Skip to content

Гарчиг руу орох

Эхлээд «Түүний зөвт байдлыг» хайгтун

Эхлээд «Түүний зөвт байдлыг» хайгтун

Эхлээд «Түүний зөвт байдлыг» хайгтун

«Эхлээд Түүний хаанчлал болон Түүний зөвт байдлыг хайгтун. Тэгвэл энэ бүхнийг та нарт нэмж өгөх болно» (МАТ. 6:33).

1, 2. Бурхны зөвт байдал гэж юу вэ? Юунд тулгуурладаг вэ?

 «ЭХЛЭЭД Түүний хаанчлал[ыг] ... хайгтун» (Мат. 6:33). Есүс Христийн Ууланд айлдсан номлолд орсон энэ зөвлөгөөг Еховагийн Гэрчүүд сайн мэддэг. Бид Бурхны Хаанчлалыг хайрлаж, түүнд үнэнч байхыг хүсдэгээ амьдралынхаа бүх хүрээнд харуулахыг хичээдэг. Гэхдээ энэ зүйлийн хоёр дахь хэсэг буюу «Түүний зөвт байдал» гэдэг үгийг бас анхаарах ёстой. Бурхны зөвт байдал гэж юу вэ? Зөвт байдлыг эхлээд хайх гэж яахыг хэлдэг вэ?

2 «Зөвт байдал» гэж орчуулсан эх хэлний үгийг шударга ёс, зөв шударга гэж орчуулж болдог. Тэгэхлээр, Бурхны хэм хэмжээ болон үнэлэмжээр зөв шударга гэж тогтоогдсон зүйлийг Бурхны зөвт байдал гэдэг. Ехова Бүтээгч учраас сайн муу, зөв буруугийн хэм хэмжээг тогтоох эрхтэй (Илч. 4:11). Гэхдээ Бурхны зөвт байдлыг ямар ч өршөөлгүй, хатуу чанд хууль тушаал юм уу эцэс төгсгөлгүй дүрэм журам гэж ойлгож болохгүй. Энэ нь Еховагийн мөн чанар болон шударга ёс, хайр, мэргэн ухаан, хүч гэх мэтийн зан чанаруудад нь тулгуурладаг. Тэгэхлээр Бурхны зөвт байдал нь түүний хүсэл таалал, санаа зорилго хийгээд өөрт нь үйлчлэх хүсэлтэй хүмүүсээс юу хүсэн хүлээдэгтэй нягт холбоотой.

3. а) Эхлээд Бурхны зөвт байдлыг хайх гэж яахыг хэлдэг вэ? б) Бид ямар учраас Еховагийн зөвт хэм хэмжээг сахидаг вэ?

3 Бурхны зөвт байдлыг эхлээд хайх гэж яахыг хэлдэг вэ? Бурханд таалагдахын тулд хүслийг нь биелүүлнэ гэсэн үг. Зөвт байдлыг хайдаг хүн өөрийнхөө биш, Бурхны үнэлэмж болон төгс хэм хэмжээний дагуу амьдрахыг хичээдэг (Ром 12:2-ыг уншина уу). Ингэж амьдрахад Еховатай тогтоосон харьцаа чухал үүрэгтэй. Энэ нь шийтгүүлэхээс айсандаа хуулийг нь сахина гэсэн үг биш ээ. Бид Бурхныг хайрладаг учраас өөрийн хэм хэмжээг тогтоолгүй, Бурхны хэм хэмжээг баримталж, түүнд таалагдахыг хичээдэг. Ингэх нь ч зөв бөгөөд ийм зориулалттай бүтээлүүд гэдгээ мэддэг. Бид Бурхны Хаанчлалын Хаан Есүс Христийн адилаар, зөвт байдлыг хайрлах ёстой (Евр. 1:8, 9).

4. Бурхны зөвт байдлыг хайх нь чухал гэхийн учир юу вэ?

4 Еховагийн зөвт байдлыг хайх нь хэр зэрэг чухал бэ? Еден цэцэрлэгт болсон явдлыг авч үзье. Адам Ева хоёр хэм хэмжээ тогтоох Еховагийн эрхийг хүлээн зөвшөөрөх эсэхээр соригджээ (Эх. 2:17; 3:5). Тэд сорилтыг давж чадаагүйн улмаас үр удам нь гай зовлон, үхэл хагацал амсах болсон (Ром 5:12). Гэхдээ Бурхны Үгэнд: «Зөв шударга ба үнэнийг хайдаг хүн нь амь, зөв шударга, хүндэтгэлийг олдог» гэж байдаг (Сур. 21:21). Эхлээд Бурхны зөвт байдлыг хайвал Еховатай ойр дотно болно. Тэгвэл аврагдана (Ром 3:23, 24).

Өөрийгөө зөвтгөдөг болохын аюул

5. Бид ямар аюулаас зайлсхийх ёстой вэ?

5 Элч Паул Ромын христиануудад бичсэн захидалдаа эхлээд Бурхны зөвт байдлыг хайх талаар амжилт гаргахыг хүсдэг хүн бүр ямар аюулаас зайлсхийх ёстойг онцлон тэмдэглэжээ. Тэрбээр элэг нэгт иудейчүүдийн тухай: «Тэд Бурханы төлөө хичээл зүтгэлтэй боловч, энэ нь мэдлэгийн дагуу биш хэмээн би тэднийг гэрчилдэг. Учир нь Бурханы зөвт байдлыг мэдэлгүй, өөрсдийнхийгөө тогтоохыг эрмэлзэн тэд Бурханы зөвт байдалд үл захирагдав» гэж хэлжээ (Ром 10:2, 3). Паулын хэлсэн үгнээс харахад, тэд өөрсдийнхөө зөвт байдлыг тогтоох гэж хэт улайрдаг байсан учир Бурхны зөвт байдлыг ойлгож чадаагүй. *

6. Ямар хандлагаас сэрэмжлэх ёстой вэ? Яагаад?

6 Бурханд үйлчлэхийг өрсөлдөөн шиг үзэн, өөрсдийгөө бусадтай харьцуулдаг бол энэ урхинд орж болзошгүй. Ийм хандлагад автвал өөрийн чадварт хэт найддаг болохдоо амархан. Үүний уршгаар Еховагийн зөвт байдлыг умартаж мэднэ (Гал. 6:3, 4). Зөвийг үйлдэхдээ Еховаг хайрлах хайрандаа хөтлөгдөх нь зохистой. Еховаг хайрладаг гэж хэлчихээд өөрийгөө зөвтгөхийг оролддог хэн боловч үнэн хэрэгтээ Еховад хайргүй гэсэн үг (Лук 16:15-ыг уншина уу).

7. Есүс өөрийгөө зөвтгөх тухай юу ярьсан бэ?

7 «Өөрсдийгөө зөвт хэмээн өөрсдөдөө итгээд, бусдыг басамжлагч» хүмүүст санаа зовж байсан Есүс өөрийгөө зөвтгөх тухай асуудлыг хөндөн дараах сургаалт зүйрлэлийг ярьжээ. Тэрбээр: «Хоёр хүн залбирахаар сүмд оржээ. Нэг нь фарисай, нөгөө нь татвар хураагч байж гэнэ. Фарисай хүн зогсоод, өөртөө залбиран: „Бурхан, Тандаа би талархъя. Юу гэвэл, би бусад хүмүүс шиг зальхай, шударга бус, завхай биш ээ. Тэр байтугай, энэ татвар хураагч шиг ч биш билээ. Би долоо хоногт хоёр удаа мацаг барьж, олсон бүгдийнхээ аравны нэгийг өргөдөг“ гэв. Харин татвар хураагч нь зайдуу зогсоод, тэнгэр өөд харж ч зүрхлэлгүй, харин цээжээ дэлсэн байж, „Бурхан минь нүгэлт намайг өршөөгөөч“ гэв» хэмээн ярьсан. Сургаалт зүйрлэлийнхээ төгсгөлд: «Би та нарт хэлье, фарисай нь биш, харин энэ хүн зөвтгөгдөн гэртээ харив. Учир нь өөрийгөө өргөмжилдөг аливаа хүн номхруулагдаж, өөрийгөө даруу байлгагч нь өргөмжлөгдөнө» гэж дүгнэн хэлсэн (Лук 18:9–14).

«Хэт шударга» болохын аюул

8, 9. «Хэт шударга» болох гэж яахыг хэлэх вэ? Ийм хандлага биднийг юунд хүргэдэг вэ?

8 Бидний зайлсхийх ёстой өөр нэг аюулыг Номлогчийн үгс 7:16-д: «Битгий хэт шударга бай, битгий хэт мэргэн бай. Яагаад чи өөрийгөө хөнөөх ёстой юм бэ?» гэж бичсэн байдаг. Уг номыг бичигч ийм хандлагаас зайлсхийх шалтгааныг 20-р зүйлд цааш нь тайлбарлан: «Үнэнээр газар дэлхий дээр үйлдээд, нүглийг ер үйлддэггүй зөв шударга хүн гэж үгүй бөлгөө» гэж бичжээ. Хүн «хэт шударга» болохлоороо өөрөө зөвт байдлын хэм хэмжээ тогтоогоод, түүгээрээ бусдыг шүүдэг. Ийнхүү өөрийнхөө хэм хэмжээг Бурхныхаас дээгүүр тавьдаг хүн Бурхны нүдэнд зөвт бус харагддаг болсноо ухаардаггүй.

9 «Хэт шударга» болбол Ехова аливаа асуудлыг зөв шийддэгт эргэлзэж ч магадгүй. Еховагийн шийдвэрийн шударга, зөвд эргэлзэж байвал өөрийнхөө тогтоосон зөвт байдлын хэм хэмжээг Еховагийнхаас илүүд үздэг болж байна гэдгээ анзаарах хэрэгтэй. Энэ нь Еховаг сорьж, өөрийнхөө тогтоосон зөв, буруугийн хэмжүүрээр шүүж байна гэсэн үг. Гэтэл зөвт байдлын хэм хэмжээг бид бус, Ехова тогтоох эрхтэй! (Ром 14:10).

10. Иовд тохиолдсон явдлаас харахад, хүн юунаас болоод Бурхныг шүүж магадгүй вэ?

10 Бидний хэн нь ч Бурхныг санаатайгаар шүүдэггүй боловч төгс бусынхаа уршгаар ийм алдаа гаргачихдаг гэмтэй. Ялангуяа, ямар нэг юм шударга бус юм шиг санагдахлаар, эсвэл өөрсдөө зовлон амсахлаараа Бурхныг шүүчихдэг талтай. Бурханд үнэнч Иов хүртэл энэ урхинд орж байсан. Уг нь Иовыг «гэм зэмгүй, шулуун шударга, Бурханаас эмээдэг болоод бузар муугаас зайлдаг» гэж тодорхойлж байв (Иов 1:1). Гэтэл Иов дараа дараалсан их зовлон эдлэхдээ шударга бусаар зовлоо гэж үзэн «өөрийгөө Бурхны өмнө зөвтгөсөн» (Иов 32:1, 2). Иов үзэл бодлоо өөрчлөх ёстой байсан. Бидэнд ч бас тийм юм тохиолдох нь бий. Тэр үед бодлоо хэрхэн өөрчлөх вэ?

Бид бүх нарийн учрыг мэддэггүй

11, 12. а) Зарим нэг юмыг шударга бус гэж бодвол юуг санах хэрэгтэй вэ? б) Усан үзмийн тариалангийн талбайд ажилласан хүмүүсийн тухай Есүсийн ярьсан сургаалт зүйрлэлд шударга бус явдал гарсан мэт санагдаж болохын учир юу вэ?

11 Юуны өмнө, бид бүх нарийн учрыг мэддэггүй гэдгээ санах хэрэгтэй. Иов бас бүгдийг мэддэггүй байсан. Бурхны сүнсэн хөвгүүд тэнгэрт цуглах үед Сатан өөрийг нь гүтгэснийг тэрбээр мэдээгүй (Иов 1:7–12; 2:1–6). Зовлон учруулсан гол эзэн нь Сатан гэдгийг Иов ойлгоогүй. Сатаны чухам хэн болохыг мэддэг байсан эсэх нь ч үнэндээ тодорхойгүй! Тийм ч учраас, зовлонгийн буруутанг Бурхан гэж эндүү бодож байжээ. Асуудлын нарийн учрыг бүгдийг мэдэхгүй бол буруу дүгнэлтэд хүрэх амархан гэдэг нь эндээс харагдаж байна.

12 Есүсийн ярьсан, усан үзмийн тариалангийн талбайд ажилласан хүмүүсийн тухай сургаалт зүйрлэлийг жишээ болгон авч үзье (Матай 20:8–16-г уншина уу). Есүс бүтэн өдөр эсвэл ганцхан цаг ажилласныг нь эс тооцон бүх ажилчдадаа адилхан цалин олгосон эзний тухай ярьдаг. Таны бодлоор энэ нь шударга уу? Өдөржин халуун наранд ажилласан хүмүүс өрөвдөлтэй санагдахгүй гэж үү? Тэд илүү ихийг авч таарна биз дээ! Ингэж бодохлоор тэр эзнийг хүйтэн сэтгэлтэй, шударга бус гээд хэлчихмээр. Гомдол мэдүүлсэн ажилчдад өгсөн хариулт нь хүртэл дур мэдэн шийдсэнийг нь илтгэх мэт. Гэхдээ бид бүх нарийн учрыг мэдэж байгаа бил үү?

13. Усан үзмийн тариалангийн талбайд ажилласан хүмүүсийн тухай Есүсийн ярьсан сургаалт зүйрлэлийг өөр ямар талаас нь авч үзэх хэрэгтэй вэ?

13 Энэ сургаалт зүйрлэлийг өөр нэг талаас нь нарийн авч үзье. Ажилчин бүр гэр бүлээ тэжээх шаардлагатайг газрын эзэн мэдэж байсан нь лавтай. Есүсийн үед тариалангийн талбайд ажилладаг хүмүүс хөдөлмөрийн хөлсөө өдөртөө авдаг байжээ. Тэр мөнгөөр нь гэрийнхэн нь өл залгадгийг бодвол, өдөр дуусахын алдад газрын эзэнтэй тохирч, ганцхан цаг ажилласан хүмүүсийн нөхцөл байдал ямар байх бол? Ганцхан цагийн хөлсөөр гэр бүлээ тэжээх аргагүй байсан биз ээ. Гэхдээ тэд ажиллахад бэлэн байж, хэн намайг ажилд авчих бол гэж бүтэн өдөржингөө хүлээгээд зогсож байсан (Мат. 20:1–7). Бүтэн өдрийн ажил олдоогүй нь тэдний буруу биш ээ. Тэднийг ажлаас зориуд хойш суусан гэж бичээгүй. Та тэдний оронд байсан бол яах вэ? Гэрийнхэн тань таны авах цалингаар л өл залгана. Гэтэл та өдөржин хүлээх хэрэгтэй болжээ. Тэгээд ажил олдвол хэчнээн их баярлах бол! Тэр ажлыг хийгээд, гэрийнхэндээ хоногийн хоолны мөнгө аваачвал бүр ч их баярлахгүй гэж үү?

14. Усан үзмийн тариалангийн тухай сургаалт зүйрлэлээс ямар чухал сургамж авч болох вэ?

14 Одоо та газрын эзнийг юу гэж дүгнэх вэ? Тэр хүн бүх ажилчин өөрийгөө болон гэр бүлээ тэжээхийн тулд мөнгө олох хэрэгтэйг бодолцоод, хэнийх нь ч цалинг дутуу өгөөгүй. Ажил хийх хүн хангалттай байсныг ашиглаж, хөдөлмөрийн хөлсийг багаар тохирч болох байсан ч тэгээгүй. Бүх ажилчин гэр бүлээ тэжээх хангалттай мөнгөтэй харьсан. Иймэрхүү нарийн ширийн зүйлийг бодож үзвэл эзний тухай бодлоо өөрчилж болно. Түүний гаргасан шийдвэр хайрынх нь илрэл байснаас бус, дур мэдэн шийдэж, эрх мэдлээ хэтрүүлсэн явдал байгаагүй. Эндээс бид ямар сургамж авах вэ? Юмыг өнгөцхөн хардаг бол шууд буруу дүгнэлт хийх аюултай. Энэ ёгт үлгэр Бурхны зөвт байдлын хэр агууг онцлон харуулдаг. Бурхан зөвт байдлаа зөвхөн хууль тогтоол, хүний хийсэн гавьяат үйлсийг харгалзан үзэж тогтоодоггүй.

Хүн буруу зөрүү дүгнэдэг, явцуу боддог

15. Хүн ямар учраас буруу зөрүү дүгнэх юм уу явцуу боддог вэ?

15 Шударга бус юм шиг санагдсан үед бас нэг зүйлийг санах хэрэгтэй. Юу гэвэл, бид буруу зөрүү дүгнэдэг, явцуу боддог байж болох юм. Хүн төгс бус, хар буруу санадаг, ахуй соёл өөр зэргээс болоод буруу дүгнэчихдэг талтай. Бас бусдын сэдэл хандлага, зүрх сэтгэлийг мэдэх чадваргүй учир явцуу боддог. Гэтэл Ехова Есүс хоёрт тийм хязгаар байхгүй (Сур. 24:12; Мат. 9:4; Лук 5:22).

16, 17. Завхайрч нүгэл үйлдсэн Давид Батшеба нарыг Ехова гаргасан хуулийнхаа дагуу шийтгээгүйн учир юу вэ?

16 Давидын Батшебатай завхайрсан явдлыг дэлгэрэнгүй авч үзье (2 Сам. 11:2–5). Мосегийн хуулиар тэд цаазлуулах ёстой байв (Лев. 20:10; Д.хууль 22:22). Гэвч Ехова өөрийн гаргасан энэ хуулиар тэднийг цаазлаагүй боловч шийтгэсэн. Ехова шударга бус загнасан юм биш үү? Давидад тал тохой татаж, зөвт хэм хэмжээгээ зөрчсөн үү? Зарим уншигч тэгж боддог.

17 Гэхдээ Ехова завхайралтай холбоотой энэ хуулийг хүний зүрхийг харж чаддаггүй төгс бус шүүгчдэд өгсөн. Хэр чадал нь хязгаартай ч тэд энэ хуулийг баримтлан хэнийг ч ялгаварлахгүй шүүж чаддаг байсан. Харин Ехова хүний зүрх сэтгэлийг харж чаддаг (Эх. 18:25; Ш.дээд 29:17). Тийм учраас, Еховаг төгс бус шүүгчдэд зориулан гаргасан хуульдаа баригдах ёстой гэж бодож болохгүй. Хэрэв тэгвэл, хараа муутай хүнд зориулсан нүдний шилийг хараа сайтай хүнд зүүлгэх гэж оролдохоос өөрцгүй болох бус уу? Ехова Давид Батшеба хоёрын зүрх сэтгэлийг харж, чин сэтгэлээсээ гэмшиж байгааг нь бодолцож үзээд тэднийг хайрлаж, өршөөнгүй сэтгэлээр шүүсэн.

Еховагийн зөвт байдлыг үргэлж хайгтун

18, 19. Өөрийнхөө тогтоосон зөвт байдлын хэмжүүрээр Еховаг шүүхгүй байхад юу туслах вэ?

18 Библийг унших явцад ч, хувийн амьдралд ч Ехова шударга бус хандаж дээ гэж бодогдвол, өөрийн гэсэн зөвт байдлын хэмжүүрээр Бурхныг битгий шүүгээрэй. Бид бүх нарийн учрыг мэддэггүй бөгөөд явцуу боддог, буруу зөрүү дүгнэдгээ санах хэрэгтэй. «Хүний уур хилэн Бурханы зөвт байдлыг биелүүлдэггүй» гэдгийг хэзээ ч бүү мартаарай (Иак. 1:19, 20). Ингэвэл бидний зүрх сэтгэл хэзээ ч «ЭЗЭНий эсрэг хилэгнэн дайр[ахгүй]» (Сур. 19:3).

19 Ехова ганцаараа сайн муу, зөв буруугийн хэм хэмжээг тогтоох эрхтэйг Есүсийн адилаар үргэлж зөвшөөрч явцгаая (Марк 10:17, 18). Түүний хэм хэмжээний тухай «мэдлэг» буюу «үнэний мэдлэг» олж авахыг хичээцгээе (Ром 10:2; 2 Тим. 3:7). Амьдралаа Бурхны хэм хэмжээ, хүсэл таалалд нийцүүлж явбал эхлээд «Түүний зөвт байдлыг» хайдгаа харуулж байгаа хэрэг болно (Мат. 6:33).

[Зүүлт]

^ Нэг эрдэмтний хэлснээр, «тогтоох» гэж орчуулсан эх хэлний үг нь «хөшөө босгох» гэсэн утга агуулдаг ажээ. Тэгэхлээр, тэр иудейчүүд Бурхныг бус, өөрсдийгөө алдаршуулж, нэг ёсондоо, хөшөө босгодог байжээ.

Санаж байна уу?

• Еховагийн зөвт байдлыг хайх нь яагаад чухал бэ?

• Ямар хоёр аюулаас зайлсхийх хэрэгтэй вэ?

• Яавал Бурхны зөвт байдлыг эхлээд хайж болох вэ?

[Догол мөрийн асуулт]

[9-р хуудасны зураг]

Хоёр хүн сүмд залбирсан тухай Есүсийн сургаалт зүйрлэлээс юу мэдэж болох вэ?

[10-р хуудасны зураг]

11-р цагаас эхэлж ажилласан хүмүүсийн цалинг бүтэн өдөр ажилласан хүмүүсийнхтэй адилхан өгсөн нь шударга бус байсан уу?