Skip to content

Гарчиг руу орох

Эцэг, Хүү, ариун сүнсний нэрээр баптисм хүртэх нь

Эцэг, Хүү, ариун сүнсний нэрээр баптисм хүртэх нь

Эцэг, Хүү, ариун сүнсний нэрээр баптисм хүртэх нь

«Иймээс явж, бүх үндэстнийг дагалдагч болгогтун. Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр тэдэнд баптисм хүртээ» (МАТ. 28:19).

1, 2. а) МЭ 33 оны Пентекостын өдөр Иерусалимд юу болсон бэ? б) Хурсан олны дундаас олон хүн баптисм хүртэхээр шийдсэн нь ямар учиртай вэ?

 ГАЗАР газрын хүмүүс Иерусалимд бужигнаж байлаа. Энд тэндээс ирсэн олон хүн МЭ 33 оны Пентекостын өдөр нэг чухал баяр тэмдэглэж байв. Тэгтэл ер бусын явдал болж, дараахан нь элч Петр олны сэтгэлийг хөдөлгөсөн үг хэлэхэд гайхалтай үр дүн гарчээ. Иудей болон Еховаг шүтдэг бусад үндэстэн нийлсэн 3000 хүн тэр үгийг зүрх сэтгэлээрээ хүлээн авч гэмшээд усаар баптисм хүртжээ. Ийнхүү тэд шинээр байгуулагдсан христиан хурлын гишүүд болов (Үйлс 2:41). Ийм олон хүн Иерусалимын ойр орчмын цөөрөм болон усан санд баптисм хүртэж байсан тул ихээхэн хөл хөдөлгөөнтэй байсан биз ээ.

2 Юунаас болж ийм олон хүн баптисм хүртэв ээ? Энэ явдлаас өмнө «тэнгэрээс хүчит хуй салхи мэт дуу чимээ гарч», нэг байшингийн дээд давхрын өрөөнд байсан Есүсийн 120 орчим шавь ариун сүнсээр дүүрчээ. Тэгэхэд цугласан сүсэгт олон, шавь нарыг «харь хэлээр ярьж эхлэхэд» ихэд гайхжээ. Петр тэдэнд хандан үг хэлж, ялангуяа, Есүсийг алсан тухайг нь илэн далангүй ярьж, олон хүний «зүрхийг хөндсөн». Тэднийг яах ёстойгоо асуусанд Петр: «Гэмшигтүн, хүн бүр ... Есүс Христийн нэрээр баптисм хүрт... Та нар ч Ариун Сүнсний бэлэг авах болно» гэж хэлжээ (Үйлс 2:1–4, 36–38).

3. Гэмшсэн иудейчүүд болон өөр үндэстэн хүмүүс Пентекостын өдрөөр яах хэрэгтэй болсон бэ?

3 Петрийн үгийг сонсож байсан иудейчүүд болон өөр үндэстэн хүмүүсийн итгэл үнэмшлийн талаар бодож үзье. Тэд Еховаг Бурхнаа хэмээн шүтдэг байв. Бас Бурхан ариун сүнс буюу үйлдэх хүчээрээ хэрхэн бүхнийг бүтээсэн, түүнээс хойш ариун сүнсийг яаж ашиглаж байсныг Еврей Судраас мэддэг болсон байжээ (Эх. 1:2; Шүү. 14:5, 6; 1 Сам. 10:6; Дуу. 33:6). Гэвч ганц ийм мэдлэг учир дутагдалтай байлаа. Бурхан хүн төрөлхтнийг аврахын тулд Есүсийг Мессиа болгосныг ойлгож, хүлээн зөвшөөрөх нь амин чухал болоод байв. Тийм ч учраас Петр тэдэнд «Есүс Христийн нэрээр баптисм хүртэх» хэрэгтэйг онцлон хэлсэн. Энэ явдлаас хэд хоногийн өмнө, амилсан Есүс хүмүүст «Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр ... баптисм хүртээхийг» Петр болон бусад шавьдаа тушаасан билээ (Мат. 28:19, 20). Ийн баптисм хүртэх нь І зуунд ч нарийн учиртай байсан, өнөөдөр ч бас яг тийм. Чухам ямар учир холбогдолтой вэ?

Эцгийн нэрээр

4. Ехова хүмүүстэй харьцах аргаа хэрхэн өөрчилсөн бэ?

4 Дээр тэмдэглэснээр, Петрийн үгийг сонсоод зөвлөгөөг нь хүлээж авсан тэр хүмүүс Еховаг шүтдэг, Еховатай харьцдаг хүмүүс байсан. Тэд бүгдээрээ Бурхны Хуулийг дагадаг байв. Харь нутгийн хүмүүс ч Иерусалимд ирээд байсан нь Бурхны Хуулийг дагадгийнх аж (Үйлс 2:5–11). Гэтэл Бурхан хүмүүстэй харьцах аргаа ихээхэн өөрчилчихөөд байв. Өөрөөр хэлбэл, иудейчүүдийг ард түмнээ хэмээн онцолж үзэхээ больсны зэрэгцээ тааллыг нь олох гэсэн хүмүүст Хуулийг нь сахих шаардлага тавихаа больсон байлаа (Мат. 21:43; Кол. 2:14). Тиймээс Петрийн үгийг сонссон хүмүүс Бурхантай тогтоосон харьцаагаа таслахгүй байя гэвэл өөр нэг алхам хийх хэрэгтэй болжээ.

5, 6. І зуунд иудейчүүд болон Еховаг шүтдэг өөр үндэстэн хүмүүс Бурхантай харьцаатай байхын тулд яах хэрэгтэй болсон бэ?

5 Энэ нь амь Өгөгч Еховагаас нүүр буруулна гэсэн үг биш байсан нь ойлгомжтой (Үйлс 4:24). Харин ч Петрийн үгийг хүлээн зөвшөөрвөл Еховаг үнэхээр сайхан сэтгэлтэй Эцэг гэдгийг урьдынхаасаа илүү ойлгож ухаарах байв. Бурхан тэднийг аврахын тулд Мессиаг явуулжээ. Түүнчлэн, «Бурхан та нарын цовдолсон тэр Есүсийг Эзэн, бас Христ болгосныг Израилийн айл бүхэн баттай мэдэгтүн» хэмээсэн Петрийн үгийг бодож үзэхэд Ехова, Есүсийг цовдолсон хүмүүсийг ч уучлахад бэлэн байсан нь харагддаг. Тэгэхлээр, хэрэв хүн Петрийн үгийг хүлээж авбал Эцэг өөртэй нь харьцаатай байхыг хүссэн бүх хүний төлөө юу хийснийг нь үнэлэх шалтгааныг илүү сайн ойлгох байлаа (Үйлс 2:30–36-г уншина уу).

6 Ийнхүү тэр иудейчүүд болон Еховаг шүтдэг өөр үндэстэн хүмүүс Ехова бол Есүсээр дамжуулан аврах Нэгэн мөн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй бол Еховатай харьцаатай байх аргагүй болсныг ойлгох байв. Тэд гэм нүглээ, ялангуяа, Есүсийг хөнөөхөд санаатай болон санамсаргүй оролцсондоо гэмших ёстой байсны учир нь одоо олдож байна. Бас дараа нь «тэд байнга элч нарын сургаалыг сонсож» байсны учир ч олдож байна (Үйлс 2:42). Тэгж байж л тэд «нигүүлслийн хаан ширээнд итгэлтэйгээр ойртон очиж» чадах бөгөөд очих хүсэлтэй болох байлаа (Евр. 4:16).

7. Өнөөгийн олон хүн Бурхны талаарх үзэл бодлоо хэрхэн өөрчилж, Эцгийн нэрээр баптисм хүртсэн бэ?

7 Угсаа гарал, соёл боловсрол, нийгэмд эзлэх байр суурь зэргээрээ ялгаатай, өөр өөр итгэл үнэмшилтэй явсан олон сая хүн эдүгээ Еховагийн тухай үнэнийг Библиэс мэддэг болжээ (Ис. 2:2, 3). Тэдний зарим нь шашингүй үзэлтэй юм уу деист * байсан боловч Бүтээгч байдаг гэдэгт итгээд, түүнтэй дотнын харьцаатай болсон. Зарим нь гурвалыг юм уу янз бүрийн хиймэл шүтээн шүтдэг байсан бол гагцхүү Ехова бол төгс хүчит Бурхан мөн гэдгийг мэдээд, түүнд нэрээр нь ханддаг болжээ. Ингэх нь дагалдагч нь Эцгийн нэрээр баптисм хүртэх учиртай хэмээсэн Есүсийн үгтэй яв цав нийцдэг.

8. Адамын нүглийн талаар ямар ч ойлголтгүй байсан хүмүүс Эцгийн талаар юу ойлгох хэрэгтэй болсон бэ?

8 Түүнээс гадна, тэд Адамаас нүгэл өвлөж авснаа мэддэг болсон (Ром 5:12). Энэ нь тэдний хувьд үнэн гэж хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй нэг шинэ ойлголт байв. Тэднийг өвчтэй гэдгээ мэдэхгүй байсан хүнтэй адилтгаж болно. Хааяа хааяа өвдөх гэх мэтийн ганц нэг шинж тэмдэг илэрдэг байсан байж мэднэ. Гэхдээ тийм өвчтэй гэх тодорхой оношгүй явсан учир өөрийгөө бараг эрүүл гэж боддог байж. Гэвч баримт сэлтийг нягтлахад байдал өөрөөр эргэв (1 Коринт 4:4-тэй харьцуулна уу). Тэгвэл өвчнийхөө үнэн зөв оношийг мэдсэн хүн яах бол? Эмнэлгийн практикт нэвтэрсэн, үр дүнтэй нь батлагдсан эмчилгээ олж, хийлгэх нь ухаалаг хэрэг байх болов уу. Үүнтэй адилаар, хүн төрөлхийн нүгэлтэй гэдэг үнэнийг Библиэс мэдээд, тэр «оношийг» хүлээн зөвшөөрч, ганцхан Бурхан тохирсон «эмчилгээ» хийхийг ойлгосон хүн олон бий. Тийм ээ, Эцгээс хөндийрсөн бүх хүн «эмчилж» чадах Нэгэнд хандах шаардлагатай (Ефес 4:17–19).

9. Өөртэй нь харьцаатай байх боломж олгохын тулд Ехова яасан бэ?

9 Хэрэв та Ехова Бурханд өөрийгөө зориулж, баптисм хүртсэн христиан бол Бурхантай харьцаатай байхын сайхныг мэддэг байж таарна. Одоо та Эцэг Еховагийнхаа хайр халамжийг биеэрээ үзэж байгаа (Ром 5:8-ыг уншина уу). Адам Ева хоёр үгийг нь зөрчин нүгэл үйлдсэн ч Бурхан санаачилга гарган, тэдний үр удамд, бас бидэнд ч гэсэн өөртэй нь сайн харьцаатай байх боломж олгохын тулд хайртай Хүүгийнхээ зовж тарчлан, үхэхийг үзэх ёстой болсон. Энэ тухай мэдэхлээр хайрандаа хөтлөгдөн, Бурхны эрх мэдлийг хүлээн зөвшөөрч, тушаалыг нь биелүүлэх хүсэл төрөхгүй гэж үү? Хэрэв та Бурханд өөрийгөө зориулаагүй, баптисм хүртээгүй байгаа бол энэ талаар бодож яагаад болохгүй билээ?

Хүүгийн нэрээр

10, 11. а) Есүс таны төлөө хэр ихийг хийсэн бэ? б) Есүс золиос болж үхсэн нь танд ямар сэтгэгдэл төрүүлдэг вэ?

10 Олон түмэнд хэлсэн Петрийн үгийг дахин нэг бодож үзье. Тэрбээр «Хүүгийн ... нэрээр баптисм хүртэхтэй» шууд холбоотой асуудал буюу Есүсийг хүлээн зөвшөөрөхийг онцлон тэмдэглэсэн. Энэ нь тэр үед ямар учраас чухал байсан бэ? Одоо ч яагаад чухал байдаг вэ? Есүсийг хүлээн зөвшөөрч, нэрээр нь баптисм хүртэх гэдэг нь Бүтээгчтэйгээ харьцахад маань Есүсийн гүйцэтгэдэг үүргийг хүлээн зөвшөөрнө гэсэн үг. Есүс иудейчүүдийг «Хуулийн хараалаас золихын» тулд шонд хадуулах ёстой байсан. Гэхдээ Есүсийн үхэл үүнээс ч нарийн утга учиртай байв (Гал. 3:13). Тэрбээр бүх хүн төрөлхтөнд хэрэгтэй байсан золиосыг амиараа төлсөн (Ефес 2:15, 16; Кол. 1:20; 1 Иох. 2:1, 2). Есүс энэ зорилгоо гүйцээхийн тулд шударга бус явдлыг биеэрээ үзэж, хараалган зүхэгдэж, тамлуулж, эцэст нь үхсэн. Тэгвэл та Есүсийн золиосыг хэр зэрэг өндөр үнэлдэг вэ? Та өөрийгөө 1912 онд мөсөн уул мөргөөд живсэн Титаник гэдэг хөлөг онгоцоор аялж яваа 12 настай хүү гээд бод доо. Та аврах завинд суух гэж оролдсон боловч завь дүүрэн хүнтэй байв. Тэгтэл завинд сууж байсан нэг эрэгтэй эхнэрээ үнсчихээд хөлгийн тавцан руу үсэрч гараад таныг завинд суулгав. Танд ямар сэтгэгдэл төрөх бол? Тэр хүнд баярлах нь гарцаагүй. Одоо та, яг ийм явдлыг биеэрээ үзсэн нэг хүүд ямар сэтгэгдэл төрснийг төсөөлж чадах байх *. Гэхдээ Есүс таны төлөө түүнээс ч ихийг хийсэн шүү дээ. Тэрбээр таныг мөнхийн амьтай болгох гэж амиа зориулсан.

11 Бурхны Хүү өөрийн тань төлөө юу хийснийг мэдээд та яасан бэ? (2 Коринт 5:14, 15-ыг уншина уу). Чин сэтгэлээсээ талархсан биз ээ. Талархах сэтгэлдээ хөтлөгдөн Бурханд өөрийгөө зориулж, өөрийнхөө төлөө бус, харин өөрийн тань төлөө үхсэн тэр Нэгний төлөө амьдрах хүсэлтэй болсон нь гарцаагүй. Хүүгийн нэрээр баптисм хүртэх гэдэг нь таны төлөө Есүсийн хийсэн бүхнийг болон түүнийг «Захирагч, мөн Аврагчийн» эрх мэдэлтэй гэж хүлээн зөвшөөрнө гэсэн үг (Үйлс 5:31). Өмнө нь, та Бүтээгчтэйгээ харьцдаггүй, жинхэнэ найдвар өвөрлөөгүй байсан. Харин одоо, Есүс Христийн асгаруулсан цусанд итгэж, баптисм хүртсэн тул Эцэгтэйгээ харьцдаг болсон (Ефес 2:12, 13). Элч Паул: «Та нар урьд нь холдуулагдсан бөгөөд бузар үйлсээрээ сэтгэлдээ дайсан болсон байсан боловч одоо бол [Есүсийн] махан биеийн үхлээр эвлэрүүлж, [Бурхан] Өөрийнхөө өмнө та нарыг ариун, өө сэвгүй бөгөөд гэм зэмгүй болгосон» гэж бичсэн байдаг (Кол. 1:21, 22).

12, 13. а) Хүүгийн нэрээр баптисм хүртсэн хүн өөрийг нь гомдоосон хүнд хэрхэн хандах учиртай вэ? б) Есүсийн нэрээр баптисм хүртсэн христиан хүн ямар үүрэг хүлээдэг вэ?

12 Та Хүүгийн нэрээр баптисм хүртсэн ч гэлээ нүгэлт хандлагатай гэдгээ мэдэрдэг биз ээ. Үүнийгээ мэдрэх нь өдөр бүр тустай байдаг. Жишээ нь, таныг хүн гомдоолоо гэхэд та өөрийгөө ч, тэр хүнийг ч нүгэлтэй гэдгийг санадаг уу? Та хоёрын хэн хэнд нь Бурхны өршөөл хэрэгтэй бөгөөд та хоёр хоёулаа уучламтгай байх учиртай (Марк 11:25). Есүс үүний чухлыг харуулах нэг жишээ хэлсэн билээ. Нэгэн эзэн арван мянган талантын (60 сая денар) өртэй боолынхоо өрийг хүчингүй болгожээ. Тэгтэл өнөөх боол өөрт нь 100 денарын өртэй боолын өрийг тэглэсэнгүй. Үүнээс сэдэвлэн Есүс ах дүүгээ уучилдаггүй хүнийг Ехова уучлахгүй хэмээн дүгнэсэн (Мат. 18:23–35). Тийм ээ, Хүүгийн нэрээр баптисм хүртсэн хүн Есүсийн эрх мэдлийг хүлээн зөвшөөрч, бусдыг дуртайяа уучилдаг занг нь дуурайх зэргээр үлгэр дуурайлал, сургаал номлолыг нь дагах үүрэгтэй (1 Петр 2:21; 1 Иох. 2:6).

13 Бид төгс бус учир Есүсийг бүрэн дүүрэн дуурайж чадахгүй. Гэхдээ Бурханд өөрийгөө чин сэтгэлээсээ зориулсныхаа дагуу Есүсийг чадах чинээгээрээ дуурайх хэрэгтэй. Үүний тулд хуучин хүнээ хойш тавьж шинэ хүнийг өөртөө өмсөх учиртай (Ефес 4:20–24-ийг уншина уу). Хэрэв та найзаа хүндэтгэдэг болбол түүнээс жишээ авч, сайхан зан чанарыг нь дуурайх гэж хичээх байх. Үүнтэй адилаар, Христээс суралцаж, түүнийг дуурайхыг хүсэхгүй гэж үү?

14. Есүсийг тэнгэрийн Хааны эрх мэдэлтэй гэж хүлээн зөвшөөрдгөө хэрхэн харуулж болох вэ?

14 Хүүгийн нэрээр баптисм хүртэх гэж юу гэсэн үг болохыг ойлгодгоо харуулах бас нэг арга бий. Бурхан «бүх юмсыг [Есүст] захируулахаар хөл дор нь тавьж, Түүнийг чуулганы [«хурлын», ШЕ] төлөө бүх юмсын дээрх Тэргүүн болгожээ» (Ефес 1:22). Тиймээс Еховад өөрсдийгөө зориулсан хүмүүсийг Есүс хэрхэн удирддагийг хүндэтгэн үзэх хэрэгтэй. Христ хурлуудыг төгс бус хүмүүст, тодруулбал, томилогдсон ахлагчдад хариуцуулдаг. Ийм хүмүүсийг хуралд томилдгийн учир нь «ариун хүмүүсийг үйлчлэлийн ажилд бэлтгэж, Христийн биеийг байгуулахын тулд юм» (Ефес 4:11, 12). Төгс бус хүн алдаа гаргахад тэнгэрийн Хаанчлалын Хаан Есүс тухайн хэрэг явдлыг тохиромжтой гэсэн үедээ, тохирох аргаар залруулж чадна шүү дээ. Та үүнд итгэдэг үү?

15. Хэрэв хүн баптисм хүртвэл ямар ямар ивээл хүртэх найдвартай вэ?

15 Дээр дурдсанаар, Еховад өөрийгөө зориулаагүй, баптисм хүртээгүй хүмүүс бас байгаа. Хэрэв та тэдний нэг бол Хүүг хүлээн зөвшөөрөх нь ухаалаг хэрэг бөгөөд талархаж байгаагийн илрэл болохыг дээр хэлэлцсэн зүйлээс ойлгосон уу? Та Хүүгийн нэрээр баптисм хүртвэл асар их ивээл хүртэх хүмүүсийн тоонд багтана (Иохан 10:9–11-ийг уншина уу).

Ариун сүнсний нэрээр

16, 17. Ариун сүнсний нэрээр баптисм хүртэх гэдгийг та юу гэж ойлгодог вэ?

16 Тэгвэл ариун сүнсний нэрээр баптисм хүртэх гэдэг нь ямар утгатай вэ? Дээр тэмдэглэснээр, Пентекостын өдөр Петрийн үгийг сонсож байсан хүмүүс ариун сүнсний талаар мэдлэгтэй байв. Тэд Бурхан ариун сүнсээ ашигласаар байгааг бодит баримтаар үзсэн. «Ариун Сүнсээр дүүрч, ... харь хэлээр ярьж эхэлсэн» хүмүүсийн нэг нь Петр байв (Үйлс 2:4, 8). Ариун сүнсний нэрээр баптисм хүртэж байгаа хүн ариун сүнсийг бодгаль гэдэггүй, харин Еховагийн үйлдэх хүч гэж хүлээн зөвшөөрдөг. Энэ нь Бурхны санаа зорилго биелэхэд ариун сүнсний гүйцэтгэдэг үүргийг хүлээн зөвшөөрнө гэсэн үг.

17 Та Библи судлаад ариун сүнсний талаар мэддэг болсон биз ээ. Жишээ нь, Бурхан ариун сүнсээрээ хүмүүст онгод оруулан, Судрыг бичүүлсэн гэдгийг ойлгосон байх (2 Тим. 3:16). Та сүнслэгээр өсөхийн хэрээр тэнгэрийн Эцэг маань Өөрөөс нь гуйдаг хүмүүст, танд ч гэсэн ариун сүнс өгдгийг сайн ойлгодог болоо биз (Лук 11:13). Ариун сүнс амьдралд тань нөлөөлж байгааг ч үзсэн биз ээ. Та ариун сүнсний нэрээр баптисм хараахан хүртээгүй байна уу? Эцэг ариун сүнс өгнө хэмээн Есүсийн амласныг бодож үзвэл танд ч бас энэ сүнсийг авч, жинхэнэ ивээл хүртэх боломж байна.

18. Ариун сүнсний нэрээр баптисм хүртсэн хүн ямар ямар ивээл хүртдэг вэ?

18 Ехова өнөөдөр ч христиан хурлыг ариун сүнсээрээ удирдаж, чиглүүлдэг нь тодорхой байдаг. Ариун сүнс бас өдөр болгон бидний хүн нэг бүрд тусалдаг. Нэгэнт бид ариун сүнсний нэрээр баптисм хүртсэн учир амьдралд маань гүйцэтгэдэг үүргийг нь хүлээн зөвшөөрч, ариун сүнсээр дуртайяа удирдуулах хэрэгтэй. Гэхдээ зарим хүн Еховад өөрийгөө зориулсныхаа дагуу яаж амьдрах вэ? Ариун сүнс үүнд ямар хамаатай вэ? гэж бодож байж болох юм. Энэ талаар дараа үзье.

[Зүүлт]

^ Деист гэдэг нь Бурхан байдагт итгэдэг боловч Бурхныг бүтээлүүддээ санаа тавьдаггүй гэж үздэг хүнийг хэлдэг.

^ «Сэрцгээ!» сэтгүүлийн 1981 оны 10 дугаар сарын 22-ны дугаарын 3–8-р хуудсыг үзнэ үү (англи).

Санаж байна уу?

• Эцгийн нэрээр баптисм хүртэх гэдэг нь таны хувьд ямар утгатай вэ?

• Хүүгийн нэрээр баптисм хүртэх гэж юу гэсэн үг вэ?

• Эцэг болон Хүүгийн нэрээр баптисм хүртэхийн ач холбогдлыг ойлгодгоо хэрхэн харуулж болох вэ?

• Ариун сүнсний нэрээр баптисм хүртэх гэж юу гэсэн үг вэ?

[Догол мөрийн асуулт]

[10-р хуудасны зураг]

МЭ 33 оны Пентекостын өдрөөс хойш шинэ шавь нарын хувьд Эцэгтэй харьцаатай байх гэдэг ямар утгатай болсон бэ?

[Зураг эзэмшигч]

By permission of the Israel Museum, Jerusalem