Skip to content

Гарчиг руу орох

«Дунд чинь ажилладаг ... хүмүүсийг хүндэл»

«Дунд чинь ажилладаг ... хүмүүсийг хүндэл»

«Дунд чинь ажилладаг ... хүмүүсийг хүндэл»

«Дунд чинь ажилладаг ба Эзэний дотор та нарыг удирдаж, заавар өгдөг хүмүүсийг хүндэл» (1 ТЕС. 5:12).

1, 2. а) Паулыг Тесалоникийн хуралд анхны захидлаа бичих үед тэндхийн христианууд ямар байдалтай байсан бэ? б) Паул Тесалоникийн христиануудад юу гэж уриалсан бэ?

 НЭГДҮГЭЭР зууны Тесалоникийн хурал бол Европт үүсэн байгуулагдсан анхны хурлуудын нэг юм. Элч Паул тэндхийн итгэл нэгтнүүдээ батжуулахаар нэлээд удаан хамт байжээ. Тэрбээр бусад хурлын нэгэн адил, тэнд ч мөн ахлагчдыг томилсон биз ээ (Үйлс 14:23). Тэгтэл иудейчүүд бүлэг хүмүүсийг зохион байгуулж, Паул Силас хоёрыг хотоосоо хөөн гаргажээ. Үлдэж хоцорсон христианууд түшиж тулах хүнгүй болсондоо айж сандарсан ч байж мэднэ.

2 Тесалоникоос явсныхаа дараа Паул шинэхэн байгуулагдсан хурлын төлөө санаа зовж байсан нь ойлгомжтой. Тэрбээр буцаж очихыг оролдсон ч Сатан түүнийг «саатуулжээ». Тийм учраас хурлыг «урамшуулан, батжуулахаар» Тимотыг явуулсан (1 Тес. 2:18; 3:2). Тимотыг сайн мэдээтэй буцаж ирэхэд нь Паул баярлан, Тесалоникийн христиануудад захидал бичжээ. Олон зүйл бичсэний дотор «Та нарыг удирддаг ... хүмүүсийг хүндэл» гэж уриалжээ (1 Тесалоник 5:12, 13-ыг уншина уу).

3. Ахлагчдаа үлэмж өндрөөр үнэлэх ямар ямар шалтгаан Тесалоникийн христиануудад байсан бэ?

3 Байгуулагдаад жил ч болоогүй Тесалоникийн хурлын ахлагчид Паул болон түүний нөхөд шиг туршлагатай биш байв. Иерусалим дахь ахлагчидтай адил Еховад олон жил үйлчилсэн хүмүүс ч биш байсан. Гэхдээ л хурлынхаа гишүүдийн төлөө «ажилладаг», «удирддаг», «заавар өгдөг» тэдэнд талархах бүрэн үндэс байлаа. Тэгээд ч Паул Тесалоникийн христиануудад «хайр дотор тэднийг үлэмж өндрөөр үнэлэхийг» уриалсан бөгөөд «нэг нэгэнтэйгээ эв найртай амьдрахыг» захисан билээ. Хэрэв та тэнд байсан бол ахлагчдад гүнээ талархах байсан уу? Христээр дамжуулан Бурхны өгсөн «хүн бэлгүүдийг» та юу гэж үздэг вэ? (Еф. 4:8, ШЕ).

«Ажилладаг»

4, 5. I зууны ахлагчид хурлын гишүүдэд зааж сургахын тулд яагаад нөр их хөдөлмөрлөдөг байсан бэ? Өнөөдөр ч бас адилхан байдгийн учир юу вэ?

4 Тесалоникийн ахлагчид Паул Силас хоёрыг Берой руу явуулсныхаа дараа тун шаргуу «ажиллажээ». Тэд Паулыг дууриан хурлын гишүүдийг Судрын тусламжтайгаар сургаж байсан нь лавтай. Беройчууд «Тесалоникийн хүмүүсийг бодвол уужим сэтгэлтэй байсан бөгөөд ... Судрыг өдөр бүр нягтлан үзэж байлаа» гэж Библид байдаг болохоор та: «Тесалоникийн христианууд Бурхны Үгийг үнэлж үздэггүй байсан байх» гэж бодож болох юм (Үйлс 17:11). Гэхдээ беройчуудыг Тесалоникийн христиануудтай биш, харин жирийн иудейчүүдтэй харьцуулсныг анхаараарай. Итгэгч болсон хүмүүсийн тухайд гэвэл, тэд Судрыг «хүний үг бус, харин ... Бурханы үг хэмээн хүлээн авсан» аж (1 Тес. 2:13). Ахлагчид Бурхны Үгийн тухай илүү ихийг сурч мэдэхийн хүслэн болсон ийм л хүмүүсийг сүнслэгээр хооллохын тулд нөр их хөдөлмөрлөх ёстой байжээ.

5 Эдүгээ итгэмжит ухаалаг боолын анги Бурхны сүрэгт «цагт нь хоол ундыг» өгч байна (Мат. 24:45). Хурлын гишүүд Библид үндэслэсэн ном хэвлэл элбэг дэлбэг авдаг нь үүний нэг жишээ юм. Бас зарим хэлээр «Харуулын Цамхаг Нийгэмлэгийн хэвлэлийн товъёг», «Харуулын Цамхаг Нийгэмлэгийн номын сан» (компакт диск) гарч байна. Боолын удирдлага дор ажилладаг орон нутгийн ахлагчид итгэл нэгтнүүдээ сүнслэгээр хооллохын тулд нөр их хөдөлмөрлөдөг. Тэд хурлын сүнслэг хэрэгцээг хангаж, цуглааны хөтөлбөрийг үр өгөөжтэй болгох зорилгоор даалгавраа бэлдэхэд олон цаг зарцуулдаг. Тэднийг цуглаан, чуулганд тавих илтгэлээ бэлдэх гэж хэчнээн их цаг зарцуулдгийг та бодож үзсэн үү?

6, 7. а) Паул Тесалоникийн ахлагчдад ямар жишээ үлдээсэн бэ? б) Паулыг дууриах нь орчин үеийн ахлагчдад амаргүй байдгийн учир юу вэ?

6 Тесалоникийн ахлагчид Паулын сайхан жишээг санан, хонь хариулахыг үүрэг төдий үзэлгүй, хоньдыг хайрлан, аядуу зөөлөн хандаж, хэрэгцээ шаардлагыг нь хангадаг байжээ. Паул «хүүхдүүдээ асран байгаа эх хүн мэт зөөлөн байсныг» өмнөх өгүүллээр ярилцсан (1 Тесалоник 2:7, 8-ыг уншина уу). Тэрбээр амиа «өгөхөд» ч бэлэн байсан нь гайхалтай! Тесалоникийн ахлагчид сүргийг тэгж л хариулдаг байжээ.

7 Орчин үеийн христиан хоньчид Паулыг дууриан сүргийг «асардаг». Хурлын зарим гишүүн угийн найрсаг, нөхөрсөг биш байж болох ч ахлагчид тэднийг ойлгон, сайн талыг нь олохыг хичээдэг (Сур. 16:20). Тэд төгс бус учраас хүн бүрийг зөв ойлгоод байж чаддаггүй нь үнэн. Гэлээ ч бүх хүнтэй аядуу зөөлөн харьцахын төлөө чадах бүхнээ хийдэг. Христээр удирдуулан сайн хоньчин байх гэж хичээдэг тэднийг магтаж, сайшаах хэрэгтэй биз дээ?

8, 9. Ахлагчид бидний сэтгэлийг хэрхэн «сэрэмжлэн харгалзаж байдаг» вэ?

8 Бид бүгдээрээ ахлагчдад «захирагдах» ёстой. Учир нь Паулын бичсэнээр, тэд бидний «сэтгэлийг сэрэмжлэн харгалзаж байдаг» (Евр. 13:17). Ер нь хоньчин хүн хоньдоо хамгаалахын тулд унтах нойроо ч хасдаг. Үүнтэй адилаар ахлагчид өвчтэй зовлонтой, сэтгэл санаагаар унасан, сүнслэгээр суларсан хүмүүсийг асран халамжлахын тулд нойроо хугасалдаг. Жишээ нь, итгэл нэгтэнд нь цусгүй эмчилгээ хийлгэх шаардлага гэнэт тулгарахад Эмнэлэгтэй хамтран ажиллах хорооны ахлагчид тэдэнд туслахаар шөнө дунд ч босож очих нь бий. Хүнд хэцүү үед маань тийнхүү тусалдагт нь талархаад баршгүй!

9 Бүс нутгийн барилгын хороо болон тусламжийн хорооны ахлагчид нөр их хөдөлмөрлөн, итгэл нэгтнүүддээ тусалдаг. Бид тэднийг дэмжих ёстой! 2008 онд Мьянмарыг нэрвэсэн Наргис хар салхины дараа юу болсныг ярилцъя. Тусламжийн эхний баг гамшигт өртсөн Ирравадди мөрний сав газарт орших Ботингон тосгоны итгэл нэгтнүүд дээрээ очихоор болжээ. Ихээр сүйдэж, хаа сайгүй үхсэн хүнээр дүүрсэн газраар явж очтол нутгийн Гэрчүүд тэднийг, ялангуяа урьд нь ирж байсан дүүргийн харгалзагчаа хармагцаа «Энэ чинь манай дүүргийн харгалзагч байна шүү дээ! Ехова биднийг аварлаа!» хэмээн баярлан дуу алдсан гэдэг. Та өдөр шөнөгүй ажилладаг ахлагчдын хөдөлмөрийг үнэлдэг үү? Зарим ахлагч хууль, эрхтэй холбоотой ярвигтай асуудлыг шийдэх тусгай хороонд үйлчлэхээр томилогддог. Тэд хийсэн ажлаараа сайрхаад байдаггүй ч тэдний үйлчлэлийн үр шимийг хүртдэг хүмүүс үнэхээр их талархдаг (Мат. 6:2–4).

10. Ахлагчид хэнд ч үл анзаарагдам ямар ажил хийдэг вэ?

10 Түүнчлэн ахлагчид бичиг цаасны ажил хийдэг. Жишээ нь, ахлагчдын зөвлөлийн зохицуулагч долоо хоног бүрийн цуглааны хуваарийг зохиодог. Хурлын нарийн бичгийн дарга сар бүрийн, жил бүрийн дэлгэрүүлэх ажлын тайлан гаргадаг. Сургуулийн харгалзагч сайтар бодож боловсруулсан ТҮС-ийн хуваарь гаргадаг. Улирал тутам нэг ахлагч сонгогдон, хурлын тайлан тооцоог шалгадаг. Ахлагчид салбараас ирсэн захидлыг уншиж, зааврыг нь хэрэгжүүлдэг. Үүний ачаар итгэлийн «нэгдлийг хадгалж» чаддаг (Еф. 4:3, 13). Нөр их хөдөлмөрлөдөг ийм ахлагчдын ачаар «бүх юм зохистой, эмх журмынхаа дагуу байдаг» (1 Кор. 14:40).

«Удирддаг»

11, 12. Хурлын үйл ажиллагааг хэн удирддаг вэ? Удирдана гэж яахыг хэлдэг вэ?

11 Паул Тесалоникийн ажилсаг ахлагчдыг хурлын үйл ажиллагааг «удирддаг» гэж хэлсэн (1 Тес. 5:12). Бас тэднийг «та нарын дунд ажилладаг» гэсэн. Тэрбээр хурлын ахлагчдыг бүгдийг нь ийн хэлжээ. Өнөөдөр ихэнх ахлагч хурлын үйл ажиллагааг удирдан, цуглааныг хөтөлж явуулдаг. Саяхнаас «ахлагчдын зөвлөлийн зохицуулагч» томилдог болсон нь ахлагчид бүгдээрээ нэг биеийн эрхтнүүд юм гэдгийг бидэнд ойлгуулсан.

12 Хурлын үйл ажиллагааг удирдана гэдэг нь зааж сургах төдийхнөөр хязгаарлагдахгүй. 1 Тимот 3:4-т: «[Харгалзагч хүн] өөрийн гэрийг сайн захирдаг, бүхий л хүндлэлтэйгээр эрхшээлд хүүхдүүдээ байлгадаг хүн байх» ёстой гэж Паулын хэлснээс үзвэл «захирах» буюу удирдах гэдэг нь хүүхдүүддээ заагаад зогсохгүй, гэр бүлийнхээ манлайд явж, «эрхшээлд хүүхдүүдээ байлгах» гэсэн утгатай ажээ. Тэгэхлээр, ахлагчид бүх хүнийг Еховад захирагдахад нь туслан, хурлын манлайд явдаг аж (1 Тим. 3:5).

13. Ахлагчдын зөвлөл шийдвэр гаргахдаа их цаг зарцуулдгийн учир юу вэ?

13 Сүргийг сайн удирдахын тулд ахлагчид хамтдаа хэлэлцэж, хурлын асуудлыг шийддэг. Нэг ахлагч ганцаараа бүх шийдвэрийг гаргавал илүү үр дүнтэй байж болно л доо. Гэхдээ орчин үеийн ахлагчдын зөвлөл I зууны удирдах зөвлөлийн жишээгээр, Библиэс удирдамж заавар хайн, асуудлаа чөлөөтэй хэлэлцдэг. Тэдний зорилго бол хурлын хэрэгцээнд тохирох Библийн зарчмыг хэрэгжүүлэхэд нь хуралдаа туслах явдал юм. Ахлагчдын уулзалтад хэлэлцэх асуудлыг ахлагч бүр Библи болон итгэмжит ухаалаг боолын зааварт үндэслэн бэлдвэл илүү үр өгөөжтэй болдог. Ингэхэд нилээд цаг хугацаа хэрэгтэй. Хэрэв санал зөрөлдлөө гэхэд, Библийн үндсэн дээр зөвшилцөлд хүрэхийн тулд тусгай цаг гаргаж, судалгаа хийдэг. Энэ нь хөвч хөндөх тухай асуудлыг шийдсэн I зууны удирдах зөвлөлийн жишээг дагаж байгаа хэрэг юм (Үйлс 15:2, 6, 7, 12–14, 28).

14. Ахлагчдын зөвлөл эв нэгдэлтэй хамтран ажилладагт та талархдаг уу? Яагаад?

14 Хэрэв нэг ахлагч өөрийнхөөрөө зүтгээд, саналаа зөвшөөрүүлэх гээд байвал яах вэ? Эсвэл Диотрефийн адилаар хэрүүл маргаан гаргавал яах вэ? (3 Иох. 9, 10). Хурлын гишүүд бүгдээрээ л зовно. Сатан эртний христиан хурлыг бусниулах гэж оролдсон юм бол, орчин үед ч хурлын амар тайвныг эвдэх гэж оролдох нь ойлгомжтой. Энэ хүслээ гүйцэлдүүлэхийн тулд нэр алдарт дурлах гэх мэтийн аминч үзлийг өөгшүүлж болох юм. Тиймээс ахлагчид даруу зантай байж, нэг хүн мэт хамтран ажиллах хэрэгтэй. Эв нэгдэлтэй, даруу зантай ахлагчдад талархаад баршгүй!

«Заавар өгдөг»

15. Ахлагчид ямар сэтгэлээр заавар зөвлөгөө өгдөг вэ?

15 Эцэст нь Паул Бурхны хонин сүрэгт заавар өгөх, ярвигтай хэр нь чухал үүрэг ахлагчдад оногддогийг онцолжээ. Христиан Грек Сударт гардаг «заавар өгөх» гэж орчуулсан грек үгийг ганцхан Паул хэрэглэсэн байдаг. Энэ үг нь хатуу сануулга өгөх гэсэн утгатай байж болдог ч дайсагнах гэсэн санаа агуулдаггүй (Үйлс 20:31; 2 Тес. 3:15). Тухайлбал, Паул Коринтын христиануудад: «Би та нарыг ичээхийн тулд бус, харин өөрийнхөө хайрт хүүхдүүдийн адил та нарт сануулахын тулд үүнийг бичлээ» гэжээ (1 Кор. 4:14). Тэр сануулгынх нь цаана тэднийг гэсэн хайр байжээ.

16. Ахлагчид бусдад заавар зөвлөгөө өгөхдөө юу санах хэрэгтэй вэ?

16 Ахлагчид заавар зөвлөгөөгөө яаж өгөх нь чухал гэдгийг байнга санадаг. Тэд Паулыг дууриан итгэл нэгтнүүдээ хайрлаж, нинжин сэтгэлээр хандан, тус болохыг хичээдэг (1 Тесалоник 2:11, 12-ыг уншина уу). Ахлагчид «итгэлт үгийг баримталдаг» нь дамжиггүй. «Тэгснээр эрүүл үгийн сургаалаар ухуулах» чадвартай болдог (Тит 1:5–9).

17, 18. Ахлагч зөвлөгөө өгвөл юу санах хэрэгтэй вэ?

17 Ахлагчид төгс бус хүмүүс. Заримдаа, хэлсэн үгэндээ харамсдаг байж магадгүй (Х.дээд 8:46; Иак. 3:8). Түүнчлэн, өгсөн сануулга нь сүнслэг ах дүүст нь «баяр хөөртэй бус, харин уй гашуутай мэт санагддагийг» мэддэг (Евр. 12:11). Тэд зөвлөгөө өгөхөөсөө өмнө, тухайн хүнд тулгараад байгаа асуудлыг сайтар тунгаан бодоод, залбирдаг. Та ч бас сануулга авч байсан бол таныг хайрлаад л санаа тавьсан хэрэг гэдгийг ойлгодог биз дээ?

18 Жишээ нь, та юу нь мэдэгдэхгүй өвчин тусаад эмнэлэгт очжээ. Эмч таныг үзээд зөв онош тавьсан ч таны сэтгэлд нийцсэнгүй. Тэглээ гээд эмчид дургүйцэх үү? Яалаа гэж! Хагалгаа хийлгэхийг зөвлөсөн байлаа ч зөвлөгөөг нь дагаж л таарна. Танд тустай учраас тэр шүү дээ. Эмч таны дургүйг хүргэхээр хэлсэн байж болох юм. Тэглээ гээд та буруу шийдвэр гаргахгүй биз дээ? Түүнтэй адил, ахлагчид зөвлөгөөгөө яаж ч өгсөн бай, дургүйцэлгүй хүлээж аваарай. Ехова Есүс хоёр таны сайн сайхны төлөө, таныг хамгаалахын тулд тэднийг явуулсан шүү дээ.

«Хүн бэлгүүд» өгсөн Еховад талархах нь

19, 20. «Хүн бэлгүүд» өгсөн Еховад талархдагаа хэрхэн харуулж болох вэ?

19 Зөвхөн танд зориулж бэлэг өгвөл яах вэ? Талархахгүй гэж үү? Ехова Бурхан танд Христээр дамжуулан «хүн бэлгүүд» өгсөн билээ. Үүнд нь талархдагаа харуулах нэг арга нь ахлагчдын тавьж буй илтгэлийг анхааралтай сонсоод, хэлж ярьсныг нь ажил хэрэг болгохыг хичээх явдал юм. Бас цуглаан дээр бусдад тустай хариулт өгч болно. Дэлгэрүүлэх ажил гэх мэтийн үйл хэрэгт манлайлан оролцдог ахлагчдыг дэмжээрэй. Хэрэв та ахлагчаас зөвлөгөө аваад ач тусыг нь хүртсэн бол үүнийгээ хэлж болохгүй нь юу билээ? Түүнчлэн, гэр бүлийнхэнд нь талархаж явдгаа хэлж болно шүү дээ. Хурлын төлөө нөр их хөдөлмөрлөдөг ахлагч гэр бүлдээ зориулах цагаа золиосолдгийг бүү мартаарай.

20 Тийм ээ, бидний төлөө шаргуу ажиллаж, хурлын үйл ажиллагааг удирдан, бидэнд заавар зөвлөгөө өгдөг ахлагчдад талархах бүрэн үндэс бий. Эдгээр «хүн бэлгүүд» бол үнэхээр Еховагийн хайрын бэлэг юм!

Санаж байна уу?

• Ахлагчдадаа талархах ямар ямар шалтгаан Тесалоникийн христиануудад байсан бэ?

• Танай хурлын ахлагчид та нарын төлөө хэр шаргуу ажилладаг вэ?

• Ахлагчид хурлын үйл ажиллагааг удирддаг нь танд ямар ач тустай вэ?

• Ахлагч зөвлөгөө өгвөл юу санах хэрэгтэй вэ?

[Догол мөрийн асуулт]

[27-р хуудасны зураг]

Хоньдод санаа тавьдаг ахлагчдад та талархдаг уу?