Skip to content

Гарчиг руу орох

Одоо ч, ирээдүйд ч утга учиртай амьдрах нь

Одоо ч, ирээдүйд ч утга учиртай амьдрах нь

Одоо ч, ирээдүйд ч утга учиртай амьдрах нь

БУРХНЫ ҮГ буюу Библийн зарчмыг баримталбал одоо ч жинхэнэ ёсоор утга учиртай амьдарч болдог. Библийн зарчмаас хэдийг авч үзье.

БИБЛИЙН ЗАРЧИМ: «Идэж, ууж, ажил үйлс минь сайн байна гэж өөртөө хэлэхээс илүү зүйл хүний хувьд байхгүй» гэж Соломон хаан бичжээ(НОМЛОГЧИЙН ҮГС 2:24).

Бурхан хүнийг үр бүтээлтэй ажил хөдөлмөр эрхэлж, сэтгэлийн таашаал эдэлж байхаар бүтээсэн. Ажилдаа хичээнгүй, үнэнч хүн өнөөгийн хүнд нөхцөлд ч амьдралдаа тодорхой хэмжээгээр сэтгэл хангалуун явдаг.

БИБЛИЙН ЗАРЧИМ: «Авахаасаа өгөх нь илүү ерөөлтэй [«жаргалтай», ШЕ]» (ҮЙЛС 20:35).

Хүмүүст туслах, жишээлбэл зовж зүдэрч явахад нь тус дэм болох гэж цаг зав, хүч хөдөлмөрөө зориулах нь амьдралыг аз жаргалтай болгож, сэтгэлийн таашаал өгдгийг олон хүний туршлага харуулдаг. Соломон хаан: «Хэрэв чиний хүч хүрэх юм бол хүртвэл зохих хүмүүст нь сайныг өгөхөөс бүү татгалз» хэмээсэн байдаг (Сургаалт үгс 3:27).

Ральф гэдэг хүний жишээг үзье. Тэрбээр тэтгэвэрт гарсныхаа дараа эхнэрээ дууриан Бурханд бүрэн цагаар үйлчилдэг болжээ. Өөрөөр хэлбэл, хүмүүст Библийн үнэнийг заах ажилд сар бүр тодорхой цаг гаргадаг болж. Ральф: «Бид орой гэртээ ирэхдээ ядарчихсан байдаг. Зөвхөн нас ахиж байгаагийнх биш л дээ. Тэнгэрийн Эцэгтээ үйлчлэн хүч чадлаа зориулдгийнх юм. Хэдий бие ядардаг ч сэтгэл сэргэдэг» гэж хэлжээ. Тэд бусдад өгөхийн төлөө амьдардаг учир жаргалтай байдаг.

БИБЛИЙН ЗАРЧИМ: «Анд найзууд ямар ч үед бие биеэ хайрладаг. Ах дүү нар хэцүү цагт дэм болохын төлөө төрдөг» (СУРГААЛТ ҮГС 17:17).

Найз нөхдийн түшиг тулгуур зовлонг нимгэлдэг. Английн философич Фрэнсис Бэкон жинхэнэ найз нөхөдгүй хүнд «дэлхий ертөнц гэдэг эзгүй газар» л гэсэн үг хэмээн бичжээ. Жинхэнэ анд нөхөртэй байх, өөрөө жинхэнэ анд нөхөр байх нь амьдралын нугачааг давахад тусалдаг бөгөөд амьдралд гэрэл гэгээ, утга учир нэмдэг.

БИБЛИЙН ЗАРЧИМ: «Сүнсэн дотроо ядуу хүмүүс ерөөлтэй еэ!» (МАТАЙ 5:3).

Бурхны амлалт биелэхийг өөрийн биеэр үзье гэвэл нэг чухал шаардлага хангах ёстойг Есүс ийн хэлжээ. Хүн «сүнсэн дотроо ядуу байх» буюу сүнслэг хэрэгцээгээ мэдэрч, хангах учиртай. Хүн амьдралын утга учрыг ойлгож, зорилготой амьдрах гэсэн төрөлхийн хэрэгцээтэй. Үүгээрээ адгууснаас ялгаатай. Ехова Бурхан л энэ хэрэгцээг хангаж чадна. Тэгээд ч өөрийн Үг буюу Библиэр энэ хэрэгцээг маань хангадаг. Бурхан дэлхийн талаар ямар санаа зорилготойг, амьдралын утга учир юу болохыг, хүн ямар учраас ингэж их зовдгийг, Бурхан биднээс юу хүсдэгийг Библи тайлбарладгийг өмнөх өгүүллээс мэдэж авсан. Библийн үнэнийг ойлговол одоо ч сэтгэл хангалуун, утга учиртай амьдарч болдог. Цаг гарган Библи судалж, сурч мэдсэнээ амьдралдаа хэрэгжүүлдэг хүмүүс жаргалтай амьдардаг. Учир нь тэд Бүтээгч, «жаргалтай Бурхан» Еховатай дотно харьцаа тогтоодог (1 Тимот 1:11, ШЕ).

БИБЛИЙН ЗАРЧИМ: «Хүнд өдрүүд ирж, „Энэ амьдралд жаргал үзсэнгүй“ гэж хэлэх тийм жилүүд ирэхээс өмнө ... Бүтээгчээ санагтун»(НОМЛОГЧИЙН ҮГС 12:1).

Ер нь, хүн амьдралд зовлон бэрхшээл тохиолддог гэдгийг залуудаа тэр бүр боддоггүй. Тиймээс залууст захиж хэлсэн Соломон хааны үг бид бүгдэд ач тустай. Бүтээгчийг амьдралынхаа эн тэргүүнд тавиарай. Ингэвэл чиний амьдрал жинхэнэ ёсоор утга учиртай болно. «Маргааш бид үхэх учраас цөмөөрөө идэж ууцгаая» гэсэн хандлагад бүү автаарай (1 Коринт 15:32). Чи Бурхныг эн тэргүүнд тавьдаг бол, Номлогчийн үгс 8:12-т бичсэнээр, амьдрал «илүү дээр» болно.

Вэнди гэдэг охин энэ үгийн үнэнийг биеэрээ үзжээ. Тэрбээр Библийн сайн мэдээг дэлгэрүүлэх хүн их хэрэгтэй байсан Доминикан улс руу нүүнэ гэж багаасаа дүүтэйгээ хамт испани хэл үзжээ. Вэнди: «Тэнд сайн мэдээ дэлгэрүүлэхийн тулд олон юмаа золиосолсон ч амьдралын маань хамгийн сайхан үе байсан. Тэр зургаан сарыг юугаар ч солихгүй! Бид золиосолсноосоо их ивээл хүртсэн» гэж ярьжээ.

Бурханд үнэнч байх нь амьдралыг утга учиртай болгодог

Еховатай сайн харьцаа тогтоох нь амьдралыг юу юунаас илүү утга учиртай болгодог. Ингэж хэлэхийн учир юу вэ? Сатан Адам Ева хоёрыг Бурхны эсрэг самуунд татан оруулаад зогсохгүй, сорилтод орвол Бурханд үнэнч үлдэх хүн нэг ч байхгүй гэсэн утгатай үг хэлсэн (Иов 1:9–11; 2:4). Танд Сатаны худалчийг батлах боломж байна гээд бод доо! Бурханд үнэнч байн, зарчмынх нь дагуу амьдарч, гагцхүү Ехова юу нь сайн, юу нь мууг болохыг тогтоох эрхтэй гэж хүлээн зөвшөөрдгөө харуулбал Сатаны худалчийг батална (Илчлэлт 4:11).

Бурханд үнэнч байх гэдгээс маань болж сорилт бэрхшээл тулгарч болох юм. Сорилт тулгарахлаар амьдрал утга учраа алдана гэсэн үг үү? Танай гэр бүлийн хэн нэгнийг юм уу таны дотны найзыг хорон санаат дайсан гүтгэжээ гэж бодъё. Хайртай хүнийхээ нэр төрийг хамгаалтал дайсан таныг зовоожээ. Тэгэхэд та өөрийгөө утга учиргүй амьдарч байна гэх үү? Яалаа гэж! Хайртай хүнийхээ төлөө шантрахгүй. Бурханд үнэнч байх нь үүнтэй адил юм. Бурхан биднийг өнөөгийн хүнд нөхцөлд ч өөрт нь үнэнч байдагт баярладаг (Сургаалт үгс 27:11).

Үүрд мөнх утга учиртай амьдрах нь

Тиймээс Бурхан болон түүний санаа зорилгын талаар аль болох ихийг сурч мэдэх зорилго тавиарай. Есүс Христ: «Цорын ганц үнэн Бурхан Таныг болон Таны илгээсэн Есүс Христийг мэдэх нь мөнхийн амь мөн» гэж хэлсэн (Иохан 17:3). Дэлхийн талаарх Бурхны анхны санаа зорилго биелэхэд үнэнч хүмүүс диваажин дэлхийд «мөнхийн амьтай» болно. Ехова анхнаасаа ингэж хүсэж байсан билээ. Ирээдүйд хүн жинхэнэ ёсоор утга учиртай, сэтгэл хангалуун амьдарна (Дуулал 145:16).

Яавал Есүсийн хэлснээр Бурхны тухай мэддэг болох вэ? Бурхны Үг буюу Библийг судлах хэрэгтэй. Хэрэв танд тусламж хэрэгтэй бол энэ сэтгүүлд бичсэн хаягаар холбоо бариарай. Библийн сургаалыг мэдэхэд тань туслах хүн явуулна.