Skip to content

Гарчиг руу орох

Үнэнчээр явцгаая!

Үнэнчээр явцгаая!

Үнэнчээр явцгаая!

«Миний хувьд, би үнэнч байдлаараа явах ёстой» (ДУУ. 26:11).

1, 2. Иов үнэнч байдлынхаа талаар юу гэж хэлсэн бэ? «Иов» номын 31-р бүлгээс түүний тухай юу мэдэж болох вэ?

 ЭРТ ҮЕД юмны жинг жинлүүрээр хэмждэг байжээ. Жинлүүр нь нуруу, түүний голоос тулах тулгуур, нурууны хоёр үзүүрээс дүүжилдэг жингийн таваг зэргээс бүрддэг байв. Нэг тавагт нь жинлэх юмаа тавиад, нөгөө тавагт нь туухай тавьдаг аж. Бурхны үйлчлэгчид зөв жин, туухай хэрэглэх ёстой байжээ (Сур. 11:1).

2 Бурхны тааллыг олсон Иов Сатаны довтолгоонд өртөөд зовж байхдаа: «[Ехова] намайг зөв шударга жингээр жинлэж, миний үнэнч шударга байдлыг Бурхан мэдэг» хэмээжээ (Иов 31:6). Ингэж хэлэхдээ үнэнч хүнийг сорилтод оруулдаг олон нөхцөл байдлыг дурджээ. Гэхдээ Иов сорилтыг амжилттай давсныг «Иов» номын 31-р бүлгээс мэдэж болно. Түүний үзүүлсэн сайхан жишээг дууриан, дуулалч Давидын адилаар: «Миний хувьд, би үнэнч байдлаараа явах ёстой» хэмээн итгэлтэй хэлэх хүсэл бидэнд өөрийн эрхгүй төрдөг (Дуу. 26:11).

3. Том, жижиг ямар ч асуудлаар Бурханд үнэнч байх нь яагаад чухал бэ?

3 Иовд хэдийгээр хүнд хэцүү сорилт тулгарсан ч Бурхандаа үнэнч байж чадсан. Зарим хүн Иовд тохиолдсон зовлонг онцгой сорилт, гуйвшгүй үнэнч байсныг нь баатарлаг явдал гэж үзэж болох юм. Бид яг Иов шиг зовдоггүй. Гэхдээ Бурхны хэмжээгүй эрх мэдлийг үнэнчээр дэмжих гэсэн байр сууриа бат сахья гэвэл том, жижиг ямар ч асуудлаар Бурханд үнэнч байх ёстой (Лук 16:10-ыг уншина уу).

Ёс суртахууны хувьд үнэнч байх нь амин чухал

4, 5. Бурханд үнэнч Иов юунаас зайлсхийдэг байсан бэ?

4 Еховад үргэлж үнэнч байхын тулд Иовын адилаар ёс суртахууны хэм хэмжээг чанд баримтлах шаардлагатай. Иов: «Би нүдтэйгээ гэрээ хийсэн билээ. Тэгвэл би онгон охиныг хэрхэн бодож зүрхлэх байсан бэ? ... Хэрэв миний зүрх эмэгтэйгээр уруу татагдаж, эсвэл би хөршийнхөө хаалганы үүдэнд отож байсан бол, миний эхнэр өөр хүнд тариа цайруулж, өөр эрчүүд түүний дээрээс тонгойг» гэж хэлсэн байдаг (Иов 31:1, 9, 10).

5 Бурханд үргэлж үнэнч байхаар хатуу шийдсэн Иов эмэгтэй хүнийг тачаадан хардаггүй байжээ. Тэрбээр эхнэртэй байсан учир ганц бие эмэгтэйчүүдтэй сээтэгнэх юм уу, бусдын эхнэртэй янаг амрагийн харилцаа тогтоохыг оролддоггүй байсан. Есүс «Ууланд айлдсан номлол»-доо үнэнч хүмүүсийн үргэлж санаж явах ёстой бэлгийн харилцааны ёс суртахууны талаар онцлон тэмдэглэжээ (Матай 5:27, 28-ыг уншина уу).

Зальжин арга хэзээ ч бүү хэрэглэ

6, 7. а) Иовын түүхээс харвал, Бурхан бидний үнэнч эсэхийг хэрхэн шалгадаг вэ? б) Зальдах буюу хуурч мэхлэх ёсгүйн учир юу вэ?

6 Үнэнч хүмүүсийн тоонд багтъя гэвэл зальжин арга хэрэглэх ёсгүй (Сургаалт үгс 3:3133-ыг уншина уу). Иов: «Хэрвээ би хуурмагаар алхаж, миний хөл заль мэхийн араас яарч байсан бол, Тэр [Ехова] намайг зөв шударга жингээр жинлэж, миний үнэнч шударга байдлыг Бурхан мэдэг» гэжээ (Иов 31:5, 6). Ехова бүх хүнийг «зөв шударга жингээр» жинлэдэг. Иовын түүхээс харвал, Бурхан үйлчлэгчдийнхээ үнэнч эсэхийг шалгахдаа шударга ёсны төгс хэм хэмжээгээ баримталдаг ажээ.

7 Хэрэв бид бусдыг зальддаг, хуурч мэхэлдэг болбол Бурханд үнэнч байж чадахгүй. Үнэнч хүмүүс «ичгүүрийн улмаас нууцлагдсан юмсыг» хэрэгсдэггүй, «заль мэхээр» явдаггүй (2 Кор. 4:1, 2). Итгэл нэгтэн маань биднийг худал хуурмаг зүйл хэлсэн юм уу, хийснээс болоод хохирч, Бурхнаас тусламж гуйхад хүрвэл яана? Бидэнд л муу! Дуулалч: «Би зовлон бэрхшээлийнхээ дунд ЭЗЭНд хандан хашхирсанд Тэрээр надад хариулсан. Өө, ЭЗЭН, миний сэтгэлийг худалч уруулаас болон худал хуурмаг хэлнээс авраач» хэмээн дуулжээ (Дуу. 120:1, 2). Бурхан өөрт нь чин үнэнч байгаа эсэхийг мэдэхийн тулд бидний «зүрх болон оюун бодлыг» шалгаж, дотор хүнийг харж чаддаг гэдгийг санаж явбал тустай (Дуу. 7:8, 9).

Бусадтай харьцахдаа үлгэр жишээч байгтун

8. Иов бусадтай хэрхэн харьцдаг байсан бэ?

8 Үргэлж үнэнч байя гэвэл Иов шиг шударга, даруу, бусдад санаа тавьдаг байх хэрэгтэй. Тэрбээр: «Хэрэв, тэд миний эсрэг гомдоллох үед би өөрийн боолууд, эсвэл шивэгчдийн маргааныг үл тоомсорлосон бол, Бурханыг босоход би юу хийж чадахсан бэ? Хариуцлага тооцохоор Тэрээр намайг дуудахад би Түүнд юу гэж хариулах билээ? Намайг хэвлийд бүтээсэн Тэр түүнийг бүтээдэггүй юм уу? Адил нэгэн биднийг хэвлий дотор дүрс оруулдаггүй гэж үү?» хэмээн хэлжээ (Иов 31:13–15).

9. Иов зарц нартайгаа харьцахдаа ямар зан чанар илэрхийлдэг байсан бэ? Бид яах ёстой вэ?

9 Иовын үед хэрэг заргаа таслан шийдүүлэхэд явдал чирэгдэл болдоггүй байсан бололтой. Шүүх хурал эмх журамтай болдог байсан бөгөөд зарц боол ч шүүх хуралд асуудлаа мэдүүлэх эрхтэй байсан. Иов зарц нартайгаа шударга, энэрэнгүй харьцдаг байжээ. Үргэлж үнэнч байя гэвэл, ялангуяа хурлын ахлагчид эдгээр зан чанарыг илэрхийлэх ёстой.

Шунахай бус, өгөөмөр байгтун

10, 11. а) Иов өгөөмөр, тусч хүн байсныг юу харуулдаг вэ? б) Иов 31:16–25 бидэнд Библийн өөр ямар зүйлийг сануулдаг вэ?

10 Иов өгөөмөр, тусч байснаас бус, хувиа хичээсэн, шунахай хүн байгаагүй. Тэрбээр: «Хэрэв би ... бэлэвсэн эмэгтэйн нүдийг сүүмийлгэж, эсвэл өнчин нэгэнтэй хуваалцалгүй өөрийн хувийг ганцаараа идсэн бол ... хэрэв хувцасгүйгээс болж үхэж буй нэгнийг ... хараад, ... хэрэв дааман хаалган дээр миний тусламж буйг хараад өнчин хүний эсрэг гараа далайсан бол, мөр минь нуруунаасаа тасран, гар минь тохойгоороо хугараг» гэж хэлсэн. Тэрбээр алтыг «өөрийн итгэл» гэж дуудсан бол үнэнч байж чадахгүйд хүрэх байсан (Иов 31:16–25).

11 Шүлэглэн хэлсэн Иовын энэ үг шавь Иаковын: «Бидний Бурхан ба Эцэгийн өмнө цэвэр ариун бөгөөд бузартаагүй шүтлэг бол зовж зүдрэх цагт нь өнчин хүмүүс, бэлэвсэн эхнэрүүдийг эргэн тойрч, дэлхийгээс бохирдолгүй өөрийгөө хамгаалах нь буюу» хэмээснийг сануулдаг (Иак. 1:27). Түүнчлэн «Шуналын алив хэлбэрээс өөрсдийгөө хамгаал, болгоомжил. Учир нь элбэг хангалуун нэгний амь өөрийнх нь өмч хөрөнгөнөөс хамаардаггүй юм» гэсэн Есүсийн анхааруулгыг санах хэрэгтэй. Есүс тийнхүү анхааруулсныхаа дараа нэгэн шунахай баяны тухай ёгт үлгэр ярьжээ. Тэр хүн «Бурханы өмнө баян биш» байсаар үхсэн (Лук 12:15–21). Үнэнч байхын тулд бид шунахай занд дийлдэх ёсгүй. Шунал хүний шүтээн болдог тул Еховагаас анхаарлыг нь сарниулдаг. Тийм учраас, шунахайрахыг шүтээн шүтэхтэй адилтгаж болно (Кол. 3:5). Үнэнч байдал шунал хоёр нэг дор байх боломжгүй!

Жинхэнэ шүтлэгээс чанга зуурагтун

12, 13. Шүтээн шүтэхгүй байх талаар Иов ямар жишээ үзүүлсэн бэ?

12 Үнэнч хүмүүс цэвэр шүтлэгээс чанга зуурдаг. Иов бас тийм байсан. Тэрбээр: «Хэрэв гэрэлтэн байхад нь нарыг, сүр жавхлантайгаар өнгөрч байхад нь сарыг би хараад, зүрх минь нууцханаар уруу татагдан, амандаа гараа хүргэн үнсэж байсан бол, энэ ч гэсэн шийтгэгдвэл зохих гэм буруу байх байсан. Учир нь би дээр буй Бурханыг үгүйсгэсэн хэрэг болохсон» гэжээ (Иов 31:26–28).

13 Иов амьгүй зүйлийг шүтдэггүй байсан. Зүрх сэтгэл нь сар гэх мэтийн тэнгэрийн эрхэст татагдан, «амандаа гараа хүргэн үнсэх» буюу шүтээн шүтэхтэй холбоотой, гараараа үнсэлт илгээх зан үйл хийж байсан бол Бурхныг үгүйсгэж, шүтээн шүтэгч болох байв (Д.хууль 4:15, 19). Бурханд үнэнч байя гэвэл бид ч бас шүтээн шүтэх бүх хэлбэрээс зайлсхийх ёстой (1 Иохан 5:21-ийг уншина уу).

Өш хонзон бүү сана, хоёр нүүр бүү гарга

14. Иовыг хорон санаатай хүн байгаагүй гэж хэлж болохын учир юу вэ?

14 Иов хорон муу санаатай, догшин хэрцгий хүн байгаагүй. Тийм зан үнэнч байдлыг эвдэн бусниулдгийг тэрбээр мэддэг байжээ. Учир нь: «Би дайсныхаа үхэлд баярлаж, түүнд бузар муу юм тохиолдоход хөөрч байсан уу? Үгүй, хараалдаа түүний амийг авахыг гуйснаараа нүгэл хийхийг би өөрийн аманд зөвшөөрөөгүй» гэж хэлжээ (Иов 31:29, 30).

15. Биднийг үзэн ядагчид зовлонд унахад баярлах хэрэггүйн учир юу вэ?

15 Зөвт хүн Иов өөрийг нь үзэн ядагчдыг зовлонд унахад хэзээ ч баярлаж байгаагүй ажээ. Хожим нь Библийн нэгэн сургаал үгэнд: «Чиний дайсан унахад баярлах хэрэггүй. Бүдрэхэд нь зүрх чинь бүү баярлаг. Эс тэгвээс ЭЗЭН үүнийг хараад, таалахгүй тул, дайснаас чинь уур хилэнгээ буцаан авч юу магад» хэмээсэн байдаг (Сур. 24:17, 18). Ехова бидний зүрхийг хардаг учир бусдыг зовоход дотроо баярлавал таашаахгүй нь лавтай (Сур. 17:5). Харин ч бидэнтэй бас тийн харьцах болно. Учир нь тэрбээр: «Өшөө авалт нь Минийх. ... Би хариугаа авна» гэсэн билээ (Д.хууль 32:35).

16. Баян биш ч хэрхэн зочломтгой байж болох вэ?

16 Иов зочломтгой хүн байсан (Иов 31:31, 32). Бид баян биш ч «зочломтгой байж» чадна (Ром 12:13). «Үзэн ядалтаар бордсон тарган шарын махнаас, хайр буй газрын өвсөн хоол нь дээр» гэдгийг санан, юу байгаа, түүгээрээ бусдыгаа дайлж болно (Сур. 15:17). Бурханд үнэнч нөхөдтэйгөө хайр бялхсан орчинд хамтдаа хоолловол жирийн хоол ч таатай санагдаж, сүнслэгээр сэргээнэ.

17. Ноцтой нүглээ нуух гэж оролдох хэрэггүйн учир юу вэ?

17 Иовоор дайлуулж зочлуулах нь сүнслэгээр сэргээм, таатай байсан биз ээ. Учир нь Иов зочлохдоо хоёр нүүр гаргадаггүй байжээ. Тэрбээр нэгдүгээр зууны христиан хуралд шургалан орсон, «ашиг харан бусдыг зусарддаг» ёс бус хүмүүс шиг байгаагүй (Иуда 3, 4, 16). Бас бусдад мэдэгдэж, жигшил зэвүүцлийг нь төрүүлэх вий хэмээн айсандаа «өөрийн гэм бурууг өвөртөө нуух» буюу нүглээ нуун далдалж байгаагүй ажээ. Өөрийгөө Бурханд шалгуулж, гэм буруу илэрвэл хэргээ хүлээхэд бэлэн байсан (Иов 31:33–37). Бид ч бас ноцтой нүгэл үйлдсэн бол нэр хүндээ бодоод алдаагаа нуух биш, харин ч илчилцгээе. Үнэнч байхыг хичээдгээ хэрхэн харуулах вэ? Алдаа дутагдлаа хүлээн зөвшөөрч, гэмшин, сүнслэг тусламж эрж, нүглээ цайруулах бүхнийг хийцгээе (Сур. 28:13; Иак. 5:13–15).

Үнэнч байдлаа шалгуулсан нь

18, 19. а) Иов хэнийг ч дарлан мөлжиж байгаагүй гэж хэлж болохын учир юу вэ? б) Хэрэв өөрийнх нь буруу байсан бол Иов яахад бэлэн байсан бэ?

18 Иов үнэнч шударга хүн байсан. Тийм ч учраас, «Хэрэв миний нутаг миний эсрэг хашхирч, хагалсан шангууд нь хамтдаа уйлдаг юм бол, хэрэв би үр жимсийг үнэгүйгээр идэж, эсвэл эзэмшигчдийнх нь амь насыг хорооход хүргэсэн бол, улаан буудайн оронд өргөст ургамал, арвайн оронд хогийн ургамал ургаг» гэж хэлсэн (Иов 31:38–40). Иов бусдын газрыг булаан авч, ажилчдын хөлс хүчийг мөлжиж байсан удаагүй. Бид бас том ч бай, жижиг ч бай, аливаа асуудалд хандахдаа Еховад үнэнч байх учиртай.

19 Иов гурван найз болон Елиху гэдэг залууд яаж амьдарч байсан тухайгаа ярьж өгчээ. Иов түүх намтраа ярьж дуусаад «хувийн тэмдэг»-ээ дарах буюу үнэн зөв хэмээн баталсан. Гэвч өөрийнх нь эсрэг гомдол байвал шалгуулж шүүлгэхийг хүсжээ. Гэм буруутай нь тогтоогдвол ял эдлэхэд бэлэн байв. Тийм учраас, Иов Бурхны шүүхэд хандан хэргээ мэдүүлж, шийдэж өгөхийг нь хүлээсэн. Ингээд «Иовын үг барагджээ» (Иов 31:35, 40).

Та үнэнч байж чадна

20, 21. а) Иов яагаад үнэнч байж чадсан бэ? б) Яавал Бурхныг улам хайрлах вэ?

20 Иов Еховад хайртай байсан учир үнэнч байж чаджээ. Ехова ч Иовыг хайрладаг, түүнд тусалдаг байсан. Иов: «[Ехова] Та надад амьдрал болон хайр энэрлийг бэлэглэсэн билээ. Таны халамж сүнсийг минь хамгаалсан билээ» хэмээжээ (Иов 10:12). Түүнээс гадна, тэрбээр бусдыгаа үнэнч хайраар хайрлахгүй байвал Төгс хүчит Нэгнээс сүсэглэн эмээхээ болино гэсэн үг болохыг ойлгоод, бусдад хайраа илэрхийлдэг байсан (Иов 6:14). Үнэнч хүмүүс Бурхныг ч, бусдыг ч хайрладаг (Мат. 22:37–40).

21 Үгийг нь өдөр бүр уншиж, Бурхны тухай мэдээд, түүнийгээ эргэцүүлэн боддог бол Бурхныг улам их хайрладаг болно. Чин сэтгэлээсээ залбирч, Еховаг магтан алдаршуулж, бидний төлөө хийсэн сайн үйлсийнх нь төлөө талархах учиртай (Флп. 4:6, 7). Еховад зориулан дуу дуулж, ард түмэнтэй нь хамт тогтмол цуглах нь их тустай (Евр. 10:23–25). Мөн «Түүний авралын сайн мэдээг» тунхаглан, дэлгэрүүлэх ажилд оролцвол Бурхныг улам хайрладаг болно (Дуу. 96:1–3). Тийнхүү бид «Бурханд ойр байх нь надад сайн. ... Би БУРХАН Эзэнийг [«Хэмжээгүй эрхт Эзэн Еховаг», ШЕ] өөрийн хоргодох газар болгосон» хэмээн дуулсан дуулалч шиг үнэнч байж чадна (Дуу. 73:28).

22, 23. Еховагийн хэмжээгүй эрх мэдлийг дэмждэг бидний үйл хэргийг эртний үнэнч хүмүүсийн үйл хэрэгтэй хэрхэн зүйрлэж болох вэ?

22 Олон зууны туршид Ехова үнэнч үйлчлэгчдэдээ янз бүрийн даалгавар өгсөн. Ноа хөвөгч авдар барьж, «зөвт байдлыг тунхаглагч» байсан (2 Петр 2:5). Иошуа израильчуудыг амжилттай удирдан Амласан газар луу оруулсан. Учир нь тэрбээр «хуулийн ... номыг ... өдөр шөнөгүй» уншиж, тэр дагуу амьдардаг байсан (Иош. 1:7, 8). І зууны христианууд шавь бэлдэж, тогтмол цуглан Судрыг судалдаг байсан (Мат. 28:19, 20).

23 Хэрэв бид зөвт байдлыг тунхаглан, шавь бэлдэж, Библийн зөвлөгөөний дагуу амьдран, цуглаан, чуулганы үеэр итгэл нэгтнүүдтэйгээ хамт цугладаг бол Еховагийн хэмжээгүй эрх мэдлийг дэмжин, үнэнч байж чадна. Иймэрхүү үйл хэргийн ачаар бид эр зоригтой, сүнслэгээр хүчтэй, Бурхны хүсэл тааллыг амжилттай биелүүлдэг болно. Тэнгэрийн Эцэг ба түүний Хүүгийн дэмжлэг байгаа учраас энэ нь бидэнд тийм ч хэцүү биш ээ (Д.хууль 30:11–14; Х.дээд 8:57). Түүнээс гадна, үнэнчээр алхдаг, Еховаг Хэмжээгүй эрхт Эзэн хэмээн хүндэтгэдэг «ахан дүүс» маань бидэнд тусалдаг (1 Петр 2:17).

Хариулна уу

• Еховагийн тогтоосон ёс суртахууны хэм хэмжээг бид хэрхэн үзэх ёстой вэ?

• Иовын ямар зан чанар танд илүү таалагдсан бэ?

Иов 31:29–37-д бичсэнийг үзвэл, Иов биеэ хэрхэн авч явдаг байсан бэ?

• Бурханд үнэнч байх боломжтойн учир юу вэ?

[Догол мөрийн асуулт]

[29-р хуудасны зураг]

Иов Еховад үнэнч байж чадсан. Бид ч бас чадна!

[32-р хуудасны зураг]

Бид үнэнч байж чадна!