Skip to content

Гарчиг руу орох

Сайн үйлсийн төлөө зүтгэлтэй байгтун!

Сайн үйлсийн төлөө зүтгэлтэй байгтун!

Сайн үйлсийн төлөө зүтгэлтэй байгтун!

«[Есүс] Өөрийгөө бидний төлөө өгсөн нь биднийг алив ёс бус явдлаас золин, Өөртөө сайн үйлсийн төлөө зүтгэлтэй, тусгай ард түмнийг цэвэршүүлэхийн тулд юм» (ТИТ 2:14).

1. МЭ 33 оны нисан сарын 10-нд Есүс сүмд ирээд юу хийсэн бэ?

 МЭ 33 оны нисан сарын 10 болжээ. Хэдхэн хоноод Дээгүүр өнгөрөх баяр болох байв. Сүсэгтэн олон Иерусалимын сүм хавиар цуглан хөл хөөрцөг болж байлаа. Есүс сүмд ирээд яах бол? Евангелийн «Матай», «Марк», «Лук» номд бичсэнээр, Есүс тэнд юм худалдаж байсан болон худалдан авч байсан хүмүүсийг хоёр дахь удаагаа хөөжээ. Бас мөнгө сольдог хүмүүсийн ширээнүүд, тагтаа зарж байсан хүмүүсийн сандлуудыг нь хөмрүүлж унагаажээ (Мат. 21:12; Марк 11:15; Лук 19:45). Есүс гурван жилийн өмнө сүмийг бас ингэж цэвэрлэж байсан бөгөөд тэр үеийнх шигээ зүтгэлтэй байлаа (Иох. 2:13–17).

2, 3. Есүс сүмийг цэвэрлэхээс гадна өөр юу хийсэн нь хичээл зүтгэлийнх нь илрэл байсан бэ?

2 «Матай» номд бичсэнээр, Есүс зүтгэл гарган сүмийг цэвэрлээд зогсохгүй өөр рүү нь ирсэн сохор, доголон хүмүүсийг эдгээжээ (Мат. 21:14). «Лук» номд Есүсийн хийсэн бас нэг чухал ажлыг бичжээ. «Есүс өдөр бүр сүмд сургаалаа заадаг байлаа» (Лук 19:47; 20:1). Тэгэхлээр, Есүс дэлгэрүүлэх ажилд онцгой хичээл зүтгэл гаргаж байсан нь тодорхой байна.

3 Хожим нь элч Паул Титэд: «[Есүс] Өөрийгөө бидний төлөө өгсөн нь биднийг алив ёс бус явдлаас золин, Өөртөө сайн үйлсийн төлөө зүтгэлтэй, тусгай ард түмнийг цэвэршүүлэхийн тулд юм» гэж тайлбарлажээ (Тит 2:14). Тэгвэл бид «сайн үйлсийн төлөө зүтгэлтэй» байхын тулд яах хэрэгтэй вэ? Иудагийн хаадын үлгэр жишээг хэрхэн дуурайж болох вэ?

Дэлгэрүүлэх болон заах ажилд зүтгэлтэй байх нь

4, 5. Иудагийн дөрвөн хаан сайн үйлсийн төлөөх зүтгэлээ хэрхэн харуулсан бэ?

4 Иудагийн хаад болох Аса Иехошафат Хезекиа Иосиа нар хиймэл шүтээнийг үндсээр нь устгах зорилгоор улс орондоо кампанит ажил явуулж байсан. Тухайлбал, Аса «харийн тахилын ширээнүүд, мөргөлийн өндөрлөгүүдийг зайлуулан, онгон багануудыг нурааж, Ашерагийн модон шонг цавчин хаясан» (Ш.дэд 14:3). Иехошафат ч гэсэн жинхэнэ шүтлэгийн төлөө зүтгэл гарган, «Иудагийн мөргөлийн өндөрлөгүүд болон Ашерагийн модон шонг дахин зайлуулсан юм» (Ш.дэд 17:6; 19:3). *

5 Хезекиа хааны тушаалаар Дээгүүр өнгөрөх баярыг Иерусалим хотноо долоо хоног өргөн дэлгэр тэмдэглэсний дараа «тэнд байсан бүх израильчууд Иудагийн хотууд руу явж, бүх Иуда, Бениамин даяар болон Ефраим, Манассед буй багануудыг хэсэглэн буталж, Ашерагийн модон шонг цавчин, мөргөлийн өндөрлөгүүд болон тахилын ширээнүүдийг нураан, тэр бүгдийг устгаж дуусгав» (Ш.дэд 31:1). Иосиа наймхан насандаа хаан болсон билээ. Түүхэн баримтыг үзвэл, «хаанчлалынхаа найм дахь жилд, залуухан байхдаа тэрээр өвөг эцэг Давидынхаа Бурхныг эрэлхийлж эхлэв. Арван хоёр дахь жилд тэрээр Иуда болон Иерусалимыг мөргөлийн өндөрлөгүүд, Ашерагийн модон шон болон сийлмэл, цутгамал хөргүүдээс цэвэрлэж эхэлсэн» ажээ (Ш.дэд 34:3). Энэ дөрвөн хаан сайн үйлсийн төлөө үнэхээр хүчин зүтгэл гаргажээ.

6. Бидний дэлгэрүүлэх ажлыг Иудагийн үнэнч хаадын явуулсан кампанит ажилтай зүйрлэж болохын учир юу вэ?

6 Өнөөдөр бид ч гэсэн хүмүүсийг хуурамч шашны сургаал, ялангуяа, хиймэл шүтээн шүтэх зан үйлээс ангижрахад нь туслах зорилготой кампанит ажилд оролцдог. Айлаар дэлгэрүүлэхэд янз янзын хүмүүс тааралддаг (1 Тим. 2:4). Нэг жишээ үзье. Азид амьдардаг нэг охин ээжийгээ гэрийнхээ олон шүтээний өмнө олон янзын зан үйл үйлдэхийг ажигладаг байжээ. Охин тэр бүх шүтээнийг жинхэнэ Бурхан байж таарахгүй гэж боддог байсан учир жинхэнэ Бурхныг мэддэг болохсон гэж залбирдаг байж. Нэгэн өдөр хаалгыг нь тогшсон хүмүүст үүдээ нээтэл хоёр Гэрч эмэгтэй зогсож байжээ. Охин тэднээс жинхэнэ Бурхны нэрийг Ехова гэдгийг, бас хиймэл шүтээний талаарх Библийн сургаалыг мэдээд их баярлажээ. Одоо тэрбээр бусад хүнд үнэнийг мэдэхэд нь туслахын тулд хичээл зүтгэлтэй дэлгэрүүлдэг болсон байна (Дуу. 83:18, ШЕ; 115:4–8; 1 Иох. 5:21).

7. Иехошафат хааны үед улс даяар явж Бурхны хуулийг заасан хүмүүсийг хэрхэн дуурайж болох вэ?

7 Бид айлаар дэлгэрүүлэхдээ хэсгээ хэр зэрэг сайн боловсруулдаг вэ? Сонирхолтой нь, Иехошафат хаанчлалынхаа гурав дахь жилд таван түшмэл, есөн леви, хоёр тахилчийг улсынхаа бүх хотоор явуулж, Еховагийн хуулийг заалгаж байжээ. Тэдний явуулсан кампанит ажил их үр дүнд хүрч, хөрш зэргэлдээх үндэстнүүд хүртэл Еховагаас айдаг болжээ (Шастирын дэд 17:9, 10-ыг уншина уу). Бид өөр өөр өдөр, өөр өөр цагт дэлгэрүүлбэл нэг айлын хэд хэдэн хүнтэй уулзаж болох юм.

8. Дэлгэрүүлэх ажлаа хэрхэн өргөжүүлж болох вэ?

8 Орчин үед Бурханд хичээл зүтгэлтэй үйлчилдэг олон хүн гэр орноо орхиж, дэлгэрүүлэгч хэрэгцээтэй нутаг руу нүүдэг болжээ. Танд тийм боломж бий юү? Нүүх боломжгүй бол нутагт тань байгаа гадаадын хүмүүст дэлгэрүүлэх арга зам хайж болно шүү дээ. Жишээ нь, 81 настай Рон гэдэг христиан дэлгэрүүлэх хэсэгтээ олон үндэстний хүмүүстэй тааралддаг учир 32 хэлээр мэндэлж сурчээ! Тэрбээр саяхан нэгэн африк хостой таарч, тэдний эх хэл болох ёруба хэлээр мэндэлжээ. Тэгтэл тэд Роныг Африкт очиж байсан эсэхийг асууж, үгүй гэж хэлэхэд нь ихэд гайхан, ёруба хэлийг яаж сурсныг нь асуужээ. Энэ нь Роны хувьд дэлгэрүүлэх сайхан боломж болжээ. Тэд сэтгүүл авч, гэрийнхээ хаягийг өгсөн байна. Рон тэднийг Библийн хичээл хийх байх гэж найдан, гэрийнх нь ойролцоох хуралд хаягийг нь өгчээ.

9. Дэлгэрүүлэхдээ Библиэс унших нь яагаад чухал бэ? Жишээ хэлнэ үү.

9 Иехошафатын илгээлтээр улс даяар явж заах ажил хийсэн хүмүүс Еховагийн «хуулийн номыг» авч явсан. Дэлхийн өнцөг булан бүрд Еховагийн Гэрчүүд бид ч Библийг сургалтын ажлынхаа үндэс болгодог. Учир нь Библи бол Бурхны Үг билээ. Тиймээс дэлгэрүүлэхдээ Библийг өргөн хэрэглэж, Библид чухам юу бичсэн байдгийг хүмүүст үзүүлэхийг их хичээдэг. Линда гэдэг Гэрч эмэгтэй айлаар дэлгэрүүлж яваад, цус харвасан нөхрөө сахидаг эмэгтэйтэй таарчээ. Тэр эмэгтэй: «Бурхан намайг яалаа гэж ингэж шийтгэж байгаа юм бол оо?» гэж халаглажээ. Тэгэхэд нь Линда: «Би танд нэг юм уншиж сонирхуулъя» гээд Иаков 1:13-ыг уншаад, «Бидэнд болон ойр дотнын маань хүмүүст тохиолддог зовлон бэрхшээл бол Бурхны шийтгэл биш юм» гэж хэлжээ. Тэгтэл өнөөх эмэгтэй Линдаг чанга гэгч нь тэвэрчээ. Линда: «Би тэр хүнийг Библийн тусламжтайгаар тайвшруулж чадсан юм. Заримдаа, Библиэс уншсан зүйлийг хүмүүс огт сонсоогүй байх нь бий» гэж ярьжээ. Өнөөх эмэгтэй Библийн хичээл хийхээр болжээ.

Зүтгэлтэй үйлчилдэг залуус

10. Иосиа өнөөгийн христиан залууст ямар жишээ үлдээсэн бэ?

10 Иосиаг эргэн санацгаая. Тэрбээр бага байхаасаа жинхэнэ шүтлэгийн төлөө зүтгэл гаргаж эхэлсэн бөгөөд хорь орчим настайдаа хиймэл шүтээн шүтэхийг таслан зогсоохын тулд өргөн хүрээтэй кампанит ажил зохион явуулжээ (Шастирын дэд 34:1–3-ыг уншина уу). Өнөөдөр ч гэсэн олон залуу христиан Бурханд зүтгэлтэй үйлчилдэг.

11-13. Еховад хичээл зүтгэлтэй үйлчилдэг орчин үеийн залуучуудаас ямар сургамж авч болох вэ?

11 Англид амьдардаг Ханнаг 13 настай байхад зэргэлдээх хотод нь франц хэлний бүлэг байгуулагджээ. Тэр үед Ханна сургуульдаа франц хэл үздэг байсан бөгөөд ааваараа хүргүүлэн тэр бүлгийн цуглаанд очдог болжээ. Одоо 18 настай Ханна байнгын эхлэгчээр үйлчлэн франц хэлээр дэлгэрүүлдэг аж. Та ч бас гадаад хэл сурч, Еховагийн тухай мэдэхэд нь хүмүүст тусалбал ямар вэ?

12 Рейчл гэдэг Гэрч бүсгүй «Бурхныг алдаршуулахын тулд сүнслэг зорилго тавигтун» гэдэг киног их анхааралтай үзжээ. 1995 оноос Еховад үйлчилж эхэлсэн тэрбээр тэр үеэ дурсан: «Би үнэнийг өөрийн болгосон гэж боддог байж билээ» гэж хэлжээ. Рейчл цааш нь ярихдаа: «Харин энэ киног үзээд ердөө л урсгалаар явж байснаа ухаарсан. Тэгээд үнэнийг өөрийн болгоход хичээл зүтгэл, дэлгэрүүлэх болон бие даан судлахдаа чин сэтгэл гаргах хэрэгтэйг ойлгосон» хэмээжээ. Одоо тэрбээр Еховад илүү хичээл зүтгэлтэй үйлчилдэг болжээ. Тэрбээр: «Би одоо Еховатай илүү дотноссон. Залбирлын минь утга агуулга сайжирч, бие даан судлахдаа илүү гүн гүнзгий судалж, их ач тус хүртдэг болсон. Библид гардаг үйл явдал илүү бодитой санагддаг болсон. Энэ бүхний ачаар би дэлгэрүүлэх ажилд их дуртай болж, Еховагийн үг хүмүүсийг яаж тайвшруулдгийг харах бүрдээ сэтгэлийн таашаал авдаг» гэж ярьжээ.

13 Лук гэдэг христиан залуу «Залуучуудын асуулт. Би амьдралаа юунд зориулах вэ?» гэдэг кино үзээд ихийг бодох болжээ. Тэрбээр: «Би энэ киног үзээд амьдралаа эргэцүүлэн бодож эхэлсэн. Урьд нь хүмүүс намайг дээд боловсрол эзэмшиж амьдралаа баталгаатай болгочихоод л сүнслэг зорилго тавь гэж ятгадаг байсан. Ийм ятгалга хүнийг сүнслэгээр өсгөх биш, харин ч сулруулдаг юм билээ» гэж илэн далангүй ярьжээ. Залуу христианууд аа, мэдлэг боловсролоо ашиглан үйлчлэлээ өргөжүүлсэн Ханнаг дуурайж яагаад болохгүй билээ? Бас Бурхныг алдаршуулдаг зорилго тавьж, тэр зорилгодоо хүрэх гэж зүтгэл гаргасан Рейчлийг дуурайхад болохгүй нь юу билээ? Олон залууст урхи болдог аюулаас зугтаж чадсан Лукийг дуурайгаарай.

Зүтгэл гарган Бурхны сэрэмжлүүлгийг хүлээн авах нь

14. Ехова ямар хүний шүтлэгийг таалдаг вэ? Бурханд таалагддаг байх нь өнөө үед амархан уу?

14 Еховагийн ард түмэн цэвэр ариун байх учиртай. Ингэсэн цагт Бурхан таална. Исаиа: «Явагтун, явагтун. Тэндээс гарагтун! Бузар юманд бүү хүрэгтүн! Түүний [Вавилоны] дундаас гарагтун! ЭЗЭНий савнуудыг тээгчид ээ, өөрсдийгөө ариусгагтун!» гэж уриалжээ (Ис. 52:11). Исаиаг ингэж бичихээс олон жилийн өмнө Иудагийн хаан Аса хичээл зүтгэл гарган, садар самуун явдлыг үндсээр нь таслан зогсоохын тулд кампанит ажил явуулж байсан (Хаадын дээд 15:11–13-ыг уншина уу). Түүнээс хойш олон зууны дараа элч Паул Титэд бичсэн захидалдаа Есүс өөрийгөө өгсөн нь дагалдагчдаа цэвэршүүлж, «сайн үйлсийн төлөө зүтгэлтэй, тусгай ард түмэн» болгох зорилготой байсныг тайлбарлажээ (Тит 2:14). Ёс бус явдлаар дүүрсэн өнөөгийн нийгэмд ёс суртахууны хувьд цэвэр байна гэдэг, тэр тусмаа, залууст их амаргүй. Бурхны үйлчлэгчид хөгшин залуу гэлгүй зар сурталчилгаа, зурагт, кино, ялангуяа, Интернетээр өргөн тархаж байгаа порно материалд татагдахгүйн тулд тэмцэл явуулах шаардлагатай болжээ.

15. Яавал бузар мууг үзэн ядаж сурах вэ?

15 Хичээл зүтгэл гарган Бурхны сэрэмжлүүлгийг хүлээн авах нь бузар мууг үзэн ядаж сурахад тусалдаг (Дуу. 97:10; Ром 12:9). Порно материалд татагдахгүйн тулд жигших хэрэгтэй. Порно материал нь, нэгэн христианы хэлснээр, «соронзон мэт хүчтэй татдаг». Соронзонд татагдсан металлыг салгахад соронзонгийн хүчнээс давуу хүчээр татах шаардлагатай. Үүнтэй адилаар, порно материалд татагдахгүйн тулд порно материалын татах хүчнээс илүү их хүчин зүтгэл гаргах хэрэгтэй. Порнод дурлах нь эцэстээ ямар уршигт хүргэдгийг ойлговол жигшиж сурна. Нэг христиан эрэгтэй Интернетээр порно үздэг зуршлаа хаяхын тулд ихээхэн хүчин чармайлт гаргажээ. Тэрбээр компьютерээ гэрийнхээ бүх хүнд харагдахаар ил тавьжээ. Түүнээс гадна, муу зуршлаа хаяя, сайн үйлсийн төлөө зүтгэл гаргая гэж эрс хатуу шийджээ. Түүгээр зогсохгүй, ажлын шаардлагаар гэртээ Интернетэд холбогдох үедээ эхнэрээ хажуудаа байлгадаг болжээ.

Биеэ зөв авч явахын ач тус

16, 17. Биеэ зөв авч явбал бусдад ямар сэтгэгдэл төрүүлэх вэ? Жишээ хэлнэ үү.

16 Еховад үйлчилдэг залуучуудын биеэ үлгэр жишээ авч явдгийг ажигласан хүмүүст их таатай сэтгэгдэл төрдөг (1 Петр 2:12-ыг уншина уу). Нэгэн эрэгтэй Лондон дахь Бетелийн хэвлэх машинд засвар хийж нэг өдөр ажиллаад Еховагийн Гэрчүүдэд тэс өөрөөр ханддаг болжээ. Ийнхүү өөрчлөгдсөнийг нь Еховагийн Гэрчүүдтэй Библийн хичээл хийдэг эхнэр нь анзаарчээ. Үүнээс өмнө нөхөр нь Гэрчүүдийг ирэхэд дурамжхан байдаг байж. Харин Бетелд ажилласан тэр өдрөө Гэрчүүдийн эелдэг харьцааг магтсаар иржээ. Гэрчүүд хараал хэлдэггүйг, бүгдээрээ тэвчээртэй, эвсэг байдгийг нь их үнэлжээ. Ялангуяа, залуу христианууд сайн мэдээ түгээн дэлгэрүүлэх үйлсэд цаг зав, хүч чадлаа зориулан, цалин хөлсгүйгээр, хичээл зүтгэлтэй ажилладгийг хараад сэтгэл нь ихэд хөдөлжээ.

17 Түүнээс гадна, ажил хийж ар гэртээ санаа тавих үүрэгтэй христианууд ч эрхэлсэн ажлаа чин сэтгэлээсээ хийдэг (Кол. 3:23, 24). Өөриймсөг сэтгэлтэй тийм ажилчдыг ажил олгогчид алдахыг хүсдэггүй учир тэд ажилгүй болохын зовлонг бараг үздэггүй.

18. «Сайн үйлсийн төлөө зүтгэл» гаргадгаа юугаар харуулах вэ?

18 Еховад итгэж найдан, зааврыг нь сахин, цугладаг газраа цэвэрлэж, засаж тохижуулах зэргээр Еховагийн өргөөний төлөө зүтгэл гаргаж байцгаая. Бас Хаанчлалын тухай сайн мэдээ дэлгэрүүлэх, шавь бэлдэх ажилд чадах чинээгээрээ оролцож байцгаая. Хөгшин залуу гэлгүй бүгдээрээ Бурхныг шүтэж, тогтоосон хэм хэмжээг нь сахин цэвэр ариун байвал их ач тус хүртэнэ. Түүнчлэн, «сайн үйлсийн төлөө зүтгэлтэй» ард түмэн гэдгээрээ олон түмэнд танигдана (Тит 2:14).

[Зүүлт]

^ Аса хуурамч бурхдад зориулсан мөргөлийн өндөрлөгүүдийг устгаж, Еховад зориулсан мөргөлийн өндөрлөгүүдийг үлдээсэн байж болох юм. Эсвэл Асагийн хаанчлалын сүүлийн жилүүдэд мөргөлийн өндөрлөгүүд баригдсан байж болох талтай. Тэдгээрийг Асагийн хүү Иехошафат устгажээ (Х.дээд 15:14; Ш.дэд 15:17).

Таны бодлоор, Бурхны эртний болон орчин үеийн үйлчлэгчдийн жишээгээр ...

• дэлгэрүүлэх болон заах ажилд зүтгэл гаргадгаа яаж харуулж болох вэ?

• христиан залуус «сайн үйлсийн төлөө зүтгэл» гарган юу хийж болох вэ?

• муу зуршлаас яаж салах вэ?

[Догол мөрийн асуулт]

[13-р хуудасны зураг]

Та дэлгэрүүлэх ажилд Библийг тогтмол хэрэглэдэг үү?

[15-р хуудасны зураг]

Сургуульд гадаад хэл үзвэл үйлчлэлээ өргөжүүлэх боломж гарч болох юм