Skip to content

Гарчиг руу орох

Дуусашгүй хайрыг хөгжүүлэгтүн

Дуусашгүй хайрыг хөгжүүлэгтүн

Дуусашгүй хайрыг хөгжүүлэгтүн

«[Хайр] бүгдийг тэсвэрлэдэг. Хайр хэзээ ч дуусдаггүй» (1 КОР. 13:7, 8).

1. а) Ер нь, хайрыг ямар талаас нь голлон дүрсэлдэг вэ? б) Хүмүүс ихэнхдээ хэнийг, юуг хайрладаг вэ?

 ХАЙРЫН сэдэв хэзээд олны анхаарлыг татсаар ирсэн. Дуу хөгжимд хайрыг магтан дуулдаг ч янаг амрагийн хайрыг л тод томруун дүрслэх нь олонтаа. Уг нь, хайрлаж, хайрлуулах нь хүний төрөлхийн хүсэл юм. Гэтэл хайрыг ердөө л хайр дурлалын талаас нь дүрсэлсэн ном, кино зэрэг нь дэлгүүр хоршооны лангуугаар дүүрэн болжээ. Харин Бурхныг болон хөршөө хайрлах жинхэнэ хайр дэндүү их дутагдаж байгаа нь даанч харуусмаар. Эцсийн өдрүүдийн талаарх Библийн зөгнөл нүдний маань өмнө биелж байна. Хүмүүс «өөрсдийгөө хайрлагчид, мөнгийг хайрлагчид, ... Бурханыг хайрлагчид байхаас илүү зугаа цэнгэлийг хайрлагчид» байх болжээ (2 Тим. 3:1–5).

2. Хайрлах ёсгүй юмыг хайрлахаас Библи хэрхэн сэрэмжлүүлдэг вэ?

2 Хүн хэдийгээр хайрлах чадвартай бүтээл боловч хайрлах ёсгүй юмыг хайрлахаас Бурхны Үг сэрэмжлүүлдэг. Тийм юмыг хайрлах хайр зүрхэнд үндэслэвэл ямар аюул учруулдгийг Библи хэлж өгдөг (1 Тим. 6:9, 10). Элч Паул Демийн тухай юу гэж бичсэнийг санацгаая. Дем нэг хэсэг Паултай хамт Бурханд үйлчилж байсан боловч энэ ертөнцөөс авч болох юмыг хайрладаг болжээ (2 Тим. 4:10). Бас элч Иохан христиануудыг яг ийм аюулаас сэрэмжлүүлсэн (1 Иохан 2:15, 16-г уншина уу). Энэ ертөнц болон ертөнцөд байдаг зуурдын юмсыг, Бурхан болон түүнээс ирдэг бүхнийг нэгэн зэрэг хайрлах аргагүй.

3. Бид яах хэрэгтэй болдог вэ? Ямар ямар асуулт урган гарч байна вэ?

3 Бид хэдийгээр ертөнцөд амьдардаг боловч ертөнцийнх биш ээ. Тиймээс ертөнцийн үзэлд автан, хайрлах ёсгүй юмыг хайрладаг болохгүйн тулд тэмцэх хэрэгтэй болдог. Тийм хайранд эзэмдүүлэхгүй байх нь амин чухал юм. «Тэгвэл хэнийг жинхэнэ ёсоор хайрладаг болох ёстой вэ? Хайрладгаа яаж харуулах вэ? Бүгдийг тэсвэрлэдэг, дуусашгүй хайрыг хөгжүүлэхийн тулд яах хэрэгтэй вэ? Ийм хайр хөгжүүлэх нь одоо ямар ашигтай вэ? Ирээдүйтэй маань ямар холбоотой вэ?» гэх мэтийн чухал асуулт урган гарч байна. Бурхны үзэл бодолд нийцэх хариуг олбол бидний хувьд зөв удирдлага болно.

Еховаг улам их хайрладаг болох нь

4. Яавал Бурхныг улам их хайрладаг болох вэ?

4 Яавал Еховаг улам их хайрладаг болохыг жишээгээр үзье. Тариачин хүн хөрс боловсруулж, үр суулгаад, ургуулах гэж арчилж торддог (Евр. 6:7). Бид ч бас Бурхныг хайрлах хайраа «ургуулах» буюу хөгжүүлэх хэрэгтэй. Үүний тулд Хаанчлалын үнэний үр суулгагдсан зүрх гэдэг хөрсийг боловсруулах нь зүйтэй. Энэ нь Бурхны тухай мэдлэгээ гүнзгийрүүлэх зорилгоор Үгийг нь нямбай судална гэсэн үг (Кол. 1:10). Бас цуглаанд тогтмол очих, оролцох нь мэдлэгээ гүнзгийрүүлэхэд ач тустай. Тэгвэл бид мэдлэгээ гүнзгийрүүлэхийн тулд дор бүрнээ байнгын хүчин чармайлт гардаг уу? (Сур. 2:1–7).

5. а) Еховагийн гол чанаруудыг хэрхэн мэдэж болох вэ? б) Бурхны шударга зан, мэргэн ухаан, хүчний талаар юу хэлж болох вэ?

5 Ехова зан чанараа Үгээрээ илчилдэг. Судрыг судалж, Еховагийн тухай мэдлэгээ гүнзгийрүүлэхийн хэрээр зан чанарыг нь илүү их үнэлж, үнэхээр шударга, хүчтэй, мэргэн, хамгийн гол нь, агуу хайрын Бурхан болохыг нь ухаардаг. Еховагийн үйл хэрэг, төгс хуулиас шударга чанар нь харагддаг (Д.хууль 32:4; Дуу. 19:7). Бүтээлийг нь эргэцүүлэн бодохлоор хосгүй мэргэн ухааныг нь биширдэг (Дуу. 104:24). Бас орчлонт ертөнц Еховаг агуу их хүчний Эх булаг гэдгийг гэрчилдэг (Ис. 40:26).

6. Бурхан хайраа хэрхэн илэрхийлсэн бэ? Энэ нь ямар сэтгэл төрүүлдэг вэ?

6 Тэгвэл Бурхны хамгийн гол чанар болсон хайрын тухайд юу хэлж болох вэ? Бурхны хайр хэмжээлшгүй бөгөөд бүх хүнд хамаатай. Тэрбээр хүн төрөлхтнийг аврах зорилгоор золиосны арга хэмжээ авснаараа тэр агуу хайраа илэрхийлсэн билээ (Ром 5:8-ыг уншина уу). Уг арга хэмжээг хэдийгээр нийт хүн төрөлхтөнд зориулсан ч Бурхны хайрыг хайраар хариулж, Хүүд нь итгэдэг хүн л ач тусыг нь хүртэнэ (Иох. 3:16, 36). Бидний нүглийг цайруулахын тулд Есүсийг тахил болгосныг нь бодохлоор Бурхныг хайрлах сэтгэл өөрийн эрхгүй төрдөг.

7, 8. а) Бурхныг хайрладгаа яаж харуулах вэ? б) Бурхны ард түмэн юуг үл хайхран Бурхныхаа тушаалыг биелүүлдэг вэ?

7 Бидний төлөө хийсэн бүхнийг нь үнэлж Бурхныг хайрладгаа юугаар харуулах вэ? «Бурханыг хайрлах нь Түүний тушаалуудыг сахих юм. Түүний тушаалууд нь хүнд дарамт биш билээ» гэсэн нэг чухал үг Библид байдаг (1 Иох. 5:3). Тийм ээ, бид Ехова Бурхныг хайрладаг учир тушаалуудыг нь сахидаг. Бурхны нэр болон Хаанчлалын тухай гэрчлэн бусдад тустай үйл хийдэг маань Бурхныг хайрладгийнх юм. Гэрчлэх ажлыг зүрхнийхээ бялхлаас хийдэг маань ч Бурхныхаа тушаалыг чин сэтгэлээсээ сахидгийн баталгаа болдог (Мат. 12:34).

8 Дэлхий даяар итгэл нэгтнүүд маань Хаанчлалын тухай мэдээ тунхаглаж явахдаа тоомжиргүй ханддаг, эрс татгалздаг хүмүүстэй тааралддаг ч гэсэн Бурхны тушаалыг шантралгүй биелүүлдэг. Тэд үйлчлэлээ гүйцээхийн тулд хичээл зүтгэлээ сулруулдаггүй (2 Тим. 4:5). Бид бас тэдний адилаар Бурхны тухай мэдлэгийг хүмүүстэй хуваалцдагийн зэрэгцээ бусад тушаалыг нь биелүүлэхийг хүсдэг.

Эзэн Есүс Христийг хайрлахын учир

9. Христ юу үзэж туулсан бэ? Тэвчихэд нь юу тусалсан бэ?

9 Бурхныг хайрлахын зэрэгцээ Бурхны Хүүг улам их хайрладаг болох олон шалтгаан бий. Бид Есүсийг харж байгаагүй боловч түүний тухай мэдлэгээ гүнзгийрүүлэх тусам түүнд илүү их хайртай болдог (1 Петр 1:8). Есүс дэлхийд байхдаа ямар сорилтыг тэвчсэн бэ? Эцгийнхээ хүсэл тааллыг биелүүлж байсан түүнийг шалтгаангүйгээр үзэн ядаж, хавчиж, хилсээр буруутгаж, доромжлон гутааж байсан. Тэрбээр өөр олон зовлон үзсэн (Иохан 15:25-ыг уншина уу). Есүс тэнгэрийн Эцэгтээ хайртай байсан учир эдгээр сорилтыг тэвчиж чадсан. Бас хайрандаа хөтлөгдөн, амиа олны төлөө золиос болгон өгсөн (Мат. 20:28).

10, 11. Бидний төлөө Христийн юу хийснийг бодвол ямар зорилго тавих нь зүйтэй вэ?

10 Есүсийн үйл хэрэг түүнийг хайрлах сэтгэл төрүүлдэг. Түүнийг илүү их хайрладаг болохын тулд бидний төлөө чухам юу хийснийг нь эргэцүүлэн бодох хэрэгтэй. Тэгээд ч бид дагалдагч нь учир Христийнх шиг хайрыг хөгжүүлж, илэрхийлэхийг зорилгоо болгох учиртай. Тэгж байж Хаанчлалын тухай гэрчилж, хүмүүсийг шавь болго гэсэн тушаалыг нь тэвчээртэйгээр биелүүлж чадна (Мат. 28:19, 20).

11 Бид хүн төрөлхтнийг гэсэн Христийн хайрыг хайраар хариулахыг хүсдэг учир төгсгөл боллоо гэхэд даалгавраа биелүүлсэн байхыг хичээдэг (2 Коринт 5:14, 15-ыг уншина уу). Христ, гол нь, хайрандаа хөтлөгдөн хүн төрөлхтний талаарх Бурхны санаа зорилгыг биелүүлсэн. Тиймээс Христийн үлдээсэн жишээг дуурайвал Бурхны санаа зорилго биелэхэд дор бүрнээ хувь нэмэр оруулж чадна. Үүний тулд Бурхныг аль болохоор их хайрладаг болох хэрэгтэй (Мат. 22:37). Есүст хайртайгаа баталъя гэвэл, Есүсийг дуурайн юунаас ч шантралгүй Бурхны хэмжээгүй эрх мэдлийг дэмжихээр шийдсэнээ харуулъя гэвэл Есүсийн сургаалыг баримталж, тушаалыг нь сахих хэрэгтэй (Иох. 14:23, 24; 15:10).

Хайр хэмээх илүү давуу замаар замнах нь

12. Паул «илүү давуу зам» гэдгээр юуг хэлсэн бэ?

12 Элч Паул Христийг үнэхээр сайн дуурайсан учир итгэл нэгтнүүддээ өөрийг нь дуурайхыг итгэлтэйгээр уриалж чадсан (1 Кор. 11:1). Тэрбээр тухайн үеийнхээ Коринтын христиануудад эдгээх, хэлээр ярих гэх мэтийн сүнсний бэлэгтэй болохыг аминчлан захиж байсан ч тэдгээрээс чухал нэг зүйл байдгийг сануулжээ. Тэрбээр: «Би та нарт илүү давуу замыг харуулъя» гэсэн нь 1 Коринт 12:31-д байдаг. Илүү давуу зам гэдгээр хайрыг хэлсэн нь дараах зүйлүүдээс нь харагддаг. Хайрыг илүү давуу хэмээсэн нь юу гэсэн үг юм бол? Паул өөрөө үүнийг жишээгээр тайлбарлажээ (1 Коринт 13:1–3-ыг уншина уу). Тэрбээр хэчнээн онцгой чадвартай байгаад, хэчнээн агуу үйлс бүтээсэн ч хайргүй бол юу ч биш байх байжээ! Бурхны сүнсээр хөтлүүлсэн Паул энэ чухал санааг ойлгуулахын тулд ухаан санаанд маань хоногштол тайлбарлаж, сэтгэл хөдөлтөл бичсэн байна.

13. а) 2010 оны уриа юу вэ? б) Хайр хэзээ ч дуусахгүй гэж юу гэсэн үг вэ?

13 Дараа нь Паул жинхэнэ хайр ямар байдгийг тодорхойлжээ (1 Коринт 13:4–8-ыг уншина уу). Таны хайр энэ тодорхойлолттой хэр зэрэг нийцдэгийг бодож үзээрэй. Одоо, 7-р зүйлийн сүүлчийн өгүүлбэр, 8-р зүйлийн эхний өгүүлбэрийг анхааралтай авч үзье. «[Хайр] бүгдийг тэсвэрлэдэг. Хайр хэзээ ч дуусдаггүй» хэмээснийг 2010 оны уриа болгож байна. Паул 8-р зүйлд цааш нь юу бичсэнийг үзье. Түүний бичсэнээр, христиан хурал анх үүсэхэд христиануудад өгөгдөж байсан сүнсний бэлэг буюу эш үзүүлэх, хэлээр ярих гэх мэтийн чадвар хожим нь үгүй болох ажээ. Харин хайр үүрд байх юм. Ехова бол хайрын Эх булаг бөгөөд мөнхөд оршдог. Тэгэхлээр, хайр хэзээ ч дуусахгүй гэсэн үг. Мөнхийн Бурхны маань нэг чанар болсон хайр үүрд байх юм (1 Иох. 4:8).

Хайр бүгдийг тэсвэрлэдэг

14, 15. а) Сорилтыг тэвчихэд хайр хэрхэн тусалдаг вэ? б) Нэг залуу христиан итгэл үнэмшлээсээ няцаагүй нь ямар учиртай вэ?

14 Христианууд ямар ч сорилт, бэрхшээлийг тэвчиж чаддагийн учир юу вэ? Гол нь, жинхэнэ хайрыг хөгжүүлж чадсанд байдаг. Тийм хайрыг хөгжүүлсэн хүн эд материалын хохирол амссан ч харамсдаггүй. Үнэнч байхын тулд чадах бүхнээ хийж, Христийн төлөө амиа алдахад ч бэлэн байдаг (Лук 9:24, 25). Дэлхийн ІІ дайны үед болон дайны дараа бөөнөөр хорих лагерь, засан хүмүүжүүлэх газар, шоронд хоригдож байсан үнэнч Гэрчүүдийн жишээг санацгаая.

15 Вилхельм гэдэг герман Гэрч залуу жинхэнэ хайрын жишээ үзүүлжээ. Тэрбээр итгэл үнэмшлээсээ няцалгүй, үнэнч байсаар нацистуудад буудуулж үхсэн юм. Вилхельм гэрийнхэндээ бичсэн сүүлчийн захидалдаа: «Бид Удирдагч Есүс Христийн тушааснаар Бурхныг бүхнээс илүү хайрлах ёстой шүү дээ. Хэрэв түүний талд байвал тэрбээр биднийг шагнана» хэмээсэн байжээ. Тэдний гэр бүлийн бас нэг гишүүн: «Тэр хэцүү цагт манай гэрийнхэн Бурхныг хайрлах хайраа эн тэргүүнд тавихыг ямагт хичээж байсан» гэж хожим дурссаныг «Харуулын цамхаг» сэтгүүлийн нэг өгүүлэлд тэмдэглэжээ. Өнөөдөр ч гэсэн Армен, Эритре, Өмнөд Солонгос гэх мэтийн улс орнуудад шоронд хоригдож байгаа итгэл нэгтнүүд маань тэдний адил үзэл бодолтой явдаг. Тэд Еховад хайртай учир үнэнч байдаг.

16. Малавийн Гэрчүүд ямар сорилтыг тэвчсэн бэ?

16 Газар газрын ах дүүст маань итгэл, тэвчээрийг нь шалгасан янз бүрийн сорилт тулгардаг. Тухайлбал, Малави улсын засгийн газар Еховагийн Гэрчүүдийн үйл ажиллагааг 26 жил хориглон, олон нийт тэднийг эрс эсэргүүцэж, харгислан зовоож байв. Гэрчүүд тэвчээртэй байсныхаа ачаар Еховагийн ивээлийг хүртсэн. Хавчлага эхэлсэн тэр үед Малавийн Гэрчүүд 18 000 орчим байсан бол 30 жил өнгөрөхөд тэдний тоо хоёр дахин нэмэгдэж, 38 393 болжээ. Иймэрхүү үр дүн бусад улс оронд ч гарсан.

17. Шашин шүтлэгийн хувьд хуваагдмал гэр бүлд амьдардаг зарим христианд ямар сорилт тулгардаг вэ? Зүй бус харьцааг юуны ачаар тэвчиж чаддаг вэ?

17 Бурхны ард түмнийг бүх нийтээр нь зовоосон шууд довтолгоо байдгийн зэрэгцээ ганц нэгээр нь эсэргүүцэж хавчих явдал гэр бүлийнх нь хүрээнд гардаг. Гэр бүлийнхэн юм уу ойрын хамаатнууд нь эсэргүүцэхэд христиан хүн сэтгэлийн дарамтад орж болох юм. Ийм юм болохыг Есүс зөгнөсөн бөгөөд олон хүн тэр үгийнх нь үнэнийг биеэрээ үздэг (Мат. 10:35, 36). Өсвөр насны хүүхдүүдийг христиан бус эцэг эх нь эсэргүүцэх явдал гардаг. Зарим христиан гэрийнхэндээ хөөгддөг ч итгэл нэгтнүүд нь тэднийг сайхан сэтгэлээр хүлээн авдаг. Зарим хүнийг Гэрч болоход ар гэрийнхэн нь гэр бүлийн холбоогоо тасалдаг. Христианууд юуны ачаар ийм зүй бус харьцааг тэвчиж чаддаг вэ? Итгэл нэгтнүүдээ, хамгийн гол нь, Еховаг болон Хүүг нь чин сэтгэлээсээ хайрладгийн ачаар тэвчиж чаддаг (1 Петр 1:22; 1 Иох. 4:21).

18. Бүгдийг тэсвэрлэдэг хайр христиан хосод ямар ач тустай вэ?

18 Бүгдийг тэсвэрлэдэг хайр илэрхийлэх шаардлага амьдралд цөөнгүй гардаг. Жинхэнэ хайрын ачаар нөхөр эхнэр хоёр «Бурханы хамтад нь нийлүүлснийг хэн ч бүү салгаг» хэмээсэн Есүсийн үгийг хэрэгжүүлж чаддаг (Мат. 19:6). Христиан хос «махан биедээ зовлонтой» болбол Ехова гэр бүлд нь чухал байр суурь эзэлдгийг санах нь зүйтэй (1 Кор. 7:28). Еховагийн Үгэнд бичсэнээр, хайр «бүгдийг тэсвэрлэдэг» бөгөөд тийм хайрыг өмссөн нөхөр эхнэр хоёр бие биетэйгээ нийлж, гэр бүлээ тогтвортой байлгахын төлөө тууштай тэмцдэг (Кол. 3:14).

19. Байгалийн гамшиг болоход Бурхны ард түмэн яадаг вэ?

19 Байгалийн гамшгийн үед ч бүгдийг тэсвэрлэхэд хайр тусалдаг. Перу улсын өмнөд хэсэгт газар хөдлөлт болоход, АНУ-ын зүүн өмнөд хэсэгт Катрина хар салхи гарахад юу болсныг үзье. Гамшигт нэрвэгдсэн олон Гэрч гэр орноо алдаж, эд материалын хохирол үзсэн. Хайрандаа хөтлөгдсөн христианууд дэлхийн өнцөг булан бүрээс тусламжийн бараа илгээж, сайн дурынхан гамшигт нэрвэгдсэн итгэл нэгтнүүддээ гэр байшин болон Хаанчлалын танхимыг нь сэргээн засаж өгсөн. Тэгэхлээр, итгэл нэгтнүүд маань ямар ч цагт, ямар ч нөхцөлд бие биеэ хайрлаж, санаа тавьдаг нь тодорхой байна (Иох. 13:34, 35; 1 Петр 2:17).

Хайр хэзээ ч дуусдаггүй

20, 21. а) Хайрыг илүү давуу гэхийн учир юу вэ? б) Та ямар учраас хайр гэдэг замаар замнахаар шийдэж байна вэ?

20 Хайр гэдэг илүү давуу замаар замнах нь ухаалаг хэрэг болох нь Еховагийн ард түмнээс харагддаг. Үнэндээ, хайр хэзээд бүхнээс давуу байдаг. Паул үүнийг хэрхэн онцолсныг санацгаая. Тэрбээр сүнсний бэлгүүд үгүй болох ба шинээр үүсээд байсан христиан хурал төлөвшин тогтворжихыг хэлээд: «Итгэл, найдвар, хайр гурав үлддэг боловч хамгийн агуу нь хайр мөн» гэж дүгнэжээ (1 Кор. 13:13).

21 Одоо бидний итгэж явдаг зүйл ирээдүйд бодитой болно. Тэр цагт тэдгээрт итгэх шаардлагагүй болно. Бас бид Бурхны олон амлалтад найдаж, биелэхийг нь үзэхсэн гэж хүсэж явдаг. Бурхан бүхнийг шинэчилсний дараа тэдгээрт найдах шаардлагагүй болно шүү дээ. Тэгвэл хайрын тухайд юу хэлж болох вэ? Хайр хэзээ ч дуусахгүй. Үүрд байх болно. Ирээдүйд мөнх амьдардаг болохлоороо Бурхны хайрыг өөр олон талаас нь ойлгодог, мэдэрдэг болох нь гарцаагүй. Хэрэв та хэзээ ч дуусашгүй хайр гэдэг илүү давуу замаар замнан Бурхны хүсэл тааллыг биелүүлбэл мөнхөд оршино (1 Иох. 2:17).

Хариулна уу

• Хайрлах ёсгүй юмыг хайрладаг болохоос сэрэмжлэх ёстойн учир юу вэ?

• Хайрын ачаар бид юуг тэвчиж чаддаг вэ?

• Хайр хэзээ ч дуусдаггүй гэж юу гэсэн үг вэ?

[Догол мөрийн асуулт]

[27-р хуудасны товчлол]

2010 оны уриа: «Хайр бүгдийг тэсвэрлэдэг. Хайр хэзээ ч дуусдаггүй»(1 Кор. 13:7, 8)

[25-р хуудасны зураг]

Бурхныг хайрладаг хүн дэлгэрүүлэхийг хүсдэг

[26-р хуудасны зураг]

Малавийн итгэл нэгтнүүд маань дуусашгүй хайрын ачаар сорилтыг тэвчсэн