Skip to content

Гарчиг руу орох

Бурхан залбирлыг тань сонсож, хариулах болов уу?

Бурхан залбирлыг тань сонсож, хариулах болов уу?

ЭНЭ асуулт хүмүүсийн сонирхлыг маш их татдаг. Ехова залбирлыг үнэхээр сонсдогийг Библид бичсэн байдаг. Ехова залбирлыг тань сонсох эсэх нь танаас ихээхэн шалтгаална.

Есүс тухайн үеийнхээ шашны удирдагчдыг хоёр нүүр гаргаж залбирдгийг нь эрс буруушаажээ. Тэд өөрсдийгөө зөв юм хийдэг гэж бусдад гайхуулах зорилгоор залбирдаг байжээ. Есүс тэднийг «шагналаа бүрэн авсан» гэж хэлсэн нь хүмүүсийн анхаарлыг өөрсдөдөө татах гэсэн гол зорилгодоо хүрснийг нь хэлсэн хэрэг байв. Харин тэд Бурханд залбирлаа сонсгож чадаагүй учраас залбирал нь үр ашиггүй байжээ (Матай 6:5). Үүнтэй адилаар өнөөдөр олон хүн Бурхны биш, өөрсдийнхөө хүсэлд нийцүүлж залбирдаг. Бидний авч үзсэн Библийн зарчмуудыг тэд үл тоомсорлодог учраас Бурхан залбирлыг нь сонсдоггүй.

Тэгвэл таны залбирлыг Бурхан сонсож, хариулах болов уу? Бурхан залбирлыг тань сонсох эсэх нь таны арьс өнгө, үндэс угсаа, нийгмийн гарал зэргээс хамаарахгүй. Библид «Бурхан хэнийг ч алаг үздэггүй. Харин ямар ч үндэстэн өөрөөс нь эмээдэг, зөв юм хийдэг бол таалдаг» гэсэн урамтай үг бий (Үйлс 10:34, 35). Та ийм хүн мөн үү? Бурхнаас эмээх гэдэг нь Бурхныг ихэд хүндлэн, сэтгэлд нь нийцдэггүй юм хийхгүй байна гэсэн үг юм. Зөв юм хийх гэдэг нь өөрийнхөө эсвэл бусдын зөв гэж үздэг юмнаас илүү Бурхны зөв гэж үздэг юмыг хийхийг хэлдэг. Та Бурханд залбирлаа сонсгохыг үнэхээр их хүсдэг үү? Энэ зорилгодоо хүрэхэд тань Библи тус болно *.

Олон хүн Бурхныг залбиралд нь хариулахдаа гайхамшиг үйлдээсэй гэж хүсдэг. Библийг бичигдэж байх үед Бурхан зарим хүний залбиралд хариулахдаа гайхамшиг үйлдэж байсан нь үнэн. Библийг үзвэл Бурхан зарим гайхамшгаа хэдэн зуун жилийн зайтай үйлдэж байжээ. Элчүүдийг нас барсны дараа гайхамшиг үйлдэхээ больсныг Библид бичсэн байдаг (1 Коринт 13:8–10). Тэгэхээр Бурхан одоо бидний залбиралд хариулдаггүй гэсэн үг үү? Яалаа гэж! Бурхны хариулдаг зарим залбирлыг авч үзье.

Бурхан мэргэн ухаан өгдөг. Ехова жинхэнэ мэргэн ухааны Эх булаг юм. Бурхан өөрөөс нь удирдлага заавар гуйж, тэр дагуу амьдрахыг хүсдэг хүмүүст мэргэн ухааныг өгөөмөр сэтгэлээр, дуртайяа өгдөг (Яаков 1:5).

Бурхан агуу хүчээ өгч тусалдаг. Агуу хүч нь Бурхны үйлдэх хүч юм. Үүнээс агуу хүч гэж байхгүй. Бурхны агуу хүчний ачаар бид сорилтыг тэвчиж чаддаг. Зовлон бэрхшээл тулгарахад тайван байж чаддаг. Бас сэтгэл татам олон сайхан зан чанартай болдог (Галат 5:22, 23). Бурхан энэ бэлгээ харамгүй өгдгийг Есүс дагалдагчдадаа батлан хэлсэн (Лук 11:13).

Бурхан өөрийг нь хичээнгүйлэн эрж хайдаг хүмүүст мэдлэг олгодог (Үйлс 17:26, 27). Үнэнийг чин сэтгэлээсээ эрж хайдаг хүмүүс дэлхийн өнцөг булан бүрд бий. Тэд Бурхны тухай, тухайлбал Бурхан ямар нэртэйг, дэлхий болон хүн төрөлхтний талаар ямар санаа зорилготойг, яавал түүнтэй дотносохыг мэдэхийг хүсдэг (Яаков 4:8). Еховагийн Гэрчүүд ийм хүмүүстэй уулзаж эдгээр асуултын хариуг Библиэс үзүүлэхдээ дуртай байдаг.

Та дээрх асуултуудын хариуг мэдэхийг хүсээд энэ сэтгүүлийг авсан уу? Та Бурхны тухай мэдэхийг хүсдэг үү? Энэ сэтгүүл таны гар дээр очсон нь залбирлын тань хариу байж болох юм.

^ Бурхны хүсэлд нийцүүлэн залбирах талаар илүү ихийг мэдье гэвэл Еховагийн Гэрчүүдийн гаргасан «Библиэс юу мэдэж авах вэ?» номын 17-р бүлгийг үзнэ үү.