Skip to content

Гарчиг руу орох

«Өөрийн ойлголтод бүү түшиглэ»

«Өөрийн ойлголтод бүү түшиглэ»

«Өөрийн ойлголтод бүү түшиглэ»

«Бүх зүрхээрээ ЭЗЭНд итгэ. Өөрийн ойлголтод бүү түшиглэ» (СУР. 3:5).

1, 2. а) Хүнд ямар ямар асуудал тулгардаг вэ? б) Ярвигтай асуудал тулгарах, шийдвэр гаргах юм уу хорхой хүргэм зүйлийг тэвчих хэрэгтэй болоход хэнд хандаж тусламж хүсэх вэ? Яагаад?

 КОМПАНИЙНХ нь захирал орон тооны цомхтгол хийж, нэлээд хэдэн ажилчинг халаад эхэлчихсэн тул Синтия * өөрийгөө халагдах байх гэж боджээ. Ажилгүй болчихвол яана аа? Юугаараа амьдарна? Памела гэдэг христиан эмэгтэй, дэлгэрүүлэгчийн хэрэгцээ ихтэй газар нүүж очих хүсэлтэй. Гэвч чухам яасан нь дээр вэ? Харин Самуел гэдэг залуу өөр зүйлд зовж байлаа. Багадаа порно үзэж байсан ажээ. Одоо 20-оод настай тэрбээр хуучин зуршилдаа дахин автчих гээд байдаг. Дийлдэхгүйн тулд яах вэ?

2 Ярвигтай асуудал тулгарах, чухал шийдвэр гаргах юм уу хорхой хүргэм зүйлийг тэвчих хэрэгтэй болоход та хэнд хандаж, хэнээс тусламж хүсдэг вэ? Өөртөө л найддаг уу, эсвэл «ачаагаа ЭЗЭНд даатгадаг» уу? (Дуу. 55:22). Библид «ЭЗЭНий мэлмий зөв шударга хүн уруу чиглэсэн байдаг бөгөөд Түүний сонор тэдний хашхирахыг чагнадаг» гэж бичжээ (Дуу. 34:15). Өөрийн ойлголтод түшиглэлгүй, Еховад бүх зүрхээрээ итгэх нь хэчнээн чухал бэ! (Сур. 3:5).

3. а) Еховад найддаг хүн ямар байдаг вэ? б) Хүн юунаас болоод өөртөө найдах хандлагатай байдаг вэ?

3 Бүх зүрхээрээ Еховад найддаг хүн аливаа зүйлийг хүсэл тааллынх нь дагуу, заасан ёсоор нь хийдэг. Ийм байхын тулд байнга залбирч, удирдлага заавар өгөхийг чин сэтгэлээсээ гуйдаг байх хэрэгтэй. Гэхдээ Еховад бүрэн дүүрэн найдах нь олон хүний хувьд амаргүй байдаг. Жишээ нь, Лин гэдэг христиан эмэгтэй: «Еховад бат найдаж сурах нь надад үнэхээр хэцүү байдаг» хэмээжээ. Яагаад тэр вэ? Тэрбээр цааш нь «Би аавтайгаа хамт байдаггүй. Ээж надтай хамт амьдардаг ч ерөөсөө санаа тавьдаггүй. Тийм болохоор өөртөө л найдаж сурсан» гэж ярьсан юм. Лин төрж өссөн орчноосоо болоод хүнд найдаж сураагүй ажээ. Өөртөө найддаг болоход бас авьяас чадвар, амжилт бүтээл нөлөөлдөг. Ахлагч хүн туршлагадаа дулдуйдвал хуралтай холбоотой асуудлыг эхлээд Бурханд залбирахгүйгээр шийддэг болж магадгүй.

4. Энэ өгүүллээр юун тухай авч үзэх вэ?

4 Ехова биднийг залбирсныхаа дагуу хүчин чармайлт гаргаасай, хүсэл таалалд нь нийцүүлээсэй гэж хүсдэг. Ярвигтай асуудал тулгарахад Еховад найдах, өөрөө хичээх хоёрыг хэрхэн хослуулж болох вэ? Шийдвэр гаргахдаа юунаас болгоомжлох ёстой вэ? Хорхой хүргэм зүйлийг тэвчихэд залбирал яагаад чухал бэ? Эдгээр асуултыг авч үзэнгээ Библид гардаг жишээг эргэцүүлэн бодъё.

Ярвигтай асуудал тулгарахад

5, 6. Ассирийн хааны заналхийлэлд Хезекиа хэрхэн хандсан бэ?

5 Иудагийн хаан Хезекиагийн тухай Библид «Тэрээр ЭЗЭНээс зуурч байв. Тэрээр Түүнийг дагахаа болилгүй, харин ЭЗЭНий Мосед тушаасан тушаалуудыг сахижээ» гэсэн байдаг. Үнэхээр ч «Израилийн Бурхан болох ЭЗЭНд итгэж» байжээ (Х.дэд 18:5, 6). Ассирийн хаан Сеннахериб өөрийн төлөөлөгч Рабшаке нарыг их цэргийн хамт Иерусалим руу илгээхэд Хезекиа яасан бэ? Ассирийн хүчирхэг арми Иудагийн нэлээд хэдэн бэхлэгдсэн хотыг эзэлчихээд, Иерусалим руу довтлохоор санаархаж байлаа. Хезекиа Еховагийн өргөөнд очин «Бидний Бурхан ЭЗЭН, дэлхийн бүх хаанчлалуудад, ЭЗЭН, Та бол цорын ганц Бурхан гэдгийг мэдүүлэхийн тулд одоо биднийг түүний гараас авраач» гээд залбирч эхэлжээ (Х.дэд 19:14–19).

6 Хезекиа залбирлынхаа дагуу арга хэмжээ авчээ. Тэр байтугай, сүмд очиж залбирахаасаа өмнө, Рабшакегийн хорон үгэнд хариулахгүй байхыг хүмүүстээ тушаасан байв. Мөн зөвлөгөө авахаар зөнч Исаиа руу элч илгээсэн байлаа (Х.дэд 18:36; 19:1, 2). Хезекиа чадах бүхнээ хийсэн. Тэрбээр Египет юм уу хөрш зэргэлдээх улсаас тусламж хүсэх зэргээр асуудлыг дур мэдэн шийдэлгүй, Еховагийн хүсэл таалалд нийцүүлэхийг боджээ. Хезекиа өөрийн ойлголтод түшиглэлгүй, Еховад найдаж байсан. Еховагийн тэнгэр элч Ассирийн 185 000 цэргийг хиар цохиход Сеннахериб тэндээсээ «хөдлөн» Ниневе рүү буцдаг (Х.дэд 19:35, 36).

7. Ханна Иона нарын залбирлаас бид юу ойлгох вэ?

7 Леви хүн Елканагийн эхнэр Ханна хүүхэд төрүүлээгүйдээ зовж шаналан байхдаа Еховад найдсан (1 Сам. 1:9–11, 18). Зөнч Иона аварга загасны гэдэснээс гарсныхаа дараа «Би өөрийн зовлон гунигаас ЭЗЭНийг дуудахад Тэр надад хариулсан. Үхэгсдийн орны гүнээс тусламж гуйн хашхирахад Та миний дууг сонссон» хэмээн залбирчээ (Иона 2:1, 2, 10). Хүнд хэцүү үед Еховагаас ивээл «гуйж» болдгийг мэдэхлээр үнэхээр тайвширмаар! (Дуулал 55:1, 16-г уншина уу).

8, 9. Хезекиа Ханна Иона нарын залбирсныг бодож үзвэл, тэд юунд санаа зовж байсан бэ? Бидэнд ямар сургамжтай вэ?

8 Бас хэчнээн их зовж шаналж байлаа ч залбирахдаа нэг зүйлийг мартах ёсгүйг Хезекиа Ханна Иона нарын түүхээс мэдэж болно. Энэ гурав хүнд байдалд орчихоод шаналж байсан ч хувиа хичээн зовлонгоос ангижрах тухайгаа л бодоогүйг залбирал нь харуулдаг. Бурхны нэрийг бодох, Бурхныг шүтэх, хүсэл тааллыг нь биелүүлэх нь тэдний хувьд хамгийн чухал зүйл байв. Еховагийн нэр сэвтсэнд Хезекиа ихэд зовж байсан. Ханна хүүтэй болбол түүнийгээ Шило дахь асарт үйлчлүүлнэ гэж амладаг. Иона: «Юу тангарагласнаа би биелүүлнэ» гэж хэлдэг (Иона 2:9).

9 Хүнд хэцүү байдлаас гаргаж өгөөч гэж залбирахдаа ямар сэдэл хандлагаар тийн гуйж байгаагаа шалгах хэрэгтэй. Зөвхөн зовлонгоос ангижрах тухайгаа л бодоод байна уу? Еховаг болон санаа зорилгыг нь мартаагүй биз дээ? Хүн зовлон амсахын цагт сүнслэг зүйлийг анхаарахаа больж, зовж зүдэрч байгаагаа л бодох талтай. Бурхнаас тусламж гуйн залбирахдаа Еховаг болон нэрийг нь ариусгах, хэмжээгүй эрх мэдлийг нь зөвтгөх тухай үргэлж бодоцгооё. Ингэвэл асуудал хүссэнээр шийдэгдэхгүй байлаа ч өөдрөг үзэлтэй байж чадна. Бурхны тусламжтайгаар тухайн нөхцөл байдлыг тэвчиж чадвал залбирлынхаа хариуг авсан гэсэн үг байж болох юм (Исаиа 40:29; Филиппой 4:13-ыг уншина уу).

Шийдвэр гаргахдаа

10, 11. Тулгарсан бэрхшээлийг хэрхэн шийдэхээ мэдэхгүй байхдаа Иехошафат яасан бэ?

10 Та чухал шийдвэр гаргахдаа яадаг вэ? Эхлээд шийдчихээд, дараа нь ивээж өгөөч гэж Еховагаас гуйдаг уу? Моабчууд болон аммончууд хүчээ нэгтгэн дайн зарлахад Иудагийн хаан Иехошафатын яасныг ярилцъя. Иудагийн хаант улс тэдний дэргэд хүчээр мөхөс байлаа. Иехошафат ямар арга хэмжээ авсан бэ?

11 «Иехошафат айж, ЭЗЭНийг эрэлхийлэхээр анхаарлаа хандуулав» гэж Библид байдаг. Тэрбээр Иуда даяар мацаг барилтыг зарлаж, «ЭЗЭНээс тусламж хүсэхээр» хүмүүсийг цуглуулжээ. Тэгээд Иуда болон Иерусалимын чуулганы дунд зогсоод «Өө, бидний Бурхан, Та тэднийг шийтгэхгүй юм гэж үү? Учир нь бидний эсрэг ирж буй энэ асар их цэргийн өмнө бид сул дорой билээ. Бид юу хийхээ ч мэдэхгүй байна, харин бидний хараа Тан дээр байна» хэмээн залбирав. Жинхэнэ Бурхан залбирлыг нь сонсоод, тэднийг гайхамшгаар аварчээ (Ш.дэд 20:3–12, 17). Тэгэхлээр аливаа асуудлыг шийдэхдээ, ялангуяа сүнслэг байдалд нөлөөлөх шийдвэр гаргах боллоо гэхэд өөрийн ойлголтод түшиглэхээс илүү, Еховад найдах хэрэгтэй байгаа биз дээ?

12, 13. Давид хаан шийдвэр гаргах талаар ямар жишээ үлдээсэн бэ?

12 Шийдэхэд хэцүү биш асуудал тулгарахад яах ёстой вэ? Хуримтлуулсан туршлагадаа дулдуйдаад нэн даруй шийдэх үү? Давид хаанд тохиолдсон явдлыг бодъё. Амалекчууд Зиклаг хот руу гэнэт дайрч, Давид болон түүний нөхдийн эхнэр хүүхдүүдийг олзлон авч оддог. Давид: «Эдгээр дээрэмчдийн бүлгийг би мөрдөх үү? Би тэднийг хөөж гүйцэх үү?» хэмээн лавлахад Ехова: «Мөрдөгтүн, чи тэднийг заавал хөөж гүйцэн, бүхнийг аварч чадна» гэж хариулдаг. Хэлсэн ёсоор нь Давид «амалекчуудад булаалгасан бүх зүйлээ эргүүлэн» авчээ (1 Сам. 30:7–9, 18–20).

13 Амалекчуудын дараа филистчүүд Израильтай тулалдахаар ирдэг. Давид дахиад л Еховагаас асууж тодорхой хариу авсан. Бурхан түүнд «Явагтун! Учир нь филистчүүдийг чиний гарт Би заавал тушаана» гэж хэлжээ (2 Сам. 5:18, 19). Энэ явдлаас хойш филистчүүд дахин ирж, тулалдахаар болдог. Давид энэ удаа яасан бол? «Би хоёр ч удаа ийм байдалд орсон. Бурхны дайсантай урьдынх шигээ тулалдъя» гэж бодсон уу, эсвэл Еховагийн юу гэж хэлэхийг хүлээсэн үү? Давид урьдын туршлагадаа дулдуйдалгүй, дахиад л Еховад залбирсан. Тийн залбирсандаа ч баярласан биз ээ! Энэ удаа өөр заавар авчээ (2 Сам. 5:22, 23). Урьдынхтай адилхан бэрхшээл тулгарвал хуримтлуулсан туршлагадаа найдахаас болгоомжлох ёстой (Иеремиа 10:23-ыг уншина уу).

14. Иошуа болон Израилийн ахмадууд гибеончуудад хэрхэн хандсанаас бид ямар сургамж авч болох вэ?

14 Бид бүгдээрээ, тэр байтугай туршлагатай ахлагчид хүртэл төгс бус хүмүүс. Тиймд Еховагаас асуулгүй шийдвэр гаргахаас болгоомжлох учиртай. Холоос ирсэн мэт дүр үзүүлэн уран арга хэрэглэсэн гибеончуудад Мосег залгамжлагч Иошуа болон Израилийн ахмадууд ямар хариу өглөө? Еховагаас асуулгүй, тэдэнтэй шууд л энхийн гэрээ байгуулдаг шүү дээ. Эцсийн бүлэгт, Ехова үүнийг нь дэмжсэн. Гэхдээ өөрөөс нь удирдлага заавар гуйгаагүй энэ явдлыг бидний төлөө Библид бичүүлжээ (Иош. 9:3–6, 14, 15).

Хорхой хүргэм зүйлийг тэвчихийн тулд

15. Хорхой хүргэм зүйлийг тэвчихэд залбирал чухал үүрэгтэй гэхийн учир юу вэ?

15 Эрхтнүүдэд маань «нүглийн хууль» байдаг учир нүгэлт хандлагатайгаа тууштай тэмцэх шаардлагатай (Ром 7:21–25). Энэ тэмцэлд ялалт байгуулж болно. Яаж? Хорхой хүргэм зүйлийг тэвчихэд залбирал чухал үүрэгтэйг Есүс дагалдагчдадаа хэлсэн (Лук 22:40-ийг уншина уу). Бурханд залбирсан ч буруу юм хүсээд, зохисгүй юм бодоод байвал ийм сорилтыг давах мэргэн ухааныг «Бурханаас [үргэлж] гуйх» хэрэгтэй. Тэрбээр «бүх хүнд өгөөмрөөр, буруушаалгүй» өгдөг билээ (Иак. 1:5). Иаков бас «Та нарын дунд хэн нэгэн нь [сүнслэгээр] өвчтэй байна уу? Тэр нь чуулганы ахлагчдыг дуудаг. Тэд Эзэний нэрээр түүнийг тосоор тосолж, түүний төлөө залбираг. Итгэлийн залбирал нь өвчтэй нэгнийг эдгээнэ» гэж бичжээ (Иак. 5:14, 15).

16, 17. Хорхой хүргэм зүйлд татагдахгүйн тулд хэзээ залбирах нь хамгийн тохиромжтой вэ?

16 Хорхой хүргэм зүйлийг тэвчихэд залбирал чухал үүрэгтэй ч цагийг нь олж залбирахын ач холбогдлыг ойлгох хэрэгтэй. Сургаалт үгс 7:6–23-т гардаг залуугийн тухай ярилцъя. Тэрбээр завхай эмийн амьдардаг гудамж руу үдшийн бүрийгээр алхдаг. Эмэгтэй уран үгээрээ толгойг нь эргүүлж, зөөлөн уруулаараа сэтгэлийг нь булаахад мөнөөх эр нядлагдах гэж буй шар мэт, эмэгтэйн араас дагалаа. Энэ залуу яагаад тийшээ явсан бэ? «Ухаан муутай» буюу туршлагагүйн гайгаар буруу юм хийхийг хүссэн бололтой (Сур. 7:7). Хэзээ залбирвал хамгийн үр дүнтэй байх байсан бэ? Хорхой хүргэм зүйлтэй тулгарсан бол хэдийд нь ч залбирч болно. Гэхдээ тэр гудамж руу оръё гэсэн бодол анх төрсөн даруйд нь залбирсан бол хамгийн тохиромжтой байх байв.

17 Порно үзэхгүй байх гэж ихэд хичээдэг нэг хүн хуял тачаал хөдөлгөм зураг, дүрс бичлэгтэйг мэдсээр байж Интернетийн зарим нэг сайт руу орчихжээ гэж бодъё. «Сургаалт үгс» номын 7-р бүлэгт гардаг залуутай төстэй биш гэж үү? Үнэхээр аюултай зам руу орсон байгаа биз! Порно үзэх хүсэлтэйгээ тэмцье гэвэл Интернетийн тиймэрхүү сайт руу орохоосоо өмнө Еховагаас тусламж гуйн залбирах хэрэгтэй.

18, 19. а) Хорхой хүргэм зүйлийг тэвчих нь яагаад амаргүй байдаг вэ? Яавал даван туулах вэ? б) Та яахаар шийдсэн бэ?

18 Хорхой хүргэм зүйлийг тэвчих юм уу муу зуршлаасаа салах амархан биш. Элч Паул: «Махан бие Сүнсний эсрэг хүсдэг, Сүнс махан биеийн эсрэг хүсдэг юм» гэж хэлжээ. Тиймд бид «хүссэн юмс[аа]» хийдэггүй (Гал. 5:17). Зохисгүй бодол төрөх юм уу хорхой хүргэм зүйл тулгарвал тэр даруйд нь шаргуу залбирч, залбирлынхаа дагуу арга хэмжээ авах хэрэгтэй. Бидэнд «учирсан сорилт нь хүнд тохиолддог л зүйл» бөгөөд Ехова тусалдаг учир бид үнэнч байж чадна (1 Кор. 10:13).

19 Ярвигтай асуудал тулгарах, шийдвэр гаргах юм уу, хорхой хүргэм зүйлийг тэвчих болоход залбирах хосгүй завшаанаа ашиглах хэрэгтэй. Энэ бол Еховагийн өгсөн гайхамшигтай бэлэг юм. Залбирах нь түүнд найдаж байгаа хэрэг. Мөн биднийг удирдаж, зоригжуулдаг ариун сүнсийг Бурхнаас байнга гуйх хэрэгтэй (Лук 11:9–13). Тэгэхлээр, өөрийн ойлголтод түшиглэлгүй Еховад найдаж явцгаая.

[Зүүлт]

^ Нэрсийг өөрчлөв.

Санаж байна уу?

• Та Еховад найдах талаар Хезекиа Ханна Иона нараас юу сурсан бэ?

• Шийдвэр гаргахдаа болгоомжтой байх хэрэгтэйг Давид Иошуа нарт тохиолдсон явдал хэрхэн онцолдог вэ?

• Хорхой хүргэм зүйл тулгарвал яг хэдийд залбирах хэрэгтэй вэ?

[Догол мөрийн асуулт]

[9-р хуудасны зураг]

Хорхой хүргэм зүйлийг тэвчье гэвэл хэдийд залбирах нь хамгийн үр дүнтэй вэ?