Skip to content

Гарчиг руу орох

Хаана, хэзээ залбирах нь тийм чухал гэж үү?

Хаана, хэзээ залбирах нь тийм чухал гэж үү?

ДЭЛХИЙН томоохон шашнуудыг шүтдэг хүмүүс тусгай нэг газар очиж залбирдгийг та анзаарсан байх. Бас тогтсон цагуудад залбирахыг заадаг шашин ч бий. Тэгвэл Библид хэзээ, хаана залбирахыг заасан дүрэм журам байдаг уу?

Библиэс бид ямар ямар үед залбирвал тохиромжтой байдгийг мэдэж болно. Жишээлбэл Есүс шавь нартайгаа хооллохоосоо өмнө Бурханд талархаж залбирсан (Лук 22:17). Бас Есүсийн шавь нар Бурхныг шүтэхээр цуглаад хамт залбирсан байдаг. Ийнхүү тэд иудейчүүдийн синагог болон Иерусалимын сүмд олон жилийн турш сахисан энэ заншлыг дагажээ. Бурхан Иерусалим дахь сүмийг «бүх үндэстний залбирлын өргөө ... болно» гэж хэлсэн (Марк 11:17).

Бурхны үйлчлэгчид цуглаж хамт залбирах нь үр нөлөөтэй байдаг. Цугласан хүмүүс санаа сэтгэл нэгтэй байж, төлөөлөн залбирч байгаа хүн нь Библийн зарчимд нийцүүлж залбирвал Бурхан таалан сонсдог. Бурхан тийм залбирлыг сонсоод хийнэ гэж төлөвлөөгүй зүйлээ хийх нь ч бий (Еврей 13:18, 19). Еховагийн Гэрчүүд цуглаан дээрээ тогтмол залбирдаг. Таныг Еховагийн Гэрчүүдийн цуглааны танхимд ирж залбирал сонсохыг урьж байна.

Библид хаана, хэзээ залбирахыг зааж хязгаарласан дүрэм журам байдаггүй. Бурхны үйлчлэгчид янз бүрийн газар, өөр өөр цагт залбирч байсныг Библид тэмдэглэн үлдээжээ. Бас Есүс: «Та нар залбирахдаа өрөөндөө орж, хаалгаа хаагаад хүнд харагддаггүй Эцэгтээ залбир. Тэгвэл бүхнийг харж чаддаг Эцэг тань шагнана» гэжээ (Матай 6:6).

Хэзээ ч, хаана ч залбирч болно

Есүсийн энэ уриалга гайхамшигтай биш гэж үү? Та орчлонт ертөнцийн Хэмжээгүй эрхт Эзэн Бурхантай хэзээ ч хувьчлан ярьж болно. Бас Бурхан таны үгийг анхааралтай сонсоно гэдэгт итгэлтэй байж болно гэсэн үг. Тэгэхээр Есүс яагаад ганцаарчлан залбирах боломж бүрийг хайдаг байсан нь ойлгомжтой байна. Нэгэн удаа Есүс чухал шийдвэр гаргахаасаа өмнө Бурхнаас удирдамж заавар гуйж шөнөжингөө залбирсан байдаг (Лук 6:12, 13).

Өөр олон хүн чухал шийдвэр гаргахаасаа өмнө бас бэрхшээлтэй тулгараад залбирсан тухай Библид тэмдэглэн үлдээжээ. Заримдаа тэд чанга эсвэл дотроо, олуулаа эсвэл ганцаарчлан залбирдаг байжээ. Аль нь ч бай, залбирч байсан нь хамгийн чухал. Бурхан бас үйлчлэгчдэдээ «Тасралтгүй залбир» гэж уриалдаг (1 Тесалоник 5:17). Хүслийг нь биелүүлдэг хүний залбирлыг Бурхан хэзээ ямагт дуртайяа сонсдог. Ехова биднийг хайрладаг нь тодорхой байгаа биз?

Хүмүүс юманд тэр бүр итгэхээ больсон өнөө үед залбирал ач тустай эсэхэд эргэлздэг хүн олон бий. Та бас «Залбирал надад үнэхээр тус болох уу?» гэж бодож байж болох юм.