Skip to content

Гарчиг руу орох

Есүсийг дуурайн хайрын сэтгэлээр заагтун

Есүсийг дуурайн хайрын сэтгэлээр заагтун

Есүсийг дуурайн хайрын сэтгэлээр заагтун

«Энэ хүний ярьж байгаа шиг ярьсан хүн ер үгүй билээ» (ИОХ. 7:46).

1. Есүсийг сургаалаа айлдахад хүмүүс яадаг байсан бэ?

 ЕСҮСИЙН сургаалаа айлдахыг сонсох нь ямар сэтгэл хөдлөм байсан бол оо! Есүсийн үгийг сонссон хүмүүст ямар сэтгэгдэл төрж байсныг Библид бичсэн байдаг. Тухайлбал, Есүсийн өссөн Назар хотын хүмүүс «Түүний амнаас гарах нигүүлслийн үгсэд гайхаж байв» гэж «Лук» номд бичжээ. Бас «Ууланд айлдсан номлол»-ыг нь сонссон хүмүүс «Түүний сургаалыг гайхаж байлаа» хэмээн «Матай» номд тэмдэглэжээ. Хожим нь, түүнийг баривчлахаар явсан харуулууд гар хоосон буцаж ирээд, «Энэ хүний ярьж байгаа шиг ярьсан хүн ер үгүй билээ» гэснийг нь «Иохан» номд дурджээ (Лук 4:22; Мат. 7:28; Иох. 7:46).

2. Есүс сургаалаа ямар аргаар заадаг байсан бэ?

2 Харуулуудын үг үнэн байсан. Есүс хүний түүхэн дэх хамгийн агуу Багш байв. Есүс сургаалаа ойлгомжтой, энгийн, утга авцалдаатай заадаг байсан. Тэрбээр жишээ, асуултыг оновчтой ашигладаг, дээд зиндааны, эгэл жирийн ямар ч хүнд тохируулан зааж чаддаг байв. Заасан үнэн нь ойлгоход амар боловч гүн гүнзгий утгатай байжээ. Гэхдээ Есүс хамгийн агуу Багш байсан нь бас өөр шалтгаантай.

Хамгийн чухал нь хайр

3. Есүс тухайн үеийнхээ шашны удирдагчдаас ямар ялгаатай байсан бэ?

3 Хуулийн багш нар, фарисайчуудын дунд эрдэм мэдлэгтэй, мэдлэгээ заах чадвартай хүн олон байсан нь эргэлзээгүй. Тэгвэл Есүс тэднээс юугаараа өөр байсан бэ? Тэр үеийн шашны удирдагчид жирийн ард олныг хайрладаггүй, «хараагдсан» гэж үзэн, жигшдэг байв (Иох. 7:49). Харин Есүс хүмүүсийг өрөвддөг байсан. Учир нь тэд «хоньчингүй хонин сүрэг мэт тарж, туйлдсан байлаа» (Мат. 9:36). Тэрбээр ард олныг өрөвдөн энэрч, сайхан сэтгэлээр ханддаг байсан. Түүнээс гадна, шашны удирдагчид Бурхныг жинхэнэ ёсоор хайрлаж мэддэггүй байв (Иох. 5:42). Харин Есүс Эцгээ хайрлаж, хүсэл тааллыг нь дуртайяа биелүүлдэг байв. Шашны удирдагчид амин хувийн ашиг сонирхлынхоо төлөө Бурхны үгийг мушгин гуйвуулж байхад Есүс «Бурханы үгийг» хайрлах буюу зааж сургадаг, ярьж тайлбарладаг, үнэн зөв гэдгийг нь нотолдог, Бурхны үгийн дагуу амьдардаг байсан (Лук 11:28). Тийм ээ, хайраар бялхсан Христ хүмүүсийг сургахдаа ч, тэдэнтэй харьцахдаа ч, тэдэнд зааж зөвлөхдөө ч хайрын сэтгэл гаргадаг байжээ.

4, 5. а) Хайрын сэтгэлээр заах нь ямар учраас чухал бэ? б) Багш хүнд мэдлэг ч, чадвар ч ямар учраас чухал бэ?

4 Тэгвэл бид ямар вэ? Христийн дагалдагчид бид дэлгэрүүлэх ажилдаа ч, амьдралынхаа бусад хүрээнд ч үлгэр жишээг нь дуурайхыг хүсдэг (1 Петр 2:21). Тиймээс хүмүүст Библийн тухай мэдлэг эзэмшүүлэхийн зэрэгцээ Еховагийн зан чанарыг, ялангуяа, хайрыг нь тусган харуулахыг зорьдог. Хүмүүсийн зүрх сэтгэлийг хөндөх гол түлхүүр бол мэдлэг боловсрол, авьяас чадвар бус, харин хайр юм. Шавь бэлдэх ажлыг үр өгөөжтэй хийе гэвэл Есүсийг дуурайн, хайрын сэтгэлээр заах учиртай.

5 Сайн багш байхын тулд заах хичээлээ мэдэх, мэдлэгээ заах ур чадвар эзэмших хэрэгтэй нь ойлгомжтой. Есүс шавь нараа мэдлэгтэй, чадварлаг багш болоход нь тусалсан. Ехова ч өнөөдөр биднийг байгууллагаараа сургадаг (Исаиа 54:13; Лук 12:42-ыг уншина уу). Гэхдээ бид багшийн ажилдаа оюун ухаанаа төдийгүй сэтгэл зүрхээ зориулах хэрэгтэй. Мэдлэг, чадвар, хайр гурвыг хамтатгавал хамгийн сайн үр дүнд хүрнэ. Тэгвэл бусдыг сургахын тулд хэнийг, юуг хайрлах хэрэгтэй вэ? Есүс болон шавь нарынх нь жишээг үзье.

Бид Еховаг хайрлах ёстой

6. Хүн хайртай хүнийхээ тухай юу ярьдаг вэ?

6 Ер нь, хүн эрхэмлэдэг зүйлийнхээ талаар бусдад ярих дуртай байдаг. Ингэж ярихад нүүр царай нь гэрэлтэж, баяр хөөртэй болдог. Хайртай хүнийхээ тухай ярихдаа ч бас л тэгдэг. Тэр хүний тухай мэддэг бүхнээ бусдад дуртайяа ярьдаг. Хайртай хүнээ хүндэтгэж, сайнаар ярьж, нэр төрийг нь гутаавал хамгаалдаг. Учир нь хайртай хүнийхээ сайхан зан чанарт өөрөө татагддаг шигээ бусдыг бас татагдаасай гэж хүсдэг.

7. Есүс Бурхныг хайрлах хайрандаа хөтлөгдөн юу юу хийсэн бэ?

7 Юуны түрүүнд, өөрөө Еховаг мэддэг, хайрладаг байж бусдыг Еховад хайртай болгоно шүү дээ. Тэгээд ч жинхэнэ шүтлэгийн үндэс нь Бурхныг хайрлах хайр билээ (Мат. 22:36–38). Есүс энэ тухайд төгс жишээ үлдээсэн. Тэрбээр Еховаг бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаан, бүх хүчээрээ хайрласан юм. Тэнгэрийн Эцэгтэйгээ олон тэрбум жилийг хамтдаа өнгөрүүлсэн учир Эцгээ сайн мэддэг байв. Тийм ч учраас, «Би Эцэгээ хайрладаг» хэмээжээ (Иох. 14:31). Энэ хайраа үг яриа, үйл хэргээрээ харуулж, үргэлж Бурханд тааламжтай зүйлсийг үйлдэж байсан (Иох. 8:29). Бас Бурхныг төлөөлдөг нэртэй шашны хоёр нүүрт удирдагчдыг буруушаасан нь ч, Бурхныг таньж мэдээд хайрладаг болоосой гэсэндээ хүмүүст Еховагийн тухай ярьдаг байсан нь ч хайрандаа хөтлөгдсөнийх юм.

8. Есүсийн шавь нар Бурхныг хайрлах хайрандаа хөтлөгдөн юу хийсэн бэ?

8 Нэгдүгээр зууны христианууд Есүсийн адилаар Еховаг хайрладаг, тэр хайрандаа хөтлөгдөн сайн мэдээг эр зоригтой, хичээл зүтгэлтэй дэлгэрүүлдэг байв. Тэд эрх мэдэлтэй шашны удирдагчдын эсэргүүцэлтэй тулгарч байсан ч Иерусалимыг сургаалаараа булж орхисон билээ. Есүсийн шавь нар үзсэн, сонссон зүйлээ ярихгүй байж чадаагүй (Үйлс 4:20; 5:28). Тэд Еховагийн дэмжлэгийг мэдэрч байсны зэрэгцээ ивээнэ гэж итгэж байсан. Ехова ч тэднийг ивээсэн. Есүсийг үхсэнээс хойш гуч хүрэхгүй жилийн дотор, элч Паулын бичсэнээр, сайн мэдээ «тэнгэрийн доорх бүх бүтээлд» тунхаглагджээ (Кол. 1:23).

9. Бурхныг хайрлах хайраа яаж лавшруулах вэ?

9 Бурхны үгийг үр өгөөжтэй заахын тулд Бурхныг хайрлах хайраа лавшруулж байх хэрэгтэй. Яавал илүү их хайрладаг болох вэ? Бурханд байнга залбиран, Үгийг нь судалж, Библийн үндэстэй ном хэвлэл уншиж, цуглаанд очих зэргээр Бурхныг сонсох хэрэгтэй. Бурхныг хэдийчинээ сайн мэднэ, төдийчинээ их хайрлана. Тэр хайраа үг яриа, үйл хэргээрээ харуулбал хүмүүс үүнийг ажиглах нь лавтай. Бас Еховатай дотно харьцаа тогтоохыг ч хүсэж мэднэ (Дуулал 104:33, 34-ийг уншина уу).

Бид заадаг зүйлээ эрхэмлэн хайрлах ёстой

10. Сайн багшийн нэг шинж юу вэ?

10 Сайн багшийн нэг шинж бол заадаг зүйлээ эрхэмлэн үзэх явдал юм. Өөрөөр хэлбэл, заадаг зүйл нь үнэн, ач холбогдолтой, үнэ цэнэтэй гэдэгт итгэдэг. Тийм багш хичээлээ хэнд ч анзаарагдам урам зоригтой зааж, шавь нарынхаа сэтгэлд хоногшуулдаг. Гэтэл багш өөрөө заадаг зүйлээ эрхэмлэхгүй бол өөр хүн эрхэмлэнэ гэж үү? Тэгэхлээр Бурхны Үгийг заадаг таны үлгэр дуурайл бусдад их чухал байдгийг хэзээ ч бүү мартаарай. Есүс: «Бүрэн суралцсаныхаа дараа хүн бүр багш шигээ болно» гэж хэлсэн (Лук 6:40).

11. Есүс заадаг зүйлээ яагаад эрхэмлэн хайрладаг байсан бэ?

11 Есүс заадаг зүйлээ эрхэмлэдэг, ямар үнэ цэнэтэй зүйлийг мэддэгээ ойлгодог байсан. Тэнгэрийн Эцгийнхээ тухай үнэнийг буюу «Бурханы үг», «мөнх амийн үгсийг» хүмүүстэй хуваалцах учиртайгаа мэдэж байв (Иох. 3:34; 6:68). Есүсийн заасан үнэн бузар муу болон сайны ялгааг тод харуулсан хурц гэрэл мэт байсан. Үнэний ачаар, хуурамч шашны удирдагчдад мэхлэгдэн, Диаволд дарлагдаж явсан даруу хүмүүс итгэл найдвартай болж, тайвширч байжээ (Үйлс 10:38). Есүс үнэнийг хайрладгаа сургаалаараа төдийгүй бүх үйл хэргээрээ харуулсан.

12. Элч Паул сайн мэдээ дэлгэрүүлэх ажлыг хэрхэн үздэг байсан бэ?

12 Есүсийн шавь нар ч гэсэн Багшийгаа дуурайн, Ехова болон Христийн тухай үнэнийг үнэхээр их хайрладаг байсан. Тиймээс тэднийг эсэргүүцээд ч үнэнийг бусдад мэдүүлэхийг нь болиулж чадаагүй. Паул Ром дахь итгэл нэгтнүүддээ: «Миний хувьд, ... сайн мэдээг тунхаглахыг маш их хүсэж байна. Би сайн мэдээнээс ичихгүй. Яагаад гэвэл тэр нь итгэгч хүн бүрийг ... авралд хүргэх Бурханы хүч мөн» гэж бичжээ (Ром 1:15, 16). Паул үнэнийг тунхаглахыг аз завшаанд тооцдог байсан. Бурхныг нигүүлсэл үзүүлсэнд талархан, «Христийн нэвтэршгүй баялгийг Харь үндэстэнд тунхаглахыг» хүсдэгээ ч бичсэн байдаг (Ефес 3:8). Паул хүмүүст Ехова болон түүний санаа зорилгын тухай ямар их урам зоригтой заадаг байсныг төсөөлөхөд төвөггүй.

13. Сайн мэдээг эрхэмлэн хайрлах ямар ямар шалтгаан байдаг вэ?

13 Сайн мэдээний ачаар хүн Бүтээгчтэйгээ танилцаж, дотно харьцаа тогтоох боломжтой болдог. Бас амьдралын амин чухал асуултуудын хариуг олж, амьдралаа өөрчлөн, ирээдүйн найдвартай, хэцүү бэрхийг давах сэтгэлийн тэнхээтэй болдог. Утга учиртай, мөнх амьдрах замыг ч олдог. Сайн мэдээнээс илүү ач холбогдолтой, илүү чухал өөр мэдлэг гэж байхгүй. Энэ бол баяр баясгалан авчирдаг хосгүй бэлэг юм. Сайн мэдээг бусадтай хуваалцах нь бүр ч их баяр хөөр авчирдаг (Үйлс 20:35).

14. Сайн мэдээг илүү их эрхэмлэдэг болохын тулд яах хэрэгтэй вэ?

14 Сайн мэдээг илүү их эрхэмлэдэг болохын тулд яах хэрэгтэй вэ? Бурхны Үгийг уншихдаа, уншсан зүйлээ эргэцүүлэн бодох цаг гаргаж байгаарай. Жишээлбэл, Есүстэй хамт дэлгэрүүлж байгаагаар, элч Паултай хамт аялж байгаагаар төсөөлж үзээрэй. Бас өөрийгөө шинэ ертөнцөд байгаагаар бодож, тэр үед амьдрал хэчнээн өөр болсон байхыг ургуулан бодоорой. Сайн мэдээг хүлээж аваад дуулгавартай байгаагийнхаа ачаар ямар ямар ивээл хүртсэнээ эргэцүүлж бодоорой. Хэрэв та сайн мэдээг эрхэмлэн хайрладаг бол танаар Библийн хичээл заалгах хүмүүс тэр хайрыг аяндаа мэдэрнэ. Тиймээс бид сурч мэдсэндээ «санаа тавих» буюу сайтар эргэцүүлэн бодож, заадаг зүйлээ анхаарах учиртай (1 Тимот 4:15, 16-г уншина уу).

Бид хүмүүсийг хайрлах ёстой

15. Багш хүн яагаад сурагчдаа хайрлах хэрэгтэй вэ?

15 Сайн багш сурагчдадаа үзэж судалж байгаа зүйлийнх нь ач холбогдлыг ойлгуулж, санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломж олгодог. Шавь нартаа хайртай багш тэдэндээ чин сэтгэлээсээ санаа тавьдаг учир мэдлэгээ хуваалцдаг. Авьяас чадвар, нөхцөл бололцоог нь харгалзан үзээд, хэрэгцээ шаардлага, хэр хэмжээнд нь тохируулан заах аргаа өөрчилдөг. Багшийн ийм хайрыг шавь нар нь мэдэрдэг бөгөөд хэн хэнд нь таатай байдаг.

16. Есүс хүмүүсийг хайрладгаа яаж харуулсан бэ?

16 Есүс тийм л Багш байсан. Тэрбээр хүмүүсийг аврахын тулд төгс амиа зориулсан нь хайрынх нь хамгийн агуу илрэл байсан (Иох. 15:13). Дэлхийд байхдаа хүмүүсийн хэрэгцээг, ялангуяа, сүнслэг хэрэгцээг нь хангахын тулд эцэж цуцахыг умартан тусалдаг байв. Тэдний ирэхийг хүлээлгүй, хол замыг явган туулж, сайн мэдээ дэлгэрүүлж байсан (Мат. 4:23–25; Лук 8:1). Есүс бусдыг ойлгодог, тэвчээртэй хүн байв. Шавь нараа хайрын сэтгэлээр засаж залруулдаг байсан (Марк 9:33–37). Бас сайн мэдээг үр өгөөжтэй дэлгэрүүлж чадна гэдэгт нь итгэлтэй байгаагаа хэлж, урмаар тэтгэж байв. Бусдыг тэгж хайрладаг багш Есүсээс өөр байхгүй. Есүсийн хайрыг мэдэрсэн шавь нар нь түүнийг өөрийн эрхгүй хайрлаж, тушаалыг нь биелүүлэхийг хүсдэг болсон (Иохан 14:15-ыг уншина уу).

17. Есүсийн шавь нар хүмүүсийг хайрладгаа хэрхэн харуулсан бэ?

17 Есүсийн жишээгээр шавь нар нь ч бас хүмүүсийг чин сэтгэлээсээ хайрладаг байжээ. Тэд хавчлагад өртөж, амь насанд нь аюул тулгарсан үед ч бусдад үйлчлэн, сайн мэдээг дэлгэрүүлсээр байсан. Тэд сайн мэдээг хүлээн авсан хүмүүсийг үнэхээр их хайрладаг байв. Элч Паул: «Бид та нарын дунд хүүхдүүдээ асран байгаа эх хүн мэт зөөлөн байсан. Бид та нарын хүслэн болж, та нарт зөвхөн Бурханы сайн мэдээг бус, мөн амиа ч өгөхийг хүссэн юм. Яагаад гэвэл, та нар бидний хувьд үнэхээр дотнын хүмүүс маань болсон байв» гэснийг нь уншихад сэтгэл үнэхээр хөдөлдөг (1 Тес. 2:7, 8).

18, 19. а) Бид ямар учраас сайн мэдээ дэлгэрүүлэхийн тулд өөрсдийгөө золиослоход бэлэн байдаг вэ? б) Бусдыг хайрладгийг маань хүмүүс анзаардгийг жишээгээр хэлнэ үү.

18 Орчин үед ч гэсэн Еховагийн Гэрчүүд Бурхныг таньж мэдээд, түүнд үйлчлэх хүсэлтэй хүмүүсийг эрж олохын тулд газар сайгүй дэлгэрүүлдэг. Бид сүүлийн 17 жил дараалан сайн мэдээ дэлгэрүүлэх болон шавь бэлдэх ажилд жил бүр тэрбум гаруй цаг зарцуулсан бөгөөд одоо ч энэ ажлаа хийж байгаа. Дэлгэрүүлэх ажил цаг зав, хүч чадал, хөрөнгө мөнгө шаарддаг боловч бид ажлаа дуртайяа хийдэг. Учир нь тэнгэрийн халамжит Эцэг маань хүмүүсийг мэдлэг эзэмшиж, мөнх аминд хүрээсэй гэж хүсдэгийг бид Есүсийн адилаар ойлгодог (Иох. 17:3; 1 Тим. 2:3, 4). Еховаг бидний адил мэддэг, хайрладаг болоход нь хүмүүст туслах хүслийг хайр төрүүлдэг.

19 Бусдыг хайрладгийг маань хүмүүс анзаардаг. Жишээ нь, АНУ-д эхлэгчээр үйлчилдэг Гэрч эмэгтэй ойр дотнынхоо хүнийг алдсан хүмүүст захиа бичдэг ажээ. Нэгэн эрэгтэй хариу захидалдаа: «Огт танихгүй хүний зовлонг хуваалцах гэж ийм их сэтгэл гаргадаг л юм байх даа гэж бодоод би эхлээд үнэхээр их гайхсан. Тэгээд нэг зүйлийг ойлгосон юм. Та бол хүмүүсийг хайрладаг, бас амьдралын зам заадаг Бурхныг хайрладаг хүн юм байна» гэж бичжээ.

20. Бурхны үгийг заахад хайр хэр зэрэг чухал бэ?

20 Хайрыг чадвартай хослуулбал хамгийн том амжилтад хүрдэг гэж нэгэн зохиолч хэлсэн гэдэг. Бид суралцагчаа Еховаг оюун ухаанаараа таньж мэдэн, зүрх сэтгэлээрээ хайрладаг болгохыг зорьдог. Бурхны үгийг үр өгөөжтэй заахын тулд бид өөрсдөө Бурхныг, үнэнийг, хүмүүсийг хайрладаг байх учиртай. Ийм хайрыг хөгжүүлж, дэлгэрүүлэх ажил дээрээ харуулдаг бол өгөхийн жаргал эдлээд зогсохгүй Есүсийг дуурайдгаа, Еховад таалагддагаа ойлгон бүр ч их баяр баясгалантай байх болно.

Хариулна уу

• Сайн мэдээний багш хүн ...

Бурхныг хайрлах нь яагаад чухал бэ?

заадаг зүйлээ эрхэмлэн хайрлах нь яагаад чухал бэ?

хүмүүсийг хайрлах нь яагаад чухал бэ?

[Догол мөрийн асуулт]

[15-р хуудасны зураг]

Есүсийн заах арга хуулийн багш нар болон фарисайчуудынхаас ямар ялгаатай байсан бэ?

[18-р хуудасны зураг]

Сайн багш байхад мэдлэг, чадвар, хамгийн гол нь, хайр хэрэгтэй