Skip to content

Гарчиг руу орох

Сэргэг байсан элч нараас суралцагтун

Сэргэг байсан элч нараас суралцагтун

«Надтай хамт сэргэг байцгаа» (МАТ. 26:38).

1-3. Есүсийг дэлхий дэх амьдралынхаа сүүлчийн шөнийг өнгөрүүлэх үед элч нар ямар алдаа гаргасан бэ? Тэд алдаанаасаа суралцсаныг хаанаас мэдэж болох вэ?

 ЕСҮС дэлхий дэх амьдралынхаа сүүлчийн шөнөтэй золгов. Тэрбээр өөрийн очих дуртай, Иерусалимын зүүхэн талд байдаг Гетсемани цэцэрлэгт үнэнч элч нартайгаа хамт иржээ. Түүнд бодох юм их байсан тул ганцаараа залбирахад нь саад болохооргүй газар хэрэгтэй байлаа (Мат. 26:36; Иох. 18:1, 2).

2 Петр Иаков Иохан нарын гурван элч нь Есүстэй хамт цэцэрлэгийн гүнд оров. «Энд үлдээд, Надтай хамт сэргэг байцгаа» гэж Есүс хэлээд залбирахаар цааш явлаа. Түүнийг буцаж ирэхэд гурван нөхөр нь унтаж байв. Есүс тэднээс «сэргэг байхыг» дахин гуйлаа. Гэсэн ч тэд ахиад хоёр ч удаа нойрондоо дийлджээ! Тэр шөнө элч нар бүгдээрээ сүнслэгээр сэргэг байж чадаагүй юм. Тэр ч байтугай, Есүсийг орхиод зугтсан гээд бод доо! (Мат. 26:38, 41, 56).

3 Элч нар сэргэг байж чадаагүйдээ гэмшсэн нь лавтай. Тэдгээр үнэнч хүмүүс алдаагаа даруй ухаарч, сэргэг байхын сайхан жишээ үзүүлснийг «Үйлс» номд бичсэн байдаг. Бусад христиан ч тэднийг дууриасан нь дамжиггүй. Одоо, бүр ч илүү сэргэг байх цаг мөн (Мат. 24:42). Нойрмоглохгүй байхад тус болох гурван зүйлийг «Үйлс» номоос ярилцъя.

ТЭД ЗААВРЫГ ДАГАЖ, СЭРГЭГ БАЙСАН

4, 5. Паул болон түүний нөхдийг ариун сүнс хэрхэн удирдсан бэ?

4 Нэгдүгээрт, элч нар удирдамж зааврыг онцгой анхаарч, оч гэсэн газар дэлгэрүүлдэг байсан. Есүс Еховагаас авсан ариун сүнсээр, элч Паул болон түүний нөхдийг ер бусын аялал хийх хугацаанд нь хэрхэн удирдсаныг үзье (Үйлс 2:33). Одоо тэдэнтэй хамт аялцгаая (Үйлс 16:6–10-ыг уншина уу).

5 Паул Силас Тимот нар Галатын өмнөд хэсэгт байдаг Лустр хотоос гарч явсаар хэд хоногийн дараа Ромын алдарт зам руу оржээ. Тэр зам нь баруун зүгт, хамгийн олон хүн амтай Ази мужид хүргэх байлаа. Аялагчид олон мянган хүнтэй хотуудад очиж, Христийн тухай дуулгахыг хүсжээ. Гэтэл тэднийг нэг зүйл зогсоов. 6-р зүйлд «Азид үгийг тунхаглахыг Ариун Сүнс хориглосон тул тэд Фруг болон Галатын дүүргээр дайран өнгөрөв» гэж бичжээ. Аялагчдыг Ази мужид дэлгэрүүлэхэд нь ариун сүнс ямар нэгэн байдлаар саад болсон байна. Есүс Бурхны ариун сүнсний тусламжтайгаар Паул болон түүний нөхдөд өөр заавар өгөхийг хүссэн нь тодорхой.

6, 7. а) Паул болон түүний нөхдийг Битин рүү дөхөж явтал юу болсон бэ? б) Шавь нар ямар шийдвэр гаргасан бэ? Ямар үр дүнд хүрсэн бэ?

6 Ирмүүн хүсэлтэй аялагчид хаашаа явсан бол? 7-р зүйлд «Мусиад ирээд Битин уруу явахаар завдан байтал Есүсийн Сүнс зөвшөөрсөнгүй» гэж бичжээ. Азид дэлгэрүүлэх аргагүй болсон Паул болон түүний нөхөд Битин мужид дэлгэрүүлэхээр хойд зүгийг зорин хөдөлсөн. Гэвч Битин рүү дөхөж явтал Есүс ариун сүнсээр дахин хориг тавив. Тэгэхэд тэд учрыг нь олж ядан гайхсан биз ээ. Юун тухай, яаж дэлгэрүүлэхээ мэдэж байсан ч чухам хаана очихоо мэдэхгүй байсан тэднийг дараах байдлаар төсөөлж болох юм. Эхлээд Ази руу ордог хаалгыг тогшсон боловч бүтсэнгүй. Дараа нь Битин рүү ордог хаалгыг тогшсон ч бас л талаар болов. Тэгэхлээр нь хаалга тогшихоо больсон уу? Идэвх зүтгэлтэй дэлгэрүүлэгчид тийм амархан бууж өгнө гэж үү?

7 Тэд хачирхалтай гэмээр шийдвэр гаргасан. 8-р зүйлд тэднийг «Мусиаг өнгөрөөд Тройд ирэв» гэж бичжээ. Аялагчид баруун тийш 563 км явган явж, хотоос хот дамжсаар Македони орох замд байдаг Трой хэмээх боомтод ирсэн. Тэнд очоод гурав дахь хаалгыг тогшсонд Паул болон түүний нөхдийн өмнө хаалга цэлийтэл нээгджээ! Дараа нь юу болсныг 9-р зүйлд «Шөнө нь Паулд үзэгдэл үзэгдэж, Македонийн нэгэн эр зогсон „Македонид ирж бидэнд туслаач“ гэж гуйсан ажээ» хэмээн бичсэн байдаг. Ингээд Паул хаана дэлгэрүүлэхээ мэдэж авсан. Аяллын багийнхан цаг алдалгүй Македонийг зорив.

8, 9. Паулд тохиолдсон явдлаас юу ойлгож болох вэ?

8 Энэ явдлаас юу ойлгож болох вэ? Паулыг Азийг зорьсны дараа л Бурхны сүнс удирдаж эхэлснийг анхаараарай. Тэгээд түүнийг Битин рүү дөхөж ирсний дараа л Есүс түүнд Македони руу явахыг тушаасан. Хурлын Тэргүүн Есүс биднийг ч бас тийм байдлаар удирдаж болох юм (Кол. 1:18). Жишээ нь, та эхлэгчээр үйлчлэх юм уу дэлгэрүүлэгчийн хэрэгцээ ихтэй газар луу нүүх бодолтой байлаа гэхэд таныг зорилгодоо хүрэх тодорхой алхмууд хийсний дараа л Есүс ариун сүнсээр удирдаж магадгүй. Дараах жишээг бодъё. Жолооч машинаа явж байхад л баруун, зүүн тийш нь залж чаддаг. Түүнтэй адил, Есүс биднийг явж байхад буюу өөрөөр хэлбэл, зорилгодоо хүрэх гэж хичээл зүтгэл гаргавал үйлчлэлээ өргөжүүлэхэд маань тусалж, удирдаж болох юм.

9 Хэчнээн хичээгээд ч тэр дорхноо сайн үр дүнд хүрэхгүй бол яах вэ? Бурхны сүнс намайг удирдахгүй байна гэж бодоод буугаад өгчих үү? Паул ч бас өчнөөн олон саадтай тулгарч байсныг санаарай. Гэсэн хэдий ч нээгдэх хаалга олтлоо хайсаар, тогшсоор явсан шүү дээ. Түүнтэй адил, та «үлэмж том, үр нөлөөтэй хаалга» хайгаад л байвал Паул шиг шагнал хүртэх биз ээ (1 Кор. 16:9).

«ЗАЛБИРАЛДАА ЭРҮҮЛ БАЙГТУН»

10. Үргэлж залбирах нь сэргэг байхад амин чухал гэдгийг юу харуулдаг вэ?

10 Одоо, сэргэг байхад тус болох хоёр дахь зүйлийг авч үзье. Тэд «залбиралдаа эрүүл» байсан (1 Петр 4:7). Цөхрөлтгүй залбирдаг бол сэргэг байж чадна. Есүс баригдахынхаа өмнөхөн Гетсемани цэцэрлэгт байхдаа гурван элчдээ «Сэргэг бай, [«үргэлж», ШЕ] залбир» гэж хэлснийг санаарай (Мат. 26:41).

11, 12. Херод, Петр болон бусад христианыг ад үздэг байсны учир юу вэ? Тэднийг яасан бэ?

11 Тэр үед тэнд байсан Петр шаргуу залбирахын ач тусыг хожим нь өөрийн биеэр үзжээ (Үйлс 12:1–6-г уншина уу). Херод иудейчүүдэд нүүр тал олохын тулд христиануудыг ад үзэж байсныг 12-р бүлгийн эхэнд бичсэн байна. Иаковыг Есүстэй онцгой холбоотой элч гэдгийг мэдэж байсан учраас түүнийг «цавчин алуулжээ» (2-р зүйл). Тийнхүү христианууд хайртай элчээ алдсан. Үнэхээр том сорилт байлаа!

12 Дараа нь Херод яасан бэ? 3-р зүйлд «Иудейчүүдэд энэ нь таалагдсаныг ажигласан тэрээр Петрийг ч мөн баривчлахаар шийдэв» гэж бичжээ. Гэвч зарим элч шоронгоос гайхамшгаар суллагдаж байсан бөгөөд тэдний нэг нь Петр байлаа (Үйлс 5:17–20). Херод ч үүнийг сайн мэдэж байсан биз ээ. Хашир захирагч аз туршихыг хүссэнгүй. Тэрбээр Петрийг «дөрвөн дөрөвтөөр мануулав. Дээгүүр өнгөрөх баярын дараа Петрийг ард олны өмнө гаргах бодолтой байлаа» (4-р зүйл). Херод Петрийг зугтахаас сэргийлэн гинжилж, 2 цэргээр харгалзуулан, нийт 16 цэргээр өдөр шөнөгүй ээлжлэн мануулж байсан гээд бод доо! Дээгүүр өнгөрөх баярын дараа Петрийг хүмүүсийн өмнө гаргаж, үхэх ял оноовол цугласан олон баярлана гэж боджээ. Ийм эгзэгтэй үед итгэл нэгт ах дүүсийнх нь хийж чадах юм юу байсан бэ?

13, 14. а) Петрийг шоронд хоригдож байхад итгэл нэгтнүүд нь яасан бэ? б) Залбирах талаар Петрийн итгэл нэгтнүүд ямар үлгэр дууриал үлдээсэн бэ?

13 Тэд юу хийхээ сайн мэдэж байв. 5-р зүйлд «Петрийг шоронд хоригдож байхад чуулган Бурханд хандаж түүний төлөө хичээнгүйлэн залбирч байв» гэж бичжээ.Тийм ээ, тэд хайртай итгэл нэгтнийхээ төлөө чин сэтгэлээсээ, шаргуу залбиран гуйж байсан. Иаковыг алдсандаа гутраад залбирсны хэрэг гарсангүй гэж бодоогүй юм. Харин ч үнэнч үйлчлэгчдийнхээ залбирлыг Ехова чухал гэж үздэгийг тэд сайн мэдэж байлаа. Үйлчлэгчдийнх нь залбирал хүсэл таалалд нь нийцвэл Ехова хариулдаг (Евр. 13:18, 19; Иак. 5:16).

14 Петрийн итгэл нэгтнүүдээс юу сурч болох вэ? Сэргэг байна гэдэг нь өөрийнхөө төдийгүй ах дүүсийнхээ төлөө залбирна гэсэн үг (Еф. 6:18). Зовж зүдэрч яваа итгэл нэгтнээ та мэдэх үү? Нэг хэсэг нь хавчлагад өртөх юм уу, засгийн газрын зүгээс хориг саадтай тулгарч байхад, байгалийн гамшигт нэрвэгдэн зовдог хүмүүс бас бий. Тэдний төлөө чин сэтгэлээсээ залбирч болно биз дээ? Түүнчлэн, гэр бүлийн асуудалтай, сэтгэлээр унасан, өвчин туссан гэх мэтийн анзаарагдамгүй зовлон туулж буй хүнийг та мэддэг байж магад. Хэний төлөө залбирахаа сайн бодвол, «залбирлыг сонсдог» Еховад нэрийг нь дурдаж болно шүү дээ (Дуу. 65:2).

15, 16. а) Еховагийн тэнгэр элч Петрийг шоронгоос хэрхэн сулласан бэ? (Доорх зургийг үзнэ үү.) б) Ехова Петрийг хэрхэн аварсныг эргэцүүлэн бодохлоор тайвширдгийн учир юу вэ?

15 Петр яасан бол? Тэрбээр шоронд өнгөрүүлсэн сүүлчийн шөнөө хоёр харуулын дунд унтаж байлаа. Тэгтэл гайхмаар явдал болжээ (Үйлс 12:7–11-ийг уншина уу). Түүнийг хорьсон өрөөнд гэнэт хурц гэрэл цацрав. Тэнд нэг тэнгэр элч зогсож байсан бөгөөд харуулуудад үзэгдсэнгүй. Тэрбээр Петрийг ёврон сэрээж, түргэн бос гэлээ. Тэгтэл гарт нь байсан тайлагдахын аргагүй гинж тэр дороо мултран уналаа! Дараа нь Петр тэнгэр элчийг даган өрөөнөөс гараад, харуулуудын хажуугаар өнгөрөн явсаар хүнд төмөр хаалган дээр иртэл «хаалга өөрөө нээгдэв». Ингээд шоронгоос гартал тэнгэр элч алга болжээ. Петр эрх чөлөөтэй болсон байлаа!

16 Ехова үйлчлэгчдээ аврах хүчтэйг бодохлоор итгэл улам бэхжиж байгаа биз? Бурхан биднийг аврах гэж одоохондоо гайхамшиг үйлдэхгүй ч хүчээ ашигладагт бид бүрэн дүүрэн итгэдэг (Ш.дэд 16:9). Ехова ямар ч сорилтыг тэвчих хүчийг ариун сүнсээрээ өгч чадна (2 Кор. 4:7; 2 Петр 2:9). Мөн үхэл гэдэг хамгийн харгис шоронгоос тоо томшгүй олон сая хүнийг чөлөөлөх ажлыг удахгүй Хүүгээрээ хийлгэнэ (Иох. 5:28, 29). Бид Еховагийн амлалтад итгэдэг учраас зовлон бэрхшээл тулгарахад гайхалтай эр зориг гаргаж чаддаг.

СААДЫГ ҮЛ ТООН САЙТАР ГЭРЧИЛСЭН НЬ

17. Паул цаг үеэ ухаарч, идэвх зүтгэлтэй дэлгэрүүлэхийн сайхан жишээг хэрхэн үзүүлсэн бэ?

17 Сэргэг байсан элч нараас гурав дахь сургамжийг авцгаая. Тэдэнд саад тулгарсан ч сайтар гэрчилсээр байсан. Хэрэв бид хойш суулгүй идэвх зүтгэлтэй дэлгэрүүлбэл сэргэг байж чадна. Энэ талаар элч Паул үнэхээр сайхан жишээ үзүүлжээ. Тэрбээр биеэ дайчлан, хаа сайгүй явж, олон ч хурал үүсгэн байгуулсан. Хэцүү бэрхийг туулсан боловч ямар цаг үед амьдарч байгаагаа марталгүй идэвх зүтгэл гаргасаар байсан (2 Кор. 11:23–29).

18. Паул Ромд хоригдож байхдаа дэлгэрүүлэх ажлаа хэрхэн үргэлжлүүлсэн бэ?

18 «Үйлс» номоос Паулын тухай сүүлчийн удаа дурдсан 28-р бүлгийг үзье. Элч Паул эзэн хаан Неронд мэдүүлэг өгөхөөр Ромд хүрч иржээ. Тэрбээр хорионд байсан бөгөөд тэр үедээ гав гинжтэй байсан бололтой. Ингэлээ гээд сайн мэдээ дэлгэрүүлэхээ болиогүй юм! Паул гэрчлэх арга зам хайсаар байсан (Үйлс 28:17, 23, 24-ийг уншина уу). Гурав хоногийн дараа иудейчүүдийн тэргүүлэгчдийг дуудан сайн мэдээ дэлгэрүүлсэн. Дараа нь тэдэнтэй дахин уулзахаар болзжээ. Энэ удаа тэдэнд бүр ч дэлгэрэнгүй гэрчилсэн. 23-р зүйлд «Ингээд тэд түүнтэй өдөр болзож, түүний байсан газар олуулаа цуглахад Паул өглөөнөөс үдэш болтол тэдэнд Бурханы хаанчлалын тухай гэрчлэн, Есүсийн тухай тэдэнд итгүүлэхийг хичээж, Мосегийн Хуулиас болон эш үзүүлэгчдийн номоос ярьж тайлбарлав» гэж бичжээ.

19, 20. а) Паул идэвхтэй дэлгэрүүлдэг байсны учир юу вэ? б) Бүх хүн сайн мэдээг хүлээж аваагүй ч Паул яасан бэ?

19 Паул ямар учраас тийм үр өгөөжтэй гэрчилдэг байсан бэ? 23-р зүйлд нэлээд хэдэн шалтгааныг онцолсон байгааг анхаараарай. 1) Бурхны Хаанчлал болон Есүс Христийн тухай ярьдаг байсан. 2) Сонсогчдод «итгүүлэхийг» хичээсэн. 3) Судраас ярьж тайлбарласан. 4) Бусдын төлөө санаа тавин «өглөөнөөс үдэш болтол» гэрчилсэн. Паул үнэхээр чадварлаг гэрчилсэн ч бүх хүн хүлээж аваагүй. «Яригдсан зүйлд зарим нь итгэж, зарим нь итгэсэнгүй» гэж 24-р зүйлд бичжээ. Хүмүүс өөр хоорондоо санал зөрөлдөн тарж явцгаасан.

20 Сайн мэдээг бүх хүн хүлээж авсангүй гэж Паул гутарсан уу? Огтхон ч гутраагүй! Үйлс 28:30, 31-д «Паул өөрийн хөлсөлсөн байранд бүтэн хоёр жил амьдарч өөр уруу нь ирсэн бүгдийг элэгсгээр хүлээн авч Бурханы хаанчлалыг тунхаглан, Эзэн Есүс Христийн тухай зоригтойгоор, ямар ч саадгүйгээр сургаж байлаа» гэж бичсэн байна. Бурхны удирдлагаар бичигдсэн «Үйлс» ном ийм сайхан, сэтгэл сэргээм үгээр төгсдөг.

21. Хорионд байсан Паулаас юу сурч болох вэ?

21 Паулаас юу сурч болох вэ? Хорионд байсан түүнд айлаар дэлгэрүүлэх боломж байгаагүй. Гэсэн ч өөдрөг байж, ирсэн бүх хүнд гэрчилсэн. Үүнтэй адилаар, Бурхны орчин үеийн үйлчлэгчид итгэл үнэмшлээсээ болж шоронд хоригдлоо ч баяр баясгалангаа алдалгүй, дэлгэрүүлсээр байдаг. Хайртай ах дүүсийн маань зарим нь өндөр нас, өвчин эмгэгийн улмаас асрамжийн газар амьдрах зэргээр хорионд орсон мэт байдаг боловч эмч нар болон өөрийг нь эргэж ирсэн хүмүүст чадлынхаа хэрээр дэлгэрүүлдэг. Тэд Бурхны Хаанчлалын тухай сайтар гэрчлэх чин хүсэлтэй. Тэдний үлгэр дууриал үнэ цэнэтэй!

22. Өнөөгийн тогтолцооны төгсгөлийг хүлээнгээ та юу хийе гэж бодож байна вэ?

22 Библийн «Үйлс» номд гардаг, сэргэг байсан элч нар болон нэгдүгээр зууны бусад христиануудаас сурах юм их бий. Өнөөгийн тогтолцооны төгсгөлийг хүлээх зуураа нэгдүгээр зууны христиануудыг дууриан эр зоригтой, хичээл зүтгэлтэй дэлгэрүүлцгээе. Бурхны Хаанчлалын тухай сайтар гэрчлэх шиг агуу завшаан хаана ч байхгүй! (Үйлс 28:23).

[Догол мөрийн асуулт]

[12-р хуудасны зураг]

Нэгэн тэнгэр элч Петрийг шоронгоос сулласан