Skip to content

Гарчиг руу орох

«Та нарын дунд байгаа Бурханы хонин сүргийг хариул»

«Та нарын дунд байгаа Бурханы хонин сүргийг хариул»

«Та нарын дунд байгаа Бурханы хонин сүргийг хариул»

«Та нарын дунд байгаа Бурханы хонин сүргийг хариул. Ингэхдээ албадлагаар бус, харин сайн дураараа» (1 ПЕТР 5:2).

1. Петр анхны захидлаараа итгэл нэгтнүүдээ зоригжуулах гэсний учир юу вэ?

 НЕРОНЫГ Ромын христиануудын эсрэг хавчлага өдүүлэхээс өмнө элч Петр итгэл нэгнүүдээ зоригжуулах зорилгоор анхны захидлаа бичжээ. Учир нь Диавол «гэтэн явж», христиануудыг залгихаар хайж байв. Түүнийг эсэргүүцэхийн тулд «эрүүл ухаантай» байж, «Бурханы хүчирхэг мутрын дор өөрсдийгөө даруу байлгах» шаардлагатай байсныг Петр сануулжээ (1 Петр 5:6, 8). Түүнчлэн, эв эеэ сахихыг хичээх хэрэгтэй байлаа. Хэрэв «нэг нэгнээ зуух» аваас «бие биеэ хөнөөж» болзошгүй байв (Гал. 5:15).

2, 3. Бид хэнтэй тэмцэх ёстой вэ? Энэ цуврал өгүүллээр юун тухай ярилцах вэ?

2 Өнөөдөр ч мөн ялгаагүй. Диавол биднийг залгих боломж бүрийг хайж байна (Илч. 12:12). «Ертөнцийн эхнээс өнөөг хүртэл болоогүй ... агуу их гай гамшиг» тун удахгүй болно (Мат. 24:21). Ийм үед бид хэрүүл маргаан гаргахгүй байхыг эртний христиануудын адилаар хичээх ёстой. Заримдаа ахлагчдаас тусламж авах хэрэг гарч мэднэ.

3 Ахлагчид «Бурханы хонин сүргийг хариулах» завшаанаа илүү өндөр үнэлдэг болохын тулд яах хэрэгтэйг одоо ярилцъя (1 Петр 5:2). Тэгээд, хонин сүргийг яаж зөв зохистой хариулах тухай бодоцгооё. Харин дараагийн өгүүллээр, хурлын гишүүд өөрсдийг нь «удирдахын» тулд нөр их хөдөлмөрлөдөг хүмүүсийг хэрхэн хүндэлж болохыг үзье (1 Тес. 5:12). Энэ бүхэн гол Дайсантайгаа тэмцэхэд туслах юм (Еф. 6:12).

Бурхны сүргийг хариулах нь

4, 5. Ахлагчид сүргийг юу гэж үзэх ёстой вэ? Жишээгээр тайлбарлана уу.

4 Хонин сүрэгт Бурхны үзэл бодлоор хандахыг Петр нэгдүгээр зууны христиан ахлагчдад уриалсан (1 Петр 5:1, 2-ыг уншина уу). Хэдийгээр Петр хурлын гол багана гэгддэг байсан ч тэдэнд зөвлөгөө өгөхдөө дорд үзсэн өнгөөр ярилгүй, адилхан ахлагч гэсэн үүднээс ханджээ (Гал. 2:9). Удирдах Зөвлөл Бурхны сүргийг хариулах ярвигтай үүрэг биелүүлэхийг хурлын ахлагчдад Петрийнх шиг сэтгэлээр уриалдаг.

5 Элч Петрийн бичсэнээр, ахлагчид «Бурханы хонин сүргийг хариулах» учиртай байв. Өөрөөр хэлбэл, хариулж байгаа хонин сүрэг нь Ехова Есүс хоёрынх гэдгийг ухамсарлан хариуцлагатай хандах ёстой байлаа. Үүнийг энгийн жишээгээр тайлбарлая. Дотнын найз тань хүүхдүүдийг маань хараад өгөөч гэж гуйжээ. Тэгвэл та сайн харж асраад, хоол ундыг нь өгнө биз дээ? Нэг нь өвдвөл шаардлагатай эмчилгээ хийлгэхгүй гэж үү? Ахлагчид Бурхны хуралд яг л ингэж санаа тавьдаг. Учир нь хурлыг Бурхан Хүүгийнхээ «цусаар Өөртөө худалдаж авсан» юм (Үйлс 20:28). Бурхан хонь нэг бүрийг Христ Есүсийн үнэт цусаар худалдан авсныг тэд үргэлж санаж байдаг учир сүргийг тэжээж, хамгаалж, асран халамжилдаг.

6. Эрт цагт хоньчин хүн хоньдынхоо төлөө юу хийдэг байсан бэ?

6 Библи бичигдэж байсан үеийн хоньчин хүн хонин сүргээ хариулж маллахын тулд өдрийн халуунд халж, шөнийн хүйтэнд хөрч явжээ (Эх. 31:40). Тэр байтугай, хоньдынхоо төлөө амь насаараа дэнчин тавьдаг байв. Хоньчин хүү Давид арслан, баавгай гэх мэтийн зэрлэг араатнуудаас хонио аварч явжээ. Тэрбээр тэдгээр араатны «сахлаас нь шүүрэн авч, түүнийг цохиж алдаг» тухайгаа ярьсан байдаг (1 Сам. 17:34, 35). Ямар их зориг вэ! Араатны аманд ороход тун ойрхон байжээ! Гэлээ ч хоньдоо аврахаас зүрхшээж байгаагүй ажээ.

7. Ахлагчид хоньдыг Сатаны амнаас «суга татан гаргахын» тулд яадаг вэ?

7 Өнөөгийн ахлагчдад ч бас Диавол хэмээх арслангийн дайралтаас сүргийг хамгаалах шаардлага тулгардаг. Зарим үед хоньдыг Диаволын амнаас зоригтойгоор «суга татан гаргахад» хүрдэг. Сатаны урхинд орсон анхаарал болгоомжгүй итгэл нэгтнүүдтэйгээ ярилцах хэрэгтэй болдог (Иуда 22, 23-ыг уншина уу). Энэ бүхнийг Еховагийн тусламжгүйгээр хийхгүй нь ойлгомжтой. Ахлагчид сүнслэгээр суларсан итгэл нэгтэнтэйгээ аядуу зөөлөн ярилцаж, «шархан» дээр нь Бурхны Үг хэмээх өвчин намдаах тос түрхэж боодог.

8. Ахлагчид сүргийг хаана, хэрхэн бэлчээдэг вэ?

8 Хоньчин хүн хонио өвс, ус сайтай газарт бэлчээдэг шиг ахлагчид сүргийг хурал хэмээх газарт бэлчээдэг. Өөрөөр хэлбэл, цуглаандаа тогтмол очиж, «цагт нь хоол унд» авахыг уриалдаг (Мат. 24:45). Ахлагчид сүнслэгээр өвдсөн хүмүүст туслан, Бурхны Үгийн ач тусыг хүртээх гэж зориуд цаг зав гаргадаг. Төөрсөн хонь сүрэгтээ буцаж ирэхийг оролдож мэднэ. Тийм үед тэднийг айлгаж сүрдүүлэх бус, харин ч Библийн зарчмыг аядуу зөөлөн тайлбарлаж, яаж хэрэгжүүлэхийг нь хэлж өгдөг.

9, 10. Ахлагчид сүнслэгээр өвдсөн хүнд хэрхэн санаа тавьж болох вэ?

9 Та өвдлөө гэхэд ямар эмчид хандах вэ? Таныг сонссон ч юм байхгүй, жор бичиж өгсөн болчихоод, дараагийн өвчтөнийг хүлээж авдаг эмчид үзүүлэх үү? Эсвэл таны яриаг анхааралтай сонсоод, юу тань болохгүй байгааг хэлж, ямар эмчилгээ хийлгэвэл сайн болохыг тайлбарлаж өгдөг эмчид үзүүлэх үү?

10 Ахлагчид ч бас сүнслэг утгаар өвдсөн хүний юу хэлэхийг сонсож, «Эзэний [Еховагийн, ШЕ] нэрээр түүнийг тосоор тосолж», шархыг нь эдгээж өгөх хэрэгтэй (Иаков 5:14, 15-ыг уншина уу). Гилеадын гавар шарханд сайн байдаг шиг, Бурхны Үг сүнслэгээр өвдсөн хүнийг илааршуулах хүчтэй (Иер. 8:22; Езе. 34:16). Сүнслэгээр гуйвж дайвсан хүн Библийн зарчмыг хэрэгжүүлбэл тэнцвэрээ дахин олдог. Ахлагчид өвчтэй хоньдын зовлонг сонсвол тэдний төлөө их зүйлийг хийж болно. Бас хамт залбирах нь зүйтэй.

Албадлагаар бус, сайн дураараа хариулах нь

11. Ахлагчид ямар учраас Бурхны хонин сүргийг сайн дураараа хариулдаг вэ?

11 Дараа нь Петр ахлагчдад хонио хариулахдаа юу хийвэл зохихыг, мөн юу хийхгүй байхыг сануулсан. Ахлагчид Бурхны сүргийг албадлагаар бус, сайн дураараа хариулах ёстой аж. Тэд ямар учраас ах дүүдээ сайн дураараа үйлчилдэг вэ? Петр ямар учраас Есүсийн хоньдыг хариулж, тэжээсэн билээ? Гол нь Есүст хайртай байсан шүү дээ (Иох. 21:15–17). Ахлагчид бас Есүст хайртай учраас «өөрсдийн төлөө бус, харин өөрсдийнх нь төлөө үхээд, амилуулагдсан Түүний төлөө амьдардаг» (2 Кор. 5:14, 15). Бурхныг болоод ах дүүсээ хайрладагтаа цаг зав, мөнгө төгрөг, хүч хөдөлмөрөө харамгүй зориулдаг (Мат. 22:37–39). Тэд шахаж шаардуулсандаа бус, харин сайн дураараа өөрсдийгөө зориулдаг.

12. Элч Паул итгэл нэгтнүүддээ хэр их санаа тавьдаг байсан бэ?

12 Ахлагчид хоньдын төлөө хэр их санаа тавьдаг вэ? Тэд Есүсийн мөрөөр алхдаг байсан элч Паулыг дууриадаг (1 Кор. 11:1). Паул болон түүний нөхөд Тесалоникийн ах дүү нартаа хайртай учир «зөвхөн Бурханы сайн мэдээг бус мөн амиа ч өгөхийг хүсжээ». Ингэхдээ «хүүхдүүдээ асран байгаа эх хүн мэт зөөлөн байв» (1 Тес. 2:7, 8). Эх хүн шөнө дүлээр босож нялх үрээ хөхүүлэх зэргээр юу ч хийхэд бэлэн байдгийг Паул ойлгодог байжээ.

13. Ахлагчид ямар асуудалд дүн нуруутай хандах хэрэгтэй вэ?

13 Ахлагчид Бурхны сүргийг хариулах болон гэр бүлдээ санаа тавих үүрэгтээ дүн нуруутай хандах хэрэгтэй (1 Тим. 5:8). Тэд гэр бүлтэйгээ хамт өнгөрүүлэх үнэт цагаа итгэл нэгтнүүддээ зориулахад хүрдэг. Ийм үед ахлагч хүн яаж дүн нуруутай байх вэ? Хааяа Гэр бүлийн Библийн хичээлдээ хүмүүсийг урих нь сайн. Хэдэн жилийн өмнө Масанао гэдэг япон ахлагч ганц бие болон сүнслэг утгаар бэлэвсэн, өнчин хүмүүсийг гэр бүлийн хичээлдээ урьдаг байжээ. Хожим нь тэр хүмүүс өөрсдөө ахлагч болоод, Масанаогийн сайхан жишээг дууриадаг болсон гэнэ.

Хомхой ашгийн төлөө бус, харин хичээл зүтгэлээр хариулах нь

14, 15. Ахлагчид хомхой ашиг хайхаас сэрэмжлэх хэрэгтэйн учир юу вэ? Паулыг хэрхэн дууриах вэ?

14 Сүргийг «хомхой ашгийн төлөө бус, харин хичээл зүтгэлээр» хариулахыг Петр ахлагчдад зөвлөжээ. Ер нь ахлагчийн үүргийг биелүүлэхэд чамгүй их цаг зарцуулах хэрэгтэй болдог ч ахлагчид үүнийхээ төлөө цалин хөлс авдаггүй. Гэхдээ л Бурхны хоньдыг «хомхой ашгийн төлөө» хариулахын аюул байдгийг ахлагчдад анхааруулах шаардлагатайг Петр ойлгожээ. Ийм аюулыг «Агуу Вавилонд» хамрагддаг шашны удирдагчдын амьдралаас тодорхой харж болно. Тэд баян тансаг амьдарч байхад, өдий төдий хүн аргагүйн эрхэнд ядуу зүдүү аж төрдөг (Илч. 18:2, 3). Өнөөгийн ахлагчид ийм хандлагатай болохоос сэрэмжлэх нь зүйтэй.

15 Паул христиан ахлагчдад сайхан жишээ үлдээжээ. Тэрбээр элч учир Тесалоникийн христиануудад «дарамт» учруулж болох байсан. Гэхдээ «хэний ч талхнаас зүгээр идээгүй». Харин «өдөр шөнөгүй хөдөлмөрлөж, эцэж туйлдталаа ажиллаж байлаа» (2 Тес. 3:8). Орчин үед ийм сайхан жишээ үзүүлдэг ахлагчид, түүний дотор явуулын харгалзагчид олон бий. Тэд итгэл нэгтнүүдээрээ дайлуулж цайлуулдаг боловч хэнд ч «дарамт» болохыг боддоггүй (1 Тес. 2:9).

16. Сүргийг хариулахдаа «хичээл зүтгэл» гаргана гэж яахыг хэлдэг вэ?

16 Ахлагчид хоньдыг хариулахдаа «хичээл зүтгэл» гаргах учиртай. Тэд сүрэгт туслахын тулд өөрийн эрх ашгийг хойш нь тавьдаг нь хичээл зүтгэлтэйн шинж юм. Гэхдээ сүргийг Еховад үйлчил гэж шахаж шаарддаггүй, хооронд нь өрсөлдүүлдэггүй (Флп. 1:15). Хонь болгон өөрийн гэсэн онцлогтойг ойлгодог. Еховад баяр хөөртэй үйлчлэхэд нь ах дүүстээ туслахад бэлэн байдаг.

Сүргийг ноёлох бус, үлгэр дууриал болон хариулах нь

17, 18. а) Даруу байх тухай Есүсийн сургаалыг элч нар заримдаа ойлгодоггүй байсан нь юунаас харагддаг вэ? б) Өнөө үед үүнтэй төстэй ямар асуудал байж болох вэ?

17 Ахлагчид өөрсдийнхөө хоньдыг бус, Бурхны хоньдыг хариулдгаа санах ёстойг ярилцлаа. Тэд Бурхны өмч хөрөнгө болсон «хонин сүргийг ноёлохоос» болгоомжлох ёстой аж (1 Петр 5:3-ыг уншина уу). Есүсийн элч нар заримдаа буруу хандлагад автаж, ард олныг ноёрхдог захирагчидтай адил, өндөр байр суурьтай болохыг санаархаж байжээ (Марк 10:42–45-ыг уншина уу).

18 «Харгалзагч болохыг эрмэлздэг» эрчүүд ямар сэтгэлээр тийн эрмэлздэгээ шалгах хэрэгтэй (1 Тим. 3:1). Элч нарын адилаар эрх мэдэл, алдар нэр олох гэж санаархдаг эсэхээ өөрөөсөө асуух нь зүйтэй. Элч нар энэ дутагдлаа засах гэж зүдэрч байсан. Тэгвэл орчин үеийн ахлагчид ч бас бусдаас дээгүүр эрх мэдэлтэй байх гэсэн ертөнцийн хандлагаасаа салахын тулд шаргуу тэмцэх шаардлагатай.

19. Ахлагчид сүргийг хамгаалах арга хэмжээ авахдаа юу санах ёстой вэ?

19 «Догшин чононууд» сүрэгт аюул учруулбал ахлагчид хатуу арга хэмжээ авах хэрэгтэй (Үйлс 20:28–30). Паул Титэд: «Бүхий л эрх мэдэлтэйгээр ярь, ухуул» гэж зөвлөжээ (Тит 2:15). Гэхдээ ахлагчид хатуу арга хэмжээ авахдаа ч тухайн хүнд хүндэтгэлтэй хандахыг хичээдэг. Хурцаар шүүмжилснээс, эвтэйхэн зөвлөвөл зүрх сэтгэлийг нь хөдөлгөж, зөв замаар явах хүсэл төрүүлэх нь олонтаа.

20. Ахлагчид Есүсийг хэрхэн дууриаж болох вэ?

20 Ахлагчид Христийн жишээг дууриан, сүргийг хайрладаг (Иох. 13:12–15). Есүс дэлгэрүүлэх, шавь бэлдэх ажилд дагалдагчдаа хэрхэн сургаж байсныг уншихлаар сэтгэл хөдөлдөг. Түүний даруу зан шавь нарынх нь зүрх сэтгэлд хоногшиж, «даруухнаар бие биеэ өөрөөсөө дээр гэж үзэхэд» хүргэсэн (Флп. 2:3). Ахлагчид бас Есүстэй адилаар, «хонин сүрэгтээ үлгэр дуурайл болохыг» хүсдэг.

21. Ахлагчид ямар ивээл хүртэх вэ?

21 Петр ахлагчдад өгсөн зөвлөгөөнийхөө төгсгөлд ирээдүйн амлалтын тухай дурджээ (1 Петр 5:4-ийг уншина уу). Тослогдсон харгалзагчид тэнгэрээс Христтэй хамт захирах «алдрын гандашгүй титмийг хүлээн авна». Харин «өөр хонинуудын» тоонд багтдаг харгалзагчид дэлхий дээрх Бурхны сүргийг «Ахлах Хоньчны» удирдлага дор хариулах завшаан эдэлнэ (Иох. 10:16). Хурлын гишүүд ахлагчдаа хэрхэн дэмжиж болохыг дараагийн өгүүллээр үзнэ.

Давтах асуулт

• Петр бусад ахлагчдадаа Бурхны хонин сүргийг хариулахыг зөвлөсөн нь яагаад зөв байсан бэ?

• Ахлагчид сүнслэгээр өвдсөн итгэл нэгтнүүдээ хэрхэн хариулах ёстой вэ?

• Ахлагчид яагаад Бурхны сүргийг хариулахыг хүсдэг вэ?

[Догол мөрийн асуулт]

[21-р хуудасны зураг]

Ахлагчид эртний хоньчдын адилаар, Бурхны сүргийг хамгаалах ёстой