Skip to content

Гарчиг руу орох

«Та нар ялахын тулд ... гүйцгээ»

«Та нар ялахын тулд ... гүйцгээ»

«Та нар ялахын тулд ... гүйцгээ»

«Та нар ялахын тулд ийнхүү гүйцгээ» (1 КОР. 9:24).

1, 2. а) Паул еврей христиануудын урмыг сэргээхийн тулд яасан бэ? б) Паул юу гэж уриалсан бэ?

 ЭЛЧ Паул еврей христиануудын урмыг сэргээх зорилгоор тэднийг гүйлтийн уралдаанд оролцож буй тамирчидтай зүйрлэжээ. Тэднээс өмнө энэ уралдаанд оролцоод барианд орж чадсан «гэрчүүдийн үлэмж агуу үүл» буюу үнэнч үйлчлэгчид байсныг бас сануулсан. Еврей христианууд зогсолтгүй гүйн, барианд орохын тулд өмнөх үеийн гүйгчдийнхээ итгэл хийгээд идэвх зүтгэлийг байнга санах шаардлагатай байжээ.

2 Өмнөх өгүүллээр Еховагийн үнэнч үйлчлэгчдийн жишээг авч үзсэн билээ. Тэд Бурханд бат итгэж байсан учир эцсээ хүртэл үнэнч байж чадсан. Яаж тэдэн шиг болох вэ? Паул: «Аливаа саад тотгор ба биднийг тун амархан урхиддаг нүглийг хажуу тийш нь тавьж, өмнөө тавигдсан уралдаанд тэвчээртэйгээр гүйцгээе» хэмээн уриалжээ (Евр. 12:1).

3. Паул ямар зорилгоор Грекийн тамирчдыг жишээ болгон авсан бэ?

3 Тэр үеийн тамирчид гүйлтийн уралдаанд хэрхэн оролцдог байсныг нэгэн бүтээлд: «Грекчүүд чармай нүцгэн гүйж, уралддаг байжээ» хэмээн бичжээ *Backgrounds of Early Christianity»). Гүйгчид хурдаа сааруулахгүйн тулд хувцас хунараа тайлж, нүцгэлдэг байв. Орчин үед энэ нь зүй зохисгүй, эрээ цээргүй явдал боловч тухайн үеийн тамирчид шагнал авна гэсэн ганцхан зорилго өвөрлөн тийн гүйдэг байжээ. Амийн төлөөх уралдаанаас шагнал авъя гэвэл аливаа саад тотгорыг зайлуулах нь амин чухал гэдгийг Паул онцлохыг хүсжээ. Энэ зөвлөгөө тухайн үеийн христиануудад ашигтай байсан, өнөөгийн бидэнд ч тустай. Амийн төлөөх уралдаанаас шагнал авахад юу саад болох вэ?

«Аливаа саад тотгорыг ... хажуу тийш нь тавь»

4. Ноагийн үеийн хүмүүс юу хийдэг байсан бэ?

4 Паул аливаа саад тотгорыг «хажуу тийш нь тавь» гэсэн нь уралдаандаа хамаг анхаарлаа төвлөрүүлэх, байдаг чадлаараа гүйхэд саад болох бүхнээс зайлсхийхийг хэлжээ. Чухам юу саад болох вэ? Паулын дурдсан бат итгэлтэй хүмүүсийн нэг болох Ноагийн тухай бодохлоор, Есүсийн хэлсэн үг санаанд ордог. Есүс: «Ноагийн өдрүүдэд ч ямар байсанчлан Хүний Хүүгийн өдрүүдэд ч мөн тийнхүү байх болно» гэжээ (Лук 17:26). Тэрбээр хэзээ ч болж байгаагүй сүйрлийн тухай биш, харин хүмүүс яаж аж төрдгийг л ярих гэсэн аж (Матай 24:37–39-ийг уншина уу). Ноагийн үед амьдарч байсан хүмүүсийн дийлэнх нь Бурхныг мэдэхийг хүсдэггүй, тааллыг нь олохыг хичээдэггүй байсан. Яагаад тэр вэ? Идэж уух, гэрлэх зэрэг хүний амьдралд байдаг л зүйлийг Бурхны мэдээнээс илүү чухалд үзжээ. Есүсийн хэлснээр тэд «анхаараагүй» (ШЕ).

5. Барианд оръё гэвэл яах хэрэгтэй вэ?

5 Ноа болон түүний гэрийнхний хийх ажил өдөр бүр ундарч байсан. Бидний тухайд ч ялгаагүй. Өөрийгөө болон гэр бүлээ тэжээхийн тулд ажил хийх хэрэгтэй бөгөөд үүнд цаг зав, хүч хөдөлмөр их зарцуулдаг. Ялангуяа мөнгө төгрөгөөр гачигдах үед наад захын хэрэгцээнийхээ төлөө санаа зовж эхэлдэг. Еховад өөрийгөө зориулсан христиан хүнд хүлээх ёстой үүрэг хариуцлага гэж бий. Үүнд: дэлгэрүүлэх, цуглаанд бэлдэж оролцох, Библийг гэр бүлээрээ болон бие даан судлах зэрэг орно. Ноа Бурхны даалгасныг гүйцэтгэхийн тулд их юм хийх хэрэгтэй байсан ч бүхнийг «ёсоор гүйцэтгэжээ» (Эх. 6:22). Барианд оръё гэвэл, ачаагаа аль болох багасгах, илүү ачаа авч явахгүй байх нь туйлаас чухал.

6, 7. Есүсийн хэлсэн ямар зөвлөгөөг санаж явах хэрэгтэй вэ?

6 Паул саад тотгорыг хажуу тийш нь тавихыг зөвлөхдөө «аливаа» гэж хэлсэн нь ямар учиртай вэ? Үүрэх ёстой бүх л үүрэг хариуцлагаас мултарна гэсэн үг биш юм. Есүсийн хэлсэн үгийг санах хэрэгтэй. Тэрбээр: «„Бид юу идэх билээ?“, „Юу уух билээ?“, эсвэл „Юу өмсөх билээ?“ гэж бүү санаа зов. Харь үндэстнүүд энэ бүх зүйлийг чармайн хайдаг. Тэнгэрлэг Эцэг тань та нарт энэ бүхэн хэрэгтэйг мэддэг» гэж хэлжээ (Мат. 6:31, 32). Хүний амьдралд байх л ёстой, жирийн юм шиг санагддаг хоол хүнс, хувцас хунар хүртэл хүнд ачаа, бүдрүүлэх чулуу болж болдгийг энэ үг харуулдаг.

7 «Тэнгэрлэг Эцэг тань та нарт энэ бүхэн хэрэгтэйг мэддэг» гэж Есүсийн хэлснийг анхааръя. Тэнгэрийн Эцэг Ехова бидний төлөө санаа тавьж, хэрэгцээг маань хангана гэсэн үг юм. «Энэ бүхэн» гэдэгт бидний хүсдэг, дурладаг бүхэн орохгүй нь мэдээж. Гэхдээ л наад захын хэрэгцээнийхээ төлөө санаа зовдог бол «энэ бүхнийг чармайн хайдаг» харь үндэстнүүд шиг болно. Энэ нь яагаад аюултай вэ? Есүс: «Та нарын зүрх сэтгэл хэт идэж уух явдал, согтуурал болон амьдралын санаа зовнилоор дарамтлагдахгүйн тулд болгоомжлогтун. Тэрхүү өдөр та нар дээр хавх буух мэт гэнэт ирнэ» гэжээ (Лук 21:34, 35).

8. Одоо «аливаа саад тотгорыг хажуу тийш нь тавих» хэрэгтэйн учир вэ?

8 Бариа ойртож байхад хэрэггүй ачаа үүрч, өөртөө төвөг удвал хэчнээн харамсалтай вэ! Тиймээс элч Паулын: «Сүсэглэл ба сэтгэл хангалуун байдал нь хамтдаа байвал энэ нь агуу ашиг мөн» гэж зөвлөснийг дагах нь ухаалаг хэрэг болно (1 Тим. 6:6). Паулын хэлсэн үгийг зүрх сэтгэлээрээ хүлээж авбал шагнал авах нь бүр ч тодорхой болно.

«Биднийг тун амархан урхиддаг нүгэл»

9, 10. а) «Биднийг тун амархан урхиддаг нүгэл» гэдгийг юу гэж ойлгох вэ? б) Христиан хүний итгэл яагаад сулрах юм уу үгүй болдог вэ?

9 «Аливаа саад тотгороос» гадна биднийг тун амархан урхиддаг нүглийг» хажуу тийш нь тавихыг Паул зөвлөжээ. Тэр нь юу байж болох вэ? Итгэл дутмаг байхыг хэлнэ. «Урхиддаг» гэж орчуулсан грек үг нь ороох гэсэн утгатай бөгөөд Библид ганцхан энэ зүйлд гардаг. Библи судлаач Альберт Барнз: «Тамирчин хүн гүйхэд тээртэй, хөлд орооцолддог хувцас өмсдөггүйн адил, христиан хүн үүнтэй төстэй бүх зүйлийг хойш тавих хэрэгтэй» гэж бичжээ. Тэгэхлээр христиан хүн өөрийг нь «ороох» буюу итгэлийг нь сулруулах алив бүхнээс хол явах хэрэгтэй байх нь. Зарим хүн яагаад ийм аюулд өртдөг вэ?

10 Христиан хүн гэв гэнэтхэн Бурханд итгэхээ больчихдоггүй. Өөрөө ч мэдэлгүй, аажим аажмаар итгэлээ алддаг байна. Паул захидлынхаа эхэнд еврей христиануудыг итгэлээсээ «урсаад явчих» юм уу «бузар, итгэлгүй зүрхтэй» болох аюулаас сэрэмжлүүлсэн (Евр. 2:1; 3:12). Гүйж яваа тамирчны хувцас хөлд нь орооцолдвол унах нь гарцаагүй. Тийм учраас, гүйлтэд оролцохдоо тохиромжгүй хувцас өмсөх ёсгүй. Гэвч зарим нь ийм эрсдэлд ордог. Яагаад тэр вэ? Сэрэмжлүүлгийг хүлээж аваагүйгээс, өөртөө эрдсэнээс, эсвэл анхаарал нь сарниснаас болдог. Паулын зөвлөгөө бидэнд ямар сургамжтай вэ?

11. Хүн юунаас болоод итгэлээ гээж магадгүй вэ?

11 Христиан хүн итгэлээ гээсэн бол гаргасан шийдвэрийнхээ үр дүнг амсаж байгаа нь тэр юм. «Биднийг тун амархан урхиддаг нүглийн» талаар өөр нэгэн эрдэмтэн хэлсэн байдаг. Түүний тайлбарласнаар байгаа орчин, нөхөрлөдөг хүмүүс, зан авир маань бидэнд маш хүчтэй нөлөөлдөг. Энэ бүхэн бидний итгэлийг сулруулах юм уу, бүр үгүй хийдэг байна (Мат. 13:3–9).

12. Итгэлээ гээхгүйн тулд ямар сэрэмжлүүлгийг анхаарах хэрэгтэй вэ?

12 Бидний үзэж сонсдог зүйл оюун ухаан, зүрх сэтгэлд нөлөөлдөг учраас анхаарал болгоомжтой байхыг итгэмжит, ухаалаг боол сануулсаар ирсэн. Бас мөнгө төгрөг, эд хөрөнгөнд урхидуулахгүй байхыг анхааруулдаг. Ертөнцийн гял цал, дур булаам бүхэнд татагдах юм уу хамгийн сүүлийн үеийн техник хэрэгсэлтэй болохыг хүсвэл илүү чухал зүйлд зав гаргаж чадахгүй. Итгэмжит, ухаалаг боолын өгсөн сануулгыг хэтэрхий хатуу гэх юм уу надад огт хамаагүй гэж үзэн үл тоомсорлох нь аюултай. Сатан биднийг ертөнцийнхний үзэл бодол, хүсэл сонирхолд автуулахыг хүсдэг. Зарим хүн сэрэмжлүүлгийг хүлээж аваагүйгээс, өөртөө эрдсэнээс, эсвэл анхаарал нь сарниснаас болоод итгэлээ гээдэг. Ингэвэл мөнх амийн шагналаа алдана (1 Иох. 2:15–17).

13. Муу нөлөөнөөс өөрийгөө хэрхэн хамгаалах вэ?

13 Сатаны ертөнц бидний хүсэл зорилго, эрхэмлэдэг зүйл, бодол санааг өөрийнхтэйгөө адилхан болгохыг оролддог (Ефес 2:1, 2-ыг уншина уу). Тэдний нөлөөнд автах эсэх нь биднээс л шалтгаална. Паул ертөнцийнхний үзэл бодлыг агаартай зүйрлэсэн. Тэрхүү «агаар» нь үхэлд ч хүргэж болзошгүй. Хүн хортой агаараар амьсгалахыг хүсдэггүй шиг, бид ертөнцийнхөнтэй адил үзэл бодолтой болохоос цагт ямагт сэрэмжлэх учиртай. Барианд ороход юу тус болох вэ? Гарамгай гүйгч Есүсийн жишээ тус болно (Евр. 12:2). Бас Паул бидэнд сайхан жишээ үзүүлсэн. Амжилттай гүйж, барианд орсон тэрбээр өөрийг нь дууриахыг итгэл нэгтнүүддээ уриалсан билээ (1 Кор. 11:1; Флп. 3:14).

Яавал «ялах» вэ?

14. Барианд орох нь Паулд хэр зэрэг чухал байсан бэ?

14 Барианд орох нь Паулд хэр зэрэг чухал байсан бэ? Тэрбээр Ефесийн ахлагчидтай сүүлчийн удаа ярилцахдаа, «Би ... Эзэн Есүсээс хүлээн авсан үүрэг, албаа гүйцээхийн тулд өөрийн амийг юман чинээ бодолгүй явж ирсэн» гэж хэлжээ (Үйлс 20:24). Паул барианд орохын тулд бүхнээ золиослоход, тэр байтугай амиа алдахад ч бэлэн байсан. Барианд орж чадахгүй бол сайн мэдээний төлөө гаргасан бүх хичээл зүтгэл, нөр их хөдөлмөр нь талаар болох байв. Тэрбээр эцсээ хүртэл тэмцэх ёстойгоо ойлгож байсан бөгөөд шагналаа аль хэдийн авчихсан гэж бодоогүй (Филиппой 3:12, 13-ыг уншина уу). Харин үхэхийнхээ өмнөхөн л «Би сайн тэмцлээр тэмцсэн. Би замаа дуусгасан, итгэлээ сахисан» гэж итгэлтэй хэлжээ (2 Тим. 4:7).

15. Паул ах дүүстээ юу гэж уриалсан бэ?

15 Паул итгэл нэгтнүүдээ барианд ороосой гэж хүсэж байсан. Жишээ нь, аврагдахын төлөө шаргуу хөдөлмөрлөхийг Филиппой дахь христиануудад уриалжээ. Тэд «амийн үгнээс баттай барих» шаардлагатай байв. «Тэгвэл би дэмий ажиллаагүй, дэмий гүйгээгүй хэмээн Христийн өдөр сайрхах болно» гэж Паул бичжээ (Флп. 2:16). Бас Коринтын христиануудад: «Та нар ялахын тулд ийнхүү гүйцгээ» хэмээн уриалжээ (1 Кор. 9:24).

16. Шагналаа бодох ёстойн учир юу вэ?

16 Марафон гэх мэтийн холын зайн гүйлтэд оролцож байгаа тамирчдад барианы газар шууд харагддаггүй. Гэлээ ч тэд гүйж байхдаа бариаг л боддог. Бариа ойртож байгааг мэдэхлээрээ бүр ч шийдэмгий гүйдэг. Христианууд бид ч бас адилхан. Шагналаа л бодох ёстой. Ингэвэл барианд орж, шагнал авна.

17. Шагналаас нүдээ салгахгүй байхад итгэл ямар үүрэгтэй вэ?

17 «Итгэл бол бидний найддаг зүйлсийн бодит байдал, харагдахгүй зүйлсийн баталгаа мөн» гэж Паул бичжээ (Евр. 11:1). Абрахам Сара хоёр тав тухтай амьдралаа орхин, «дэлхийд харь хүмүүс хийгээд цөлөгдөгсөд» шиг амьдарсан. Учир нь Бурхны амлалт биелэхийг «холоос ... харсан» юм. Мосе ч бас «шагнал уруу харж» байсан тул «нүглийн цаг зуурын жаргал», «Египетийн эрдэнэсийг» үл тоомсорлох хүчтэй, итгэлтэй байв (Евр. 11:8–13, 24–26). Тэгэхлээр, Паул энэ хүмүүсийн тухай бичихдээ «итгэлээр» гэдэг үгээр эхэлсэн нь ойлгомжтой байна. Тэд бат итгэлтэй учраас сорилт, бэрхшээл тулгарсан ч шантралгүй, шагналаа харж байжээ. Мөн Бурхан тусалсаар байгааг харж, амлалтаа биелүүлнэ гэдэгт итгэж байсан.

18. «Биднийг тун амархан урхиддаг нүглийг хажуу тийш нь тавихын» тулд яах хэрэгтэй вэ?

18 «Еврей» номын 11-р бүлэгт гардаг бат итгэлтэй хүмүүсийн жишээг эргэцүүлэн бодож, тэднийг дууриах хэрэгтэй. Тэгвэл итгэл бэхжиж, «биднийг тун амархан урхиддаг нүглийг хажуу тийш нь тавьж» чадна (Евр. 12:1). Түүнчлэн, тийм итгэлтэй болох гэж хичээдэг хүмүүстэй нөхөрлөж, хамтдаа цуглах нь чухал. Ингэснээр «бие биеэ хайр болон сайн үйлсэд хөхүүлэн урамшуулна» (Евр. 10:24).

19. Зогсолтгүй гүйх нь яагаад чухал бэ?

19 Бид барианд ойртож байна. Барианы газар тод харагдаж байна. Бат итгэлтэй байж, Еховагийн тусламжийг авбал «тун амархан урхиддаг нүглийг хажуу тийш нь тавьж» чадна. Тэгээд зогсолтгүй гүйсээр, тэнгэрийн Эцэг Еховагийнхаа амласан шагналыг хүртэнэ.

[Зүүлт]

^ Энэ нь эртний иудейчүүдийн хувьд ой гутам зүйл байжээ. Тэрс үзэлт тэргүүн тахилч Иасоныг Иерусалимд биеийн тамирын танхим барих санал гаргахад бөөн хэл ам гарсан тухай «2-р Маккабис» хэмээх апокриф номд (зарим хүн Библийн хэсэг гэж үздэг ч Бурхны ариун сүнсээр бичигдсэн ном биш юм) бичжээ (2 Макк. 4:7–17).

Санаж байна уу?

• «Аливаа саад тотгорыг» хажуу тийш нь тавина гэж яахыг хэлдэг вэ?

• Христиан хүн юунаас болоод итгэлээ гээдэг вэ?

• Шагналаас нүдээ салгах ёсгүйн учир юу вэ?

[Догол мөрийн асуулт]

[23-р хуудасны зураг]

«Биднийг тун амархан урхиддаг нүгэл» гэж юу вэ? Яавал урхидуулж болзошгүй вэ?