Skip to content

Гарчиг руу орох

Мессиа бол Бурхны томилсон Аврагч мөн

Мессиа бол Бурхны томилсон Аврагч мөн

Мессиа бол Бурхны томилсон Аврагч мөн

«Адам дотор бүгд үхдэгчлэн Христ дотор бүгд амьдруулагдах болно» (1 КОР. 15:22).

1, 2. а) Есүстэй тааралдсан Андрей Филип нар яасан бэ? б) Есүсийг Мессиа мөн гэж батлах баримт өнөөдөр І зууны үеийнхээс илүү олон байдаг гэж хэлж болохын учир юу вэ?

 «БИД Мессиаг ... оллоо» гэж Андрей өөрийн ах Петрт хэлжээ. Тэрбээр Назарын Есүсийг Бурхны тосолсон Нэгэн мөн гэдэгт итгэлтэй байлаа. Есүсийг Мессиа гэдэгт эргэлзэлгүй итгэсэн Филип ч бас найз Натанаелыг хайж олоод: «Бид Мосегийн Хуульдаа бичсэн болон эш үзүүлэгчдийн бичсэн тэр хүн болох Иосефын хүү, Назарын Есүсийг оллоо» гэж хэлжээ (Иох. 1:40, 41, 45).

2 Тэгвэл та Есүсийг Еховагийн амласан Мессиа, «авралын тэргүүн Удирдагч» мөн гэж бат итгэдэг үү? (Евр. 2:10, МАБ). Үнэндээ, Есүсийг Мессиа мөн гэдгийг батлах баримт өнөөдөр І зууны үеийнхээс илүү олон байдаг. Есүсийг төрсөн цагаас нь эхлэн амилах хүртэл нь тохиолдсон үйл явдлуудыг Бурхны Үгнээс уншихад тэрбээр үнэхээр Христ байсан нь хөдөлгөөнгүй нотлогддог (Иохан 20:30, 31-ийг уншина уу). Библид тэмдэглэснээр, тэрбээр тэнгэрт гарсан хойноо ч Мессиагийн үүргийг гүйцэтгэсээр байх аж (Иох. 6:40; 1 Коринт. 15:22-ыг уншина уу). Та ч гэсэн Библийн мэдлэгтээ үндэслээд: «Мессиаг оллоо» гэж хэлэх боломжтой. Гэхдээ эртний шавь нар нь Мессиаг олсон гэдэгтээ итгэлтэй байсны учрыг эхлээд ярилцъя.

Мессиагийн тухай «нууц» аажмаар илчлэгдсэн нь

3, 4. а) І зууны шавь нар юунд үндэслэн «Мессиаг олсон» бэ? б) Мессиад хамаатай бүх зөгнөлийг биелүүлж чадсан цорын ганц хүн нь Есүс гэж үзэхийн учир юу вэ?

3 І зууны үед Есүсийн дагалдагчид түүнийг Мессиа мөн гэдэгт итгэж байсны учир юу вэ? Ехова зөнчдөөрөө уламжлан, ирээдүйд ирэх Мессиаг таних тэмдгийг аажмаар илчилж байжээ. Библи судлаач нэгэн эрдэмтэн энэ үйл явцыг олон жижиг хэсэг бүхий баримлыг эвлүүлэхтэй адилтган жишээ татжээ. Урьд нь бие биетэйгээ хэзээ ч уулзаж байгаагүй хүмүүс дор бүрнээ гантиг чулууны хэсэг барьсаар нэг газар иржээ гэж бодъё. Тэдний авчирсан хэсгүүдийг эвлүүлэхэд нэг сайхан баримал бослоо гэвэл тэр баримлын хэсгүүдийг хийж, хүн бүрд илгээсэн хэн нэгэн заавал байж таарна. Тэр баримлыг бүрдүүлж буй хэсэг бүрийг Мессиад хамаатай зөгнөл гэж үзвэл зөгнөл болгон Мессиагийн тухай нэг чухал мэдээлэл агуулдаг гэж хэлж болох юм.

4 Тэгвэл Мессиад хамаатай бүх зөгнөлийн биелэл ганц хүнд санамсаргүйгээр таарах боломж хэр зэрэг байдаг бол? Нэгэн судлаачийн хэлснээр, Мессиад хамаатай бүх зөгнөл нэг хүнд тохиолдлоор биелэх магадлал «дэндүү бага» учир огт боломжгүй аж. Тэрбээр: «Есүст л таарсан. Тэгээд ч энэ бүхнийг биелүүлж чадсан цорын ганц хүн нь Есүс байсан юм» гэжээ.

5, 6. а) Сатаныг хэрхэн шийтгэх вэ? б) Бурхан амласан «үрийн» гарал үүслийг хэрхэн мэдэгдэж байсан бэ?

5 Мессиагийн тухай зөгнөлүүд нь орчлонт ертөнцөд хамаатай, олон талт нэгэн «нууцад» төвлөрч байв (Кол. 1:26, 27; Эх. 3:15). Энэ нууцын нэгээхэн хэсэг нь хүн төрөлхтнийг нүгэл болон үхэлд унагасан «эртний могой» болох Сатан Диаволд оноох шийтгэлийн тухай байжээ (Илч. 12:9). Түүнийг яаж шийтгэх юм бол? Нэг «эмэгтэйгээс» «үр» гарч, Сатаны толгойг няцална гэж Ехова зөгнөсөн. Өөрөөр хэлбэл, зөгнөсөн «үр» могойн толгойг няцлах буюу самууны гол эзнийг устгаж, улмаар өвчин, үхлийг үгүй болгох ажээ. Гэхдээ эхлээд Сатан өнөөх эмэгтэйн «үрийн» өсгийг бэлгэдлийн утгаар шархдуулах байв.

6 Амласан «үр» хэн байхыг Ехова аажмаар илчилж байв. Бурхан Абрахамд: «Газар дэлхийн бүх үндэстэн чиний үрсээр [«үрээр», ШЕ] дамжуулан ерөөгдөх болно» гэж амласан (Эх. 22:18). Мосе тэр Нэгнийг өөрөөс нь агуу «эш үзүүлэгч» байна хэмээн зөгнөсөн (Д.хууль 18:18, 19). Хожим нь Давид өөрийнх нь удмаас Мессиа гарч, хаан ширээг нь мөнхөд өвлөх учиртайг мэдсэн бөгөөд зөнчид ч үүнийг батлан бичжээ (2 Сам. 7:12, 16; Иер. 23:5, 6).

Есүсийг Мессиа мөн гэхийн баталгаа

7. Есүс Бурхны «эмэгтэйгээс» гарсан гэдэг нь юу гэсэн үг вэ?

7 Бурхан ууган бүтээл болох Хүүгээ амласан «үр» болгож, сүнсэн бүтээлүүдээс бүрддэг, эхнэртэй зүйрлэм тэнгэрийн байгууллагаасаа илгээсэн. Тиймээс Бурхны цорын ганц Хүү тэнгэрийн амьдралаа орхин «өөрийгөө хоосолж», дэлхийд ирж төгс хүн болон төрөх шаардлагатай болов (Флп. 2:5–7; Иох. 1:14). Бурхан Мариаг ариун сүнсээрээ «бүрхсэн» нь түүнээс төрөх «ариун нэгэн нь Бурханы Хүү» мөн хэмээн баталсан хэрэг байв (Лук 1:35).

8. Есүс баптисм хүртсэнээр Мессиагийн тухай зөгнөлүүдийг биелүүлсэн гэж үзэж болохын учир юу вэ?

8 Есүс хэзээ, хаана төрж, хэзээ Мессиагаар тодрохыг зөгнөлүүдээс мэдэж болох байв. Есүс зөгнөсөн ёсоор Бетлехемд төрсөн (Мика 5:2). І зууны иудейчүүд Мессиагийн ирэхийг тэсэн ядан хүлээж байсан бөгөөд зарим нь Баптисм хүртээгч Иоханыг «Христ мөн ... эсэхийг» сонирхож байв. Харин Иохан тэдэнд: «Надаас илүү хүчтэй Нэгэн ирж байна» гэж хэлжээ (Лук 3:15, 16). МЭ 29 оны намар Есүс 30 насандаа Иохан дээр очиж баптисм хүртсэн нь тогтоосон цагт Мессиа болсон хэрэг байлаа (Дан. 9:25). Тэгээд тэрбээр: «Тэр үе биеллээ оллоо. Бурханы хаанчлал ойрхон байна» гэж тунхаглан, дэлгэрүүлэх ажлаа эхэлсэн (Марк 1:14, 15).

9. Есүсийн шавь нар бүх нарийн ширийн зүйлийг ойлгоогүй байхдаа ч юунд бат итгэлтэй байсан бэ?

9 Гэвч Мессиаг хүлээж байсан хүмүүсийн ойлголт андуу ташаа байв. Тэд Есүсийг Хааны ёсоор хүлээж авсан нь зөв боловч түүнийг ирээдүйд тэнгэрээс захирна гэдгийг тухайн үедээ сайн ойлгохгүй байжээ (Иох. 12:12–16; 16:12, 13; Үйлс 2:32–36). Гэхдээ Есүсийг «Та нар Намайг хэн гэж хэлэх вэ?» гэж асуухад Петр: «Та бол Христ, амьд Бурханы Хүү мөн» гэж ямар ч эргэлзээгүйгээр хариулсан (Мат. 16:13–16). Бас нэг сургаалаас нь болж бүдэрсэн олон хүн Есүсийг орхиход ч Петр дээрхтэй төстэй хариу хэлсэн (Иохан 6:68, 69-ийг уншина уу).

Мессиаг сонсох нь

10. Ямар учраас Ехова Хүүд нь дуулгавартай байхыг онцлон тэмдэглэсэн бэ?

10 Бурхны цорын ганц Хүү тэнгэрт хүчирхэг сүнсэн бүтээл байсан. Харин дэлхийд байхдаа «Бурханаас ирсэн» төлөөлөгч нь байв (Иох. 16:27, 28). Есүс: «Миний сургаал бол Минийх биш, харин Намайг Илгээгчийнх» хэмээсэн билээ (Иох. 7:16). Есүсийг «хувирч өөрчлөгдөх» үед нь Ехова: «Түүнийг сонсогтун» гэж тушаасан нь Есүсийг Мессиа мөн гэж баталсан хэрэг байв (Лук 9:35). Тиймээс бид Бурхны сонгосон Нэгнийг сонсох буюу түүнд дуулгавартай байх учиртай. Энэ нь Есүст итгэж, итгэлээ үйл хэргээрээ харуулна гэсэн үг бөгөөд ингэсэн цагт л Бурхны тааллыг олж, мөнх амьтай болно (Иох. 3:16, 35, 36).

11, 12. а) Ямар ямар шалтгааны улмаас І зууны үеийн иудейчүүд Есүсийг Мессиа гэж хүлээн зөвшөөрч чадаагүй вэ? б) Ямар хүмүүс Есүст итгэсэн бэ?

11 Есүсийг Мессиа мөн гэх баттай нотолгоо байсан боловч І зууны үеийн ихэнх иудейчүүд түүнийг хүлээн зөвшөөрөөгүй. Учир нь тэд Мессиаг өөрсдийнхөө бодсоноор ойлгодог байв. Тухайлбал, Мессиаг Ромын дарлалаас чөлөөлөх улс төрийн зүтгэлтэн байх мэтээр бодож байжээ (Иохан 12:34-ийг уншина уу). Тиймээс, зөгнөлийн дагуу, олон түмэнд «үзэн ядагдаж, хүмүүсээр орхигдож», «уй гашуу», «өвчин зовлонг» өөрийн биеэр үзээд, эцэст нь, алуулсан тийм Мессиаг хүлээн зөвшөөрч чадаагүй (Ис. 53:3, 5). Тэр байтугай, Есүсийн үнэнч шавь нарын зарим нь түүнийг Израиль үндэстнийг Ромын дарлалаас чөлөөлөөгүйд урам нь хугарч байсан. Гэхдээ тэд үнэнч байсныхаа ачаар хожим нь зөв ойлголттой болсон (Лук 24:21).

12 Олон хүн Есүсийг Мессиа гэж хүлээн зөвшөөрөөгүйн бас нэг шалтгаан нь сургаалыг нь дагаж баримтлахад амаргүй гэж үзэж байсных аж. Есүсийн сургаснаар, Хаанчлалд орох хүн «өөрийгөө үгүйсгэх», Есүсийн «махыг идэж, цусыг нь уух», «дээрээс ... төрөх», «ертөнцийнх биш байх» учиртай ажээ (Марк 8:34; Иох. 3:3; 6:53; 17:14, 16). Гэтэл ихэмсэг бардам, баян чинээлэг, Бурханд итгэдэг дүр эсгэдэг хүмүүс эдгээрийг биелүүлэхийн аргагүй хүнд шаардлага гэж үзэж байв. Харин даруу иудейчүүд «Энэ Нэгэн бол үнэхээр ертөнцийн Аврагч мөн» хэмээсэн самаричуудын адилаар Есүсийг Мессиа мөн гэж хүлээн зөвшөөрч чадсан юм (Иох. 4:25, 26, 41, 42; 7:31).

13. Есүс «өсгийгөө» хэрхэн няцлуулсан бэ?

13 Есүс ахлах тахилч нараас үхлийн ял авч, харь үндэстэнд тушаагдан, шонд хадуулах боловч гурав дахь өдөр нь амилна гэдгээ зөгнөсөн байлаа (Мат. 20:17–19). Түүнийг Иудейн Дээд шүүхийн өмнө «Бурханы Хүү, Христ мөн» гэдгээ хүлээн зөвшөөрөхөд нь Бурхныг доромжилсон хэмээн буруутгасан (Мат. 26:63–66). Пилат Есүсийг «үхвэл зохих хэрэг» огт үйлдээгүйг нь тогтоосон атлаа бослогод өдөөн турхирсан хэмээн Есүсийг буруутгаж байсан иудейчүүдийн «мэдэлд тушаав» (Лук 23:13–15, 25). Есүсийг Бурхан илгээсэн гэх баттай нотолгоо байсаар байтал иудейчүүд «амь руу хөтлөгч Эзэнийг» (ШГ) «үгүйсгэж», хуйвалдан алуулжээ (Үйлс 3:13–15). Ийнхүү зөгнөл биелж, Мессиа МЭ 33 оны Дээгүүр өнгөрөх баярын өдөр шонд хадуулан «таслагдсан» (Дан. 9:26, 27; Үйлс 2:22, 23). Тэрбээр ийн хэрцгийгээр хөнөөгдсөн нь Эхлэл 3:15-д зөгнөсний дагуу «өсгийгөө» няцлуулсан хэрэг байв.

Мессиа үхэх ёстой байсны учир

14, 15. а) Есүс ямар хоёр чухал шалтгааны улмаас үхсэн бэ? б) Есүс амилсныхаа дараа юу хийсэн бэ?

14 Есүсийг хоёр чухал шалтгааны улмаас үхэхийг Ехова хүлцэн зөвшөөрсөн. Нэгдүгээрт, Есүс үхэн үхтэлээ үнэнч байснаараа «нууцын» нэг чухал хэсгийг тайлсан. Өөрөөр хэлбэл, Сатан ямар ч харгис сорилт учруулсан төгс хүн «бурханлаг» буюу үнэнч байж, Бурхны хэмжээгүй эрх мэдлийг дэмжиж чаддагийг үхэн үхтэлээ үнэнч байсан Есүс батлан харуулсан (1 Тим. 3:16). Хоёрдугаарт, өөрийнх нь хэлснээр, «Хүний Хүү ... амиа олны төлөө золиос болгон өгөх» явдал байв (Мат. 20:28). Есүс энэхүү «золиосоороо» Адамаас үр удамд нь өвлөгдсөн нүглийг цайруулсан. Үүний ачаар, Есүсийг Бурхны томилсон Аврагч гэж хүлээн зөвшөөрөх хэн боловч мөнх амьтай болох боломжтой болсон (1 Тим. 2:5, 6).

15 Христ үхээд гурав дахь өдөртөө амилсан. Тэгээд амьд гэдгээ батлан шавь нартаа 40 хоног үзэгдэхдээ заавар өгч байв (Үйлс 1:3–5). Дараа нь золиосныхоо үнэ цэнийг Еховад өргөн барихын тулд тэнгэрт гарсан бөгөөд Мессиа Хаанаар залран байх үе нь эхлэх товлосон цагийг хүлээх болов. Гэхдээ тэр хугацаанд ихийг хийх учиртай байлаа.

Мессиагийн үүргийг бүрэн гүйцэд биелүүлэх нь

16, 17. Тэнгэрт гарсан Есүс Мессиагийн хувьд юу хийхийг товч хэлнэ үү.

16 Есүс амилснаасаа хойш олон зууны турш христиан хурлын үйл ажиллагааг Хааны ёсоор, үнэнчээр удирдан чиглүүлж ирсэн (Кол. 1:13). Товлосон цаг болохлоор тэрбээр Бурхны Хаанчлалын Хааны эрх мэдлийг эдэлж эхлэх байв. Есүсийн Хаанаар залран байх үе болон «үеийн төгсгөл» 1914 онд эхэлснийг Библийн зөгнөлүүд болон дэлхий дахины үйл явдлууд баталдаг (Мат. 24:3; Илч. 11:15). Тэр үеэс хойш удалгүй Есүс ариун тэнгэр элчүүдээ удирдан Сатаныг чөтгөрүүдтэй нь хамт тэнгэрээс хөөсөн (Илч. 12:7–10).

17 МЭ 29 онд Есүсийн эхлүүлсэн дэлгэрүүлэх болон заах ажил ойрын ирээдүйд өндөрлөнө. Тэрбээр удахгүй амьд бүхнийг шүүнэ. Тэгээд өөрийг нь Еховагийн томилсон Аврагч гэж хүлээн зөвшөөрдөг хонь мэт хүмүүст «ертөнцийн сууриас [өөрсдөд нь] бэлтгэсэн хаанчлалыг өвлөн авсугай» гэж хэлнэ (Мат. 25:31–34, 41). Өөрийг нь Хаан гэж хүлээн зөвшөөрөөгүй хүмүүсийг Есүс тэнгэрийн армиа удирдан ёс бус бүхнийг арилгахдаа устгана. Тэр үед Сатаныг хүлээд, чөтгөрүүдтэй нь хамт «ёроолгүй гүнд» хаяна (Илч. 19:11–14; 20:1–3).

18, 19. Есүс Мессиагийн хувьд ирээдүйд юу хийх вэ? Үүний ачаар дуулгавартай хүн төрөлхтөн ямар ач тус хүртэх вэ?

18 Есүс Мянган жилийн засаглалынхаа үед «Гайхамшигт Зөвлөгч, Хүчит Бурхан, Мөнхийн Эцэг, Энхийн Жонон» гэх мэтийн бүх цолныхоо учир утгыг үйл хэргээрээ харуулна (Ис. 9:6, 7). Есүсийн Хаанчлалын удирдлага дор хүн төрөлхтөн, амилсан хүмүүс ч төгс болно (Иох. 5:26–29). Мессиа өөрт нь захирагдах хүсэлтэй хүмүүсийг «амийн усны булгууд уруу хөтөлнө». Үүний ачаар дуулгавартай хүмүүст Еховатай энхийн харьцаа тогтоох боломж олдоно (Илчлэлт 7:16, 17-г уншина уу). Эцсийн сорилтын дараа бүх самуун этгээд Сатан болон чөтгөрүүдтэй хамт «галт нуурт хаягдана». Ийнхүү «могой» толгойгоо няцлуулан үхлийн шарх олно (Илч. 20:10).

19 Тэгэхлээр, Есүс Мессиагийн үүргээ үнэхээр гайхамшигтай, бүрэн гүйцэд биелүүлэх нь ээ! Нүглээс чөлөөлөгдсөн хүмүүс диваажин дэлхийд төгс болж, эрүүл саруул, аз жаргалтай, мөнх амьдарна. Еховагийн нэр бүрмөсөн ариусаж, хэмжээгүй эрх мэдэл нь бүрэн зөвтгөгдөнө. Ийм агуу өвийг Бурхны тосолсон Нэгэнд дуулгавартай байдаг бүх хүн удахгүй хүлээж авах болно.

Та Мессиаг олсон уу?

20, 21. Хүмүүст Мессиагийн талаар ярих ямар ямар шалтгаан байдаг вэ?

20 Бид 1914 онд эхэлсэн Христийн «пароусиа» буюу залран байх үед амьдарч байна. Есүс Бурхны Хаанчлалын Хаанаар залран байгаа нь шууд харагддаггүй боловч биелж буй зөгнөлүүдээс харагддаг (Илч. 6:2–8). Гэхдээ өнөөгийн ихэнх хүн І зууны үеийн иудейчүүдийн адилаар Мессиагийн залран байгааг илтгэх шинж тэмдгийг үл тоомсорлодог. Тэд ч бас хэн нэг улс төрийн зүтгэлтнийг юм уу улс төрчдөөр өөрчлөлт хийлгэж чадах нэгнийг хүсэн хүлээдэг. Харин та Есүсийг Бурхны Хаанчлалын Хаан болчихоод захирч байгааг нь мэддэг болсон. Энэ тухай анх мэдээд баярлаж байсан биз дээ? Тэгээд яг л І зууны үеийн шавь нарынх нь адилаар: «Бид Мессиаг оллоо» гэж хэлэхийг хүсэж байсан биз ээ.

21 Тэгвэл одоо Библийн үнэнийг хүмүүст ярихдаа Мессиагийн хувьд Есүсийн гүйцэтгэдэг үүргийг онцолж ярьдаг уу? Ярьдаг бол, өөрийн тань төлөө Мессиагийн хийсэн, хийж байгаа, ирээдүйд хийх бүхнийг илүү их үнэлдэг болно. Та Андрей Филип нарын адилаар хамаатан садан, найз нөхдөдөө Мессиагийн талаар ярьсан нь гарцаагүй. Гэхдээ Есүс Христ бол амласан Мессиа, Бурхны томилсон Аврагч мөн гэдгийг урьд урьдынхаасаа илүү хичээл зүтгэл гарган ярихад юу нь болохгүй билээ?

Тайлбарлана уу

• І зууны үеийн шавь нар юунд тулгуурлан Мессиаг олсон бэ?

• Есүс ямар хоёр чухал шалтгаанаар үхсэн бэ?

• Есүс Мессиагийн хувьд ирээдүйд юу хийх вэ?

[Догол мөрийн асуулт]

[21-р хуудасны зураг]

І зууны үеийн хүмүүс Есүсийг амласан Мессиа мөн гэж яаж таньсан бэ?

[23-р хуудасны зураг]

Та хүмүүстэй ярилцахдаа Есүс Мессиагийн үүрэг гүйцэтгэдгийг онцолдог уу?