Skip to content

Гарчиг руу орох

Ехова бол бидний Хэмжээгүй эрхт Эзэн мөн!

Ехова бол бидний Хэмжээгүй эрхт Эзэн мөн!

Ехова бол бидний Хэмжээгүй эрхт Эзэн мөн!

«Би БУРХАН Эзэнийг [«Хэмжээгүй эрхт Эзэн Еховаг», ШЕ] өөрийн хоргодох газар болгосон» (ДУУ. 73:28).

1. Паул 1 Коринт 7:31-ийг бичихдээ юун тухай бодож байсан бэ?

 «ЭНЭ ертөнцийн үзэгдэл өөрчлөгдөж байна» хэмээн элч Паул хэлжээ (1 Кор. 7:31, ШЕ). Тэрбээр ертөнцийг тайзтай зүйрлэсэн бололтой. Тайзан дээрх жүжигчид нь эерэг болон эсрэг дүр бүтээн, үзэгдэл дуустал тоглох ажээ.

2, 3. а) Еховагийн хэмжээгүй эрх мэдэл зөв эсэх тухай асуудал гарсныг юутай зүйрлэж болох вэ? б) Ямар ямар асуултыг ярилцах вэ?

2 Өнөөдөр жүжиг хамгийн гол буюу өрнөл хэсэг дээрээ явж байна. Энэ нь танд ч хамаатай! Ялангуяа, Ехова Бурхны хэмжээгүй эрх мэдлийг зөвтгөхөд бүр ч их хамаатай. Жүжгийг зарим нэг улс оронд байж болох нөхцөл байдлаар тайлбарлаж болно. Тийм улсад хэв журам сахиулдаг хууль ёсны засгийн газар байсаар байхад, ард түмнийг луйварддаг, дарангуйлдаг, алж хяддаг харгис байгууллага бас бий. Хууль бусаар гарч ирсэн тэр байгууллага хууль ёсны засгийн газрыг зөв удирдан захирдаг эсэх тухай асуудал хөнддөгийн зэрэгцээ, ард иргэдийнх нь үнэнч эсэхийг сорьдог.

3 Үүнтэй төстэй нөхцөл байдал орчлонт ертөнцийн хэмжээнд үүссэн билээ. «Хэмжээгүй эрхт Эзэн Еховагийн» хууль ёсны засгийн газар гэж бий (Дуу. 71:5, ШЕ). Гэвч «муу нэгний» толгойлдог хууль бус байгууллага хүн төрөлхтөнд аюул занал учруулдаг (1 Иох. 5:19). Тэр байгууллага Бурхны хууль ёсны засгийн газрын удирдах арга зөв эсэх тухай асуудал хөндсөний зэрэгцээ, ард түмэн нь төр засагтаа үнэнч эсэхийг сорьдог. Хэрэг явдал яаж эхэлсэн бэ? Бурхан тийм юм болохыг зөвшөөрсний учир юу вэ? Энэ асуудлаар бид хэнийх нь талд байх ёстой вэ?

Жүжгийн онцлог

4. Жүжиг харилцан уялдаа бүхий маргаантай ямар хоёр асуудлыг хөнддөг вэ?

4 Еховагийн хэмжээгүй эрх мэдэл болон хүний үнэнч байдалтай холбоотой, хоорондоо уялдаа бүхий маргаантай хоёр асуудал хөндөгдсөнөөс болж орчлонт ертөнцөд энэ жүжгийн эхлэл тавигджээ. Библид Еховаг «Хэмжээгүй эрхт Эзэн» гэж олонтаа дурдсан байдаг. Жишээ нь, дуулалч: «Би БУРХАН Эзэнийг [«Хэмжээгүй эрхт Эзэн Еховаг», ШЕ] өөрийн хоргодох газар болгосон» хэмээн итгэл төгс дуулжээ (Дуу. 73:28). «Хэмжээгүй эрхт» гэдэг нь хамгийн дээд эрх мэдэлтэй гэсэн утгатай. Тиймд Ехова Бурхныг «Дээдийн Дээд Нэгэн» гэж үзэх бүрэн үндэс бий (Дан. 7:22).

5. Еховагийн хэмжээгүй эрх мэдлийг дэмжих хүсэл ямар учраас төрдөг вэ?

5 Ехова Бурхан Бүтээгч тул газар дэлхий болоод орчлонт ертөнцийг бүхэлд нь захирах Хэмжээгүй эрхт Нэгэн юм (Илчлэлт 4:11-ийг уншина уу). Бас тэрбээр бидний Шүүгч, Хууль тогтоогч, Хаан учир орчлонт ертөнцийн засгийн газрын хууль тогтоох, шүүх, гүйцэтгэх гурван эрхийн аль алиныг нь эдэлдэг (Ис. 33:22). Бид Бурхны ачаар амьд байгаа бөгөөд бидний амь түүнээс хамаардаг болохоор Хэмжээгүй эрхт Эзэн гэж үзэх учиртай. Хэрэв бид «ЭЗЭН Өөрийн сэнтийг тэнгэрт залсан бөгөөд Түүний хаанчлал бүхнийг захирдаг» гэдгийг дандаа санаж явбал хамгийн дээд байр суурийг нь дэмжих хүсэл төрнө (Дуу. 103:19; Үйлс 4:24).

6. Үнэнч байх гэж яахыг хэлдэг вэ?

6 Еховагийн хэмжээгүй эрх мэдлийг дэмжье гэвэл түүнд үнэнч байх учиртай. «Үнэнч байх» гэдэг нь ёс суртахууны хувьд өө сэвгүй, бүрэн төгс байх гэсэн утга илэрхийлдэг. Үнэнч хүн гэм зэмгүй, шулуун шударга байдаг. Иов тийм хүн байжээ (Иов 1:1).

Жүжиг эхэлсэн нь

7, 8. Сатан Еховагийн хэмжээгүй эрх мэдэл зөв эсэх талаар маргаантай асуудлыг хэрхэн хөндсөн бэ?

7 6 000 жилийн тэртээ нэгэн сүнсэн бүтээл Еховагийн хэмжээгүй эрх мэдэл зөв эсэх талаар маргаантай асуудал хөнджээ. Тэр этгээд гол нь өөрийгөө шүтүүлэх гэсэн аминч хүсэлдээ автан самуун дэгдээсэн. Тэрбээр анхны хос Адам Ева хоёрыг турхиран, Бурхны хэмжээгүй эрх мэдэлд үл захирагдахад хүргэсэн бөгөөд Еховаг худал хэлсэн гэж гүтгэн, нэрийг нь гутаажээ (Эхлэл 3:15-ыг уншина уу). Самуун дэгдээгч энэ этгээд хамгийн аюултай Дайсан, Сатан (Эсэргүүцэгч), Диавол (Гүтгэгч), могой (мэхлэгч), луу (цөлмөгч) болжээ (Илч. 12:9).

8 Сатан өөрөө Еховагийн өрсөлдөгч болсон. Хэмжээгүй эрхт Эзэн Ехова энэ асуудалтай тулгараад яасан бол? Самуун дэгдээсэн Сатан Адам Ева гурвыг шууд устгасан уу? Тэрбээр устгах хүчтэй бөгөөд шууд устгавал хэн хамгийн агуу хүчтэй вэ гэдэг асуудлыг шийдвэрлэж болох байсан. Түүнчлэн, хуулийг нь зөрчвөл шийтгэл онооно гэж хэлсэн нь үнэхээр үнэн гэдгийг батлах байсан. Тэгээд яагаад шууд устгаагүй вэ?

9. Сатан ямар хоёр асуудал хөндсөн бэ?

9 Сатан худал хэлж, Адам Ева хоёрыг Бурхнаас хөндийрүүлснээр хүн төрөлхтнөөс дуулгавартай байхыг шаардах эрх Еховад бий юү гэсэн асуудлыг гаргаж тавьсан. Түүнээс гадна, анхны хосыг уруу татан, дуулгаваргүй болгосноороо оюун ухаант бүх бүтээл Бурханд үнэнч байж чадах уу гэсэн асуудал хөндсөн. Еховагийн хэмжээгүй эрх мэдлийг үнэнчээр дэмждэг Иовд тохиолдсон явдлаас үзвэл, Сатан бүх хүнийг Бурхнаас холдуулж чадна гэж ам бардам хэлжээ (Иов 2:1–5).

10. Бурхан юуны учир хэмжээгүй эрх мэдлээ зөвтгөхөө түр азнасан бэ?

10 Ехова хэмжээгүй эрх мэдлээ зөвтгөхөө түр азнан, Сатанд, хэлсэн үгээ батлах хугацаа олгосон. Бас хүмүүст өөрийнх нь хэмжээгүй эрх мэдлийг үнэнчээр дэмждэгээ харуулах боломж өгсөн. Түүнээс хойш олон зуун жил өнгөрөхөд юу болсон бэ? Сатан хүчирхэг, харгис байгууллага бий болгосон. Удахгүй Ехова уг байгууллагыг Диаволтай хамтад нь устгаж, өөрийнхөө хэмжээгүй эрх мэдлийн зөвийг хөдөлшгүй батална. Ехова Бурхан хэрэг явдал сайнаар төгсөнө гэдэгт бат итгэж байсан учраас Еденд самуун дэгдэхэд энэ тухай зөгнөжээ (Эх. 3:15).

11. Еховагийн хэмжээгүй эрх мэдлийн талаар олон хүн ямар байр суурьтай байдаг вэ?

11 Олон хүн Еховагийн хэмжээгүй эрх мэдлийг дэмжин, нэрийг нь ариусгах үйлсэд оролцож бат итгэлтэй, чин үнэнч гэдгээ харуулсан. Тэдний тоонд Абел, Енох, Ноа, Абрахам, Сара, Мосе, Рут, Давид, Есүс, нэгдүгээр зууны христианууд болон орчин үеийн олон сая үнэнч хүмүүс ордог. Еховагийн хэмжээгүй эрх мэдлийг дэмждэг хүмүүс Сатаны худалч болохыг батлан, Еховагийн нэрийг ариусгах үйлсэд оролцдог. Диавол бүх хүн төрөлхтнийг Бурхнаас холдуулж чадна гэж бардамнан, нэрийг нь гутаасан билээ (Сур. 27:11).

Төгсгөл нь тодорхой

12. Бурхан ёс бусыг мөнхөд тэвчихгүй гэдэгт яагаад итгэж болох вэ?

12 Ехова хэмжээгүй эрх мэдлээ тун удахгүй зөвтгөх нь гарцаагүй. Тэрбээр муу муухай бүхнийг мөнхөд тэвчихгүй. Тэгээд ч бид эцсийн өдрүүдэд амьдарч байна. Ехова Усан галавын үед ёс бус ертөнцийг газрын хөрстэй тэгшилсэн. Содом, Гоморраг устгаж, фараон ба түүний цэргийг сөнөөсөн. Сисера ба түүний арми, Сеннахериб ба Ассирийн цэргүүд Хамгийн Дээд Нэгний өөдөөс яаж ч чадаагүй (Эх. 7:1, 23; 19:24, 25; Ег. 14:30, 31; Шүү. 4:15, 16; Х.дэд 19:35, 36). Тиймээс Ехова Бурхан нэрийг нь үл хүндэтгэдэг, Гэрчүүдтэй нь зүй бусаар харьцдаг хүмүүсийг удаан хугацаагаар байлгахгүй нь тодорхой. Түүнээс гадна, Есүсийн залран байх үе болон өнөөгийн ёс бус тогтолцооны төгсгөлийн шинж тэмдгийг бид нүдээрээ үзэж байна (Мат. 24:3).

13. Яавал Еховагийн дайснуудтай хамт устгагдахгүй вэ?

13 Дайснуудтай нь хамт устгагдахгүйн тулд бид Еховагийн хэмжээгүй эрх мэдлийг үнэнчээр дэмжих ёстой. Яаж? Сатаны харгис засаглалаас тусгаар байж, түүний гар хөл бологчдын сүрдүүлэгт автахгүй байх хэрэгтэй (Ис. 52:11; Иох. 17:16; Үйлс 5:29). Зөвхөн ийм л нөхцөлд тэнгэрийн Эцгийнхээ хэмжээгүй эрх мэдлийг дэмжих бөгөөд Еховаг сэвтсэн нэрээ ариусгаж, Орчлонт ертөнцийн хэмжээгүй эрхт Эзэн гэдгээ харуулах тэр цагт бид амьд үлдэнэ.

14. Библид юу юуны тухай нарийн ширийн зүйлийг өгүүлдэг вэ?

14 Еховагийн хэмжээгүй эрх мэдэл болон хүн төрөлхтний тухай нарийн ширийн зүйлийг Библийн эхнээс дуустал нь бичсэн байдаг. Эхний гурван бүлэгт бүтээлийн тухай, хүн нүгэлтэй болсон тухай гардаг бол, сүүлийн гурван бүлэгт хүн төрөлхтөн алдсан зүйлээ дахин олж авах тухай өгүүлдэг. Бусад бүлэгт Хэмжээгүй эрхт Эзэн Еховаг хүн төрөлхтөн, дэлхий болон орчлонт ертөнцтэй холбоотой санаа зорилгоо биелүүлэхийн тулд ямар ямар алхам хийсэн тухай бичжээ. «Эхлэл» номд Сатан ертөнц гэдэг тайзан дээр хэрхэн гарч, ёс бус явдлыг бий болгосон тухай, «Илчлэлт» номын сүүлийн хэсэгт муу муухай бүхэн газрын хөрснөөс арчигдаж, Диавол устгагдан, Бурхны хүсэл таалал тэнгэрт шигээ газар дээр биелэх тухай өгүүлдэг. Библид нүгэл, үхлийн шалтгааныг илчлэн, тэдгээрийг дэлхийн тайзнаас зайлуулах ба цэвэршсэн дэлхийд үнэнч хүмүүс хязгааргүй баяр баясгалан эдлэн, мөнх амьдрах тухай бичжээ.

15. Орчлонт ертөнцийн хэмжээгүй эрх мэдэлтэй холбоотой жүжиг сайн сайхнаар төгсөх тэр цагийг үзье гэвэл хүн бүр юу хийх хэрэгтэй вэ?

15 Удахгүй энэ ертөнцийн тайз орвонгоороо өөрчлөгдөнө. Олон зуун жил үргэлжилсэн, хэмжээгүй эрх мэдэлтэй холбоотой жүжиг ийнхүү өндөрлөж хөшиг хаагдана. Сатан тайзнаас бууж, түүний засаглал дахин хэзээ ч оршин тогтнохгүй бөгөөд Бурхан хүсэл тааллаа амжилттай биелүүлнэ. Тэр цагийг үзэж, Бурхны Үгэнд зөгнөсөн олон ивээлийг хүртэхийн тулд бид одоо Еховагийн хэмжээгүй эрх мэдлийг дэмжих ёстой. Хоёр замын дунд байх боломжгүй. «ЭЗЭН [«Ехова», ШЕ] миний талд» гэж хэлье гэвэл бид өөрсдөө Еховагийн талд байх ёстой (Дуу. 118:6, 7).

Бид үнэнч байж чадна!

16. Хүн Бурханд үнэнч байж чадна гэхийн учир юу вэ?

16 Бид Еховагийн хэмжээгүй эрх мэдлийг дэмжиж, үнэнч байж чадна. Учир нь, элч Паул: «Бурхан итгэмжит билээ. Тэр та нарыг хэрээс чинь хэтэрсэн хүчээр соригдохыг зөвшөөрдөггүй, харин сорилтыг тэсвэрлэж чадахын тулд сорилттой хамт мөн гарах замыг ч өгдөг юм» хэмээн бичжээ (1 Кор. 10:13). Паулын хэлсэн тэр сорилт юутай холбоотой гарч ирдэг вэ? Бурхан гарах замыг хэрхэн өгдөг вэ?

17-19. а) Израильчууд цөлд ямар ямар сорилтыг давж чадаагүй вэ? б) Еховад үнэнч байх боломжтой гэхийн учир юу вэ?

17 Бурхны хуулийг зөрччихмөөр нөхцөл байдал бий болоход «сорилт» тулгардаг нь цөлд израильчуудад тохиолдсон явдлаас харагддаг (1 Коринт 10:610-ыг уншина уу). Израильчууд сорилтод бууж өгөхгүй байж болох байсан. Гэсэн хэдий ч Еховагийн өгсөн бөднө шувуугаар бүтэн сарын турш хүнс хийж, гайхамшгаар тэжээлгэж байхдаа «бузар юмсыг» хүсжээ. Бурхан тэднийг маннагаар ханатал нь тэжээсний эцэст махны хэрэгцээг нь хангахын тулд бөднө шувуу өгсөн аж. Гэтэл ард олон бөднө шувуудыг цуглуулахдаа хэмжээ хязгааргүй шунахайрснаас болоод сорилтыг давж чадаагүй (Тоо. 11:19, 20, 31–35).

18 Бүр өмнө нь Мосег Синаи ууланд Бурхнаас Хууль авч байх хооронд израильчууд тугал шүтэж, махан биеийн хүсэл тачаалдаа автсанаар шүтээн шүтэгч болжээ. Удирдагчийнхаа эзгүйд тэд сорилтыг амжилттай давж чадаагүй (Ег. 32:1, 6). Амласан газар орохын даваан дээр олон мянган израиль хүн моаб эмэгтэйчүүдэд уруу татагдан, садар самуун үйлджээ. Энэ нүглийнхээ төлөө олон мянган хүн амиа алдсан (Тоо. 25:1, 9). Заримдаа израильчууд удирдагчдадаа дургүйцэн гомдоллож, сорилтод унадаг байсан бөгөөд нэгэн удаа Мосе болон Бурхны эсрэг ярьжээ! (Тоо. 21:5). Израильчууд хорон санаат Кора, Датан, Абирам болон тэднийг дэмжигчдийг устгагдсаны дараа ч энэ шийтгэлийг шударга бус гэж буруу дүгнэн, гомдол гаргасан. Үүний гайгаар 14 700 хүн Бурхны шийтгэлийг хүлээн, амь насаа алдсан (Тоо. 16:41, 49).

19 Дээр дурдсан сорилт израильчуудын хувьд тэвчихийн аргагүй юм биш байв. Тэд итгэлгүй болж, Еховаг умартан, хайр халамжийг нь огоорон, үргэлж зөв юм хийдэг гэдгийг нь мартжээ. Израильчуудад тулгарсан сорилт онцгой байгаагүй. Бидэнд тулгардаг сорилт ч мөн ялгаагүй, хүнд тохиолддог л зүйл. Хэрэв бид сорилтыг тэвчихэд шаардлагатай хүчин чармайлт гаргаж, Бурхан тусална гэдэгт найдвал үнэнч байж чадна. Учир нь «Бурхан итгэмжит» бөгөөд «хэрээс [маань] хэтэрсэн хүчээр соригдохыг зөвшөөрдөггүй». Ехова биднийг үнсэнд хаясан шалз шиг орхиж, хүсэл тааллыг нь биелүүлж чадахааргүй нөхцөл байдалд оруулна гэж хэзээ ч байхгүй (Дуу. 94:14).

20, 21. Бидэнд сорилт тулгарахад Бурхан гарах замыг хэрхэн өгдөг вэ?

20 Ехова «гарах зам» хэрхэн өгдөг вэ? Сорилтын үед биднийг зоригжуулдаг. Жишээ нь, хавчигчид итгэл үнэмшлээс маань няцаахын тулд бидний бие махбодод халдаж магадгүй. Ийм нөхцөл тулгарвал дахин зодуулах, тарчлах, алуулахгүйн тулд буугаад өгчихмөөр санагдаж болох юм. Гэхдээ энэ сорилт нь түр зуурынх гэдгийг 1 Коринт 10:13-т Бурхнаар удирдуулан бичсэн Паулын үг баталдаг. Ехова биднийг өөрт нь үнэнч байж чадахгүй болтол сорихыг зөвшөөрөхгүй. Бурхан бидний итгэлийг бэхжүүлж, үнэнч байхад хэрэгтэй хүч өгч чадна.

21 Ехова ариун сүнсээрээ биднийг дэмждэг. Ариун сүнс бас сорилтыг давахад тус болох Библийн зарчмыг сануулдаг (Иох. 14:26). Тийм учраас, мэхлэгдэн буруу зам руу орохгүй байх боломжтой. Жишээлбэл, бид Еховагийн хэмжээгүй эрх мэдэл болон хүний үнэнч байдалтай холбоотой маргаантай асуудлыг ойлгодог. Олон хүн энэ мэдлэгийнхээ ачаар, Бурхны дэмжлэгтэйгээр үхэн үхтэлээ үнэнч байж чадсан. Тэдний хувьд гарах зам нь үхэл байсан юм биш ээ. Харин сорилтод бууж өгөлгүй эцсээ хүртэл тэвчихэд нь Ехова тусалсан гэсэн үг. Бидэнд ч бас тусалж чадна. Ехова үнэнч тэнгэр элчүүдээ «авралыг өвлөх хүмүүсийн төлөө» үйлчлүүлэхээр бидний тусын тулд илгээдэг (Евр. 1:14). Зөвхөн үнэнч хүмүүс Бурхны хэмжээгүй эрх мэдлийг мөнхөд дэмжих завшаан эдэлнэ гэж найдаж болохыг дараагийн өгүүллээр үзнэ. Бид Еховаг Хэмжээгүй эрхт Эзнээ хэмээн үзэж, түүнээс зуурч явбал тэр хүмүүсийн дунд байх болно.

Хариулна уу

• Еховаг Хэмжээгүй эрхт Эзэн хэмээн хүлээн зөвшөөрөх ёстойн учир юу вэ?

• Бурханд үнэнч байна гэж яахыг хэлдэг вэ?

• Ехова удахгүй хэмжээгүй эрх мэдлээ зөвтгөнө гэдгийг бид хаанаас мэддэг вэ?

1 Коринт 10:13-ыг үзвэл, үнэнч байх боломжтойн учир юу вэ?

[Догол мөрийн асуулт]

[24-р хуудасны зураг]

Сатан, Адам Ева хоёрыг уруу татаж, Еховад үнэнч бус болгосон

[26-р хуудасны зураг]

Еховагийн хэмжээгүй эрх мэдлийг шийдвэртэй дэмжигтүн