Skip to content

Гарчиг руу орох

Бурхныг танин мэдье

«Би бол чиний баруун гараас атгадаг чиний Бурхан ЭЗЭН билээ»

«Би бол чиний баруун гараас атгадаг чиний Бурхан ЭЗЭН билээ»

«АЛИВ, аав нь хөтөлье» гэж эцэг нь балчир хүүдээ хэлээд хөл хөдөлгөөн ихтэй зам гарна. Аавдаа хөтлүүлсэн хүү юунаас ч айхгүй, аюулгүй байгаагаа мэдэрнэ. Хэн нэг хүн таныг хөтлөөд амьдралын нугачааг давахад зааж зөвлөөсэй гэж хүсэж байв уу? Тийм бол, Исаиагийн бичсэн үг таны сэтгэлийг тайвшруулах биз ээ (Исаиа 41:10, 13-ыг уншина уу).

Исаиа энэ үгийг израильчуудад хандан хэлсэн байжээ. Уг нь, израильчууд Бурхны тусгай «эзэмшил» байсан боловч хөрш зэргэлдээ үндэстнүүд нь тэдэнд дайсагнадаг байв (Египетээс гарсан нь 19:5). Израильчуудад айж түгших хэрэг байсан уу? Ехова ард түмнээ тайвшруулах үгийг Исаиагаар хэлүүлжээ. Бурхны орчин үеийн үйлчлэгчдэд ч хамаатай энэ үгийг нягталж үзье (Ром 15:4).

«Бүү ай!» гэж Ехова хэлжээ (10-р зүйл). Ехова энэ үгийг зүгээр нэг хэлээгүй юм. Ехова айх хэрэггүйн учрыг тайлбарлан «Би чамтай хамт байгаа» гэж хэлсэн. Тэрбээр хэрэгтэй үед л ирж тусална хэмээн амласан хаа хол байдаг Нэгэн биш ээ. Харин өөрсөдтэй нь хамт, яг л дэргэд нь, тусалж дэмжихэд үргэлж бэлэн гэдгийг нь ард түмэн нь мэдээсэй гэж хүсэж байсан. Үүнийг мэдэхлээр сэтгэл үнэхээр уужирдаг.

Тэгээд Ехова: «Бүү санаа зов» гэжээ (10-р зүйл). Ард түмэн нь юунд санаа зовсон юм бол оо? «Санаа зовох» гэж орчуулсан еврей үгээр «хор хөнөөл учруулж болох ямар нэг юм байгаа эсэхийг мэдэх гэж ийш тийш харахыг» хэлдэг аж. Ехова израильчуудад айж зовон зүг бүр харах хэрэггүйн учрыг тайлбарлан «Би чиний Бурхан» хэмээжээ (Исаиа 41:10, 13). Үүнээс илүү баттай амлалт байна гэж үү? Ехова бол «Хамгийн Дээд Нэгэн», «Төгс Хүчит» Бурхан шүү дээ (Дуулал 91:1). Хамгаас хүчирхэг Ехова Бурхан өөрсөдтэй нь хамт байхад айх хэрэг байна гэж үү?

Тэгвэл бид Еховагаас юу хүсэн хүлээж болох вэ? Ехова: «Би заавал Өөрийн зөв баруун мутраар чамайг хамгаална» гэж амласан (10-р зүйл). Бас «Би бол чиний баруун гараас атгадаг чиний Бурхан ЭЗЭН билээ» хэмээжээ (13-р зүйл). Танд ингэж хэлбэл ямар санагдах вэ? Нэгэн бүтээлд «Энэ хоёр зүйлийг авч үзвэл эцэг хүү хоёрын дүр зураг буудаг. [Тэр эцэг] хүүдээ бараа болж хажууд нь байгаад зогсохгүй бүр гараас нь барьжээ. Юу ч болж байсан, хүүгээ өөрөөсөө холдуулахгүй» хэмээн тайлбарладаг. Ехова яг тэр эцэг шиг амьдралынх нь хар бараан үед ч ард түмнээ орхихгүй гээд бод доо (Еврей 13:5, 6).

Исаиагийн үг өнөөдөр ч Еховагийн үйлчлэгчдийг тайвшруулдаг. Өнөөгийн «хэцүү цагт» бид амьдралын хатуу хүтүүг үзэж болох юм (2 Тимот 3:1). Гэвч ийм зовлонг ганцаараа туулна гэж битгий бодоорой. Ехова тусламжийн гараа сунган гараас маань атгахад бэлэн байдаг. Эцэгтээ итгэж найддаг хүүхдийн адилаар бид Еховагийн хүчирхэг гараас барьж, хэрэгтэй цагт тусалж, зөв зүгт зална гэдэгт итгэлтэй байж болно (Дуулал 63:7, 8).