Skip to content

Гарчиг руу орох

Амьдрал үнэхээр утга учиртай юу?

Амьдрал үнэхээр утга учиртай юу?

Амьдрал үнэхээр утга учиртай юу?

«АМЬДРАЛ утга учиртай гэж үү?» гэж асуудаг хүн цөөнгүй. Олон хүн амьдралыг хэрхэн үздэгээсээ үл хамааран, Австрийн мэдрэлийн эмч Виктор И. Франклын хэлснээр, амьдрал нь «утга учиргүй, хоосон» гэж өөрийн эрхгүй боддог.

Тийм олон хүн ингэж боддог нь ямар учиртай вэ? Дэлхий даяар сая сая хүн дэндүү зовлонтой амьдардаг нь нэг шалтгаан болдог. Ядуурал, өвчин, хүчирхийлэл, дарамт зэргээс болж өдөр бүр шаналдаг. Эрт цагт амьдарч байсан Иов гэдэг хүний хэлснээр, тэдний амьдрал «бэрхшээлээр дүүрэн» байдаг (Иов 14:1). Тэд өдөр хоногийг л аргацаан амьдардаг.

Нөгөө талаас, харьцангуй хангалуун амьдралтай олон сая хүн бий. Тэднийг жаргалтай амьдрахад хэрэгтэй юугаар ч дутдаггүй гэлтэй. Гэвч үнэн хэрэгтээ ихэнх нь сэтгэл хангалуун байдаггүй. Яагаад? Тэднийг ч бас санхүүгийн хямрал, үр хүүхдээ алдах гэх мэтийн «зүдүүр, уй гашуу» дайрч, итгэл найдвар нь алдарч, хүсэл мөрөөдөл нь бөхдөг (Дуулал 90:10).

Амьдрал «утга учиргүй, хоосон» мэт санагддаг нь бас нэг шалтгаантай. Хүний амьдрал даанч богино. Уг нь, хүн гэдэг бодгаль асар их чадвартай хэр нь богино насалдаг нь олон хүнд утгагүй санагддаг. Амьд явахад нь золгүй явдал тохиолддоггүй юм гэхэд хүн бүр эрт орой хэзээ нэгтээ үхдэгийн учрыг тэд ойлгодоггүй (Номлогчийн үгс 3:19, 20).

Амьдрал утга учиргүй мэт санагддаг. Үргэлж ийм байх уу?

Эртний Израилийн хаан Соломон хүний амьдралыг тун оновчтой дүрсэлжээ. Түүний бичсэнээр, тэр үеийн хүмүүс тарьж ургуулах, барьж байгуулах, гэр бүлээ тэжээхийн төлөө авьяас чадвараа дайчлан, ажиллаж хөдөлмөрлөж байсан нь өнөөгийн бидэнтэй адил ажээ. Тэрбээр энэ бүхний эцсийн үр дүн юу байхыг асуусан гэлтэй. Соломон хүний хийсэн бүхэн «утгагүй бөгөөд салхины хойноос хөөцөлдөхтэй адил» хэмээн дүгнэжээ (Номлогчийн үгс 2:17).

Тэгвэл Соломон хаан хүн төрөлхтний хийж бүтээсэн бүхэн үргэлж «утгагүй бөгөөд салхины хойноос хөөцөлдөхтэй адил» байна гэж боддог байсан уу? Үгүй ээ. Төгс бус хүний амьдралын бодит үнэнийг л хэлсэн. Харин Бурхан ариун сүнсээрээ удирдуулан бичүүлсэн Үгэндээ амьдрал үргэлж ийм байхгүйг батлан хэлдэг!

Үүнд итгэх ямар үндэс байна вэ? Дараагийн хоёр өгүүллийг уншаарай. Амьдрал ямар ч утга учиргүй мэт санагддагийн учрыг ойлгож, байдал хэрхэн сайжрахыг, яавал одоо ч гэсэн утга учиртай амьдарч болохыг мэдэхэд тань тус болно гэж найдаж байна.