Skip to content

Архины хэрэглээгээ хянаарай

Архины хэрэглээгээ хянаарай

Архины хэрэглээгээ хянаарай

ЭХНИЙ өгүүлэлд дурдсан Тони архийг хэтрүүлж уудгаа хүлээн зөвшөөрсөн бол тэс өөрөөр амьдрах боломжтой байсан. Тони өөрийгөө яаж ч уусан архи даадаг, согтдоггүй, бас амьдралаа аваад явж чадна гэж боддог байжээ. Гэвч үнэндээ тийм биш байв. Яагаад?

Согтууруулах ундааг их хэмжээгээр хэрэглэсний уршгаар зөв бодож, дүгнэх чадвар нь суларчээ. Архи хэтрүүлж уудгаас болоод бие махбод, оюун ухаан, сэтгэл санааг зохицуулдаг гол эрхтэн болох тархи нь буруу ажилладаг болсныг Тони өөрөө ч анзаараагүй байх. Хэдийчинээ ууна, төдийчинээ өөрийгөө ямар байдалд орсноо мэдрэхээ больж байлаа.

Бас Тони архи уух зуршлаасаа салахыг хүсээгүй учраас өөрийгөө буруу дүгнэжээ. Өмнөх өгүүлэлд гарсан Аллен архийг хэтрүүлж уудгаа эхлээд хүлээн зөвшөөрдөггүй байв. Тэрбээр ингэж хэлжээ. «Би хүний нүднээс далдуур уудаг байсан. Их олон шалтаг тоочиж, хэтрүүлж уудгаа юман чинээ боддоггүй байсан. Ямар ч л байсан, уухаа болихыг ер хүсээгүй». Тони Аллен хоёр архины хамааралтай болсон нь бусдын нүдэнд илт байсан ч тэр хоёр өөрсдийгөө ямар ч асуудалгүй гэж боддог байсан байна. Энэ хоёр хүн архины хэрэглээгээ хянахын тулд тодорхой арга хэмжээ авах хэрэгтэй болжээ. Ямар арга хэмжээ вэ?

Шийдэмгий арга хэмжээ аваарай

Архийг хэтрүүлэн хэрэглэдэг байсан хүмүүс «Баруун нүднээсээ болж нүгэл үйлдвэл ухаж аваад хая. Бүтэн бие чинь Гехеннад хаягдсанаас нэг эрхтнээсээ салсан нь дээр» гэсэн Есүсийн үгийг дагаж муу зуршлаасаа салж чаджээ (Матай 5:29).

Есүс гар хөлөө огтолж хаях тухай хэлээгүй нь ойлгомжтой. Харин Бурхантай тогтоосон харьцаанд саад болж байгаа аливаа бүхнийг амьдралаасаа авч хаяхад бэлэн байх ёстойг ийнхүү зүйрлэн хэлжээ. Ийм арга хэмжээ авахад маш хэцүү гэдэг нь үнэн. Гэхдээ ингэж байж л архины тухай бодохгүй, архийг хэтрүүлж уух нөхцөл байдалд орохгүй байж чадна. Хэн нэг нь танд сайн санасандаа хэтрүүлж уугаад байна шүү гэж хэлбэл архины хэрэглээгээ хянах арга хэмжээ аваарай. * Хэмжээ хязгааргүй уудгаа мэдсэн бол архи уухаа бүрмөсөн болиорой. Архинаас гарах үнэндээ зовлонтой л доо. Гэхдээ амьдралаа сүйтгэхийн дэргэд юу ч биш шүү дээ.

Та архичин биш байж болох ч хэт их уух гээд байна уу? Хэрэв тийм бол хэтрүүлж уухаа хянахын тулд юу хийж болох вэ?

Яг юу хийх вэ?

1. Чин сэтгэлээсээ шаргуу залбираарай. Ехова Бурханд таалагдахыг хүссэн хэн бүхэнд Библи ингэж зөвлөдөг. «Хэзээ ямагт Бурханд залбир, Бурхнаас шаргуу гуй, Бурханд таларх, хүсэлтээ хэлж бай. Тэгвэл Бурхан хүний ухаанаас давуу амар тайвныг Христ Есүсээр дамжуулан та нарт өгч, зүрх сэтгэл, ухаан бодлыг тань хамгаална» (Филиппой 4:6, 7). Зүрх сэтгэлдээ ийм амар тайвныг мэдрэхийн тулд юуны талаар залбирч болох вэ?

Архи хэтрүүлэн уудгаа шударгаар хүлээн зөвшөөрөөрэй. Бусдыг буруутгах хэрэггүй. Харин энэ асуудлаа шийдэж, илүү ноцтой асуудлаас зайлсхийхийн тулд яг яамаар байгаагаа Бурханд хэлээрэй. Тэгвэл Ехова Бурхан таныг тайвшруулж, илүү ноцтой асуудалд орооцолдохоос хамгаална. «Гэм нүглээ нуун далдлагч хэзээ ч амжилтад хүрэхгүй. Харин гэм нүглээ хүлээн зөвшөөрч, тэдгээрийг хаягч хүн хайр энэрлийг хүртэнэ» (Сургаалт үгс 28:13). Есүс бас «Хорхой хүргэм зүйлд дийлдэхгүй байхад туслаач. Хорон муу нэгнээс хамгаалаач» гэж залбирч байгаарай гэсэн (Матай 6:13). Залбирсныхаа дагуу юу хийж болох вэ? Яавал залбирлынхаа хариуг авах вэ?

2. Бурхны Үгээс хүч аваарай. «Бурхны үг амьд бөгөөд хүчтэй. ... зүрхний бодол болон хандлагыг ялгаж салгаж чаддаг» (Еврей 4:12). Өмнө нь архийг хэтрүүлэн уудаг зуршилтай байсан хүмүүс өдөр бүр Библи уншиж, эргэцүүлэн бодсоноор их ач тус хүртжээ. Бурхнаас эмээдэг нэгэн дуулалч: «Хорон муу хүний зөвлөгөөг дагадаггүй, ... ЭЗЭНий хуульд баярлаж, Түүний хуулийг өдөр шөнөгүй тунгаан бясалгадаг ... хүний үйлс бүхэн нь өлзийтэй» гэж бичжээ (Дуулал 1:1–3).

Аллен Еховагийн Гэрчүүдтэй хичээл хийдэг болсны ачаар архи хэтрүүлэн уух зуршлаасаа салж чаджээ. Тэрбээр: «Архи уухаа болиход минь тусалсан Библи болон Библийн зарчим байгаагүй сэн бол өдийд би үхчихсэн байгаа» гэж хэлжээ.

3. Биеэ захирч сураарай. Библид бичсэнээр, өмнө нь архи хэтрүүлэн уудаг байсан хүмүүс Христийн дагалдагч болоод Бурхны агуу хүчээр угаагдсан (1 Коринт 6:9–11). Энэ юу гэсэн үг вэ? Юуны түрүүнд, Бурхны агуу хүчний нөлөөгөөр бий болдог биеэ барих чадварыг хөгжүүлснээр архидан согтуурч, зугаацаж цэнгэхээ больсон. «Согтож болохгүй. Ингэвэл дураараа дургих аюултай. Харин Бурхны агуу хүчээр удирдуулж бай» (Эфэс 5:18; Галат 5:21–23). Есүс: «Тэнгэр дэх Эцэг өөрөөс нь гуйдаг хүнд агуу хүчээ өгнө» гэж амласан. Тиймээс «гуйгаад бай, тэгвэл танд өгнө» (Лук 11:9, 13).

Еховаг таалалд нь нийцүүлэн шүтэхийг хүсдэг хүмүүс Библи уншиж, судлан, байнга чин сэтгэлээсээ залбирвал биеэ барих гэдэг зан чанарыг хөгжүүлж чадна. Санаснаар болохгүй бол битгий шантраарай, битгий бууж өгөөрэй. Харин Бурхны Үгэнд байдаг дараах амлалтыг санаарай. «Бурхны агуу хүчний удирдлагаар тарьдаг хүн мөнх амийг хурааж авна. Тиймээс шантрахгүйгээр сайныг үйлдэж байцгаая. Бууж өгөхгүй байвал цаг нь болохоор хурааж авна» (Галат 6:8, 9).

4. Найз нөхдөө зөв сонгоорой. «Мэргэн хүмүүстэй хамт явагч нь мэргэн болно. Харин мунхаг хүмүүстэй нөхөрлөгч нь хохирол амсана» (Сургаалт үгс 13:20). Архинаас гарч байгаагаа найзууддаа хэлээрэй. «Архидах, эмх замбараагүй найрлан цэнгэх, хэн нь архи их уудгаа үзэх» гэх зэргээс татгалзаж эхлэхлээр хуучин найзууд тань «гайхаж, муу хэлнэ» гэж Бурхны Үг сануулдаг (1 Петр 4:3, 4). Архитай тэмцэж ядаж байхад тань уруу татах муу найзуудаас холбоогоо таслаарай.

5. Уух хэмжээгээ нарийн тогтоогоорой. «Өнөө үеийн хэвэнд цутгуулахаа боль. Харин Бурхны сайн, тааламжтай, төгс төгөлдөр хүслийг сайн мэдэж авахын тулд үзэл бодлоо өөрчилснөөр өөрийгөө өөрчил» (Ром 12:2). Найз нөхдийнхөө юм уу «өнөө үеийн» хэм хэмжээнд нийцүүлэхийн оронд уух хэмжээгээ Библийн зарчмын дагуу тогтоогоорой. Тэгдэг бол Бурханд таалагдаж амьдрахын сайхныг мэдэрнэ. Өөртөө тохирсон аюулгүй хэмжээг хэрхэн тогтоох вэ?

Таны шийдвэр гаргах, юмыг үнэлж дүгнэх чадварт нөлөөлж л байвал, бага хэмжээгээр уусан ч бай, таны хувьд ихэджээ гэсэн үг. Тиймээс уух хэмжээ хязгаараа тогтоохдоо дараах хүчин зүйлүүдийг санаарай. Согтохын наагуур, яг сайхан халтлаа ууя гэж баримжаагаар тогтоож болохгүй. Согтууруулах ундаа танд яаж нөлөөлдгийг шударгаар дүгнээрэй. Сайн даадаг гэж өөрийгөө битгий хуураарай. Нэгэнт халчихвал биеэ барилгүй, тогтоосон хязгаараасаа хэтрүүлж уух аюултай. Тийм учраас хэн ч харсан тааруулж ууж байна гэж дүгнэхээр аюулгүй хэмжээг тодорхой тогтоогоорой.

6. Үгүй гэж хэлж сураарай. «“За” бол “за”, “үгүй” бол “үгүй” бай» (Матай 5:37). Зочилж очсон айлын тань хүн таныг дайлж цайлах гээд хар буруу саналгүй шахаад байвал эелдгээр татгалзаж сураарай. «Хүмүүстэй давсаар амт оруулсан мэт эелдэг ярьж бай. Ингэснээр хүн болгонд яаж хариулах ёстойгоо мэдэх юм» (Колосай 4:6).

7.Бусдаас тусламж гуйгаарай. Таныг гэсэн сэтгэлтэй, архинаас гарах шийдвэрийг тань дэмждэг, Бурхантай дотносоход тань тус болж чадах найз нөхдөөсөө тусламж аваарай. «Ганцаараа байснаас хоёул байх нь илүү дээр болой. Тэгвэл тэд ажил үйлсээ сайнаар эргүүлэх болно. ... Ойчих аваас нэг нь нөхрөө босгоно» (Номлогчийн үгс 4:9, 10; Яаков 5:14, 16). АНУ дахь Архидан согтуурах, архидалт судлалын үндэсний хүрээлэнгээс бас төстэй зөвлөгөө өгсөн байна. «Архинаас гарна гэдэг заримдаа амаргүй нь үнэн. Зорилгодоо хүрэхийн тулд гэр бүл, найз нөхдөөсөө тусламж аваарай» гэж зөвлөжээ.

8.Шийдэмгий байгаарай. «Өөрийгөө хуурдаг зүгээр нэг сонсогч биш, Бурхны үгийг ажил хэрэг болгогч бай. Эрх чөлөөний төгс хуулийг нарийн судалдаг, хэрэгжүүлдэг хүн бол мартамхай сонсогч бус, ажил хэрэг болгогч юм. Тийм хүн жаргалтай» (Яаков 1:22, 25).

Донтолтоос гарах нь

Архи хэтрүүлж уудаг бүх хүн архичин болчихдоггүй ээ. Харин их хэмжээгээр, ойр ойрхон уугаад байвал донтож эхэлдэг. Хүний бие махбод, сэтгэл зүй архины найрлага дахь хүчтэй бодисын хамааралтай болохыг донтох гэдэг. Нэгэнт ийм болчихсон бол Библи, залбирал, архинаас гаръя гэсэн хүсэл байгаад ч хангалтгүй байж болох юм. «Архи уухаа больсон чинь бие цаанаас нэхээд байдаг юм билээ. Тэр нь үнэхээр аймшигтай байсан. Тэр үед би Библи уншиж залбирахаас гадна эмчилгээ хийлгэх шаардлагатайгаа ойлгосон» гэж Аллен дурсжээ.

Архи хэтрүүлэн уудаг хүн эмчилгээ хийлгэх хэрэгтэй. Тэгж байж л донтолтоос гарч, эргэж орохгүй байх боломжтой. * Архины хамааралтай хүн архи уухаа болиод ирэхээр бие махбодод нь хүнд хэлбэрийн хам шинжүүд илэрдэг. Тийм үед зарим хүн эмнэлэгт хэвтдэг. Эсвэл байж сууж чадахгүй болтлоо архи уумаар байдаг бол дуршил бууруулах зорилгоор, бас дахиж архи уухгүйн тулд эмийн эмчилгээ хийлгэдэг. Гайхамшиг үйлдэх чадвартай Бурхны Хүү хүртэл «Эрүүл хүнд эмч хэрэггүй. Харин өвчтэй хүнд хэрэгтэй» гэж хэлсэн байдаг (Марк 2:17).

Бурхны өгдөг зөвлөгөөг дагах нь ач тустай

Библид байдаг зөвлөгөөг, тэр дундаа, архитай хамаатай зөвлөгөөг жинхэнэ Бурхан өгдөг. Тэрбээр биднийг зөвхөн одоо төдийгүй үүрд мөнхөд сайн сайхан байлгахыг хүсдэг. Архинаас гараад 24 жил болсон Аллен хуучнаа дурсаж «Би өөрчлөгдөж чадна, Ехова надад туслахыг хүсэж байгаа гэдгийг мэдээд маш их баярласан» хэмээн үгээ дуусгаж амжилгүй хоолой нь зангиран хэсэг чимээгүй болсноо цааш нь «Ехова намайг ойлгож, надад санаа тавьж, яг хэрэгтэй тусламж үзүүлж байсныг бодохоор үнэхээр гайхалтай» гэж ярьжээ.

Та архийг хэтрүүлэн уудаг уу? Архинд донтчихоод байна уу? Гарч чадахгүй нь гэж яаран битгий шантраарай. Эсвэл ямар ч найдваргүй боллоо гэж бүү дүгнээрэй. Яагаад гэвэл Аллен ба өөр маш олон хүн таны туулж байгааг даван туулаад, архийг ихээр уухаа больж, тэр байтугай архинаас бүрмөсөн гарч чадсан. Тэд үүндээ ер харамсаагүй. Та ч бас харамсахгүй.

Та тохируулж уухаар шийдсэн үү? Эсвэл бүр уухаа болихоор шийдсэн үү? Аль нь ч бай, таныг гэсэн сэтгэлтэй Бурхны хэлсэн «Хэрэв чи зөвхөн Миний тушаалуудад анхаарлаа хандуулбал, чиний энх амгалан байдал гол мэт, чиний үнэн зөв нь далайн давалгаа мэт байх болно» гэсэн үгийг санаж яваарай (Исаиа 48:18).

[Зүүлт]

^ 8-р хуудсан дахь  «Би архи дарсыг хэтрүүлдэг үү?» гэсэн хавсралтыг үзээрэй.

^ Архинаас гарахад туслах янз бүрийн хөтөлбөр, эмчилгээний төв, эмнэлэг байдаг. «Харуулын цамхаг» сэтгүүл аль нэг эмчилгээг онцолж санал болгодоггүй. Хүн бүр Библийн зарчимтай зөрчилдөхөөргүй эмчилгээг нарийн судалсны эцэст өөрөө сонгох учиртай.

[Хавсралт/зураг]

 Би архи дарсыг хэтрүүлдэг үү?

Бодож үзээрэй:

Би өмнөхөөсөө их уугаад байна уу?

Би илүү ойрхон ойрхон уудаг болсон юм биш биз?

Би илүү хатууд нь дурладаг болоод байна уу?

Би стрессээ тайлах, бэрхшээлээс зугтах гээд уудаг уу?

Их уугаад байна шүү гэж найз нөхөд, гэр бүлийнхэн маань хэлж байсан уу?

Архинаас болоод ажил дээр, гэрт эсвэл гадуур явж байхад асуудал үүсэж байсан уу?

7 хоног огт уухгүй байх нь надад хэцүү байдаг уу?

Хэрвээ хүн архи уухгүй гэвэл надад эвгүй санагддаг уу?

Би хэр их уудгаа бусдаас нуудаг уу?

Та нэг ба түүнээс олон асуултад тийм гэж хариулсан бол архи дарсны хэрэглээндээ анхаарах цаг болсон байж болох юм.

[Хавсралт/зураг]

Ухаалгаар шийдээрэй

Уухаасаа өмнө бодоорой:

Уух уу, болих уу?

Зөвлөмж: Согттолоо уудаг бол больсон нь дээр.

Хэр их уух вэ?

Зөвлөмж: Эрүүл байгаа дээрээ хэр их уухаа шийдээрэй.

Хэзээ ууж болохгүй вэ?

Зөвлөмж: Жолоо барихдаа, анхаарал шаардсан ажил хийхдээ, шашны үйл ажиллагаанд оролцож байхдаа, жирэмсэн үедээ эсвэл эм ууж байгаа бол.

Хаана уух вэ?

Зөвлөмж: Зохистой газар, нууцаар биш, архинд дургүй хүний хажууд биш.

Хэнтэй уух вэ?

Зөвлөмж: Согтууруулах ундааг зөв зохистой хэрэглэдэг найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ ууж болно. Харин хэтрүүлж уудаг хүнтэй ууж болохгүй.

[Хавсралт/зураг]

Бурхны Үгийн ачаар архинаас гарсан нь

Тайландад амьдардаг Супот архины хамааралтай хүн байжээ. Эхэндээ оройн цагаар л уудаг байснаа, яваандаа өглөө, сүүлдээ гэгээн цагаан өдрөөр хүртэл уудаг болсон гэнэ. Тэгээд бүр ямар ч зорилгогүйгээр шүү! Нэг өдөр Еховагийн Гэрчүүд түүнд Библийн хичээл хийхийг санал болгож, Супот ч зөвшөөрчээ. Архидан согтуурах нь Ехова Бурханд таалагддаггүйг мэдээд нэг хэсэг уусангүй. Гэхдээ дараа нь дахиад л ууж эхлэв. Гэрийнхэн нь ч бүр цөхөрч гүйцлээ.

Харин Супот зүрх сэтгэлдээ Еховаг хайрладаг байсан учраас таалалд нь нийцүүлэн амьдрахыг хүсэж байлаа. Еховагийн Гэрч найзууд нь түүнд байнга туслахын зэрэгцээ гэрийнхэнд нь «Супоттой аль болох олон цагийг хамт өнгөрөөгөөрэй. Итгэл найдвараа бүү алдаарай» гэж захидаг байв. Тэр үед Супот 1 Коринт 6:10-т байдаг «Архичин ... Бурхны хаант төрд багтахгүй» гэдэг анхааруулгыг уншаад ямар аюултай замаар алхаж байгаагаа гэнэт ойлгожээ. Архинаас гарахын тулд шийдэмгий алхам хийх хэрэгтэй болсноо ухаарав.

Энэ удаа дусал ч архи амсахгүй гэж бат шийдэв. Ийнхүү Бурхны агуу хүч, Библийн мэргэн зөвлөгөө, гэр бүл, найз нөхдийнхөө тус дэмээр архи уух хүслээ ялан дийлж чаджээ. Түүнийг Бурханд өөрийгөө зориулснаа харуулж баптисм хүртэхэд гэр бүлийнхэн нь ямар их баярласан бол оо! Супот Бурхны анд нөхөр болох гэсэн хүслээ биелүүлээд жаргалтай амьдарч байгаа төдийгүй хүмүүст Бурхны тухай заах ажилд цаг заваа зориулдаг болжээ.