Skip to content

Гарчиг руу орох

Еховад дуу дуулъя!

Еховад дуу дуулъя!

Еховад дуу дуулъя!

«Би байх зуураа Бурхандаа магтан дуулна» (ДУУ. 146:2).

1. Давид юунд хөтлөгдөн зарим дууллаа зохиосон бэ?

 ДАВИД Бетлехемийн ойролцоох хөдөө нутагт эцгийнхээ мал сүргийг хариулан бага залуу насаа өнгөрөөжээ. Хонио хариулж явахдаа Еховагийн сүр жавхлант бүтээлүүд болох одод анивчих тэнгэр, «хээрийн араатан амьтад», «тэнгэрийн шувууд»-ыг ажиглан харж ихэд биширдэг байв. Тиймдээ ч энэ гайхалтай бүхнийг бүтээсэн Нэгнийг магтсан, сэтгэл хөдөлгөм олон сайхан дуу зохиожээ. «Дуулал» номд Давидын зохиосон олон дууг тэмдэглэн үлдээжээ * (Дуулал 8:3, 4, 79-ийг уншина уу).

2. а) Дуу хөгжим хүнд хэрхэн нөлөөлдөг вэ? Жишээ хэлнэ үү. б) Дуулал 34:7, 8 болон Дуулал 139:2–8-аас Давид Ехова хоёрын харьцааны талаар юу мэдэж болох вэ?

2 Чухам энэ л үедээ Давид дуулж хөгжимдөх авьяасаа хөгжүүлсэн бололтой. Үнэхээр чадварлаг болсон учраас хааны ордонд уригдан, Саул хаанд зориулж босоо ятга тоглох болжээ (Сур. 22:29). Сайхан хөгжим өнөөдөр ч хүнийг тайвшруулдаг шиг Давид чадварлаг хөгжимдөн түгшсэн хааны сэтгэлийг тайвшруулдаг байв. Давидыг хөгжимдөх бүрд «Саулд хүч тэнхээ эргэн ирж, тайвширдаг» байв (1 Сам. 16:23). Бурхнаас эмээдэг энэ хөгжимчин, зохиолчийн дуунууд цаг хугацааны шалгуурыг даван гарчээ. Бодоод үз дээ! Давидыг төрснөөс хойш 3 000 гаруй жил өнгөрсөн ч дэлхийн өнцөг булан бүрд амьдардаг янз бүрийн гарал үүсэлтэй олон сая хүн сэтгэлээ тайвшруулж, ирээдүйн найдвар өвөрлөх гэж Давидын дууллыг тогтмол уншдаг (Ш.дэд 7:6; Дуулал 34:7, 8; 139:28-ыг уншина уу; Ам. 6:5).

Жинхэнэ шүтлэгт дуу хөгжим чухал үүрэгтэй

3, 4. Давидын үед жинхэнэ шүтлэгт дуу хөгжим оруулсан ямар арга хэмжээ авсан бэ?

3 Давид тун ч авьяас чадвартай, түүнийгээ хамгийн сайн зүйлд буюу Еховаг алдаршуулахад зориулдаг хүн байв. Тэрбээр Израилийн хаан болсныхоо дараа асрын үйлчлэлд сайхан дуу хөгжим оруулжээ. Асарт үйлчилдэг левичүүдийн аравны нэгээс илүү нь буюу 4 000 хүн «магтаалыг өргөхөөр» томилогдсоны дотор 288 нь Еховад «дуулахаар бэлтгэгдсэн» хүмүүс байсан (Ш.дээд 23:3, 5; 25:7).

4 Давид өөрөө олон дуу зохиож, түүнийг нь левичүүд дуулж хөгжимддөг байв. Левичүүдийн тийнхүү дуулахыг сонссон ямар ч израиль хүний сэтгэл ихэд хөдөлдөг байсан биз ээ. Хожим нь гэрээний авдрыг Иерусалимд авчрахад «баяр баяслын дууг өргөхөөр босоо ятга, ятга, цан хөгжмүүдтэй хамт дуулах дуучдаар хамаатнуудаас нь томилох тухай Давид левичүүдийн захирагчидтай» ярилцжээ (Ш.дээд 15:16).

5, 6. а) Давидыг төр барьж байх үед дуу хөгжмийг тэгж их анхаардаг байсны учир юу вэ? б) Эртний Израильд дуу хөгжим шүтлэгт чухал байр эзэлдэг байсныг хаанаас мэдэж болох вэ?

5 Давидын үед дуу хөгжмийг тэгж их анхаардаг байсны учир юу вэ? Хаан нь чадварлаг хөгжимчин байсан болохоор тэр үү? Үгүй ээ, өөр шалтгаан бий. Олон зууны дараа зөвт хаан Хезекиа сүмийн үйлчлэлийг сэргээхдээ тэрхүү шалтгааныг илчилжээ. Шастирын дэд 29:25-д: «Тэгээд Давид, мөн хааны үзмэрч Гад болон эш үзүүлэгч Натаны тушаалын дагуу тэрээр [буюу Хезекиа] ЭЗЭНий өргөөнд левичүүдийг хэнгэрэг, босоо ятга, ятга хөгжимтэйгээр зогсоов. Учир нь ЭЗЭН эш үзүүлэгчдээр дамжуулан ийнхүү тушаасан ажээ» гэж бичсэн байдаг.

6 Өөрийг нь дуугаар магтан алдаршуулах зааврыг Ехова зөнчдөөрөө дамжуулан үйлчлэгчдэдээ өгчээ. Леви овгийн тэдгээр дуучдыг тахилчийн хийх ёстой ажлаас ч чөлөөлсөн ажээ. Тийм учраас, тэд дуу хөгжим зохиож найруулах, бэлтгэл сургуулилт хийхэд хангалттай цаг зарцуулж чаддаг байв (Ш.дээд 9:33).

7, 8. Хаанчлалын дуу дуулахад авьяасаас илүү чухал нь юу вэ?

7 Магадгүй та: «Намайг дуул гэсэн бол би хурлын майхны дэргэд тоглохоор „бэлтгэгдсэн“ тэр хүмүүсийн тоонд багтаж чадахгүй байсан!» гэж хэлэх байх. Гэхдээ леви дуучид бүгдээрээ бэлтгэгдсэн хүмүүс байгаагүй. Шастирын дээд 25:8-ыг үзвэл, «сурагчид» ч бас байсан. Өөр нэг анхаарах зүйл гэвэл, Израилийн бусад овгийн дунд илүү чадварлаг дуучид, хөгжимчид байсан ч Ехова дуу хөгжим хариуцуулахаар левичүүдийг томилжээ. Бэлтгэгдсэн ч бай, сурагч ч бай, үнэнч левичүүд бүгдээрээ үүргээ биелүүлэхийн тулд бүхий л зүрх сэтгэлээсээ ханддаг байсан нь ойлгомжтой!

8 Давид дуу хөгжимд дуртай, авьяас чадвартай хүн байсан. Гэвч дан ганц авьяасыг Бурхан чухал гэж үздэг үү? Колоссай 3:23-т Паул: «Та нар юу ч хийсэн, хүмүүсийн төлөө бус, Эзэний төлөө мэт чин сэтгэлээсээ хийгтүн» гэж бичжээ. Тэгэхлээр, Еховаг магтан «чин сэтгэлээсээ» дуулах нь чухал ажээ.

Давидаас хойших үеийн дуу хөгжмийн үүрэг

9. Та Соломон хааны үед сүмийг нээх ёслолд оролцсон бол юу үзэж, сонсох байсан бэ?

9 Соломон хааны үед дуу хөгжим цэвэр шүтлэгт чухал үүрэгтэй байсан. Сүмийг нээх ёслолын үеэр 120 бүрээтэй гуулин хөгжмийн хэсэг бүхий бүрэн хэмжээний найрал хөгжим тоглож байжээ (Шастирын дэд 5:12-ыг уншина уу). «[Бүгдээрээ тахилч байсан] бүрээчид болон дуучид нэгэн дуугаар ЭЗЭНийг магтан алдаршуулахаар дуулж байгаагаа сонсгож, ... „Түүний хайр энэрэл үүрдийнх учир Тэр үнэхээр сайн“ хэмээн дуул[сан]» тухай Библид бичжээ. Тэднийг тийнхүү баяр хөөртэйгөөр дуулж байх зуур «өргөө үүлээр дүүрсэн» нь Ехова сайшаан хүлээн авсны шинж байсан. Бүх бүрээн дуу, нэг хүн шиг дуулах олон мянган дуучдын дуутай хоршин сонстоход хэчнээн сүрдэм, хэчнээн сэтгэл хөдлөм байсан бол оо! (Ш.дэд 5:13).

10, 11. Эртний христианууд Бурхныг шүтэхдээ дуу дуулдаг байсан нь юунаас харагддаг вэ?

10 Эртний христианууд ч бас Ехова Бурхнаа шүтэхдээ дуу дуулдаг байжээ. Нэгдүгээр зууны христианууд асар юм уу сүмд бус, харин айлд цугладаг байв. Хавчлага болон өөр янз бүрийн шалтгаанаас болж цуглаан явуулахад таатай газар барагтай бол олддоггүй байсан хэдий ч тэд Бурхнаа магтан дуулдаг байжээ.

11 Элч Паул Колоссайн итгэл нэгтнүүддээ: «Бурханд хандаж ... сүнслэг дуу, магтуу, дууллууд[аар] ... та нар ... бие биеэ сэнхрүүл» хэмээн уриалжээ (Кол. 3:16). Паул Силас хоёр шоронд орчихоод байхдаа «Бурханд залбирч», дууны номгүй хэр нь «магтаалын магтууг дуулж» байсан (Үйлс 16:25). Хэрэв та шоронд орвол Хаанчлалын хэдэн дууг цээжээр дуулж чадах вэ?

12. Хаанчлалын дууг зөв үнэлдгээ хэрхэн харуулж болох вэ?

12 Дуу хөгжим шүтлэгийн маань салшгүй нэг хэсэг учир бид өөрсдөөсөө дараах асуултыг асуух хэрэгтэй. «Би дуу хөгжмийг зөв үнэлдэг үү? Цуглаан, чуулганд цагтаа амжиж очоод эхний дууг ах дүүстэйгээ хамт дуулах гэж хичээдэг үү? Дуугаа чин сэтгэлээсээ дуулдаг уу? Теократ үйлчлэлийн сургууль, Үйлчлэх цуглааны хооронд, эсвэл Нийтийн илтгэл, «Харуулын цамхаг» судлалын цуглааны хооронд дуу дуулах нь чилээгээ гарган, дэмий сэлгүүцэх завсарлагаа биш гэдгийг хүүхдүүддээ сануулдаг уу? Дуу бол шүтлэгийн маань салшгүй хэсэг юм. Бид «бэлтгэгдсэн» ч бай, «сурагчид» ч бай, бүгдээрээ дуу хоолойгоо нэгтгэн Еховаг алдаршуулж чадна, алдаршуулах ч ёстой (2 Коринт 8:12-той харьцуулна уу).

Цагийн аясаар хэрэгцээ шаардлага өөрчлөгдсөн нь

13, 14. Цуглаан дээр чин сэтгэлээсээ дуулах нь хэр зэрэг чухал бэ? Жишээ хэлнэ үү.

13 100 гаруй жилийн өмнө «Сионы Харуулын цамхаг»-т Хаанчлалын дуу дуулах нь яагаад тийм чухал байдгийн нэг шалтгааныг тайлбарлажээ. Тэнд: «Үнэний тухай дуулах нь Бурхны ард түмний оюун ухаан, зүрх сэтгэлд үнэнийг хоногшуулах сайн арга юм» гэж бичжээ. Хаанчлалын дууны үг Библид үндэслэсэн байдаг тул цөөхөн ч болов дууны үгийг цээжлэх нь үнэнийг зүрх сэтгэлдээ шингээх сайн арга болно. Цуглаанд анх удаа ирсэн хүн бидний чин сэтгэлээсээ дуулахыг сонсоод сэтгэл нь их хөдлөх нь олонтаа.

14 1869 оны нэгэн орой Ч. Т. Рассел ажлаа тараад гэртээ харих замдаа байрны доод хонгилоос хүмүүсийн дуулахыг сонсжээ. Тэр үед Рассел Бурхны тухай үнэнийг олох итгэл найдвараа алдсан байлаа. Тийм учраас, хүмүүст сүнслэг тусламж үзүүлж чадахгүй ч ядахдаа эд материалаар тусалъя гэж бодоод өөрийгөө бизнест зориулж, мөнгө олохоор шийдсэн ажээ. Тэрбээр шороо тоостой, гэрэл муутай тэр хонгил руу орж, шашны цуглаан болж байгааг хараад, сонсохоор суужээ. Тэр үдэш сонссон зүйл нь «Библи бол Бурхны бичүүлсэн ном гэдэгт эргэлзэж эхэлсэн [түүний] хувьд Бурхны тусламжтайгаар итгэлээ дахин сэргээхэд хангалттай тусалсан» тухай хожим нь бичжээ. Расселыг цуглаан руу анх хөтөлж оруулсан зүйл нь дуу байсныг анхаарууштай.

15. Дууны номыг шинэчлэх хэрэгтэй болсны учир юу вэ?

15 Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр Библийн сургаалын талаарх бидний ойлголт өөрчлөгдсөн. Сургаалт үгс 4:18-д: «Шударга зөв хүмүүсийн жим болбоос үүрийн гэгээ мэт агаад, тэр нь өдрийг авчрах хүртэл улам тод гэрэлтсээр байх болно» хэмээжээ. Гэрэл улам тодорсон учир бид «үнэний тухай дуулах» дуундаа өөрчлөлт оруулахад хүрсэн. Өнгөрсөн 25 жилийн турш олон орны Еховагийн Гэрчүүд «Еховад магтуу дуулагтун» * гэдэг дууны ном хэрэглэсэн. Энэхүү номыг анх гаргасан цагаас хойш зарим сэдэв гэрэлд улам бүр тодорч, улмаар дууны номд оруулсан зарим үг хэллэгийг хэрэглэхээ больсон. Жишээлбэл, «шинэ нийгэм» гэхийн оронд «шинэ ертөнц» гэж хэлдэг болсон. Бас Еховагийн нэрийг «зөвтгөх» гэхгүй, «ариусгах» гэх болсон. Сургаалынх нь талаас авч үзээд дууны номоо шинэчлэх шаардлага гарсан юм.

16. Ефес 5:19-д бичсэн Паулын зөвлөгөөг дагахад шинэ дууны ном хэрхэн туслах вэ?

16 Энэ болон бусад шалтгааны улмаас Удирдах зөвлөл «Еховад дуу дуулъя» * гэдэг нэртэй шинэ дууны ном гаргахаар болсон. Шинэ номд орсон дууны тоог 135 болгож цөөлсөн. Цөөн дуутай болсон учраас бүгдийг нь биш гэхэд, зарим нэг дууны үгийг цээжилж болно шүү дээ. Энэ нь Ефес 5:19-д бичсэн Паулын зөвлөгөөтэй тохирох юм (Уншина уу).

Өндөр үнэлэгтүн

17. Цуглаан дээр дуу дуулахаасаа ичдэг бол юуны тухай бодох хэрэгтэй вэ?

17 Ичдэгээсээ болоод цуглаан дээр дуулахгүй байж болох уу? Жишээ нь, үг ярианы тухайд «бид бүгд олон юман дээр бүдэрдэг» биз дээ? (Иак. 3:2). Гэхдээ буруу зөрүү ярьчихдаг гээд айлуудаар явж Еховаг магтан алдаршуулахаа больдоггүй. Тэгвэл сайн дуулж чаддаггүй гээд Бурхныг дуугаар магтахгүй байх гэж үү? «Хүний амыг бүтээсэн» Ехова өөрийг нь магтан дуулахыг сонсоод ихэд таашаадаг (Ег. 4:11).

18. Дууны үгийг хэрхэн цээжилж болох вэ?

18 «Еховад дуу дуулъя. Найрал дуу» гэдэг нэртэй CD олон хэлээр гарсан байгаа. Шинэ дууг найрал дуучид найрал хөгжимтэй дуулснаараа онцлогтой. Хөгжмийн найруулга нь сонсоход таатай. Хэрэв таны ойлгодог хэлээр байгаа бол байнга сонсоорой. Тэгвэл цөөхөн ч атугай дууны үгийг цээжилж чадна. Ихэнх дууны үгийн эхний мөрийг дуулахад дараагийн мөрд ямар үг байгааг төсөөлж болохоор зохиосон. Тийм учраас, уг CD-г сонсонгоо найрал дуучдыг дагаж дуулахыг хичээгээрэй. Гэртээ байхдаа дууныхаа үг, аяыг сайн мэддэг болчихвол Хаанчлалын танхимд илүү итгэлтэй дуулах нь эргэлзээгүй.

19. Хаанчлалын дууны найрал хөгжмийн бэлтгэл ажилд юу юу ордог вэ?

19 Тусгай, дүүргийн, мужийн чуулганаар эгшиглэдэг хөгжмийг өндөр үнэлэх хэрэгтэй. Учир нь үүнийг бэлтгэхэд их ажил ордог. Аяыг сонгосны дараа Харуулын цамхаг нийгэмлэгийн найрал хөгжмийн 64 гишүүнээр тоглуулахын тулд хөгжмийг сайтар зохион найруулдаг. Хөгжимчин ах дүү нар маань олон цагаар сургуулилт хийж, дараа нь Нью-йоркийн Паттерсоны студид бичүүлдэг. Хөгжимчдийн арав нь бусад орноос ирж тоглодог. Тэд Хаанчлалын үйл хэргийн төлөө сайхан хөгжим тоглохыг нэр төрийн хэрэг гэж үздэг. Хайрынх нь илрэл болсон хүчин чармайлтыг үнэлдгээ харуулах арга бий. Чуулганы хөтлөгчийн зааврыг дагаж, суудлаа хурдхан эзлээд, хөгжимчин ах дүү нарынхаа хайраа шингээн байж тоглосон хөгжмийг сонсож байцгаая.

20. Та яахаар шийдсэн бэ?

20 Ехова өөрийг нь магтан дуулахад анхааран сонсдог. Учир нь тэрбээр дууг чухал гэж үздэг. Бид Бурхныг шүтэхээр цугларах бүрдээ чин сэтгэлээсээ дуулан түүнийг баярлуулж болно. Бэлтгэгдсэн ч бай, сурагч ч бай «ЭЗЭНд дуу» дуулцгаая! (Дуу. 104:33).

[Зүүлт]

^ Сонирхолтой нь Давидыг нас барснаас хойш арван зууны дараа олон тэнгэр элч Бетлехемийн ойролцоо сүргээ хариулж явсан хоньчдод Мессиагийн мэндэлснийг мэдэгддэг (Лук 2:4, 8, 13, 14).

^ 225 дууны түүвэр 100 гаруй хэлээр гарсан байсан.

^ Монгол хэлээр байхгүй.

Та юу гэж бодож байна вэ?

• Дуу хөгжим шүтлэгт чухал үүрэгтэйг эрт үеийн ямар жишээ харуулдаг вэ?

Матай 22:37-д бичсэн Есүсийн тушаалыг биелүүлэх, Хаанчлалын дууг чин сэтгэлээсээ дуулах хоёр ямар холбоотой вэ?

• Хаанчлалын дууг зөв үнэлдгээ ямар ямар аргаар харуулах вэ?

[Догол мөрийн асуулт]

[23-р хуудасны зураг]

Дууны үеэр дэмий сэлгүүцэхгүй байхыг та хүүхдүүддээ сануулдаг уу?

[24-р хуудасны зураг]

Та шинэ дууны үгийг гэртээ цээжлэхийг хичээдэг үү?