Skip to content

Гарчиг руу орох

«Бурхны хайран дотор өөрсдийгөө сахь»

«Бурхны хайран дотор өөрсдийгөө сахь»

«Бурхны хайран дотор өөрсдийгөө сахь»

«Мөнх аминд хүргэх бидний Эзэн Есүс Христийн өршөөлийг хүлээн Бурханы хайран дотор өөрсдийгөө сахь» (ИУДА 21).

1, 2. Ехова бидэнд хайртайгаа хэрхэн илэрхийлдэг вэ? Биднийг яаж ч байсан, Ехова хайран дотроо байлгаад байна гэж бодох нь яагаад буруу вэ?

 ЕХОВА Бурхан бидэнд хайртайгаа олон аргаар илэрхийлдэг. Еховагийн хайрын хамгийн агуу баталгаа бол золиосны арга хэмжээ юм. Бурхан хүн төрөлхтнийг үнэхээр хайрладаг учраас хамгийн хайртай Хүүгээ бидний төлөө золиос болгон өгчээ (Иох. 3:16). Энэ нь Ехова биднийг мөнх амьдарч, хайрынх нь ач тусыг үүрд хүртээсэй гэж хүсдэгийнх юм.

2 Гэхдээ биднийг яаж ч байсан, Ехова хайран дотроо байлгаад байна гэж бодох нь буруу. Учир нь Иуда 21-д: «Мөнх аминд хүргэх бидний Эзэн Есүс Христийн өршөөлийг хүлээн Бурханы хайран дотор өөрсдийгөө сахь» гэж уриалсан байдаг. «Бурханы хайран дотор өөрсдийгөө сахь» гэснийг бодохлоор бидний зүгээс хүчин чармайлт гаргах шаардлагатай нь ойлгомжтой. Тэгвэл бид Бурхны хайран дотор байхын тулд яах хэрэгтэй вэ?

Яавал Бурхны хайран дотор байх вэ?

3. Есүс Эцгийнхээ хайр дотор байхын тулд яах ёстой гэж ойлгодог байсан бэ?

3 Есүс дэлхийд өнгөрүүлсэн сүүлчийн шөнө дээрх асуултад хариулжээ. Тэрбээр: «Би Эцэгийнхээ тушаалыг сахиж, Түүний хайр дотор байдгийн адил, та нар Миний тушаалыг сахивал Миний хайр дотор байх болно» гэж хэлжээ (Иох. 15:10). Эндээс үзэхэд, Эцэг Еховатайгаа дотно харьцаатай байхын тулд тушаалыг нь заавал сахих ёстойг Есүс ойлгодог байсан нь тодорхой байна. Бурхны тушаалыг сахих нь Бурхны төгс Хүүгийн хувьд тийм чухал байсан юм бол, бидний хувьд бүр ч илүү чухал биш гэж үү?

4, 5. а) Еховаг хайрладгаа харуулах хамгийн гол арга юу вэ? б) Еховад дуулгавартай байж тушаалыг нь дагахаас яагаад цааргалах ёсгүй вэ?

4 Еховаг хайрладгаа харуулах гол арга нь түүнд дуулгавартай байх явдал юм. Элч Иохан: «Бурханыг хайрлах нь Түүний тушаалуудыг сахих юм. Түүний тушаалууд нь хүнд дарамт биш билээ» хэмээн бичжээ (1 Иох. 5:3). Өнөөдөр олон хүн дуулгавартай байх дургүй болсон нь үнэн. Гэхдээ «Түүний тушаалууд нь хүнд дарамт биш билээ» гэж байгааг анхаараарай. Ехова бидэнд биелүүлэхийн аргагүй хүнд шаардлага тавьдаггүй.

5 Жишээ нь, та найзаараа хэтэрхий хүнд ачаа зөөлгөх үү? Тэгэхгүй биз дээ. Ехова бол бидэнтэй харьцуулшгүй сайхан сэтгэлтэй, хэр чадлыг маань биднээс ч илүү ойлгодог Бурхан билээ. Ехова биднийг «тоос шороо юм гэдгийг ... санаж байдаг» гэж Библид тэмдэглэсэн (Дуу. 103:14). Ехова хэрээс маань хэтэрсэн шаардлага тавьдаггүй тул бид дуулгавартай байж тушаалыг нь дагахаас цааргалах учиргүй. Тэгээд ч бид Бурханд дуулгавартай байхыг тэнгэрийн Эцгээ хайрладгаа, бас хайран дотор нь байхыг хүсдэгээ харуулах сайхан боломж гэж үздэг.

Еховагийн өгсөн онцгой бэлэг

6, 7. а) Мөс чанар гэж юу вэ? б) Бурхны хайран дотор байхад мөс чанар хэрхэн тусалдаг вэ? Жишээгээр тайлбарлана уу.

6 Өнөөгийн хэцүү ертөнцөд амьдарч байгаа бидэнд янз бүрийн асуудлыг Бурханд дуулгавартайгаа харуулан шийдэх шаардлага их тулгардаг. Бурхны хүсэлд нийцсэн шийдвэр гаргахын тулд яах хэрэгтэй вэ? Ехова бидэнд өөрт нь дуулгавартай байхад их тустай нэг бэлэг буюу мөс чанар заяасан. Мөс чанар гэдэг нь өөрийгөө хянах өвөрмөц чадвар юм. Үүнийг хийх гэж буй үйл хэргээ хянах, эсвэл хийсэн үйлдлээ эргэцүүлж бодон, зөв буруу, сайн муу байсан эсэхийг үнэлж цэгнэдэг шүүгч гэж ойлгож болно (Ром 2:14, 15-ыг уншина уу).

7 Мөс чанар бидэнд хэрхэн тусалдаг вэ? Нэг жишээ үзье. Нэг аянчин хээр талаар хөндлөн гулд хэрэн явж байна гэж бодъё. Жим ч харагдахгүй, баримжаалах ямар ч юм байхгүй. Гэхдээ аянчин зорьсон газар руугаа дөхсөөр байгаа. Учир нь тэрбээр луужинтай. Луужинд дөрвөн зүгийг тэмдэглэсэн байдаг бөгөөд соронзон зүү нь үргэлж чанх хойд зүгийг заадаг. Аянчин луужингүй явбал төөрч будлих нь ойлгомжтой. Үүнтэй адилхан мөс чанар байхгүй бол хүн ёс суртахуунтай, шударга, зөв шийдвэр гаргаж чадахгүй.

8, 9. а) Мөс чанарын талаар юу анхаарах хэрэгтэй вэ? б) Мөс чанарын ач тусыг үзэхийн тулд яах хэрэгтэй вэ?

8 Гэхдээ луужин буруу ажилладаг гэмтэй байдгийн адил мөс чанар бас заримдаа буруу удирдаж мэднэ. Луужингийн ойр хавьд соронзон байвал зүү нь татагдаж, буруу зүгийг заадгийн адил бид зүрхнийхээ хүсэлд дийлдвэл юу болох вэ? Аминч үзэл мөс чанарыг маань муутгана. Библи: «Зүрх бол бүх зүйлээс илүү хуурамч бөгөөд эдгэршгүй өвчтэй юм» хэмээн сэрэмжлүүлдэг (Иер. 17:9; Сур. 4:23). Түүнээс гадна аянчин найдвартай, сайн газрын зурагтай явахгүй бол луужин дангаараа тус болохгүй шиг бид найдвартай удирдлага буюу Бурхны Үг Библиэр удирдуулахгүй бол мөс чанар маань тус болохгүй (Дуу. 119:105). Өнөөдөр олон хүн хүсэл тачаалдаа автан Бурхны Үгэнд байгаа хэм хэмжээг бараг тоодоггүй юм уу эсвэл бүр огт хэрэгсдэггүй нь харамсалтай (Ефес 4:17–19-ийг уншина уу). Ингэхлээр мөс чанар гэдэг төрөлхийн чадвартай хэр нь цөөнгүй хүн аймшигт хэрэг тарьдаг нь гайхах хэрэг биш юм (1 Тим. 4:2).

9 Бид хэрхэвч тийм хүмүүс шиг байх ёсгүй. Мөс чанарын ач тусыг үзэхийн тулд мөс чанараа Бурхны үгээр тасралтгүй сургаж, дасгалжуулцгаая. Бид аминч үзэлд автахын оронд Библиэр сургасан мөс чанартаа захирагдах хэрэгтэй. Түүний зэрэгцээ, итгэл нэгтнүүдийнхээ мөс чанарыг хүндэтгэх нь зүйтэй. Хүн хүний мөс чанар харилцан адилгүй буюу зарим зүйлийг мөс чанарынхаа улмаас хийдэггүйг санаж, тэднийг бүдрүүлэхгүйн тулд чадах бүхнээ хийгээрэй (1 Кор. 8:12; 2 Кор. 4:2; 1 Петр 3:16).

10. Энэ өгүүллээр Еховаг хайрладгаа харуулах ямар гурван зүйлийн талаар ярилцах вэ?

10 Тэгвэл одоо, дуулгавартай байж, Еховаг хайрладгаа харуулах гурван зүйлийг ярилцъя. Эдгээрийг шийдэхэд мөс чанар чухал үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс, юуны өмнө, мөс чанараа Библийн хэм хэмжээний дагуу сургаж Библиэр удирдуулах шаардлагатай. Еховад дуулгавартай байгаагаа харуулах эдгээр зүйл бол: 1) Еховагийн хайрладаг хүмүүсийг хайрлах, 2) эрх мэдлийг хүндэтгэх, 3) Бурхны нүдэнд цэвэр байх явдал юм.

Еховагийн хайрладаг хүмүүсийг хайрлах нь

11. Еховагийн хайрладаг хүмүүсийг хайрлах хэрэгтэйн учир юу вэ?

11 Нэгдүгээрт, бид Еховагийн хайрладаг хүмүүсийг хайрлах ёстой. Хөвөн усыг шингээдэг шиг хүн эргэн тойрныхоо хүмүүсийн нөлөөнд автдаг. Найз нөхөд төгс бус хүнд сайнаар ч, муугаар ч нөлөөлдгийг Бүтээгч маань сайн мэднэ. Тиймээс «Мэргэн хүмүүстэй хамт явагч нь мэргэн болно. Харин мунхаг хүмүүстэй нөхөрлөгч нь хохирол амсана» гэсэн зөвлөгөө өгдөг (Сур. 13:20; 1 Кор. 15:33). Бид бүхэн «хохирол амсах» бус, харин «мэргэн болох» хүсэлтэй. Ехова төгс мэргэн ухаантай бөгөөд бусдын нөлөөгөөр завхран гажуудна гэж үгүй. Тэрбээр бидэнд найз нөхдөө сонгох сайн жишээ болдог. Ехова төгс бус хүмүүсээс ямар хүнийг найзаа болгодог бол оо?

12. Ехова ямар хүнийг найзаа болгодог вэ?

12 Ехова Абрахамыг «Миний найз» гэдэг (Ис. 41:8). Абрахам гайхмаар бат итгэлтэй, шударга, дуулгавартай, үнэнч үйлчлэгч байжээ (Иак. 2:21–23). Ехова өнөөдөр ч гэсэн тийм л хүмүүсийг найзаа болгодог. Тэгвэл найзаа ухаалгаар сонгон, мэргэн хүмүүстэй хамт явж мэргэн болох нь бидэнд бүр ч илүү чухал биз дээ?

13. Найз нөхдөө ухаалгаар сонгоход юу туслах вэ?

13 Найз нөхдөө ухаалгаар сонгоход юу туслах вэ? Библийн жишээнээс суралцах нь үнэхээр тустай. Рут болон түүний хадам ээж Наоми, Давид Ионатан, Паул Тимот нарын сайхан жишээг бодож үзээрэй (Рут 1:16, 17; 1 Сам. 23:16–18; Флп. 2:19–22). Тэднийг их дотно болгосон хамгийн гол шалтгаан нь Еховаг чин сэтгэлээсээ хайрлах хайр байв. Тиймээс Еховаг тантай адил хайрладаг хүнийг найзаа болгоорой. Христиан хурал дотроос тийм найз олох боломж үнэхээр бий. Тэд таныг сүнслэг хохирол амсах юманд уруу татахгүй. Харин ч тэд таныг Бурханд дуулгавартай, Еховатай илүү дотно, «Сүнсэнд таригч» болоход тусална (Галат 6:7, 8-ыг уншина уу). Бас Бурхны хайран дотор байхад тань туслах болно.

Эрх мэдлийг хүндэтгэх нь

14. Эрх мэдлийг хүндэтгэх нь хүмүүст амаргүй санагддагийн учир юу вэ?

14 Еховаг хайрладгаа харуулах хоёр дахь зүйл нь эрх мэдэлтэй холбоотой. Бид эрх мэдлийг хүндэтгэх ёстой. Энэ нь ямар учраас заримдаа амаргүй байдаг вэ? Нэг шалтгаан нь эрх мэдэлтэй хүмүүс төгс бус байдаг. Түүнээс гадна, бид ч бас төгс бус. Тиймээс бид эрх мэдэлд үл захирагдах төрөлхийн хандлагатайгаа тэмцдэг.

15, 16. а) Еховагийн томилсон хариуцлагатай үүрэг хүлээсэн хүмүүсийг хүндэтгэх хэрэгтэйн учир юу вэ? б) Мосегийн эсрэг гомдол гаргасан израильчуудыг Ехова юу гэж үзсэнээс бид ямар сургамж авч болох вэ?

15 «Эрх мэдлийг хүндэтгэх нь амаргүй байдаг юм бол яагаад хүндэтгэх хэрэгтэй гэдэг юм бэ?» гэсэн асуулт урган гарч болох юм. Үүний хариу нь хэмжээгүй эрх мэдлийн тухай маргаантай асуудалтай холбоотой. Та хэнийг хэмжээгүй эрхт захирагч гэж үздэг вэ? Хэрвээ Еховаг Хэмжээгүй эрхт Нэгэн гэж үздэг бол эрх мэдлийг нь хүндэтгэх хэрэгтэй. Тэгэхгүй бол Еховаг Захирагчаа гэж үздэг гэхийн аргагүй. Түүнээс гадна, Ехова хэмжээгүй эрх мэдлээ төгс бус хүмүүсээр дамжуулан хэрэгжүүлдэг бөгөөд үйлчлэгчдэдээ санаа тавих үүргийг тэдэнд өгдөг. Хэрвээ бид тэднийг эсэргүүцвэл Еховад ямар санагдах вэ? (1 Тесалоник 5:12, 13-ыг уншина уу).

16 Жишээ нь, Ехова израильчуудыг Мосегийн эсрэг гомдол гаргахад өөрийг нь эсэргүүцэж байна гэж үзсэн билээ (Тоо. 14:26, 27). Бурхан өөрчлөгдөөгүй. Тэгэхлээр, Бурхны томилсон хүмүүсийг эсэргүүцэх нь Бурхныг эсэргүүцсэнтэй адил болно!

17. Христиан хуралд хариуцлагатай үүрэг хүлээсэн хүмүүст яаж хандаж сурах нь зөв бэ?

17 Христиан хуралд хариуцлагатай үүрэг хүлээсэн хүмүүст яаж хандах хэрэгтэйг элч Паул тайлбарлан: «Удирдагчдаа дагаж, тэдэнд захирагдагтун. Учир нь тэд тооцоо хийгчид адил та нарын сэтгэлийг сэрэмжлэн харгалзаж байдаг. Тэд үүнийг санаа алдалгүйгээр, баяртайгаар хийг. Эс бөгөөс та нарт ямар ч ашиг болохгүй» хэмээжээ (Евр. 13:17). Дуртайяа захирагдан, дуулгавартай байж сурахад их хүчин чармайлт гаргах шаардлагатай нь үнэн. Гэхдээ ингэж чармайхын учир нь Бурхны хайран дотор байхын тулд юм гэдгийг бүү мартаарай. Ийм зорилгод хүрэх нь юунаас ч илүү чухал биз дээ?

Еховагийн нүдэнд цэвэр байх нь

18. Ехова биднээс цэвэр байхыг хүсдэгийн учир юу вэ?

18 Еховаг хайрладгаа харуулах гурав дахь зүйл нь Еховагийн нүдэнд цэвэр байх гэж мэрийх явдал юм. Ер нь эцэг эхчүүд хүүхдээ цэвэр байлгахыг хичээдэг. Яагаад? Ариун цэвэр сахих нь хүүхдийг эрүүл энх болон сайн сайхан байхад их тустай. Түүнээс гадна, эцэг эхийн нэр хүндэд ч хамаатай бөгөөд хүүхдэдээ хэр зэрэг санаа тавьдгийг харуулдаг. Үүнтэй адилхан шалтгаанаар Ехова биднийг цэвэр байгаасай гэж хүсдэг. Цэвэр байх нь бидний сайн сайханд тустайг Бурхан мэддэг. Бас бидний цэвэр байдлаар өөрийнх нь нэр алдаршина гэдгийг ч мэддэг. Улмаар ёс бус ертөнцийн ихэнх хүнээс ялгаатайг маань ажигласан зарим хүн Бурханд татагдаж Түүнд үйлчлэх хүсэлтэй болж мэднэ. Тэгэхлээр, цэвэр байх гэдэг нь их чухал юм.

19. Ахуй болон биеийн хувьд цэвэр байх нь яагаад чухал бэ?

19 Бид амьдралынхаа ямар хүрээнд цэвэр байх хэрэгтэй вэ? Бүх хүрээнд цэвэр байх хэрэгтэй. Ехова эртний израильчуудад ахуй болон биеийн хувьд цэвэр байхын чухлыг тодорхой хэлжээ (Лев. 15:31). Мосегийн хуульд ялгадсаа газарт булах, эд хогшлоо цэвэрлэх, гар хөл, хувцас хунараа угаах гэх мэтийн заалт байжээ (Ег. 30:17–21; Лев. 11:32; Тоо. 19:17–20; Д.хууль 23:13, 14). Ехова ариун Бурхан гэдгээ израильчуудад сануулжээ. Ариун Бурхны үйлчлэгчид бас цэвэр, ариун байдаг (Левит 11:44, 45-ыг уншина уу).

20. Бид өөр юугаараа цэвэр байх хэрэгтэй вэ?

20 Гаднаа төдийгүй дотроо цэвэр байх хэрэгтэй. Бид бодол санааны хувьд цэвэр байхыг хичээдэг бөгөөд ёс суртахууны хэм хэмжээ уруудан доройтож байгаа өнөө үед ч Еховагийн өгсөн тушаалуудыг сахидаг. Хамгийн гол нь, хуурамч шашны аливаа хэлбэрээс хол байж, шашин шүтлэгийн хувьд цэвэр байх ёстой. Исаиа 52:11-д байгаа «Явагтун, явагтун. Тэндээс гарагтун! Бузар юманд бүү хүрэгтүн! Түүний дундаас гарагтун! ... Өөрсдийгөө ариусгагтун!» гэсэн Бурхны сануулгыг бүү мартаарай. Бид хуурамч шашнаас хол байж шашин шүтлэгийн хувьд ч цэвэр байдаг. Тийм учраас өнөөдөр өргөн тэмдэглэдэг хуурамч шашинтай холбоотой баяр ёслол, зан үйлээс болгоомжлон зайлсхийдэг. Цэвэр байх амаргүй нь үнэн. Гэхдээ Еховагийн ард түмэн цэвэр байх гэж хамаг хүчээрээ хичээдэг нь Бурхныхаа хайран дотор байхын тулд юм.

21. Бурхны хайран дотор байя гэвэл яах хэрэгтэй вэ?

21 Ехова биднийг хайран дотор нь үүрд мөнх байгаасай гэж хүсдэг. Гэхдээ бид дор бүрнээ Бурхны хайран дотор өөрсдийгөө сахихын тулд чадах бүхнээ хийх ёстой. Үүний тулд Есүсийн жишээгээр, Бурхны тушаалуудыг сахин хайртайгаа батлах хэрэгтэй. Тэгсэн цагт хэн ч, юу ч «Эзэн Христ Есүсийн доторх Бурханы хайраас биднийг салгаж чадахгүй» (Ром 8:38, 39).

Санаж байна уу?

• Бурхны хайран дотор байхад мөс чанар хэрхэн тусалдаг вэ?

• Еховагийн хайрладаг хүмүүсийг хайрлах хэрэгтэйн учир юу вэ?

• Эрх мэдлийг хүндэтгэх нь яагаад чухал бэ?

• Бурхны ард түмэнд цэвэр байх нь хэр зэрэг чухал бэ?

[Догол мөрийн асуулт]

[20-р хуудасны хавсралт/зураг]

БИЕЭ ЗӨВ АВЧ ЯВАХАД ТУСАЛДАГ НОМ

2008 онд болсон мужийн чуулганаар 224 хуудастай, «Бурхны хайран дотор өөрсдийгөө сахь» гэдэг ном гарсан билээ. Энэ шинэ номын зорилго нь Еховагийн тогтоосон хэм хэмжээг ойлгоод хайрладаг болоход, гол нь христиан ёсоор биеэ зөв авч явахад туслах явдал юм. «Бурхны хайран дотор өөрсдийгөө сахь» номыг нягтлан судалбал, өнөөдөр Еховагийн тогтоосон хэм хэмжээг баримтлан амьдрах нь хамгийн ухаалаг бөгөөд ирээдүйд мөнх аминд хүргэх зам гэдэгт бат итгэлтэй болно.

Түүнээс гадна, уг ном Еховад дуулгавартай байх нь хүнд дарамт биш гэдгийг ойлгуулахад туслах зорилготой. Бурханд дуулгавартай байх нь Еховад хэр зэрэг хайртайгаа харуулах нэг арга юм. Тиймээс, та энэ номыг уншихлаараа «Би ямар учраас Еховад дуулгавартай байдаг билээ?» гэж бодох биз ээ.

Зарим хүн Еховагийн хайран дотор байхаа больё гэсэн харамсмаар шийдвэр гаргадаг нь сургаалыг ойлгоогүйтэй нь бус, биеэ буруу авч явдагтай нь холбоотой аж. Тиймд, биднийг өдөр тутам удирддаг Еховагийн хууль зарчмыг улам өндөр үнэлэх нь хэчнээн чухал бэ! Энэ ном дэлхийн өнцөг булан бүрд буй Еховагийн хонь мэт үйлчлэгчдэд зөвийн төлөө бат зогсоход, Сатаны худалч гэдгийг батлахад, хамгийн гол нь Бурхны хайран дотор байхад нь тусална гэдэгт найдаж байна! (Иуда 21).

[18-р хуудасны зураг]

«Би Эцэгийнхээ тушаалыг сахиж, Түүний хайр дотор байдгийн адил, та нар Миний тушаалыг сахивал Миний хайр дотор байх болно»