Skip to content

Гарчиг руу орох

Та Еховагийн сэрэмжлүүлгийг дагах уу?

Та Еховагийн сэрэмжлүүлгийг дагах уу?

Та Еховагийн сэрэмжлүүлгийг дагах уу?

«Энэ бол зам. Үүгээр алхагтун» (ИС. 30:21).

1, 2. Сатан ямар зорилготой вэ? Библи бидэнд хэрхэн тусалдаг вэ?

 ТА аялж яваад буруу зүг заасан тэмдгээс болж зүгээ өөрчилбөл төөрнө. Ингэвэл аюул болно. Хорон санаатай нэг этгээд олныг төөрүүлэх гэсэндээ тэмдгийг тийн өөрчилснийг найз тань хэлж өгчээ гэж бодъё. Та тэр сэрэмжлүүлгийг анхаарах нь гарцаагүй.

2 Сатан бол тэр хорон санаат этгээд юм. Тэрбээр биднийг мэхлэхийг хүсдэг (Илч. 12:9). Өмнөх өгүүллээр үзсэн, бидэнд учирдаг аюулыг Сатан биднийг Еховад дуулгаваргүй болгож, мөнхийн аминд хүргэх замаас хазайлгахын тулд зальжин аргаар ашигладаг (Мат. 7:13, 14). Гэхдээ бидний найз Ехова Бурхан Сатаны заль мэхнээс сэрэмжлүүлдгийг бас мэдэж авсан. Одоо, Сатан өөр ямар гурван арга хэрэглэдгийг, тэдгээрээс зайлсхийхэд Библи хэрхэн тусалдгийг үзье. Зүйрлэн хэлбэл, бид Библи уншихдаа Еховаг араас маань яван, «Энэ бол зам. Үүгээр алхагтун» гэж хэлэхийг нь сонсдог (Ис. 30:21). Еховагийн өгдөг сэрэмжлүүлгийг нягталж үзвэл түүнийг нь дагах хүсэл илүү их төрнө.

«Хуурамч багш нарыг» бүү дага

3, 4. а) Хуурамч багш нарыг усгүй худагтай зүйрлэж болохын учир юу вэ? б) Хуурамч багш нар, гол нь, хаанаас гарах вэ? Ямар зорилготой вэ?

3 Таныг аялж яваад цөл газар очиж, их цангажээ гэж бодъё. Нэлээн хол газар худаг харагдаж байв. Худагт хүрвэл ус олдоно гэж бодоод тэр зүг явлаа. Гэтэл худгийн ус ширгэсэн байв. Ямар урамгүй юм бэ! Үнэнийг устай, хуурамч багш нарыг усгүй худагтай зүйрлэж болно. Хуурамч багш нарыг үнэнийг мэддэг гэж боддог хүмүүсийн урам хугардаг. Ехова элч Паул, Петрээр дамжуулан биднийг хуурамч багш нараас сэрэмжлүүлсэн (Үйлс 20:29, 30; 2 Петр 2:1–3-ыг уншина уу). Хуурамч багш нар гэж хэн бэ? Тэд хаанаас гарч ирэх вэ? Хүмүүсийг хэрхэн мэхэлдэг вэ? Энэ талаар Паул Петр хоёрын үгнээс мэдэж болно.

4 Паул Ефес дэх хурлын ахлагчдад: «Гажууд зүйлс зааж, дагалдагчдыг өөрсдөдөө татах хүмүүс ч та нарын дундаас гарна» гэж хэлсэн. Бас Петр: «Та нарын дунд ч хуурамч багш нар байх болно» гэж хэд хэдэн хуралд бичсэн захидалдаа тэмдэглэжээ. Үүнийг үзвэл, хуурамч багш нар христиан хурлын дотроос гарах аж. Хуурамч багш нар гэдэг нь тэрслэгчид юм. * Тэд ямар зорилготой вэ? Тэд Еховагийн байгууллагаас өөрсдөө яваад зогсохгүй «дагалдагчдыг өөрсдөдөө татахыг» хүсдэг гэж Паул хэлсэн. Дагалдагчид гэдэг нь Есүс Христийг дагадаг хүмүүс юм. Тэгэхлээр, хуурамч багш нар христиан бус хүмүүсийг шавь болгодог гэсэн үг биш ээ. Харин ч хурал дотроос шавь нарыг хулгайлах буюу өөрсдийнхөө араас дагуулдаг байх нь. Ийм тэрслэгчдийг Есүс хомхой чонотой зүйрлэжээ. Тэрслэгчид христиан хурлын гишүүдийн итгэлийг эвдэн бусниулж, тэднийг үнэнээс холдуулахыг хүсдэг (Мат. 7:15; 2 Тим. 2:18).

5. Хуурамч багш нар хүмүүсийг хэрхэн мэхэлдэг вэ?

5 Хуурамч багш нар хүмүүсийг хэрхэн мэхэлдэг вэ? Их башир арга хэрэглэдэг. Хориотой бараа хилээр нууж оруулдаг гэмт хэрэгтний адилаар тэрслэгчид өөрсдийн санааг хуралд «нууцаар» нэвтрүүлдэг. Тэд бас «худал хуурмаг үг» хэлдэг. Өөрөөр хэлбэл, хуурамч бичиг баримтыг жинхэнэ мэт болгон ашигладаг гэмт хэрэгтэн шиг хуурамч сургаалаа үнэн мэт санагдуулахаар ярьдаг. Тэд аль болох олон хүнийг «мэхэндээ» оруулахыг оролддог. Түүнчлэн, өөрсдийн үзлийг хүмүүст итгүүлэхийн тулд Библийн сургаалыг «мушгин гуйвуулдгийг» нь Петр хэлжээ (2 Петр 2:1, 3, 13, МАБ; 3:16). Тэрслэгчид бидний сайн сайхныг хэзээ ч боддоггүй. Тэднийг дагавал мөнхийн аминд хүргэх замаасаа хазайна.

6. Библи биднийг хуурамч багш нараас хэрхэн сэрэмжлүүлдэг вэ?

6 Тэгвэл хуурамч багш нараас өөрийгөө хэрхэн хамгаалах вэ? Чухам яах ёстойг Библи хэлдэг (Ром 16:17; 2 Иохан 9–11-ийг уншина уу). «Тэднээс холдогтун» гэсэн тодорхой заавар өгдөг. Тэгэхлээр бид тэднээс хол байх ёстой гэсэн үг. Энэ сэрэмжлүүлгийг эмчийн заавартай зүйрлэж болно. Эмч таныг халдварт өвчтэй хүнээс хол байхыг зөвлөжээ. Учир нь та тэр өвчнийг тусвал амиа алдах аж. Та эмчийн сэрэмжлүүлгийг ойлгоод, дагах нь лавтай. Библид бичсэнээр, тэрслэгчид нь «өвчтэй» хүмүүс бөгөөд хуурамч сургаалаа бусдад халдаахыг оролддог (1 Тим. 6:3, 4). Ехова сайхан сэтгэлт эмчийн адилаар бидэнд хуурамч багш нараас хол байхыг шууд хэлдэг. Бид Бурхныхаа сэрэмжлүүлгийг цаг ямагт дагах шийдвэр төгс байх ёстой.

7, 8. а) Хуурамч багш нараас хол байх гэж яахыг хэлэх вэ? б) Та ямар учраас хуурамч багш нараас хол байхаар шийдэж байна вэ?

7 Хуурамч багш нараас хол байх гэж яахыг хэлэх вэ? Тэдэнтэй ярилцаж, гэртээ урих ёсгүй. Тэдний хэвлэлийг уншиж, тэднийг зурагтаар гарахад нь үзэж, Интернетэд бичсэн зүйлийг нь уншиж сонирхож, санал сэтгэгдлээ бичих учиргүй. Тэднээс тэгж хол байх ёстойн учир юу вэ? Юуны түрүүнд, бид «үнэний Бурханыг» хайрладаг. Тиймээс Бурхны Үгийн үнэнтэй зөрчилддөг хуурамч сургаалыг сонсохыг хүсдэггүй (Дуу. 31:5; Иох. 17:17). Бас үнэнийг бидэнд заахдаа ашигладаг байгууллагыг нь хайрладаг. Еховагийн нэр, нэрийнх нь утга, дэлхийн талаарх Еховагийн санаа зорилгын талаар, бас хүн үхэхдээ яадаг, нас барсан хүн ирээдүйд амилах тухай Еховагийн байгууллага л бидэнд зааж өгсөн шүү дээ. Та энэ талаар анх мэдээд хэчнээн их баярласнаа санадаг уу? Үнэнийг зааж өгсөн байгууллагыг хуурамч багш нарын худал сургаалаас болж бүү орхиорой (Иох. 6:66–69).

8 Хуурамч багш нарыг юу ч гэж хэлж байсан, бид тэднийг дагахгүй. Усгүй худаг мэт хүмүүсийг сонсох ямар хэрэг байх билээ! Тэднийг дагалаа гэхэд урам хугарч, цөхөрнө. Бид Еховад болон байгууллагад нь үргэлж үнэнч байхыг хүсдэг. Зөвхөн энэ байгууллага бидэнд Бурхны Үгийн үнэний цэвэр усыг арвин ихээр өгдөг бөгөөд итгэлийг маань хэзээ ч хөсөрдүүлдэггүй (Ис. 55:1–3; Мат. 24:45–47).

«Үлгэр домгуудыг» бүү дага

9, 10. Паул Тимотыг үлгэр домгуудаас хэрхэн сэрэмжлүүлсэн бэ? Паул үлгэр домгууд гэдгээр юуг хэлсэн байж болох вэ? (Зүүлт үзнэ үү.)

9 Буруу зүг эргүүлсэн тэмдэг хүнийг төөрүүлдэг аюултай. Замын тэмдгийг буруу зүг эргүүлснийг ялгаж мэдэх тэр бүр амар байдаггүй. Үүнтэй адилаар, Сатаны тараадаг худал хуурмагийг танихад бас амаргүй. Болгоомжтой байхгүй бол худал үгэнд нь дорхноо хууртах аюултай. Элч Паул биднийг Сатаны худал хуурмаг буюу «үлгэр домгуудаас» сэрэмжлүүлсэн (1 Тимот 1:3, 4-ийг уншина уу). Үлгэр домгууд гэж чухам юу вэ? Тэдгээрийг дагахгүйн тулд яах хэрэгтэй вэ? Мөнх аминд хүргэх замаасаа гарахгүйн тулд эдгээр асуултын хариуг мэдэх хэрэгтэй.

10 Паул үлгэр домгуудаас сэрэмжлэхийг христиан ахлагч Тимотод бичсэн эхний захидлаараа сануулжээ. Тэрбээр христиан хурлыг цэвэр байлгаж, итгэл нэгтнүүдээ Еховад үнэнч байхад нь туслахыг Тимотод захисан байдаг (1 Тим. 1:18, 19). Паулын хэрэглэсэн «үлгэр домгууд» гэдэг грек үг нь «худал үг», «зохиомол түүх» гэсэн утга бас илэрхийлдэг аж. Үлгэр домог гэдэг нь үнэн бодит зүйлтэй холбоогүй, шашны сургаал, ойлголт юм гэж нэгэн нэвтэрхий тольд тайлбарлажээ («The International Standard Bible Encyclopaedia»). Паул үлгэр домгууд гэдгээр бусдын сонирхлыг татах зорилгоор эрт дээр үед зохиосон, шашны сургаалыг хэлсэн байж болох юм. * Тэрбээр тийм үлгэр домгуудыг аюултай гэсэн нь тэдгээрээс болж хүн «үл төгсөх» судалгаа хийхэд хүрдэг аж. Өөрөөр хэлбэл, үлгэр домгийг анхаарч эхэлсэн хүн худал юмыг сонирхон, үнэн мөнийг нь олох гэж хайран цагаа дэмий үрдэг. Сатан хүмүүст хамгийн чухал юмыг мартуулах гэж иймэрхүү зохиомол түүх, шашны сургаалыг ашигладаг. Тиймээс Паул биднийг үлгэр домгуудад анхаарлаа бүү хандуул гэж тодорхой хэлжээ.

11. Сатан хуурамч шашнаар хүмүүсийг хэрхэн мэхэлдэг вэ? Бид ямар сэрэмжлүүлгийг дагах ёстой вэ?

11 Болгоомж алдвал ямар үлгэр домгуудад хууртах аюултай вэ? Бидний чихийг «үнэнээс эргүүлэх» буюу үнэнийг сонсохыг маань болиулах аюултай шашны аливаа сургаалыг үлгэр домог гэж хэлж болно (2 Тим. 4:3, 4). Заль мэхт Сатан хуурамч шашнаар хүмүүсийг хууран мэхэлдэг. Тийм учраас Библид «Сатан ч өөрийгөө гэрлийн тэнгэр элч болгон хувиргадаг» гэж байдаг (2 Кор. 11:14). Христ шашны урсгалууд Христийг дагадаг гэдэг боловч Гурвал, там гэх мэтийн худал сургаал номлодог. Бас хүнийг үхэхэд үргэлжлэн амьдардаг ямар нэг зүйл байдаг гэдэг. Олон хүн Крисмас, Улаан өндөгний баяр гэх мэтийн баяр ёслолыг Бурханд таалагддаг гэж боддог боловч тиймэрхүү баярын зан үйл хуурамч шашнаас үүсэлтэй байдаг. Гэхдээ бид хуурамч шашнаас тусгаар байж, «бузар юманд бүү хүр» хэмээсэн Бурхны сэрэмжлүүлгийг дагадаг бол үлгэр домгуудад хууртахгүй (2 Кор. 6:14–17).

12, 13. а) Сатан өөр ямар гурван худал хуурмагийг тараадаг вэ? Тэдгээрийг худал гэж үзэхийн учир юу вэ? б) Сатаны үлгэр домгуудад төөрөлдөхгүйн тулд яах хэрэгтэй вэ?

12 Сатан биднийг мэхлэхийн тулд бас өөр худал хуурмагийг тараадаг. Гурван жишээ татъя. Нэгдүгээрт, «Зөв, бурууг өөрөө шийдэж, хүссэнээ хий» гэдэг. Энэ уриалгыг зурагт, кино, хэвлэл, Интернет гэх мэтээр хаа сайгүй тараадаг учир бид ч тийн боддог болж, энэ ертөнцийн ёс журамгүй үзэлд амархан уусаж болох юм. Үнэн хэрэгтээ, юу нь зөв юу нь бурууг хэлж чадах Бурхны удирдлага бидэнд зайлшгүй хэрэгтэй байдаг (Иер. 10:23). Хоёрдугаарт, «Бурхан дэлхий дээр юуг ч өөрчлөхгүй» гэдэг. Ийм үзлээс болж хүмүүс зөвхөн өнөөдрийг бодож амьдардаг бөгөөд ирээдүйгээ юм уу Бурханд таалагдах талаар огтхон ч боддоггүй. Хэрэв бид тэдэн шиг боддог болбол Бурханд үйлчлэхдээ яваандаа «үр ашиггүй, үр жимсгүй» болно (2 Петр 1:8). Үнэн хэрэгтээ, Ехова дэлхий дээрх бүхнийг өөрчлөх бөгөөд бид үүнд эргэлзэлгүй итгэдгээ амьдралынхаа хэв маягаар харуулах ёстой (Мат. 24:44). Гуравдугаарт, «Бурхан таныг анхаардаггүй» гэдэг. Сатан бидэнд Бурхны хайрыг татахаар сайн хүн биш гэж бодуулахыг оролддог. Хэрэв ийм худал үгэнд итгэвэл Еховад үйлчлэхээ болих аюултай. Үнэн хэрэгтээ, Ехова өөрт нь үйлчилдэг хүн бүрийг хайрлаж, эрхэмлэн үнэлдэг (Мат. 10:29–31).

13 Бид Сатаны ертөнцийн хүмүүсийнх шиг үзэлтэй болохоос цаг үргэлж сэрэмжилж байх учиртай. Тэдний хэлж ярьдаг, санаж боддог зүйл үнэхээр үнэн юм шиг санагдах үе байдаг. Гэхдээ Сатан хүмүүсийг хууран мэхлэхийг хүсдэг бөгөөд мэхлэхдээ ч гаргуун гэдгийг бүү мартаарай. Хэрэв бид Сатаны үлгэр домгуудад хууртахыг хүсдэггүй бол Библийн сэрэмжлүүлгийг анхаарах ёстой (2 Петр 1:16).

Сатаныг бүү дага

14. Паул залуу бэлэвсэн эмэгтэйчүүдийг юунаас сэрэмжлүүлсэн бэ? Энэ сэрэмжлүүлгийг ямар учраас бид бүгд анхаарах хэрэгтэй вэ?

14 «Энэ бол Сатаныг дагах зам» гэсэн тэмдэг зам дээр байна гээд төсөөл дөө. Ийм замаар явахыг хүсэх хүн христиануудын дунд байхгүй нь лавтай. Гэхдээ жинхэнэ христиан хүн ч Сатаныг дагадаг болох аюултай. Ийм юм яаж болдгийг Паул бичсэн байдаг (1 Тимот 5:11–15-ыг уншина уу). Тухайн үеийнхээ залуу бэлэвсэн эмэгтэйчүүдийн талаар бичсэн Паулын үг өнөөгийн бид бүгдэд ч сургамжтай. Тэд Сатаныг дагадаг гэж бодоогүй боловч үнэндээ дагаж байсныг нь үг яриа, үйл хэрэг нь илчилж байв. Өөрийн мэдэлгүй Сатаныг дагахгүйн тулд яах хэрэгтэй вэ? Одоо, хов жив ярихаас Паулын сэрэмжлүүлснийг авч үзье.

15. Сатан ямар зорилготой вэ? Зорилгодоо хүрэхийн тулд яадаг вэ?

15 Сатан биднийг хүмүүст итгэл үнэмшлийнхээ талаар бүү яриасай, сайн мэдээ дэлгэрүүлэхээ болиосой гэж хүсдэг (Илч. 12:17). Тэрбээр бидний цагийг дэмий юманд юм уу Еховагийн ард түмний дунд хагарал гаргах юманд үрүүлэхийг зорьдог. Энэ зорилгодоо хүрэхийн тулд Сатаны хэрэглэдэг зарим аргыг Паул дурджээ. Түүний хэлснээс үзвэл, тэр үеийн зарим бэлэвсэн эмэгтэй «айл хэсүүчилдэг, ажилгүй залхуу» байж. Өөрөөр хэлбэл, найз нөхдийнхөөрөө зочилж, хэрэггүй юм ярихад ихэнх цагаа зарцуулдаг байсан аж. Бид ийм алдаа гаргахаас болгоомжлох хэрэгтэй. Тухайлбал, тийм ч чухал бус, заримдаа үнэн эсэх нь тодорхойгүй зүйлийн талаар Интернетээр захидал бичих, бусдаас ирсэн захидлыг унших зэргээр өөрийнхөө болон бусдын цагийг үрэхээс сэрэмжлэх хэрэгтэй. Паул бэлэвсэн эмэгтэйчүүдийг мөн «хов жив ярьдаг» гэсэн. Хов жив заримдаа бусдын талаарх гүтгэлэг болдог аюултай. Ийм худал үгнээс болж хэрүүл маргаан гарах нь олонтаа (Сур. 26:20). Бусдын талаар худал ярьдаг хүмүүс өөрийн мэдэлгүй Сатан Диаволыг дагадаг. * Түүнээс гадна, Паул өнөөх эмэгтэйчүүдийг «бусдын хэрэгт хөндлөнгөөс оролцдог» хэмээсэн. Тэд бусдад яаж амьдрахыг заадаг байжээ. Уг нь хэнд ч ийм эрх байхгүй. Хэрэв бид иймэрхүү аюултай юмаар хөөцөлдөж эхэлбэл Еховагийн даалгасан чухал ажлыг мартана. Бид Бурхны Хаанчлалын тухай дэлгэрүүлэхэд цаг заваа зориулах учиртай. Дэлгэрүүлэхээ боливол Сатаныг дагаж эхэлнэ. Хэрэв Сатаны талд зогсвол Еховагийн эсрэг болно гэсэн үг. Бид хэний талд зогсохоо өөрсдөө шийдэх ёстой (Мат. 12:30).

16. Ямар ямар зөвлөгөөг хэрэгжүүлбэл «Сатаныг дагахаар эргэхээс» сэргийлэх вэ?

16 Хэрэв бид Библийн зөвлөгөөг хэрэгжүүлдэг бол Сатаныг дагахгүй байж чадна. Бидэнд тус болох хэдэн зүйлийг Паул хэлсэн байдаг. Тухайлбал, «Эзэний үйл хэрэгт үргэлж бялхсан байхыг» захисан (1 Кор. 15:58). Еховагийн төлөө нөр их хөдөлмөрлөхөд дэмий юм уу аюултай зүйлд зориулах цаг зав гардаггүй (Мат. 6:33). Бас «босгон байгуулахын тулд зөвхөн тустай үг хэлж» байхыг зөвлөсөн (Еф. 4:29). Хов жив ярих ч хэрэггүй, хов жив ярьдаг хүнийг сонсох ч хэрэггүй. * Итгэл нэгтнүүддээ итгэж, тэднийг хүндэтгэдэг бол тэднийхээ талаар сайныг ярьдаг болно. Түүнчлэн, «өөрийн хувийн ажлыг анхаар» хэмээн зөвлөжээ (1 Тес. 4:11). Бид хүмүүст санаа тавих үүрэгтэй боловч хувийнх нь хэргийг хүндэтгэх ёстойгоо санах хэрэгтэй. Бас өөрөө шийдэх ёстой асуудлыг нь тэдний өмнөөс шийдэх учиргүйг санаарай (Гал. 6:5).

17. а) Ямар учраас Ехова биднийг сэрэмжлүүлдэг вэ? б) Бид ямар шийдвэр гаргах ёстой вэ?

17 Ехова бидэнд юуг дагахгүй байхыг тов тодорхой хэлж өгдөг нь үнэхээр талархмаар. Ехова бидэнд хайртай учраас л бидний ярилцсан энэ бүх сэрэмжлүүлгийг өгдөг гэдгийг санаж явцгаая. Биднийг Сатанд бүү мэхлүүлээсэй, бүү зовоосой гэж хүсдэг. Еховагийн заадаг замаар явахад амаргүй нь үнэн боловч гагцхүү энэ зам мөнхийн аминд хүргэдэг (Мат. 7:14). Еховаг: «Энэ бол зам. Үүгээр алхагтун» гэж хэлэхэд нь үргэлж анхааралтай байх шийдвэр төгс байцгаая (Ис. 30:21).

[Зүүлт]

^ Жинхэнэ шүтлэгийг эсэргүүцэн босож, шүтлэгээ орхихыг тэрслэл гэдэг.

^ Үүний нэг жишээ нь МЭӨ ІІІ зуунд бичигдсэн «Тобит» гэдэг ном юм. Зарим хүн уг номыг Библид багтдаг ном мөн гэж үздэг ажээ. Уг номд мухар сүсэг, ид шидийн талаар үнэмшилгүй түүхийг үнэн юм мэт болгон бичжээ. («Судрыг ойлгох нь», І боть, 122-р хуудсыг үзнэ үү (англи)).

^ «Диавол» гэдэг грек үг нь «гүтгэгч» гэсэн утгатай. Энэ нь Сатаны өөр нэг нэр бөгөөд Сатан бол хамгийн анхны худалч мөн (Иох. 8:44; Илч. 12:9, 10).

^ « Салхинд хийссэн өд» гэдэг хавсралтыг үзнэ үү.

Та хэрхэн хариулах вэ?

Библийн дараах зүйлүүд биднийг юунаас сэрэмжлүүлдэг вэ? Сэрэмжлүүлгийг хүлээн авдгаа хэрхэн харуулах вэ?

2 Петр 2:1–3

1 Тимот 1:3, 4

1 Тимот 5:11–15

[Догол мөрийн асуулт]

[19-р хуудасны хавсралт/​зураг]

 Салхинд хийссэн өд

Хов жив ямар уршигтайг харуулах эртний нэг хууч яриа байдаг аж.

Нэгэн эр нутгийнхаа хамгийн мэргэн хүний талаар хүмүүст худал ярьжээ. Дараа нь өнөөх хүн буруу хэрэг хийснээ ойлгож, мэргэнээс уучлалт гуйн: «Би таны тухай тэгж ярьсандаа гэмшиж байна. Намайг яавал та уучлах вэ?» хэмээжээ. Мэргэн хүн: «За, нэг ийм арга байна. Өдөн дэр авч, түүнийгээ задлаад, өдийг нь салхинд хийсгээд ир» гэв. Эрэгтэй учрыг нь ойлгоогүй боловч хэлснээр нь хийжээ. Тэгээд мэргэн хүн дээр буцаж ирээд:

«Одоо та намайг уучилна биз дээ?» гэхэд, мэргэн:

«Одоо тэр бүх өдийг цуглуулаад ир» гэж гэнэ.

Тэгтэл өнөөх эр: «Энэ бүтэхгүй ээ. Салхинд хийсэн талаар нэг тарсан өдийг би яаж олох билээ?» гэжээ.

Тэгэхэд нь мэргэн: «Өд хаа сайгүй хийсэн одсон шиг чиний тараасан худал үг олон хүнд хүрсэн. Одоо тэр өднүүдийг цуглуулах аргагүйн адил чиний нэгэнт хэлсэн үгийг хүмүүст мартуулахын аргагүй шүү дээ» хэмээжээ.

Энэ хууч яриа бидэнд ч гэсэн сургамжтай. Нэгэнт хэлсэн үгийг буцаах аргагүй. Хэлж ярьснаас маань болж бусдад учрах балгийг бид бас арилгаж чадахгүй. Тиймээс хүний тухай муу юм ярихаасаа өмнө тэр үгээ салхинд хийссэн өд мэт болох вий гэдгийг тунгаан бодох нь ухаалаг хэрэг.

[16-р хуудасны зураг]

Яавал тэрслэгчдийг гэртээ урих аюултай вэ?