Skip to content

Гарчиг руу орох

Бүх хүнд хэрэгтэй сайн мэдээ

Бүх хүнд хэрэгтэй сайн мэдээ

Бүх хүнд хэрэгтэй сайн мэдээ

«Сайн мэдээ ... нь авралд хүргэх Бурханы хүч мөн» (РОМ 1:16).

1, 2. Та ямар учраас «хаанчлалын ... сайн мэдээ» тунхагладаг вэ? Юуны тухай ихэвчлэн ярьдаг вэ?

 «САЙН мэдээг өдөр бүр дэлгэрүүлэх шиг сайхан юм хаа байх вэ». Та ингэж бодож, хэлж байсан байх. «Хаанчлалын энэхүү сайн мэдээг» тунхаглах нь хэчнээн чухал болохыг Еховагийн үнэнч Гэрч та сайн мэднэ. Энэ тухай хэлсэн Есүсийн зөгнөлийг ч цээжээр хэлж чадах биз ээ (Мат. 24:14).

2 Та Есүсийн эхлүүлсэн ажлыг үргэлжлүүлэн, «хаанчлалын ... сайн мэдээ» тунхаглаж байгаа (Лук 4:43-ыг уншина уу). Бурхан удахгүй хүмүүсийн хэрэгт хөндлөнгөөс оролцохыг онцлон ярьдаг нь лавтай. «Агуу их гай гамшгаар» хуурамч шашин устгагдаж, ёс бус бүхэн газрын хөрснөөс арчигдана (Мат. 24:21). Түүнчлэн Бурхны Хаанчлал дэлхий дээр Диваажинг сэргээн, амар амгалан, аз жаргалтай амьдрал бий болгохыг онцлон ярьдаг байх. Үнэхээр ч, Ехова: «„Бүх Харь үндэстэн чиний дотор ерөөгдөх болно“ хэмээн Абрахамд» урьдчилан тунхагласан билээ (Гал. 3:8).

3. Элч Паул «Ром» номд «сайн мэдээг» онцлон бичсэн гэхийн учир юу вэ?

3 Бид «сайн мэдээ» дэлгэрүүлж явахдаа хүмүүст хэрэгтэй нэг чухал зүйлийг орхигдуулдаг юм биш биз? Грек эхийг үзвэл, элч Паул ромчуудад бичсэн захидалдаа «хаанчлал» гэдэг үгийг ганцхан удаа дурдсан хэр нь «сайн мэдээ» гэдэг үгийг 12 удаа бичжээ (Ром 14:17-г уншина уу). Паул «Ром» номд «сайн мэдээтэй» холбогдуулан юуг онцлон тайлбарласан бэ? Тэр нь яагаад тийм чухал бэ? «Бурхны сайн мэдээг» дэлгэрүүлж явахдаа үүнийг санах хэрэгтэйн учир юу вэ? (Марк 1:14; Ром 15:16; 1 Тес. 2:2).

Ромын христиануудад хэрэгтэй мэдлэг

4. Паул Ромд анх хоригдож байхдаа юун тухай дэлгэрүүлсэн бэ?

4 Ромд анх удаа хоригдож байхдаа бичсэн Паулын үгийг анхааръя. Паул өөр дээр нь ирсэн олон иудей хүнд 1) «Бурханы хаанчлалын тухай гэрчлэн, 2) Есүсийн тухай тэдэнд итгүүлэхийг хичээж» байжээ. Ямар үр дүнд хүрсэн бэ? «Яригдсан зүйлд зарим нь итгэж, зарим нь итгэсэнгүй». Үүний дараа Паул «өөр уруу нь ирсэн бүгдийг элэгсгээр хүлээн авч 1) Бурханы хаанчлалыг тунхаглан, 2) Эзэн Есүс Христийн тухай» ярьжээ (Үйлс 28:17, 23–31). Паул Бурхны Хаанчлалыг анхаарч байсан нь эндээс тодорхой харагддаг. Өөр юу онцолсон бэ? Хаанчлалд чухал байр эзэлдэг нэг зүйл буюу Бурхны санаа зорилго биелэхэд Есүс ямар үүрэгтэйг онцолсон.

5. Хүмүүсийн мэдвэл зохих юуг Паул «Ром» номдоо бичсэн бэ?

5 Бүх хүн Есүсийг мэдэж, түүнд итгэх шаардлагатай. Энэ талаар Паул «Ром» номд бичжээ. Номынхоо эхэнд: «Түүний Хүүгийн сайн мэдээний дотор миний сүнсээрээ үйлчилдэг Бурхан» гэж бичээд цааш нь: «Би сайн мэдээнээс ичихгүй. Яагаад гэвэл тэр нь итгэгч хүн бүрийг ... авралд хүргэх Бурханы хүч мөн» хэмээжээ. Дараа нь «сайн мэдээний дагуу ... Бурхан хүмүүсийн нууц зүйлсийг Христ Есүсээр шүүх» тэр цагийн тухай хэлсэн. Тэгээд «Иерусалимаас Иллурикум хүртэлх нутгаар Христийн сайн мэдээг * бүрэн дэлгэрүүлсэн» хэмээн бичжээ (Ром 1:9, 16; 2:16; 15:19). Паул ромчуудад Есүс Христийн тухай онцолсны учир юу вэ?

6, 7. Ромын хурал хэрхэн үүссэн бэ? Гишүүд нь ямар хүмүүс байсан бэ?

6 Ромын христиан хурал хэрхэн үүссэн нь тодорхойгүй. МЭ 33 онд Пентекостын өдрийг тэмдэглэхээр Ромоос ирсэн иудейчүүд болон Еховаг шүтдэг харь үндэстнүүд христиан болчихоод нутаг буцсан байж болох юм (Үйлс 2:10). Эсвэл христианууд Ромд худалдаа арилжаа хийх юм уу аялж явахдаа үнэнийг түгээн дэлгэрүүлсэн ч байж магадгүй. Аль нь ч байлаа гэсэн, Паулыг МЭ 56 оны орчим «Ром» номыг бичих үед хурал үүсэн байгуулагдчихсан байсан (Ром 1:8). Хурлын гишүүд нь ямар хүмүүс байсан бэ?

7 Зарим нь иудейчүүд байсан. Паул, Андроник Иуни хоёрт мэнд хүргэхдээ адилхан иудей болохоор нь «миний садан» гэж хэлсэн бололтой. Бас Ромд амьдардаг Акул, Прискила хоёр ч иудей үндэстэн байсан (Ром 4:1; 9:3, 4; 16:3, 7; Үйлс 18:2). Гэхдээ Паулын мэнд хүргэсэн ах дүү нарын олонх нь харь үндэстэн байжээ. Тэдний зарим нь «Цезарийн гэрийнхэн» буюу цезарийн боолууд, бага тушаалтнууд байсан байх (Флп. 4:22; Ром 1:6; 11:13).

8. Ромын христианууд ямар байдалтай байсан бэ?

8 Ромын христиан бүр өнөөгийн бидний адил, хүнд байдалтай байв. Энэ тухай Паул: «Бүгд нүгэл үйлдсэнээр Бурханы алдарт хүрдэггүй» хэмээн бичжээ (Ром 3:23). Паулын захидлыг уншсан бүх хүн нүгэлтэйгээ хүлээн зөвшөөрч, нүглээсээ салахын тулд Бурхны авсан арга хэмжээнд итгэх хэрэгтэй байлаа.

Нүгэлтэйгээ хүлээн зөвшөөрөх нь

9. Паул «сайн мэдээг» ямар ач тустай гэж хэлсэн бэ?

9 Тунхагладаг сайн мэдээ нь ямар ач тустайг Паул ромчуудад бичсэн захидлынхаа эхэнд тайлбарлан: «Би сайн мэдээнээс ичихгүй. Яагаад гэвэл тэр нь итгэгч хүн бүрийг, юуны түрүүнд Иудей, мөн түүнчлэн Грек хүнийг авралд хүргэх Бурханы хүч мөн» гэж бичжээ. Тийм ээ, хүмүүс аврагдах боломжтой байсан. Гэхдээ «Зөвт хүн итгэлээр амьдарна» хэмээн Хабаккук 2:4-өөс иш татсаныг үзвэл итгэл хэрэгтэй байлаа (Ром 1:16, 17; Гал. 3:11; Евр. 10:38). Түүгээр ч зогсохгүй, «бүгд нүгэл үйлдсэн» гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Үүний учрыг ярилцъя.

10, 11. Ром 3:23-ыг зарим хүн хүлээн зөвшөөрдөг байхад зарим нь ойлгодоггүйн учир юу вэ?

10 Хүн итгэлтэй болж, аврагдахын тулд эхлээд нүгэлтэйгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Энэ нь Бурханд итгэдэг, Библийг тодорхой хэмжээгээр мэддэг хүмүүст хачирхалтай санагддаггүй (Номлогчийн үгс 7:20-ийг уншина уу). Тэд нүгэлтэйгээ зөвшөөрдөг ч бай, үгүй ч бай, «Бүгд нүгэл үйлдсэн» гэж Паулын хэлсний учрыг ойлгодог (Ром 3:23). Харин үүнийг ойлгодоггүй хүмүүс, дэлгэрүүлж явахад тааралдах нь олон.

11 Зарим орны хүмүүс өөрсдийгөө нүгэлтэй төрсөн гэж боддоггүй. Тэд алдаж энддэг, муухай аашилдаг, ямар нэгэн муу юм хийдгээ мэддэг. Бусад хүн ч бас адилхан байдгийг анзаардаг. Гэхдээ л төрж өссөн орчноосоо болоод учрыг нь ойлгодоггүй. Зарим хэлэнд нүгэлтэн гэдэг үгээр гэмт хэрэг хийсэн, хэв журам зөрчсөн этгээдийг хэлдэг байна. Ийм орчинд өссөн хүн Паулын хэлсэн санааг шууд ойлгож чадахгүй байж магадгүй.

12. Бүх хүн нүгэлтэй төрдөг гэдэгт хүмүүс яагаад итгэдэггүй вэ?

12 Нүгэлтэй төрдөг гэсэн ойлголтыг хүлээн зөвшөөрдөггүй хүн христийн шашин зонхилдог орнуудад ч олон байдаг. Тэд сүмд хааяа очдог хэр нь Библид бичигдсэн Адам Ева хоёрын түүхийг ердөө л үлгэр домог гэж үздэг. Харин зарим нь бурхангүй үзлээр хүмүүжжээ. Тэд Хамгийн дээд Бурхан ёс суртахууны хэм хэмжээ тогтоосон гэдэгт итгэдэггүй учир түүнийг зөрчвөл нүгэлтэнд тооцогдоно гэхлээр утгагүй юм шиг санагддаг ажээ. Үүгээрээ I зууны үеийн зарим хүнтэй адил юм. Паул тэднийг «ямар ч найдваргүй, ертөнцөд Бурхангүй» гэж тодорхойлжээ (Еф. 2:12).

13, 14. а) Бурханд үл итгэх, нүгэлтэйгээ эс зөвшөөрөх шалтаг байхгүйн нэг учир юу вэ? б) Бүтээгч байдагт итгэдэггүй хүмүүс юу хийдэг вэ?

13 Иймэрхүү зүйлээр шалтаглах ёсгүйн хоёр учрыг Паул ромчуудад бичсэн захидалдаа тайлбарлажээ. Нэгдүгээрт, Бүтээгч байдгийг бүтээл нь гэрчилдэг (Ром 1:19, 20-ийг уншина уу). Энэ санаа: «Аливаа барилга хэн нэгнээр баригддаг. Харин бүх юмсын барилгачин бол Бурхан мөн» хэмээн еврейчүүдэд бичсэн Паулын захидалд байдаг (Евр. 3:4). Үүгээрээ, орчлонт ертөнцийг бий болгосон Бүтээгч байдгийг тодорхой хэлж өгсөн.

14 Тийм учраас Паул хиймэл шүтээн шүтдэг бүх хүнд, түүний дотор эртний израильчуудад «шалтаг байхгүй» гэж бичжээ. «Бэлгийн төрөлх харьцааг төрөлх бусаар сольцгоосон» хүмүүсийн тухайд ч ялгаагүй (Ром 1:22–27). Тиймд Паул: «Иудейчүүд болон грекчүүд бүгд нүгэл дор байдаг» гэж дүгнэсэн нь тун зөв ажээ (Ром 3:9).

Гэрчлэгч

15. Бурхны хуулийг мэддэггүй хүн мөс чанарынхаа ачаар юу хийдэг вэ?

15 Хүн нүгэлтэй бөгөөд нүглээс чөлөөлөгдөх хэрэгтэйгээ хүлээн зөвшөөрөх бас нэг учрыг «Ром» номоос мэдэж болдог. Паул: «Хуулийн дор нүгэл үйлдсэн бүх хүн Хуулиар шийтгэгдэх болно» хэмээн бичихдээ эртний израильчуудад өгсөн Бурхны хуулийг хэлжээ (Ром 2:12). Тэрбээр цааш нь Бурхны энэ хуулийг мэддэггүй бусад үндэстний хүмүүс ихэнхдээ «төрөлх байдлаараа Хуулийн зүйлсийг үйлддэг» хэмээн дүгнэсэн. Тэр хүмүүс цус ойртох, хүн алах, хулгай хийхийг цээрлэдгийн учир юу вэ? Паул үүнийг тэдний мөс чанартай холбон тайлбарласан (Ром 2:14, 15-ыг уншина уу).

16. Мөс чанартай л бол нүгэл үйлдэхгүй гэж ойлгож болох уу?

16 Гэхдээ хүн мөс чанартай байлаа гээд түүндээ тэр бүр захирагддаггүйг эртний израильчуудын жишээ харуулдаг. Хулгай хийх, садар самуун үйлдэхийг хориглосон тодорхой заалт бүхий хууль, Бурхнаас заяасан мөс чанарын аль аль нь тэдэнд байсан. Гэвч Еховагийн хуулийг ч, мөс чанараа ч үл тоомсорложээ (Ром 2:21–23). Тиймээс Бурхны хэм хэмжээг зөрчдөг, хүсэл таалалд нь нийцдэггүй тэднийг нүгэлтэй гэхээс өөр аргагүй байсан. Ийнхүү Бүтээгчтэйгээ тогтоосон харьцаандаа ан цав суулгасан (Лев. 19:11; 20:10; Ром 3:20).

17. «Ром» ном бидэнд урам хайрладаг гэхийн учир юу вэ?

17 «Ром» номоос харахад Төгс хүчит Нэгэн хүмүүс биднийг ямар ч найдваргүй гэж үздэг юм шиг. Гэхдээ Паул цааш нь юу гэж бичсэнийг үзье. Тэрбээр Дуулал 32:1, 2-т байдаг Давидын үгийг иш татан: «Хууль бус явдал нь уучлагдаж, нүглүүд нь далдлагдсан хүмүүс ерөөлтэй. Эзэн нүглийг нь огт үл тооцох тэр хүн ерөөлтэй» гэжээ (Ром 4:7, 8). Тэгэхлээр, Бурхан хуулиа зөрчилгүйгээр нүглийг уучлах арга хэмжээ авсан хэрэг юм.

Есүсийн үүргийг онцолдог сайн мэдээ

18, 19. а) Паул «Ром» номдоо юу онцолсон бэ? б) Хаанчлалын ивээлийг хүртэхийн тулд бид юу ойлгох ёстой вэ?

18 «Үнэхээр сайн мэдээ!» гэж та хэлэх байх. Яах аргагүй тийм. Энэ бол Паулын «Ром» номдоо онцолсон сайн мэдээ шүү дээ. Тэрбээр: «Би сайн мэдээнээс ичихгүй. Яагаад гэвэл тэр нь ... авралд хүргэх Бурханы хүч мөн» гэж бичсэн билээ (Ром 1:15, 16).

19 Бурхны санаа зорилго биелэхэд Есүс гол үүрэгтэйг ойлгож байсан учраас Паул: «Сайн мэдээний дагуу, ... Бурхан хүмүүсийн нууц зүйлсийг Христ Есүсээр шүүх өдөр» гэж бичжээ (Ром 2:16). Тийнхүү Есүсийн үүргийг онцолсон нь «Христийн болон Бурханы хаанчлалыг», эсвэл Хаанчлалын тусламжтайгаар Бурхны хийх зүйлийг дутуу үнэлсэн юм биш (Еф. 5:5). Харин Бурхны Хаанчлалын ивээлийг хүртэж амьдаръя гэвэл 1) Бурхны нүдэнд нүгэлтэй харагддагаа, 2) Есүс Христэд итгэж байж л нүглээ уучлуулна гэдгээ ойлгох ёстойг хэлсэн хэрэг ажээ. Бурхны энэ санаа зорилгыг ойлгон, хүлээж аваад, өөрийнх нь өмнө ямар ирээдүй байгааг олж харсан хүн: «Тийм ээ, үнэхээр сайн мэдээ!» гэж дуу алддаг.

20, 21. Дэлгэрүүлэхдээ Есүсийн үүргийг онцлох хэрэгтэйн учир юу вэ? Үр дүн нь ямар байж болох вэ?

20 Бид сайн мэдээ дэлгэрүүлэхдээ Есүсийн үүргийг онцлох нь зүйтэй. Паул Исаиагийн үгийг иш татан Есүсийн тухай хэлэхдээ: «Түүнд итгэгч нь ичгэвтэр байдалд орохгүй» гэжээ (Ром 10:11; Ис. 28:16). Нүглийн талаар Библи юу хэлдгийг мэддэг хүмүүсийн хувьд Есүсийн тухай сайн мэдээг ойлгоход хэцүү биш байж болох юм. Харин Библийг огт мэддэггүй хүмүүст энэ нь цоо шинэ ойлголт байдаг. Тэднийг Библи болон Бурханд итгэдэг болоод ирэхлээр нь Есүс ямар үүрэгтэйг тайлбарлаж өгөх хэрэгтэй болдог. Дараагийн өгүүллээр энэ сайн мэдээг «Ром» номын 5-р бүлэгт хэрхэн тайлбарласныг үзнэ. Энэ нь дэлгэрүүлэх ажилд тань тустай байх болов уу.

21 «Ром» номд олон дахин онцолсон, «итгэгч хүн бүрийг ... авралд хүргэх Бурханы хүч» болох сайн мэдээг чин сэтгэлтэй хүмүүст ойлгуулах нь үнэхээр бахдалтай (Ром 1:16). Зөвхөн үүгээр ч зогсохгүй, «Сайн мэдээг тунхаглагчдын хөл юутай сайхан!» хэмээн дуу алдан баярлахыг нь бид харна (Ром 10:15; Ис. 52:7).

[Зүүлт]

^ Төстэй үг хэллэгийг Библийн бусад номд бичсэн байдаг (Марк 1:1; Үйлс 5:42; 1 Кор. 9:12; Флп. 1:27).

Санаж байна уу?

• «Ром» номд юун тухай «сайн мэдээг» онцолдог вэ?

• Бид хүмүүст юу ойлгуулах хэрэгтэй вэ?

• Христийн ачаар хүн төрөлхтөн ямар ивээл хүртэх вэ?

[Догол мөрийн асуулт]

[8-р хуудасны товчлол]

Бурхны санаа зорилго биелэхэд Есүс ямар үүрэгтэйг «Ром» номд онцолдог

[9-р хуудасны зураг]

Бид бүгдээрээ нүгэлтэй төрдөг