Skip to content

Гарчиг руу орох

Эрчүүд ээ, та нар Христэд захирагддаг уу?

Эрчүүд ээ, та нар Христэд захирагддаг уу?

Эрчүүд ээ, та нар Христэд захирагддаг уу?

«Христ бол эр хүн бүрийн тэргүүн» (1 КОР. 11:3).

1. Ехова эмх журмын Бурхан гэдэг нь юунаас харагддаг вэ?

 «БИДНИЙ Эзэн ба Бурхан минь, Та алдар, хүндэтгэл, хүчийг авах нь зохистой. Учир нь Та бүх юмсыг бүтээсэн билээ. Таны хүслийн улмаас тэдгээр нь оршсон бөгөөд бүтээгдсэн юм» хэмээн Илчлэлт 4:11-д бичсэн байдаг. Ехова Бурхан бүхнийг бүтээсэн учраас орчлонт ертөнцийн Хамгийн дээд Эрх мэдэлтэй Нэгэн бөгөөд бүх бүтээлээ захирах эрхтэй. Тэрбээр «замбараагүй байдлын Бурхан бус, харин энх тайвны Бурхан» гэдэг нь тэнгэр элчүүдээс бүрддэг гэр бүлээ хэрхэн зохион байгуулснаас нь харагддаг ​(1 Кор. 14:33, 1996, МБОХ; Ис. 6:1–3; Евр. 12:22, 23).

2, 3. а) Еховагийн анхны бүтээл хэн байсан бэ? б) Эцэгтэй нь харьцуулахад ууган Хүү ямар эрх мэдэлтэй вэ?

2 Бурхан бүх зүйлийг бүтээхээсээ өмнө тоолж баршгүй удаан хугацаанд ганцаараа байжээ. Бурхны хамгийн анхны бүтээл «Үг» гэдэг сүнсэн бодгаль байв. Тэрбээр Еховагийн Төлөөлөгч байсан учир тийм нэр авчээ. Бусад бүх зүйлийг бүтээхэд «Үг» оролцсон. Хожим нь «Үг» төгс хүн болж дэлхийд төрөөд, Есүс Христ нэрээр алдаршжээ (Иохан 1:1 *, 2, 3, 14-ийг уншина уу).

3 Сударт Бурхан болон Бурхны ууган Хүүгийн эрх мэдлийн талаар юу гэж байдаг вэ? Элч Паул: «Христ бол эр хүн бүрийн тэргүүн, эр хүн бол эмэгтэй хүний тэргүүн, Бурхан бол Христийн тэргүүн мөн гэдгийг та нар ойлгоосой гэж би хүсэж байна» хэмээн Бурхнаар удирдуулан бичжээ (1 Кор. 11:3). Христ Эцэгтээ захирагддаг. Оюун ухаант бүтээлүүдийн дунд амар тайван, эмх журам оршин тогтнохын үндэс нь захирах, захирагдах ёс юм. «Бүх юмсыг» бүтээлцсэн тэр нэгэн ч Бурхныг Тэргүүнээ гэж үзэн, түүнд захирагдах зайлшгүй шаардлагатай ​(Кол. 1:16).

4, 5. Есүс Еховад хэрхэн захирагддаг байсан бэ?

4 Еховад захирагдан, дэлхийд ирэх болоход Есүст ямар санагдаж байсан бол оо? Сударт: «Тэрээр хэдийгээр Бурханы мөн чанараар оршин байсан боловч, Бурхантай тэгш байх явдлыг Өөртөө хадгалах зүйл гэж үзсэнгүй, харин Өөрийгөө хоосолж, боолын дүрийг авч, хүнтэй адил болжээ. Хүн төрхийг олсон Тэрээр үхэлд ч төдийгүй загалмайн үхэлд ч хүртэл дуулгавартай байснаараа Өөрийгөө даруу болгов» гэж бичжээ​(Флп. 2:5–8).

5 Есүс ямагт Эцэгтээ даруухнаар захирагдан, хүсэл тааллыг нь биелүүлдэг байв. Тэрбээр: «Би Өөрийн санаагаар юуг ч үйлдэж чадахгүй. ... Миний шүүлт шударга. Учир нь Би Өөрийнхөө хүслийг бус, харин Намайг Илгээгчийн хүслийг хайдаг» хэмээн хэлжээ (Иох. 5:30). Бас: «Би үргэлж [Эцэгтээ] тааламжтай зүйлсийг үйлддэг» гэсэн байдаг (Иох. 8:29). Дэлхий дэх амьдралынхаа төгсгөлд Эцэгтээ: «Хий гэж Надад өгсөн ажлыг тань гүйцэтгэн Би Таныг газар дээр алдаршуулав» хэмээн залбирсан (Иох. 17:4). Бурхны эрх мэдлийг хүлээн зөвшөөрч, түүнд захирагдах нь Есүст хэцүү байгаагүй нь тодорхой байна.

Хүү нь Эцэгтээ захирагдаад ивээл хүртсэн

6. Есүс ямар сайхан чанар илэрхийлдэг байсан бэ?

6 Есүс дэлхийд байхдаа олон сайхан чанар илэрхийлж байв. Тэдгээр чанарын нэг нь Эцгээ хайрлах агуу хайр нь юм. Тэрбээр: «Би Эцэгээ хайрла[даг]» гэжээ (Иох. 14:31). Бас хүмүүст их хайртай байсан (Матай 22:35–40-ийг уншина уу). Есүс сайхан сэтгэлтэй, бусдыг ойлгодог, хүслээ тулган дарангуйлдаггүй хүн байв. Тэрбээр: «Эцэж туйлдсан, хүнд дарамт үүрсэн хүмүүс ээ, бүгд Над уруу ир. Би та нарыг амраая. Буулгыг минь өөр дээрээ авч, Надаас суралц. Учир нь Би зүрх сэтгэлдээ дөлгөөн, даруу билээ. Тэгээд та нар сэтгэлдээ амралтыг олох болно. Миний буулга амархан, Миний ачаа хөнгөн» гэж хэлсэн байдаг (Мат. 11:28–30). Бүхий л насны, хонь мэт хүмүүс, ялангуяа зовж шаналсан, дарлагдсан олон Есүсийн сайхан чанарыг мэдэрч, сэтгэл сэргээм сургаал номлолд нь асар ихээр тайвширдаг байжээ.

7, 8. Цус алдах өвчтэй эмэгтэйн хувьд Мосегийн хуулиар юу хориотой байсан бэ? Гэхдээ Есүс түүнд хэрхэн хандсан бэ?

7 Есүс эмэгтэйчүүдэд хэрхэн ханддаг байсныг авч үзье. Эмэгтэй хүнтэй таагүй харьцах явдал түүхийн аль ч үед байсан. Эртний Израилийн шашны удирдагчид бас тэгдэг байсан. Гэтэл Есүс эмэгтэйчүүдийг хүндэлдэг байв. 12 жил цус алдах өвчинд шаналсан эмэгтэйтэй хэрхэн харьцсан нь үүний нэг тод жишээ юм. «Тэр эмэгтэй олон эмчийн гарт шаналж», эдгэчих юмсан гэсэндээ өөрт байсан бүхнээ зарцуулсан байжээ. Гэвч хамаг зүтгэл нь талаар болж, «бие нь улам мууджээ». Мосегийн хуулиар тэр эмэгтэй ч бузарт тооцогдож, түүнд хүрсэн хүн ч бузар болох байв​(Лев. 15:19, 25).

8 Есүсийг, өвчин эдгээж байгааг сонссон сайх эмэгтэй «Хэрэв би зөвхөн Түүний хувцсанд нь хүрвэл эдгэрнэ» гэж өөртөө хэлж явсаар Есүсийг тойрон бүчсэн олны дунд оров. Тэгээд Есүст хүрсэн даруйдаа эдгэрчээ. Эмэгтэй хувцсанд нь хүрэх ёсгүйг Есүс мэдэж байсан. Гэлээ ч хүрлээ гэж аашилж загналгүй, өрөвдөн энэрчээ. Тийм олон жил өвдөж шаналсныг нь ойлгож, аргаа барсандаа ийм юм хийснийг нь мэдэж байв. Тийм ч учраас түүнийг өрөвдөн: «Охин минь, итгэл чинь чамайг эдгээлээ. Амар тайван явж, зовлонгоосоо ангижрагтун» гэж хэлжээ ​(Марк 5:25–34).

9. Шавь нар хүүхдүүдийг өөр лүү нь ирэхийг хориглоход Есүс яасан бэ?

9 Хүүхдүүд ч Есүсийн дэргэд биеэ барихгүй чөлөөтэй байдаг байв. Нэг удаа хүмүүс хүүхдүүдээ Есүс дээр авчирчээ. Гэтэл шавь нар нь багшийгаа хүүхдүүдээс тээршээнэ гэж бодоод эцэг эхчүүдийг зэмлэжээ. Харин Есүс тэгж бодсонгүй. Библид: «Есүс үүнийг хараад, уурлаж шавь нартаа: „Хүүхдүүдийг Над уруу ирэхийг зөвшөөр. Тэднийг бүү хорь. Учир нь Бурханы хаанчлал тэдэн шиг хүмүүсийнх юм...“ гэж айлдлаа» хэмээн бичсэн байдаг. Дараа нь «Есүс хүүхдүүдийг тэвэрч, тэдэн дээр мутраа тавиад ерөөв». Есүс хүүхдүүдийг өөр лүүгээ ирүүлээд зогссонгүй, бүр халуун дотноор угтан авчээ​(Марк 10:13–16).

10. Есүс яаж сайхан зан чанар илэрхийлдэг болсон бэ?

10 Есүс дэлхийд амьдрах хугацаандаа илэрхийлж байсан тэр сайхан чанаруудыг өөртөө хэрхэн бий болгосон юм бол оо? Тэрбээр хүн болохоосоо өмнө тэнгэрийн Эцгээ тоо томшгүй олон жил ажиглан харж, арга барил, зан чанараас нь суралцжээ (Сургаалт үгс 8:22, 23, 30-ийг уншина уу). Тэнгэрт байхдаа, Еховаг бүх бүтээлээ хайрын сэтгэлээр захирдгийг харсаар, тэр чанарыг нь өөртөө шингээжээ. Хэрэв Есүс Еховад захирагддаггүй байсан бол тэгэх байсан гэж үү? Эцэгтээ захирагдах нь түүнд баяр бахдал, ийм Хүүтэй байх нь Еховагийн бахархал байсан. Есүс дэлхийд ирээд, тэнгэрийн Эцгийнхээ тэр сайхан чанаруудыг төгс тусган харуулсан юм. Бурхны томилсон тэнгэрийн Хаанчлалын Удирдагч Христэд захирагдана гэдэг бидний хувьд юутай завшаан бэ!

Христийн зан чанарыг дууриагтун

11. а) Бид хэнийг дууриахыг хичээх ёстой вэ? б) Ялангуяа хурлын эрэгтэй гишүүд Есүсийг дууриахыг чармайх хэрэгтэйн учир юу вэ?

11 Христиан хурлын бүх гишүүн, ялангуяа эрчүүд Христийн зан чанарыг дууриахын төлөө байнга чармайх учиртай. Дээр тэмдэглэсэнчлэн, «Христ бол эр хүн бүрийн тэргүүн» гэж Библид байдаг. Христ өөрийн Тэргүүн болох жинхэнэ Бурхныг дууриаж байсан шиг, христиан эрчүүд Христ тэргүүнээ дууриах ёстой. Паул христиан болоод энэ зарчмыг хэрэгжүүлсэн учраас «Би Христийг дуурайдаг шиг намайг дуурайцгаа» хэмээн итгэл нэгтнүүддээ уриалжээ (1 Кор. 11:1). Түүнчлэн, элч Петр: «Та нар энэхүү зорилгын төлөө дуудагдсан билээ. Яагаад гэвэл та нарыг Өөрийнхөө мөрөөр дагуулахын тулд та нарт үлгэр дуурайллыг үлдээн, Христ та нарын төлөө зовлон эдэлсэн» гэсэн байдаг (1 Петр 2:21). Ялангуяа эрчүүд Христийг дууриа хэмээн зөвлөснийг анхаарах шаардлагатай. Учир нь тэд ахлагч, туслах үйлчлэгч болдог. Есүс Еховаг дуртайяа дууриадаг байсны адил, христиан эрчүүд Христ болон түүний зан чанарыг дуртайяа дууриах нь зүйтэй.

12, 13. Ахлагчид хоньдод хэрхэн хандах ёстой вэ?

12 Хурлын ахлагчид Христтэй адилхан болоход суралцах үүрэгтэй. Петр ахлагчдыг ятган: «Та нарын дунд байгаа Бурханы хонин сүргийг хариул. Ингэхдээ албадлагаар бус, харин сайн дураараа, Бурханы хүслийн дагуу харгалзан, хомхой ашгийн төлөө бус, харин хичээл зүтгэлээр, өөрсдөд чинь даалгасан хүмүүсийг ноёлох бус, харин хонин сүрэгтээ үлгэр дуурайл болон хариул» гэжээ (1 Петр 5:1–3). Христиан ахлагчид захиран тушаадаг, дарлан дээрэлхдэг, дур мэдэн шийддэг, хатуу ширүүн авирладаг байх учиргүй. Тэд Христийн жишээгээр хайр халамжтай, төлөв даруу байхыг хичээн, өөрсдөд нь даалгасан хоньдод сайхан сэтгэлээр ханддаг.

13 Хуралд хариуцлагатай үүрэг хүлээдэг эрчүүд төгс бус гэдгээ байнга санаж явах учиртай (Ром 3:23). Тийм учраас, Есүсийн тухай шамдан судалж, хайрыг нь дууриахыг чармайн хичээх шаардлагатай. Бурхан болон Христ хүмүүстэй хэрхэн харьцаж байсныг сайтар цэгнэн бодож байгаад дууриах хэрэгтэй. Петр бидэнд: «Та бүгд бие биедээ даруу хандах байдлаар өөрсдийгөө хувцасла» хэмээн уриалаад, «Учир нь Бурхан бардам хүнийг эсэргүүцдэг, харин даруу хүнд нигүүлслээ өгдөг» гэжээ​(1 Петр 5:5).

14. Ахлагчид бусдыг хүндэтгэхийн тулд яах ёстой вэ?

14 Хуралд томилогдсон эрчүүд Бурхны сүрэгт хандахдаа сайхан зан чанар илэрхийлэх ёстой. Ром 12:10-т: «Ах дүүсийн хайраар бие биеэ хайрла. Бие биеэ өөрсдөөсөө дээгүүр дээдлэн хүндэл» гэж бичсэн байдаг. Ахлагч болон туслах үйлчлэгчид бусдыг хүндэтгэдэг. Тэд бусад бүх христианы адилаар «юуг ч өрсөлдөх сэтгэлээр, эсвэл бардам зангаар» хийдэггүй бөгөөд «харин даруухнаар бие биеэ өөрөөсөө дээр гэж үздэг» (Флп. 2:3). Удирдах үүрэг хүлээсэн хүмүүс бусдыг өөрөөсөө дээр гэж үзэх учиртай. Ингэх нь Паулын өгсөн зөвлөгөөг хэрэгжүүлж байгаа хэрэг юм. Тэрбээр: «Хүчтэй бид өөрсдийнхөө сэтгэлд нийцүүлэлгүй, хүчгүйнхээ сул дорой байдлыг үүрэх ёстой. Бидний хүн бүр хөршийнхөө сайн сайхны төлөө түүнийг босгон байгуулахын тулд сэтгэлд нь нийцүүлье. Учир нь Христ ч гэсэн Өөрийнхөө сэтгэлд нийцүүлээгүй» хэмээсэн байдаг​(Ром 15:1–3).

Эхнэрээ «хүндэтгэ»

15. Нөхрүүд эхнэртэйгээ хэрхэн харьцах ёстой вэ?

15 Петр эхнэртэй эрчүүдэд ямар зөвлөгөө өгснийг үзье. Тэрбээр: «Нөхрүүд ээ, эхнэр чинь эмэгтэй хүн тул түүнийг өөрөөсөө сул дорой сав мэт үзэн та нар ч мөн адил эхнэртэйгээ ойлголцож амьдар. ... Түүнийг хүндэтгэ» хэмээн бичжээ (1 Петр 3:7). Хүндэтгэх гэдэг нь тухайн хүнийг эрхэм чухал болгож, хүндтэй гэж үзнэ гэсэн үг юм. Тиймээс хүсэл сонирхол, хэрэгцээ шаардлага, санаа бодлыг нь харгалзан үзээд, татгалзах хүндтэй шалтгаан байхгүй тохиолдолд буулт хийж болно. Нөхөр хүн эхнэртэйгээ ингэж л харьцах ёстой.

16. Бурхны Үгэнд сэрэмжлүүлснээр нөхөр хүн эхнэрээ хүндэтгэхгүй бол ямар аюултай вэ?

16 Петр нөхрүүдэд эхнэрээ хүндэтгэхийг зөвлөхдөө, «Ингэвэл та нарын залбиралд саад тотгор учрахгүй» хэмээжээ (1 Петр 3:7). Нөхөр хүн эхнэртээ хэрхэн хандаж байгаа нь Еховагийн хувьд маш чухал гэдгийг энэ зүйл тодорхой харуулж байна. Эхнэрээ хүндэтгэхгүй бол залбиралд нь саад тотгор учрах ажээ. Түүнээс гадна, нөхрийгөө өөртэй нь хүндэтгэлтэй харьцахад, хариуд нь муухай харьцдаг эхнэр байхгүй биз ээ.

17. Нөхөр хүн эхнэрээ аль хэр хайрлах ёстой вэ?

17 Эхнэрээ хайрлах талаар Бурхны Үгэнд: «Нөхрүүд ч эхнэрүүдээ өөрийн бие адил хайрлах ёстой. ... Учир нь хэн ч хэзээ ч өөрийн махан биеийг үзэн ядаж байгаагүй. Харин тэжээж, хамгаалдаг. Христ мөн чуулганд ийнхүү ханддаг. Та нарын нэг бүр чинь өөрийгөө хайрладгийн адил эхнэрээ хайрла» хэмээсэн зөвлөгөө байдаг (Ефес 5:28, 29, 33). Нөхөр хүн эхнэрээ аль хэр хайрлах ёстой вэ? «Нөхрүүд ээ, Христ чуулганыг хайрлаад түүний төлөө Өөрийгөө өгсний адил эхнэрүүдээ хайрла» хэмээн Паул бичжээ (Ефес 5:25). Христ бусдын төлөө амиа өгсөн шиг, нөхөр хүн эхнэрийнхээ төлөө амиа өгөхөд ч бэлэн байх учиртай. Христиан нөхөр аядуу зөөлөн харьцаатай, анхаарал халамж сайтай, амин хувиа боддоггүй бол нөхөртөө захирагдахад эхнэрт нь илүү амар байна.

18. Нөхөр хүн эхнэртэйгээ хүндэтгэлтэй харьцахын тулд ямар тусламж авч болох вэ?

18 Эхнэрээ ингэж хүндэтгэх ёстой гэдэг нь нөхөр хүний хэрээс хэтэрсэн үүрэг үү? Үгүй ээ, Ехова хэзээ ч хэрээс хэтэрсэн юм шаарддаггүй. Тэгээд ч Еховагийн үйлчлэгчид орчлонт ертөнцийн хамгийн агуу хүч болох Бурхны ариун сүнсийг авах боломжтой. Есүс: «Хэрэв та нар бузар атлаа хүүхдүүддээ хэрхэн сайн бэлэг өгөхөө мэддэг юм бол, тэгэх тусмаа тэнгэрлэг Эцэг тань Өөрөөс нь гуйдаг хүмүүст Ариун Сүнс өгөх нь дамжиггүй» гэж хэлсэн байдаг (Лук 11:13). Нөхрүүд бусадтай, тэр дундаа эхнэртэйгээ харьцахад ариун сүнсээрээ туслахыг Еховагаас гуйн залбирч болно (Үйлс 5:32-ыг уншина уу).

19. Дараагийн өгүүллээр юу үзэх вэ?

19 Тэгэхлээр, эрчүүд Христэд хэрхэн захирагдахыг сурч, тэргүүний үүргээ биелүүлэхдээ Христийг дууриах хариуцлагатай үүрэг хүлээдэг байх нь ээ. Тэгвэл эмэгтэйчүүд, ялангуяа эхнэрүүд яах нь зүйтэй вэ? Эмэгтэйчүүд Еховагийн зохион байгуулалтын дагуу хүлээдэг үүргээ юу гэж үзэх ёстойг дараагийн өгүүллээр үзнэ.

Санаж байна уу?

• Есүсийн ямар ямар чанарыг дууриах хэрэгтэй вэ?

• Ахлагчид хоньдтой хэрхэн харьцах учиртай вэ?

• Нөхөр хүн эхнэртээ хэрхэн хандах ёстой вэ?

[Зүүлт]

^ Иохан 1:1 (ШЕ): «Эхэнд Үг байсан, Үг Бурхантай хамт байсан ба Үг нь бурхан байсан».

[Догол мөрийн асуулт]

[10-р хуудасны зураг]

Есүсийг дууриан, бусдыг хүндэтгэгтүн