Skip to content

Гарчиг руу орох

Та Еховаг хувиа болгодог уу?

Та Еховаг хувиа болгодог уу?

Та Еховаг хувиа болгодог уу?

«Эхлээд Түүний хаанчлал болон Түүний зөвт байдлыг хайгтун. Тэгвэл энэ бүхнийг та нарт нэмж өгөх болно» (МАТ. 6:33).

1, 2. а) Галат 6:16-д «Бурханы Израиль» гэж хэнийг хэлсэн бэ? б) Матай 19:28-д хэнийг «Израилийн арван хоёр овог» гэсэн бэ?

 БИБЛИЭС Израиль гэж уншихлаар таны санаанд юу буудаг вэ? Хожим нь Израиль гэдэг нэртэй болсон Исаакийн хүү Иаков бодогддог уу? Эсвэл Иаковын үр удам болох эртний Израиль үндэстэн санагддаг уу? Библид бас сүнслэг Израиль буюу «Бурханы Израилийн» тухай гардаг. Тэр нь тэнгэрт хаан, тахилч болохоор ариун сүнсээр тослогдсон 144 000 хүнээс бүрддэг (Гал. 6:16; Илч. 7:4; 21:12). Харин Матай 19:28-д байдаг Израиль нь өөр утгатай.

2 Есүс: «Хүний Хүү Өөрийн сүр жавхлант сэнтийдээ залрах үед Намайг дагасан та нар ч мөн Израилийн арван хоёр овгийг шүүж, арван хоёр сэнтий дээр залрах болно» гэжээ. Энэ зүйлд гардаг «Израилийн арван хоёр овог» гэдэг нь Диваажин дэлхийд мөнх амьдрах хүмүүс юм. 144 000 хүн тэдний шүүгч, тахилч болно.

3, 4. Үнэнч тослогдогсод бидэнд ямар сайн жишээ үзүүлдэг вэ?

3 Орчин үеийн тослогдогсод Бурханд үйлчлэх завшаанаа эртний тахилчид болон левичүүдийн адилаар эрхэмлэдэг (Тоол. 18:20). Тослогдогсод дэлхийн аль нэг газар нутгийг өмчилж авах тухай боддоггүй. Харин тэнгэрт гарч, Есүс Христтэй хамт хаан, тахилчаар үйлчлэх цагаа тэсэн ядан хүлээдэг. Илчлэлт 4:10, 11-д бичсэнээр, тэд энэ үүргээ биелүүлэн Еховад үргэлжлүүлэн үйлчилнэ (Езе. 44:28).

4 Тослогдсон христианууд дэлхийд байх хугацаандаа Еховаг өөрсдийн хувь болгосноо амьдрал дээрээ харуулдаг. Бурханд үйлчлэхийг тэд хамгийн чухалд тооцдог. Христийн золих тахилд итгэж, түүнийг үргэлж дагадаг бөгөөд үүгээрээ өөрсдийг нь «дуудан, сонгосныг бататгадаг» (2 Петр 1:10). Тэдний нөхцөл байдал, чадал чадвар харилцан адилгүй. Гэсэн ч шалтаг тоочин цааргалалгүй, Бурханд үйлчлэхийн төлөө чадах бүхнээ хийдэг. Бас тэд дэлхийд амьдрах найдвартай хүмүүст сайн үлгэр дууриал үзүүлдэг.

5. Еховаг хувиа болгосон христиан хүн бүр яах хэрэгтэй вэ? Яагаад хэцүү байдаг вэ?

5 Бид тэнгэр газрын алинд ч амьдрах бай, өөрийгөө үгүйсгэн, тарчлаах шонгоо үүрч, Христийг дагах ёстой (Мат. 16:24). Диваажин дэлхийд амьдрахыг хүсдэг сая сая хүн Бурхныг шүтэж, Христийг дагадаг. Тэд одоогийнхоосоо илүү ихийг хийж чадахаа ойлгохлоороо улам их мэрийдэг. Олон хүн амьдралаа энгийн болгоод эхлэгч болсон. Зарим нь жил бүр туслах эхлэгчээр хэдэн сар үйлчлэх гэж ажил амьдралаа зохицуулдаг. Эхлэгчээр үйлчлэх боломжгүй нэг нь дэлгэрүүлэх ажилд чармайн оролцдог. Тэд бол Есүсийг анхилуун үнэрт тосоор тосолсон Мариатай адил юм. Есүс: «Энэ эмэгтэй Надад үргэлж сайныг үйлдсэн. .... Тэр хийж чадахаа л хийсэн» гэжээ (Марк 14:6–8). Бид Сатаны мэдэлд байдаг ертөнцөд амьдардаг учраас чадах юмаа хийе ч гэсэн амаргүй байж болох юм. Гэхдээ л хамаг чадлаараа хөдөлмөрлөж, Еховад найдах учиртай. Чухам яаж? Дөрвөн аргыг авч үзье.

Эхлээд Бурхны Хаанчлалыг хайгтун

6. а) Зөвхөн энэ амьдралаас хувь хүртдэг хүмүүс яадаг вэ? б) Давидынх шиг үзэлтэй байх нь яагаад илүү сайн бэ?

6 Эхлээд Хаанчлал болон Бурхны зөвт байдлыг хайхыг Есүс шавь нартаа сургасан. «Энэ амьдралд өөрийн хувийг хүртсэн ертөнцийн хүмүүс» хувийн ашиг сонирхлыг эхлээд хайх хандлагатай байдаг (Дуулал 17:1, 13–15-ыг уншина уу). Тэд Бүтээгчийн талаар огтхон ч боддоггүй. Тав тухтай амьдрах, үр хүүхэд өсгөж хүмүүжүүлэх, тэдэндээ өв хөрөнгө үлдээхийн төлөө л зүтгэдэг хүн олон байдаг. Тийм хүмүүс зөвхөн энэ амьдралаас хувь хүртдэг. Гэтэл Давид Еховагийн өмнө «сайн нэртэй» болохыг хүсэж байсан. Бүх хүн ингэх хэрэгтэйг хожим нь хүү нь бичжээ (Ном. 7:1). Давид Асафын нэгэн адил, Еховагийн анд нөхөр байхыг хувийн ашиг сонирхол хөөхөөс хавьгүй чухал гэж үзэж байсан. Тэрбээр Бурхантай хамт явдагтаа баярладаг байжээ. Орчин үеийн олон христиан сүнслэг үйл хэргийг алба ажлаас дээгүүр тавьдаг.

7. Нэг Гэрч Хаанчлалыг эхлээд хайгаад ямар ивээл хүртсэн бэ?

7 Төв Африкийн Бүгд Найрамдах Улсад эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг Жан-Клодын тухай ярилцъя. Тус улсад ажил олох хэцүү бөгөөд ихэнх хүн ажлаа алдахгүйн тулд яахаас ч буцдаггүй ажээ. Нэг өдөр менежер нь Жан-Клодод шөнийн ээлжид гараарай гэж хэлжээ. Ажил нь 18.30-аас эхлэх бөгөөд өдөр бүр ажиллах байв. Тэгэхэд нь Жан-Клод гэр бүлээ тэжээхээс гадна тэднийхээ сүнслэг хэрэгцээг хангах ёстойгоо хэлж тайлбарлажээ. Бас хуралдаа туслах үүрэгтэйгээ ч дурдсан байна. Менежер хариуд нь: «Ажилтай байгаадаа баярлаж байгаа бол эхнэр, хүүхэд, өөр бусад юу л байна, бүгдийг нь март. Ажилдаа л бүхнээ зориул. Чи нэг бол шашнаа, нэг бол ажлаа сонго» гэжээ. Та яах байсан бэ? Жан-Клод ажлаа алдлаа ч Бурхан түүнийг орхихгүйг мэдэж байлаа. Бурхны төлөө хийх ажил их байна, гэр бүлийнхнийхээ материаллаг хэрэгцээг хангахад Ехова надад тусална гэж тэрбээр бодов. Тэгээд цуглаандаа очжээ. Ажлаасаа халагдсан эсэхээ мэдэхгүй л байлаа. Гэхдээ л ажилдаа гарах гэж байтал утас дуугарчээ. Менежерийг ажлаас нь халж, өөрийг нь үлдээсэн аж.

8, 9. Еховаг хувь болгосон левичүүд болон тахилчдыг хэрхэн дууриаж болох вэ?

8 Та бас ажил олоход амаргүй газар амьдардаг бол «Гэр бүлээ яаж тэжээнэ?» гэж санаа зовж байсан байх (1 Тим. 5:8). Тийм ч бай, үгүй ч бай, Бурхныг өөрийн хувь болгож, түүнд үйлчлэх завшаанаа эрхэмлэдэг хүний урмыг Бурхан хэзээ ч хугалахгүйг та өөрөө мэдэх биз ээ. Есүс шавь нартаа эхлээд Хаанчлалыг хайхыг зөвлөхдөө «энэ бүхнийг» буюу хоол унд, хувцас хунарыг «та нарт нэмж өгөх болно» гэж батлан хэлсэн (Мат. 6:33).

9 Газар нутаг өвлөөгүй левичүүдийн тухай бодоорой. Ард түмнийг цэвэр шүтлэг рүү хандуулах нь тэдний гол ажил тул материаллаг хэрэгцээнийхээ төлөө санаа зоволгүй, Еховад найдах хэрэгтэй байсан. Учир нь Ехова тэдэнд: «Би чиний хувь» гэж айлдсан билээ (Тоол. 18:20). Бид левичүүд болон тахилчид шиг сүмд үйлчилдэггүй ч, Ехова тэжээнэ гэдэгт тэдэн шиг итгэх хэрэгтэй. Эцсийн өдрүүдийн төгсгөл ойртох тусам Бурхан бидэнд санаа тавина гэдэгт итгэх нь бүр ч чухал болоод байна (Илч. 13:17).

Эхлээд Бурхны зөвт байдлыг хайгтун

10, 11. Зарим хүн Еховад найдан, ажилтай холбоотой ямар шийдвэр гаргасан бэ? Жишээ хэлнэ үү.

10 Есүс бас Бурхны «зөвт байдлыг» эхлээд хайж байхыг шавь нартаа уриалсан (Мат. 6:33). Энэ нь зөв, буруугийн талаарх Еховагийн хэм хэмжээг хүнийхээс дээгүүр тавина гэсэн үг (Исаиа 55:8, 9-ийг уншина уу). Урьд нь тамхи тариалах юм уу зарж борлуулах, хүмүүсийг цэргийн эрдэмд сургах, зэр зэвсэг үйлдвэрлэн худалдаалах ажил хийдэг байснаа, Библийн үнэнийг мэдээд, ажлаа өөрчилж, баптисм хүртэх шаардлага хангасан хүн олон байдгийг та мэдэх биз ээ (Ис. 2:4; 2 Кор. 7:1; Гал. 5:14).

11 Нэг жишээ авъя. Эндрью гэдэг хүн эхнэрийнхээ хамт үнэнийг мэдсэн тул Еховад үйлчлэхээр шийдэн, ихэд бахархдаг ажлаасаа гарчээ. Яагаад? Тэрбээр цэргийн байгууллагад ажиллаж байсан бөгөөд Бурхны зөвт байдлыг эхлээд хайхаар шийдсэн учраас тэр аж. Тэр үед тэднийх хоёр жаахан хүүхэдтэй байлаа. Ажлаасаа гарах үед нь хэдхэн сар хэрэглэх мөнгө л үлджээ. Хүн харахад, «өв» гэхээр юм байсангүй. Эндрью Еховад найдан ажил хайжээ. Одоо Эндрьюгийнхэн тэр үеэ эргэн дурсахлаараа, Еховагийн мутар богино биш гэж бат итгэлтэй хэлдэг (Ис. 59:1). Тэднийх амьдралаа энгийн болгосны ачаар эхлэгчээр үйлчлэх завшаан олджээ. Эндрью: «Мөнгө төгрөг, орон байр, эрүүл мэндийнхээ төлөө сэтгэл зовох үе байсан. Хөгшрөхийн зовлонг ч үзсэн. Тэр бүрд Ехова тусалдаг. ... Еховад үйлчлэхийг их ивээл авчирдаг, хамгийн сайхан ажил гэж өчүүхэн ч эргэлзэлгүй хэлж чадна» гэж хэлжээ (Ном. 12:13).

12. Бурхны хэм хэмжээг эн тэргүүнд тавихад юу чухал бэ? Та ямар жишээ мэдэх вэ?

12 Есүс шавь нартаа: «Хэрэв гичийн үр төдийхөн итгэл та нарт байвал, энэ ууланд: „Эндээс тийшээ нүү“ гэж хэлбэл тэр нь нүүнэ. Та нарт боломжгүй юм гэж байхгүй болно» гэжээ (Мат. 17:20). Хэчнээн хэцүү байсан ч та Бурхны хэм хэмжээг эн тэргүүнд тавьж чадах уу? Чадна гэдэгтээ эргэлзэж байвал та хурлынхаа итгэл нэгтэнтэй ярилцаж үзээрэй. Тэдний амьдралын туршлага танд урам хайрлах нь эргэлзээгүй.

Сүнслэг хоол өгдөгт нь Еховад талархагтун

13. Еховад үйлчлэх ажилд биеэ дайчлан оролцдог бол юунд итгэж болох вэ?

13 Еховад үйлчлэх завшаанаа эрхэмлэдэг бол материаллаг болон сүнслэг хэрэгцээг маань хангана гэдэгт итгэх хэрэгтэй. Тэрбээр левичүүдэд санаа тавьж байсан шүү дээ. Давидын тухай бодъё. Агуйд нуугдаж байсан хэр нь Бурхан хэрэгцээг нь хангана гэдэгт итгэж байсан. Бид ч бас тулж түших хүнгүй ганцаардахын цагт Еховад найдаж болно. Асафыг саная. Тэрбээр «Бурханы ариун газарт ороод» л юунаас болоод зовж шаналаад байгаагаа ойлгосон (Дуу. 73:17). Бид ч бас Еховад найдан, сүнслэг хоол өгнө гэдэгт итгэх хэрэгтэй. Ямар ч нөхцөлд байсан Бурханд үйлчлэх завшаанаа эрхэмлэж, Бурхныг өөрийн хувь болгосноо тийнхүү харуулж болно.

14, 15. Библийн сургаалын талаарх зарим ойлголт өөрчлөгдвөл бид яах хэрэгтэй вэ? Яагаад?

14 Та Библид байдаг «гүн юмсыг» Ехова ойлгуулж өгнө гэж найддаг уу? (1 Кор. 2:10–13). Элч Петрийн үлдээсэн сайхан жишээг авч үзье. Есүс: «Хэрэв та нар Хүний Хүүгийн махыг идэхгүй, цусыг нь уухгүй л бол та нарын дотор амь байхгүй» хэмээн иудейчүүдэд хэлжээ. Харин дагалдагчдаас олонх нь Есүсийн махыг идэж, цусыг ууна гэж ойлгон, «Энэ чинь хэцүү үг байна. Үүнийг хэн сонсож чадах вэ?» гээд «зайлан явдаг». Харин Петр: «Эзэн, бид хэн уруу явах юм бэ? Мөнх амийн үгс Танд байна» гэж хэлжээ (Иох. 6:53, 60, 66, 68).

15 Петр Есүсийн хэлсэн үгийг сайн ойлгоогүй ч Ехова Хүүгээрээ дамжуулан хүмүүст үнэнийг ойлгуулна гэж итгэж байсан. Библийн сургаалын тухай өмнөх ойлголтоо өөрчлөх шаардлага гарвал та Библийн ямар зүйлийг үндэслэн тийнхүү өөрчлөх болсныг ойлгох гэж хичээдэг үү? (Сур. 4:18). Нэгдүгээр зууны Берой хотынхон «үгийг дуртайяа хүлээн авч, ... Судрыг өдөр бүр нягтлан үзэж» байсан (Үйлс 17:11). Тэднийг дууриавал Еховаг хувь гэж үзэх буюу түүнд үйлчлэх завшаанаа бүр ч их эрхэмлэдэг болно.

«Зөвхөн Эзэн дотор» гэрлэгтүн

16. 1 Коринт 7:39-өөс үзвэл Бурхныг өөрийн хувь болгох нэг арга юу вэ? Зарим хүн ямар шийдвэр гаргадаг вэ?

16 Бурхны санаа зорилгыг байнга санаж явах бас нэг арга нь «зөвхөн Эзэн дотор» гэрлэ гэсэн тушаалыг сахих явдал юм (1 Кор. 7:39). Энэ тушаалыг зөрчсөнөөс ганц бие хэвээрээ явсан нь дээр гэж үздэг хүн олон. Бурхан ийм хүмүүст санаа тавьдаг. Ганцаардаж, хэн ч туслахгүй байгаа юм шиг санагдахад Давид яасан бэ? Тэрбээр Еховагаас тусламж гуйсан. Давид: «Би [Бурхны] өмнө гомдлоо урсгана. Би зовлон бэрхшээлээ Түүний өмнө ярина. Миний сүнс миний дотор сульдах үед Та зам мөрийг минь мэдэж байсан» гэж хэлсэн (Дуу. 142:1–3). Ганц бие байж, Бурханд олон арван жил үйлчилсэн зөнч Иеремиад бас тэгж санагдаж байжээ.

17. Нэг христиан эмэгтэй ганцаардлаа хэрхэн ялдаг вэ?

17 АНУ-д амьдардаг нэг Гэрч эмэгтэй: «Би насаараа ганц бие явна гэж хэзээ ч бодож байгаагүй. Таарч тохирох хүн олдвол сууна л гэж боддог. Ээж маань Гэрч биш болохлоор хэнтэй ч хамаагүй суулгахыг оролддог байв. Муу хүнтэй суувал та арыг нь даах юм уу гэж би асуусан юм. Сайхан ажилтай, аминдаа арчаатай, жаргалтай явааг минь ээж хараад, шахаж шаардахаа ч больсон» гэж ярьсан юм. Гэвч заримдаа ганцаарддаг ажээ. «Тийм үед би Еховаг итгэл найдвараа болгохыг хичээдэг. Тэр намайг хэзээ ч орхидоггүй» гэж ярьсан. Еховад найдахад нь юу тус болдог бол? «Бурхан бодитой бөгөөд би ганцаараа биш гэдгээ залбирах тусам ойлгодог. Орчлонт ертөнцийн Хамгийн Дээд Нэгэн намайг сонсож байхад би яаж өөрийгөө хүндэтгэхгүй, баяр баясгалангүй байж болох билээ? „Авахаасаа өгөх нь илүү ерөөлтэй“ гэдэг үгэнд итгэдэг учир хариу нэхэлгүй бусдад туслахыг хичээдэг. „Энэ хүнд яаж туслах вэ?“ гэж бодохлоороо өөрийн эрхгүй баярладаг» хэмээн ярьжээ (Үйлс 20:35). Энэ эмэгтэй Еховаг хувиа болгож, түүнд үйлчлэх завшаанаа эрхэмлэдэг ажээ.

18. Ехова таныг хувиа болгоно гэдгийг юу гэж ойлгох вэ?

18 Та ямар ч үед Бурхныг өөрийн хувь болгож чадна. Тэгэх аваас, Бурхны жаргалтай үйлчлэгчдийн нэг байх болно (2 Кор. 6:16, 17). Ингэвэл, эртний үйлчлэгчдийн адилаар Еховагийн хувь болно (Дэд хууль 32:9, 10-ыг уншина уу). Бурхан ард түмнүүдийн дундаас Израилийг хувиа болгон сонгосон шигээ таныг ч бас хувиа болгон сонгож, анхаарал халамжаа үзүүлнэ (Дуу. 17:8).

Хариулна уу

Еховаг хувиа болгодог хүн

• эхлээд Бурхны Хаанчлал болон түүний зөвт байдлыг хайдгаа хэрхэн харуулдаг вэ?

• сүнслэг хоол өгдөгт нь талархдагаа хэрхэн харуулдаг вэ?

• «зөвхөн Эзэн дотор» гэрлэх тушаалыг хэрхэн сахидаг вэ?

[Догол мөрийн асуулт]

[13-р хуудасны товчлол]

Еховад үйлчлэхийг голлон анхаардаг бол Ехова бидний хувь болно

[15-р хуудасны зураг]

Иеремиагийн жишээ урам хайрладаг