Skip to content

Гарчиг руу орох

Цуглааныг сэтгэл сэргээм болгоход та хувь нэмэр оруулдаг уу?

Цуглааныг сэтгэл сэргээм болгоход та хувь нэмэр оруулдаг уу?

Цуглааныг сэтгэл сэргээм болгоход та хувь нэмэр оруулдаг уу?

«Та нарыг цуглах үед ... энэ бүхэн чинь босгон байгуулахын төлөө байг» (1 КОР. 14:26).

1. 1 Коринт 14-р бүлэгт бичсэнээр цуглааны нэг чухал зорилго юу вэ?

 «ҮНЭХЭЭР сэтгэл сэргээм цуглаан байлаа!». Хаанчлалын танхимд очиж, цуглаанд суусны дараа танд бас ийм сэтгэгдэл төрж байсан уу? Төрж байсан нь эргэлзээгүй! Цуглаанд очихлоор үнэхээр урам зориг бадардаг. Ингэх нь ч аргагүй. Яагаад гэвэл, бидний цуглааны нэг чухал зорилго бол, эртний христиануудын үеийнхтэй адил, хүрэлцэн ирсэн бүх хүнийг сүнслэгээр бэхжүүлэх явдал юм. Элч Паул Коринт хотын христиануудад бичсэн эхний захидалдаа цуглааны энэ чухал зорилгыг хэрхэн онцолсныг анхааръя. Цуглаан дээр үг хэлж, илтгэл тавихдаа ч энэ зорилгыг буюу «чуулганы босгон байгуулалтыг» бодох ёстойг тэрбээр захидлынхаа 14-р бүлэгт дахин дахин дурджээ (1 Коринт 14:3, 12, 26-г уншина уу). *

2. а) Цуглаан хүмүүсийг «босгон байгуулдаг» болоход юу чухал үүрэгтэй вэ? б) Ямар асуултыг авч үзэх вэ?

2 Бурхны ариун сүнс байсан цагт л цуглаан хүмүүсийг «босгон байгуулдаг» буюу сургамжтай болдгийг юуны түрүүнд анхааръя. Тийм учраас, бид цуглаан эхлэхийн өмнө тэнгэрийн Эцэг Еховадаа чин сэтгэлээсээ залбирч, цуглааныг маань ариун сүнсээрээ ивээхийг гуйдаг. Гэхдээ хурлын гишүүн бүр цуглааны хөтөлбөрийг аль болох сүнслэгээр сэргээм болгоход хувь нэмэр оруулж чадна. Долоо хоног тутам болдог цуглаанаасаа сүнслэг хүч авч, урамшин зоригжихын тулд бид дор бүрнээ ямар ямар алхам хийж болох вэ?

3. Цуглаан хэр зэрэг чухал бэ?

3 Дээрх асуултад хариулахын тулд цуглаан удирддаг хүмүүсийн санаж явах ёстой зарим зүйлийг ярилцъя. Бас цуглаанаа сүнслэгээр сэргээм, урам зориг төрүүлэм болгоход хурлын гишүүн бүр ямар хувь нэмэр оруулж болохыг авч үзье. Энэ асуудлыг анхаарах нь үнэхээр чухал. Учир нь цуглаан бол ариун бөгөөд цуглаанд очиж, оролцох нь Еховаг шүтэх шүтлэгийн салшгүй хэсэг юм (Дуу. 26:12; 111:1; Ис. 66:22, 23).

Библи судлахад зориулсан цуглаан

4, 5. «Харуулын цамхаг» судлалын цуглааны зорилго юу вэ?

4 Бид бүгдээрээ долоо хоног тутмын «Харуулын цамхаг» судлалын цуглааны үр шимийг бүрэн дүүрэн хүртэхийг хүсдэг. Тиймд энэ цуглааны гол зорилгыг тодорхой ойлгохын тулд «Харуулын цамхаг» судлалын цуглаан зохион байгуулдгийн учрыг, мөн «Харуулын цамхаг» сэтгүүлийн судлах өгүүлэлд гарсан зарим өөрчлөлтийг саная.

5 «Харуулын цамхаг» судлалын цуглаан хийдгийн шалтгаан нь уг сэтгүүлийн тусламжтайгаар Библийг судлах явдал юм. Нехемиагийн үед Бурхны Үгийг «ойлгуулахын тулд тайлбарладаг» байсан шиг, орчин үед ч бас долоо хоног тутмын «Харуулын цамхаг» судлалын цуглаанаар Библийг тайлбарладаг (Нех. 8:8; Ис. 54:13).

6. а) «Харуулын цамхаг» судлалын цуглаанд ямар өөрчлөлт гарсан бэ? б) Библийн зүйлийн ард «уншина уу» гэж байвал юуг санах хэрэгтэй вэ?

6 Бидний гол сурах бичиг Библи гэдгийг тооцсоны үндсэн дээр «Харуулын цамхаг» судлалын цуглаанд өөрчлөлт оруулсан билээ. Судлах өгүүлэлд орсон Библийн зарим зүйлийн ард «уншина уу» гэж бичдэг болсон. Эдгээр зүйлийг унших үед тус тусынхаа Библийг дагуулж харахыг бүх хүнд уриалдаг (Үйлс 17:11). Үүний учир юу вэ? Бурхны өгсөн зөвлөгөөг өөрийнхөө Библиэс уншвал сэтгэлд хоногших нь илүү байдаг (Евр. 4:12). Тийм учраас, удирдагч тухайн зүйлийг хүнээр уншуулахаасаа өмнө бүх сонсогчид Библиэ нээж, дагуулж харах боломж олгох хэрэгтэй.

Итгэл үнэмшлээ илэрхийлэх боломжийг илүү олон хүнд олгох нь

7. «Харуулын цамхаг» судлалын цуглаанаар бидэнд ямар боломж олддог вэ?

7 Сүүлийн жилүүдэд «Харуулын цамхаг» сэтгүүлд гарсан бас нэг өөрчлөлт бол судлах өгүүлэл хэмжээний хувьд багассан явдал юм. Ийм учраас өгүүллийг унших цаг багасаж, хариулах боломж нэмэгдсэн. Үүний дүнд асуултад хариулах, Библиэс тайлбарлах, Библийн зарчмыг хэрэгжүүлэх нь ухаалаг гэдгийг харуулсан жишээ товчхон хэлэх зэргээр итгэл үнэмшлээ олон нийтэд янз бүрийн аргаар илэрхийлэх боломж илүү олон хүнд олдож байгаа юм. Түүнчлэн, зургийн талаар ярилцах цаг гаргах хэрэгтэй (Дуулал 22:22; 35:18; 40:9-ийг уншина уу).

8, 9. «Харуулын цамхаг» судлалын цуглааны удирдагчийн үүрэг юу вэ?

8 Гэхдээ «Харуулын цамхаг» судлалын цуглаан дээр хариулах хүн товчхон ярьж, удирдах хүн хэтэрхий олон удаа тайлбарлахгүй бол янз бүрийн хариулт хэлэх боломж бусад сонсогчид олдоно. Тэгвэл бүх хүнийг сүнслэгээр бэхжүүлэх цуглаан болгохын тулд удирдагч өөрийнхөө тайлбар болон бусад хүний хариултыг хэрхэн ухаалгаар зохицуулах вэ?

9 Энэ асуултад хариулахын тулд жишээ авъя. «Харуулын цамхаг» судлалын үр өгөөжтэй цуглааныг нүд баясгам цэцгийн баглаатай зүйрлэж болно. Нэг том баглаа олон янзын цэцгээс бүрддэг шиг, «Харуулын цамхаг» судлалын цуглаанд оролцогчдын хариулт олон янз байдаг. Цэцэг бүр өнгө, хэмжээгээрээ өөр өөр байдгийн адил цуглааны үед өгч буй хариултууд үргэлжлэх хугацаа, арга хэлбэрээрээ харилцан адилгүй. Тэгвэл удирдагчийн үүрэг юу вэ? Хааяа нэг тайлбарлах нь баглаа цэцэгт өнгө үзэмж нэмэх навчит ургамал мэт юм. Навч тийм олон байдаггүй хэр нь цэцгийг нэгтгэн, баглааг цэгцтэй харагдуулдаг. Үүнтэй адилаар, цуглаан удирдаж буй хүн хэтэрхий их тайлбарлахыг хичээлгүй, харин бусдыг магтаалын тахил өргөхөд нь тус нэмэр болохыг өөрийн үүрэг хэмээн санах хэрэгтэй. Тийм ээ, хүмүүсийн янз бүрийн хариулт болон удирдагчийн оновчтой тайлбар хоорондоо авцалдан зохицвол цуглаанд ирсэн бүх хүний сэтгэлийг баясгах, үгийн гоёмсог баглаа болж чадна.

«Бурханд ... магтаалын тахилыг үргэлж өргөцгөөе»

10. Эртний христианууд цуглааныг юу гэж үздэг байсан бэ?

10 1 Коринт 14:26–33-т Паул христиан цуглааныг дүрслэн бичсэнийг үзвэл, нэгдүгээр зуунд цуглааныг хэрхэн удирдан явуулдаг байсныг сайн ойлгож болно. Энэ зүйлийн талаар Библи судлаач эрдэмтэн: «Эртний христиан цуглааны нэг анхаарууштай зүйл нь, цуглаанд хувь нэмэр оруулахыг бараг хүн болгон завшаан, бас үүрэг хариуцлага гэж үздэг байжээ. Тэд сонсох гэсэн ганцхан зорилго өвөрлөлгүй, зөвхөн авахын төлөө бус, өгөхийн төлөө цуглаанд ирдэг байсан» хэмээн тайлбарлажээ. Тийм ээ, эртний христианууд цуглааныг итгэл үнэмшлээ илэрхийлэх сайхан боломж гэж үздэг байв (Ром 10:10).

11. а) Цуглаанаа сэтгэл сэргээм болгоход бид яаж хувь нэмэр оруулж болох вэ? Яагаад? б) Цуглаан дээр өгөх хариултынхаа чанарыг сайжруулахын тулд та юу хийе гэж бодож байна вэ?

11 Цуглаан дээр хариулж итгэл үнэмшлээ илэрхийлэх нь «чуулганы босгон байгуулалтын төлөө» асар их хувь нэмэр оруулж байгаа хэрэг юм. Цуглаанд яваад олон жил болж байгаа хүнд ч итгэл нэгтнүүдийнхээ хариултыг сонсох үнэхээрийн таатай байдгийг та зөвшөөрөх биз ээ. Цуглааны үед өндөр настай, үнэнч ах эгч нарынхаа чин зүрхний хариултад сэтгэл хөдөлж, ажигч гярхай халамжит ахлагчдынхаа хэлсэн үгэнд сэргэн баясаж, бодож санаснаа айж ичилгүй чөлөөтэй хэлэн Еховад хайртайгаа илэрхийлэх хүүхэд багачуудыг хараад өөрийн эрхгүй өхөөрдөн инээдэг биз дээ? Тийм ээ, цуглаанаа сэтгэл сэргээм болгоход хүн бүр хариултаараа хувь нэмэр оруулдаг.

12. а) Мосе Иеремиа нарын жишээнээс юу сурч болох вэ? б) Цуглаан дээр хариулахад залбирал хэрхэн туслах вэ?

12 Бүрэг ичимхий хүмүүсийн хувьд цуглаан дээр хариулах нь үнэхээр зовлон болдог. Танд бас тэгж санагддаг бол ганцаараа биш гэдгээ санавал тустай байх болов уу. Бурхны үнэнч үйлчлэгч Мосе Иеремиа нар хүртэл олон хүний өмнө ярьж, Еховаг магтан алдаршуулах чадваргүй гэж өөрсдийгөө голж байсан шүү дээ (Ег. 4:10; Иер. 1:6). Гэхдээ Ехова эртний үйлчлэгчдэдээ тусалж байсан шигээ танд ч бас магтаалын тахил өргөхөд тусална (Еврей 13:15-ыг уншина уу). Еховагийн тусламжтайгаар тэр айдсаа ялахын тулд яах хэрэгтэй вэ? Нэгдүгээрт, сайн бэлдээрэй. Тэгээд цуглаанд явахаасаа өмнө Еховад залбирч, хариулах эр зориг өгөхийг тодорхой хэлж гуйгаарай (Флп. 4:6). «Түүний хүслийн дагуу» гуйж байгаа учраас залбиралд тань хариулна гэдэгт итгээрэй (1 Иох. 5:14; Сур. 15:29).

Цуглаан «босгон байгуулах, урамшуулах, тайтгаруулах» зорилготой

13. а) Ирсэн хүмүүст цуглаан ямар ач тустай байх ёстой вэ? б) Ахлагчид ямар асуултыг онцгой анхаарах хэрэгтэй вэ?

13 Ирсэн хүмүүсийг «босгон байгуулах, урамшуулах, тайтгаруулах» нь цуглааны нэг чухал зорилго гэж Паул бичжээ * (1 Кор. 14:3). Ахлагчид цуглаан дээр үг хэлэхдээ сүнслэг ах дүү нарынхаа сэтгэлийг сэргээж, тайтгаруулахын тулд яах хэрэгтэй вэ? Есүс амилсныхаа дараахан нэгэн цуглааныг хэрхэн удирдсан тухай ярилцъя.

14. а) Есүсийг цуглаан зохион байгуулахаас өмнө юу болсон бэ? б) Есүсийг «ойртон ирээд» үгээ айлдахад элч нар тайвширсан гэж үзэж болохын учир юу вэ?

14 Эхлээд, тэр цуглаанаас бүр өмнө юу болсныг анхааръя. Есүсийг баригдаж, амиа алдахын өмнөхөн элч нар түүнийг «орхиод, зугтаж», хэлсэн ёсоор нь «өөр өөрсдийн гэрт харьжээ» (Марк 14:50; Иох. 16:32). Тэгсэн ч Есүс амилсныхаа дараа сэтгэлээр унасан элч нараа нэгэн онцгой цуглаанд урьсан. * Урилгыг хүлээн авсан «арван нэгэн шавь нь Галилын зүг, Есүсийн товлосон уул уруу явав». Тэднийг очиход «Есүс ойртон ирээд, тэдэнд» үгээ айлджээ (Мат. 28:10, 16, 18). Есүсийг ийнхүү санаачилга гаргахад элч нарынх нь сэтгэл хэчнээн их тайвширсан бол оо! Есүс юун тухай ярьсан бэ?

15. а) Есүс юун тухай ярьсан бэ? Юу яриагүй вэ? б) Тэр цуглаан элч нарт хэрхэн нөлөөлсөн бэ?

15 Эхлээд Есүс: «Бүх эрх мэдлийг Надад өгсөн» хэмээн мэдэгдсэн. Дараа нь: «Иймээс явж, бүх үндэстнийг дагалдагч болгогтун» гэсэн даалгавар өгсөн. Эцэст нь: «Би та нартай үргэлж хамт байх болно» гэж хайрын сэтгэлээр амлажээ (Мат. 28:18–20). Та Есүсийн юу яриагүйг анзаарав уу? Тэрбээр элч нараа зэмлээгүй бөгөөд тэднийг буруу сэдэл хандлагатай гэж дүгнэх ч юм уу, эсвэл хэсэг хугацаанд итгэлээр дутмаг байсандаа өөрсдийгөө буруутгаж явахад нь улам зовоох гэж цуглаан зохиогоогүй. Харин үүний оронд тэдэнд хүндтэй үүрэг оноон, өөрөө болон Эцэг нь тэднийг хайрладгийг батлан хэлсэн. Энэ нь элч нарт хэрхэн нөлөөлсөн бэ? Ихэд урамшиж, тайтгарсан тэд уг цуглаанаас хойш сайн мэдээг дахин тунхаглаж, сургаж эхэлсэн (Үйлс 5:42).

16. Ахлагчид цуглааныг сэтгэл сэргээм болгохын тулд Есүсийн жишээг хэрхэн дууриадаг вэ?

16 Ахлагчид Есүсийн адилаар, ард түмнээ гэсэн Еховагийн хувиршгүй хайрыг итгэл нэгтнүүддээ мэдүүлж, тэднийг тайвшруулах боломж цуглаанаар олддог гэж үздэг (Ром 8:38, 39). Тийм учраас, ах дүүсийнхээ сул талыг бус, сайн талыг анхаардгаа цуглаан дээр хэлэх үгээрээ харуулдаг. Тэднийгээ буруу сэдэл хандлагатай гэж дүгнэдэггүй. Харин ч итгэл нэгтнүүдээ Еховаг хайрладаг, зөв юм хийхийг хүсдэг хүмүүс гэж үздэгээ илэрхийлдэг (1 Тес. 4:1, 9–12). Заримдаа ахлагчид хурлын гишүүдийг нийтэд нь засаж залруулах зорилгоор зөвлөгөө өгдөг нь үнэн. Гэхдээ засаж залруулах шаардлагатай хүн ганц хоёрхон байвал тэдэнтэй хувьчлан ярилцаж, зөвлөгөө өгсөн нь дээр гэж үздэг (Гал. 6:1; 2 Тим. 2:24–26). Хурлын бүх гишүүнд хандахдаа магтууштай юм гарах бүрд тэднийг магтан сайшаахыг боддог (Ис. 32:2). Ахлагчид ирсэн бүх хүн цуглааны төгсгөлд урамшин сэргэж, эрч хүч аваасай гэсэн хүсэлтэйгээр үг хэлэх юм уу илтгэл тавьдаг (Мат. 11:28; Үйлс 15:32).

Тайвшралын эх булаг

17. а) Цуглаанаа тайвшралын эх булаг мэт байлгах нь хэзээ хэзээнээс илүү чухал гэхийн учир юу вэ? б) Цуглаанаа сэтгэл сэргээм болгохын тулд та ямар хувь нэмэр оруулж чадах вэ? («Цуглааныг өөрийнхөө болон бусдын төлөө сэтгэл сэргээм болгох арван алхам» гэсэн гарчигтай хавсралт үзнэ үү.)

17 Сатаны ертөнц улам бүр зовлонтой болж байгаа учраас бид цуглаанаа бүх хүнийг тайтгаруулах эх булаг болгоход хувь нэмэр оруулах учиртай (1 Тес. 5:11). Нөхрийнхөө хамт их зовлон амсаж явсан нэгэн Гэрч эмэгтэй: «Цуглаанд очихлоор Еховад тэврүүлж байгаа юм шиг санагддаг байсан. Хаанчлалын танхимд байх хэдэн цагийн турш христиан ах дүү нараараа хүрээлүүлж, ачаагаа Еховад даатгаж чадах юм байна гэдгээ ойлгон, дотроо маш их тайвширдаг байж билээ» хэмээн дурсжээ (Дуу. 55:22). Цуглаанд маань ирсэн бүх хүн ингэж урамшиж, тайтгардаг байгаасай. Цуглаанаа ийм байлгахын тулд хүн бүр үргэлж хувь нэмэр оруулцгаая.

[Зүүлт]

^ I зууны цуглааны зарим онцлог шинж хожмын цагт байхгүй болохыг зөгнөжээ. Жишээлбэл, бид «хэлээр ярьж», «эш үзүүл[дэггүй]» (1 Кор. 13:8; 14:5). Гэсэн хэдий ч, Паулын бичсэн заавар зөвлөгөөг нарийвчлан үзвэл, өнөө үед цуглааныг хэрхэн удирдан явуулах ёстойг илүү сайн ойлгож болно.

^ Уильям Вайны «Хуучин ба Шинэ Гэрээний үгийн тайлбар толь»-д «урамшуулах» «тайтгаруулах» гэдэг хоёр үгийн ялгааг тайлбарлахдаа, «тайтгаруулах» гэж орчуулсан грек үг «[урамшуулахтай] харьцуулахад илүү аядуу зөөлөн байхыг» хэлдэг гэжээ (Иохан 11:19-тэй харьцуулна уу).

^ Энэ нь, Есүс «таван зуун гаруй» хүнд үзэгдсэн тухай Паулын хожим хэлсэн тэр явдал байж болох юм (1 Кор. 15:6).

Хариулна уу

• Цуглаан хэр зэрэг чухал бэ?

• Цуглаан дээр хариулах нь «чуулганы босгон байгуулалтын төлөө» байдаг гэхийн учир юу вэ?

• Есүс нэг цуглааныг хэрхэн удирдан явуулсан нь бидэнд ямар ач холбогдолтой вэ?

[Догол мөрийн асуулт]

[22, 23-р хуудасны хавсралт/зураг]

ЦУГЛААНЫГ ӨӨРИЙНХӨӨ БОЛОН БУСДЫН ТӨЛӨӨ СЭТГЭЛ СЭРГЭЭМ БОЛГОХ АРВАН АЛХАМ

Урьдчилан бэлдэх. Цуглаан дээр үзэх материалыг урьдчилан судалбал цуглаан улам бүр сонирхолтой болж, тэнд яригдсан зүйл сэтгэлд гүн хоногшиж үлдэнэ.

Тогтмол очих. Цуглаанд ирэгсдийн тоо олон болох тусам хүн бүр урамшдаг. Тиймээс та ч бас цуглаанд очвол их хувь нэмэр оруулж байна гэсэн үг.

Цагтаа ирэх. Хөтөлбөр эхлэхээс өмнө суудлаа эзэлбэл ирсэн бүх хүнтэй хамт эхний дуу дуулж, залбирал сонсох боломжтой. Эдгээр нь Еховаг шүтэх шүтлэгийн хэсэг юм.

Ном хэвлэлээ сайтар базаах. Библи болон цуглаанд үзэх ном хэвлэлээ авч ирээрэй. Тэгвэл цуглаан дээр тухайн материалыг дагуулж уншин, ярилцаж буй зүйлийг илүү сайн ойлгоно.

Анхаарлаа сарниулахгүй байх. Жишээ нь, утсандаа ирсэн мессежийг цуглааны үеэр бус, дараа нь уншаарай. Хувийн асуудлыг эн тэргүүнд тавьдаггүйгээ ийнхүү харуулаарай.

Идэвхтэй оролцох. Хэдийчинээ олон хүн хариулж, итгэл үнэмшлээ олон янзаар илэрхийлнэ, төдийчинээ олон хүн урамшиж, сэтгэл нь сэргэнэ.

Товчхон хариулах. Энэ нь хариулт өгөх боломжийг аль болох олон хүнд олгоно.

Даалгавар биелүүлэх. Теократ үйлчлэлийн сургуулийн суралцагчид болон Үйлчлэх цуглаанд оролцох хүмүүс урьдчилан сайн бэлдэж, дасгал сургууль хийн, даалгавраа заавал биелүүлэхийг хичээгээрэй.

Цуглаанд оролцсон хүмүүсийг магтах. Цуглаанд даалгавар биелүүлсэн юм уу, хариулсан хүмүүсийн хичээл зүтгэлийг өндөр үнэлж байгаагаа хэлээрэй.

Хүмүүстэй ярилцах. Цуглааны өмнө болон дараа хүмүүстэй аятайхан мэндэлж, сэтгэл сэргээм яриа өрнүүлбэл илүү их баяр баясгалантай болж, цуглаанд ирсний ач тусыг хүртэнэ.