Skip to content

Гарчиг руу орох

Христийн дагалдагч гэгддэг хүн бүр Христийн жинхэнэ дагалдагч мөн үү?

Христийн дагалдагч гэгддэг хүн бүр Христийн жинхэнэ дагалдагч мөн үү?

Христийн дагалдагч гэгддэг хүн бүр Христийн жинхэнэ дагалдагч мөн үү?

ӨНӨӨ үед Христийн дагалдагчид хэр олон байдаг вэ? Нэгэн номд бичсэнээр 2010 онд дэлхий дахинд 2,3 тэрбум орчим Христийн дагалдагч байжээ («Atlas of Global Christianity»). Мөн уг номд тэмдэглэснээр тэд 41 000 гаруй урсгалд хамаарагддаг бөгөөд урсгал бүр нь өөр өөрийн гэсэн сургаал номлол, биеэ авч явах дүрэм журамтай ажээ. Зарим хүн энэ олон урсгалын дунд төөрөлдөж, зарим нь бүр гутардаг нь ойлгомжтой. Иймээс тэд «Христийн дагалдагч гэж хэлдэг хүн бүр үнэхээр Христийн дагалдагч мөн үү?» гэж боддог байж болох юм.

Энэ асуултын хариуг мэдэхийн тулд ийм нэг жишээг бодож үзье. Аяллаар явж байгаа хүн хил гаалийн ажилтанд аль улсын иргэн гэдгээ хэлэх шаардлагатай байдаг. Гэхдээ тэгээд л болчихгүй, тухайн улсын иргэн гэдгээ баталж паспортоо үзүүлдэг. Үүнтэй адилаар Христийн жинхэнэ дагалдагч хүн Христэд итгэдэг гэж хэлээд л болчихгүй, итгэдгээ баталж илүү их юм хийх хэрэгтэй. Юу хийх хэрэгтэй вэ?

«Христийн дагалдагч» гэдэг нэр томьёо анх МЭ 44 оны үед гарч ирсэн. Библийн түүхч Лук: «Антиох дахь дагалдагчид Бурхны удирдлагаар анх удаа Христийн дагалдагчид гэгдэх болжээ» гэж бичжээ (Үйлс 11:26). Тэднийг Христийн дагалдагчид гэснийг анхаараарай. Тэгвэл ямар хүнийг Есүс Христийн дагалдагч гэх вэ? Нэгэн тольд «Есүсийн дагалдагч байх гэдэг нь амь амьдралаа тэр чигээр нь, ямар ч болзолгүй зориулахыг хэлдэг» гэж тайлбарлажээ («The New International Dictionary of New Testament Theology»). Тэгэхээр Христийн жинхэнэ дагалдагч гэдэг нь Христ шашныг үүсгэн бий болгосон Есүсийн сургаал зааврыг ямар ч болзолгүйгээр, ягштал дагадаг хүнийг хэлнэ.

Өөрийгөө Христийн дагалдагч гэдэг тэр олон хүний дундаас ийм хүмүүсийг олох боломжтой юу? Жинхэнэ дагалдагчдыг нь яаж танихыг Есүс өөрөө юу гэж хэлсэн бэ? Эдгээр асуултын хариуг Библиэс мэдэж авцгаая. Дараа дараагийн өгүүллээр, Есүсийн хэлсэн, жинхэнэ дагалдагчдыг нь таних таван шинжийг авч үзье. Мөн нэгдүгээр зууны Христийн дагалдагчид эдгээр онцлог шинжийг хэрхэн тусган харуулж байсныг авч үзье. Түүнээс гадна, өөрийгөө Христийн дагалдагч гэж хэлдэг олон хүний чухам хэн нь жинхэнэ дагалдагч болохыг мэдэж авцгаая.