Skip to content

Гарчиг руу орох

Хэнд залбирах ёстой вэ?

Хэнд залбирах ёстой вэ?

ХЭНД Ч залбирсан хамаагүй Бурхан бүх залбирлыг сонсдог уу? Ингэж боддог хүн олон бий. Энэ үзлийг гол төлөв шашнуудын хамтын ажиллагааг дэмждэг бас шашнууд өөр хоорондоо ялгаатайг мэддэг ч бүх шашныг хүлээн зөвшөөрдөг хүмүүс дэмждэг. Гэхдээ үнэхээр тийм гэж үү?

Ер нь маш олон хүн залбирлыг сонсдог нэгэнд залбирдаггүйг Библи хэлж өгдөг. Библийг бичиж байх үед хүмүүс бурхны хөшөө барималд залбирах нь түгээмэл байжээ. Гэхдээ Бурхан тэгж залбирах ёсгүйг удаа дараа анхааруулж байсан. Шүтээнүүдийн талаар Дуулал 115:4–6-д «Тэдгээр нь чихтэй боловч сонсож чаддаггүй» гэж байдаг. Тэгэхээр нэг зүйл тодорхой байна. Залбирлыг тань сонсохгүй бурханд залбирах хэрэгтэй гэж үү?

Библид гардаг нэг үйл явдлыг авч үзье. Жинхэнэ Бурхны зөнч Елиа аль бурхан нь залбирлыг сонсдогийг шалгая гэж Баалын зөнчдөд уриалжээ. Тэрбээр Баалын зөнчдийг бурхандаа залбир хэмээгээд дараагаар нь өөрөө ч мөн Бурхандаа залбиръя гэжээ. Бас залбиралд нь хариулах бурхан жинхэнэ, хариулахгүй нь хуурамч гэж хэлэв. Баалын зөнчид залбирахаар болж олон цаг, шаргуу, бүр чанга хашхирч залбирсан ч ямар ч хариу байсангүй. Энэ тухай Библид «Хэн ч хариулсангүй, хэн ч анхаарсангүй» гэж тэмдэглэжээ (Хаадын дээд 18:29). Тэгвэл Елиаг залбирахад яасан бол?

Елиаг залбирсны дараа Бурхан нь тэр даруй залбиралд нь хариулж тэнгэрээс гал буулган Елиагийн бэлдсэн тахилыг шатаачихав. Елиагийн залбирал Баалын зөнчдийнхөөс юугаараа ялгаатай байсан бэ? Хаадын дээд 18:36, 37-д гардаг Елиагийн залбиралд хариу нь бий. Тэрбээр их товч залбирсан. Еврей эх бичгийг үзвэл, ойролцоогоор 30 үг л хэлсэн байдаг. Тийм цөөхөн үг хэлсэн ч Бурхныг Ехова гэдэг оноосон нэрээр нь гурван ч удаа дууджээ.

Канаанчууд Баал гэдэг бурхан шүтдэг байсан бөгөөд Канааны газар бүрд өөр өөр Баал шүтдэг байв. Баал гэдэг нь «эзэн» гэсэн утгатай. Харин Еховагийн нэр хосгүй бөгөөд орчлонт ертөнцөд ганцхан Еховад л энэ нэр тохирно. Ехова ард түмэндээ «Би бол ЭЗЭН [«Ехова», ШЕ]. Энэ бол Миний нэр. Би Өөрийн алдрыг бусдад ... өгөхгүй» гэж хэлсэн байдаг (Исаиа 42:8).

Бурхан Елиа болон Баалын зөнчдийн хэн хэнийх нь залбирлыг сонссон уу? Хүмүүс Баалыг шүтдэг болоод садар самуун үйлдэх, хүнээр тахил өргөх зэрэг зан үйл үйлддэг болжээ. Ийнхүү ёс суртахууны хэм хэмжээг гажуудуулсан. Үүнээс эрс ялгаатай нь Еховагийн ард түмэн буюу израйлчууд ёс суртахууны өндөр хэм хэмжээ баримталж, Баал шүтдэг хүмүүсийнх шиг зан үйл үйлддэггүй байжээ. Жишээ нь та хайрлаж хүндэтгэж явдаг дотнын найздаа захиа бичээд явуулахаар боллоо гэж бодъё. Тэгвэл найзаас тань шал өөр, муу явдлаараа зартай хүнд хаяглаж явуулахгүй биз дээ?

Елиа болон Баалын зөнчдийг залбирахад хэн залбирлыг сонсдог нь тодорхой болсон

Хэрэв та Еховад залбирвал хүн төрөлхтний Эцэг, бүтээгч Бурханд залбирч байна гэсэн үг *. Зөнч Исаиа: «Өө, ЭЗЭН [«Ехова», ШЕ], Та бидний Эцэг» хэмээн залбирчээ (Исаиа 63:16). Исаиагийн хэлсэн Бурхны тухай Есүс дагалдагчдадаа «Би өөрийнхөө болоод та нарын Эцэг рүү, өөрийнхөө болоод та нарын Бурхан руу явж байна» гэж хэлжээ (Ёохан 20:17). Ехова бол Есүсийн Эцэг. Есүс Ехова Бурханд залбирдаг байсан, дагалдагчдадаа бас Еховад залбирч байхыг заасан (Матай 6:9).

Библид Есүс, Мариа, гэгээнтнүүд болон тэнгэрийн элчүүдэд залбираарай гэж байдаг уу? Үгүй. Зөвхөн Еховад залбирах ёстойг бичсэн байдаг. Яагаад? Хоёр шалтгааныг авч үзье. Нэгдүгээрт, залбирал бол шүтлэгийн нэг хэсэг бөгөөд зөвхөн Еховаг шүтэх ёстой гэж Библид байдаг (Египетээс гарсан нь 20:5). Хоёрдугаарт, Еховаг л «залбирлыг сонсдог Нэгэн» гэж Библид бичжээ (Дуулал 65:2). Ехова бусдад янз бүрийн ажил үүрэг даалгадаг ч залбирлыг сонсох үүргээ хэнд ч даалгаагүй. Бидний залбирлыг ганцхан өөрөө сонсоно гэдгээ амласан.

Хэрвээ та Бурханд залбирлаа сонсгоё гэвэл Библийн дараах зүйлийг санаарай. «Еховагийн нэрээр дууддаг хүн бүр аврагдана» (Үйлс 2:21). Гэхдээ Ехова бүх залбирлыг ямар ч болзол тавихгүйгээр сонсдог уу? Еховад залбирлаа сонсгохын тулд өөр мэдэх хэрэгтэй зүйл байдаг уу?

^ Зарим шашин Бурхныг оноосон нэрээр нь дуудах нь буруу, тэр байтугай залбирахдаа ч нэрийг нь хэлж болохгүй гэж заадаг. Гэтэл үнэндээ Бурхны нэр Библийн эх бичигт ойролцоогоор 7 000 удаа гардаг. Тэр дундаа Бурхны үнэнч үйлчлэгчдийн залбирал, магтуу дуунд олон гардаг.