Skip to content

Гарчиг руу орох

«Би дэлгэрүүлж чадна гэж үү?»

«Би дэлгэрүүлж чадна гэж үү?»

«Би дэлгэрүүлж чадна гэж үү?»

Хүнд өвчтэй ч дэлгэрүүлэх ажилд үнэнчээр оролцдог хайртай итгэл нэгтнүүд маань дэлхийн өнцөг булан бүрд байдаг. Тэдний нэг нь Литвийн нийслэл Вильнюс хотод амьдардаг Даля юм.

Даля одоо гуч гаруй настай. Эхээс төрөх үед тархинд нь цус харвасны улмаас саажиж, хэл ярианы согогтой болжээ. Тиймээс гэрийнхнээс нь өөр хүн яриаг нь сайн ойлгодоггүй ажээ. Даляг ээж Галина нь асардаг байна. Далягийн амьдрал зовлон бэрхшээлээр дүүрэн ч үргэлж өөдрөг байдаг. Яагаад тэр вэ?

Галина: «1999 онд Аполония гэдэг үеэл маань манайд ирсэн юм. Тэр Еховагийн Гэрч юм л даа. Библи сайн мэддэгийг нь ажиглаад охин маань зөндөө юм асууж гарав. Тэгээд удалгүй Библийн хичээл хийхээр боллоо. Би хааяа хичээлд нь сууж, Далягийн хэлснийг Аполонияд тайлбарладаг байлаа. Тэгтэл охины маань сурсан юм үнэхээр ач тустай байгааг хараад, би бас Библийн хичээл хийхийг хүссэн» хэмээн ярьсан юм.

Библийн үнэнийг ойлгох тусам Даля нэг зүйлд санаа зовох болов. Тэгээд эцэст нь Аполонияд энэ зовлонгоо ярьж, «Над мэтийн тахир дутуу хүн дэлгэрүүлж чадна гэж үү?» хэмээн асуужээ (Мат. 28:19, 20). Аполония Даляг тайвшруулан «Битгий ай. Ехова чамд тусална» хэмээн итгэлтэй хэлсэн байна. Үнэхээр ч Ехова тусалдаг гэнэ.

Одоо Даля янз бүрийн аргаар дэлгэрүүлдэг. Христиан эмэгтэйчүүд Библийн сэдэвтэй захидал бичихэд нь тусалдаг аж. Эхлээд Даляг санаагаа хэлэхлээр тэд цаасан дээр найруулж бичдэг гэнэ. Даля бас гар утсаар мессеж илгээн дэлгэрүүлдэг. Тэнгэр сайхан бол хурлынх нь итгэл нэгтнүүд түүнийг цэцэрлэг юм уу, гудамжаар авч яван хүмүүстэй уулзуулдаг байна.

Даля ээжтэйгээ хамт сүнслэгээр өссөөр Еховад өөрийгөө зориулж, 2004 оны 11 дүгээр сард баптисм хүртсэн. 2008 оны 9 дүгээр сард Вильнюс хотод польш хэлний бүлэг байгуулагджээ. Дэлгэрүүлэгчдийн хэрэгцээ их байсан учраас Даля ээжтэйгээ хамт энэ бүлэгт оржээ. Даля: «Хэдэн сар дэлгэрүүлээгүй болохоор миний санаа их зовж байсан. Харин Еховад энэ тухайгаа хэлж залбираад удаагүй байтал хүмүүс надтай дэлгэрүүлэхээр тохирдог болсон» гэж ярьсан юм. Даля өөрийнхөө талаар ямар бодолтой явдаг бол? Тэрбээр: «Энэ өвчнөөс болж бие минь саажсан ч ухаан санаа минь саажаагүй. Би хүмүүст Еховагийн тухай ярьж чаддагтаа үнэхээр жаргалтай байдаг!» хэмээн хариулсан.