Skip to content

Гарчиг руу орох

Хөршдөө үнэнийг яригтун

Хөршдөө үнэнийг яригтун

Хөршдөө үнэнийг яригтун

«Худал хуурмагийг хойш тавьж, хүн бүр хөршдөө үнэнийг ярь» (ЕФЕС 4:25).

1, 2. Үнэн гэдгийг хүмүүс хэрхэн ойлгодог вэ?

 ҮНЭН гэдэг ойлголт олон зууны туршид маргаантай сэдэв байсаар иржээ. МЭӨ VI зууны үед амьдарч байсан Грекийн яруу найрагч Алкайос: «Үнэн дарсанд байдаг» хэмээжээ. Түүний хэлснээр бол хүн архи дарсанд ам нь халахлаараа л үнэнийг хэлдэг аж. I зууны үед Ромын амбан захирагч байсан Понти Пилат Есүсээс: «Үнэн гэж юу вэ?» хэмээн шоолонгуй асуусныг нь үзэхэд үнэн гэдгийг андуу ташаа ойлгодог байсан нь харагддаг (Иох. 18:38).

2 Өнөөдөр ч хүмүүс үнэн гэдгийг өөр өөрийнхөөрөө тайлбарлаж, «үнэн» гэдэг үгийн утгыг янз янзаар ойлгодог. Нэг хүний хувьд үнэн зүйл нөгөө хүний хувьд үнэн бус байдаг. Зарим хүн өөрт нь ашигтай, төвөг болохгүй л бол үнэнийг хэлдэг. «Худал хэлэхийн учир» гэдэг номд: «Үнэнч шударга байна гэдэг өндөр дээд суртахуун мөн боловч, үнэндээ, оршин байх хийгээд амар амгалан явахын төлөөх амь өрссөн тэмцэлд бараг ач холбогдолгүй юм. Амьд явъя гэвэл худал хэлэхээс өөр аргагүй» гэж бичжээ («The Importance of Lying»).

3. Есүс үнэнийг ярихын гайхамшигтай жишээ үзүүлсэн гэж хэлэхийн учир юу вэ?

3 Христиан хүн үүнээс өөр үзэл бодолтой явдаг. Есүс үнэн гэдэг ойлголтыг хүний үзэл бодлын үүднээс тайлбарлаагүй юм. Тэрбээр цаг ямагт үнэнийг ярьдаг байсан бөгөөд бүр дайснууд нь хүртэл түүнд: «Багш аа, бид Таны үнэнч хийгээд Бурхны замыг үнэнээр заадгийг тань ... мэднэ» гэж хэлсэн байдаг (Мат. 22:16). Өнөөдөр жинхэнэ христианууд Есүсийн жишээг дуурайж, ямагт үнэнийг ярьдаг. Тэд «Худал хуурмагийг хойш тавьж, хүн бүр хөршдөө үнэнийг ярь» хэмээсэн Паулын үгтэй санал нэгтэй байдаг (Ефес 4:25). Паулын үгийг үндэслэн дараах гурван асуултыг авч үзье. Хөрш гэж хэнийг хэлэх вэ? Үнэнийг ярих гэж юу гэсэн үг вэ? Паулын зөвлөгөөг өдөр тутмын амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэх вэ?

Хөрш гэж хэнийг хэлэх вэ?

4. Нэгдүгээр зууны үеийн иудейн шашны удирдагчид болон Еховагийн үзлээр «хөрш» гэж хэн бэ? Есүс хэрхэн тайлбарласан бэ?

4 МЭ I зууны үеийн иудейн шашны удирдагчид зөвхөн иудей хүн юм уу дотнын нөхрөө «хөрш» гэж үздэг байв. Харин Есүс Еховагийн үзэл бодлыг тусган харуулсан (Иох. 14:9). Бурхан аль нэг үндэс угсаа, арьсны өнгийг бусдаас нь дээгүүр тавьдаггүй гэдгийг Есүс шавь нартаа ойлгуулсан юм (Иох. 4:5–26). Түүнээс гадна, Ехова «нүүр тал хардаггүй бөгөөд [өөрөөс нь] эмээгч, зөвийг үйлдэгч алив үндэстний хүнийг ... таалдаг» гэдгээ элч Петрт ариун сүнсээр мэдэгдсэн (Үйлс 10:28, 34, 35). Тиймээс, бид бүх хүнийг хөршөө гэж үзэж, дайсагнан ханддаг хүмүүсийг ч хайрлах учиртай (Мат. 5:43–45).

5. Хөршдөө үнэнийг ярих гэж юу гэсэн үг вэ?

5 Тэгвэл Паул хөршдөө үнэнийг ярь гэсэн нь юу гэсэн үг юм бол? Үнэнийг ярих гэдэг нь бодит байдлаас зөрүүгүй, худал ташаа биш зүйлийг ярина гэсэн үг. Христиан хүн бусдыг төөрөгдүүлэх зорилгоор баримтыг мушгин гуйвуулах учиргүй. Харин ч «бузар мууг жигшиж», «сайнаас зуурдаг» (Ром 12:9). «Үнэний Бурхныг» дуурайн, үг яриагаараа ч, үйл хэргээрээ ч үнэнч шударга байх ёстой (Дуу. 15:1, 2; 31:5). Үгээ бодож яривал эвгүй юм уу хүнд байдалд орлоо ч худал ярихгүй байж болдог (Колоссай 3:9, 10-ыг уншина уу).

6, 7. а) Үнэнийг ярина гээд асуусан хүн болгонд нарийн ширийн бүхнийг хэлэх ёстой юу? Тайлбарлана уу. б) Бид хэнд үнэнийг хэлэх ёстой вэ?

6 Тэгвэл үнэнийг ярина гээд асуусан хүн болгонд нарийн ширийн бүхнийг хэлэх ёстой гэсэн үг үү? Есүс дэлхийд байхдаа зарим хүний асуултад шууд хариулахгүй байх юм уу тодорхой юм хэлдэггүй байсныг бодож үзвэл тэгэх шаардлагагүй. Нэгэн удаа шашны удирдагчид Есүсээс ямар эрх мэдлээр тэмдэг үзүүлж, гайхамшиг үйлддэгийг нь асуужээ. Тэгэхэд нь Есүс: «Та нараас Би нэг юм асууя. Та нар надад хариул. Тэгвэл ямар эрх мэдлээр эдгээрийг үйлдэж байгаагаа Би та нарт хэлэх болно» гэсэнд хуулийн багш нар болон ахлагчид хариулаагүй. Тэгэхлээр нь, Есүс: «Би ч гэсэн ямар эрх мэдлээр эдгээрийг үйлдэж байгаагаа та нарт хэлэхгүй» гэжээ (Марк 11:27–33). Ёс бусыг үйлддэг, өөрт нь итгэдэггүй тэр хүмүүст хариу хэлэх шаардлагагүй гэж Есүс үзсэн (Мат. 12:10–13; 23:27, 28). Үүнтэй адилаар, өнөөдөр Еховагийн ард түмэн ов мэх, башир арга хэрэглэдэг тэрслэгчид болон хорон санаатай хүмүүсээс болгоомжлох хэрэгтэй (Мат. 10:16; Ефес 4:14).

7 Хүн болгонд бүх юмыг хэлэх шаардлагагүйг Паул бас бичсэн байдаг. Тэрбээр «хов жив ярьдаг, бусдын хэрэгт хөндлөнгөөс оролцдог» хүмүүс «ярих ёсгүй юмсыг ярьдаг» хэмээжээ (1 Тим. 5:13). Ер нь, хүн бусдын хэрэгт оролцдог юм уу нууц хадгалж чаддаггүй хүнд нууцаа ярьдаггүй шүү дээ. Тэгэхлээр, «Та нараас хэн нь ч ... бусдын хэрэгт хошуу дүрдэг нэгэн мэт бүү зовог» гэсэн Петрийн үгийг дагах нь ухаалаг хэрэг юм (1 Петр 4:15). Гэхдээ христиан ахлагчид хүлээсэн үүргийнхээ дагуу биднээс хувийн асуудлыг маань сонирхож болох юм. Ахлагчдад үнэнийг хэлэх нь тэдэнтэй хамтран ажиллаж, тусалж байгаа хэрэг юм (1 Петр 5:2).

Гэр бүл дотор үнэнийг ярих нь

8. Гэр бүлийн гишүүд бие биедээ үнэнийг ярих нь ойр дотно харьцаатай болоход хэрхэн тусалдаг вэ?

8 Ер нь, хүн гэр бүлийнхэнтэйгээ хамгийн ойр дотно харьцаатай байдаг. Энэ харьцаагаа сайжруулъя гэвэл бие биедээ үнэнийг ярьдаг байх нь амин чухал юм. Илэн далангүй, чин сэтгэлийн, эвтэй найрсаг харьцаа гэр бүлд гардаг бэрхшээл, үл ойлголцол зэргийг даван туулах буюу шийдвэрлэхэд их ач тустай. Жишээ нь, та хань ижил, үр хүүхэд, бусад дотнын хүмүүсийнхээ өмнө алдаагаа хүлээн зөвшөөрдөг үү? Чин сэтгэлээсээ уучлал гуйвал гэр бүлд амар тайван уур амьсгал бүрдэж, эв нэгдэлтэй болдог (1 Петр 3:8–10-ыг уншина уу).

9. Үнэнийг хэлэх гэдэг нь бодлогогүй үгийг хайр найргүй хэлнэ гэсэн үг бишийн учрыг тайлбарлана уу.

9 Үнэнийг хэлэх гэдэг нь бодлогогүй үгийг хайр найргүй хэлэх гэсэн үг биш ээ. Үнэн боловч гомдмоор үг хэлснээр үгийн үнэ цэнэ нэмэгдэж, үр дүнд хүрэхгүй шүү дээ. Паул: «Аливаа хорсол, уур, хилэн, шуугиан, гүтгэлэг нь бүх бузар муугийн хамт та нараас зайлаг. Бурхан та нарыг Христ дотор уучилсны адил бие биеэ уучлан, нэг нэгнээ энэрэн уян зөөлөн сэтгэлээр ханд» гэж бичжээ (Ефес 4:31, 32). Үнэн үгийг ухаалгаар хэлбэл жинтэй тусдагаас гадна ярилцагч хүнээ хүндэтгэдгээ харуулна (Мат. 23:12).

Хурал дотор үнэнийг ярих нь

10. Үнэнийг ярихын хамгийн сайн жишээ үзүүлсэн Есүсээс ахлагчид юу сурч болох вэ?

10 Есүс шавь нартаа хэлэх гэснээ ойлгомжтой, шулуухан хэлдэг байсан. Зөвлөгөөг хайрын сэтгэлээр өгдөг байсан ч хүмүүст таалагдах гэж үнэний үнэ цэнийг бууруулж байгаагүй (Иох. 15:9–12). Тухайлбал, хамгийн агуу нь хэн бэ гэж байнга маргадаг байсан элч нараа засаж залруулахдаа тууштай байсны зэрэгцээ даруу байхын чухлыг ойлгуулах гэж тэвчээртэй ханддаг байв (Марк 9:33–37; Лук 9:46–48; 22:24–27; Иох. 13:14). Үүнтэй адилаар, христиан ахлагчид үнэн зөвийн төлөө тууштай зогсдог ч Бурхны сүргийг ноёрхдоггүй (Марк 10:42–44). Тэд Христийг дуурайн «нэг нэгнээ энэрэн», бусдад «уян зөөлөн сэтгэлээр ханддаг».

11. Итгэл нэгтнүүдээ хайрладаг хүний үг яриа ямар байдаг вэ?

11 Илэн далангүй боловч хүндэтгэлтэйгээр ярилцвал итгэл нэгтнүүдээ гомдоохгүйгээр санасан бодсоноо хэлж болно. Тэгээд ч бид хэлээ «тонгорог мэт» «хурцлан» бусдыг үг хэлээр доромжлон сэтгэлийг нь шархлуулахыг боддоггүй (Дуу. 52:2; Сур. 12:18). Итгэл нэгтнүүдээ хайрладаг хүн «хэлээ хорон муугаас, ... уруулаа худал хэлэхээс сахин хамгаалахыг» хүсдэг (Дуу. 34:13). Ингэвэл Бурхнаа алдаршуулж, хурлынхаа эв нэгдэлд хувь нэмэр оруулна.

12. Худал хэлсэн хүнийг ямар нөхцөлд эрхзүйн хороогоор оруулдгийг тайлбарлана уу.

12 Ахлагчид хорон санаа өвөрлөн худал ярьдаг хүмүүсээс христиан хурлыг хамгаалах үүрэгтэй (Иаков 3:14–16-г уншина уу). Бусдыг хорлох, зовлонд унагах зорилгоор худал хэлэхийг хорон санаагаар худал ярих гэж хэлж болно. Энэ нь бусдад буруу ойлголт төрүүлэхээр юм уу эсвэл болсон явдлыг хэтрүүлэн ярихаас илүү ноцтой асуудал юм. Мэдээж, худал хэлэх нь буруу. Гэхдээ худал хэлсэн хүн болгоны асуудлыг эрхзүйн хороогоор хэлэлцэх шаардлагагүй. Тиймээс ахлагчид тухайн хүний үйлдэл нь эрхзүйн хороогоор хэлэлцэх шаардлагатай, хорон санаагаар хийсэн, зуршил болсон үйлдэл үү, эсвэл Библийн үндэстэй хатуу сануулгыг хайрын сэтгэлээр өгөхөөр үйлдэл үү гэдгийг тогтоохын тулд хэрсүү, ухаалаг, дүн нуруутай байх хэрэгтэй.

Ажил хэргийн хүрээнд үнэнийг ярих нь

13, 14. а) Зарим хүн ажил хэргийн хүрээнд үнэнч байж чаддаггүй нь юунаас харагддаг вэ? б) Үнэнч шударга ажилчин байх нь ямар ач тустай вэ?

13 Бид худал хуурмаг явдал газар авсан үед амьдарч байна. Тиймээс ажил хэргийн хүрээнд шударга бус юм хийчихмээр санагдах үе байж болох юм. Ажилд орохын тулд олон хүн илэрхий худал хэлдэг. Гайгүй шиг юм уу өндөр цалинтай ажилд орох гэсэндээ зарим хүн өөрийгөө илүү туршлагатай, мэдлэг боловсролтой болгон тодорхойлдог. Бас зарим нь албан газрынхаа дотоод дүрмийг зөрчин, ажлын цагаар ажил төрлийн холбогдолгүй ном сонин унших, хувийн хэргээр утсаар ярих, и-мэйл юм уу мессеж бичих, Интернетэд холбогдох гэх зэргээр хувийн ажлаа амжуулдаг.

14 Жинхэнэ христиан хүн үнэнч шударга байхыг сайн дурын хэрэг гэж үздэггүй (Сургаалт үгс 6:16–19-ийг уншина уу). Паул: «Бид бүх юманд үнэнч шударга байхыг хүсдэг» гэж бичсэн билээ (Евр. 13:18, ШЕ). Тиймээс христиан хүн ажлын цагийг ажилдаа л зориулдаг (Ефес 6:5–8). Ажлаа үнэнчээр хийдэг христиан хүн тэнгэрийн Эцгээ магтан алдаршуулдаг (1 Петр 2:12). Испанид амьдардаг Роберто гэдэг христиан эрэгтэй үнэнч, хариуцлагатай ажилчин гэгдэж компанийнхаа удирдлагаас магтаал хүлээжээ. Түүний үлгэр жишээ зан байдлыг ажиглаад компани нь Гэрчүүдийг ажилд авахаар болжээ. Шинэ ажилчид нь ч сайн ажилчин гэдгээ батлан харуулжээ. Роберто нийтдээ 23 Гэрч, 8 суралцагчийг ажилтай болгосон байна.

15. Бизнес эрхэлдэг христиан үнэнийг ярьдгаа хэрхэн харуулж болох вэ?

15 Хувиараа хөдөлмөр эрхэлдэг христиан хүн «Би бүх ажил хэргээ үнэнч шударгаар явуулдаг уу? Эсвэл хөршдөө үнэнийг ярих тал дээр заримдаа алддаг юм биш биз?» гэж өөрөөсөө асуух хэрэгтэй. Бизнес эрхэлдэг христиан бараа бүтээгдэхүүнийг хурдан түргэн зарж борлуулах зорилгоор худал сурталчлах ёсгүй бөгөөд хээл хахууль авах юм уу өгөх учиргүй. Бид хүмүүсийг өөрсдөдөө хэрхэн хандаасай гэж хүснэ, тэдэнд мөн түүнчлэн хандахыг хүсдэг (Сур. 11:1; Лук 6:31).

Төр засгийн эрх мэдэлтнүүдэд үнэнийг ярих нь

16. Христианууд а) төр засгийн эрх мэдэлтнүүдэд, б) Еховад юу өгдөг вэ?

16 Есүс: «Цезарийн юмыг Цезарьт, Бурхны юмыг Бурханд өг» гэсэн (Мат. 22:21). Тэгвэл «Цезарь» буюу төр засгийн эрх мэдэлтнүүдэд өгөх ёстой юм нь юу вэ? Есүс энэ үгийг татварын тухай ярьж байхдаа хэлсэн байдаг. Тэгэхлээр христианууд Бурхан болон хүмүүсийн өмнө мөс чанараа цэвэр байлгахын тулд татвар хураамжийн гэх мэтийн хууль журмыг сахих учиртай (Ром 13:5, 6). Гэхдээ Ехова бол бидний бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаан, бүх хүчээрээ хайрладаг Хамгийн дээд Эрх мэдэлтэй Нэгэн билээ (Марк 12:30; Илч. 4:11). Тиймээс бид Ехова Бурхныхаа бүх тушаалыг дуулгавартай биелүүлдэг (Дуулал 86:11, 12-ыг уншина уу).

17. Төр засгаас тусламж авах эсэхэд христианууд хэрхэн ханддаг вэ?

17 Олон орны төр засаг ядуу иргэддээ тусламж үзүүлэх нийгмийн халамжийн арга хэмжээ авч хэрэгжүүлдэг. Хэрэв христиан хүн тийм арга хэмжээнд хамрагдах эрхтэй бол тусламж авах нь буруу биш ээ. Гэхдээ тусламж авахын тулд төр засгийн эрх мэдэлтнүүдийг хуурч мэхэлбэл хөршдөө үнэнийг ярих зарчимтай зөрчилдөнө.

Үнэнч шударга байхын ач тус

18-20. Үнэнч шударга байхын ач тус юу вэ?

18 Үнэнч шударга байхын ач тус үнэхээр их. Үнэнч шударга хүний мөс чанар цэвэр байдаг. Цэвэр мөс чанар нь зүрх сэтгэл, санаа бодлыг амар тайван байлгадаг (Сур. 14:30; Флп. 4:6, 7). Бурхан ч цэвэр мөс чанарыг өндөр үнэлдэг. Түүнээс гадна, бүх юманд үнэнч шударга байдаг хүн бусармаг явдлыг нь хүн мэдчих вий гэсэн айдас хүйдэсгүй, амар амгалан явдаг (1 Тим. 5:24).

19 Бас нэг ивээл бий. Паул христиануудыг үнэнийг хэлэх гэх зэргээр «өөрсдийгөө Бурхны үйлчлэгчид хэмээн бүхний дотор баталдаг» гэж бичсэн (2 Кор. 6:4, 7). Британид амьдардаг нэг Гэрчид тохиолдсон явдал энэ үгийн үнэнийг батлан харуулдаг. Тэрбээр машин сонирхож байсан худалдан авагчид тэр машины давуу болон сул талыг, өнгөц харахад анзаарагдамгүй муу талыг ч хэлж өгчээ. Өнөөх хүн машиныг унаж үзсэнийхээ дараа итгэл нэгтнээс маань Еховагийн Гэрч мөн эсэхийг нь лавлажээ. Яагаад тэгж асуусан юм бол оо? Гэрчийн үнэнч шударга зан, цэвэр үзэмжтэй хувцасласныг нь ажигласан ажээ. Энэ ярианы далимд дэлгэрүүлэх сайхан боломж гарчээ.

20 Бид ч бас үргэлж үнэнч шударга байн Бүтээгчээ магтан алдаршуулдаг бил үү? Паул: «Бид нууцаар ичгүүртэй юм хийдэггүй, зальхайгаар амьдардаггүй» гэж бичсэн (2 Кор. 4:2, МАБ). Тиймээс, хөршдөө үнэнийг ярихын тулд чадах бүхнээ хийцгээе. Ингэвэл тэнгэрийн Эцгээ алдаршуулж, ард түмнийх нь нэрийг өндөрт өргөнө.

Хариулна уу

• Хөрш гэж хэнийг хэлэх вэ?

• Хөршдөө үнэнийг ярих гэж юу гэсэн үг вэ?

• Үнэнийг ярих, үнэнч шударга байх нь Бурхныг алдаршуулна гэхийн учир юу вэ?

• Үнэнч шударга байхын ач тус юу вэ?

[Догол мөрийн асуулт]

[17-р хуудасны зураг]

Та дутагдлаа шууд хүлээдэг үү?

[18-р хуудасны зураг]

Та ажилд орохдоо үнэнээ хэлдэг үү?