Skip to content

Гарчиг руу орох

Бурхан дэлхий дээр мөнх амьдрах найдварыг өгдөг

Бурхан дэлхий дээр мөнх амьдрах найдварыг өгдөг

Бурхан дэлхий дээр мөнх амьдрах найдварыг өгдөг

«Бүтээл нь ... хоосонд захирагдсан юм. Энэ нь ... найдварын улмаас юм» (РОМ 8:20, 21).

1, 2. а) Дэлхий дээр мөнх амьдрах найдвар яагаад чухал бэ? б) Ямар учраас олон хүн дэлхий дээр мөнх амьдарна гэдэгт эргэлздэг вэ?

 ХҮМҮҮС өтөлж хөгшрөх, үхэж хагацахын зовлонг үл үзэн, дэлхий дээр мөнх амьдрах цаг удахгүй болохыг анх мэдээд баяр хөөр болж байснаа та санаж байгаа байх (Иох. 17:3; Илч. 21:3, 4). Библид бичсэн энэ найдварынхаа талаар бусдад хэлж ярихдаа ч дуртай байдаг биз ээ. Тэгээд ч мөнх амьдрах энэ найдвар дэлгэрүүлдэг сайн мэдээний маань салшгүй нэг хэсэг билээ. Энэ найдвар амьдралд хандах хандлагад маань шууд нөлөөлдөг.

2 Христийн гэгдэх олон шашин дэлхий дээр мөнх амьдрах найдварыг үл тоомсорлодог. Хүнд үхэшгүй мөнхийн сүнс байдаггүй гэж Библи сургадаг байхад христ шашны ихэнх урсгал байдаг гэж номлодог (Ном. 9:5). Тиймээс олон хүн дэлхий дээр мөнх амьдрах боломжтой гэдэгт эргэлздэг. «Мөнх амьдарна гэж найдах үндэс Библид үнэхээр байдаг уу? Байдаг бол, Бурхан энэ найдварын талаар хүмүүст анх хэзээ мэдэгдсэн бэ?» гэсэн асуулт бидэнд ч төрж болох юм.

Найдварын улмаас хоосонд захирагдсан нь

3. Хүн төрөлхтний талаарх Бурхны санаа зорилго түүхийн эхнээс тодорхой байсан гэж хэлж болохын учир юу вэ?

3 Хүн төрөлхтний талаарх Еховагийн санаа зорилго түүхийн эхнээс тодорхой байжээ. Дуулгавартай байвал мөнх амьдрахыг нь Бурхан Адамд тодорхой хэлсэн (Эх. 2:9, 17; 3:22). Хүн яагаад төгс бус болсон нь Адамын ойрын удмын хүмүүст ойлгомжтой байсан биз ээ. Еден цэцэрлэг рүү орох нь хориотойг тэд мэддэг байсан. Бас хүмүүс хөгширч, үхэж байгааг харж байсан (Эх. 3:23, 24). Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр хүний нас ч богиноссон. Адам 930 насалсан. Усан галавыг эсэн мэнд давсан Шем 600, түүний хүү Арпахшад 438 насалсан. Абрахамын эцэг Тера 205 насалсан бол Абрахам 175, түүний хүү Исаак 180, Исаакийн хүү Иаков 147 насалжээ (Эх. 5:5; 11:10–13, 32; 25:7; 35:28; 47:28). Хүний нас ийнхүү богиноссон нь хүн мөнх амьдрах боломжоо алдсан хэрэг болсныг олон хүн ойлгосон нь лавтай. Тэгвэл тэдэнд мөнх амийг буцааж авна гэдэгт итгэх үндэс байсан уу?

4. Бурхан Адамын хүртэх эрхгүй болсон ивээл хишгийг хүмүүст хүртээнэ гэсэн итгэл төрүүлэх ямар үндэс эртний үнэнч хүмүүст байсан бэ?

4 Бурхны Үгэнд: «Бүтээл [буюу хүн] нь ... хоосонд захирагдсан юм. Энэ нь ... найдварын улмаас юм» гэж бичсэн байдаг (Ром 8:20, 21). Энэ нь ямар найдвар юм бол оо? Библийн хамгийн эхний зөгнөлд могойн «толгойг няцлах» үрийн талаар гардаг (Эхлэл 3:1–5, 15-ыг уншина уу). Үрийн тухай тэр зөгнөл Бурхан хүн төрөлхтний талаарх анхны санаа зорилгоо өөрчлөөгүй юм байна гэсэн итгэл найдварыг үнэнч хүмүүст төрүүлжээ. Абел Ноа нар тэр л зөгнөлд үндэслэн, Бурхан Адамын хүртэх эрхгүй болсон ивээл хишгийг хүмүүст хүртээнэ гэж итгэж байсан. Үр «өсгийгөө няцлуулна» гэдэг нь цус асгарах учиртай гэсэн үг байсныг тэд ойлгож байсан бололтой (Эх. 4:4; 8:20; Евр. 11:4).

5. Абрахам дахин амилалтад итгэдэг байсныг юу харуулдаг вэ?

5 Абрахамыг санацгаая. Тэрбээр соригдохдоо ганц хүү Исаакаа тахил болгон өргөхөд ч бэлэн байсан (Евр. 11:17). Ямар учраас эргэлзэх ч үгүй ийн үйлдсэн юм бол? (Еврей 11:19-ийг уншина уу). Тэрбээр нас барагсдыг дахин амилна гэдэгт итгэдэг байжээ! Тийн итгэх үндэс ч түүнд байж. Ехова Абрахамын нөхөн үржих чадварыг сэргээж, Абрахам Сара хоёрыг өтөл насанд нь хүүтэй болгосон (Эх. 18:10–14; 21:1–3; Ром 4:19–21). Түүнээс гадна, Ехова түүнд нэгэн амлалт өгсөн байлаа. Бурхан: «Исаакаас төрсөн нь л чиний үр ... гэж дуудагдах болно» гэж хэлсэн (Эх. 21:12). Тэгэхлээр, Бурхан Исаакийг дахин амилуулна гэж итгэж найдах баттай үндэс Абрахамд байжээ.

6, 7. а) Ехова Абрахамтай ямар гэрээ байгуулсан бэ? б) Абрахамд өгсөн Еховагийн амлалт хүн төрөлхтөнд ямар найдвар өгдөг вэ?

6 Абрахамыг бат итгэлтэй байсанд Ехова түүнтэй үрийн талаар гэрээ байгуулсан (Эхлэл 22:18-ыг уншина уу *). Тэр үрийн гол хэсэг нь Есүс Христ мөн гэдэг нь хожим тодорхой болсон (Гал. 3:16). Ехова Абрахамын үрийг «тэнгэрийн одод, далайн эргийн элс мэт» олон болгохоо амласан. Харин Абрахам хэд гэдгийг нь мэдэхгүй байлаа (Эх. 22:17). Хожим нь тэр тоо тодорхой болжээ. Есүс Христ болон түүнтэй хамт хаанчлах 144 000 хүн «үрийг» бүрдүүлдэг (Гал. 3:29; Илч. 7:4; 14:1). Бурхан Мессиагийн Хаанчлалаар дамжуулан «газар дэлхийн бүх үндэстэнд» ивээл хүртээнэ.

7 Еховагийн өөртэй нь байгуулсан гэрээний ач холбогдлыг Абрахам гүйцэд ойлгоогүй байж болох юм. Гэсэн ч тэрбээр «суурь бүхий хотыг хүлээж байсан юм» гэж Библид байдаг (Евр. 11:10). Тэр хот нь Бурхны Хаанчлал юм. Абрахам Хаанчлалын ач тусыг хүртэн, дэлхий дээр мөнх амьдрахын тулд дахин амилах ёстой болж байна гэсэн үг. Бас Хармагедоныг эсэн мэнд давсан болон дахин амилсан хүмүүс мөнх амьдрах боломжтой болно (Илч. 7:9, 14; 20:12–14).

«Сүнс намайг албаддаг»

8, 9. «Иов» номыг зовлон үзсэн хүний түүх төдийхнөөр үзэх ёсгүйн учир юу вэ?

8 Абрахамын жич Иосефоос хойш, зөнч Мосегоос өмнө Иов гэдэг хүн амьдарч байжээ. Мосегийн бичсэн «Иов» номд Ехова ямар учраас Иовд зовлон зүдүүр учрахыг зөвшөөрсний учрыг тайлбарладаг. Гэхдээ «Иов» номд зовлон туулсан ганц хүний тухай бус, хамгийн гол нь оюун ухаант бүх бүтээлд хамаатай маргаантай асуудлыг бичсэн байдаг. Ехова эрх мэдлээ зөв хэрэгжүүлдгийг уг номоос илүү сайн ойлгож болдог бөгөөд Еден цэцэрлэгт дэгдсэн маргаантай асуудал нь Бурхны бүх үйлчлэгчийн үнэнч байдал болон ирээдүйн найдвартай хамаатай болохыг онцолдог. Иов тэр маргаантай асуудлыг мэдээгүй ч өөрийгөө гурван найзынхаа үгээр дүгнэж, үнэнч бус хүн гэж үзээгүй юм (Иов 27:5). Иовын түүх бидний итгэлийг бэхжүүлдгийн зэрэгцээ үнэнч байж, Еховагийн хэмжээгүй эрх мэдлийг дэмжиж чадна гэдгээ ойлгоход тусалдаг.

9 Иов дээр ирсэн гурван хуурамч тайвшруулагчийг ярьж дуусахад «буз хүн Барахелын хүү Елиху» үг хэлэв. Тэрбээр: «Би үгсээр дүүрэн байна, миний доторх сүнс намайг албаддаг» гэв (Иов 32:5, 6, 18). Онгодоор хөтлүүлэн хэлсэн Елихугийн үг Иовд тохиолдсон сорилт дуусаж, урьдынх шигээ сайн сайхан амьдардаг болоход нь биелсэн боловч бусад хүнд ч ач холбогдолтой юм. Елихугийн үг Бурханд үнэнч бүх хүнд найдвар төрүүлдэг.

10. Хувь хүнд дуулгасан Еховагийн мэдээг өргөн хүрээнд авч үзэхэд, нийт хүн төрөлхтөнд хамаатай байж болдгийг юу харуулдаг вэ?

10 Хувь хүнд дуулгасан Еховагийн мэдээг өргөн хүрээнд авч үзэхэд нийт хүн төрөлхтөнд хамаатай байх нь бий. Үүний нэг жишээ нь, агуу өндөр модыг цавчсан тухай Вавилоны хаан Небухаднезарын зүүдний талаарх Даниелын зөгнөл юм (Дан. 4:10–27). Тэр зүүд хэдийгээр Небухаднезар дээр биелсэн ч цаанаа их гүн утгатай байжээ. Бурхан хэмжээгүй эрх мэдлээ Давидын удмын хаант засаглалаар дамжуулан дэлхий дээр хэрэгжүүлж байснаа МЭӨ 607 оноос эхлэн 2520 жил завсарлахыг уг зүүд харуулжээ. * 1914 онд Есүс Христ тэнгэрийн Хаан болсон тэр цагаас Бурхан дэлхий дэх эрх мэдлээ сэргээсэн. Хаанчлал дуулгавартай хүмүүсийн найдварыг удахгүй биелүүлнэ гээд бодоод үз дээ!

«Нүхэнд унахаас түүнийг авар»

11. Елихугийн үгнээс Бурхны тухай юу мэдэж болох вэ?

11 Елиху Иовтой ярихдаа хүнд зөвийг нь мэдүүлж өгдөг, мянгын дунд нэг байдаг «зуучлагч тэнгэр элчийн» тухай хэлсэн. Тэр зуучлагч өнөөх хүний төлөө «Бурханд залбирах бөгөөд Бурхан түүнийг хүлээн авах» болов уу? «[Бурхан] өнөөх хүнийг нигүүлсэж, „Нүхэнд унахаас түүнийг авар. Би золиосыг олов“ ... Түүний махан бие залуу үеийнхээс ч илүү сэргэг болог. Тэрээр залуугийнхаа хүч тэнхээтэй өдрүүдэд буцаж очиг» хэмээсэн гэж Елиху хэлжээ (Иов 33:23–26). Бурхан «золиосны» арга хэмжээний ач тусыг гэмшсэн хүнд хүртээх хүсэлтэй нь энэ үгнээс харагдаж байна (Иов 33:24).

12. Елихугийн үг ямар найдварыг тусгадаг вэ?

12 Зөнчид бичсэн зөгнөлийнхөө утгыг гүйцэд ойлгодоггүй байсны адилаар Елиху золиосны ач холбогдлыг бүрэн гүйцэд ойлгоогүй байж болох юм (Дан. 12:8; 1 Петр 1:10–12). Гэхдээ түүний үг Бурхан золиосны арга хэмжээ авснаараа хүнийг хөгшрөх, үхэхийн зовлонгоос ангижруулна гэсэн найдварыг тусган харуулдаг. Бас мөнх амьдрах сайхан ирээдүйн тухай ойлголт өгдөг. Түүнчлэн, «Иов» номд нас барагсад дахин амилах тухай дурджээ (Иов 14:14, 15).

13. Елихугийн үг христиануудад ямар ач холбогдолтой вэ?

13 Өнөөгийн тогтолцооны сүйрлийг эсэн мэнд давна гэж найддаг олон сая христианд ч Елихугийн үг ач холбогдолтой. Сүйрлийг эсэн мэнд давсан өндөр настнууд залуугийнхаа хүч тэнхээтэй өдрүүдэд буцаж очно (Илч. 7:9, 10, 14–17). Түүнээс гадна, амилсан хүмүүс залуу насандаа буцаж очихыг нь үнэнч хүмүүс хараад баярлана. Тослогдсон христианууд тэнгэрт үхэшгүй мөнхийн амьтай, «өөр хонинууд» дэлхий дээр мөнх амьтай болох эсэх нь Христийн золиосонд итгэж, итгэлээ үйл хэргээрээ харуулахаас шалтгаална (Иох. 10:16, ШГ; Ром 6:23).

Дэлхийгээс үхлийг залгих нь

14. Найдвар болсон мөнх аминд хүрэхэд нь израильчуудад Мосегийн хуулиас өөр арга хэмжээ хэрэгтэй байсны учир юу вэ?

14 Абрахамын үр удам Бурхантай гэрээ байгуулахдаа бүхэл бүтэн үндэстэн болсон. Ехова тэдэнд Хууль өгөхдөө: «Та нар Миний тогтоол, Миний шүүлтийг сахигтун. Тэдгээрийг үйлддэг хүн түүгээрээ амьдарна» хэмээсэн (Лев. 18:5). Гэвч израильчууд Хуулийг төгс сахиж чадахгүй байсан учир Хуулийн дагуу буруутгагдаж байв. Тиймээс ялаас нь чөлөөлөх ямар нэг арга хэмжээ зайлшгүй хэрэгтэй байв (Гал. 3:13).

15. Давид онгодоор хөтлүүлэн ирээдүйн ямар ивээлийн тухай бичсэн бэ?

15 Ехова Мосегоос хойш ч бусад хүмүүст онгод оруулан мөнх амьдрах найдварын талаар бичүүлж байсан (Дуу. 21:4; 37:29). Жишээлбэл, Давид Сион дахь Еховагийн үйлчлэгчдийн эв нэгдлийн тухай дууллаа: «Тэнд ЭЗЭН ерөөлийг тушаасан бөгөөд тэр нь мөнхийн амь билээ» хэмээн төгсгөсөн байдаг (Дуу. 133:3).

16. Ехова «бүх дэлхийн» ирээдүйн талаар юу амласныг Исаиа зөгнөсөн бэ?

16 Ехова Исаиад онгод оруулан, хүмүүс дэлхий дээр мөнх амьдрах тухай зөгнүүлсэн (Исаиа 25:7, 8-ыг уншина уу). Нүгэл болон үхэл амьсгаа боогдуулдаг «бүтээлэг» мэт хүн төрөлхтнийг дарамталдаг. Ехова үхлийг «бүх дэлхийгээс» залгих буюу арилгана гэдгээ ард түмэндээ амласан.

17. Мессиа хүмүүсийг мөнхийн аминд хүргэхийн тулд ямар үүрэг гүйцэтгэсэн бэ?

17 Бас Мосегийн хуульд заасан, нүглийг үүрэгч ямаатай холбоотой зан үйлийг авч үзье. Тэргүүн тахилч жилд нэг удаа буюу Эвлэрүүллийн өдрөөр амьд ямааны толгой дээр хоёр гараа тавьж, Израилийн хөвгүүдийн бүх нүглийг түүн дээр наманчилж, толгойд нь шилжүүлдэг байв. Тэгээд бүх гэм нүглийг үүрүүлсэн өнөөх ямааг зэлүүд газар луу явуулдаг байжээ (Лев. 16:7–10, 21, 22). Исаиагийн зөгнөснөөр, Мессиа ирж, бэлгэдлийн утгаар нүглийг үүрэгч ямаатай ижил үүрэг гүйцэтгэн, «өвчин», «уй гашуу», «олны нүглийг тээх» буюу авч яван, мөнх аминд хүргэх замыг нээх ажээ (Исаиа 53:4–6, 12-ыг уншина уу).

18, 19. Исаиа 26:19; Даниел 12:13-т ямар найдварын тухай бичсэн байдаг вэ?

18 Ехова өөрийн ард түмэн израильчуудад: «Үхэгсэд амилж, тэдний цогцос босно. Тоосонд хэвтэгчид ээ! Бос, баярлан хашхирагтун» гэж Исаиагаар хэлүүлсэн (Ис. 26:19). Нас барагсад амилна, хүн дэлхий дээр мөнх амьдарна гэж найдах үндэс байдгийг Еврей Сударт тодорхой бичсэн байдаг. Ехова Даниелыг бараг 100 настай байхад нь: «Чи амгаланд орж, цаг үеийн эцэст хувиа хүртэхээр дахин босох болно» хэмээсэн байдаг (Дан. 12:13).

19 Марта ах Лазарыгаа нас барахад нь «Эцсийн өдрийн амилалтад тэр амилна гэдгийг би мэднэ» гэж Есүст хэлсэн нь нас барагсад амилна гэж найддаг байсных юм (Иох. 11:24). Тэгвэл Есүс энэ найдварыг өөрчлөн заасан уу? Онгодоор хөтлүүлсэн шавь нар нь юу бичсэн бэ? Еховагийн өгдөг дэлхий дээр мөнх амьдрах найдвар өнөөдөр ч гэсэн хэвээрээ юү? Эдгээр асуултын хариуг дараагийн өгүүллээр үзье.

[Зүүлт]

^ Эхлэл 22:18 (ШЕ): «Чи миний үгийг дуулгавартай дагасан учир газар дэлхийн бүх үндэстэн чиний үрээр дамжин ивээл хүртэнэ».

^ «Библийн сургаалыг зөв ойлгох нь» номын 215–218-р хуудсыг, «Даниелын зөгнөлийг анхаарагтун!» номын 6-р бүлгийг тус тус үзнэ үү (англи).

Тайлбарлана уу

• Хүн ямар найдварын улмаас «хоосонд захирагдсан» бэ?

• Абрахам нас барагсдыг амилна гэж итгэдэг байсныг юу харуулдаг вэ?

• Иовд хэлсэн Елихугийн үг хүн төрөлхтөнд ямар найдвар төрүүлдэг вэ?

• Нас барагсад амилна, хүн дэлхий дээр мөнх амьдарна гэж найдаж болохыг Еврей Судар хэрхэн баталдаг вэ?

[Догол мөрийн асуулт]

[5-р хуудасны зураг]

Иовд хэлсэн Елихугийн үг хүн хөгшрөх, үхэхийн зовлонгоос ангижирна гэсэн найдвар төрүүлдэг

[6-р хуудасны зураг]

«Цаг үеийн эцэст хувиа хүртэхээр дахин босох болно» гэж Даниелд амласан