Skip to content

Гарчиг руу орох

Та «Бурханы [тухай] мэдлэгийг» олох боломжтой

Та «Бурханы [тухай] мэдлэгийг» олох боломжтой

Бурхныг танин мэдье

Та «Бурханы [тухай] мэдлэгийг» олох боломжтой

ЕХОВА БУРХАН бүх хүнд хосгүй үнэт эрдэнэстэй болох боломж олгодог бөгөөд биднийг энэ эрдэнэсийг хайж олоосой гэж хүсдэг. Энэ эрдэнэсийг олбол эд хөрөнгөтэй болно гэсэн үг биш. Харин ямар ч үнээр олж авч болдоггүй сэтгэлийн амар тайвныг мэдэрч, сэтгэл хангалуун, жаргалтай амьдарна. Энэ эрдэнэс нь чухам юу юм бол? Мэргэн ухаант Соломон хааны Сургаалт үгс 2:1–6-д бичсэнээс мэдэж авъя.

Соломон хаан тэр эрдэнэсийг «Бурханы [тухай] мэдлэг» гэжээ. Өөрөөр хэлбэл, Бурхан гэж хэн болох, ямар санаа зорилготой тухай Библид бичсэн үнэнийг мэдэх явдал юм (5-р зүйл). Энэ эрдэнэс мэт мэдлэг ямар ач тус хүртээдгийг авч үзье.

Зөв сургаал. Библид дараах асуултын хариу байдаг. Бурхныг хэн гэдэг вэ? (Дуулал 83:18). * Хүн үхээд яадаг вэ? (Номлогчийн үгс 9:5, 10). Амьдралын утга учир юу вэ? (Эхлэл 1:26–28; Дуулал 115:16). Эдгээр асуултын үнэн зөв хариуг олж авах нь үнэхээр чухал биз дээ?

Ухаалаг зөвлөгөө. Амьдралын хамгийн сайн замыг олохын тулд яах ёстойг Библид бичсэн байдаг. Яавал гэр бүлээ тогтвортой байлгах вэ? (Ефес 5:28, 29, 33). Үр хүүхдээ сайн хүн болгон хүмүүжүүлэхийн тулд яах хэрэгтэй вэ? (Дэд хууль 6:5–7; Ефес 6:4). Яавал аз жаргалтай амьдрах вэ? (Матай 5:3; Лук 11:28). Энэ талаар найдвартай зөвлөгөө авах нь үнэхээр ач тустай биз дээ?

Бурхан болон зан чанарынх нь талаарх зөв ойлголт. Библи бол Бурхны талаарх үнэн зөв мэдлэгийн эх булаг юм. Бурхан ямар биетэй вэ? (Иохан 1:18; 4:24). Хүмүүст санаа тавьдаг уу? (1 Петр 5:6, 7). Ямар зан чанартай вэ? (Египетээс гарсан нь 34:6, 7; 1 Иохан 4:8). Хүнийг бүтээсэн Бурхны тухай үнэн зөв мэдлэг үнэхээр үнэ цэнэтэй биш гэж үү?

«Бурханы [тухай] мэдлэг» нь яахын аргагүй сүнслэг эрдэнэс мөн. Ийм эрдэнэсийг олохын тулд яах вэ? «Сургаалт үгс» номын 2-р бүлгийн 4-р зүйлээс мэдэж болно. Соломон хаан ийм мэдлэгийг «нууцлагдсан эрдэнэтэй» зүйрлэсэн. Нууцлагдсан эрдэнэсийг зүгээр сууж байгаад олох аргагүй. Харин эрэл хайгуул хийж, хүч хөдөлмөр гаргаж байж л олдог. Бурхны тухай мэдлэгийн тухайд ч мөн ялгаагүй. Бурхны тухай мэдлэг Библид «нууцлагдсан» байдаг. Ийм мэдлэгийг олъё гэвэл хичээж мэрийх учиртай.

Соломон хаан «Бурханы [тухай] мэдлэгтэй» болохын тулд яах хэрэгтэйг хэлсэн. «Миний хэлэхийг хүлээн авах», «цээжээ тунгаан бодох уруу хандуулах» гэсэн нь сурч мэдье гэсэн чин хүсэлтэй байх хэрэгтэйг ойлгуулдаг (1, 2-р зүйл). Бас «чанга дуудах» «эрэх», «хайх» гэснийг нь бодохлоор биеэ дайчилж, санаачилга гаргах учиртай аж (3, 4-р зүйл). Тэгэхлээр ийм эрдэнэсийг олж авахын тулд Библийг хичээнгүйлэн судалж, зүрх сэтгэлээ зориулах учиртай байх нь (Лук 8:15).

Биднийг ийн санаачилга гаргадаг бол Ехова тусална. Учир нь «ЭЗЭН мэргэн ухааныг өгдөг» гэж 6-р зүйлд хэлжээ. Библид байдаг үнэнийг бүрэн дүүрэн ойлгоход гагцхүү Бурхан тусална (Иохан 6:44; Үйлс 16:14). Бурхны Үгийг хичээнгүйлэн судалбал «Бурханы [тухай] мэдлэгийг» олно гэдэгтээ эргэлзэхгүй байж болно. Энэ мэдлэгийг амьдралыг аз жаргалтай, сэтгэл хангалуун болгох асар их эрдэнэстэй зүйрлэж болно (Сургаалт үгс 2:10–21). *

[Зүүлт]

^ Дуулал 83:18–ыг 1838 оны монгол орчуулгад «[Таны] нэрийг Ехова мөн хийгээд [таныг] бүх дэлхийн дээр ганцхан хамгийн дээд мөн хэмээн тэд нь мэдэх болтугай» гэж хөрвүүлжээ.

^ Дэлхий даяар Еховагийн Гэрчүүд Библийг ойлгохыг хүсдэг хүнтэй Библийн хичээл үнэ төлбөргүй хийдэг. Нутгийнхаа Еховагийн Гэрчүүдтэй холбоо тогтоох юм уу 4-р хуудсанд дурдсан хаягийн аль нэгээр хандаарай.