Skip to content

Гарчиг руу орох

Та чөлөөт цагаа үр ашигтай өнгөрөөдөг үү?

Та чөлөөт цагаа үр ашигтай өнгөрөөдөг үү?

Та чөлөөт цагаа үр ашигтай өнгөрөөдөг үү?

«Эзэнд таалагдах юманд суралц» (ЕФ. 5:10).

1, 2. а) Ехова биднийг баяр жаргалтай амьдруулахыг хүсдэг нь юунаас харагддаг вэ? б) Чөлөөт цагийг «Бурханы бэлэг» гэж боддог бол яах хэрэгтэй вэ?

 ЕХОВА биднийг зөвхөн амьд явуулаад зогсохгүй, баяр жаргалтай байгаасай гэж хүсдэгийг Библиэс мэдэж болно. Жишээ нь, Дуулал 104:14, 15-д Еховаг «газар шорооноос хүнсийг болон хүний зүрхийг баясгадаг дарсыг, нүүрийг өнгөлдөг тосыг болон хүний зүрхийг тэнхрүүлдэг хоол хүнсийг» гаргадаг гэж бичсэн байдаг. Үнэхээр ч Ехова ургац ургуулан үр тариа, тос, дарсыг бидэнд хоол хүнс болгон өгдөг. Амьд явахад дарс зайлшгүй шаардлагатай биш ч «хүний зүрхийг баясгадаг» (Ном. 9:7; 10:19). Ехова бидний зүрх сэтгэлийг «баяр баяслаар» бялхаахыг хүсдэг (Үйлс 14:16, 17).

2 Тиймээс «тэнгэрийн шувуудыг харж», «талын сараана цэцгийг» ажиглахад цаг заваа зориулдаг бол өөрийгөө буруутгах хэрэггүй. Учир нь иймэрхүү зүйлийн ачаар эрч хүчтэй, сэргэлэн цовоо болдог (Мат. 6:26, 28; Дуу. 8:3, 4). Утга учиртай, баяр хөөртэй амьдрал «Бурханы бэлэг буюу» (Ном. 3:12, 13). Амарч зугаацах цаг ч бас Бурхны өгсөн энэ бэлгийн нэг хэсэг юм. Тэгэхлээр бид Бурхны таалалд нийцүүлэн амарч зугаацах хэрэгтэй.

Зугаа цэнгэл олон янз, бас хэмжээ хязгаартай

3. Хүмүүс чөлөөт цагаа янз янзаар өнгөрөөдгийн учир юу вэ?

3 Аливаа асуудалд дүн нуруутай ханддаг хүн зугаа цэнгэлийг олон янз гэж мэддэг, хэмжээ хязгаартай байх хэрэгтэйг ч хүлээн зөвшөөрдөг. Хүмүүс чөлөөт цагаа яагаад олон янзаар өнгөрөөдөг вэ? Энэ асуултад хариулахын тулд хоолыг жишээ болгон авъя. Орон орны хоол янз бүр байдаг. Нэг орны хүмүүсийн амтархан иддэг хоолыг өөр орны хүмүүс төдийлөн таашаадаггүй. Үүнтэй адил, дэлхийн аль нэг хэсэгт амьдардаг христиануудын чөлөөт цагаараа хийх дуртай юм өөр орны христиануудад тийм ч сонирхолтой санагддаггүй байж болох юм. Тэр байтугай, нэг нутгийн хүмүүсийн хүсэл сонирхол харилцан адилгүй байдаг. Жишээ нь, зарим хүн ном уншихыг зугаатай гэж үзэж байхад, зарим нь уйтгартай гэж боддог. Байгалийн үзэсгэлэнт газар дугуйгаар аялахыг амралт гэж боддог хүн байхад, чадал тэнхээ барах зүйл гэж төвөгшөөх нь ч бий. Хүн дуртай хоолоо иддэг шиг, дуртай юмаа хийж чөлөөт цагаа өнгөрөөдөг (Ром 14:2–4).

4. Чөлөөт цагаараа хийх зүйлдээ хэмжээ хязгаар тогтоох хэрэгтэйн учир юу вэ? Жишээгээр тайлбарлана уу.

4 Гэхдээ «юу сайхан, дур сайхан» гээд дураараа дургина гэсэн үг биш. Хоолны тухай жишээг дахин саная. Янз бүрийн хоол идэж чадна гээд муудсан хоолыг мэдсээр байж идэх хүн байх уу? Эрүүл ухаантай л бол ямар ч хүн тийм хоол идэхгүй, идвэл хор болно. Түүн шиг, бид олон янзаар амарч зугаацан, чөлөөт цагаа зүй зохистой өнгөрөөх дуртай ч амь насанд халтай, ёс суртахууны хувьд завхарсан юм хийх, эсвэл зодоон цохионд оролцох учиргүй. Тэгвэл Библийн зарчмыг зөрчиж, биеийн болоод сүнслэг эрүүл мэндээрээ хохироход хүрнэ. Хэмжээ хязгаараа тохируулахын тулд чөлөөт цагаараа хийх гэж дурлаад байгаа зүйл маань ашигтай юу, хортой юу гэдгийг урьдчилж мэдэх хэрэгтэй (Еф. 5:10). Яаж мэдэх вэ?

5. Чөлөөт цагаа Бурханд таалагдахаар өнгөрөөж байгаа эсэхээ яаж мэдэх вэ?

5 Чөлөөт цагаа үр ашигтай, Еховад таалагдахаар өнгөрөөхийн тулд Бурхны Үгэнд байдаг хэм хэмжээг баримтлах шаардлагатай (Дуу. 86:11). Үүний тулд юу, хэчнээн, хэнтэй гэсэн асуулт бүхий жагсаалт гаргаад бодож үзвэл сайн. Одоо асуулт бүрийг нэг нэгээр нь авч үзье.

Юу?

6. Бид ямар зугаа цэнгэлийг сонгох ёсгүй вэ? Яагаад?

6 Чөлөөт цагаа өнгөрөөхөөсөө өмнө: «Хийх гэж байгаа зүйлийн минь цаана юу байгаа вэ?» гэж бодох хэрэгтэй. Зугаа цэнгэл ерөнхийдөө хоёр янз юм. Эхнийх нь бидний огт хийхгүй зүйл, хоёр дахь нь өөрөө шийдэх зүйл байдаг. Эхнийх нь юу вэ? Өнөөгийн ёс бус ертөнцөд Библийн зарчим, Бурхны хуультай илт зөрчилддөг үйл хэрэг бүхий зугаа цэнгэл маш их (1 Иох. 5:19). Жинхэнэ христианууд зугаа цэнгэлийн иймэрхүү хэлбэрийг хэзээ ч сонгохгүй. Үүнд: бусдыг тарчлааж бэлгийн дур хүслээ хангах, ид шид, мэргэ төлгөөр оролдох, ижил хүйстэнтэйгээ явалдах, порно үзэх, зодоон цохион хийх гэх мэтийн бузар булай, садар самуун явдлыг өөгшүүлсэн бүх үйлдэл ордог (1 Кор. 6:9, 10; Илчлэлт 21:8-ыг уншина уу). Бид хаана ч байлаа гэсэн, ингэж зугаацдаггүй бол «бузар мууг жигшдэгээ» Еховад батлан харуулна (Ром 12:9; 1 Иох. 1:5, 6).

7, 8. Чөлөөт цагаа зөв зохистой өнгөрөөе гэвэл яах хэрэгтэй вэ? Жишээ хэлнэ үү.

7 Хоёр дахийг нь Бурхны Үгэнд илт буруушаадаггүй. Ийм зугаа цэнгэлийг сонгохын өмнө Библийн зарчим, Еховагийн үзэл бодолд харшлах эсэхийг сайтар магадлах хэрэгтэй (Сур. 4:10, 11). Тэгээд мөс чанар шаналахааргүй шийдвэр гаргах ёстой (Гал. 6:5; 1 Тим. 1:19). Яавал зөв шийдвэр гаргах вэ? Огт идэж байгаагүй хоол идэхээр болбол орц найрлагыг нь урьдаар мэдэх хэрэгтэй байдаг шиг, чөлөөт цагаа яаж өнгөрөөхөө шийдэхийн өмнө христиан хүнд зохимжтой эсэхийг шалгаж үзэх учиртай (Еф. 5:17).

8 Жишээ нь, та спортод дуртай байлаа гэж бодъё. Ер нь спорт зугаатай, сэтгэл хөдөлгөм байдаг. Гэтэл таны дуртай спорт ширүүн өрсөлдөөнтэй, амь насанд халтай, гэмтэж бэртэх магадлал өндөр, зэрлэг догшин шинжтэй, үндэсний бахархлыг дэвэргэсэн гэх мэтийн «орц найрлагатай» бол та яах вэ? Спортын ийм төрлийг Ехова таашаахгүй, бидний тунхагладаг хайр болон амар тайвны мэдээтэй тохирохгүй гэсэн дүгнэлт хийх байх (Ис. 61:1; Гал. 5:19–21). Харин Библийн зарчимтай зөрчилдөхгүй зугаа цэнгэл ач тустай бөгөөд сэтгэл сэргээнэ (Гал. 5:22, 23; Филиппой 4:8-ыг уншина уу).

Хэчнээн?

9. «Хэчнээн цаг амарч зугаацах вэ?» гэдэг асуултад хэрхэн хариулдаг маань юуг харуулдаг вэ?

9 Хоёрдугаарт, бид «Хэчнээн?» буюу «Хэчнээн цаг амарч зугаацах вэ?» гэдэг асуултыг бодож үзэх хэрэгтэй. «Юу?» гэдэг асуултын хариу бидний хандлагыг буюу юуг таалдаг, юунд таагүй ханддагийг харуулдаг. Харин «Хэчнээн?» гэдэг асуултын хариу юуг чухал, юуг чухал бус гэж үздэгийг маань илчилдэг. Тэгвэл зугаа цэнгэлийн асуудлыг зохих байранд нь тавьсан эсэхээ яаж мэдэх вэ?

10, 11. Зугаа цэнгэлд хэчнээн цаг зарцуулахаа шийдэхэд Матай 6:33-т байдаг Есүсийн үг хэрхэн тус болох вэ?

10 Есүс Христ дагалдагчдадаа: «Чи өөрийн Бурхан Эзэнийг бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаан, бүх хүчээрээ хайрлагтун» гэж хэлжээ (Марк 12:30). Тэгэхлээр бид юуны түрүүнд Еховаг хайрлах ёстой. Үүний тулд «Эхлээд Түүний хаанчлал болон Түүний зөвт байдлыг хайгтун. Тэгвэл энэ бүхнийг та нарт нэмж өгөх болно» гэсэн Есүсийн зөвлөгөөг дагах хэрэгтэй (Мат. 6:33). Есүсийн хэлсэн энэ үгийн тусламжтайгаар зугаа цэнгэл бидний амьдралд зохих байраа эзэлсэн эсэхийг мэдэж, үүнд хэчнээн цаг зарцуулахаа тогтоож болно.

11 Эхлээд Хаанчлалыг хай гэсэн Есүсийн үгийг анхаараарай. Тэрбээр зөвхөн Хаанчлалыг хай гээгүй. Хаанчлалаас гадна өөр олон юм хайх хэрэгтэйг маань Есүс мэдэж байсан. Бидэнд орон байр, хоол хүнс, хувцас хунар, мэдлэг боловсрол, ажил алба, зугаа цэнгэл гээд хэрэгтэй зүйл зөндөө бий. Гэхдээ энэ бүхнээс ганцхан Хаанчлалын үйл хэргийг л эн тэргүүнд тавих ёстой (1 Кор. 7:29–31). Үүнийг ойлгосон хүн хоёрдугаар зэргийн ач холбогдолтой зүйлийн, тухайлбал зугаа цэнгэлийн хэмжээ хязгаарыг тохируулж чадна. Ингэвэл бие сэтгэл сэргэж, гол ажил болох Хаанчлалын үйл хэрэгт эрч хүчтэй оролцоно.

12. Чөлөөт цагаа үр ашигтай өнгөрөөхөд Лук 14:28-д байдаг зарчим хэрхэн тус болох вэ?

12 Чөлөөт цагаараа юу хийхээ шийдэхдээ «зардал» буюу зарцуулах цагийн талаар сайтар бодох хэрэгтэй (Лук 14:28). Юм авахад мөнгө төлдөг шиг, зугаацаж цэнгэхэд цаг хугацаа зарцуулдаг. Тэгэхлээр зугаа цэнгэлд хэдий хэрийн цаг зарцуулахаа төлөвлөх хэрэгтэй. Цагаа хэтрүүлбэл Библи судлах, гэр бүлийн хичээл хийх, цуглаанд суух, дэлгэрүүлэх гэх мэтийн чухал зүйлд гаргах цаг үлдэхгүй (Марк 8:36). Харин Хаанчлалын үйл хэрэгт үргэлжлүүлэн оролцох эрч хүчтэй болсноо мэдэрвэл чөлөөт цагаа үр ашигтай өнгөрөөжээ гэж дүгнэж болох юм.

Хэнтэй?

13. Чөлөөт цагаа хэнтэй өнгөрөөхөө сайн бодох хэрэгтэйн учир юу вэ?

13 Гуравдугаарт, «Хэнтэй?» буюу «Би чөлөөт цагаа хэнтэй өнгөрөөх вэ?» гэж бодох хэрэгтэй. Ингэж бодох нь маш чухал. Яагаад гэвэл чөлөөт цагаараа хийх зүйлээ зөв сонгох эсэх нь хамт өнгөрөөх хүмүүс ямар байхаас ихээхэн шалтгаалдаг. Сайн найзуудтайгаа хамт хоол идэхэд илүү таатай байдаг шиг сайн хүмүүстэй хамт цагийг зугаатай өнгөрөөх илүү сайхан байдаг. Ялангуяа залуучууд найз нөхөдтэйгөө амарч зугаацах дуртай. Гэхдээ чөлөөт цагаа үр ашигтай өнгөрөөе гэвэл хэнтэй нөхөрлөхөө урьдаас шийдэх нь ухаалаг юм (Ш.дэд 19:2; Сургаалт үгс 13:20-ийг уншина уу; Иак. 4:4).

14, 15. а) Найз нөхрөө зөв сонгох талаар Есүс ямар жишээ үзүүлсэн бэ? б) Найз нөхдийг сонгохдоо ямар ямар асуултыг бодож үзэх хэрэгтэй вэ?

14 Есүсийн жишээг дагавал сайн найзтай болно. Тэрбээр хүнийг бүтээгдсэн цагаас нь эхлэн хайрласаар иржээ (Сур. 8:31). Дэлхийд байхдаа бүх хүнийг хайрлаж, хүндэтгэдэг байв (Мат. 15:29–37). Гэхдээ хүмүүстэй нөхөрсөг харьцах, дотносон нөхөрлөхийн зааг ялгааг мэддэг байжээ. Бүх хүнд нөхөрсөг ханддаг байсан хэдий ч тодорхой шаардлагыг хангадаг хүмүүстэй л дотносон нөхөрлөдөг байсан. Үнэнч арван нэгэн элчтэйгээ ярилцахдаа: «Хэрэв та нар Миний тушаасныг хийвэл, та нар Миний нөхөд мөн» гэж хэлжээ (Иох. 15:14; 13:27, 30). Есүс өөрийг нь дагадаг, Еховад үйлчилдэг хүмүүсийг л найзаа болгон сонгосон.

15 Тийм учраас, тухайн хүнийг дотны найзаа болгох эсэхээ шийдэхдээ Есүсийн хэлсэн үгийг санах хэрэгтэй. Дараах асуултуудыг бодож үзээрэй. «Энэ хүн Ехова Есүс хоёрын тушаалыг биелүүлдгээ үг яриа, үйл хэргээрээ харуулдаг уу? Сайныг хайрлаж, мууг үзэн яддаг уу? Хаанчлалыг эн тэргүүнд тавьж, Еховад үнэнчээр үйлчлэхийг надад зөвлөх болов уу?». Энэ бүх асуултад тийм гэж хариулбал та чөлөөт цагаа хамт өнгөрөөх сайн найзтай гэсэн үг (Дуулал 119:63-ыг уншина уу; 2 Кор. 6:14; 2 Тим. 2:22).

Шалгуурыг давсан уу?

16. Чөлөөт цагаа өнгөрөөхийн өмнө ямар асуултыг бодож үзэх хэрэгтэй?

16 Чөлөөт цагаа хэрхэн өнгөрөөх талаар ярилцаж, «Юу? Хэчнээн? Хэнтэй?» гэсэн гурван асуултыг авч үзлээ. Үр ашигтай амарч зугаацъя гэвэл Библийн хэм хэмжээнд яв цав нийцсэн зүйлийг сонгох нь чухал. Тиймээс зугаацаж цэнгэхийн өмнө шалгах хэрэгтэй. Юуны түрүүнд, «Үүний цаана юу байгаа бол? Бурханд таалагдах уу, эсвэл хүчирхийлэл, садар самуунтай холбоотой юу?» гэдгийг мэдэх нь зүйтэй (Сур. 4:20–27). Тэгээд дараа нь «Хэчнээн цаг зарцуулах вэ? Хэтрэхгүй байгаа?» гэдгийг бодно (1 Тим. 4:8). Эцэст нь «Чөлөөт цагаа хэнтэй хамт өнгөрөөх вэ? Сайн нөхөр үү, муу нөхөр үү?» гэж асуух хэрэгтэй (Ном. 9:18; 1 Кор. 15:33).

17, 18. а) Чөлөөт цагаараа хийхээр сонгосон зүйл маань Бурхны тогтоосон хэм хэмжээнд нийцсэн эсэхийг яаж шалгах вэ? б) Та чөлөөт цагаа өнгөрөөхдөө юуг анхаарахаар шийдсэн бэ?

17 Энэ гурван асуултаар шалгаад үзтэл чөлөөт цагаараа хийхээр сонгосон зүйл маань Бурхны тогтоосон хэм хэмжээтэй зөрчилдөж байвал шалгуурыг давж чадаагүй гэсэн үг. Харин нийцэж байвал Еховаг алдаршуулна. Өөрсдөд маань ч ач тустай (Дуу. 119:33–35).

18 Тиймээс, чөлөөт цагаараа зөв юмыг, зохистой хугацаагаар хийж, сайнаар үлгэрлэдэг хүмүүстэй хамт амарч зугаацаж сурцгаая. «Та нар идэж, уухдаа, эсвэл юу ч хийсэн Бурханы алдрын төлөө бүхнийг хий» гэсэн Библийн зөвлөгөөг чин сэтгэлээсээ дагацгаая (1 Кор. 10:31).

Тайлбарлана уу

Доорх Библийн зүйлүүдэд байдаг зарчмыг чөлөөт цагаа өнгөрөөхдөө хэрхэн баримталж болох вэ?

Филиппой 4:8

Матай 6:33

Сургаалт үгс 13:20

[Догол мөрийн асуулт]

[9-р хуудасны диаграм]

(Хэвлэгдсэн материалаас үзнэ үү.)

Юу

[10-р хуудасны диаграм]

(Хэвлэгдсэн материалаас үзнэ үү.)

Хэчнээн

[12-р хуудасны диаграм]

(Хэвлэгдсэн материалаас үзнэ үү.)

Хэнтэй

[10-р хуудасны зураг]

Найз нөхөд сонгох, чөлөөт цагаа өнгөрөөхдөө Есүсийг хэрхэн дууриах вэ?