Skip to content

Гарчиг руу орох

Нэг Хоньчинтой нэг хонин сүрэг

Нэг Хоньчинтой нэг хонин сүрэг

Нэг Хоньчинтой нэг хонин сүрэг

«Намайг дагасан та нар ч мөн Израилийн арван хоёр овгийг шүүж, арван хоёр сэнтий дээр залрах болно» (МАТ. 19:28).

1. Ехова Абрахамын үр удамд хэрхэн ханддаг байсан бэ? Энэ нь бусад үндэстнүүдийг үл ойшоодог байсан гэсэн үг биш гэхийн учир юу вэ?

 ЕХОВА Абрахамд хайртай байсан учир үр удамд нь үнэнч хайраа илэрхийлсэн юм. Ехова Абрахамаас гарсан израиль үндэстнийг Өөрийнхөө сонгосон ард түмэн, «өмчлөл» гэж арван таван зууны турш үзэж байв (Дэд хууль 7:6-г уншина уу). Тэгвэл бусад үндэстнүүдийг огт ойшоодоггүй байсан хэрэг үү? Тийм биш ээ. Тэр үед Ехова өөрийг нь шүтэх хүсэлтэй израиль биш үндэстнүүдийг сонгосон ард түмэнтэйгээ нэгдэхийг зөвшөөрсөн. Шашин шүтлэгээ өөрчилсөн тэр хүмүүсийг Бурхны ард түмний хэсэг гэж үздэг байв. Тиймээс израильчууд тэднийг ах дүүгээ гэж үзэх учиртай байжээ (Лев. 19:33, 34). Харийн тэр хүмүүс ч Еховагийн хууль тушаалыг нэгд нэгэнгүй сахин биелүүлэх ёстой байсан​(Лев. 24:22).

2. Есүс юу гэж мэдэгдсэн бэ? Эндээс ямар асуултууд гарч байна вэ?

2 Гэхдээ Есүс тухайн үеийнхээ иудейчүүдэд: «Бурханы хаанчлалыг та нараас авч, түүний үр жимсийг нь ургуулах үндэстэнд өгөх болно» хэмээн мэдэгдэж, тэдний гайхлыг төрүүлжээ (Мат. 21:43). Шинэ үндэстнийг ямар хүмүүс бүрдүүлэх байсан бэ? Энэ өөрчлөлт өнөөгийн бидэнд ямар ач холбогдолтой вэ?

Шинэ үндэстэн

3, 4. а) Элч Петр шинэ үндэстнийг хэрхэн тодорхойлсон бэ? б) Шинэ үндэстнийг хэн бүрдүүлдэг вэ?

3 Элч Петр шинэ үндэстнийг хэн бүрдүүлэхийг тов тодорхой хэлж өгсөн. Тэрбээр итгэл нэгт христианууддаа: «Та нар бол сонгогдсон угсаа, хаант тахилч нар, ариун үндэстэн, Бурханы эзэмшлийн ард түмэн юм. Ингэснээр харанхуйгаас та нарыг Өөрийн гайхамшигт гэрэл уруу дуудсан Түүний давуу чанаруудыг та нар тунхаглах юм» хэмээн бичжээ (1 Петр 2:9). Зөгнөсөн ёсоор, Есүсийг Мессиа хэмээн хүлээн авсан иудейчүүд тэрхүү шинэ үндэстний анхны гишүүд болсон (Дан. 9:27а; Мат. 10:6). Хожим нь израиль биш янз бүрийн хүмүүс шинэ үндэстэнд багтжээ. Тийм учраас Петр: «Та нар урьд нь ард түмэн биш байсан боловч, та нар одоо Бурханы ард түмэн болжээ» гэж хэлсэн аж​ (1 Петр 2:10).

4 Петр хэнд тийн хэлсэн бэ? Захидлынхаа эхэнд: «Бурхан ... Есүс Христийн үхэгсдээс амилсан амилалтаар дамжуулан биднийг амьд найдвар уруу, мөхөшгүй, бузартаагүй, алга болчихгүй бөгөөд та нарын төлөө тэнгэрт хадгалагдсан өв уруу дахин төрүүлсэн» гэжээ (1 Петр 1:3, 4). Тэгэхлээр, шинэ үндэстэн тэнгэрийн найдвартай тослогдсон христиануудаас бүрдэж байсан хэрэг. Тэд бол «Бурханы Израиль» юм (Гал. 6:16). Энэ сүнслэг израильчуудын тоо 144 000 гэдгийг элч Иохан гайхамшгаар үзжээ. Тэднийг «тахилч» болгож, «[Есүстэй] хамт мянган жилийн турш» хаанчлуулахын тулд «Бурхан болон Хурганы төлөөх анхны үр жимс болгон хүмүүсийн дундаас худалдан авсан»​(Илч. 5:10; 7:4; 14:1, 4; 20:6; Иак. 1:18).

Өөр хүмүүс багтдаг уу?

5. а) «Бурханы Израиль» гэдэг үг хэнд хамаатай вэ? б) «Израиль» гэдэг үг илүү өргөн хүрээтэй ойлголтыг багтаадаг гэхийн учир юу вэ?

5 Галат 6:16-д гардаг «Бурханы Израиль» гэдэг үг тослогдсон христиануудад онцгой хамаатай нь тодорхой байна. Гэхдээ Ехова израильчуудыг үлгэр загвар болгон ашиглаж байсан тухай бодохлоор, «Бурханы Израильд» тослогдогсдоос өөр христианууд багтдаг уу гэсэн асуулт гарч ирнэ. Есүсийн хэлсэн үгнээс энэ асуултын хариуг мэдэж болно. Тэрбээр үнэнч элч нартаа: «Миний Эцэг Надад хаанчлалыг өгсөнчлөн, Би та нарт өгнө. Та нар Миний хаанчлалд Миний ширээнээ идэж уун, Израилийн арван хоёр овгийг шүүн сэнтийд залрах болно» хэмээн айлджээ (Лук 22:28–30). Энэ үйл явдал «шинэ ертөнцөд», Христийн мянган жилийн засаглалын үед болно​(Матай 19:28-ыг уншина уу *).

6, 7. Матай 19:28; Лук 22:30-д гардаг «Израилийн арван хоёр овог» гэдэг үг хэнд хамаатай вэ?

6 144 000 хүн Мянган жилийн засаглалын үед тэнгэрийн хаан, тахилч, шүүгчээр үйлчилнэ (Илч. 20:4). Тэд хэнийг шүүж, хэнийг захирах вэ? Матай 19:28 болон Лук 22:30-д бичсэнээр «Израилийн арван хоёр овгийг» шүүнэ. «Израилийн арван хоёр овог»-т хэн ордог вэ? Есүсийн золиосонд итгэдэг ч хаад тахилчийн ангид багтдаггүй, дэлхийд амьдрах найдвартай бүх хүн орно. (Левийн овог Израилийн 12 овогт багтдаггүй байсан). Израилийн 12 овгоор дүрслэгдсэн тэр хүмүүс 144 000 тахилчийн үйлчлэлээс сүнслэг ач тус хүртэх ажээ. Тэд тахилч биш ч Бурхны ард түмний тоонд багтдаг ба Бурхан тэднийг хүлээн авч, хайрладаг. Тэднийг Бурхны эртний ард түмэнтэй адилтгадаг нь зөв юм.

7 Элч Иохан эхлээд 144 000 сүнслэг израильчуудыг агуу их гай гамшиг болохоос өмнө тамгалагдаж дуусахыг, харин дараа нь «үндэстэн бүрээс» ирсэн тоолж баршгүй «үй олон хүн» байхыг үзсэн (Илч. 7:9). Тэд агуу их гай гамшгийг эсэн мэнд давж, Христийн Мянган жилийн засаглалын үед очно. Тэгэхэд олон тэрбум хүн дахин амилж тэдэнтэй нэгдэнэ (Иох. 5:28, 29; Илч. 20:13). Тэд бүгд нийлж бэлгэдлийн «Израилийн арван хоёр овгийг» бүрдүүлэх бөгөөд Есүс болон түүнтэй хамт захирах 144 000 захирагчид шүүгдэх болно (Үйлс 17:31; 24:15; Илч. 20:12).

8. 144 000 болон бусад хүний хоорондох харьцааг Эвлэрүүллийн өдөр болдог үйл явдал хэрхэн бэлгэдэн харуулдаг вэ?

8 144 000 болон бусад хүний хоорондох энэхүү харьцааг эрт цагт тэмдэглэдэг байсан Эвлэрүүллийн өдөр бэлгэдэн харуулдаг (Лев. 16:6–10). Тэргүүн тахилч юуны түрүүнд, «өөрийнхөө төлөө болон гэрийнхнийхээ төлөө» бухыг нүглийн төлөөх тахил болгон өргөх ёстой байжээ. Үүний нэгэн адил, Тэргүүн Тахилч Есүс болон тэнгэрт түүнтэй хамт үйлчлэх тахилчдын гэр бүл Есүсийн золиосны ач тусыг хамгийн түрүүнд хүртэх учиртай байв. Эвлэрүүллийн өдрөөр бусад израильчуудын нүглийн төлөө хоёр ямааг зориулдаг байжээ. Энд тахилчийн овог 144 000-ыг төлөөлдөг учир үлдсэн израильчууд нь дэлхийд амьдрах найдвартай бүх хүнийг бэлгэддэг. Тийм учраас, Матай 19:28-д дурдсан «Израилийн арван хоёр овог» гэдэг үг Есүсийн удирдлага дор байдаг, сүнсээр төрсөн тахилчдад бус, харин Есүсийн золиосонд итгэдэг бусад хүнд хамаатай. *

9. Езекиелийн үзсэн сүмийн тухай үзэгдэлд гардаг тахилчид хэнийг төлөөлдөг вэ? Тахилч биш израильчууд хэнийг төлөөлдөг вэ?

9 Өөр нэг жишээ авъя. Зөнч Езекиел Еховагийн сүмийн тухай дэлгэрэнгүй үзэгдэл үзжээ (Езек. 40–48-р бүлэг). Тэр сүмд тахилчид ажиллан, олон түмэнд заавар өгч, бас Еховагаас зөвлөгөө, удирдамж авч байжээ (Езек. 44:23–31). Түүнчлэн, янз бүрийн овгийн хүмүүс мөргөл үйлдэн, тахил өргөхөөр ирж байгааг Езекиел үзсэн (Езек. 45:16, 17). Тэгэхлээр энэ үзэгдэлд гардаг тахилчид тослогдогсдыг, харин тахилч биш овгийн израильчууд дэлхийд амьдрах найдвартай хүмүүсийг төлөөлж байна. Хоёр бүлэг хүн гар нийлэн ажиллах бөгөөд тахилчийн анги цэвэр шүтлэгийн үйл хэрэгт удирдах үүрэг хүлээдгийг уг үзэгдэлд онцолдог.

10, 11. а) Есүсийн хэлсэн ямар үг биелж байгаа нь бидний итгэлийг бэхжүүлж байна вэ? б) Өөр хонинуудтай холбоотой ямар асуулт гардаг вэ?

10 Есүс тослогдсон дагалдагчдаас нь бүрдэх «өчүүхэн сүргийн» хашаанд байдаггүй «өөр хонинуудын» тухай ярьсан (Иох. 10:16, ШГ; Лук 12:32). Тэрбээр: «Би тэднийг бас авчрах ёстой. Тэд Миний дууг сонсоно. Тэгээд тэд нэг хоньчинтой нэг хонин сүрэг болно» гэжээ. Энэ үг бидний нүдэн дээр биелж, итгэлийг маань улам бэхжүүлж байна! Хоёр бүлэг хүн буюу тослогдогсдын жижиг бүлэг болон «өөр хонинууд»-ын «үй олон хүн» хоорондоо нэгдсэн (Зехариа 8:23-ыг уншина уу). Өөр хонинууд сүнслэг сүмийн дотоод хашаанд үйлчилдэггүй ч гаднах хашаанд бэлгэдлийн утгаар үйлчилдэг.

11 Ехова заримдаа эртний Израилийн тахилч биш хүмүүсээр өөр хонинуудыг төлөөлүүлдэг юм бол дэлхийд амьдрах найдвартай тэр хүмүүс ч бас Дурсах арга хэмжээний бэлгэдлийн идээнээс хүртэх ёстой юу? Энэ асуултад одоо хариулъя.

Шинэ гэрээ

12. Ехова ямар шинэ арга хэмжээний талаар зөгнөсөн бэ?

12 Ехова ард түмнийхээ төлөө шинэ арга хэмжээ авах гэж байгаагаа зөгнөн: «Энэ нь тэдгээр өдрийн дараа Израилийн гэртэй Миний байгуулах гэрээ юм. ... Би Өөрийн хуулийг тэдний дотор хийж, зүрхэн дээр нь Би түүнийг бичнэ. Би тэдний Бурхан, тэд Миний ард түмэн болно» хэмээн айлджээ (Иер. 31:31–33). Энэ шинэ гэрээний ачаар Еховагийн Абрахамд амласан амлалт бүрэн биелэх учиртай байлаа (Эхлэл 22:18-ыг уншина уу).

13, 14. а) Хэн шинэ гэрээнд оролцогчид вэ? б) Гэрээний ач тусыг хүртэгчид хэн бэ? Тэд энэ гэрээг хэрхэн «чанд мөрддөг» вэ?

13 Есүс амиа алдахынхаа өмнөх шөнө тэрхүү шинэ гэрээний талаар: «Энэ [аяга] нь та нарын төлөө асгагдах Миний цусаар тогтоох шинэ гэрээ юм» гэж хэлжээ (Лук 22:20; 1 Кор. 11:25). Гэхдээ бүх христиан энэ шинэ гэрээнд оролцохгүй ажээ. Тэр үдэш аягатай дарснаас хүртсэн элч нар гэх мэтийн зарим хүн шинэ гэрээнд оролцогчид юм. * Есүс өөртэй нь хамт тэнгэрээс захирна гэсэн өөр нэг гэрээг тэдэнтэй байгуулсан (Лук 22:28–30). Тэд Хаанчлалын бүрэлдэхүүнд орж, Есүстэй хамт төр барина​(Лук 22:15, 16).

14 Есүсийн Хаанчлалд захирагдан, дэлхий дээр амьдрах хүмүүсийн тухайд юу хэлж болох вэ? Тэд бол шинэ гэрээний ач тусыг хүртэгчид юм (Гал. 3:8, 9). Тэд гэрээнд оролцогчид биш ч гэсэн зөнч Исаиагийн зөгнөсөн ёсоор уг гэрээний шаардлагыг сахин биелүүлж, гэрээг «чанд мөрддөг». Ехова Исаиагаар дамжуулан: «ЭЗЭНд үйлчилж, ЭЗЭНий нэрийг хайрлан, Түүний зарц болохын тулд Түүнтэй нэгдсэн харь хүмүүсийг, амралтын өдрийг бузарлалгүй сахин Миний гэрээг чанд мөрдөгч хүн бүрийг Би Өөрийн ариун ууланд аваачин, Өөрийн залбирлын өргөөнд тэднийг баяр хөөртэй болгоно» хэмээн зөгнөөд, «Учир нь Миний өргөө бүх ард түмний залбирлын өргөө гэж нэрлэгдэнэ» хэмээн айлджээ​(Ис. 56:6, 7)

Хэн хүртэх ёстой вэ?

15, 16. а) Элч Паулын тайлбарласнаар шинэ гэрээнд оролцогчид ямар завшаантай вэ? б) Дэлхийд амьдрах найдвартай хүмүүс Дурсах арга хэмжээний бэлгэдлийн идээнээс хүртэх ёсгүйн учир юу вэ?

15 Шинэ гэрээнд хамрагдсан хүмүүст «ариун газарт нэвтрэн орох» эр зориг байдаг (Еврей 10:15–20-ийг уншина уу). Тэд бол «үл ганхах хаанчлалыг хүлээн авах» учиртай хүмүүс юм (Евр. 12:28). Тиймээс Есүс Христтэй хамт тэнгэрийн хаад, тахилчид болох хүмүүс л шинэ гэрээг бэлгэддэг «аяганаас» уух ёстой. Шинэ гэрээнд оролцогчид Хургатай гэрлэхээр сүй тавьсан хүмүүс юм (2 Кор. 11:2; Илч. 21:2, 9). Дурсах цуглаанд хүрэлцэн ирдэг бусад хүн бэлгэдлийн идээнээс хүртдэггүй ч хүндэт ажиглагчаар оролцдог.

16 Дэлхийд амьдрах найдвартай хүмүүс Дурсах арга хэмжээний бэлгэдлийн идээнээс хүртэх учиргүйг Паул бас тайлбарласан. Тэрбээр тослогдсон христиануудад: «Учир нь энэ талхыг идэж, энэ аяганаас уух бүрдээ та нар Түүнийг ирэх хүртэл Эзэний үхлийг тунхагладаг» гэж хэлжээ (1 Кор. 11:26). Эзэн хэзээ «ирэх» вэ? «Ирэх» гэдэг энэ үгээр тослогдсон сүйт бүсгүйн ангийн сүүлчийн гишүүдийг тэнгэрийн орон байранд нь аваачихаар ирэхийг хэлж байна (Иох. 14:2, 3). Тэгэхлээр, Эзний оройн зоогийн арга хэмжээг эцэс төгсгөлгүй тэмдэглэхгүй гэдэг нь тодорхой байна. Одоохондоо дэлхий дээр байгаа «эмэгтэйн бусад үр удам» тэнгэрийн шагналаа автлаа энэхүү зоогноос хүртэх болно (Илч. 12:17). Хэрэв дэлхийд мөнх амьдрах хүмүүс бэлгэдлийн идээнээс хүртэх ёстой байсан бол Дурсах оройн зоогийг мөнхөд тэмдэглэх байсан.

«Миний ард түмэн болно»

17, 18. Езекиел 37:26, 27-д бичсэн зөгнөл хэрхэн биелж байна вэ?

17 Ехова үйлчлэгчдийнхээ эв нэгдлийн талаар: «Би тэдэнтэй энх тайвны гэрээг байгуулах болно. Энэ нь тэдэнтэй тогтоох мөнхийн гэрээ байх болно. Би тэднийг байрлуулж, тэднийг өсгөн олшруулж, Өөрийн ариун газрыг тэдний дунд мөнхөд байлгах болно. Миний орших газар бас тэдэнтэй хамт байх болно. Би тэдний Бурхан болж, тэд Миний ард түмэн болох болно» хэмээн зөгнөжээ​(Езек. 37:26, 27).

18 Энэ гайхалтай амлалт биелж, энх тайвны гэрээ байгуулагдсанаар ач тусыг нь хүртэх боломж Бурхны бүх үйлчлэгчид олдсон. Ехова дуулгавартай бүх үйлчлэгчээ эв нэгдэлтэй байлгахаа батлан хэлсэн. Бурхны ариун сүнсний үр жимс тэдний дунд байгаа нь тодорхой харагддаг. Дээрх зөгнөлд гардаг, цэвэр шүтлэгийн бэлгэдэл болсон Еховагийн ариун газар тэдний дунд байдаг. Тэд хиймэл шүтээний бүх хэлбэрээс ангижирч, Еховаг цорын ганц Бурхнаа болгон шүтдэг болсон учир үнэхээр ард түмэн нь болжээ.

19, 20. Еховагийн «Миний ард түмэн» гэж нэрлэсэн хүмүүсийн тоонд хэн багтдаг вэ? Шинэ гэрээний ачаар ямар боломж бүрдсэн бэ?

19 Бидний амьдарч буй энэ цаг үед хоёр бүлэг хүн нэгдэж байгааг харах хэчнээн сэтгэл хөдлөм бэ! Улам бүр өсөн нэмэгдэж буй үй олон хүн тэнгэрт амьдрах найдваргүй хэдий ч тийм найдвар өвөрлөсөн хүмүүстэй хамт үйлчлэх завшаанаараа бахархдаг. Тэд Бурхны Израильтай нэгдсэний ачаар, Еховагийн «Миний ард түмэн» гэж нэрлэсэн хүмүүсийн тоонд багтдаг. «Тэр өдөр олон үндэстнүүд өөрсдийгөө ЭЗЭНтэй холбож, Миний ард түмэн болно. Тэгээд Би та нарын дунд оршино» хэмээсэн зөгнөл тэдэн дээр биелж буй нь тодорхой байна​(Зех. 2:11; 8:21; Исаиа 65:22; Илчлэлт 21:3, 4-ийг уншина уу)

20 Ехова шинэ гэрээ байгуулан, энэ бүх боломжийг бүрдүүлсэн. Сүнслэг утгаар харь үндэстэн гэгдсэн олон сая хүн Еховагийн таалалд багтдаг ард түмний хэсэг болсон (Мика 4:1–5). Тэд уг гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч, цаг үргэлж чанд мөрдөж байхаар эргэлт буцалтгүй шийдсэн хүмүүс юм (Ис. 56:6, 7). Бурхны Израильтай хамт шинэ гэрээг мөрддөг учраас тэд их ивээл хүртэж, байнга амар тайван байдаг. Та бас тийм ивээлийг өнөө үед төдийгүй үүрд мөнхөд хүртэх болтугай!

[Зүүлт]

^ Матай 19:28, (ШГ): «Би тодорхой хэлье. Шинэ ертөнц бий болж, хүнээс төрсөн намайг цог жавхлант ширээнд суухад, та нар ч намайг дагаж ирсэн учир арван хоёр ширээнд сууж, Израилийн арван хоёр овгийг захирах болно».

^ Үүнтэй адил, «чуулган [«хурал», ШЕ]» гэдэг үгийг гол нь тослогдогсдод хэрэглэдэг (Евр. 12:23). Гэхдээ энэ үгийг өөр утгаар буюу ямар найдвартай эсэхээс нь хамаарахгүйгээр бүх христианд хэрэглэдэг​(«Харуулын цамхаг» сэтгүүлийн 2007 оны 4 дүгээр сарын 1-ний дугаарын 12, 13-р хуудсыг үзнэ үү).

^ Есүс уг гэрээнд оролцогч биш, харин Зууч юм. Тэгэхлээр, Зуучийн хувьд тэрбээр бэлгэдлийн идээнээс хүртээгүй нь тодорхой.

Санаж байна уу?

• 144 000 хүнд шүүгдэх «Израилийн арван хоёр овог» гэж хэн бэ?

• Тослогдогсод болон өөр хонинууд шинэ гэрээнд ямар байр суурь эзэлдэг вэ?

• Христианууд бүгдээрээ Дурсах арга хэмжээний бэлгэдлийн идээнээс хүртэх ёстой юу?

• Орчин үед болох эв нэгдлийн тухай юу гэж зөгнөсөн байдаг вэ?

[Догол мөрийн асуулт]

[График/​25-р хуудасны зураг]

(Хэвлэгдсэн материалаас үзнэ үү)

Олон хүн Бурхны Израильтай мөр зэрэгцэн үйлчилдэг

1950 | 373,430

1970 | 1,483,430

1990 | 4,017,213

2009 | 7,313,173