс өмнө ч, түүнээс хойш ч Иудагийн хаадын дотор түүн шиг хаан байгаагүй юм. Учир нь тэрээр ЭЗЭНээс зуурч байв. Тэрээр Түүнийг дагахаа болилгүй, харин ЭЗЭНий Мосед тушаасан тушаалуудыг сахижээ» гэж бичсэн байдаг (Х.дэд 18:5, 6). Бүгдээрээ Хезекиагийн жишээг дуурайцгаая! Бурхны өргөөний төлөө зүтгэл гаргах нь ирээдүйд мөнх амьтай болох найдвар өвөрлөн Еховагаас «зуурахад» тусална (Д.хууль 30:16).

Зааврыг даруй хүлээн авах нь

19. Христианууд Дурсах цуглааны үеэр юу юунд хичээл зүтгэл гаргадаг вэ?

19 Иосиа хаан ч гэсэн Дээгүүр өнгөрөх баярыг тэмдэглэх гэж сайтар бэлдэж байжээ (Х.дэд 23:21–23; Ш.дэд 35:1–19). Бид ч бас мужийн, дүүргийн чуулган, Дурсах цуглаан болон бусад тусгай арга хэмжээнд очих бэлтгэлээ сайн хангах хэрэгтэй. Зарим орны итгэл нэгтнүүд маань Христийн үхлийг дурсах цуглаанд очихын тулд бүр амь насаараа дэнчин тавьдаг. Ахлагчид хичээл зүтгэл гарган, хурлын гишүүн бүрд анхаарал тавьж, өндөр настай, өвчин хуучтай хүмүүсийг ч энэ чухал цуглаанд ирүүлэх арга хэмжээ авдаг.

20. а) Иосиа хааны үед юу болсон бэ? Иосиа яасан бэ? б) Энэ явдал ямар сургамжтай вэ?

20 Иосиа хааны санаачилгаар сүмийг засаж байх үед тэргүүн тахилч Хилкиа «Мосегоор дамжуулан өгсөн ЭЗЭНий хуулийн номыг олжээ». Хилкиа тэр номыг гүүш Шафанд өгсөнд тэрбээр уг номоос хаанд уншиж сонсгожээ (Шастирын дэд 34:14–18-ыг уншина уу). Тэгтэл хаан харамсан гашуудсандаа хувцсаа урж, яах ёстойгоо мэдэх гэж Еховагаас асуулгахаар болов. Бурхан Иудагийн ард түмний хийсэн хэргийг буруушааж байгаагаа эш үзүүлэгч эмэгтэй Хулдагаар хэлүүлжээ. Гэхдээ хиймэл шүтээн шүтэхийг болиулах гэж хичээж мэрийсэн Иосиа тааллыг нь олсон тул улс үндэстэнд нь тохиолдох гай гамшигт өртөхгүй гэдгийг нь бас мэдэгдсэн (Ш.дэд 34:19–28). Энэ явдал ямар сургамжтай вэ? Шашин шүтлэгээ тэрс үзэл, үнэнч бус явдлаар бузарлавал ямар аюулд хүргэдгийг ухаарч, Еховагийн зааврыг тэр даруй хэрэгжүүлсэн Иосиа шиг байх хэрэгтэй. Тэгвэл Ехова Иосиаг сайшаасан шигээ жинхэнэ шүтлэгийн төлөөх бидний зүтгэлийг таална гэдэгт итгэлтэй байж болно.

21, 22. а) Еховагийн өргөөний төлөө зүтгэлтэй байх хэрэгтэйн учир юу вэ? б) Дараагийн өгүүллээр юуны тухай үзэх вэ?

21 Аса Иехошафат Хезекиа Иосиа нарын Иудагийн дөрвөн хаан Бурхны өргөө болон жинхэнэ шүтлэгийн төлөө зүтгэл гаргахын сайхан жишээг бидэнд үлдээжээ. Тэднийг дуурайн зүтгэл гаргавал Еховад итгэж найдан, жинхэнэ шүтлэгийн төлөө биеэ дайчлах хүсэл төрнө. Бурхны зааврыг дагаж, христиан хурал болон хурлын ахлагчдын заавар зөвлөгөөг хэрэгжүүлбэл ухаалаг бөгөөд жаргалтай амьдарна.

22 Дараагийн өгүүлэл дэлгэрүүлэх ажилд яаж илүү их зүтгэл гаргаж болохыг тайлбарлана. Бас залуусын, халамжит Эцэгтээ хичээл зүтгэлтэй үйлчлэх урам зоригийг бадраах зорилготой. Мөн Сатаны тавьдаг хамгийн аюултай нэг урхинд орохгүй байхын тулд яах хэрэгтэйг ярилцана. Еховагийн энэ бүх сануулгыг зүтгэл гарган дагавал «Таны өргөөний төлөөх хичээл зүтгэл намайг залгисан» хэмээсэн Бурхны Хүү Есүсийн жишээг дуурайж чадна (Дуу. 69:9; 119:111, 129; 1 Петр 2:21).

Санаж байна уу?

• Яаж шүтвэл Ехова ивээдэг вэ? Яагаад?

• Еховад итгэж найддагаа хэрхэн харуулах вэ?

• Хичээл зүтгэлтэй хүн Бурхны зааврыг дагахыг хүсдэг гэж хэлэхийн учир юу вэ?

[Догол мөрийн асуулт]

[9-р хуудасны зураг]

Аса Иехошафат Хезекиа Иосиа нар Еховагийн өргөөний төлөө хэрхэн зүтгэл гаргасан бэ?