Skip to content

Гарчиг руу орох

Шүтлэг өөр ч жаргалтай

Шүтлэг өөр ч жаргалтай

Шүтлэг өөр ч жаргалтай

«Чи [ханиа] аврах эсэхийг яаж мэднэ вэ?» (1 КОР. 7:16).

ХАРИУЛНА УУ

Христиан хүн итгэгч биш гэрийнхэнтэйгээ эвтэй байхын тулд юу хийж болох вэ?

Үнэнийг хүлээж авахад нь гэрийнхэндээ хэрхэн туслах вэ?

Шашин шүтлэгийн хувьд хуваагдмал гэр бүлд амьдардаг хүнд хурлынхан нь яаж тусалж болох вэ?

1. Үнэнийг хүлээж авсан хүнийг гэр бүлийнхэн нь яадаг вэ?

 НЭГЭН удаа Есүс элч нараа илгээн «Та нар явахдаа „Тэнгэрийн хаанчлал ойрхон байна“ гэж тунхаглагтун» гэж захижээ (Мат. 10:1, 7). Энэхүү сайн мэдээг талархах сэтгэлээр хүлээж авсан хүн аз жаргалтай, амар тайван болох байв. Гэвч Хаанчлалын тухай мэдээг тунхаглахад нь олон хүн эсэргүүцэхийг Есүс элч нартаа урьдчилан сануулжээ (Мат. 10:16–23). Ялангуяа гэрийнхний эсэргүүцэл хамгийн хэцүү нь байдаг (Матай 10:34–36-г уншина уу).

2. Шашин шүтлэгийн хувьд хуваагдмал гэр бүлд амьдардаг христианууд аз жаргалтай байж болдгийн учир юу вэ?

2 Тэгвэл шашин шүтлэгийн хувьд хуваагдмал гэр бүлд амьдардаг христианууд аз жаргалтай байх боломжгүй гэсэн үг үү? Үгүй ээ. Зарим христианыг гэрийнхэн нь ширүүн эсэргүүцдэг ч дандаа ийм байдаггүй. Хэсэг хугацааны дараа эсэргүүцэхээ больдог. Хавчиж эсэргүүцэж байгаа хүмүүст яаж хандаж байгаагаас их зүйл шалтгаална. Түүнээс гадна Ехова үнэнч хүмүүсийг ивээж, хэцүү үед гуньж гутрахгүй байхад нь тусалдаг. Гэр бүлийнхэнтэйгээ 1) эвтэй байхыг хичээж, 2) үнэнийг хүлээж авахад нь чин сэтгэлээсээ тусалбал жаргалтай байж болдог.

ГЭРИЙНХЭНТЭЙГЭЭ ЭВТЭЙ БАЙХ НЬ

3. Шашин шүтлэгийн хувьд хуваагдмал гэр бүлд амьдардаг хүн гэрийнхэнтэйгээ яагаад эвтэй байх хэрэгтэй вэ?

3 Эв найртай байвал гэрийнхэн маань үнэнийг хүлээж авахдаа дуртай байна (Иаков 3:18-ыг уншина уу). Итгэл үнэмшлийг нь хуваалцдаггүй байлаа ч христиан хүн гэрийнхэнтэйгээ эвтэй байхыг хамаг чадлаараа хичээх хэрэгтэй. Яаж тэр вэ?

4. Христианууд яавал амар тайван байх вэ?

4 Христиан хүн сэтгэл амар байхын тулд юутай ч харьцуулшгүй «Бурханы амар тайвныг» гуйн залбирах учиртай (Флп. 4:6, 7). Еховагийн тухай мэдлэгтэй болж, Библийн зарчмыг амьдралдаа хэрэгжүүлбэл аз жаргалтай, амар тайван болно (Ис. 54:13). Тайван амгалан, жаргалтай амьдрахыг хүсдэг хүн цуглаанд явж, дэлгэрүүлэх ажилд идэвхтэй оролцдог. Энэ үйл хэрэгт итгэгч бус ханьтай хүн ч оролцож чаддаг. Жишээ болгон Энза * гэдэг эмэгтэйн тухай авч үзье. Нөхөр нь түүнийг ширүүн эсэргүүцдэг аж. Тэрбээр гэр орныхоо ажлыг амжуулчихаад дэлгэрүүлдэг гэнэ. Энза: «Ехова хүмүүстэй сайн мэдээг хуваалцах бүрд минь ивээж, дэлгэрүүлэх ажлыг үр дүнтэй болгодог» гэж ярьжээ. Ийм их ивээл хүртдэг болохоор тэрбээр амар тайван, аз жаргалтай, сэтгэл хангалуун явдаг байна.

5. Шашин шүтлэгийн хувьд хуваагдмал гэр бүлд амьдардаг хүмүүст ямар бэрхшээл тулгардаг вэ? Бэрхшээлээ яаж давах вэ?

5 Итгэгч биш гэр бүлийнхэнтэйгээ эвтэй байхын тулд ихээхэн хүчин зүтгэл гаргах хэрэгтэй. Ялангуяа Библийн зарчимтай зөрчилдсөн юм хийлгэх гээд байх үед эвтэй байхад их хэцүү. Зөвт зарчмыг хатуу баримтлахад маань гэр бүлийн гишүүд гонсойдог. Тэглээ гээд бид зөвийг үйлдэхээ болих учиргүй. Чадлаараа хичээвэл эвтэй байж болно. Библийн зарчимтай зөрчилдөхгүй л бол гэр бүлийнхэнтэйгээ санаа нийлж ажиллах нь ойлгомжтой (Сургаалт үгс 16:7-г уншина уу). Хэцүү асуудал гарвал зөвлөгөө авахын тулд «итгэмжит ухаалаг боолын» ангийн гаргасан ном хэвлэл унших юм уу, ахлагчдад хандах нь чухал (Сур. 11:14).

6, 7. а) Зарим хүнийг Еховагийн Гэрчүүдтэй Библийн хичээл хийж эхлэхлээр гэрийнхэн нь яагаад эсэргүүцдэг вэ? б) Хань ижил нь эсэргүүцэхэд Гэрч юм уу Библи судалж байгаа хүн хэрхэн хандах хэрэгтэй вэ?

6 Гэрийнхэнтэйгээ эвтэй байхын тулд тэднийхээ сэтгэл санааг ойлгож, Еховад найдах хэрэгтэй (Сур. 16:20). Шинэхэн суралцагч ч ингэж чадна. Зарим хүн, ханиа Библи судлахад дургүйцдэггүй. Гэр бүлийнх нь амьдралд тустайг ойлгодог байх л даа. Харин зарим нь дайсагнан эсэргүүцдэг. Эстер гэдэг эмэгтэй (одоо Гэрч) нөхрийгөө Еховагийн Гэрчүүдтэй Библи судалж эхлэхэд дэлбэртлээ уурлажээ. Тэрбээр: «Би ном сэтгүүлийг нь хаяж ч үзсэн, шатааж ч үзсэн» гэжээ. Эхнэрээ анх Библи судлахад нь эсэргүүцэж байсан Хауард: «Эхнэрээ шашны ямар нэгэн бүлэгт орж хууртах вий гэж олон нөхөр айдаг. Эхнэрээ яаж хамгаалахаа мэдэхгүй, хатуу ширүүн ханддаг байх» гэж ярьсан юм.

7 Нөхөр юм уу, эхнэр нь эсэргүүцлээ ч Библи судлахаа болих хэрэггүйн учрыг суралцагчдаа ойлгуулах нь зүйтэй. Ханиа хүндэтгэн дөлгөөн байвал асуудлыг шийдэж болдог (1 Петр 3:15). Хауард: «Эхнэр маань уужуу тайван байж, гоморхоогүйд нь би их талархаж явдаг» гэжээ. Эхнэр нь: «Хауард надаас Библи судлахаа болихыг шаардсан. Нөхөр маань намайг тархиа угаалгачихсан гэж хэлсэн. Би маргасан ч үгүй. Чиний зөв ч байж магадгүй, гэхдээ би яаж тархиа угаалгаснаа үнэндээ мэдэхгүй байна гэсэн л дээ. Тэгээд судалж байгаа номоо өглөө. Нөхөр маань уншсан зүйлээ хүлээн зөвшөөрч, сэтгэл нь хөдөлсөн» хэмээн ярьжээ. Хань нь христиан үйл хэрэг хөөгөөд явчихлаар итгэгч бус хүнд ханьдаа хаягдах гээд байгаа юм шиг санагддагийг бүү мартаарай. Эелдэг зөөлөн харьцаж, хайрын сэтгэлээр ярилцаж байх хэрэгтэй.

ҮНЭНИЙГ ХҮЛЭЭЖ АВАХАД НЬ ТУСЛАГТУН

8. Итгэгч бус ханьтай христианд элч Паул ямар зөвлөгөө өгсөн бэ?

8 Итгэгч биш ханиасаа салахгүй байхыг элч Паул христиануудад зөвлөжээ * (1 Коринт 7:12–16-г уншина уу). Хань нь хэзээ нэгэн цагт христиан болохыг үгүйсгэх аргагүйг санах нь өөр өөр итгэл үнэмшилтэй ч жаргалтай байхад тустай. Ханьдаа үнэнийг ойлгуулахыг хичээхдээ болгоомжтой байх хэрэгтэйг дараах жишээ харуулдаг.

9. Итгэгч бус ханьдаа үнэнийг ярихдаа юу анхаарах ёстой вэ?

9 Үнэнийг анх мэдээд сэтгэл нь догдолсон Жейсон: «Тааралдсан болгондоо яримаар байлаа!» гэж хэлжээ. Суралцагч хүн заалгасан зүйл нь үнэн болохыг мэдэхлээр сэтгэл нь баяр хөөрөөр дүүрч байнга л ярьж явдаг. Манай гэрийнхэн үнэнийг дор нь хүлээгээд авчихна даа гэж боддог боловч тэр бүр хүссэнээр болдоггүй. Жейсон тийм оргилуун сэтгэлтэй байсан нь эхнэрт нь ямар санагдсан бэ? «Дарамттай байсан» гэж эхнэр нь хэлжээ. Нөхрийгөө Гэрч болсноос хойш 18 жил өнгөрсний дараа үнэнийг хүлээж авсан нэг эмэгтэй: «Би нэг амьсгаагаар бүгдийг ойлгож чадахгүй шүү дээ» гэж хэлжээ. Тантай хамт Библийн хичээл хийж байгаа суралцагчийн тань нөхөр юм уу, эхнэр үнэнийг хүлээж авахыг хүсэхгүй байж болох юм. Тэгвэл ханьтайгаа эвтэйхэн ярилцахад нь суралцагчдаа тусалж, байнга дасгал сургууль хамт хийгээрэй. Мосе: «Миний сургаал бол орох бороо, миний хэлэх үг бол унах шүүдэр, шинэ зүлгэн дээр буух борооны дусал» гэж бичжээ (Д.хууль 32:2). Аадар асгарав уу гэлтэй түмэн үг урсгаснаас борооны хэдхэн дусал шиг оновчтой ганц хоёр үгийг боломжийг нь тааруулаад хэлсэн нь дээр.

10-12. а) Итгэгч бус ханьтай христиануудад элч Петр юу гэж зөвлөсөн бэ? б) Нэгэн суралцагч 1 Петр 3:1, 2-т байдаг зөвлөгөөг хэрхэн хэрэгжүүлдэг болсон бэ?

10 Элч Петр итгэгч бус нөхөртэй христиан эхнэрүүдэд «Нөхөртөө захирагд. Ингэх нь нөхрүүдийн чинь зарим нь үгийг дагахгүй байгаа ч гэсэн, тэд эхнэрүүдийнхээ үггүйгээр, биеэ авч явах байдлаар аврагдана. Тэд та нарын журамт байдал болоод эелдэг зан байдлыг чинь ажиглана шүү дээ» гэж ариун сүнсээр удирдуулан зөвлөжээ (1 Петр 3:1, 2). Хатуу ширүүн хандаж байсан ч нөхөртөө захирагдан, гүнээ хүндэтгэдэг бол талдаа оруулж чадна. Итгэгч бус эхнэртэй нөхрүүд ч мөн адил, эсэргүүцэлтэй тулгарч байсан ч Бурхны шаардлагын дагуу биеэ авч яван, хайр халамжтай өрхийн тэргүүн байх учиртай (1 Петр 3:7–9).

11 Өнөө үед олон хүн Петрийн зөвлөгөөг хэрэгжүүлээд ашиг тусыг нь хүртжээ. Селмагийн тухай авч үзье. Түүнийг Еховагийн Гэрчүүдтэй Библи судалж эхлэхэд нөхөр Стив нь дургүй байв. Стив: «Уур хүрч, хардаж, харамлах сэтгэл төрж, тайван бус байсан» гэж хэлжээ. Селма: «Библи судлахаас өмнө ч Стивтэй хамт амьдрах надад хэцүү байсан. Нөхөр маань угийн түргэн ууртайн дээр намайг Библи судалдаг болсноос хойш зан авир нь бүр эвдэрсэн» гэж ярьсан юм. Тэдэнд юу тус болсон бэ?

12 Селма өөртэй нь Библийн хичээл хийдэг байсан Гэрчээс юу сурснаа дурсаж ийн ярьсан юм. «Тэр нэгэн өдөр Библийн хичээл хийх ямар ч хүсэлгүй байлаа. Урьд шөнө нь бид хоёр муудалцаж, Стив намайг цохиод авсан. Тэгэхэд би их гомдож гутарсан. Юу болсон, сэтгэл санаа ямар байгаагаа нөгөө Гэрчид хэлэхэд 1 Коринт 13:4–7-г унш гэлээ. Уншиж байхдаа би, Стив намайг ингэж хайрладаггүй шүү дээ гэж бодов. Тэгтэл Гэрч эмэгтэй: „Хайрын илрэл болсон эдгээр зан чанарын алийг нь чи нөхөртөө илэрхийлдэг вэ?“ гэж өөрөөр бодуулах санаатай асуув. Би хариуд нь „Алийг нь ч илэрхийлдэггүй. Хамт амьдрахад үнэхээр хэцүү хүн“ гэсэн юм. Гэрч: „Селма, хэн нь христиан болох гээд байгаа билээ? Чи юү, Стив үү?“ гэж аядуу зөөлөн асуулаа. Би бодлоо өөрчлөх хэрэгтэйгээ ойлгоод Стивийг улам их хайрладаг болоход туслаач гэж Еховагаас гуйсан. Бүх юм аажимдаа сайжирч эхэлсэн». Стив 17 жилийн дараа үнэнийг хүлээн авчээ.

БУСАД НЬ ЯАЖ ТУСЛАХ ВЭ?

13, 14. Шашин шүтлэгийн хувьд хуваагдмал гэр бүлд амьдардаг христианд хурлынхан нь хэрхэн тусалж болох вэ?

13 Шиврээ борооны дуслууд газрыг норгон, ургамал ногоог ургуулдгийн адилаар, хурлын гишүүн бүрийн сайхан сэтгэлийн үйлс итгэгч бус ханьтай христиануудад жаргалтай үйлчлэхэд нь нэмэр болдог. Бразилд амьдардаг Элвина гэдэг эмэгтэй: «Итгэл нэгтнүүд маань намайг үнэний зам дээр бат зогсоход тус болсон» хэмээн ярьжээ.

14 Хурлын гишүүд итгэл нэгтнийхээ хань ижилд санаа тавивал сэтгэл нь уярч болох юм. Нигерид амьдардаг нэг хүн, эхнэрээ Гэрч болоод 13 жил өнгөрсний дараа үнэнийг хүлээж авчээ. Тэрбээр: «Нэг Гэрч залуутай хамт явж байтал машин нь эвдэрчихэв. Өнөөх маань ойролцоох тосгоноос өөр Гэрчүүдийг хайж оллоо. Тэд бидэнд хоноглох газар олж өгөв. Эртний танил шиг л санаа тавьж байсан. Яг тэр үед эхнэрийнхээ яриад байдаг христиан хайрыг мэдэрч билээ» гэж ярьсан юм. Англид амьдардаг эмэгтэй, нөхрөө Гэрч болоод 18 жил өнгөрсний дараа үнэнийг хүлээн авчээ. Тэрбээр: «Гэрчүүд нөхөр бид хоёрыг хоолонд урьдаг байлаа. Намайг дандаа халуун дотно хүлээж авдаг байсан» гэж ярьсан. * Мөн улсад амьдардаг, эхнэрээсээ хожуу Гэрч болсон эрэгтэй: «Гэрчүүд манайхаар ирнэ, биднийг гэртээ урина. Тэд бусдад санаа тавьдгийг би ойлгосон юм. Ялангуяа, намайг эмнэлэгт хэвтэхэд олон хүн эргэж очдог байснаас бүр тодорхой ойлгосон» гэж ярьжээ. Та христиан ах дүүсийнхээ итгэгч бус гэр бүлийнхэнд яаж санаа тавьдаг вэ?

15, 16. Гэрийнхэн нь Гэрч болохгүй байлаа ч баяр баясгалангаа алдахгүй байхад нь христиан хүнд юу тус болох вэ?

15 Биеэ зөв авч яваад, эвтэйхэн ярилцсан ч итгэгч бус хань ижил, үр хүүхэд, эцэг эх, ах дүү нь бүгдээрээ үнэнийг хүлээж авахгүй нь ойлгомжтой. Зарим нь огт тоодоггүй, эсвэл бүр хайр найргүй эсэргүүцэж эхэлдэг (Мат. 10:35–37). Тэглээ ч, христиан зан чанарыг илэрхийлдэг бол сайн үр дүнд хүрнэ. Урьд нь үл итгэгч байсан нэг эрэгтэй: «Танаас гэрэлтэж байгаа тэр сайхан христиан зан чанар ханьд тань яаж нөлөөлөхийг та мэдэхгүй шүү дээ. Тийм болохоор хэзээ ч битгий бууж өгөөрэй» гэжээ.

16 Гэрийнхэн маань үнэнийг хүлээж авахгүй байсан ч жаргалтай байж болно. Нэг Гэрч эмэгтэй 21 жил хичээсэн ч нөхөр нь сайн мэдээг хүлээж аваагүй байна. Тэрбээр: «Би баяр баясгалангаа алддаггүй. Яагаад гэвэл, Еховад таалагдаж, үргэлж үнэнч байн, сүнслэгээр бат бэх байхыг хичээдэг. Бие даан судлах, цуглаанд явах, дэлгэрүүлэх, хурлынхандаа тус дэм болох зэргээр сүнслэг үйл хэрэгт оролцоод завгүй байхлаар Еховад улам ойртдог. Бас зүрхээ хамгаалж чаддаг» хэмээн өгүүлжээ (Сур. 4:23).

БИТГИЙ БУУЖ ӨГӨӨРЭЙ!

17, 18. Гэрийнхэн нь итгэгч биш байлаа ч итгэл найдвараа алдахгүйн тулд христиан хүн яах хэрэгтэй вэ?

17 Үнэнч христиан та шашин шүтлэгийн хувьд хуваагдмал гэр бүлд амьдардаг бол битгий бууж өгөөрэй. «Бурхан агуу нэрийнхээ төлөө Өөрийн ард түмнийг орхихгүйг» бүү мартаарай (1 Сам. 12:22). Еховагаас зуурч байсан цагт тэрбээр тантай хамт байх болно (Шастирын дэд 15:2-ыг уншина уу). Тиймд Еховад «баярлан», «өөрийн замыг ЭЗЭНд даатга, мөн Түүнд итгэж найд» (Дуу. 37:4, 5). «Залбиралд өөрсдийгөө зориулаарай». Халамжит тэнгэрийн Эцэг маань бүх зовлонг тэвчихэд тусална гэдэгт итгээрэй (Ром 12:12).

18 Гэрийнхэнтэйгээ эвтэй байхад туслаач гэж Еховагаас ариун сүнс гуйн залбираарай (Евр. 12:14). Ингэвэл үнэнийг хүлээж авахгүй байгаа гэрийнхэнд тань сайнаар нөлөөлж болох юм. «Юу ч хийсэн Бурханы алдрын төлөө бүхнийг хийвэл» амар тайван, аз жаргалтай амьдарна (1 Кор. 10:31). Бас итгэл нэгтнүүдээ тусалж дэмжинэ гэдэгт итгээрэй!

[Зүүлт]

^ Нэрийг өөрчлөв.

^ Нөхцөл байдал туйлдаа хүрсэн үед хууль ёсоор тусдаа амьдрахыг Паул хориглоогүй. Энэ бол нухацтай бодож байгаад шийдэх хувийн асуудал юм. «Бурхны хайран дотор өөрсдийгөө сахь» номын 220, 221-р хуудсыг үзнэ үү.

^ Итгэгч бус хүмүүстэй хамт хоол идэхийг Библид хориглодоггүй (1 Кор. 10:27).

[Догол мөрийн асуулт]

[28-р хуудасны зураг]

Цагаа олж итгэл үнэмшлээ хуваалцаарай

[29-р хуудасны зураг]

Итгэл нэгтнийхээ итгэгч бус ханьд санаа тавиарай