Skip to content

Гарчиг руу орох

Та Бурхны сүнсээр удирдуулдаг уу?

Та Бурхны сүнсээр удирдуулдаг уу?

Та Бурхны сүнсээр удирдуулдаг уу?

«Таны сайн Сүнс намайг тэгш газар дээр удирддаг» (ДУУ. 143:10).

1, 2. а) Ехова үйлчлэгчдээ ариун сүнсээрээ удирдсан зарим тохиолдлыг дурдана уу. б) Ариун сүнс онцгой тохиолдолд л чухал үүрэг гүйцэтгэдэг үү? Тайлбарлана уу.

 АРИУН сүнс хүнд нөлөөлдөг гэхлээр танд юу бодогдох вэ? Гидеон, Самсон нарын бишрэм үйлсийг төсөөлөх үү? (Шүү. 6:33, 34; 15:14, 15). Эртний христианууд хэрхэн эр зоригтой дэлгэрүүлснийг, Стефан Зөвлөлийн өмнө хэчнээн тайван зогсож байсныг бодох уу? (Үйлс 4:31; 6:15). Эсвэл олон улсын чуулганаар ах дүүсийн маань зүрх сэтгэл баяр хөөрөөр бялхдагийг, итгэл нэгтнүүд маань төвийг сахиснаасаа болоод шоронд орсон ч үнэнч хэвээрээ байдгийг, дэлгэрүүлэх ажлын үрээр сайн мэдээ өргөн цар хүрээтэй түгэн дэлгэрч байгааг төсөөлөх биз ээ. Ариун сүнс нөлөө үзүүлдгийг эдгээр жишээ баталдаг.

2 Ариун сүнс зөвхөн онцгой тохиолдолд хүнд нөлөөлдөг үү? Үгүй ээ. Бурхны Үг христиануудад: «Сүнсээр яв», «Сүнсээр удирдуул», «Сүнс дотор амьд бай» гэж уриалдаг (Гал. 5:16, 18, 25). Ариун сүнс бидний өдөр тутмын амьдралд нөлөөлж болдог нь эдгээр үгнээс харагддаг. Бид үзэл бодол, үг яриа, үйл хэргийг маань сүнсээрээ удирдахыг Еховагаас өдөр бүр гуйх хэрэгтэй (Дуулал 143:10-ыг уншина уу). Ариун сүнсний нөлөөг амьдралдаа саадгүй нэвтрүүлбэл хүмүүсийн сэтгэлийг сэргээж, Бурхны алдаршуулдаг сайн үр жимс ургуулж чадна.

3. а) Ариун сүнсээр удирдуулах хэрэгтэйн учир юу вэ? б) Ямар ямар асуултыг авч үзэх вэ?

3 Ариун сүнсээр удирдуулах нь яагаад амин чухал бэ? Учир нь бид ариун сүнсийг эсэргүүцдэг өөр нэг зүйлд эзэмдүүлчих гээд байдаг талтай. Библид үүнийг «махан бие» гэдэг. Энэ нь махан биеийн нүгэлт хандлага буюу Адамаас өвлөж авсан төгс бус байдал юм (Галат 5:17-г уншина уу). Тэгвэл, Бурхны сүнсээр удирдуулна гэж яахыг хэлдэг вэ? Махан биеийнхээ нүгэлт хүслийг дагахгүйн тулд яах хэрэгтэй вэ? «Сүнсний үр жимсний» үлдсэн зургаан хэсэг болох «тэвчээр, энэрэл, сайхан сэтгэл, итгэлтэй байдал, дөлгөөн зан, өөрийгөө захирах байдлын» тухай ярилцаж, дээрх асуултуудыг эргэцүүлэн бодоцгооё (Гал. 5:22, 23).

Дөлгөөн зан, тэвчээрийн ачаар хурал амар тайван байдаг

4. Хурал дотор амар тайвныг тогтооход дөлгөөн зан, тэвчээр ямар үүрэгтэй вэ?

4 Колоссай 3:12, 13-ыг уншина уу. Христианууд дөлгөөн зантай, тэвчээртэй байдаг бол хурал дотор амар тайван ноёлох болно. Сүнсний үр жимсний нэгээхэн хэсгийг бүрдүүлдэг энэ сайхан зан чанаруудыг илэрхийлж сурвал бусдад нигүүлсэнгүй хандаж, маргаан гарсан ч тайван байж, бусад хүн эвгүй үг хэлэх юм уу таагүй юм хийсэн ч хариугаа авахгүй байж болно. Итгэл нэгтэнтэйгээ үл ойлголцох үед тэвчээртэй байвал тэр хүнээс холдож хөндийрөхийн оронд, эвтэй байх боломжтой бүхнийг хийнэ. Дөлгөөн зан, тэвчээрийг хурал дотор илэрхийлэх үнэхээр хэрэгтэй юү? Бид бүгдээрээ төгс бус учир хэрэгтэй байлгүй яах вэ!

5. Паул Барнаб хоёр яасан бэ? Эндээс юу мэдэж болох вэ?

5 Паул Барнаб хоёр яасныг авч үзье. Тэд сайн мэдээг тунхаглахын тулд олон жилийн турш мөр зэрэгцэн үйлчилсээр ирсэн. Хэн хэн нь сайхан зан чанартай хүмүүс байв. Гэтэл нэгэн удаа «хурц санал зөрөлдсөний улмаас тэд бие биеэсээ салж» явжээ (Үйлс 15:36–39). Бурхны үнэнч үйлчлэгчдийн дунд хүртэл заримдаа хэрүүл маргаан гардгийг энэ явдал харуулдаг. Итгэл нэгтэнтэйгээ ойлголцохгүй юм гарлаа гэхэд христиан хүн уурандаа автан хатуу ширүүн үг хэлж, хэрүүл маргаан дэгдээхгүйн тулд юу хийж болох вэ?

6, 7. а) Маргаан ширүүсэхээс урьтаж Библийн ямар зөвлөгөөг дагах хэрэгтэй вэ? б) «Сонсохдоо түргэн, ярихдаа удаан, уур хилэндээ хойрго» байвал ямар ач тустай вэ?

6 Паул Барнаб хоёр гэнэт маргалдан, улмаар «хурц санал зөрөлдсөн». Христиан хүн итгэл нэгтэнтэйгээ ямар нэг асуудлын талаар ярилцаж байхдаа цухалдаж эхэлмэгцээ Иаков 1:19, 20-д байдаг: «Хүн бүр сонсохдоо түргэн, ярихдаа удаан, уур хилэндээ хойрго байг. Учир нь хүний уур хилэн Бурханы зөвт байдлыг биелүүлдэггүй юм» гэсэн зөвлөгөөг дагах нь ухаалаг юм. Маргаан ширүүсэхээс урьтаж, нөхцөл байдалдаа тохируулан, ярианы сэдвийг өөрчлөх, яриагаа дараа үргэлжлүүлэх, эсвэл уучлал гуйх нь зүйтэй (Сур. 12:16; 17:14; 29:11).

7 Энэ зөвлөгөөг хэрэгжүүлбэл ямар ач тустай вэ? Тайвширч, тухайн асуудлынхаа талаар залбиран, яаж эвтэйхэн хариулахаа бодох зэргээр Бурхны сүнсээр удирдуулна (Сур. 15:1, 28). Сүнсний удирдлагыг авсан цагт дөлгөөн бөгөөд тэвчээртэй байна. Тийм хүн Ефес 4:26, 29-д байдаг: «Уурласан ч, нүгэл бүү үйлд. ... Та нарын амнаас ямар ч ялзарсан үг бүү гараг. Харин хэрэгтэй үед нь бусдыг босгон байгуулахын тулд зөвхөн тустай үг хэл. Тэгвэл энэ нь сонсож буй хүнд нигүүлслийг өгнө» хэмээсэн зөвлөгөөг илүү амархан дагаж чадна. Ийнхүү хүн бүр дөлгөөн зан, тэвчээрийг хувцас адил «өмсвөл» хурал дотор амар тайван, эв нэгдэл ноёлох болно.

Энэрэл ба сайхан сэтгэлийн ачаар гэр бүл жаргалтай байдаг

8, 9. Энэрэл ба сайхан сэтгэл гэж юу вэ? Айл гэрт хэрхэн нөлөөлдөг вэ?

8 Ефес 4:31, 32; 5:8, 9-ийг уншина уу. Энэрэл, сайхан сэтгэл бол аагим халуунд таатай санагдах сэвшээ салхи, сэрүүн ундаатай адил юм. Хүн бүр бие биедээ энэрэнгүй, сайхан сэтгэлээр ханддаг бол айл гэрт таатай орчин бүрддэг. Энэрэл нь бусдад санаа тавих сэтгэлээс урган гардаг. Энэрэнгүй хүн тустай үйл хийн, халамж анхаарал тавьж буйгаа үг яриагаараа илэрхийлдэг. Сайхан сэтгэлийн илрэл нь бусдад туслах явдал юм. Үүгээрээ энэрэлтэй адилхан. Сайхан сэтгэлтэй хүн өглөгч зантай байдаг (Үйлс 9:36, 39; 16:14, 15). Гэхдээ ингээд л болчихдоггүй.

9 Сайхан сэтгэлтэй хүн ёс суртахууны өндөр хэм хэмжээ баримталдаг. Сайхан сэтгэл нь үйл хэргээр илэрдэг төдийгүй уг хүний хэн болохыг харуулдаг. Үүнийг гаднаа ч, дотроо ч өө сэвгүй, амтат жимстэй зүйрлэж болно. Ариун сүнсний үр жимс болох сайхан сэтгэл христиан амьдралын бүх хүрээг хамардаг.

10. Сүнсний үр жимсийг хөгжүүлэхэд нь гэрийнхэндээ хэрхэн туслах вэ?

10 Гэр бүлийн гишүүд яавал бие биедээ энэрэнгүй, сайхан сэтгэлээр хандаж сурах вэ? Хамгийн гол нь, Бурхны Үгийн үнэн зөв мэдлэгтэй байх хэрэгтэй (Кол. 3:9, 10). Зарим өрхийн тэргүүн Гэр бүлийн Библийн хичээлээрээ сүнсний үр жимсийг судлах хуваарь гаргадаг. Энэ нь тийм ч хэцүү биш. «Монгол хэлээрх „Харуулын цамхаг“-ийн судлах өгүүллийн товъёг» ашиглан, сүнсний үр жимсний хэсэг бүрийг тайлбарласан материалыг сонгоорой. Тэгээд долоо хоногт цөөхөн хэдэн догол мөрийг ярилцсаар, нэг зан чанарыг нэлээн хэдэн долоо хоногийн турш үзэж болох юм. Материалыг судлах явцдаа Библийн зүйлүүдийг уншиж, ярилцаарай. Үзэж судалснаа яаж хэрэгжүүлэх арга зам хайгаарай. Тэгээд сонгосон аргаа ажил хэрэг болгоход туслахыг Еховагаас гуйгаарай (1 Тим. 4:15; 1 Иох. 5:14, 15). Ингэж судалбал бие биедээ хандах хандлага үнэхээр өөр болохгүй гэж үү?

11, 12. Хоёр гэр бүл энэрлийн тухай судлаад ямар ач тус хүртсэн бэ?

11 Гэр бүлээрээ жаргалтай амьдрахыг хүсдэг нэгэн залуу хос, сүнсний үр жимсний тухай нягт нямбай судлахаар шийджээ. Ач тус нь юу байсан бэ? «Энэрлийн талаар илүү их зүйлийг мэдсэнийхээ ачаар бие биетэйгээ харьцах арга маань өмнөхөөсөө илт сайжирсан. Бие биедээ хүлээцтэй хандаж, уучилж сурсан. „Баярлалаа“, „уучлаарай“ гэдэг үгийг хэрэгтэй үед нь хэлж сурсан» гэж эхнэр нь ярьсан юм.

12 Хоорондоо таарамж муутай байсан өөр нэг христиан хос бие биедээ энэрэнгүй сэтгэлээр хандаж сураагүйгээ анзаарчээ. Тийм учраас, энэрлийн тухай хамтдаа судлахаар шийдсэн байна. Ямар үр дүнтэй байсан бэ? «Энэрлийн тухай судалсны ачаар бие биедээ хар буруу санахын оронд сайнаар бодож, сайн талыг нь харж сурах хэрэгтэйгээ ойлгосон. Нөгөөдөө юу хэрэгтэй байгааг илүү их анхаардаг болсон. Эхнэртээ энэрэнгүй хандана гэдэг нь юу бодож байгааг нь хэлүүлж, хэлсэн үгэнд нь гомдохгүй байна гэсэн үг. Тэгэхийн тулд би бардам зангаа засах хэрэгтэй байсан. Хоёр биендээ энэрэнгүй хандах тусам бидний хооронд үүссэн ан цав аяндаа арилж, сэтгэл санаагаа чөлөөтэй хуваалцдаг болсон» гэж нөхөр нь хэлжээ. Танай гэр бүл сүнсний үр жимсний тухай судлан, ач тусыг нь хүртмээр байна уу?

Бурханд итгэдгээ ганцаараа байхдаа батлах нь

13. Сүнслэг байдалд аюул учруулах ямар зүйлээс бид өөрсдийгөө хамгаалах ёстой вэ?

13 Христианууд олны дунд байхдаа ч, ганцаараа байхдаа ч Бурхны сүнсээр удирдуулах хэрэгтэй. Эдүгээ Сатаны ертөнцөд ой гутам зураг, ёс журамгүй явдлыг өөгшүүлсэн зугаа цэнгэлийн зүйл өргөн тархжээ. Энэ нь бидний сүнслэг байдалд аюултай. Тэгвэл яах нь зүйтэй вэ? Бурхны Үгэнд: «Та нар бүх бузар байдал, хорон санааныхаа бүх л үлдэгдлийг хаяж, өөрсдийн чинь дотор суулгагдсан үгийг даруухнаар хүлээж авагтун. Тэр үг та нарын сэтгэлийг аврах чадалтай» гэж бичжээ (Иак. 1:21). Еховагийн нүдэнд цэвэр ариун байхад тустай, ариун сүнсний өөр нэг хэсэг болох итгэлийн тухай ярилцъя.

14. Итгэл сул бол буруу юманд орооцолдох амархан гэхийн учир юу вэ?

14 Жинхэнэ итгэлтэй хүний хувьд Ехова Бурхан бодитойгоор оршин байдаг. Бурхан бодитой санагддаггүй бол буруу юманд орооцолдох амархан. Эрт цагт Бурхны ард түмэнд юу тохиолдсоныг авч үзье. Ард олон жигшүүрт зүйлийг нууцаар үйлдэж байсныг Ехова Езекиелд илчилж: «Хүний хүү, чи Израилийн гэрийн ахмадууд харанхуйд, хүн бүр өөрийн сийлмэл хөргийн өрөөнд юу үйлдэж буйг харав уу? Учир нь тэд „ЭЗЭН биднийг хардаггүй. ЭЗЭН энэ нутгийг орхив“ хэмээдэг» гэж хэлсэн (Езе. 8:12). Тэр хүмүүс юуны учир жигшүүрт зүйл үйлдэж байсан бэ? Тэд юу хийж байгааг нь Ехова хардаггүй гэж боддог байжээ. Ехова тэдний хувьд бодитой биш байлаа.

15. Итгэл биднийг хэрхэн хамгаалдаг вэ?

15 Тэгвэл Иосефын жишээг авч үзье. Хэдийгээр Иосеф ах дүү, хамаатан садангаасаа хол байсан ч Потифарын эхнэртэй завхайраагүй. Яагаад тэр вэ? Тэрбээр: «Би яаж ийм их муухай хэрэг үйлдэж, Бурхандаа нүгэл үйлдэх билээ?» гэж хэлжээ (Эх. 39:7–9). Ехова түүний хувьд бодитой байсан. Бид ч бас Бурхныг бодитой гэж үздэг бол амралт, чөлөөт цагаараа бузар юм үзэж харахгүй, Бурхны таашаадаггүй юуг ч нууцаар үйлдэхгүй. Дуулалчтай адил: «Би гэр дотроо үнэнч зүрхээр явах болно. Би нүднийхээ өмнө ямар ч хорон юмыг байлгахгүй» гэж бат шийднэ (Дуу. 101:2, 3).

Өөрийгөө захиран, зүрхээ хамгаалах нь

16, 17. а) «Сургаалт үгс » номд гардаг «ухаан муутай залуу» яаж яваад нүгэл үйлдсэн бэ? б) Өнөөдөр хөгшин, залуу ямар ч хүнд 26-р хуудсан дахь зурагтай төстэй ямар аюул учирч болох вэ?

16 Өөрийгөө захирах байдал бол сүнсний үр жимсний бас нэг хэсэг юм. Өөрийгөө захирдаг хүн Бурхны буруу гэж үздэг зүйлээс нүүр буруулж чаддаг. Үүний ачаар зүрхээ хамгаалдаг (Сур. 4:23). Сургаалт үгс 7:6–23-т дүрсэлсэн «ухаан муутай залуу» янхан эмийн урхинд яаж орсныг авч үзье. Сайх залуу «тэр эмэгтэйн гэрт ойр байдаг гудамжийг хөндлөн гараад» урхинд нь орчихжээ. Сониуч зандаа хөтлөгдөөд тэр эмийн гэрийн ойролцоо очсон бололтой. «Амиараа төлөх» мунхаг явдалд орооцолдсоноо ухаарах ч сэхээ түүнд байсангүй.

17 Энэ залуу ноцтой алдаа гаргахгүй байж чадах байсан уу? «Жим дээр нь бүү зогс» гэсэн сануулгыг анхаарсан бол чадах байсан (Сур. 7:25). Эндээс ямар сургамж авч болох вэ? Бурхны сүнсээр удирдуулахыг хүсдэг бол уруу татах зүйлээс хол байх хэрэгтэй. Яавал «ухаан муутай залуу» шиг буруу зам руу орж мэдэх вэ? Ямар ч зорилгогүйгээр зурагтын суваг солих юм уу интернетээр аялбал ийм аюул отож байдаг. Ингэвэл сэрэл хөдөлгөм дүрс, зургийг санаатай ч бай, үгүй ч бай үзэх боломж бүрдэнэ. Яваандаа порно үздэг бузар зуршилтай болно. Улмаар мөс чанар хатуурч, Бурхантай тогтоосон харьцаанд сэв сууна. Энэ нь амь насанд аюултай (Ром 8:5–8-ыг уншина уу).

18. Зүрхээ хамгаалахын тулд ямар арга хэмжээ авч болох вэ? Үүний тулд өөрийгөө захирах хэрэгтэйн учир юу вэ?

18 Сэрэл хөдөлгөм ямар нэг юм нүдэнд өртлөө гэхэд бид тэр даруйд нь өөрийгөө захирч, тодорхой алхам хийж чадна, хийх ч ёстой. Гэхдээ ийм байдалд анхнаасаа орохгүй байвал бүр сайн! (Сур. 22:3). Зүрхээ хамгаалах тодорхой арга хэмжээ авч, түүнийгээ зөрчихгүйн тулд өөрийгөө захирах хэрэгтэй. Жишээ нь, компьютерийг олны нүдэнд ил тавих нь хамгаалалт болдог. Зарим хүн зөвхөн хүнтэй үед компьютер ашиглах юм уу зурагт үзэхийг эрхэмлэдэг. Зарим нь интернетэд холбогдохгүй байхаар шийддэг (Мат. 5:27–30). Өөрийгөө болон гэр бүлийнхнээ хамгаалахын тулд бололцоотой бүхнийг хийцгээе. Тэгвэл бид Еховаг «цэвэр зүрх, сайн мөс чанар хийгээд чин үнэнч итгэл[тэйгээр]» шүтэж чадна (1 Тим. 1:5).

19. Ариун сүнсээр удирдуулах нь ямар ач тустай вэ?

19 Ариун сүнсний нөлөөгөөр ургадаг үр жимсний ач тусыг тоочоод баршгүй. Дөлгөөн зан болон тэвчээрийн ачаар хурал амар тайван байдаг. Энэрэл, сайхан сэтгэл гэр бүлийг жаргалтай болгодог. Бурханд бат итгэж, өөрийгөө захирдаг бол түүнтэй үргэлж дотно байж, түүний нүдэнд цэвэр ариун харагддаг. Галат 6:8-д: «Сүнсэнд таригч нь Сүнснээс мөнх амийг хурааж авна» гэсэн амлалт бий. Ехова сүнсээр нь удирдуулдаг хүмүүсийг Христийн золиосонд үндэслэн, ариун сүнснийхээ тусламжтайгаар мөнх амьдруулна.

Хариулна уу

• Дөлгөөн зан, тэвчээрийн ачаар хурал хэрхэн амар тайван байдаг вэ?

• Христианууд гэртээ байхдаа энэрэл, сайхан сэтгэлийг хэрхэн илэрхийлэх вэ?

• Христиан хүн Бурханд бат итгэж, өөрийгөө захирдаг бол зүрхээ хамгаалж чадна гэхийн учир юу вэ?

[Догол мөрийн асуулт]

[24-р хуудасны зураг]

Хэрүүл маргаанаас хэрхэн зайлсхийж болох вэ?

[25-р хуудасны зураг]

Сүнсний үр жимсний тухай судлах нь танай гэр бүлд тустай

[26-р хуудасны зураг]

Бурханд бат итгэж, өөрийгөө захирдаг бол ямар аюулаас зайлсхийж болох вэ?