Skip to content

Гарчиг руу орох

Еховагийн ивээлийг шаргуу хайгтун

Еховагийн ивээлийг шаргуу хайгтун

Еховагийн ивээлийг шаргуу хайгтун

«Өөрийг нь [«шаргуу», ШЕ] хайгч хүмүүст [Бурхан] Шагнагч нь болдог» (ЕВР. 11:6).

1, 2. а) Хүмүүс Бурхны ивээлийг хүртэхийн тулд яадаг вэ? б) Еховагаас ивээл хүртэх талаар онцгой анхаарах хэрэгтэйн учир юу вэ?

 ЭД хөрөнгөтэй, гэр оронтой, машин унаатай, хөгжин дэвжиж яваагаа Бурхан ивээсний ач гэж үздэг хүн олон байдаг. Янз бүрийн шашны лам нар хүн, амьтан, тэр байтугай амьгүй зүйлийг адислан, бурхан ивээх болтугай гэж ерөөх нь бий. Улс орноор аялан явахдаа ивээл хишиг хүртэж магад хэмээн горьдон, шашны төв болсон газруудад очдог хүмүүс бас байдаг. Улс төрчид ч ард түмнээ Бурханд даатган, ивээл хишиг гуйдаг. Тийн гуйх нь зөв үү? Тэд гуйсан бүхнээ авдаг болов уу? Үнэндээ хэн Бурхны ивээлийг хүртдэг бол? Яагаад тэгж хэлж болох вэ?

2 Ехова эцсийн өдрүүдэд бүх үндэстнээс бүрдсэн, цэвэр ариун, эв нэгдэлтэй ард түмэнтэй болохоо зөгнөжээ. Тэд үзэн ядалт, эсэргүүцэлтэй тулгарсан ч Хаанчлалын тухай сайн мэдээг дэлхийн хязгаар хүртэл тунхаглах аж (Ис. 2:2–4; Мат. 24:14; Илч. 7:9, 14). Тэр ард түмэнтэй нэгдсэн бид Бурхнаас ивээл хүртэхийг хүсдэг. Тэгээд ч энэ нь зайлшгүй чухал. Учир нь Бурхан ивээхгүй бол бид амжилтад хүрч чадахгүй (Дуу. 127:1). Тэгвэл Бурхны ивээлийг хүртэхийн тулд яах хэрэгтэй вэ?

Дуулгавартай хүмүүс ивээл хүртдэг

3. Израильчууд дуулгавартай байсан бол үр дүн нь ямар байх байсан бэ?

3 Сургаалт үгс 10:6, 7-г уншина уу. Ехова Израилийн ард түмнийг Амласан газрын босгонд тулж ирээд байхад нь дуулгавартай байвал дэвжин дээшлүүлж, ивээн хамгаална гэжээ (Д.хууль 28:1, 2). Еховагийн ивээл дуулгавартай хүмүүс дээр «буугаад» зогсохгүй, тэдэнд «хүрэх» нь тов тодорхой байлаа.

4. Жинхэнэ ёсоор дуулгавартай байна гэж яахыг хэлдэг вэ?

4 Израильчууд ямар сэтгэлээр дуулгавартай байх ёстой байсан бэ? Өөрт нь «баяр хөөртэй зүрх сэтгэлээр» үйлчлэхгүй бол таалахгүй гэдгээ Бурхан Хуульдаа заасан байдаг (Дэд хууль 28:45–47-г уншина уу). Еховад дуулгавартай байхын тулд дүрэм журамд хүчээр захирагдахаас илүү зүйлийг хийх шаардлагатай. Амьтад, чөтгөрүүд хүртэл тодорхой тушаалд захирагддаг шүү дээ (Марк 1:27; Иак. 3:3). Бурханд жинхэнэ ёсоор дуулгавартай байдаг бол энэ нь хайрын илрэл юм. Тийм хүн Еховагийн хууль тушаалыг дарамт биш гэдэгт, мөн Бурхныг «[«шаргуу», ШЕ] хайгч хүмүүст Тэр Шагнагч нь болдог» гэдэгт итгэн, баяр хөөртэй байдаг (Евр. 11:6; 1 Иох. 5:3).

5. Еховагийн амлалтад итгэх итгэл Дэд хууль 15:7, 8-д бичсэн хуулийг сахихад хэрхэн туслах учиртай байсан бэ?

5 Ийнхүү итгээд Дэд хууль 15:7, 8-д бичсэн хуулийг дуулгавартай сахих нь ямар ач тустайг бодож үзье (Уншина уу). Энэ хуулийг дуртайяа сахивал ядуу хүмүүст тодорхой хэмжээгээр тус болох нь гарцаагүй. Цаашлаад Бурхны ард түмэнтэй эв найртай, элэгсэг дотно болно. Хамгийн гол нь, Еховаг үйлчлэгчдийнхээ хэрэгцээг хангах чадвартай гэдэгт итгэдгээ баталж, өгөөмөр занг нь дууриах боломж олгосонд нь талархдагаа харуулна. Тийм биш гэж үү? Бурхан өгөөмөр сэтгэлтэй хүний зүрхийг анхаардаг байсан бөгөөд бүх ажил үйлс болон гардан хийх бүхнийх нь төлөө тэр хүнийг ивээхээ амласан (Д.хууль 15:10). Тэр амлалтад итгэдэг хүн итгэлээ үйлсээрээ харуулж, улмаар арвин их ивээл хүртэх байв (Сур. 28:20).

6. Еврей 11:6-д ямар амлалт байдаг вэ?

6 Еврей 11:6-д Бурхны ивээлийг хүртэхийн тулд Еховаг Шагнагч болдог гэдэгт итгэхээс гадна, өөр нэг зүйл хэрэгтэйг онцолсон байдаг. Ехова «өөрийг нь шаргуу хайгч» хүмүүсийг шагнадаг гэснийг анхаараарай. «Шаргуу хайх» гэж орчуулсан үг маш их эрч хүч, хичээл зүтгэл гаргах гэсэн утгатай. Хэрэв ийм байвал Бурхны ивээлийг хүртэнэ гэдэгт эргэлзэх хэрэггүй! Учир нь ивээлийн эх булаг нь «мэхэлдэггүй», цорын ганц үнэн Бурхан юм (Тит 1:2). Тэрбээр олон мянган жилийн турш амлалтаа яг таг биелүүлсээр ирсэн. Еховагийн үг бүтэлгүйтэж унадаггүй, үргэлж биелдэг (Ис. 55:11). Тийм учраас, чин сэтгэлээсээ итгэдгээ батлан харуулбал Бурхан ч бас бидэнд Шагнагч болно гэдэгт бүрэн дүүрэн итгэж болно.

7. Абрахамын үрээр дамжин ивээл хүртэхийн тулд яах хэрэгтэй вэ?

7 Есүс Христ Абрахамын үрийн гол хэсэг байсан. Тослогдсон христианууд тэр үрийн туслах хэсгийг бүрдүүлдэг. Тэд «харанхуйгаас [өөрсдийг нь] Өөрийн гайхамшигт гэрэл уруу дуудсан Түүний давуу чанаруудыг ... тунхаглах» даалгавартай (Гал. 3:7–9, 14, 16, 26–29; 1 Петр 2:9). Еховатай сайн харьцаа тогтооё гэвэл Есүсийн эзэмшил хөрөнгөө даатгасан хүмүүсийг үл тоомсорлох ёсгүй. Хэрэв «итгэмжит, ухаалаг боол» туслаагүй бол Бурхны Үгийг бүрэн дүүрэн ойлгож чадахгүй, яаж хэрэгжүүлэхийг ч мэдэхгүй байх байсан (Мат. 24:45–47). Библиэс сурснаа амьдралдаа хэрэгжүүлж байж л Бурхны ивээлийг хүртэнэ.

Бурхны хүсэл тааллыг ямагт анхаарах нь

8, 9. Иаков Бурхны хүсэл таалалд нийцүүлэн ямар хүчин чармайлт гаргасан бэ?

8 Бурхны ивээлийг хүртэхийн тулд маш их хүчин чармайлт гаргах хэрэгтэй гэснийг бодохлоор израильчуудын өвөг Иаковын жишээ санаанд орно. Тэрбээр Бурхны амлалт хэрхэн биелэхийг мэдэхгүй байсан ч Абрахамын үр удмыг өсгөн олшруулж, тэднийг агуу их үндэстэн болгоно гэдэгт итгэж байсан. Тийм учраас, МЭӨ 1781 онд эхнэртэй болохоор Хараныг зорьжээ. Гэхдээ зөвхөн гоо үзэсгэлэнтэй эхнэртэй болохыг эрмэлзэлгүй, харин Еховаг шүтдэг сүнслэг бүсгүй олох бодолтой явжээ. Тийм эмэгтэй сайн эхнэр, сайн ээж болж чадах байв.

9 Иаков өөрийн садан болох Рахелтай учирсныг бид мэдэх билээ. Тэрбээр Рахелд дурлан, түүнийг эхнэрээ болгохын тулд эцэг Лабанд нь долоон жил зарагдахаар болжээ. Энэ бол мартагдашгүй хайрын тухай өгүүлсэн жирийн нэг түүх биш юм. Иаков Төгс хүчит Бурхны амлалтыг сайн мэдэж байсан. Бурхан уг амлалтыг эхлээд өвөө Абрахамд нь, дараа нь эцэг Исаакт нь өгсөн (Эх. 18:18; 22:17, 18; 26:3–5, 24, 25). Хожим нь эцэг Исаак нь Иаковт: «Төгс хүчит Бурхан чамайг ерөөж, чамайг олон үр хүүхэдтэй өнөр өтгөн болгон, чамаар олон үндэстнийг бий болгож, Тэрбээр мөн Абрахамд өгсөн ерөөлөө чамд өгч, чамд болон чамтай хамт чиний үр удамд өгч, Абрахамд өгсөн газар буюу чиний түр сууж байгаа газрыг чамд өвлүүлэх болтугай!» гэжээ (Эх. 28:3, 4). Тиймээс эхнэрээ зөв сонгож, гэр бүл зохиох гэсэн Иаковын хүчин зүтгэл Еховагийн хэлсэн үгэнд бат итгэдгийнх нь илрэл байсан.

10. Ехова Иаковыг ивээсний учир юу вэ?

10 Иаков гэр бүлээ тэжээх гэж эд баялгийн хойноос хөөцөлдөж байгаагүй. Харин үр удмынх нь талаарх Еховагийн амлалтыг оюун бодлоосоо салгалгүй, хүсэл тааллыг нь биелүүлэхийг голлон анхаарч байжээ. Тэрбээр Бурхны ивээлийг хүртэхийн тулд ямар ч саадыг үл тоон, чадах бүхнээ хийх шийдвэр төгс байсан. Өтөл буурал болсон ч энэ шийдвэрээсээ няцаагүй бөгөөд Ехова үүнийх нь төлөө ивээсэн (Эхлэл 32:24–29-ийг уншина уу).

11. Библиэс мэдэж авсан Бурхны хүслийн дагуу бид юу хийх хэрэгтэй вэ?

11 Бид Иаковтай адил, Бурхны санаа зорилго хэрхэн биелэхийг нэгбүрчлэн мэдэхгүй. Гэхдээ Бурхны Үгийг судлан «Эзэний өдрийн» талаар ерөнхий ойлголттой болдог (2 Петр 3:10, 17). Жишээ нь, тэр өдөр хэзээ болохыг яг таг мэдэхгүй ч тун ойртсоныг мэддэг. Үлдсэн богинохон хугацаанд сайтар гэрчилбэл өөрийгөө болон сонсогчийнхоо хэн хэнийг нь аварна гэсэн Бурхны Үгэнд бид итгэдэг ​(1 Тим. 4:16).

12. Юунд итгэж болох вэ?

12 Төгсгөл хэзээ ч ирж болно гэдгийг бид ойлгодог. Дэлхийн бүх хүнтэй биечлэн уулзаж дэлгэрүүлсний дараа л Еховагийн товлосон цаг болно гэж бодож болохгүй (Мат. 10:23). Бид дэлгэрүүлэх ажлыг үр өгөөжтэй хийх заавар авдаг учир өөрт байгаа бүхнээ ашиглан энэ ажилд чадлынхаа хэрээр, итгэлтэйгээр оролцдог. Дэлгэрүүлэх ажил маань хэр зэрэг үр өгөөжтэй байх эсэхийг урьдчилан хэлэх аргагүй (Номлогчийн үгс 11:5, 6-г уншина уу). Ехова ивээнэ гэдэгт итгээд дэлгэрүүлэх нь л бидний хийх ажил юм (1 Кор. 3:6, 7). Ехова бидний хичээж мэрийж байгааг хардаг бөгөөд бидэнд хэрэгтэй тодорхой зааврыг ариун сүнсээрээ өгнө гэдэгт итгэж болно (Дуу. 32:8).

Ариун сүнсийг хайх нь

13, 14. Ариун сүнс Бурхны үйлчлэгчдийг чадвартай болгож ирсэн нь юунаас харагддаг вэ?

13 Даалгавраа биелүүлэх юм уу дэлгэрүүлэх ажилд оролцоход чадал хүрэхгүй юм шиг санагдвал яах вэ? Бурханд үйлчлэх чадвараа сайжруулахын тулд Еховагаас ариун сүнс гуйх хэрэгтэй (Лук 11:13-ыг уншина уу). Бурхны сүнс тухайн хүнийг өмнө нь хаана, юу хийж байснаас нь үл хамааран, уг ажлыг хийх чадвартай болгодог. Жишээ нь, Бурхны сүнс израильчуудыг Египетээс гармагц цэрэг дайны туршлагагүй хоньчин болон боолуудыг дайснаа дарах чадвартай болгосон (Ег. 17:8–13). Дараа нь мөнөөх л сүнс Безалел Охолиаб хоёрын ур чадварыг сайжруулж, Еховагийн зохиосон, асар барих маш нарийн төслийн дагуу ажиллахад бэлэн болгосон (Ег. 31:2–6; 35:30–35).

14 Манай байгууллагад ном хэвлэлээ өөрсдөө хэвлэх шаардлага гарч ирэхэд энэ хүчирхэг сүнс Бурхны орчин үеийн үйлчлэгчдийг бэлтгэсэн. Тэр үеийн хэвлэх тасгийн харгалзагч байсан Р. Ж. Мартин 1927 онд ямар амжилтад хүрсэн тухай бичсэн захидалдаа: «Эзэн цагаа олж хаалгаа нээн, том хэвлэгч машиныг бидэнд өгсөн бөгөөд бид тэр үед түүний зохион байгуулалтыг ч, ажиллуулах горимыг ч мэдэхгүй байж билээ. Гэхдээ Эзэн байгаа бүхнээ дуртайяа зориулдаг хүмүүсийн толгойг яаж хурдан ажиллуулахаа мэддэг. ... Хэдхэн долоо хоногийн дотор бид машинаа сайн ажиллуулж сурсан. Зохион бүтээгчдийнх нь ч санаж бодоогүй ажлыг хийж, машинаа одоо ч сайн ашигласаар байна» хэмээн тайлбарлажээ. Ехова ийм шаргуу хичээл зүтгэлийг одоо хүртэл ивээсээр байна.

15. Хорхой хүргэм зүйлтэй тулгарсан хүмүүст Ром 8:11 ямар учраас урам хайрладаг вэ?

15 Еховагийн сүнс олон янзаар тусалдаг. Ариун сүнс Бурхны бүх үйлчлэгчид нөлөөлөх боломжтой бөгөөд айхавтар саад бэрхшээлийг давахад нь тусалдаг. Хорхой хүргэм зүйлд автах гээд байвал яах вэ? Ром 7:21, 25 болон 8:11-д бичсэн Паулын үг урам хайрладаг. «Үхэгсдээс Есүсийг амилуулсан Нэгэний Сүнс» бидний төлөө ажиллаж, махан биеийн хүсэл тачаалаа ялах хүч өгдөг. Энэ зүйл сүнсээр тослогдсон христиануудад зориулагдсан боловч зарчим нь Бурхны бүх үйлчлэгчид хамаатай. Бид бүгдээрээ Христэд итгэж, зохисгүй хүсэл тачаалаа үхүүлэхийг хичээн, сүнсээр удирдуулж амьдарвал амийг олж авна.

16. Бурхны ариун сүнсний тусламжийг авъя гэвэл яах хэрэгтэй вэ?

16 Ямар ч хүчин чармайлт гаргахгүйгээр Бурхнаас үйлдэх хүчнийх нь тусламжийг авч болно гэж найдаж болох уу? Болохгүй. Залбирахын хажуугаар, ариун сүнсний удирдлагаар бичигдсэн Бурхны Үгээр сайн хооллох хэрэгтэй (Сур. 2:1–6). Түүнээс гадна, Бурхан сүнсээ христиан хуралд өгдөг. Цуглаанд тогтмол очдог маань «чуулгануудад Сүнс юу айлддагийг ... сонсохыг» хүсдэгийн илрэл юм (Илч. 3:6). Бас даруухан байж, юу сурснаа амьдралдаа хэрэгжүүлэхийг хичээх хэрэгтэй. Сургаалт үгс 1:23-т: «Миний зэмлэлд эргэн ханд. Харагтун, би та нарын дээр сүнсээ бялхуулна» гэж бичсэн байдаг. Бурхан ариун сүнсээ өөрийг нь «дагагсдад» өгдөг (Үйлс 5:32).

17. Хүчин чармайлт гаргахад Бурхнаас ивээл хүртдэгийг юутай зүйрлэж болох вэ?

17 Бурхны ивээлийг хүртэхийн тулд шаргуу байж, мэрийх хэрэгтэй боловч зөвхөн хүчин чармайлт гаргасан учраас арвин их ивээл хүртэж байна гэж бодох учиргүй. Хүчин чармайлт гаргахад ивээл хүртдэгийг, зохистой хоол идэхэд бие махбод шим тэжээл авдагтай зүйрлэж болно. Бурхан биднийг хоол хүнс идэж, шим тэжээл авч байхаар бүтээж, хоол хүнсээр хангадаг. Хүнсний бүтээгдэхүүн хэрхэн шимт чанартай болдгийг бид бүрэн мэдэхгүй. Идсэн хоол бие махбодод хэрхэн эрчим хүч болдгийг ч тэр бүр тайлбарлаж чадахгүй. Гэхдээ ийм үйл явц болж байдгийг бид мэддэг. Мөн тэр үйл явцыг дэмжиж «хамтран ажиллах»-ын тулд хоол идэх шаардлагатайгаа ойлгодог. Хэрэв шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэвэл ашиг тус нь илүү их байдаг. Ехова бидэнд мөнхийн аминд хүрэхэд тустай тодорхой шаардлага тавьдаг бөгөөд тэр шаардлагыг биелүүлэхэд тусалдаг. Тэгэхлээр Ехова ажлын голыг нугалдаг нь тодорхой учир магтаал хүлээвэл зохистой Нэгэн мөн. Харин бид ивээл хүртье гэвэл хүсэл таалалд нь нийцүүлэн Еховатай хамтран ажиллах ёстой (Хаг. 2:18, 19).

18. Та яахаар шийдсэн бэ? Яагаад?

18 Тийм учраас, ямар ч даалгавар авсан, түүнийгээ биелүүлэхийн төлөө хамаг сэтгэлээ зориулаарай. Амжилтад хүрэхийн тулд Еховагаас тусламж гуйж байгаарай (Марк 11:23, 24). Тэгэхдээ, «эрж хайдаг хүн олно» гэдэгт итгэлтэй байгаарай (Мат. 7:8). Тэгвэл, сүнсээр тослогдсон хүмүүс тэнгэрийн «амийн титмийг» хүлээн авч ивээл хүртэнэ (Иак. 1:12). Абрахамын үрээр дамжин ивээл хүртэхийг эрмэлзэгч «өөр хонинууд» Христийн: «Миний Эцэгээр ерөөгдөгсөд өө, та нар нааш ир. Ертөнцийн сууриас та нарт бэлтгэсэн хаанчлалыг өвлөн авсугай» хэмээн хэлэхийг сонсоод баярлах болно (Иох. 10:16; Мат. 25:34). Тийм ээ, «[Бурхнаар] ерөөгдөгсөд газар нутгийг өвлөнө. ... Түүнд мөнхөд оршин суух болно» (Дуу. 37:22, 29).

Тайлбарлана уу

• Чин сэтгэлээсээ дуулгавартай байна гэж яахыг хэлдэг вэ?

• Бурхны ивээлийг хүртэхийн тулд яах шаардлагатай вэ?

• Яавал Бурхны ариун сүнсний тусламжийг авах вэ? Ариун сүнс бидэнд хэрхэн тусалдаг вэ?

[Догол мөрийн асуулт]

[9-р хуудасны зураг]

Иаков Еховагийн ивээлийг хүртэхийн тулд тэнгэр элчтэй барилдсан.

Та бас хүчин чармайлт гаргадаг уу?

[10-р хуудасны зураг]

Бурхны ариун сүнс Безалел Охолиаб нарын ур чадварыг сайжруулсан