Skip to content

Гарчиг руу орох

Охид хөвгүүд ээ, та нар амьдралаа юунд зориулах вэ?

Охид хөвгүүд ээ, та нар амьдралаа юунд зориулах вэ?

Охид хөвгүүд ээ, та нар амьдралаа юунд зориулах вэ?

«Би ямар ч зорилгогүй мэт гүйдэг бус, зангидсан гараараа агаар цохих мэт нударгалдаг бус» (1 КОР. 9:26).

1, 2. Амьдралын замд хөл алдахгүйн тулд яах хэрэгтэй вэ?

 ХҮН урьд нь очиж байгаагүй газраар аялахдаа газрын зураг, луужин авч явдаг. Байршлаа тогтоож, маршрут зохиоход газрын зураг тус болно. Харин луужингаар зүг чигээ баримжаалдаг. Гэвч зорьж очих товлосон газаргүй бол газрын зураг ч, луужин ч байгаад нэмэргүй. Дэмий тэнүүчлэхгүйн тулд зорьж очих газраа тодорхой товлох хэрэгтэй.

2 Том хүн болж төлөвшихөд үүнтэй адил зүйл тохиолдоно. Чамд луужин, газрын зургийн аль аль нь байгаа. Библи бол явах замаа сонгоход чинь туслах газрын зураг юм (Сур. 3:5, 6). Хэрэв сайн сургасан бол мөс чанар чинь зөв замаасаа гарахгүй байхад ихээхэн тус болно (Ром 2:15). Мөс чанар луужин л гэсэн үг. Гэхдээ утга учиртай амьдрахын тулд зорьж очих газраа товлох буюу өмнөө тодорхой зорилго тавих хэрэгтэй.

3. Зорилготой байхын ач тусыг Паул 1 Коринт 9:26-д юу гэж хэлсэн бэ?

3 Элч Паул зорилго тавьж, түүндээ хүрэх гэж хичээхийн ач тусыг дүгнэн: «Би ямар ч зорилгогүй мэт гүйдэг бус, зангидсан гараараа агаар цохих мэт нударгалдаг бус» хэмээн бичжээ (1 Кор. 9:26). Хэрэв чи өмнөө тавьсан зорилготой бол эргэлзэж тээнэгэлзэлгүй урагшаа гүйнэ. Удахгүй чи шүтлэг мөргөл, ажил алба, гэр бүл, үр хүүхдийн тухай гэх мэтийн чухал чухал шийдвэр гаргах болно. Заримдаа толгой эргэм олон зүйлээс сонгож шийдэх хэрэг ч гарч мэднэ. Гэхдээ Бурхны Үгийн сургаал, зарчимд үндэслэсэн шийдвэрийнхээ дагуу «маршрутаа» урьдчилан зохиовол буруу замаар явах хүсэл төрөхгүй (2 Тим. 4:4, 5).

4, 5. а) Өмнөө зорилго тавихгүй бол юу болох вэ? б) Шийдвэр гаргахдаа Бурханд таалагдах гэсэн хүсэлдээ хөтлөгдөх хэрэгтэйн учир юу вэ?

4 Хэрэв чи өмнөө тавьсан зорилгогүй бол үе тэнгийнхэн, багш нар чинь чамайг өөрсдийнхөө зөв гэж үздэг замаар явуулахыг оролдоно. Тодорхой зорилго тавьсаар байхад ч үзэл бодлоо тулгаж магадгүй. Тэдний саналыг сонсонгоо: «Саналыг нь хүлээж авбал би залуугаасаа Бүтээгчээ санаж чадах уу, үгүй юү?» гэж өөрөөсөө асуугаарай (Номлогчийн үгс 12:1-ийг уншина уу).

5 Шийдвэр гаргахдаа Бурханд таалагдах гэсэн хүсэлдээ хөтлөгдөх хэрэгтэй. Үүний нэг учир нь бидэнд байгаа сайн сайхан бүхнийг Ехова өгсөнтэй холбоотой (Иак. 1:17). Үнэндээ хүн бүр Еховад талархах учиртай (Илч. 4:11). Талархдагаа харуулахын тулд Еховаг санаж байгаад зорилго тавихаас илүү сайн арга байна уу? Ямар ямар зорилго тавьж болох, түүндээ хүрэхийн тулд юу хийх ёстойг ярилцъя.

Ямар зорилго тавих вэ?

6. Чиний тавьж чадах нэг чухал зорилго юу вэ? Яагаад?

6 Чиний тавьж чадах нэг чухал зорилго бол Библид бичсэн зүйл үнэн гэдгийг «өөртөө батлах» явдал гэж өмнөх өгүүллээр ярилцсан билээ (Ром 12:2; 2 Кор. 13:5). Үе тэнгийнхэн чинь бусдыг дагаад эволюцийн онол юм уу, хуурамч шашны янз бүрийн сургаалд итгэдэг байж магад. Харин чи зөвхөн бусдын шахалтад автаж аливаа зүйлд итгэж болохгүй. Ехова чамайг өөртөө үйлчлүүлэхдээ бүх оюун ухаанаа дайчлаасай гэж хүсдэгийг бүү мартаарай (Матай 22:36, 37-г уншина уу). Тэнгэрийн Эцэг чинь чамайг мухар сохроор итгээсэй гэж хүсдэггүй (Евр. 11:1).

7, 8. а) Итгэлээ бэхжүүлэхийн тулд ямар ямар жижиг зорилт тавьж болох вэ? б) Жижиг зорилтоо биелүүлэх нь ямар ач тустай вэ?

7 Итгэлээ бэхжүүлэхийн тулд жижиг зорилтууд тавьж болохгүй гэж үү? Өдөр бүр залбирахыг нэг зорилтоо болгож болно шүү дээ. Үргэлж шинэ соргог зүйлийг хэлж, тодорхой залбирч байхын тулд тухайн өдрийн явдлыг дотроо бодох юм уу, цаасан дээр бичээрэй. Тэгээд залбирахдаа түүнийгээ дурдаарай. Юу хэцүү байсныг төдийгүй, юунд баярласнаа хэлээрэй (Флп. 4:6). Бас нэг зорилт нь Библийг өдөр бүр унших юм. Өдөрт дөрвөн хуудас уншаад байвал Библийг ганцхан жилийн дотор уншиж дуусгана гэдгийг чи мэдэх үү? «ЭЗЭНий хуульд баярлаж, Түүний хуулийг өдөр шөнөгүй тунгаан бясалгадаг» хүнийг «ерөөлтэй» буюу жаргалтай гэж Дуулал 1:1, 2-т бичсэн байдаг.

8 Тавьж болох гуравдугаар зорилт нь, цуглаан дээр юу гэж хариулахаа бэлдэх явдал юм. Эхний үед асуултын хариултыг догол мөрөөс шууд унших юм уу Библийн зүйл уншиж болно. Яваандаа өөрийнхөө үгээр хариулдаг болоорой. Чи хариулах болгондоо Еховад магтаалын тахил өргөж байгаа гэсэн үг (Евр. 13:15). Эдгээр зорилтоо биелүүлчихвэл өөртөө улам итгэлтэй болж, Еховад чин зүрхний угаас талархан, хэтийн зорилго тавихад бэлэн болно.

9. Хэрэв чи дэлгэрүүлэгч болоогүй байгаа бол хэтийн зорилго чинь юу байжболох вэ?

9 Чиний хэтийн зорилго юу байж болох вэ? Хараахан дэлгэрүүлэгч болж амжаагүй бол алсдаа дэлгэрүүлэгч болохыг зориорой. Тэгээд энэхүү эрхэм зорилгодоо хүрэхлээрээ сар алгасалгүй тогтмол, үр өгөөжтэй дэлгэрүүлэх хүсэлтэй болно. Бас дэлгэрүүлэх ажилдаа Библи ашиглаж сурна. Улмаар дэлгэрүүлэх ажилд илүү их баяр хөөртэй оролцож байгаагаа мэдрэх болно. Тэгээд айлаар дэлгэрүүлэх ажилд түлхүү оролцох юм уу, Библийн хичээлтэй болохыг зорино. Харин чи баптисм хүртээгүй дэлгэрүүлэгч бол баптисм хүртэх шаардлага ханган, Ехова Бурханд өөрийгөө зориулсан Гэрч нь болохоос өөр сайн зорилго гэж юу байх билээ?

10, 11. Баптисм хүртсэн охид хөвгүүд хэтийн ямар зорилго тавьж болох вэ?

10 Баптисм хүртсэн Еховагийн үйлчлэгч ч бас хэтийн зорилго тавьж болно. Жишээ нь, дандаа яваад байдаггүй хэсгээр хурлынхантайгаа хамт үе үе дэлгэрүүлэх, туслах болон байнгын эхлэгчийн үйлчлэлд хүч чадал, залуу насаа зориулахаар шийдэж болно. Эхлэгчээр үйлчлэхийн жаргалыг эдэлдэг хэдэн арван мянган дэлгэрүүлэгч, бүрэн цагаар үйлчлэхийг залуу насандаа Бүтээгчээ санахад тустай сайн арга гэдгийг хэлж өгнө. Чи аав ээжийнхээ гэрээс гараагүй байхдаа ч эдгээр зорилгыг биелүүлж чадна. Зорьсондоо хүрвэл танай хурлын хүмүүст бас тустай.

11 Зөвхөн өөрийнхөө хурлаар зогсохгүй, илүү олон хүнд туслах зорилго тавьж болно. Жишээ нь, дэлгэрүүлэгчийн хэрэгцээ ихтэй нутаг юм уу хилийн чанадад үйлчлэхийг төлөвлөж болно. Хилийн чанадад Хаанчлалын танхим, салбарын барилга барих ажилд тусалж болно. Бүр бетелчин, миссионер ч болж болно. Гэхдээ баптисм хүртэж байж л энд дурдсан хэтийн зорилгуудад хүрнэ шүү дээ. Чи баптисм хүртээгүй бол амьдралын энэ чухал шатан дээр гарахын тулд яах хэрэгтэйг ярилцъя.

Баптисм хүртэх зорилгоо биелүүлэх нь

12. Зарим хүн ямар шалтгаанаар баптисм хүртдэг вэ? Баптисм хүртэхэд тэдгээр шалтгаан хангалтгүй байдгийн учир юу вэ?

12 Ер нь хүн ямар зорилгоор баптисм хүртдэг вэ? Баптисм хүртвэл нүгэл үйлдэхээс хамгаалагдана гэж зарим хүүхэд боддог. Нэг хэсэг нь найзуудаа баптисм хүртэхийг хараад, тэднийг дагах хэрэгтэй гэж боддог байхад, нөгөө хэсэг нь эцэг эхийнхээ сэтгэлд нийцүүлэхийг хүсдэг. Гэхдээ баптисм бол нууцхан хүсэлдээ автан буруу юм хийхээс хамгаалдаг хамгаалалт биш. Бас бусдын шахалтаар ч хүртдэг юм биш. Еховагийн Гэрч байхын учрыг бүрэн ухамсарлаж, ийм үүргийг хүлээхэд бэлэн, хүлээх дуртай гэдгээ мэдэрсэн цагтаа баптисм хүртэх учиртай (Ном. 5:4, 5).

13. Баптисм хүртэх ямар шалтгаан байдаг вэ?

13 Баптисм хүртэхийн нэг шалтгаан нь Есүс шавь нартаа хүмүүсийг «дагалдагч болго[ж], ... тэдэнд баптисм хүртээх» даалгавар өгсөнтэй холбоотой. Бас өөрөө баптисм хүртэж үлгэр дууриал үзүүлсэн (Матай 28:19, 20; Марк 1:9-ийг уншина уу). Түүнээс гадна, аврагдахыг хүсдэг хүн болгоны хийх ёстой нэг чухал алхам нь баптисм хүртэх юм. Элч Паул Ноаг хөвөгч авдар барьж, гэр бүлээрээ түүнд орон, Усан галавын үед аврагдсан тухай дурдсаныхаа дараа: «Ус бол Есүс Христийн амилалтаар дамжуулан одоо та нарыг аврах бэлэг тэмдэг болох баптисм юм» хэмээн бичжээ (1 Петр 3:20, 21). Гэхдээ энэ нь гамшигт нэрвэгдсэн үед тусламж авах зорилгоор даатгал хийлгэхээс өөр юм. Харин Еховаг хайрлан, түүнд бүх зүрх, сэтгэл, оюун ухаан, хүчээрээ үйлчлэхийг хүсээд баптисм хүртэх учиртай (Марк 12:29, 30).

14. Зарим хүн яагаад баптисм хүртэхээс хойш суудаг вэ? Гэхдээ чи юунд итгэлтэй байж болох вэ?

14 Зарим хүн дараа нь хасагдчихаж магадгүй гэж айсандаа баптисм хүртэхээс хойш суудаг. Чи тэгж айдаг уу? Айдаг бол энэ нь муу юм биш ээ. Еховагийн Гэрч байх үүрэг хариуцлагаа ухамсарлаж байгаагийн шинж байж болох юм. Өөр шалтгаан байгаа юм биш биз? Бурхны хэм хэмжээний дагуу амьдрах нь хамгийн сайн зам гэдэгт чи хараахан итгээгүй байж магадгүй. Тийм бол, Библийн хэм хэмжээг үл тоомсорлодог хүмүүс ямар үр дагавар амсдагийг бодож үзвэл шийдвэр гаргахад дөхөм болно. Нөгөөтэйгүүр, чи Бурхны хэм хэмжээг хайрладаг ч гэсэн тэр дагуу амьдарч чадна гэдэгтээ итгэдэггүй байж мэднэ. Үнэндээ, энэ чинь сайн хэрэг. Даруу байна гэсэн үг. Тэгээд ч Библид төгс бус хүний зүрхийг хуурамч гэж бичсэн байдаг (Иер. 17:9). Гэхдээ Бурхны үгийг цаг үргэлж сахиж явбал чи амжилт олно (Дуулал 119:9-ийг уншина уу). Баптисм хүртэхээс хойш суух ямар ч шалтгаан байлаа гэсэн, санаа зовоосон асуудлаа шийдээрэй.

15, 16. Баптисм хүртэхэд бэлэн эсэхээ хэрхэн мэдэх вэ?

15 Тэгвэл баптисм хүртэхэд бэлэн эсэхээ яаж мэдэх вэ? Юуны өмнө, дараах асуултыг бодож үзээрэй. Хүмүүст Библийн үндсэн сургаалыг тайлбарлаж чадах уу? Аав ээжийн оролцоогүйгээр дэлгэрүүлж чадах уу? Бүх цуглаанд очдог уу? Үе тэнгийнхнийхээ дарамт шахалтад бууж өгөөгүй тохиолдол надад байдаг бил үү? Аав ээж, найз нөхөд маань Еховад үйлчлэхээ больсон ч би замаасаа гарахгүй явж чадах уу? Бурхантай тогтоосон харьцаа маань чухал гэдгийг хэлж залбирдаг уу? Еховад өөрийгөө бүрэн зориулж чин сэтгэлээсээ залбирсан уу?

16 Баптисм бол амьдралыг өөрчлөх алхам бөгөөд үүнд хөнгөн хуумгай хандах ёсгүй. Чи энэ асуудлыг нухацтай бодох хэмжээнд хүрч төлөвшсөн үү? Төлөвшсөн хүн сайн илтгэл тавьдаг юм уу, цуглаан дээр мундаг хариулдаг байх албагүй. Харин Библийн зарчмыг ойлгож, түүнд үндэслээд шийдвэр гаргах чадвартай байх ёстой (Еврей 5:14-ийг уншина уу). Одоо Библийн зөв мэдлэгт үндэслээд шийдвэр гаргаж чаддаг болсон бол чамайг хамгийн агуу ямар завшаан хүлээж байгааг бод доо. Бүх зүрхээрээ Еховад үйлчилж, түүнд өөрийгөө чин сэтгэлээсээ зориулснаа амьдрал дээрээ харуулах сайхан боломж чиний өмнө байна.

17. Баптисм хүртсэний дараа тулгарч болзошгүй сорилтыг давахын тулд яах хэрэгтэй вэ?

17 Чи баптисм хүртсэнийхээ дараа Бурханд илүү урам зоригтой үйлчлэх байх. Гэхдээ дараа нь тэвчээр, итгэлийг чинь шалгасан сорилт тулгарч магадгүй (2 Тим. 3:12). Ийм сорилтыг ганцаараа давах ёстой гэж бүү бодоорой. Эцэг эхээсээ зөвлөгөө аваарай. Хурлынхаа төлөвшсөн хүмүүсээс тусламж гуйгаарай. Чамайг дэмжиж туслах хүмүүстэй нөхөрлөөрэй. Ехова чамд санаа тавьдгийг хэзээ ч бүү мартаарай. Тэрбээр чамд ямар ч бэрхшээл тулгарсан, түүнийг давах хүч өгнө (1 Петр 5:6, 7).

Зорилгоо хэрхэн биелүүлэх вэ?

18, 19. Амьдралдаа юуг чухалчлан үздэгээ шалгах нь ямар ашигтай вэ?

18 Хэчнээн хичээгээд ч, хийх хүсэлтэй болон хийх шаардлагатай ажилдаа хангалттай цаг зав гаргаж чадахгүй байгаа юм шиг санагддаг уу? Амьдралдаа юуг чухалчлан үздэгээ шалгах хэрэгтэй. Жишээ нь, нэг саван дотор хэдэн том чулуу хийгээд, дээрээс нь элс дүүргээрэй. Тэгвэл саванд элс ч, чулуу ч багтана. Дараа нь савыг хоослоод, дахиад элс, чулуугаа хийгээрэй. Харин энэ удаа эхлээд элс, дараа нь чулуугаа хийх гээд үз дээ. Багтахгүй байгаа биз? Элсээ эхлээд хийчихсэн болохоор тэр шүү дээ.

19 Цагаа зохицуулах болохлоор дээрхтэй төстэй бэрхшээл тулгардаг. Хэрэв амарч зугаацахыг урьтал болговол илүү чухал буюу сүнслэг зүйлийг хийх зав чөлөө хэзээ ч гарахгүй. Харин «илүү чухал юм нь юу болохыг магадал» гэсэн Библийн зөвлөгөөг дагавал Хаанчлалын үйл хэрэгт ч оролцож чадна, тодорхой хэмжээгээр амарч зугаацах ч цаг зав гарна (Флп. 1:10).

20. Зорилгодоо хүрэх гэж хичээж байхдаа санаа зовох юм уу эргэлзвэл юу хийх хэрэгтэй вэ?

20 Баптисм хүртэх гэх мэтийн зорилгодоо хүрэх гэж хичээх явцад санаа зовох, эргэлзэх үе гарч мэднэ. Тийм үед «ачаагаа ЭЗЭНд даатга, Тэр чамайг өмгөөлнө» (Дуу. 55:22). Одоо хүний түүхэн дэх хамгийн их сэтгэл хөдөлгөм, амин чухал ажил буюу дэлхий даяар дэлгэрүүлэх, заах ажилд оролцох завшаан чамд олдож байна (Үйлс 1:8). Бусад хүн энэ ажилд яаж оролцож байгааг чи зүгээр л үзэгчийн суудлаас харахаар шийдэж болно. Эсвэл өөрөө идэвхтэй оролцож болно. Хаанчлалын үйл хэргийг урагшлуулах ажлаас хойш сууж, биеэ бүү нөөгөөрэй. «Залуу насныхаа өдрүүдэд өөрийн Бүтээгчээ сана[н]» үйлчилсэндээ чи хэзээ ч харамсахгүй (Ном. 12:1).

Хариулна уу

• Яагаад зорилго тавих хэрэгтэй вэ?

• Ямар ямар зорилго тавьж болох вэ?

• Баптисм хүртэх зорилгоо биелүүлэхийн тулд юу юу хийх хэрэгтэй вэ?

• Амьдралд юуг чухалчлан үздэгээ шалгах нь зорилгоо биелүүлэхэд чинь хэрхэн туслах вэ?

[Догол мөрийн асуулт]

[13-р хуудасны зураг]

Чи Библийг өдөр бүр унших зорилт тавьсан уу?

[15-р хуудасны зураг]

Баптисм хүртэх зорилгодоо хүрэхэд чинь юу туслах вэ?

[16-р хуудасны зураг]

Энэ жишээнээс чи ямар сургамж авах вэ?