Skip to content

Гарчиг руу орох

«Сүнсний үр жимс» хөгжүүлбэл Бурхнаа алдаршуулна

«Сүнсний үр жимс» хөгжүүлбэл Бурхнаа алдаршуулна

«Сүнсний үр жимс» хөгжүүлбэл Бурхнаа алдаршуулна

«Та нарын их жимс ургуулснаар Эцэг минь алдаршуулагдана» (ИОХ. 15:8).

1, 2. а) Бусдад урам хайрлах ямар боломж гардаг вэ? б) Еховагийн өгдөг ямар бэлэг биднийг илүү чадварлаг үйлчлэгч болгодог вэ?

 ДАРААХ жишээг бодоод үз дээ. Нэг Гэрч эмэгтэй, Гэрч бүсгүйн санаа зовсон байдалтай байгааг ажиглажээ. Тэгээд хамт дэлгэрүүлэхээр тохирчээ. Айлаар дэлгэрүүлж явах зуураа бүсгүй юунд санаа зовж байгаагаа ярьсан аж. Төлөвшсөн итгэл нэгт нь өөрт нь тийн санаа тавьсанд талархсан бүсгүй дараахан нь Еховад залбирна. Тэрбээр яг хэрэгтэй тусламж авчээ. Хоёр дахь жишээг үзье. Гадаадад дэлгэрүүлж байсан хос нутагтаа саяхан иржээ. Найз нөхөдтэйгөө уулзаад сонин сайхнаа ярьж байхад нь нэг Гэрч залуу анхааралтай сонсож байлаа. Хэдэн жилийн дараа тэрбээр өөрөө гадаадад үйлчлэхээр явах гээд бэлтгэлээ базааж байхдаа өнөөх хосыг, өөрт нь миссионер болох хүсэл төрүүлсэн тэр яриаг дурсан санана.

2 Та дээрх жишээг уншаад амьдралыг тань өөрчилсөн хүнийг эсвэл таны жишээгээр амьдралаа өөрчилсөн хүнийг санаж болох юм. Ер нь, ганц удаагийн яриа хүний амьдралыг өөрчлөх нь ховор байдаг ч бусдад урам хайрлаж, бусдыг бэхжүүлэх боломж бидэнд өдөр бүр гардаг. Ур чадвар, зан чанараа сайжруулж, ах дүү нартаа хэрэгтэй, илүү үр бүтээлтэй үйлчилдэг христиан болоход туслах нэг зүйл байна гэвэл танд ямар санагдах вэ? Сайхан санагдана биз дээ? Ехова бидэнд зайлшгүй хэрэгтэй тэр зүйлийг, өөрөөр хэлбэл, ариун сүнсээ өгдөг (Лук 11:13). Бурхны сүнсний нөлөөг амьдралдаа нэвтрүүлдэг бол үйлчлэлийнхээ бүх хүрээнд ахиж дэвшихэд тус болох сайхан зан чанар хөгжүүлж чадна. Тэгэхлээр, Бурхан бидэнд үнэхээр гайхалтай бэлэг өгдөг байгаа биз? (Галат 5:22, 23-ыг уншина уу).

3. а) «Сүнсний үр жимсийг» хөгжүүлбэл Бурхныг алдаршуулдаг гэхийн учир юу вэ? б) Ямар ямар асуултыг авч үзэх вэ?

3 Ариун сүнсний бий болгодог чанарууд нь тэр сүнсний Эх булаг болсон Ехова Бурхны зан чанарын тусгал юм (Кол. 3:9, 10). Есүс элч нартаа: «Та нарын их жимс ургуулснаар Эцэг минь алдаршуулагдана» хэмээхдээ Бурхныг дууриах ёстойн гол шалтгааныг хэлжээ a (Иох. 15:8). Бид «Сүнсний үр жимсийг» хэдийчинээ сайн хөгжүүлнэ, үг яриа, үйл хэргээрээ төдийчинээ сайн илэрхийлж, улмаар Бурхнаа алдаршуулна (Мат. 5:16). Сүнсний үр жимс Сатаны ертөнцийн илэрхийлдэг зан чанараас ямар ялгаатай вэ? Сүнсний үр жимсийг яаж хөгжүүлэх вэ? Энэ нь яагаад амаргүй байж болох вэ? Сүнсний үр жимсний эхний гурван хэсэг буюу хайр, баяр баясгалан, амар тайван гэдэг зан чанарын тухай үзэнгээ дээрх асуултуудын хариуг авъя.

Зарчимд үндэслэдэг хайр

4. Ямар хайр илэрхийлэхийг Есүс шавь нартаа заасан бэ?

4 Ариун сүнсний бий болгодог хайр ертөнцөд байдаг хайраас эрс ялгаатай. Ийм хайр зарчимд үндэслэдэг. Есүс «Ууланд айлдсан номлол»-доо энэ ялгааг онцлон тэмдэглэжээ (Матай 5:43–48-ыг уншина уу). Нүгэлтнүүд хүртэл хүмүүсийг өөрсдөд нь хэрхэн хандана, хүмүүст мөн тэгж ханддаг тухай хэлсэн. Бусдад ингэж ханддаг хүн хариу харж хайрлахаас бус, өөрийгөө золиосолж мэддэггүй. Хэрэв бид «тэнгэр дэх Эцэгийнхээ хүүхдүүд» гэж батлан харуулахыг хүсдэг бол бусдаас өөр байх ёстой. Хүмүүс бидэнд яаж ч ханддаг бай, бид тэднийг Еховагийн нүдээр харж, тэдэнд Еховагийн сэтгэлээр хандах учиртай. Яавал, Есүсийн тушаасан ёсоор, дайснаа хүртэл хайрладаг болох вэ?

5. Биднийг хавчдаг хүмүүсийг хэрхэн хайрлаж болох вэ?

5 Библийн нэг жишээ үзье. Паул Силас хоёр Филиппойд дэлгэрүүлж явахдаа баривчлагдаж, зодуулж жанчуулан, хөлөө дөнгөлүүлэн шоронд хоригджээ. Шоронгийн хуяг тэдэнд зүй бус хандаж байсан байж болох юм. Гэтэл газар хөдөлж, Паул Силас хоёр шоронгоос гарах боломжтой болжээ. Тэд хуягаас хариу авах боломж гарлаа гэж баярласан уу? Үгүй, харин ч өөрийгөө золиослох хайрандаа хөтлөгдөн хуягт чин сэтгэлээсээ санаа тавьж даруй арга хэмжээ авсан. Үүний дүнд шоронгийн хуяг гэрийнхнийхээ хамт христиан болдог (Үйлс 16:19–34). Орчин үед ч итгэл нэгтнүүд маань «хавчигч хүмүүсийг ерөөх» зарчим баримталдаг (Ром 12:14).

6. Өөрийгөө золиослон ах дүү нараа хайрладгаа хэрхэн харуулж болох вэ? (21-р хуудасны хавсралт үзнэ үү.)

6 Бид итгэл нэгтнүүдээ бүр ч их хайрлах учиртай. «Ах дүүсийнхээ төлөө амиа өгөх ёстой» (1 Иохан 3:16–18-ыг уншина уу). Гэхдээ итгэл нэгтнүүдээ хайрладгаа жижиг зүйлээр харуулах боломж олон гардаг. Жишээ нь, үг юм уу үйлдлээрээ ах дүүгээ гомдоочихлоо гэхэд эвлэрэхийн тулд санаачилга гарган хайртайгаа харуулж болно (Мат. 5:23, 24). Харин ах дүү маань биднийг гомдоосон бол яах вэ? «Уучлахад бэлэн» байдаг уу эсвэл гомдож тунирхаад байдаг уу? (Дуу. 86:5). Ариун сүнсний бий болгодог халуун хайр бусдын алдаа дутагдлыг далдалж, «Эзэн уучилсны адил» бие биеэ уучлахад тусалдаг (Кол. 3:13, 14; 1 Петр 4:8).

7, 8. а) Хүнийг хайрлах Бурхныг хайрлах хоёр ямар холбоотой вэ? б) Еховаг хайрлах хайраа яаж лавшруулах вэ? (Доорх зургийг үзнэ үү.)

7 Өөрийгөө золиослон ах дүүгээ хайрлах хайрыг хэрхэн хөгжүүлэх вэ? Бурхныг хайрлах хайраа лавшруулах хэрэгтэй (Еф. 5:1, 2; 1 Иох. 4:9–11, 20, 21). Библи унших, эргэцүүлэн бодох, залбирах зэргээр Еховатай хоёулхнаа байхлаар сэтгэл сэргэж, тэнгэрийн Эцэгтээ улам их хайртай болдог. Гэхдээ Бурхантай дотносохын тулд цагийг зольж авах хэрэгтэй.

8 Үүнийг ойлгохын тулд жишээ татъя. Өдрийн тогтсон цагт л Бурхны Үгийг уншиж, эргэцүүлэн бодож, залбирч болдог байсан бол Еховатай хоёулхнаа байх тэр цаг мөчийг өөр юунд ч алдахгүй байх гэж чадах бүхнээ хийх байсан биз дээ? Бурханд залбирахыг маань хэн ч хааж боож чаддаггүй нь, бас бидний ихэнх нь Библийг хүссэн цагтаа унших боломжтой байдаг нь үнэн. Гэхдээ өдөр тутмын ажилд дарагдан Бурхантай хамт байх цагаа алдахаас сэргийлж тодорхой арга хэмжээ авах хэрэгтэй байж мэднэ. Та Еховатай дотносохын тулд аль болох олон цагийг өдөр бүр зольж авдаг уу?

«Ариун Сүнсний баяр хөөр»

9. Ариун сүнсний бий болгодог баяр баясгалан ямар онцлогтой вэ?

9 Сүнсний нөлөөгөөр бий болдог зан чанар хувьсаж өөрчлөгддөггүйгээрээ онцлогтой. Баяр баясгалан буюу сүнсний үр жимсний хоёр дахь хэсэг энэ онцлогыг тодорхой харуулдаг. Баяр баясгаланг таагүй орчинд ч ургадаг тэсвэртэй ургамалтай зүйрлэж болно. Бурхны олон үйлчлэгч «үлэмж зовлон гамшиг дотор Ариун Сүнсний баяр хөөртэйгөөр үгийг хүлээж авсан» билээ (1 Тес. 1:6). Зарим нь саад бэрхшээл, гарз хохирол үздэг ч Ехова тэднийг сүнсээрээ дэмжиж, «баяр хөөртэйгөөр бүхий л тэсвэр, тэвчээртэй» байхад тусалдаг (Кол. 1:11). Энэ баяр хөөрийн үндэс юу вэ?

10. Бид ямар учраас баяр баясгалантай байдаг вэ?

10 Сатаны ертөнцөд олж болох эд хөрөнгө «тогтворгүй» байдаг бол бидний Еховагаас авсан сүнслэг эд баялаг үүрдийн үнэ цэнэтэй (1 Тим. 6:17, МАБ; Мат. 6:19, 20). Бурхан мөнхийн ирээдүйн найдвар өгсөнд бид баярладаг. Дэлхий дахины ахан дүүгийн барилдлагад багтдагтаа бас баяр баясгалантай явдаг. Хамгийн гол нь, Бурхантай дотно харьцаатай байдаг маань баяр баясгалангийн үндэс болдог. Давид оргодол босуул мэт явахад хүрч байсан ч Еховаг магтан: «Таны хайр энэрэл аминаас дээр учир уруул минь Таныг магтана. Би Таны нэр дээр гараа өргөх болно. Ийнхүү би амьд байх хугацаандаа Таныг магтана» хэмээсэнтэй бидний санал нэг байдаг (Дуу. 63:3, 4). Зовлон бэрхшээл тулгарахад ч баяр баясгалантайгаар Бурхнаа магтах хүсэл бидний зүрхэнд оргилдог.

11. Еховад баяр баясгалантай үйлчлэх нь ямар учраас чухал бэ?

11 Элч Паул христиануудад: «Эзэний дотор үргэлж баярла. Би дахин хэлнэ. Баярлагтун!» хэмээн уриалсан билээ (Флп. 4:4). Еховад баяр баясгалантай үйлчлэх нь ямар учраас тийм чухал бэ? Сатан Еховагийн хэмжээгүй эрх мэдэлд хамаатай ямар маргаантай асуудал хөндсөнийг санацгаая. Нэг ч хүн Бурханд чин сэтгэлээсээ үйлчлэхгүй гэж Сатан мэтгэсэн шүү дээ (Иов 1:9–11). Тэгэхлээр бид Еховад баяр хөөргүй, ёс төдий үйлчилдэг бол магтаалын тахил маань чин сэтгэлийнх байж таарахгүй. Тиймээс «ЭЗЭНд баяртайгаар үйлчил. Түүний өмнө баясалтайгаар дуулан ирэгтүн» хэмээсэн дуулалчийн уриалгыг хэрэгжүүлэхийг бид хамаг чадлаараа хичээдэг (Дуу. 100:2). Чин сэтгэлээсээ, баяр баясгалантай үйлчилбэл Бурхнаа алдаршуулна.

12, 13. Сэтгэлээр унасан үедээ яах нь тустай вэ?

12 Еховагийн үнэнч үйлчлэгчид ч сэтгэлээр унаж, гутрах үе гардаг нь үнэн (Флп. 2:25–30). Тийм үед бидэнд юу тус болдог вэ? Ефес 5:18, 19-д: «Сүнсээр дүүрэн байж, дуулал, магтуу ба сүнслэг дуунуудаар нэг нэгэнтэйгээ ярилцаж, Эзэнд хандаж зүрхэндээ дуулагтун» гэсэн байдаг. Энэ зөвлөгөөг яаж хэрэгжүүлэх вэ?

13 Сэтгэлээр унасан үедээ Еховад залбирахаас гадна магтууштай зүйлийг эргэцүүлэн бодохыг хичээх нь зүйтэй (Филиппой 4:6–9-ийг уншина уу). Зарим хүн сэтгэлээ сэргээж, өөдрөг зүйл бодохын тулд Хаанчлалын дуу дагаж аялдаг аж. Нэг төвөгтэй асуудлаас болж байнга сэтгэлээр унадаг байсан нэгэн христиан эрэгтэй: «Би сэтгэлээ уудлан Еховад тогтмол залбирдаг байсан. Бас Хаанчлалын дуунаас хэдийг цээжилсэн. Тэр сайхан дуунуудыг дуулах юм уу амандаа аялж, Еховаг магтахлаар сэтгэл минь тайвширдаг байв. Тэр үед шинээр гарсан «Еховад ойртогтун» b гэдэг номыг би жилийн дотор хоёр удаа уншсан. Энэ ном зүрхний минь шархыг аниулах тос мэт байсан. Ехова хүчин чармайлтыг минь ивээснийг би мэдэрсэн юм» гэж дурсан ярьжээ.

«Амар тайвны холбоо»

14. Ариун сүнсний бий болгодог амар тайван ямар онцлогтой вэ?

14 Яс үндэс, амьдрал ахуй, хэл соёлоороо ялгаатай, газар газрын хүмүүс олон улсын чуулганы үеэр христиан ахан дүүгийн барилдлагын сайхныг мэдэрдэг. Ийм үйл явдал Бурхны орчин үеийн ард түмний дунд ноёлдог амар тайвны онцлог буюу дэлхий дахины эв нэгдлийг тод томруун харуулдаг. Бие биетэйгээ дайсагнаж байх ёстой мэтээр бодож явсан хүмүүс нь «амар тайвны холбоо дотор Сүнсний эв нэгдлээ хадгалахыг хичээдгийг» харсан хөндлөнгийн хүмүүс үнэхээр гайхдаг (Еф. 4:3, МБОХ, 1996). Христиан болсон олон хүн ямар их саадыг давж байж ийм эв нэгдэлтэй болдгийг бодвол үнэхээр гайхалтай.

15, 16. а) Петр ямар үзэл бодолтой байсан бэ? Үүнээс болж ямар бэрхшээл учирсан бэ? б) Ехова Петрийг үзэл бодлоо өөрчлөхөд нь хэрхэн тусалсан бэ?

15 Яс үндэс, амьдрал ахуй, хэл соёлын хувьд харилцан адилгүй хүмүүст бие биетэйгээ эв нэгдэлтэй байх үнэхээр амаргүй. Ямар саадыг давж байж ийм эв нэгдэлд хүрдгийг элч Петрийн жишээнээс үзье. Тэрбээр: «Иудей хүний хувьд харь үндэстэнтэй нөхөрлөх буюу тэдний гэрт зочлох нь ямар ёс бус хэрэг болохыг та нар өөрсдөө мэднэ. Гэвч ямар ч хүнийг бузар, эсвэл цэвэр бус гэж нэрлэх ёсгүйг Бурхан надад харууллаа» гэж хэлснээс нь хөвч хөндүүлээгүй харь үндэстэн хүмүүст хэрхэн ханддаг байсныг нь мэдэж болно (Үйлс 10:24–29; 11:1–3). Тухайн үеийнх нь хүмүүс ямар үзэлтэй байсныг тооцож үзвэл Петр Бурхны Хуульд иудейчүүдийг л хайрлахыг заасан гэж боддог болсон нь эргэлзээгүй. Тиймээс харь үндэстнүүдийг үзэн ядвал зохих дайсанд тооцох нь зүйн хэрэг мэт санагддаг байсан байж болох юм. c

16 Корнелийн гэрт очиход Петрт ямар эвгүй байсан бол оо? Харь үндэстнүүдийг ойшоож үздэггүй байсан тэрбээр тэдэнтэй «амар тайвны холбоо дотор» «хамтдаа холбогдон нийлж» чадсан болов уу? (Еф. 4:3, 16). Чадсан. Учир нь хэдхэн өдрийн өмнө Бурхан ариун сүнсээрээ Петрийн зүрхийг нээж, буруу үзэл бодлоо засаж эхлэхэд нь тусалсан. Ехова хүнийг арьс өнгө, яс үндсээр нь ялгаварладаггүй гэдгээ Петрт ойлгуулахын тулд нэг үзэгдэл үзүүлсэн аж (Үйлс 10:10–15). Тиймээс Петр: «Бурхан бол нүүр тал хардаггүй бөгөөд Түүнээс эмээгч, зөвийг үйлдэгч алив үндэстний хүн Түүнд таалагддаг гэдгийг би үнэхээр сайн ойлгов» гэж Корнелд хэлсэн (Үйлс 10:34, 35). Петр үзэл бодлоо өөрчилж, «ахан дүүсийн холбоонд байдаг хүн нэг бүртэй» жинхэнэ ёсоор эв нэгдэлтэй байх болжээ (1 Петр 2:17, ШЕ).

17. Бурхны ард түмний эв нэгдэл ямар учраас гайхамшигтай вэ?

17 Петрт тохиолдсон явдал өнөөдөр ч Бурхны ард түмэн хэрхэн гайхамшигтайгаар өөрчлөгддөгийг ойлгоход тусалдаг (Исаиа 2:3, 4-ийг уншина уу). «Үндэстэн бүрээс, бүх овгоос, бүх ард түмнээс, бүх хэлтний» олон сая хүн «Бурханы ... сайн, тааламжит, төгс төгөлдөр хүсэлд» нийцүүлэхийн тулд үзэл бодлоо өөрчилдөг (Илч. 7:9; Ром 12:2). Тэдний дунд Сатаны ертөнцийн үзэн ядалт, дайсагнал, хуваагдмал байдал гэх мэтийн нөлөөнд автаж явсан хүн цөөнгүй бий. Гэхдээ тэд Бурхны Үгийг судлахын зэрэгцээ ариун сүнсний тусламжтайгаар «амар тайванг тогтоодог ... зүйлсийн хойноос мөшгөж» сурчээ (Ром 14:19). Үүний ачаар эв нэгдэлд хүрч, Бурхныг алдаршуулдаг.

18, 19. а) Хурлын амар тайван, эв нэгдэлд хүн бүр хэрхэн хувь нэмэр оруулж болох вэ? б) Дараагийн өгүүллээр юун тухай үзэх вэ?

18 Бурхны ард түмний амар тайван, эв нэгдэлд хүн бүр хэрхэн хувь нэмэр оруулж болох вэ? Олон хуралд гадаадаас ирсэн хүмүүс байдаг. Тэдний зарим нь тухайн нутгийн хэлээр чөлөөтэй ярьж чаддаггүй юм уу өөр соёлтой байж болох юм. Та тийм хүмүүстэй дотно танилцахыг хичээдэг үү? Тийм хичээл зүтгэл гаргахыг Бурхны Үг уриалдаг. Паул иудей болон харь үндэстэн хүмүүсээс бүрдсэн Ром дахь христиан хуралд бичсэн захидалдаа: «Христ та нарыг Бурханы алдрын төлөө хүлээн авсны адил бие биеэ хүлээж авагтун» гэж уриалсан (Ром 15:7). Та хурлынхаа бүх хүнтэй дотно танилцаж амжсан уу?

19 Ариун сүнсний нөлөөг амьдралдаа нэвтрүүлье гэвэл өөр яах хэрэгтэй вэ? Дараагийн өгүүллээр ариун сүнсний үр жимсний үлдсэн хэсгийг ярилцахдаа энэ асуултын хариуг мэдэж авъя.

[Зүүлт]

a Есүсийн хэлсэн үр жимс гэдэгт «Сүнсний үр жимс» болон Хаанчлалын тухай мэдээ тунхаглан Бурханд өргөдөг «уруулын үр жимс» ордог (Евр. 13:15).

b Монгол хэлээр гараагүй.

c Левит 19:18-д: «Чи өөрийнхөө ард олны хөвгүүдийн эсрэг өс хонзонг бүү ав, аливаа зэвүүцлийг ч бүү хадгал. Харин хөршөө өөрийн адил хайрла» гэж байдаг. Иудейн шашны удирдагчид «өөрийн ард олны хөвгүүд», «хөрш» гэдгээр зөвхөн иудейчүүдийг хэлсэн гэж үздэг байв. Хуулийн дагуу, израильчууд бусад үндэстнээс тусгаар байх ёстой байсан. Гэвч иудей бус бүх хүн дайсан бөгөөд бүгдийг нь үзэн ядах ёстой гэсэн шашны удирдагчдын үзлийг дэмжих санаа Хуульд байгаагүй.

Хариулна уу

• Өөрсдийгөө золиослон ах дүү нараа хайрладгаа юугаар харуулж болох вэ?

• Еховад баяр баясгалантай үйлчлэх нь яагаад чухал бэ?

• Бид хурлынхаа амар тайван, эв нэгдэлд хэрхэн хувь нэмэр оруулж болох вэ?

[Догол мөрийн асуулт]

[21-р хуудасны хавсралт]

«Тэд үнэхээр христианууд юм байна»

Нэгэн еврей залуу Нойенгамэ гэдэг бөөнөөр хорих лагерьт байхдаа Еховагийн Гэрчүүдтэй анх таарсан тухайгаа дурссаныг нэг номд бичжээ («Between Resistance and Martyrdom​—Jehovah’s Witnesses in the Third Reich»).

«Биднийг Дахаугаас ирэхэд тэнд байсан еврейчүүд хамаг юмаа харамлан нууж байж билээ. . . . [Бөөнөөр хорих лагерьт ирэхээс] өмнө бид бие биеэ л гэдэг байлаа. Гэтэл үхэх сэхэхийн зааг дахь энэ эгзэгтэй үед хүн бүр хар амиа л бодож байв. Гэтэл Библи Судлаачид яаж байсан гэж санана. Тэдэнд усны хоолой засах их хүнд ажил оноосон байж. Гадаа их хүйтэн ч тэд өдөржингөө цэв хүйтэн усан дотор зогссон байлаа. Тэдний тэвчээрийг бүх хүн гайхаж байв. Харин тэд Ехова хүч өгдөг гэж хэлсэн. Тэд бидэн шиг л өлсөж байсан учир талх нь хэрэгтэй л байсан байж таарна шүү дээ. Гэтэл яасан гээч! Бүх талхаа цуглуулаад, талыг нь өөрсдөдөө авч, талыг нь Дахаугаас дөнгөж ирсэн итгэл нэгтнүүддээ өгсөн юм. Бас итгэл нэгтнүүдээ халуун дотноор угтан авч, тэврэн үнсэж, талх идэхээсээ өмнө залбирсан. Бүгдээрээ сэтгэл хангалуун, жаргалтай байв. Тэд өлсөхгүй байгаагаа хэлж билээ. Тэгээд би „Тэд үнэхээр христианууд юм байна“ гэж бодож билээ» хэмээн дурсжээ.

[19-р хуудасны зураг]

Та Еховатай дотносохын тулд ажил амьдралаа зохицуулан цагийг зольж авдаг уу?