Skip to content

Гарчиг руу орох

Яаж залбирах ёстой вэ?

Яаж залбирах ёстой вэ?

ЗАЛБИРАХ тухайд олон шашин харагдах байдлыг илүү их анхаардаг. Жишээлбэл биеийн байрлал, хэлэх үг, зан үйлийг чухалд үздэг. Гэхдээ Библид эдгээрээс илүү чухал юмыг анхаарах хэрэгтэйг бичсэн байдаг.

Бурхны үнэнч үйлчлэгчид янз бүрийн газарт, янз янзаар, жишээлбэл суух, зогсох зэргээр залбирч байсныг Библид тэмдэглэжээ. Тэд нөхцөл байдлаасаа шалтгаалан чанга эсвэл дотроо, тэнгэр өөд харах юм уу сөхөрч суугаад залбирдаг байв. Залбирахдаа хөрөг дүрсэнд мөргөх, залбирлын номоос унших, эрх эргүүлэх зэрэг зан үйл үйлдэж байгаагүй. Харин чин сэтгэлээсээ, өөрийнхөө үгээр залбирдаг байжээ. Тэд яаж залбирсан учраас Бурхан залбирлыг нь сонссон бэ?

Өмнөх өгүүлэлд гарсанчлан, тэд цорын ганц Бурхан Еховад залбирсан. Залбирахдаа анхаарах шаардлагатай бас нэг чухал зүйл бий. 1 Ёохан 5:14«Таалалд нь нийцүүлэн юу ч гуйсан, Бурхан сонсдог гэдэгт бид итгэлтэй байдаг» гэж бий. Тэгэхээр бид Бурхны таалалд нийцүүлэн залбирах хэрэгтэй байх нь ээ. Үүнийг юу гэж ойлгох вэ?

Бид Бурхны хүсэл таалалд нийцүүлэн залбирахын тулд Бурхны юу хүсдэгийг мэдэж авах хэрэгтэй. Библийг судалбал Бурхны хүслийг мэдэж авна. Тэгвэл бид Библи судлаач эрдэмтэн болохгүй л бол Бурхан залбирлыг маань сонсохгүй гэсэн үг үү? Яалаа гэж дээ! Бурхан биднийг хүсэл тааллыг нь мэдэж аваад ойлгож, тэр дагуу амьдраасай гэж хүсдэг (Матай 7:21–23). Тиймээс бид Бурхны хүсэл тааллыг мэдэж аваад тэр дагуу залбирах хэрэгтэй.

Бурханд залбирлаа сонсгохын тулд хүсэлд нь нийцүүлж, бат итгэлтэйгээр, Есүсийн нэрээр залбирах ёстой

Бид Ехова болон хүсэл тааллынх нь талаар мэдэхийн хэрээр итгэлтэй болдог. Бат итгэлтэй байх нь Бурханд залбирлаа сонсгоход шаардлагатай бас нэг чухал зүйл юм. Есүс: «Бат итгэлтэйгээр залбирч гуйсан бүхнээ та нар авна» гэж хэлсэн байдаг (Матай 21:22). Итгэх гэдэг нь аливааг сохроор дагана гэсэн үг биш. Харин харагдахгүй юманд ч баттай баримт нотолгоонд үндэслэн итгэхийг хэлдэг (Еврей 11:1). Библид Еховаг үл үзэгдэх нэгэн боловч бодитой оршдог, итгэмжит, өөрт нь итгэлтэйгээр залбирдаг хүмүүст дуртайяа хариулдаг Бурхан гэдгийг батлах нотолгоо олон байдаг. Түүнээс гадна бид илүү бат итгэлтэй болгож өгөөч гэж Еховагаас хэзээ ч гуйж болно. Ехова ч хэрэгтэй бүхнийг маань дуртайяа өгнө (Лук 17:5; Яаков 1:17).

Залбирахдаа анхаарах хэрэгтэй өөр нэг чухал зүйл бий. Есүс: «Надаар дамжихгүйгээр хэн ч Эцэг рүү очихгүй» гэжээ (Ёохан 14:6). Есүсийн ачаар л бид тэнгэрийн Эцэг Еховадаа залбирч чаддаг. Тиймээс Есүс дагалдагчдадаа өөрийнх нь нэрээр залбирч байгаарай гэжээ (Ёохан 14:13; 15:16). Энэ нь бид Есүст хандаж залбирах ёстой гэсэн үг биш ээ. Есүсийн нэрээр залбирах гэдэг нь Есүсийн ачаар л төгс, ариун Эцэгт сэтгэлээ уудлах боломжтой болсноо санаж залбирна гэсэн үг.

Есүсийн дотнын шавь нар нь нэгэн удаа «Эзэн, хэрхэн залбирахыг ... бидэнд зааж өгөөч» гэжээ (Лук 11:1). Шавь нар нь залбиралтай холбоотой бидний авч үзсэн энгийн юмыг асуугаагүй нь тодорхой. Тэд залбирлын агуулга ямар байх хэрэгтэйг мэдэхийг үнэхээр их хүсжээ. Өөрөөр хэлбэл «Бид юуны талаар залбирах ёстой вэ?» гэж асуусан хэрэг.