Skip to content

Гарчиг руу орох

Эв нэгдэлтэй христианууд Бурхныг алдаршуулдаг

Эв нэгдэлтэй христианууд Бурхныг алдаршуулдаг

Эв нэгдэлтэй христианууд Бурхныг алдаршуулдаг

«Сүнсний нэгдлийг хадгалахыг хичээгтүн» (ЕФ. 4:3).

1. I зууны Ефесийн христианууд Бурхныг хэрхэн алдаршуулсан бэ?

 ЭРТНИЙ Ефес хотын христиан хурал эв нэгдэлтэй байсныхаа ачаар жинхэнэ Бурхан Еховаг алдаршуулдаг байжээ. Худалдаа арилжааны төв болж цэцэглэн хөгжсөн энэ хотын христиануудын дунд боол эзэмшигч баячууд ч, боолууд ч байсан бөгөөд тэдний дунд бүр үгээгүй ядуу хүн байсан бололтой (Еф. 6:5, 9). Хурлын гишүүдийн нэг хэсэг нь элч Паулыг гурван сарын турш синагогт дэлгэрүүлэх үед үнэнийг мэдсэн иудейчүүд, нөгөө хэсэг нь урьд өмнө Артемисыг шүтэн, ид шидээр хөөцөлдөж явсан хүмүүс байжээ (Үйлс 19:8, 19, 26). Тэгэхлээр, жинхэнэ христ шашин гарал үүсэл, ахуй амьдралаараа ялгаатай янз бүрийн хүмүүсийг нэгтгэж байсан нь тодорхой байна. Хурлын эв нэгдлийн ачаар Ехова алдаршиж байсныг Паул ойлгоод, «Алдар нь чуулган дотор ... байх болтугай» гэж бичжээ (Еф. 3:21).

2. Ефесийн христиануудын эв нэгдлийг эвдэн бусниулах ямар аюул байсан бэ?

2 Гэхдээ Ефесийн хурлын энэхүү эв нэгдлийг эвдэн бусниулах аюул байжээ. Паул ахлагчдад: «Гажууд зүйлс зааж, дагалдагчдыг өөрсдөдөө татах хүмүүс ч та нарын дундаас гарна» хэмээн анхааруулжээ (Үйлс 20:30). Түүнээс гадна, христиануудын зарим нь хүмүүсийг эвдрэлцүүлдэг хандлагаасаа бүрмөсөн салаагүй байсан. Паул энэ хандлагыг «дуулгаваргүй хөвгүүд дотор ажилладаг» гэжээ (Еф. 2:2; 4:22).

Эв нэгдэлтэй байхыг уриалсан захидал

3, 4. Ефесийн христиануудад бичсэн Паулын захидалд эв нэгдлийг хэрхэн онцолдог вэ?

3 Христианууд гар нийлэн хамтран ажиллая гэвэл дор бүрнээ эв эеэ сахихыг чин сэтгэлээсээ хичээх ёстойг Паул ойлгодог байсан. Бурхан Паулд онгод оруулан, эв нэгдэлтэй байхын чухлыг онцолсон захидлыг Ефесийн христиануудад бичүүлжээ. Жишээ нь, Паул «бүх юмсыг Христ дотор нэгтгэх» гэсэн Бурхны зорилгын тухай бичжээ (Еф. 1:10). Бас тослогдсон христиануудыг барилгын өрлөгт ордог янз бүрийн чулуутай зүйрлэж, «бүх барилга холбогдон Эзэн доторх ариун сүм болохоор өсөж байна» гэжээ (Еф. 2:20, 21). Түүнээс гадна, иудейчүүд болон харь үндэстэн христиануудын эв нэгдлийг онцлон тэмдэглэж, бүгдээрээ адилхан гарал үүсэлтэйг нь сануулсан. Тэрбээр Еховаг «тэнгэр болон газар дахь бүхэл гэр бүлийг нэрлэдэг» хэмээн хэлжээ (Еф. 3:5, 6, 14, 15).

4 «Ефес» номын дөрөвдүгээр бүлгийг судалбал эв нэгдэлтэй байхын тулд хүчин чармайлт гаргах хэрэгтэйн учир юу вэ, эв нэгдэлтэй байхад Ехова хэрхэн тусалдаг вэ, үргэлж эв нэгдэлтэй байхад ямар хандлага тустай вэ гэсэн асуултын хариуг мэдэж авна. Энэ өгүүллээс илүү их ач тус хүртэхийн тулд уг бүлгийг эхнээс нь дуустал нь уншихыг зөвлөж байна.

Эв нэгдэлтэй байхад хүчин чармайлт хэрэгтэйн учир

5. Тэнгэр элчүүд Бурханд эв нэгдэлтэй үйлчилж чаддагийн учир юу вэ? Эв эеэ сахих нь хүмүүс бидний хувьд илүү хэцүү байдгийн учир юу вэ?

5 Паул: «Сүнсний нэгдлийг хадгалахыг хичээгтүн» гэж Ефес хотын христиануудад захисан (Еф. 4:3). Энэ талаар хүчин чармайлт гаргах хэрэгтэйн учрыг ойлгохын тулд Бурхны тэнгэр элчүүдийн жишээг авч үзье. Амьд байгальд яг адилхан хоёр зүйл байдаггүй. Үүнийг бодвол, олон сая тэнгэр элчүүд ч өөр өөрийн онцлогтойгоор бүтээгдсэн гэж үзэх нь зүйд нийцнэ (Дан. 7:10). Гэсэн ч тэд бүгдээрээ Еховагийн үгийг сонсож, хүсэл тааллыг нь биелүүлдэг учраас эв нэгдэлтэй үйлчилж чаддаг (Дуулал 103:20, 21-ийг уншина уу). Үнэнч тэнгэр элчүүд олон янзын зан чанартай байдаг бол, христианууд янз бүрийн зан чанартайгаас гадна алдаа дутагдалтай. Тийм учраас, эв нэгдэлтэй байхад илүү их бэрхшээл тулгардаг.

6. Харилцан адилгүй алдаа дутагдалтай христианууд ямар хандлагатай байвал эв эеийг сахиж чадах вэ?

6 Хүмүүс төгс бус учир гар нийлж ажиллая ч гэсэн элдэв саад бэрхшээл тулгарах нь элбэг байдаг. Жишээ нь, зан чанарын хувьд тэс ондоо хоёр Гэрч байлаа гэж бодъё. Нэг нь их тайван бөгөөд юм л бол хоцордог, нөгөөх нь цагаа нарийн барьдаг боловч амархан уурладаг байжээ. Хоёулаа нэг нэгнийхээ дутагдлыг олж харсан хэр нь биеэ авч явах талаараа хэн хэн нь дутагдалтай гэдгээ анзаарахгүй байж болох юм. Тийм хоёр хүн яавал Ехова Бурхандаа эв нэгдэлтэй үйлчилж чадах вэ? Паулын захидалд дурдсан доорх хандлага энэ хоёр хүнд хэрхэн тусалж болохыг анхаараарай. Тэгээд, ийм хандлагатай байх нь бидний эв нэгдэлд ямар ач тустайг бодоорой. Паул: «Зүй зохистой явахыг ... би хичээнгүйлэн ятгая. Ингэхдээ аливаа төлөв даруу байдлаар бөгөөд дөлгөөн сэтгэлээр хайр дотор бие биеэ хүлцэн тэвчиж, амар тайвны хүлээс дотор Сүнсний нэгдлийг хадгалахыг хичээгтүн» гэж зөвлөжээ (Еф. 4:1–3).

7. Төгс бус бид итгэл нэгтнүүдтэйгээ эв нэгдэлтэй байхыг хичээх нь яагаад амин чухал бэ?

7 Бурхныг жинхэнэ ёсоор шүтдэг хүмүүс нэг л «бие»-ийн эрхтнүүд учир төгс бус ч гэлээ, эв нэгдэлтэйгээр Бурханд үйлчилж сурах нь амин чухал. Библид: «Та нар өөрсдийнхөө дуудлагын нэг найдвар дотор дуудагдсаны адил нэг бие, нэг Сүнс, нэг Эзэн, нэг итгэл, нэг баптисм, нэг Бурхан байна. Тэр бол бүгдийн Эцэг» гэж бичжээ (Еф. 4:4–6). Ехова ард түмнийг нь нэгтгэдэг нэг л байгууллагыг ивээж, сүнсээ өгдөг. Тиймээс, итгэл нэгтэндээ гомдлоо гээд хаашаа явах билээ? Мөнх амийн үгсийг өөр хаанаас ч сонсохгүй шүү дээ (Иох. 6:68).

Эв нэгдэлтэй байхад тусалдаг «хүн бэлгүүд»

8. Хүмүүсийг эвдрэлцүүлдэг хандлагатай тэмцэхэд Христ бидэнд яаж тусалдаг вэ?

8 Есүс хурлыг эв нэгдэлтэй байлгахын тулд хэрхэн «хүн бэлгүүд» (ШЕ) өгснийг Паул тайлбарлахдаа эртний цэргүүдийн дунд тогтсон ёсыг жишээ болгожээ. Ялсан талын цэргүүд олзолсон хүнээ гэртээ авчран боол болгож, эхнэртээ туслуулан гэрийн ажлаа хийлгэдэг байв (Дуу. 68:1, 12, 18). Түүнтэй адилаар, Есүс ертөнцийг ялж, өөрт нь сайн дураараа үйлчлэх олон боолтой болсон (Ефес 4:7, 8-ыг уншина уу). Есүс бэлгэдлийн тэр олзлогдогсдоор юу хийлгэсэн бэ? «Тэр заримыг нь элч, заримыг нь эш үзүүлэгч, заримыг нь сайн мэдээг тунхаглагч, заримыг нь хоньчин ба багш болгожээ. Эдгээр нь ариун хүмүүсийг үйлчлэлийн ажилд бэлтгэж, Христийн биеийг байгуулахын тулд юм. Бид бүгд итгэл[ийн] ... нэгдэл хүртэл ... ингэх ажээ» (Еф. 4:11–13).

9. а) «Хүн бэлгүүд» биднийг эв нэгдэлтэй байхад хэрхэн тусалдаг вэ? б) Христиан бүр хурлын эв нэгдэлд хувь нэмрээ оруулах ёстойн учир юу вэ?

9 Халамжтай хоньчид болох «хүн бэлгүүд» эв нэгдлээ хадгалахад маань тусалдаг. Жишээ нь, хурлын ахлагч хоёр Гэрчийг «нэг нэгнээ өдөөн сөрж» байгааг анзаарвал тэднийг «дөлгөөн байдлын сүнс дотор шинэчлэн засахын» тулд хувьчлан зөвлөгөө өгч, хурлын эв нэгдлийг хадгалахад ихээхэн хувь нэмэр оруулж чадна (Гал. 5:26–6:1). Биднийг Библийн сургаалд үндэслэсэн бат итгэлтэй болоход «хүн бэлгүүд» тусалж, багшийн үүрэг гүйцэтгэдэг. Ийнхүү хурлын гишүүдийг эв нэгдэлтэй байлгаж, христиан ёсоор төлөвшихөд нь тусалдаг. «Үүний үр дүнд бид цаашид хүүхэд байхаа больж, давалгаанд энд тэнд шидэгдэн, аливаа номлолын салхи, хүмүүсийн ов мэх болон зальхай хуйвалдааны башир арганд туугд[даг]гүй» гэж Паул бичжээ (Еф. 4:13, 14). Биеийн эрхтэн бүр нэг нэгнээ дэмжиж, хэрэгцээтэй зүйлээр нь хангадгийн адил христиан хүн бүр хурлын эв нэгдэлд хувь нэмрээ оруулах учиртай (Ефес 4:15, 16-г уншина уу).

Хандлагаа өөрчлөх нь

10. Садар самуун явдал эв нэгдэлд хэрхэн аюул учруулдаг вэ?

10 Ефесийн христиануудад бичсэн Паулын захидлын дөрөвдүгээр бүлэгт төлөвшсөн христианууд бие биеэ хайрлаж байсан цагт л эв нэгдэлтэй байна хэмээснийг та анзаарсан уу? Дараа нь, хайрлах гэдэгт юу юу орохыг тайлбарласан. Жишээ нь, бусдыг хайрладаг хүн садар самуун, тачаангуй байдлаас зайлсхийдэг. Паул христиан ах дүү нартаа «харь үндэстнүүд ... шиг ... явахгүй» байхыг уриалсан. Харь үндэстнүүд «мэдрэмжгүй болж», «тачаангуй байдалд өөрсдийгөө тушаасан» ажээ (Еф. 4:17–19). Садар самуунаар дүүрсэн ертөнцөөс болж бидний эв нэгдэлд аюул учирдаг. Хүмүүс садар самууныг наргиан болгон ярих, дуулж хуурдах, үзэж харахаас гадна далдуур болон нууж хаалгүй садарлан самуурдаг. Гэрлэх зорилгогүй хэр нь сээтэгнэн, эсрэг хүйсийн хүний анхаарлыг татахаар биеэ авч явбал Ехова болон хурлаас холдож хөндийрөх аюултай. Яагаад тэр вэ? Сээтэгнэвэл садар самуун явдалтай орооцолдоход амархан байдаг. Түүнчлэн, сээтэн явдлаас болж гэр бүлтэй хүн завхайрвал үр хүүхэд болон буруугүй ханиасаа салах аюултай. Үнэхээр ч, хүмүүсийг эвдрэлцүүлдэг хандлага гэхээс өөр юу гэх вэ! Паул: «Та нар ийм замаар Христийг сураагүй» гэж хэлсэнд гайхах хэрэггүй (Еф. 4:20, 21).

11. Библи христиануудад юугаа өөрчлөхийг уриалдаг вэ?

11 Завхруулдаг үзэл бодлоосоо салж, бусадтай нийцтэй байхад тус болох хандлагыг хөгжүүлэхийн чухлыг Паул онцолж: «Чиний амьдралын урьдын хэв маягт хамаарах заль мэхийн тачаалын дагуу ялзарч буй хуучин хүнээ та нар хойш тавьж, оюун санааныхаа сүнс дотор шинэчлэгдэж, зөвт байдал болон үнэний ариун байдал дотор Бурханы [«хүсэл тааллын», ШЕ] дагуу бүтээгдсэн шинэ хүнийг өөртөө өмс» гэж хэлжээ (Еф. 4:22–24). Яавал «оюун санааныхаа сүнс дотор шинэчлэгдэх» вэ? Бурхны Үгнээс сурч мэдсэнээ болон туршлагатай христиануудын сайхан жишээг талархан бодоод, хүчин чармайлт гаргавал «Бурхны хүсэл тааллын дагуу бүтээгдсэн» шинэ хүнийг өмсөж чадна.

Үг яриагаа засах нь

12. Үнэнийг ярих нь эв нэгдэлтэй байхад ямар ач тустай вэ? Үнэнийг ярих нь зарим хүнд амаргүй байдгийн учир юу вэ?

12 Итгэл нэгтнүүд болон гэр бүлийнхэндээ үнэнийг ярих нь туйлын чухал. Ил тод, илэн далангүй, эелдэг боловсон ярих нь хүмүүсийг ойр дотно болгодог (Иох. 15:15). Харин худлаа ярьдаг бол яах вэ? Энэ нь илэрвэл бусдынхаа итгэлийг алдана. Ингэж бодохлоор, «Хүн бүр хөршдөө үнэнийг ярь. Учир нь бид бие биедээ эрхтнүүд юм» хэмээн Паулын бичсэн нь ойлгомжтой болж байна (Еф. 4:25). Бүр хүүхэд байхаасаа худал ярьж зуршсан хүний хувьд үнэнийг ярьж сурахад хэцүү санагдаж магад. Гэхдээ Ехова өөрчлөгдөх гэсэн хүчин чармайлтыг нь өндөр үнэлж, тусална.

13. Гомдмоор үг хэлэхгүйн тулд яах хэрэгтэй вэ?

13 Ехова биднийг хурал болон гэр бүлийн хүрээнд бие биеэ хүндэтгэж, эв нэгдэлтэй байгаасай гэсэндээ үг яриагаа анхаарахыг хатуу сануулж: «Та нарын амнаас ямар ч ялзарсан үг бүү гараг. ... Аливаа хорсол, уур, хилэн, шуугиан, гүтгэлэг нь бүх бузар муугийн хамт та нараас зайлаг» хэмээжээ (Еф. 4:29, 31). Гомдмоор үг хэлэхгүй байх нэг арга нь бусдад урьдынхаасаа илүү хүндэтгэлтэй хандаж сурах явдал юм. Жишээ нь, нөхөр нь эхнэрээ дайрч доромжилдог бол, Ехова эмэгтэйчүүдийг хэрхэн хүндэтгэдгийг мэдэхийн хэрээр эхнэртээ хандах хандлагаа өөрчлөх хэрэгтэй. Бурхан зарим эмэгтэйг ариун сүнсээрээ тосолж, Христтэй хамт хаанчлах найдвар өгсөн шүү дээ (Гал. 3:28; 1 Петр 3:7). Мөн түүнчлэн, нөхөр лүүгээ байнга хашгичдаг эмэгтэй дургүйг нь хүргэсэн хүмүүст хариу бариагүй Есүсийг санаад өөрчлөгдөх хэрэгтэй (1 Петр 2:21–23).

14. Уурандаа дийлдэх нь яагаад аюултай вэ?

14 Харааж зүхэх нь уураа барьж чадахгүй байгаагийн шинж юм. Уураа барихгүйгээс болоод дотнын хүмүүстэйгээ ч түнжин хагардаг. Уур хилэнг галтай зүйрлэж болно. Уурандаа дийлдэх амархан бөгөөд гашуун үр дагавартай (Сур. 29:22). Дургүйцлээ илэрхийлж болох ч дотно сайхан харьцаандаа сэв суулгахгүйн тулд уураа барих хэрэгтэй. Христиан хүн нэгэндээ муу саналгүй, асуудлаа дахин дахин ярилгүй, уучилж сурах шаардлагатай (Дуу. 37:8; 103:8, 9; Сур. 17:9). Паул Ефесийн христиануудад: «Уурласан ч, нүгэл бүү үйлд. Та нарын уур хилэн дээр нар бүү жаргаг. Диаволд байр бүү өг» хэмээн зөвлөжээ (Еф. 4:26, 27). Уурандаа дийлдэх нь хурлын эв нэгдлийг эвдэх, цаашлаад сөргөлдөөнд хүргэх боломжийг Диаволд олгоно.

15. Бусдын юмыг зөвшөөрөлгүй авах нь ямар хор уршигтай вэ?

15 Хурлын эв нэгдэлд хувь нэмэр оруулъя гэвэл бусдын эд зүйлийг эрхэмлэн үзэх хэрэгтэй. Библид: «Хулгайч хүн цаашид хулгай бүү хий» гэж бичсэн байдаг (Еф. 4:28). Ер нь Бурхны ард түмэн бие биеийнхээ итгэлийг хүлээсэн хүмүүс. Хэрэв христиан хүн тэр итгэлийг эвдээд, бусдын юмыг зөвшөөрөлгүй авбал эв нэгдэлд аюул учруулна.

Бурхныг хайрлах хайр биднийг эв нэгдэлтэй болгодог

16. Ямар сэтгэлтэй байвал эв нэгдлийг батжуулдаг «босгон байгуулах» үг хэлж чадах вэ?

16 Христиан хурлын бүх гишүүн Бурхныг хайрлах хайрандаа хөтлөгдөн бусдыг хайрладаг нь эв нэгдэлтэй байх үндэс болдог. Бид сайхан сэтгэл гаргадгийнх нь төлөө Еховад талархдаг учир «Хэрэгтэй үед нь бусдыг босгон байгуулахын тулд зөвхөн тустай үг хэл. Тэгвэл энэ нь сонсож буй хүнд нигүүлслийг өгнө. Бурхан та нарыг Христ дотор уучилсны адил бие биеэ уучлан, нэг нэгнээ энэрэн уян зөөлөн сэтгэлээр ханд» хэмээсэн зөвлөгөөг амьдралдаа хэрэгжүүлэхийг чин сэтгэлээсээ хичээдэг (Еф. 4:29, 32). Ехова сайхан сэтгэл гарган, төгс бус биднийг уучилдаг. Бид ч бас бусдынхаа алдаа дутагдлыг анзаарвал уучлах ёстой биз дээ?

17. Эв нэгдэлтэй байх гэж чин сэтгэлээсээ чармайх хэрэгтэйн учир юу вэ?

17 Бурхны ард түмэн эв нэгдэлтэй байсан цагт Ехова алдаршина. Биднийг эв нэгдэлтэй байлгахын тулд ариун сүнс янз бүрээр тусалдаг. Сүнсний удирдлагыг эсэргүүцэхийг хэн маань ч хүсдэггүй. Паул: «Бурханы Ариун Сүнсийг бүү гомдоо» гэж бичжээ (Еф. 4:30). Эв нэгдлийг эрдэнэ мэт үнэлж, хамгаалбал зохино. Эв нэгдэлтэй бүх хүн баяр баясгалан эдлэхийн зэрэгцээ Еховаг алдаршуулдаг. «Тиймээс хайрлагдсан хүүхдүүд адил Бурханыг дуурайгчид болцгоо[ё]. ... Хайр дотор яв[цгаая]» ​(Еф. 5:1, 2).

Хариулна уу

• Христианууд эв нэгдэлтэй байхын тулд ямар хандлагатай байх хэрэгтэй вэ?

• Биеэ авч явах байдал хурлын эв нэгдэлд ямар ач тустай вэ?

• Бусадтайгаа эв нэгдэлтэй байхад ямар үг яриа тустай вэ?

[Догол мөрийн асуулт]

[17-р хуудасны зураг]

Гарал үүсэл, амьдрал ахуй өөр ч эв нэгдэлтэй

[18-р хуудасны зураг]

Сээтэгнэхийн аюулыг та ойлгодог уу?