Skip to content

Гарчиг руу орох

Бурхны алдрын төлөө шийдвэр гаргагтун

Бурхны алдрын төлөө шийдвэр гаргагтун

Бурхны алдрын төлөө шийдвэр гаргагтун

«Хэрсүү хүн өөрийн алхмууддаа хянамгай ханддаг» (СУР. 14:15).

1, 2. а) Аливаа шийдвэр гаргахдаа гол нь юуг анхаарах ёстой вэ? б) Ямар ямар асуултыг авч үзэх вэ?

 ХҮМҮҮС бид өдөр бүр өдий төдий шийдвэр гаргадаг. Ихэнх нь ялихгүй юм байхад, зарим нь амьдралд чухал ач холбогдолтой байдаг. Бид том, жижиг ямар ч шийдвэр гаргасан, юуны түрүүнд Бурхныг алдаршуулахыг хүсдэг (1 Коринт 10:31-ийг уншина уу).

2 Шийдвэр гаргах нь танд амархан уу, хэцүү юү? Төлөвшсөн христиан болъё гэвэл эхлээд сайн мууг ялгаж сурах ёстой. Тэгээд бусдын итгэл үнэмшилд бус, өөрийн итгэл үнэмшилд үндэслэн шийдвэр гаргах хэрэгтэй (Ром 12:1, 2; Евр. 5:14). Зөв шийдвэр гаргаж сурах ямар ямар хүндтэй шалтгаан байдаг вэ? Зарим үед шийдвэр гаргахад амаргүй байдгийн учир юу вэ? Бурхны алдрын төлөө шийдвэр гаргаж байхын тулд ямар ямар алхам хийж болох вэ?

Шийдвэр гаргах хэрэгтэйн учир

3. Хүн юунаас болоод буруу шийдвэр гаргаж болзошгүй вэ?

3 Библийн зарчим хөндөгдсөн асуудлыг шийдэж ядаад байвал сургуулийн хүүхдүүд, ажлын хамт олон маань биднийг итгэл үнэмшилдээ тууштай биш, гэнэдүүлэхэд амархан юм байна гэж дүгнэнэ. Тэд худал хэлж, хууран мэхэлж, хулгай хийчихээд, дараа нь биднийг ятгаж «олныг даг[уулах]» гэдэг. Өөрөөр хэлбэл, хэргийнхээ хамсаатан болгохыг, үгүй ядаж хийсэн хэргээ илчлүүлэхгүй байхыг оролддог (Ег. 23:2). Харин Бурхны алдрын төлөө шийдвэр гаргахыг мэддэг хүн айх юм уу, эсвэл бусдын сэтгэлд нийцүүлэх гэсэндээ Библиэр сургагдсан мөс чанартайгаа зөрчилдсөн юм хийхгүй (Ром 13:5).

4. Зарим хүн яагаад таны өмнөөс шийдвэр гаргах гээд байдаг вэ?

4 Таны өмнөөс шийдвэр гаргах гээд байдаг хүмүүс бүгд муу санаатай биш ээ. Найз нөхөд тань сайн санасандаа зөвлөгөөг нь дагахыг шаардаж болох юм. Тусдаа амьдардаг болсон байлаа ч эцэг эх, ах дүүс тань урьдын адил санаа тавьж, чухал шийдвэр гаргахад хөндлөнгөөс оролцож магадгүй. Жишээ болгон эмчилгээ хийлгэх тухай авч үзье. Цусыг зүй бусаар хэрэглэхийг Библид эрс буруушаан бичсэн байдаг (Үйлс 15:28, 29). Гэхдээ эрүүл мэндийн талаарх бусад асуудлыг тодорхой бичээгүй учраас ямар эмчилгээ хийлгэх, ямраас нь татгалзахаа хүн бүр өөрөө шийдэх хэрэгтэй болдог. a Ойр дотныхон тань иймэрхүү асуудалд хатуу байр суурь баримталдаг байж болох юм. Харин Бурханд өөрийгөө зориулж, баптисм хүртсэн христиан бүр өөрөө шийдвэр гарган, ачаагаа үүрэх учиртай (Гал. 6:4, 5). Бид хүний таалалд нийцүүлэхийг бус, харин Бурхны нүдэнд цэвэр мөс чанартай байхыг голчлон анхаардаг (1 Тим. 1:5).

5. «Итгэлийн хувьд сүйрсэн хөлөг онгоц мэт» болохгүйн тулд яах хэрэгтэй вэ?

5 Шийдэмгий бус байвал ноцтой аюул учирна. Шавь Иаков ийм хүнийг «бүх үйлдээ тогтворгүй» гэж бичжээ (Иак. 1:8). Залуургүй завь далайн шуурганд шидэгдэхийн адил шийдвэр гаргахдаа эргэлзэж тээнэгэлздэг хүн бусдын нөлөөнд автаж, найдваргүй, өөрчлөгдөмтгий үзэл бодлыг нь дагадаг. Ийм хүн «итгэлийн хувьд сүйрсэн хөлөг онгоц мэт болохдоо» амархан бөгөөд хүнд байдалд орсныгоо бусдын буруугаас боллоо гэж үздэг (1 Тим. 1:19). Яавал ийм байдалд орохгүй байх вэ? Бид «итгэл дотроо баталгаажих» ёстой (Колоссай 2:6, 7-г уншина уу). Итгэл дотроо баталгаажихын тулд Бурхны сүнсээр удирдуулан бичсэн Үгэнд итгэдгээ харуулсан шийдвэр гаргаж сурах шаардлагатай (2 Тим. 3:14–17). Гэхдээ шийдвэр гаргаж сурахад саад тулгардаг. Тэр нь юу вэ?

Шийдвэр гаргахад хэцүү байдгийн учир

6. Айдас ямар аюултай вэ?

6 Буруу шийдвэр гаргах, алдаж эндэх, муу хэлүүлэх зэргээс айсандаа юу ч шийдэж чадахгүй үе гарч болох юм. Айж болгоомжлох нь гайхах хэрэг биш. Хэн ч буруу шийдвэр гаргасныхаа гашуун үр дагаврыг амсаж, ичгэвтэр байдалд орохыг хүсдэггүй. Гэлээ ч Бурхныг хайрлаж, Үгийг нь эрхэмлэн үздэг бол айдсаа ялж чадна. Харин яаж ялах вэ? Бурхныг хайрладаг хүн чухал шийдвэр гаргахаасаа өмнө Библи болон Библид үндэслэсэн ном хэвлэлээс удирдамж заавар авдаг. Тиймд алдаа гаргах нь бага байдаг. Учир нь Библи «гэнэн нэгэнд хэрсүү байдлыг, идэр нэгэнд бодлоготой үйлдэл ба мэдлэгийг өгөх» чадвартай (Сур. 1:4).

7. Давид хаанаас юу сурч болох вэ?

7 Хүний гаргасан шийдвэр дандаа зөв байдаг уу? Үгүй. Алддаггүй хүн гэж байдаггүй (Ром 3:23). Жишээ нь, Давид хаан мэргэн ухаантай, үнэнч байсан хэр нь өөртөө ч, өрөөлд ч гай тарьсан ухаалаг бус шийдвэр гаргаж байжээ (2 Сам. 12:9–12). Тэглээ ч Бурханд таалагдах шийдвэр гаргахаа болиогүй (Х.дээд 15:4, 5). Хэрэв бид Давидын адилаар, Ехова алдаа дутагдлыг маань үл хэрэгсэн, гэм нүглийг маань уучилна гэдгийг санавал, өмнө нь алдаж эндсэн ч шийдэмгий байж чадна. Ехова өөрийг нь хайрлаж, дуулгавартай дагадаг хүнийг үргэлж дэмжинэ (Дуу. 51:1–4, 7–10).

8. Гэрлэлтийн тухайд хэлсэн элч Паулын үгнээс юу ойлгож болох вэ?

8 Шийдвэр гаргахаас аль болохоор айж эмээхгүй байхад юу тус болох вэ? Сонгох зөв зам зарим үед хэд хэд байдгийг ойлгох хэрэгтэй. Элч Паул гэрлэлтийн тухайд юу гэж зөвлөснийг авч үзье. Тэрбээр: «Гэрлээгүй болон бэлэвсэн хүмүүст хандаж, хэрэв тэд над шиг байгаа хэвээрээ байвал тэдэнд сайн гэж би хэлдэг. Гэвч хэрэв тэд биеэ захирч чадахгүй бол гэрлэг. Учир нь шатаж байснаас гэрлэх нь илүү дээр» гэж ариун сүнсээр удирдуулан бичжээ (1 Кор. 7:8, 9). Паул ганц бие байхыг хамгийн сайн гэж зөвлөсөн. Гэхдээ энэ нь цорын ганц зөв сонголт биш байв.

9. Гаргах шийдвэр маань бусдад ямар санагдах бол гэж санаа зовох нь зөв үү? Тайлбарлана уу.

9 Гаргах шийдвэр маань бусдад ямар санагдах бол гэж санаа зовох нь зөв үү? Тодорхой хэмжээгээр зөв. Шүтээнд өргөсөн байж болзошгүй хоол хүнс хэрэглэх тухай Паул юу гэж хэлснийг анхааръя. Шийдвэр нь буруу биш байлаа ч мөс чанараа сайн сургаагүй нэгэндээ гай болж болохыг тэрбээр хүлээн зөвшөөрчээ. Паул юу гэж шийдсэн бэ? Тэрбээр: «Хэрэв идэх юм миний ах дүүг бүдрүүлэх шалтаг болбол ах дүүгээ бүдрүүлэхгүйн тулд би хэзээ ч дахин мах идэхгүй» гэж бичжээ (1 Кор. 8:4–13). Гаргах шийдвэр маань бусдын мөс чанарт яаж нөлөөлөхийг бид ч бас бодож үзэх хэрэгтэй. Гэхдээ хамгийн гол нь Еховатай тогтоосон харьцаагаа анхаарах нь чухал (Ром 14:1–4-ийг уншина уу). Бурхны алдрын төлөө шийдвэр гаргахад Библийн ямар ямар зарчим тус болох вэ?

Зөв шийдвэр гаргах зургаан алхам

10, 11. а) Гэр бүлийн гишүүд бардам байхаас хэрхэн болгоомжлох вэ? б) Ахлагчид хуралд хамаатай шийдвэр гаргахдаа юу санах хэрэгтэй вэ?

10 Бардам байхаас болгоомжлоорой. Шийдвэр гаргахаасаа өмнө: «Би шийдэх эрхтэй юү?» гэж өөрөөсөө асуух хэрэгтэй. Соломон хаан: «Бардам зан нэр хугална. Даруу зан болбоос мэргэн ухаан» хэмээн бичжээ (Сур. 11:2).

11 Эцэг эх тодорхой нэг шийдвэр гаргахыг хүүхдэдээ зөвшөөрч болно. Гэхдээ хүүхэд бүх зүйлийг өөрөө шийдэх эрхгүй (Кол. 3:20). Эр нөхөр, үр хүүхэдтэй эмэгтэйчүүд гэр бүлд зохих хэмжээний эрх мэдэлтэй ч нөхрөө тэргүүн гэж хүлээн зөвшөөрөх нь сайн (Сур. 1:8; 31:10–18; Еф. 5:23). Нөхрүүд ч бас эрх мэдлийнхээ хязгаартайг, мөн Христэд захирагдах ёстойгоо ойлгох хэрэгтэй (1 Кор. 11:3). Ахлагчид хуралд хамаатай шийдвэр гаргадаг. Гэхдээ «бичигдсэнээс хэтрэхгүй байхыг» хичээдэг (1 Кор. 4:6). Мөн итгэмжит боолын өгсөн зааврыг чанд баримталдаг (Мат. 24:45–47). Хэрэв бид даруу байж, оногдсон эрхийнхээ дагуу шийдвэр гаргадаг бол өөрөө ч зовохгүй, бусдыг ч зовоохгүй.

12. а) Судалж нягтлах хэрэгтэйн учир юу вэ? б) Хэрхэн судлах вэ?

12 Судалж нягтлаарай. «Хичээл зүтгэлтэй хүний төлөвлөгөөнүүд үнэхээр ашиг тусаа өгнө. Харин адгуу хүн үнэхээр ядууралд хүрнэ» гэж Соломон бичжээ (Сур. 21:5). Жишээ нь танд ажил хэргийн санал тавилаа гэхэд яах вэ? Ийм асуудлыг шийдэхдээ сэтгэлийн хөөрөлд бүү автаарай. Холбогдох бүх баримтыг цуглуулж, энэ талаар сайн мэддэг хүнээс зөвлөгөө аваарай. Мөн Библийн ямар зарчимтай холбоотойг олж тогтоох хэрэгтэй (Сур. 20:18). Судалсан зүйлийнхээ сайн, муу талыг жагсааж бичээрэй. Шийдвэр гаргахаасаа өмнө «зардлыг нь тооцоолоорой» (Лук 14:28). Гаргах шийдвэр тань хөрөнгө мөнгө төдийгүй Еховатай тогтоосон харьцаанд яаж нөлөөлөхийг бодож үзээрэй. Судалж нягтлахад цаг зарцуулж, хүчин чармайлт гаргах хэрэгтэй. Ингэж байж л яаран шийдэхийн горыг амсахгүй.

13. а) Иаков 1:5-д юуг батлан хэлдэг вэ? б) Мэргэн ухаан гуйж залбирах нь ямар ач тустай вэ?

13 Мэргэн ухаан гуйж залбираарай. Бурхнаас удирдлага гуйсан цагт л түүний алдрын төлөө шийдвэр гаргаж чадна. Шавь Иаков: «Харин та нарын хэн нэгэн нь мэргэн ухаанаар дутвал, бүх хүнд өгөөмрөөр, буруушаалгүй өгөгч Бурханаас гуйг. Тэгээд түүнд өгөгдөх болно» хэмээн бичжээ (Иак. 1:5). Тиймд шийдвэр гаргахдаа Бурхнаас мэргэн ухаан гуйхаас зовох хэрэггүй (Сур. 3:5, 6). Тэгээд ч зөвхөн өөрийн бодолд найдвал замаасаа хазайхад амархан. Бурхнаас мэргэн ухаан гуйн залбирч, тухайн асуудалд хамаатай зарчмуудыг Библиэс хайвал, үнэн хэрэгтээ юу хүсээд байгаагаа ариун сүнсний хүчээр ойлгоно (Евр. 4:12; Иаков 1:22–25-ыг уншина уу).

14. Шийдвэр гаргахгүй удах нь яагаад сайн биш вэ?

14 Шийдвэр гаргаарай. Судалгаа хийж, мэргэн ухаан гуйж залбирахаасаа өмнө энэ алхмыг хийх гэж бүү яараарай. Хэрсүү хүн «алхмууддаа хянамгай хандах»-ын тулд цаг зав гаргадаг (Сур. 14:15). Нөгөөтэйгүүр, шийдвэр гаргахгүй удах нь сайн биш. Тийм хүн шийдэмгий алхам хийгээгүйгээ хаацайлж, ямар ч утгагүй шалтаг тоочдог (Сур. 22:13). Гэвч үнэн хэрэгтээ шийдвэр гаргасан гэсэн үг. Өөрөөр хэлбэл, бусдад толгойгоо мэдүүлсэн хэрэг.

15, 16. Шийдвэрээ хэрэгжүүлэхийн тулд яах хэрэгтэй вэ?

15 Гаргасан шийдвэрээ хэрэгжүүлээрэй. Зөв шийдвэр гаргахын тулд хэчнээн их хүчин чармайлт гаргасан ч түүнийгээ ажил хэрэг болгохгүй бол бүх зүйл талаар болно. Соломон: «Гар чинь юуг хийхээр тэмүүлнэ, түүнийг бүхий л чадлаараа хийгтүн» гэж бичжээ (Ном. 9:10). Амжилт олохын тулд шийдвэрээ хэрэгжүүлэхэд юу шаардлагатай байна, тэр бүхнийг золиослоход бэлэн байх хэрэгтэй. Жишээ нь нэг дэлгэрүүлэгч эхлэгч болохоор шийдлээ гэж бодъё. Энэ зорилгоо биелүүлж чадах болов уу? Хэтэрхий их ажиллах юм уу, дандаа амарч зугаацах зэргээр цагаа үрж, хүчээ барахгүй бол чадна.

16 Зөв шийдвэрийг ажил хэрэг болгох тэр бүр амаргүй. Учир нь «бүх ертөнц нь муу нэгний дотор байдаг» (1 Иох. 5:19). Бид «энэхүү харанхуй ертөнцийн хүчнүүд, тэнгэр дэх бузар муугийн сүнслэг хүчний эсрэг» тэмцэл явуулах шаардлагатай (Еф. 6:12). Бурхны алдрын төлөө шийдвэр гаргахыг хүсдэг хүн тэмцэх учиртайг элч Паул, шавь Иаков хоёр хэлжээ (1 Тим. 6:12; Иуда 3).

17. Гаргасан шийдвэртээ хэрхэн хандаасай гэж Ехова хүсдэг вэ?

17 Гаргасан шийдвэрээ эргэн харж, шаардлагатай бол өөрчлөөрэй. Бид ирээдүйд юу болохыг мэдэхгүй учраас гаргасан шийдвэрээ төлөвлөсөн ёсоороо хэрэгжүүлж чадахгүй үе бий (Иак. 4:13, 14). Гэхдээ сорилт тулгарсан ч бэрхшээхгүй байж, зарим шийдвэрийнхээ төлөө бат зогсохыг Ехова биднээс хүсдэг. Жишээ нь, гэрлэлтийн тангараг өргөсөн юм уу, Еховад өөрийгөө зориулсан бол үүнийг өөрчлөх аргагүй. Учир нь, энэ л шийдвэрийнхээ дагуу амьдрахыг Ехова биднээс хүсэн хүлээдэг (Дуулал 15:1, 2, 4-ийг уншина уу). Гэхдээ ихэнх шийдвэр дээрхтэй адилгүй. Хэрсүү хүн гаргасан шийдвэрээ үе үе эргэн хардаг. Тийм хүн шийдвэрээ өөрчлөхгүй гэж зөрүүдлэх юм уу бардам зан гаргадаггүй (Сур. 16:18). Шийдвэрээ өөрчиллөө ч, хамгийн гол нь, Бурхны алдрын төлөө байгаа эсэхийг анхаардаг.

Бурхны алдрын төлөө шийдвэр гаргаж сурахад нь бусдад туслагтун

18. Хүүхдээр зөв шийдвэр гаргуулж сургахын тулд эцэг эхчүүд яах хэрэгтэй вэ?

18 Хүүхдээ Бурхны алдрын төлөө шийдвэр гаргаж сургахын тулд эцэг эхчүүд их юм хийж болно. Үлгэр дууриал үзүүлэх нь нэг сайн арга юм (Лук 6:40). Тохиромжтой гэж үзвэл, эцэг эхчүүд ямар нэг асуудлыг хэрхэн шийдэж байсан тухайгаа хүүхдүүддээ ярьж өгч болно. Бас өөрсдөөр нь шийдвэр гаргуулаад, үр дүнд хүрсэн бол магтах хэрэгтэй. Харин буруу шийдвэр гаргасан бол яах вэ? Эцэг эхчүүд хүүхдүүдээ муу үр дагавраас хамгаалж хаацайлахыг юуны түрүүнд боддог. Гэвч ингэлээ гээд хүүхдэд дандаа сайн юм болохгүй байж мэднэ. Жишээ нь, эцэг эх нь хүүхдэдээ жолооны үнэмлэхтэй болохыг нь зөвшөөрчээ. Гэтэл хүүхэд нь замын хөдөлгөөний дүрэм зөрчөөд торгуулах болж гэнэ. Эцэг эх нь өмнөөс нь төлж болно л доо. Гэхдээ хүүхэд өөрөө торгуулиа төлөх гэж ажил хийвэл, хариуцлагаа ухамсарлаж сурна (Ром 13:4).

19. Суралцагчдаа заах ёстой нэг чухал зүйл юу вэ? Хэрхэн заах вэ?

19 Хүмүүст олон чухал зүйл заахыг Есүс шавь нартаа тушаасан (Мат. 28:20). Тэдгээрийн нэг нь зөв шийдвэрийг яаж гаргах тухай юм. Суралцагчаа сайн сургая гэвэл чухам яах ёстойг нь шууд хэлж өгөхөөс зайлсхийх хэрэгтэй. Харин Библийн зарчмыг эргэцүүлэн бодуулж, өөрөөр нь шийдвэр гаргуулж сургах нь чухал. Тэгээд ч «бидний хүн бүр өөрийнхөө тайланг Бурханд өгөх» ёстой (Ром 14:12). Ийм хүндтэй шалтгаан байгааг санан, Бурхны алдрын төлөө шийдвэр гаргаж явцгаая.

[Зүүлт]

a Энэ тухай нэмэлт мэдээллийг 2006 оны 11-р сарын «Христиан үйлчлэл»-ийн 3–6-р хуудсанд нийтэлсэн «Цусны жижиг хэсгийг хэрэглэх болон өөрийнхөө цусаар эмчилгээ хийлгэх тухайд ямар шийдвэр гаргах нь зүйтэй вэ?» гэсэн гарчигтай хавсралтаас үзнэ үү.

Хариулна уу

• Шийдвэр гаргаж сурах хэрэгтэйн учир юу вэ?

• Айдас ямар аюултай вэ? Айдсаа ялахын тулд яах хэрэгтэй вэ?

• Бурхны алдрын төлөө шийдвэр гаргадаг байхын тулд ямар зургаан алхам хийж болох вэ?

[Догол мөрийн асуулт]

[16-р хуудасны хавсралт/зураг]

Зөв шийдвэр гаргах алхмууд

1 Бардам байхаас болгоомжлоорой

2 Судалж нягтлаарай

3 Мэргэн ухаан гуйж залбираарай

4 Шийдвэр гаргаарай

5 Гаргасан шийдвэрээ хэрэгжүүлээрэй

6 Шийдвэрээ эргэн харж, өөрчлөөрэй

[15-р хуудасны зураг]

Шийдэмгий бус хүн далайн шуурганд шидэгдэх залуургүй завьтай адилхан